Categories
мэдээ нийгэм

Самар түүж явсан иргэд амиа алдсаар байна

Архангай аймгийн Булган суманд самар түүж явсан
иргэн модноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,
энэ сарын 1-ний өдөр тус сумын Хардаг хад хэмээх газарт самар түүж явсан
Баянхонгор аймгийн 45 настай иргэн модноос унаж амиа алдсан байна.

Тус хэргийг Архангай
аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд цагдаагийн
байгууллагаас иргэдэд самар түүхээр өндөр мод руу хамгаалалтгүй гарч, амь насаа
эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулжээ. Дашрамд дурдахад, энэ жил зургаан иргэн самар
түүж яваад модноос унаж амь насаа алдсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: БУРХАН ЧИ БИТГИЙ ХУЦ

Улсын Их хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдрийн УИХ-ын чуулган дээр “Та нарын нураасан юмыг чинь бид босгох гээд байна. Манай нам бол нэгдмэл нам. Чуулган дээр бид нэг шийдлээр саналаа хураадаг. Та нар үүн дээр санаа зовох хэрэггүй. 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай айл аймгийн төв, суманд хэд байдаг юм бэ? Засгийн газрынхан боломжгүй бодлого оруулж ирсэн нь үнэн. Гэхдээ бид та нар шиг сонгуулиас сонгуулийн хооронд амьдармааргүй байна. Магадгүй үүнээс ч чанга бодлого явуулмаар байна. Он гараад дахиад ч төсвийн тодотгол хийж магадгүй. Та нарын сайн гэсэн бүхнийг нааш нь төсөв рүүгээ авлаа. Гэтэл та нар эсрэгээр ярьж байна. Галсансүхийн нэг шүлэг байдаг. Бурхан чиний сайн гэсэн бүхнийг чинь хийлээ. Хаана байна тэр сайхан юм чинь. Эцэст нь бурхан чамд хэлэх зөвлөгөө байна. Бурхан чи битгий хуцаа гэж. Яг үүнтэй адил Засгийн газрынхан чинь үнэнээ хэлээд ийм төсөл оруулж ирж байгаа юм. Ингэж байж бид нар богино хугацаанд хямралаас гарна” гэлээ.

УИХ-ын гишүүн ийн хэлэхдээ бурхан руу дайрч, ард түмнийхээ өмнө ёс суртахуунгүй үгсийг амны зоргоор урсгав. Яруу найрагчийн бичсэн шүлгийг улс төрийн өндөр алба хашиж байгаа эрхэм ингэж иш татаж хэлэхдээ Ардчилсан нам руу хандан хэлэх бус, ард түмнээ давхар доромжилчихож байгаа юм биш үү. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг хууль манайд байхгүй юм чинь юу ч гээд хэлчихэд яадаг юм гэж хандав уу. Ард түмнийхээ халаасыг хоосолж, бүсээ чангал гэж хэлчихээд, дээр нь ингэж эрээ цээргүй УИХ-ын танхимд “Бурхан чи хуц, солиор” гэх мэт чулуудаж, түүнд нь гишүүд баяр хүргэн алга ташаад байвал манай улсын ирээдүй юу болох вэ. УИХ-ын танхимд хэлсэн үгэнд хуулиар хариуцлага хүлээлгэхгүй ч бурхан руу ингэж дайрвал Бурхан шийтгэдэг эсэхийг хэн мэдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрээн хотод Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн форум эхэллээ

Энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн
хотноо “Нэг бүс нэг зам” стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор
Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн форум, бараа
бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Энэхүү форум нь
“Эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, уялдаатай хөгжлийг ахиулах” нэрийн
дор зохиогдож байгаа аж. Тус үйл ажиллагаа нь гурван улсын худалдааны харилцаа,
хүмүүнлэгийн ухааны солилцоо, соёлын аялал жуулчлал, хил дамнасан эдийн засгийн
бүс нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөгжлийг урагшлуулах зорилготой
юм байна.

Энэ үеэр Хятад,
Монгол, Оросын албан ёсны дээд түвшний уулзалтууд зохиогдохоос гадна гурван
улсын хил дамнасан логистик, электрон худалдааны худалдааны хамтын ажиллагаа,
аялал жуулчлал, соёл боловсрол, банк санхүүгийн инновацийн хамтын ажиллагаа
чиглэлээр салбар хуралдаанууд болох аж. Түүнчлэн энэ чиглэлийн төслүүд
танилцуулагдах юм байна.

Мөн форумын үеэр
гурван улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох
бөгөөд манай улсаас 270 гаруй ААН оролцож байгаа аж. Үзэсгэлэнгийн хүрээ жил
бүр өргөжин тэлж, энэ жил Тайвань, Малайз, Хонконг, БНСУ-ын бизнес эрхлэгчид,
Шилийн гол аймгийн төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.

Categories
мэдээ спорт

Монголын мэргэн буудагч ОУ-ын тэмцээнд 2-р байр эзэлжээ

Өнгөрсөн наймдугаар сард Казакстан улсын
“Гвардейский” полигонд олон улсын шилдэг мэргэн буудагч шалгаруулах тэмцээн
зохион байгуулагдсан.

Тус тэмцээнд ОХУ,
Казакстан, БНХАУ, Венесуэл, Иран, Зимбабве, Киргиз, Армен, Энэтхэг,
Беларусь, Грек, Монгол зэрэг нийт 12 орны 72 мэргэн буудагч хурд, хүч, авхаалж
самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тэгвэл тэмцээний
шилдгээр ОХУ-ын Алс Дорнодын цэргийн дээд сургуулийн сонсогч шалгарсан бол манай улсын мэргэн
буудагч хоёрдугаар байрт шалгарчээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг:МАН ч мангартаж байна даа. Ухраагаад л…

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын олонх болсон Засгийн газрын шийдвэрүүдийг “ухралт” гэж үзжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудастаа “МАН ч мангартаж байна даа. Ухраагаад л.. “хэмээн бичсэн байна.

Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулахын тулд бүх төрлийн татварыг тодорхой хэмжээгээр нэмж, төрийн өндөр албан тушаалтан, шүүгч нарын цалинг 30-60 хувиар бууруулахаар болсон. Эл шийдвэрийг сөрөг хүчин болон эдийн засагчид шүүмжилж, эсрэг саналтай байгаа юм.

Тэд төсвийн тодотголд тусгагдсан таналтууд нийт төсвийн орлогод эзлэх хувь бага гэдгийг онцолж буй.

Categories
мэдээ соёл-урлаг

Жеки Чанд Оскар гардуулахаар болжээ

jackie chan 2016 зурган илэрцүүдХолливүүдэд өндрөөр үнэлэгдсэн цөөн хэдэн Ази жүжигчдийн нэг Жеки Чанд Оскарын шагнал гардуулахаар болжээ. Өдгөө 62 настай жүжигчинг Америкийн кино академийн Ерөнхийлөгч “Тэр бол домог, анхдагчдын нэг яалт ч үгүй мөн” хэмээгээд шагналыг энэ сарын 11-р сарын 12-нд Лос Анжелес хотноо гардуулахаар болсноо мэдэгджээ. Жеки Чан 8 настайгаасаа эхлэн кино урлагт хөл тавьсан бөгөөд 120 гаруй киноны гол дүрийг бүтээжээ. Мөн тэрээр Мадаме Тюссогийн лааны тосон музейд заларсан цор ганц Ази үндэстэн бөгөөд Геннисийн аварга амжилтын номд дөрвөн удаа дурдагдаж, тэмдэглэгдсэн хүн юм.

Categories
гадаад мэдээ

“Их-20”-ийн уулзалт Хятадад эхэллээ

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны тэргүүд, сангийн сайд нар, төв банкны захирлууд оролцдог дээд хэмжээний уулзалт буюу G20 өнөөдөр БНХАУ-ын Ханьжоу хотод эхэлж байна.

Дэлхий нийтийн эдийн засгийн тогтвортой байдал, улс төрийн бодлогыг хэлэлцдэг уг байгууллага 1999 онд байгуулагдсан юм.

G20-д 19 бие даасан улс болон Европын Холбоо багтдаг. Европын Холбоог Евро Комисс, Европын Төв Банк төлөөлдөг байна.

Гишүүн орнуудыг жагсаавал:

  1. Австрали
  2. АНУ
  3. Аргентин
  4. Бразил
  5. Герман
  6. Франц
  7. Индонез
  8. Итали
  9. Их Британи
  10. Канад
  11. Мексик
  12. ОХУ
  13. ӨАБНУ
  14. Өмнөд Солонгос
  15. Саудын Араб
  16. Турк
  17. Хятад
  18. Энэтхэг
  19. Япон

G20-ийн эдийн засаг дэлхийн нийт бүтээгдэхүүний 85 хувийг эзэлж, дэлхийн худалдааны 80 хувийг гүйцэтгэн, дэлхийн хүн амын гуравны хоёрыг эзэлдэг.

2015 онд G20 Туркийн Антальяд болж байсан бол 2016 онд Хятадын Ханьжоу хотод болж байна.

Уулзалтын эхний өдөр буюу 3-нд гол хуралдаанууд болж, 4-ний өдөр гишүүн орнуудын дээд түвшний уулзалт болно.

Categories
мэдээ нийгэм

“Торгоны зам” аялал жуулчлалын чуулган болно

Торгоны замын аялал жуулчлалын олон улсын
анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо 2016 оны аравдугаар сарын 13-15-ны
өдрүүдэд болох гэж байна.

Уг хурлаар эрдэмтэн
судлаачид болон орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд оролцож өнөөгийн
нөхцөл байдал цаашдын чиг хандлага, олон улсын туршлагын талаар хэлэлцэх аж.

Энэхүү хуралд олон
улсын 300 гаруй төлөөлөгч оролцох юм. Бага хурлыг зохион байгуулахад шаардагдах
168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Categories
гадаад мэдээ

Узбекчүүд Ерөнхийлөгчөө эцсийн замд нь үдэж байна

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов 78 насандаа энэ долоо хоногт өөд болжээ. Тэрбээр төр засгаа 27 жил удирдсан Азийн хамгийн нөлөө бүхий удирдагч байсан юм. Түүнийг баасан гаригт өнгөрсөн гэж Ташкент дахь Узбекистаны Засгийн газар албан ёсоор зарлалаа. Тэрбээр зургаан өдрийн турш үхэлтэй тэмцэлдэн байсны эцэст эмнэлэгт өөд болжээ. Ерөнхийлөгч Ислам Каримов нь хил залгаа Афганистаны лалын шашинтнуудтай тэмцэх хүчтэй армийг бий болгосон хүн юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спортын арга хэмжээнээс хоцордоггүй, манлайлагч анги

Сүхбаатар аймгийн Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1969 онд төгссөн 16 дугаар төгсөлтийн хамт олон энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тэд хүүхэд ахуйн гэгээн мөчүүдээрээ аялж инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй сурагч ахуй үе юм гэдгийг хэдэн жилийн дараахь уулзалтууд улам их мэдрүүлж байна хэмээн ярьцгаана. Саяхан л салаа гэзэгтэй жаахан охид, гэрэлтсэн нүдтэй хөвгүүд байсан бол хэдийнэ өвөө, эмээ болжээ гэж бяцхан харуусал тээн байгаа нь илт. Гэсэн ч тэд “Чи яасан өтөлдөггүй юм бэ, Чи минь яг хэвээрээ байна. Чиний бие ёстой чулуу юм, байнга л ийш тийш харайж явах юм, бурхан чамд урт нас хайрлана” гэж бие биеэ хөөргөнө. Саяхан тэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялжээ. Сурч байсан сургууль, анги танхимдаа мөр зэрэгцэн сууцгааж яг л хүүхэд ахуй үедээ очсон юм шиг болсноо ярьсан юм. Тэднийг долдугаар ангид орох хүртэл нь Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийн төвийн 10 жилийн цорын ганц дунд сургууль “Урт цагаан” гэсэн нэртэй байж. Баруун, зүүн үзүүр нь харагдахгүй нарийхан урт сургууль байсан тул ингэж нэрлэсэн гэнэ. Харин наймдугаар ангид ороход нь сургууль нь шинэчлэгдэж хоёр давхар болсон төдийгүй ягаан өнгөтэй болжээ. Тэд хичээлийн ширээнүүдээ эгнүүлэн тавиад одон бөмбөг тоглож, хоёр давхраас ойр орчинтойгоо танилцаж гайхширцгаадаг байснаа дурслаа. Бас хөвгүүд нь тэвэг өшиглөж, хувцсаа урагдтал бөх барилдаж байснаа ч ярьсан юм. Аймгийн төвийн шинэ жилийн баяр, нийтийн бүжиг гээд бүхий л арга хэмжээ тэдний ягаан сургуульд зохиогддог байсан аж.

Тэд “Манай багш нар цаг наргүй ажиллаж, бидэнд их зүйл зааж сургахын төлөө мэрийж байсанд үргэлж талархаж явдаг юм даа. Ер нь тэр үеийн сургуулийн захиргаа, санхүү, ахуйн ажилтнууд, дотуур байрны багш, тогооч, үйлчилгээний ажилтнууд үнэхээр хүүхдийн төлөө “За ” гэж хэлдэг байж дээ. Бидний үеийн төгсөгчдийн тал хувь нь дотуур байранд сурч хүмүүжиж байсан. Дотуур байр бол сурч боловсрох, хүмүүжилтэй болох номын өргөө байсныг одоо дурсахад таатай байна. Тэр л өргөөнд ангийн нөхдийн минь сурагч ахуй насны гэгээн дурсамжууд өнгөрсөн юм даа” хэмээн дурсацгаалаа.

Тус ангийн хамт олон сурлага, хүмүүжил, бие биедээ туслах зан чанараараа бусад төгсөгчдөд үлгэр дуурайл болдог байж. Хүнд ямар ч зүйлд суурь хүмүүжил хамгийн чухал байдаг. Тиймээс ч өнөөдөр манай ангиас олон алдартан төрсөн юм шүү дээ гэнэ.

Тухайлбал, ангийн хөвгүүн Р.Тогоо нь сурагч ахуйн таван онцын эзэн цол тэмдгийг “Академич” нэрээр сольж дэлхийд данстай эрдэмтэн болжээ. Тэрбээр 1975-1984 онд ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд, 1984-1995 онд ОХУ-д Дубна хотод эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995 оноос ШУА-ийн ФТХ-нд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж, 2011 онд АНУ-ын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр хичээл номондоо шамдамтгай, аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг, уран зургийн төрөлхийн авьяастай, сургууль болоод ангийнхаа ханын сонин, үзүүлэнг хийчихдэг авьяаслаг хүү байсан аж. Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гомбосүрэн хүүхэд ахуйдаа л төрөл бүрийн хөгжим тоглодог, сайхан дуулдаг, жүжиглэдэг, бас ч үгүй чамгүй барилдчихдаг байжээ. Түүнийг анги, хамт олныхоо төлөө амиа ч хайрлахгүй зүтгэдэг нэгэн гэж нөхөд нь ярьсан юм. Тэрбээр дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд л Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд дагалдан жүжигчнээр орж байж. Тэрээр найруулагч, соёлын ордны даргаар дэвшин он удаан жил ажиллаж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрын эзэн болсон байна. Түүний тухай Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов “Хөдөөгийн театрын тайз нь түүнд багадаж байна” хэмээн бичиж байв. Монголын үндэсний олон нийтийн телевизээр ч тэр бас гарсан. “Тэрслүү хүн” хөрөг нэвтрүүлгээр ажил амьдрал, урлагт зүтгэсэн гавьяат үйлсийг нь тод томруун харуулжээ. Ангийн хөвгүүн Д.Доржготов минь Монгол Улсын гавьяат багш болж биднийг ихэд баярлуулсан даа. Бидний хайртай У.Халтар, Я.Хүрэл, Ш.Төмөр, Ш.Чойжоо багш нар минь л энэ гэгээн мөртэй мэргэжилд түүнийг дурлуулсан болов уу. Манай Д.Доржготов ч физик, математикийн онолын мэдлэгээ амьдралд олон туршсан хүн. Түүнийгээ ч шавь нартаа эзэмшүүлсэн гавьатай багш юм шүү. Тэрээр залуу техникчдийн сургуулийг аймагтаа байгуулж шавь нар нь улс, бүсийн тэмцээнээс медаль хүртэж гялалзаж явлаа даа. Зүгээр сууна гэж үгүй. Хүүхэд нь бие засах дохио өгдөг аппарат, ажлаас ирэхэд нь цайг нь буцалгадаг автомат данх гээд л олон сонин зүйл ярьж биднийг алмайруулдаг юм гээд л ангийн нөхөд нь хуучиллаа. Саяхан л гэхэд ангийнхнаа гэртээ урин үдийн зоог барьж цаашид хийх олон туршилт, бүтээлч санаагаа танилцуулжээ. Мөн энэ ангиас Монгол Улсын гавьяат уяач, тээвэрчин төрсөн. Алдарт уяач Ц.Бямбадорж нутгаасаа морьд авчирч уралдана гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Баяндулаан хайрхныхаа унаган үрээг авчирч улсын наадамд гуравт хурдлуулж байжээ. Монгол Улсын алдарт уяач цол хүрттэлээ улс, бүс, аймгийн түүхт ойнуудаар олон айраг, түрүү авсан гэнэ. Түүний тухай ангийн охин, сургуулийн авьяаслаг гоцлол дуучин Г.Бямбадаш ярихдаа “Манай Ц.Бямбадорж дотуур байранд суудаг царайлаг бас томоотой хүү байсан” гэлээ. Харин Ц.Бямбадорж “Би тийм царайлаг байгаагүй ээ гэхдээ муухай ч эр байгаагүй шүү. Томоотой байсан гэдэг бас худлаа байхаа даа” гээд нэгэн дурсамж хуваалцлаа. Би Дарьганга сумынхаа сургуульд сурч байхдаа ангийнхаа нэг охиныг шалихгүй цохичихсон юм. Гэтэл түүнийг Лхасүрэн эрхлэгч мэдчихээд намайг дуудлаа. Тэрээр “Ц.Бямбадоржийн аав Цэнд бид хоёр нэг хонхрын хүмүүс байгаа юм. Муу аавыг нь хөдөөнөөс ирүүлээд яахав. Төлөөлөгч Жамсранг дуудуулж байгаад энэ дүрсгүй нөхрийг сургуулийн аргалын цаана аваачаад буудуулчихъя” гэдэг юм. Би ч айсан гэж жигтэйхэн, уйлаад л байлаа. Тэгэхээр томоотой бор хүү байгаагүй бололтой” гэв.

Энэ ангийн анхны доктор нь С.Батсүрэн гэнэ. Тэрээр бага ангид байхаасаа л сурах бичигт байгаа бүх тоог бодчихоод, ахлах ангийнхаа номон дээрх тоог бодож суудаг байсан гэнэ. Угийн ухаалаг тэрээр 10 дугаар ангиа төгсөх жилээ Польш улсад болсон олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож, сургуулиа алтан медальтай төгсөж байжээ. Мөн доктор С.Дамдинсүрэн нь Монголын шилдэг арван эрдэмтний нэгээр тодорсон байна. Энэ ангиас төрийн яам, аймаг орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагад удирдах алба хашиж байсан олон хүн байдаг. Мөн хилийн цэрэг, цагдаа, хүчний байгууллагад ажилладаг ангийн хөвгүүдээс Ш.Эрдэнэбаяр, О.Борхүү, Р.Аварзэд, Ж.Сүрэнхордорж болон Ч.Жамьяндорж, Ням, Г.Энхтайван, Х.Чимэдцэрэн зэрэг олон офицер төрсөн онцлогтой аж. Салбар байгууллагын тэргүүний ажилтан олон төрсний дотроос бурхны оронд заларсан ч ангийн нөхөд, гэр бүл, эх нялхсын эрүүл мэндийн манаанд тэргүүлэх эгнээнд явсан их эмч Ц.Нацагдоржийгоо санан дурсдагаа ярилаа. Хүүхэд ахуйн цагаахан нөхөрлөлөөр ижилсэн анги хамт олны дундаас хэд хэдэн гэр бүл төрсөн байна.

Энэ ангийг төгсөх жил анх удаа конкурс гэх шинэ элсэлтийн журам баталж байжээ. Анх удаа конкурс өгсөн төгсөлт шүү хэмээн бахархдаг гэнэ. Тэд хэдий тал, тал тийшээ нисэн одоцгоож эрдэм ном, амьдралын их замаа хөөсөн хэдий ч үргэлж ойр, дотно нэг нэгэндээ дэм болсоор өдийг хүрчээ.

Ангийнх нь хүүхдүүдийн зарим нь бараг мартчихсан хөгжөөнтэй, нандин дурсамжаасаа Г.Энхтайван гуай хуваалцлаа. Тэрээр “Ш.Болдбаатар бид хоёр тавдугаар ангидаа аймгийн намын хорооны байранд хамт амьдардаг байлаа. Ш.Болдбаатарынхаа дугуйг унаж хааяа нэг салхи сэвэлзтэл давхина. Басхүү даалгаврыг нь хуулж “онц” авдаг байв. Мөн Монгол Улсын их сургуульд ч хамт суралцаж билээ. Намайг төгсөхөд найз минь дипломын ажлын хавтсыг минь хусны үйсээр сийлбэрлэн хийж өгч байсан шүү. Бас сурагч ахуйгаас их сургуульд хүртэл хамт сурч байсан Д.Буд бид хоёрын нэг хөгтэй явдал байдаг юм. Шинэхэн оюутан болоод удаагүй байтал факультетуудын дунд спортын тэмцээн явагдлаа. Намайг жижиг биетэй болохоор чөлөөт бөхийн 48 кг-д барилд гэж декан үүрэг болгов. Эхний нэг, хоёрдугаар тойрогт бас ч гэж ялчихлаа шүү. Харин гурав дахь барилдаанд спортын мастер Ганбаттай таарахаар нь зугтчихлаа. Харин маргааш нь боксын тэмцээн болов. Манай Д.Буд 48 кг-д хоёр ялчихжээ. Гурав дахь тулаан дээр нэлээн хүнд гартай учраа таарахаар оноолт гарсан юм. Гэтэл мань хүн алга болчихов, бодвол миний зугтсан тактикийг хэрэглэсэн байх. Ингэж бид хоёрын тамирчин болох зам бүдгэрсэн юм даа. Залуу насанд ийм хөгтэй, хоржоонтой дурсамжууд их л болдогсон. Бас нэгэн дурсамж хуучлахад Ш.Болдбаатар бид хоёртой Ц.Содномдаржаа минь нөхөрлөдөг байлаа.Тавдугаар ангид байх жил түүхийн багш нар бидэнд түүхийн эд, өлгийн зүйлс цуглуулах даалгавар өгсөн юм. Гэтэл Ц.Содномдаржаа эмээгийнхээ бурхныг авчирч өгчээ. Харин би маргааш нь тэр тухай багшид хэлж байгаад эмээгийн бурхныг нь авчирч өгөөд баахан чихрээр шагнуулж билээ. Гэтэл өнөөх чихрийг минь манай Ц.Содномдаржаа гудамжинд зогсож байгаад идчихсэн шүү. Бас 8-10 дугаар ангид байхдаа Г.Үржин дотуур байранд суудаг байлаа. Манайхтай их ойрхон болохоор ээжийн минь гарын хоолыг их идсэн дээ. Тэр үед бид хоёр химийн дугуйланд суралцаж бэх, гутлын тос хийж сургуулийнхныхаа хэрэглээг хангадаг байлаа шүү дээ” гэсэн юм.

Тэд урлаг, спортын арга хэмжээнээс хоцордоггүй манлайлагч анги байжээ. Төгсөх жилээ урлагийн үзлэгээр аймгийнхаа Ард түмний гавьяат гэгддэг Ч.Хүрэл ахаараа найруулагч хийлгэн жүжиг тоглож, их сайн болсон учир сумдаар тоглох эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэд “Холдох мөч ойртох дөхсөн ч яриа дуусахгүй, сэтгэл нэг л хөндүүр оргиод байх юм билээ. Бид дараагийн уулзалтаа Дорнод аймагт суугаа нөхдийнхөө урилгаар товлосондоо баяртай байна. Хүндэтгэх шалтгааны улмаас ээлжит уулзалтад оролцож чадаагүй эрхэм нөхөд маань бие биеэ сургууль, багш нар, нутаг усаа хүндэтгэн дараагийн арга хэмжээнд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бид энэхүү аяллаа баримтат бичлэг болгон хадгалсан” гэлээ. Мөн ангийн хөвгүүн Г.Энхтайван нь “Зүрх сэтгэлийн гэгээ” гэдэг ном ангийнхандаа зориулж хэвлүүлж байжээ. Энэхүү номдоо төгсөлтийнхөө 66 найзын гэр бүл, үр хүүхэд, ажил албыг танилцуулж намтарчилсан байна.

О.АРИУНЦЭЦЭГ