Categories
мэдээ нийгэм

Автомашинаа халдваргүйжүүлэхийг санууллаа

Орон нутагт тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж эхэлжээ.

Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг аж. Иймд нийслэлийг тойрсон товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдэд жолооч нар авто машинаа заавал халдваргүйжүүлэхийг санууллаа.

Categories
гадаад мэдээ

Манай улсын энхийг сахиулагчид дээрмийн халдлагыг таслан зогсоожээ

БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Зэвсэгт хүчний жанжин штабын сайтад мэдээлснээр, дэд ахлагч Б.Баярсайхан “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч, хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж, бутан дотроос хоёр удаа гал нээсэн. Манай улсын энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Соронзонболд: Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр зайлуулдаг гэдэг

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболдтой ярилцлаа.

-Та саяхан болж өнгөрсөн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын үеэр “Монгол ятга тэнгэрийн хөгжим болохын учир” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Яагаад тэнгэрийн хөгжим гэж үзсэн бэ?

-Манай СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын баг Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн үеэр Монгол хаадын ордны долоо, ес, 11 чавхдаст ятгыг сэргээн бүтээхээр зорьсон юм. Санааг нь би гаргаад, “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн мундаг урлаач П.Байгальжавт хэлсэн. Санаа зовоож байсан нэг зүйл байв. Алтай ятга манай эриний V, VI зууны үеийнх мөртлөө хийхэд түвэгтэй, маш их хөдөлмөр орсон байна гэж хөгжим судлаач, зэмсэг урлаачид хэлсэн. “Хаана ч байхгүй цорын ганц хувилбар” гэж Жаргалант хайрхнаас олдсон алтай ятгыг Германы эрдэмтэн Сюзанна Шулц тодорхойлсон байна лээ. Эртний хөгжмийн олдвор Алтайгаас олдсон. Бас Хятадын Шинжаан, Уйгараас босоо ятга зургаа олдсон. Цагаан хэрэмийн хойд талаас л олдоод байгаа юм. Хубилай хааны ордны хөгжим гэнэт бий болчихоогүй. Өмнө нь Мөнх хааны ордонд олон найрал хөгжимчин тоглож байсан, хөгжим сэргээн бүтээж байсан мэдээ байдаг. Монгол хаад хөгжимд дуртай байжээ. Тийм учраас энэ гурван ятгыг Хубилай хааны ойгоор босгоё гэж шийдсэн юм. Яаж босгох вэ, хөглөх вэ гээд олон асуудал гарч ирнэ. Хийсэн хөгжмийг маань манайх мөн, биш гээд яриа хөөрөө гарна шүү дээ. Асуулт гарах нь ойлгомжтой учраас хариулт бэлтгэх санаатай баахан үзсэн. Эхлээд ятга гэдэг нэрийн учрыг хайсан л даа. Ж.Бадраа гуай ятга нэрийг итгэ, итгүүлэх гэсэн үгнээс гаралтай, ятга ятгуулах гэсэн утгатай гэсэн сайхан тайлбар хийсэн юм билээ. Мөн ятга гэдэг нэрийн эртний хэлбэр болох идтэй юм, итгэлтэй юм гэсэн утгатай ятуган гэсэн үг 1382 онд зохиосон “Хуа-и и-юй” толь бичигт үлдсэн тухай тэмдэглэжээ.

Харин би болон манайхан бөө мөргөлтэй байсан учраас бөөгийн талаас нь хайгаад үзье гэж бодлоо. Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбатын “Тэнгэр хөллөсөн халх бөө” бүтээлд зүүний 44 тэнгэрийн нэгнийх нь нэрийг “Ятга тэнгэр” гэжээ. Энд дурдсан хар тэнгэрүүдийн нэр хэдийд хаанаас бий болсон нь тодорхойгүй гэнэ. Эртний яруу найрагчид ч ятгын тухай бичжээ. Ятга хөгжим эртний том яруу найрагчдын шүлэг бүтээлд их туссан юм байна. Эгшиг өнгө аяс, гарвалыг нь найрагчид тодорхойлж хэлж байжээ. Түүнээс гадна монголчууд улаан шар толгойтой, хар хошуутай, цэнхэр далавчтай өнгөлөг шувууг ятга шаазгай гэдэг.

-Тэр чинь бас яадаг ид шидтэй шувуу вэ?

-Ятга шаазгай хуш модтой ойд нутагладаг. Хушны самраар голдуу хооллодог учраас тэнгэрийн идээ хүртдэг жигүүртэн хэмээн дээдэлдэг. Ятга шаазгай бас бусад шувууд амьтны дууг дуурайх идтэй гэдэг. Ятгын тухай олон домог бий. Нэг домогт ятга хөгжмийн үүслийг өгүүлжээ. Тэнгэрийн оронд буюу диваажинд ятга бий болжээ. Гэхдээ өөрөө бүтсэн гэнэ. Ятгын хөгийг их тэнгэр зохиожээ. Их тэнгэрийг нь хайтал Гэсэрийн туужид найман Их тэнгэр гэж байх юм. Бас нэг ийм сэжүүр бий. Ятгын хөгийг Сугавадын оронд Их тэнгэр зохиож, энэ тивд Баянхүү дэлгэрүүлсэн гэсэн домог байдаг. Ятга муу юмыг зайлуулж хөөдөг, хүнд оршсон адын сэтгэлийг зайлуудаг гэж үздэг байж дээ. Манайхан цагаан, хар сүлдээ тахидаг. Сүлдний тахилгад хамгийн сүүлд 1936 оны хавьцаа ятга эгшиглэж байсан гэсэн мэдээг эрдэмтэд бичиж үлдээсэн.Түүнээс хойш хэлмэгдүүлэлтийн үеэр сүлд тахих уламжлал алга болсон. Буцаж сэргэхдээ ятга нь уламжлагдаагүй. Одоо ганцхан Өвөрмонголын Ордост ятга хадгалагдаж тоглогдож үлдсэн тухай мэдээ бий. Тэнд бас Тэнгэрийн 12 дуу гэж байдаг. Тэр дууг ятгатай тоглодог. Өвөрмонголын Ордосын тахилгад хэрэглэгддэг өвлөж уламжилж ирсэн дуу гэнэ. Тэр дууны үгийг ямар ч монгол хүн ойлгодоггүй. Түүнийгээ тэнгэрийн хэл гэж нэрлэдэг юм байна.

-Бусад оронд ятга байдаг уу. Ятгын үүслийг юутай холбож тайлбарладаг вэ?

-Ятга дэлхийгээр тархсан хөгжим. Өрнө дахинд ч хөгжмийн үүслийг бурхадтай холбож тайлбарладаг. Эртний Грекийн дуучид хөгжимчдийг ивээгч Аполлон бурхан хөгжимчин байсан бөгөөд түүнтэй ур чадвараар өрсөлдсөн нэгнийг цээрлүүлдэг тухай домогтой. Анхны лир ятгыг Гермес бүтээсэн гэж үздэг. Өмнөд Энэтхэгт вина хэмээх чавхдаст хөгжим нь нандин шүтээнд тооцогдоно. Вина нь бүх бурхад дара эхийг төлөөлж чадах бөгөөд нүгэлтний нүглийг цайруулах увдистай гэдэг. МЭӨ XXV -XXIV зуунд баригдсан нэгэн тайлгачийн бунханд археологийн малтлага хийхэд ятга гарч иржээ. Ятган дээрх чимэглэл ихээхэн сонирхол татдаг. Бух, үнээний дүрээр бурхныг хатантай нь дүрсэлсэн гэж үздэг. Эртний Энэтхэг, Грект ятгыг бурхад, дар эхээс, монгол домогт тэнгэр бурхдаас үүссэн гэж үздэг. Гүр дууны судар бичигт үлдсэн нэгэн домогт нэгэн галав юүлээд завсрын галав юүлсний дараа ятга хөгжим үүссэн тухай өгүүлжээ. Ятгыг Гандирсын хөгжмийн зэмсэг гэж байгаа юм. Бас бүтээгч эхтэй холбоотой гэдэг. Ардын домогт ятгыг халамжит ханиа үгүйлсэн сэтгэл, ачит эхээ санагалзсан сэтгэлээс үүссэн ч гэдэг. Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр хөөн зайлуулдаг тухай домогт үлдсэн. Энэ домогт ятга нь ятгах увдистайг өгүүлжээ. Тэгээд би “Монгол ятга нь тэнгэрийн хөгжим болохын учир” гэж дүгнэсэн учир ийм.

-Ер нь хэдэн төрлийн ятга байдаг вэ?

-Монголд 36 төрлийн ятга хэрэглэж байжээ. Юань улсын хааны их ордонд ятгын чуулга байсан тухай жуулчид аялагчид өгүүлсэн байдаг. Марко Поло “Их хаан уухыг хүсвэл аягач нь хундгыг авч өгсний хойно гурван алхам гэдрэг ухраад, дорогш сөгдөж ёсолдог бөгөөд, бусад олон зочид нэг адил ёсолно. Өдий төдий олон тооны ятгач нар хөгжмөө цохих зэргээр хааныг уух тусам дуустал нь хөгжмөө дуугаргана” гэж тэмдэглэжээ. Хубилай хааны найрал хөгжимд тоглож байсан “Өдий төдий олон ятга” гэдэгт нь төрийн 27 ятга, агуу их 14 ятга, нийт 41 ятгыг хэлжээ. Зарим ятганд шинээр нэр өгч байж. “Өлзий ятга” гэж Б.Ринчен гуай нэр өгсөн байдаг. Манай нэг урлаач ятга урлаад Б.Ринчен гуайд үзүүлж “Та нэр хайрлаач” гэсэн юм байж.

Одоогийн концертод тоглож байгаа ятга нэг өөр. Ахуйд хэрэглэж байсан ятга бас өөр. Хүүхэд хөлсөөд байвал хуучны улсууд долоон утаст цуур гээд ятган дээрээ ая тоглоод, хүүхдээ саатуулчихдаг байжээ.

-Хубилай хааны ойгоор ятганд зориулсан бүтээл тоглоод байл уу?

-Ятгаа хийчихсэн ч утас сонгоход их учир бий. Хятад, солонгос, япон утас хийхээр монгол биш хөг аялгуу дуугараад болдоггүй. П.Байгальжав монгол болгоно гээд Буриадаас утас авсан. Ятгандаа ая оруулаад дуугаргаж үзлээ. Тохирох ая гэхээр “Цэнхэр залаа”-гаа тоглуулахаар таарахгүй. Таарах аялгуу олдохгүй юм байна гэсэн чинь “Цэнхэрлэн харагдах уул”-ын аялгуу сайхан таарлаа. Оюутнууд маань “Багш аа, та яг энийг дуурайсан бүтээл хийхгүй бол болохгүй нь” гэж надад “шифи” өгч байгаа юм. Хүн шиг байгаа биз. Хүн болгон өөр. Ааш араншинд нь тохируулсан юм хийхгүй бол болохгүй л дээ. Тэгээд тохируулж юм бичсэн болсон.

-Ятганы утас шөрмөсийг юугаар хийдэг байж вэ. Эрт үед гаднаас утас авчирна гэж байхгүй. Малын гаралтай түүхий эд ашигласан юм болов уу?

-Хилийн цаадах Алтайгаас олдсон скифийн ятга МЭӨ V-IV зууны үеийнх шүү дээ. Ятганы утсыг оросууд “Малын утсаар хийсэн” гээд байгаа юм. Харин манай “Алтай” ятганы утас олдоогүй. Гэхдээ утас байх ёстой газар нь өлөн байсан ул мөр илэрчээ. Малын гаралтай эдээр л хийсэн байгаа юм. Хэлмэгдүүлэлтийн үеэр хүнээс гадна хөгжмийн зэмсэг бас хэлмэгдсэн шүү дээ. Язгууртны хөгжим гэж ад үздэг. Бүр манжийн үеэс олуулаа нийлж, дуу хуур үүсгэх, бүжиг наадам хийхийг хоригложээ. Даншиг наадам, хүрээ цамыг л зөвшөөрсөн. Ордны хөгжим, соёлыг манжууд хаасан нь учиртай. Дахин сэргээд аятайхан болж байтал 1930-аад онд ардын хөгжимчдийг бас тараасан. Дараа нь хэрэгтэй юм байна гээд буцаагаад цуглуулах болсон чинь олон юм мартагдаж алга болсон байв. Бид өөрсдөө хүртэл танихаа байгаад ятга гэдэг үг орсон юм байна уу гээд хайхдаа тулжээ.

-Та сая энэ сэдвээр Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавихад судлаачид яаж хүлээж авсан бэ?

-Маш их асуулт ирж байна лээ. Бидэнд тулгардаг нэг хэцүү юм энэ. Би чинь Орост Свердловскийн Хөгжмийн дээд сургуульд сурсан. Баахан орос ном үзчихсэн, монгол ном үзээгүй. Төгсч ирсэн хойноо өөрөө хичээж, монгол юмаа үзэж байгаа. Надтай адилхан орос номтой улсууд их. Одоо бол Монголоос бусдыг нь судалчихсан улсууд олон. Унаган монгол мэдлэг муутай. Сая илтгэл тавихад хүмүүс сайхан хүлээж авч байна лээ. Хэлэлцүүлэг маягийн юм өрнөсөн.

-Таны бүтээлүүд “Тэнгэрийн дуудлага”, “Тэнгэрийн онгод”, “Эзэн сүлд”, “Онгодын дуулал” гээд л ахуйгаас хальсан маягтай юм аа?

-Энэ ийм учиртай юм. Хойно сурч байхад манай багш монгол хөгжим судлаачийн бүтээлийг уншуулаад байв. Оросын бөө судлаачдын бүтээл, бурхны шашны судлаачдын бүтээлийг их уншуулна. Манай багш бас жаахан үздэг хардаг. “Чи гэр рүүгээ залга даа, хүүхэд чинь өвдчихлөө” гэх жишээтэй. Би багштайгаа зөрчилдөөд “Би хөгжим зохиох техник сурах гэж ирсэн болохоос биш монгол юмаа сурах гэж ирээгүй” гээд хичээлд нь очихгүй зургаан сар болж билээ. Бүх хичээлдээ яваад, ганцхан багшийнхаа хичээлд очоогүй. Хөөрхий, их зөв юм ярьж байж. Нэг юм зохиохоор “Өө чи Чайковскийг хуулчихсан байна”, “Энэ чинь Бетховен байна” гээд их хэцүү. Хүний хийсэн юмыг базаж аваад, хогийн сав руу чулуудчихдаг хүн байлаа. Бүр гэдэн хөдөлгөдөг. Би аргаа олохгүй бүлтийсэн юм байсан даа. Монгол уламжлал соёлд чинь их юм байна гэдгийг ойлгуулах гэж ядаж байхад нь би эсэргүүцээд байсан юм билээ. Одоо бодоход ичмээр юм. Тэгж дургүйцэн байж сурсан юм чинь тэр. Социализмын үед дандаа л ажилчин анги, малчин түмэн гээд магтаж байсан. Ардчилал монгол хөгжимд их үүрэг гүйцэтгэсэн дээ. Хүн өөртөө, монгол хүндээ, шүтлэг бишрэлдээ зориулж бичих ёстой. Хөгжмийн зохиолчид дунд нэг айдас байдаг. “Бөөгийн юм оролдож болохгүй, хөл хугарчихдаг юм” гэх жишээтэй. Монгол бүтээл хийж байхад тэнгэр нь харж үзнэ шүү дээ. Юу гэж хөл хугарах вэ. Өөр юмнаас л болоо биз. Бидний ухамсарт социализмын үеийн айдас хадгалагдаж үлдсэн байдаг юм болов уу даа.


Categories
мэдээ цаг-үе

Хулгайлагдсан охидын хувь заяа хаашаа эргэх бол?

“Боко Харам” бүлэглэлийн интернэтэд байрлуулсан бичлэгээс авсан зураг

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө “Боко Харам” лалын бүлэглэлийнхэн Нигерийн Чибок хотын нэгэн дунд сургуулийн дотуур байранд байсан 276 охиныг хулгайлсан билээ. Төгсөлтийн шалгалтаа өгөх гэж байсан сурагчдын амьдардаг дотуур байрыг Нигерийн зэвсэгт хүчний цэргүүд хамгаалж байжээ. Алдан хядагчид сургуулийн агуулахаас хүнсийг нь дээрэмдэж охидыг автобус, ачааны машинд суулган авч явсан хэмээн тухайн үед мэдээлж байсан. Энэ явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа.

Сурагчдыг суулгасан машин замдаа эвдрэн зогсоход 10-15 охин зугтаж амжжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл 219 охины хувь заяа яасан нь тодорхойгүй байна. Тэдний талаар саяхныг болтол ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Энэ хэргийн дараахан тус бүлэглэлийн гишүүд нь дахин найман охиныг хулгайлсан юм. Нигерийн эрх баригчид барьцаалагсдыг хайж олох талаар арга хэмжээ авсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй. Засгийн газрын цэргүүд болон террористуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч үүний улмаас “Боко Харам”-ын 40-өөд гишүүн амь үрэгдсэн. Харамсалтай нь сурагчдын байгаа газрыг тогтоож чадаагүй. “Боко Харам” бүлэглэлийн тэргүүлэгч Абубакар Шекау мэдэгдэл хийхдээ “Би охидыг хулгайлсан гэдгээ дахин хэлье.

Тэд нөхөрт гарах ёстой. Бид барууны боловсролыг эсэргүүцдэг. Барууны боловсролоо зогсоо гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүд нөхөрт гарах ёстой. Би охидыг хулгайлсан, тэднийг зарна гэдгээ Аллахын нэрээр тангараглаж байна” гэсэн. НҮБ-ын албан ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн боловч тус болоогүй. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Бидний охидыг эргүүлэн өг” гэсэн бичигтэй зургаа хүртэл интернэтэд байрлуулж, алдарт жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон гээд бүгд энэ явдлыг буруутган охидыг суллахыг шаардсан билээ. Хэдхэн хоногийн өмнө “Боко Харам” бүлэглэлийнхэн хулгайлагдсан охидыг харуулсан бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Ийнхүү энэ сэдэв дахин хөндөгдсөн юм. Бичлэг дээр лалын дайчдын ар талд толгойгоо алчуураар боосон 50-иад охин зогссон байгааг та бүхэн харж байна.

Христосын шашин шүтдэг айлын хүүхдүүд болох тэднийг хүчээр исламын шашинд оруулжээ. Нигерийн шоронд хоригдож буй “Бохо Харам”- ийн дайчдыг чөлөөлөх юм бол тэднийг явуулна гэсэн болзол тавив. Бичлэгт охидын яриаг ч оруулсан байна. Барьцаанд буй сурагчид Нигерийн Засгийн газарт хандан террористуудын тавьж байгаа шаардлагыг биелүүлж, өөрсдийг нь суллуулж гэрт нь хариулахыг хүссэн. Дүрс бичлэг дээр буй хүмүүсийн хамгийн арын эгнээнд нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсоно. Үүнээс үзэхэд барьцаалагдсан охид хүчирхийлэлд өртөж, заримыг нь нөхөрт гаргасан болох нь тодорхой гэсэн дүгнэлтийг ажиглагчид хийжээ. “Боко Харам” бүлэглэлийнхэн овоолсон цогцсыг харуулаад тэднийг агаараас бөмбөгдөх үед амиа алдсан охид хэмээн тайлбарлав. Өнгөрсөн тавдугаар сард Нигерийн цэргүүд ойгоос хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй, залуу хоёрыг олсон. Эмэгтэйг барьцаалагдсан охидын нэг гээд харин залууг нь “Боко Харам” бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэж шууд л баривчилсан байдаг. Өнгөрсөн оны эхээр Нигерийн эрх баригчид тус бүлэглэлийн эсрэг нэлээд хэдэн цэргийн ажиллагаа явуулж Камеруны хил рүү шахсан. Үүний дараахан алан хядагчид Нигерийн эрх баригчидтай холбогдохдоо 10 тэрбум нигер найд буюу 35 сая гаруй фунт стерлинг өгвөөс сурагчдыг суллана гэсэн болзол тавьжээ. Харин энэ удаа “Энэ бол барьцаанд буй охидын эцэг эхэд хандсан бичлэг. Хүүхдүүд нь амьд байгаа гэдгийг тэд мэдэх ёстой. Хоёрдугаарт, Нигерийн эрх баригчид бидний ахан дүүс болох дайчдыг даруйхан суллахыг шаардаж байна” хэмээн алан хядагчид ярьжээ. Нигерийн хэвлэл мэдээлэлд бичлэгийг интернэтэд байрлуулахаас хоёр долоо хоногийн өмнө хийсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн.

“Боко Харам” бүлэглэлийн дайралтад өртсөн дунд сургуулийн дотуур байр

Яг энэ үеэр тус бүлэглэлийн тэргүүлэгчийг сольсон тухай зарим хэвлэл мэдээлсэн. “Боко Харам” нь “Исламын улс” бүлэглэлтэй нэгдэж байгаа талаар ч бичсэн. Өөрөөр хэлбэл, “Боко Харам” бүлэглэл дотор хагарал гарчээ. Үүний дараа террористууд ийм бичлэгийг интернетэд байрлуулсан болохыг ажиглагчид онцлон дурдаж байгаа юм. “Боко Харам” бичлэгийг You Tube-д тавьсны дараа барьцаанд буй нэгэн охины аав нь охид дундаас өөрийнхөө хүүхдийг олж харжээ. Түүний хүүхдийг Доркас гэдэг бөгөөд хулгайлагдсанаас нь хойш амьд эсэхийг нь мэдэхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн байна. Ямар ч байсан охин Доркас нь амьд байгаа аж. Харин охины ээж нь Нигерийн Засгийн газар өнөөдрийг хүртэл барьцаалагдсан охидоос нэгийг ч суллуулж чадаагүй хэмээн ихэд гомдолтой байгаагаа ярьсан юм. Ердөө хэдхэн охин л зугтаж чадсан байдаг. “Боко Харам” лалын бүлэглэл нь Нигерийн хойд нутагт лалын шашинтай Шариатын улс байгуулахаар төлөвлөсөн. АНУ-ын Ерөнхийлөгчийн терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөхийн хүсэлтээр тус бүлгийг алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хар жагсаалтад оруулсан юм. “Лалын улс”, “Боко Харам” бүлэглэлүүд 2002 оноос үйл ажиллагаа явуулсан гэдэг. Тэд 2009 онд Нигерийн хойд нутагт эмх замбараагүй байдал үүсгэж христосын шашинтнууд болон сүмд халдаж тус бүс нутгийн байдлыг нэлээд тогтворгүй болгоход хүргэсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө НҮБ нь “Боко Харам” бүлэглэлийг мөн л хар жагсаалтад оруулсан. Харин өчигдөр тус бүлэглэлийг толгойлогч Абубакар Шекау маш хүнд шархадсан гэсэн мэдээлэл Нигерийн хэвлэлд нийтлэгдээд байна. Дашрамд дурдахад, тус бүлэглэл алан хядах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 13 мянган хүний аминд хүрсэн гэсэн тооцоо байдаг аж. Харин тэдэнд барьцаалагдсан 200 гаруй охиноос хэд нь амьд эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Categories
гадаад мэдээ

Самсунг компани “Galaxy Note 7” утсаа эргүүлэн татаж эхэллээ

Баттерей нь халж дэлбэрдэг гэсэн асуудлаас болоод Самсунг компани саяхан зах зээлд гаргасан “Galaxy Note 7” гар утсаа эргүүлэн татаж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт энэ тухайгаа Самсунг компани олон нийтэд зарлаж эхний ээлжинд АНУ-ын зах зээлд борлуулсан утсаа татаж эхэлсэн аж.

Самсунг компани хэрэглэгчдэд “Galaxy Note 7” гар утсаа шинээр солиулах, худалдаж авсан “Galaxy Note 7”-гоо “Galaxy S7, S7 edge” гар утаснуудын аль нэгээр сольж үнийн зөрүүг нь буцааж авах санал тавьжээ.Үүнээс гадна гар утасны төлбөрөөс нь $25 хөнгөлөх боломж олгож байгаа аж. Тус компани өнгөрсөн хугацаанд 2.5 сая “Galaxy Note 7” утсыг Өмнөд Солонгос болон гадаад зах зээлүүдэд борлуулаад байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ном ярьж өгье: “Франкенштейн”

Мэри Шэллей өөрийг нь алдарт хүргэсэн “Франкенштейн” романаа 19 настайдаа бичиж дуусгасан юм гэдэг. Энэ бүтээл дэлхийн шилдэг 100 зохиолын нэгээр өргөмжлөгддөг хэдий ч монгол хэлээр орчуулагдсаныг нь үзэж байсангүй. Харин 1818 онд хэвлэгдсэн тус зөгнөлт романаас сэдэвлэсэн олон кино бий. Мэдээж зохиол нь кинотойгоо адилгүй. Тиймээс “Франкенштейн” романы үйл явдлаас маш товчлон хүргэе. Мөс зүсэн урагшилж яваа усан онгоцны багийнхан нохой чаргатай нэгэн аварга хүн явааг хараад гайхан ярилцдаг. Тэсгим хүйтэн, хүн амьтангүй зэлүүд мөсөн дунд хэн нэгэн явж байна гэдэг сонин үзэгдэл. Гэвч гайхах болоогүй байжээ. Хэдэн өдрийн хойно мөсний хагархай дээр хөвж яваа өөр нэгэн хүнийг олно. Тэр хүн маш их өлсөж, цангасны дээр хөл нь хэдийнэ хөлджээ. Хэд хоног асарсны эцэст нөгөө хачирхалтай эр усан онгоцны ахмадтай ярилцах тэнхэл суулаа. Нэрийг нь Хэнри Франкенштейн гэдэг аж.

Тэрбээр өөрийгөө дандаа бараан амьдрал туулаагүй хэмээгээд төрөлх тосгондоо өнгөрсөн аз жаргалтай бага насныхаа талаар хүүрнэдэг. Өсөж өндийгөөд том хотод суралцахаар одно. Их сургуульд суралцаж байхдаа цахилгаан гүйдлийн хүчээр үхмэл махбодид амь оруулж болох тухай онолоо дэвшүүлдэг. Харин багш нь түүнийг энэ чиглэлд авьяастай боловч боломжгүй зүйл ярьж байна гэж үзнэ. Залуу эрдэмтэн санасандаа хүрэхээр шийджээ. Ингээд оршуулгын газраас хүүр авчирч цахилгаан гүйдлийн хүчийг ашиглан амилуулахаар чармайна. Энэ ажилдаа олон сарыг зарцуулж махран оролдсоор санасандаа хүрдэг. Гэвч олон зүйлт, залгаасаас бүрдсэн аймшигт бүтээл нь амь ормогцоо түүнийг дагахад гэрээсээ гаран зугтана. Ухаан мэдрэлгүй гүйж байхдаа сургуульд суралцахаар ирсэн багынхаа найзтай тааралддаг. Найзын хамт гэртээ очиход мангас хэдийнэ алга болсон байв. Энэ өдрөөс хойш тэрбээр эгэл жирийн амьдралдаа эргэн орж найзтайгаа хамт уран зохиол, урлаг сонирхон судалж эхэлнэ. Жил, сар урсан өнгөрөхийн хэрээр өөрийн бүтээлийг мартагнах аж. Гэтэл нэгэн өдөр төрсөн дүү нь бусдын гарт амиа алдсан тухай мэдээ хүлээн авна. Гэртээ очих замдаа тэрбээр нэгэн хүн модон дундаас өөрийг нь ажиглаж буйг анзаардаг. Тэр бол өөрийнх нь бүтээл байлаа. Дүүг нь хэн нэгэн багалзуурдан хөнөөжээ. Хэрэгтэнг ч олсон байв. Олон жил тэдний гэрт асрагч, үйлчлэгч хийсэн нэгэн эмэгтэй алтан гинжинд нь шунаж амийг нь бүрэлгэсэн болохыг баримтаар тогтоосон аж. Харин эрдэмтэн Франкенштейн өөрийнх нь мангас үүнийг хийснийг мэдэж байлаа. Тиймээс буруугүй эмэгтэйг хамгаалахыг оролдоно. Харамсалтай нь ярьсан түүх нь хүмүүст үнэмшилтэй санагдсангүй. Түүгээр барахгүй уй гунигтаа автсандаа эмэгтэйг хамгаалахыг оролдож байна гэж бодоцгооно. Шүүх хурал болж чанга хатуу эрүү шүүлтийн дараа хөөрхий эмэгтэй хүний амь хөнөөсөн хэргээ хүлээж дүүжлүүлдэг. Франкенштейн мангасыг олохоор ууланд гарна. Мангас ч түүнтэй уулзахыг хүсч байжээ. Тэр хоёр уулзан мангасын овоохойд очдог. Өөрийнх нь бүтээл анх амь орохдоо хэрхэн нялх хүүхэд шиг байсан хийгээд өөрөөс нь айн зугтсаныг ойлгоогүй тухай ярина. Бүгд л түүнийг мангас хэмээн үзэж айн зугтаж байсан тул ууланд гарч жимсээр хооллон хэсэг амьдарчээ. Тэгж байтал нь цагаан нунтаг тэнгэрээс бууж хөл, гар нь бээрч эхэлсэн гэнэ. Нунтаг бодис нь цас байсан аж. Зовж зүдэрч тэнэж явахдаа ууланд нэгэн сохор хөгшин хүүхдүүдтэйгээ амьдардаг байшингийн ойролцоо очжээ. Энэ үеэрээ тэдний өвсний амбаарт амьдарсаар ярьж сурсан байна. Хүмүүст дасч эхэлжээ. Нэгэн өдөр түүнийг хүүхдүүд нь мэдэж хөөж байхдаа хөлөнд нь буудав. Шархдаж, айж, зугтаж байхдаа хүн төрөлхтнийг үзэн ядаж эхэлсэн байна. Тэгсээр нэгэн өдөр цовоо балчир хөвгүүнтэй таарчээ. Өөрөөс нь айгаагүй тэр хүү бүтээгчийнх нь дүү байв. Үзэн ядалтдаа багтарч түүнийг нэг базтал хүзүү нь хугарч үхсэн аж. Харин мангас модны ёроолд амарч байсан эмэгтэйн халаасанд гарт нь тасарч үлдсэн алтан гинжийг шургуулсан байна. Энэ бүх түүхийг яриад хэрвээ өөрт нь эмэгтэй хамтрагч хийж өгвөл хүн амьдардаггүй зэлүүд нутаг руу явна. Үгүй гэвэл гэр бүл, гэрлэхээр төлөвлөсөн бүсгүйг нь хөнөөнө хэмээн сүрдүүлдэг.

Залуу эрдэмтэн гэр бүлийг нь тайван орхивол эмэгтэй мангас хийж өгөхөөр тохирдог. Түүгээр барахгүй бүтээнэ. Гэхдээ яг амь оруулах гэж байх мөчдөө хоёр мангас бүтээх эсэхдээ эргэлзэж буцаагаад хэдэн хэсэг болгочихдог. Мэдээж энэ нь мангаст таалагдсангүй. Хэдийгээр эрдэмтэн бэлтгэлтэй байсан боловч хуримынх нь шөнө сүйт бүсгүй болоод хөгшин эцэг нь хөнөөгдөнө. Орь ганцаар үлдсэн Франкенштейн өөрийн бүтээлийг хөнөөхийг амьдралынхаа зорилго болгон олон улсаар дамжин ангуучилсаар Орос орны хүний хөл хүрээгүй хүйтэн газар хүртэл мөрджээ. Хүйтэн хахир байгальд чарганых нь ноход үхэж өөрөө хүндээр өвдсөн байхдаа усан онгоцтой таарсан аж. Түүхээ ярьж дуусаад насан эцэслэсэн шөнө нь мангас усан онгоцны цонхоор орж ирнэ. Өөрийнхөө бүтээгчийг нас барсныг үзээд гашуудан шаналдаг нь сонин. Өрөөнд байсан онгоцны ахмадад “Бидний тооцоо дууслаа” гэж хэлээд хүйтэн, харанхуй мөсөн орны гүн рүү одсоноор зохиол төгсдөг.

Ж.БАЯР

Categories
мэдээ соёл-урлаг

“100 яруу найрагч-100 эх орны шүлэг” наадам өнөөдөр болно

Монголын залуу зохиолчдын холбоо анх 2015 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” яруу найргийн наадмыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ жилийнхээ наадмыг “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” сэдвийн дор өнөөдөр буюу есдүгээр сарын 4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Энэ наадмыг ашгийн бус, үнэ төлбөргүй хийж буй нь ихээхэн онцлогтой болдог юм. Мөн яруу найрагчдыг өргөнөөр оролцуулж, уншигчидтай нь нүүр тулан уулзуулдгаараа ч өвөрмөц билээ. Энэ жил дан ганц Монголын төдийгүй монгол туургатан орноос ч яруу найрагчид ирж оролцох аж. Мөн ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат, Д.Нацагдоржийн болон бусад Ринчин, Лодойдамба, Цэдэндорж, Чойномын нэрэмжит шагналтай зохиолч яруу найрагчид, эхлэн бичигч залуу зохиолчид ч оролцох мандатаа авсан байна. Эх орны сэдвээр анх удаа зохиож буй нь ч олны анхаарлыг татаж байна гэж зохион байгуулагчид хэлж байна. Мөн бүх шүлэгч найрагчийн шүлгээр тусгайлан ном бүтээх юм. Өмнө зохиосон “100 яруу найрагч-100 харын шүлэг”-ээр хоёр боть ном гаргасан бол одоогийн “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” ном болон хэвлэгдэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ

УИХ-ын чуулганаар
Батлан хамгаалах салбарын багц хуулиудын төслийг хэлэлцэн баталсан. Энэ
үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
энэхүү багц хуулийг баталснаар нэгэн шинэ дэвшил авчирч буйг онцлоод эдгээр
хуулийг боловсруулж, баталсан Ерөнхийлөгчид тусгайлан баяр хүргээд өмнөх
парламентын гишүүдэд ч талархсанаа илэрхийлсэн юм. Энэхүү хуулийн төслүүд
батлагдсанаар батлан хамгаалах эрх зүйн орчныг бүрдэж, цэргийн нэгдсэн
бодлоготой болж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар санал цуглуулж эхэлжээ. “Ардын эрх” сонинд МАН-ын бүлгийн хурал дээр хэн юу гэж хэлсэн нь ил болж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тагнуулын байгууллагаар шалгуулахаа мэдэгдээд байсан юм. Ил болсон протоколд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар Засгийн газрын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулах ажлыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар зохион байгуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ингэх болсон шалтгаан нь тэтгэвэр тэтгэмж, цалин, хөлсийг буурах хуулийн төслүүд өргөн барьсантай холбоотой гэж эх сурвалж мэдээлж байна. Тиймээс МАН өөрсдийн санаачлагаар Ерөнхий сайдаа огцруулж мэдэх нь.

Эх сурвалж: News.mn

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд Улаан талбайд улсынхаа нэрийг мандууллаа

ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын цэргийн оркестр, хүндэт харуулын жагсаалын уламжлалт фестиваль “Спасская Башня 2016” болж байгаа билээ. Энэхүү фестивальд манай улсыг төлөөлөн Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга амжилттай оролцож, дэлхийд Монгол Улсынхаа нэр хүндийг мандуулж байна.

Манай улсын төрийн хүндэт харуулын ёслолын хувцас энэхүү наадмыг чимж байгааг олон улс орон, оросын ард түмэн шагшин магтжээ. Дашрамд дурдахад, манай улс тус фестивальд анх удаа оролцож байгаа бөгөөд энэ жил нийт 12 орны 22 цэргийн хөгжмийн оркестр, 8 хүндэт харуулын жагсаалаар улаан талбайг чимж байгаагаараа өнгөрсөн жилээс ялгаатай аж.

Тус фестиваль энэ сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.