Categories
мэдээ улс-төр

Тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, Тусгай замын автобус буюу BRT төслийн талаар санал солилцлоо.

Ноён Роберт Гайл “Азийн хөгжлийн банк нийслэл хоттой хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Тусгай замын автобус буюу BRT” төсөл юм. Төслийг эхүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэлээ. Мөн ирэх жил тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад хүлээлгэн өгөхийг эрмэлзэлж байгаагаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот бол хүн ам ихтэй, хөгжиж байгаа хот. Тиймээс хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэх нь хотын өмнө тулгамдсан асуудлын нэг. Төслийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх тал дээр бүхий л бололцоогоор ханган ажиллана. Мөн BRT төсөлтэй уялдуудан цаашид нийслэлийн нийтийн тээврийн чиглэл, зогсоолыг оновчтой төлөвлөхөд чиглэсэн судалгаа хийж, хамтран хэрэгжүүлэхийг хүсч байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр ноён Роберт Гайл ирэх сарын сүүлээр нийтийн тээврийг хөгжлийг чадвахжуулах сургалтыг 3 өдрийн турш зохион байгуулж, нийтийн тээврийн чиглэл зогсоолын төлөвлөлт, Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг зэргийг танилцуулна гэдгийг дуулгалаа. Түүнчлэн нийтийн тээврийн хөгжилд шинэ дэвшил авчрах “Тусгай замын автобус BRT” төслийг бодит бүтээн байгуулалт болгоход бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ талууд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Д.Батдэлгэр: АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шалгаж өгөхийг шаардаж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Төрийн ордны баруун хаалган дээр Баянзүрх дүүргийн иргэд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хууль бус газрын зөвшөөрөл олгодог хэмээн эсэргүүцэж жагслаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод газраа алдсан, гэрчилгээгээ авч чадахгүй байгаа иргэд гарын үсэгтэй бичиг хүргүүлэхээр цугласан байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Д.Батдэлгэр: Баянзүрх дүүргийн XX хорооны 80 гаруй иргэн надад итгэмжлэл хийж өгсөн. Газар эзэмших эрхээ авч чадахгүй байгаа энэ хүмүүсийн төлөө тэмцэж байна. Энэхүү газрын хууль бус луйврыг УИХ-ын гишүүн Б.Базориг анх суурийг нь тавьсан. Надад нотлох баримт бүгд байна. Би худлаа юм хэлэхгүй. Угаасаа хүн гүжирдэх нь хууль бус зүйл. Тийм болохоор би баримттай тэмцэнэ. Б.Батзориг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа газрын олон луйвар хийсэн. Одоо харин тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа гэдэг хүн луйвар хийж байна. Учир нь Засаг дарга Д.Пүрэвдаваатай 2015 оны наймдугаар сард, Баянзүрх дүүргийн XX хорооны иргэд уулзсан юм. Энэ үеэр Д.Пүрэвдаваа “Би юу ч хийж чадахгүй” гэж хэлсэн. Энэ мэт луйврыг шалгуулахаар бид Авлигатай тэмцэх газарт өргөдөл бичиж өгсөн.

Энэхүү бичигт “АТГ-ын дарга Х.Энхжаргал танаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нарын газрын хууль бус эзэмших эрх олгож байгаа тул шалгаж өгнө үү” гэсэн байгаа. Хэрвээ АТГ-аас бидний өргөдлийн хариуг 14 хоногийн дотор ирүүлэхгүй бол өлсөглөн зарлах болно. Мөн АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шалгаж өгөхийг шаардаж байна гэв.

Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Д.Батдэлгэрээр итгэмжлүүлсэн 100 орчим иргэд өөрсдийн эзэмшлийн газраа алдсан учир ийн тэмцэж байгаа бөгөөд УИХ-ын дарга бичгийг нь хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ энэ үеэр онцоллоо.

Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Ц.Чулуунцэцэг: Баянзүрх дүүргийн XX хорооны газрын маргаантай есөн хүн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзсан. Тэрээр хэлэхдээ “Ц.Чулуунцэцэг гэдэг хүн газрын асуудлаар та бүгдэд худлаа зүйл ярьж байна. Энэ хүн бол газрын наймаачин. Тийм болохоор энэ хүнийг битгий дагаж ажилла” гэсэн. 2011 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг захирамж гаргаж байсан. Энэ захирамжинд иргэн бүрт 0.7 га газар өмчлөх эрхтэй байсан бол 0.6 га болгосон. Мөн тус дүүргийн газар өмчлөх эрхтэй иргэдийн хүсэлтийг хасаад өөрийн танил тал, арын хаалгадсан иргэдэд шууд олгосон. Мөн нэг иргэний нэр дээр хоёр удаа газрын гэрчилгээ олгосон байгаа юм. Надад энд баримттайгаа байна. Жишээлбэл, т.Янжмаа гэдэг хүнийг хоёр удаа захирамжинд оруулсан байгаа юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийн хийсэн гол зөрчил нь тус дүүргийн ядарсан иргэдийн газрыг дээрэмдсэн явдал юм. Иймд бид бүхэн Баянзүрх дүүргийн XX хорооны газрын эрх нь зөрчигдсөн 512 иргэний эрх ашгийн төлөө тэмцэх болно. Бидний тэмцлийг хүлээж авахгүй бол амиа ч хорлоно гэдгийг хатуухан хэлмээр байна гэсэн юм.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдөр машинтайгаа голд живсэн 6 хүнийг аварчээ

Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн алба хаагчид Цонжинболдог орчмын Туул голд машинтайгаа осолдсон зургаан иргэний амь насыг аварчээ. Тодруулбал, өчигдөр буюу ням гаригийн 14-16 цагийн үед Туул голд “Ланд-200”маркийн машинтай зургаан иргэн машинтайгаа осолдсоныг Улаанбаатар хотын харьяа хамгаалалтын гуравдугаар газрын дээд эх үүсвэрийн ахмад Б.Гансүхээр ахлуулсан цагдаа нар аварсан байна. Цагдаа нарыг ослын газарт очих үед машин голын усанд далд орсон байсан бөгөөд зорчигчид машин дээрээ гарч аврал эрж байжээ. “Ланд-200” маркийн автомашинд 20-25 насны дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй байсан аж.


Categories
мэдээ спорт

Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайзад чууллаа

Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чууллаа. Манай улсаас спортын эмэгтэй сэтгүүлчдийг төлөөлж Монголын спортын сэтгүүлдийн холбооны гишүүн, ETV телевизийн захирал Т.Ганзул оролцов.

Спортын сэтгүүлчдийн хурлаас эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж байр суурь ахихад туслах шаардлагатай. Удирдах зөвлөлд 5 хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар заасан зарим холбоодын жишгийг дагах нь зөв гэсэн эхний дүгнэлт гаргасан байна. Мөн спорт бол эв нэгдэл учраас жендэрийн тал дээр ч холбоо зөв байр суурьтай байх нь чухал гэж үзжээ.

Улс оронд байгаа нийт спортын сэтгүүлчийн тоог харьцуулж үзэхэд 20-иос дээш гарахгүй байгаа нь бодлогын төвшинд дэмжлэг байхгүй байгаагийн илрэл гэж үзсэн байна. Түүнчлэн эмэгтэй спортын сэтгүүлчдэд англи хэлний мэдлэг чухал болохыг онцоллоо.

Бүх тэмцээн уралдааны заавар, мэдээлэл гэх мэт зүйлс англи хэл дээр явагддаг. Тиймээс тухайн орны холбоо хэлний мэдлэг олгохыг нэн тэргүүнд тавих шаардлагатай гэж үзжээ. Мөн эмэгтэй спортын сэтгүүлчдэд зарим тэмцээн, уралдаан дээр хөнгөлөлт үзүүлэх, мөнгөн болон давуу эрх олгох зэргийг хөндөн ярилцсан байна.

Энэ удаагийн Азийн эмэгтэй сэтгүүлчдийн чуулганд оролцсон 12 орны 20 гаруй төлөөлөл тухай бүртээ “Рио 2016” олимпод өрсөлдсөн Монголын тамирчин Г.Мандахнарангийн асуудалд байр сууриа илэрхийлсэн байна. Тэд 100 хувь “Шударга бус шүүлт” гэж үзэж байгаа бол тухайн агшинд шууд дамжуулж байсан телевизүүдийн эрэгтэй тайлбарлагч, экспертүүд мөн энэ байр суурийг илэрхийлж байсан тухай хөндөн ярилцжээ.

Categories
мэдээ улс-төр

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр чуулна

“Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол-Германы XIV чуулганмаргааш болно. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар төлөөлиийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд манай улс нэг алхам урагшилсан гэсэн үг.

Ийм үед Монгол-Германы чуулган энэ асуудлаар санал бодлоо солилцож, төр засгийн удирдлагад болон хоёр орны нийгэмд шинэ дохио санаа өгөх зорилго тавьж тус чуулганыг уг сэдвийн хүрээнд зохион байгуулж буй аж.

Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол-Германы чуулганы тэргүүн П.Очирбат,ХБНГУ-аас Монгол Улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг, ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ландтагийн гишүүн бөгөөл мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А. Ундраа, З.Нарантуяа, “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа зэрэг 200 гаруй хүн оролцох юм байна.

Дашрамд, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан болон Монгол-Германы чуулган ТББ хамтран тус чуулганыг зохион байгуулж байгаа аж.

Categories
булангууд мэдээ эрэн-сурвалжлах

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир

Сонгуулийн өмнө жүжигчин Амараа “Нэхий боодол бохины үнэгүй боллоо” гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгагдлаа гэх шуугиан дэгдэж байлаа. Жүжигчин залуу улс төрийн зорилгоор үг хэлсэн, түүнийг нь бас улс төрийн зорилгоор шалгасан асуудал бий л байх. Гэхдээ өнөөдөр нэхий боодол бохины үнэгүй байгаа нь үнэн. “Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 300-700 төгрөгийн үнэтэй байлаа. 700 төгрөг нь энэ зуны хамгийн өндөр ханш. Бас нэхий авч байгаа хүн “Эмээлт”-д тун цөөн. Арьсаа тушааж байгаа малчин ч ховор. Хаа холоос 300 төгрөгөөр өгөх гэж хүн царайчилснаас хотондоо хаячихсан нь малчдад гарлагагүй гэх юм билээ.

Зах зээлд арьсан гутал, цүнх үнэтэйд тооцогддог. Тэгвэл гутал, цүнхний түүхий эд яагаад “хог” болов. Хонины нэхий боодол бохины үнэгүй болсон учрыг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

“ЭМЭЭЛТ” ЭЗГҮЙРСЭН УЧИР

Хэдэн жилийн өмнө “Эмээлт” захыг “Хятадын эмээлт үү, Монголын нутаг уу” гэцгээдэг байлаа. Ерөөсөө л “Эмээлт”-ийг хятад ченжүүд хөдөлгөж байсан учраас тэр. Одоо тэндээс хятад хүн олоход хэцүү. Хятадуудад ажилладаг ченжүүд ч ховор болж. Ноолуур авч байгаа ченжүүд байх боловч хонины арьс, шир авч байгаа нь тун ховор юм. Мал зардаг төвлөрсөн цэгийн гадна хонь, ямааны арьс авч байгаатай таарлаа. Тэдний яриагаар гурваас долдугаар сар хүртэл тарз угаасаа үнэгүй байдаг. Үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангадаггүй учраас тарз авахгүй, зөвхөн өлөнг нь л үнэлж авдаг. Харин наадмын дараагаас үнэ нь арай өсдөг. Энэ жилийн тухайд ханш өсөөд, өсөөд 700 төгрөг л болж байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хятадууд ирж түүхий эд авах нь ховордсон. Тэгэхээр эрэлт байхгүй, “Эмээлт”-д ажиллах шаардлагагүй болсон талаар тэд ярилаа. “Хятадууд үнэ цохиж түүхий эд авдаг гэж муулдаг, муухайгаар ярьдаг байсан үед бид ажилтай, орлоготой байсан. Түүхий эд авч хядадуудад зарахдаа дундаас нь ашиг гаргана. Ачигч хийж цалин авна. Харин одоо хятад түншүүд ирэхээ больчихсон. Тэд эндээс авсан түүхий эдээ заавал боловсруулж хилээр гаргадаг болсон. Тэр үеэс хятад түншүүд харагдахаа больсон” гэж ярьсан юм.

Энэ зун “Эмээлт”-ийн ченжүүд авсан нэхийнийхээ ноосыг авч, зараад арьсыг нь “Биокомбинат”-ын хогийн цэгт аваачиж шатаах ажил хийсэн гэнэ.

Саяхнаас “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд ченжүүдээс 500-700 төгрөгөөр нэхий авч эхэлжээ. Гэхдээ ялгаж сайн чанарын нэхийг энэ ханшаар авч байгааг ченжүүд ярилаа. Сайн чанарын гэх шалгуурт нийцэх нэхий бараг байхгүйг ч ярьсан.

Харин хятадууд 300-400 төгрөгөөр авч байгаа гэнэ. Түүхий эд авдаг хятадууд бараг байхгүй болсон талаар дээр өгүүлсэн. Гэхдээ сүүхэйтэй хэд нь түүхий эд авч, нутаг руугаа гаргах аргаа өөрчилж, “ажлын байр”-аа сольсон тухай баримт бас олдсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТҮҮХИЙ ЭД УНАСАН УЧИР

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасныг эдийн засгийн үзүүлэлт харуулж байгаа. Хямралаас үүдэлтэй үнэтэй арьсан цүнхний эрэлт багасч, тансаг хэрэглээ хумигдсан гэхэд болно. Бас манай гол харилцагч БНХАУ-д цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, түүхий эдийн эрэлт буурсан. Хятадад малын арьснаас илүү сентетик материалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа нь ч бас нэг шалтгаан.

Өмнөд монголчууд түүхий эдийн үнэ унасныг эсэргүүцэж, хонь ямааныхаа арьсыг шатааж байсан нь ч саяхан. Гэхдээ тэнд арьс, шир огт хэрэггүй болчихсон юм биш. Хамгийн багадаа хонины нэхий 15-17 юань (5200-6000)-ийн үнэтэй байгаа аж. Гэтэл Монголд малчдын нэхий хог болж, зарагдлаа гэхэд бохины үнэ хүрэхээ больчихсон байгаа. Хятадууд Монголоос түүхий эд авах зардал нь хэдэн жилийн өмнөхтэй адил 3800-4200 төгрөг байгаа гэвэл та итгэх үү. Малчнаас зарагдахад боодол бохины үнэ хүрэхгүй нэхийг хятадууд хаанаас дөрвөн мянга гаргаж аваад байна вэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хонины нэхий малчдын хувьд “хог” болсон нь Засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих гол бодлого орсон. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг буруутгах аргагүй. Гэтэл тэр бодлого замаасаа хазайж түүхий эдийн үнийг унагах гол шалтгаан болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр 300 дугаар тогтоол гаргасан. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай уг тогтоолд “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь, 1. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нарт тус тус үүрэг болгож, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөсүгэй” гэж заасан байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан үед энэ тогтоол батлагдсан юм.

Тогтоолд заасны дагуу арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлагдаж Хонины арьсыг вет-блю техникийн шаардлагын дагуу боловсруулж хилээр гаргахаар болсон билээ. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ технологийн дагуу боловсруулсан арьсыг л хилээр гаргадаг болсон. Засгийн газрын 300 дугаар тогтоол гарахаас өмнө анхан шатны боловсруулалт хийсэн буюу идээлж, тосолж хатаасан, өнгө засал хийгээгүй арьсыг хилээр гаргадаг байсан.

МАЛЧИНД 400, ҮЙЛДВЭРТ 4000

Уншигчид санаж байгаа бол 2013 оны намраас арьс, ширний үнэ огцом буурсан билээ. Хятадаас ченжүүд Монголд ирэхээ больж, Эмээлтэд ч хөл хөдөлгөөн цөөрсөн.

Үүний дараа Засгийн газар бас нэгэн тогтоол гаргаж адууны ширний үнийг навс унагасан. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад өөрчлөлт орж адуу, тэмээний ширийг бүрэн боловсруулж хилээр гаргахаар болсон. Үр дүнд нь “Эмээлт”-д 200 гаруй мянган адууны шир өмхийрөх болж Засгийн газар сарын хугацаанд энэ тогтоолоо түдгэлзүүлж түр гал унтраасан билээ.

Засгийн газар ийм тогтоол гаргасан нь үндэсний үйлдвэрээ дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байсан. Гэвч гурван жилийн хугацаанд арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ гэдэг нь бас асуудал. Хангалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд экспортод гаргах бараг боломжгүй байгаа. Ченжүүдийн ярьснаар өдийд хэдхэн үйлдвэр л нэхий авч байгаа гэдэг бас л асуудал. Тэгсэн атлаа арьс, шир боловсруулах үйлдвэр ажиллаад байгаа нь сонин биш гэж үү.

“ЭМЭЭЛТ”-ИЙГ ЭЗГҮЙРҮҮЛСЭН ХЯТАДУУД ҮЙЛДВЭРҮҮДЭД НҮҮГЭЭД ОЧЧИХСОН ГЭВ ҮҮ

Малчдаас, ченжүүдээс нэхий бараг авдаггүй үйлдвэрүүд ажиллаад байдаг. Үүний шалтгаан нь “Эмээлт”-д малчдаас түүхий эд аваад нутаг руугаа гаргадаг хятадууд боловсруулах үйлдвэрт нүүгээд оччихож.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн ярьснаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 34 боловсруулах үйлдвэрийн ихэнхийг хятадууд түрээсэлжээ. Юун нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гадныхан үнэгүй шахам авсан түүхий эдээ монгол үйлдвэрүүдэд боловсруулаад нутаг буцаж байна.

Монголын боловсруулах үйлдвэрүүд нэг нэхий боловсруулахад 11-12 юанийн түрээс авдаг гэнэ. Хятадууд “Эмээлт”-ээс 300-400 төгрөгөөр авсан нэхийгээ 3500-4000 төгрөгөөр боловсруулдаг. Ингэхээр Монголд нэг хонины нэхий 3800-4500 төгрөгийн ханштай гэсэн үг. Харин Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолын үр дүнд малчинд 400, үйлдвэрт 4000 төгрөг ноогдож байна. Үйлдвэр ашигтай ажиллахад ажлын байр нэмэгдэнэ гэж тайвширч болох талтай. Гэтэл хятадууд боловсруулах технологио өөрсдөө хариуцна гээд тэндээсээ технологичид авчирдаг юм байна. Монголчууд ачигч, угаагч гээд цалин багатай, хар ажил хийх төдийхөн. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ бага учраас төдийлөн олон хүн ажилладаггүй. Өнөөх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоё зорилготой үйлдвэрүүд байр, тоног төхөөрөмжөө түрээслээд нэг нэхийнээс 4000 төгрөгийн орлоготой сууж байна.

Ийм наймаа хятадуудад ч алдагдалгүй. Угаасаа тэндээ нэхий хамгийн багадаа 5200-6000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнээр авсан нэхийгээ зардал гаргаж боловсруулна. Боловсруулах зардал нь тэндээ 20 юань (7000 төгрөг)-иас багагүй Тэгвэл энд 400 төгрөгөөр авсан нэхийгээ 4000 төгрөгөөр боловсруулаад, хилээр татваргүй гаргачихсан нь ашигтай.

Энд бид хятадууд муухай, монголчуудыг ашиглаж байна гэж цоллосонгүй. Тэд л биднээс түүхий эд авдаг гол зах зээл учраас буруутгах ч аргагүй. Харин Монголын төр нэг л тогтоол гаргахад малчдыг үгүйрүүлж, хэдхэн үйлдвэрийн эздэд монцойгоод сууж байх боломжийг олгочихож байгаа нь харамсалтай.

Бид арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэртэй холбогдож нэхий боловсруулах түрээсийн үнэ судлахад 10-12 юань гэх нь ч байсан бол зарим нь үйлдвэртэй танилцсаны дараа үнэ хэлнэ гэцгээж байсан юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Орхон голыг аврахаар алтны компаниудыг зогсоолоо

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.

Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээнд дүгнэлт хийж голын бохирдлыг бууруулах үүрэг, чиглэл бүхий БОАЖЯ, УУЯ, МХЕГ, зарим ТББ-ын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулжээ

Орхон голын бохирдлыг арилгахаар шуурхай ажиллаж эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарбилэг, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн өнгөрсөн бямба гарагт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Орхоны хөндий там болж, олигарх компани хууль зөрчжээ

Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий хөндий, тал гэхээргүй болтлоо сүйтгэгдэж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй хэдэн метр өндөр болтол нь овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсаж байгаа дүр төрх биднийг угтав. Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд дөрвүүлэнд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө олгогджээ.

Урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх сэргэсэн “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу бүрдүүлэх ёстой ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал байх ёстой бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч 14 компанитай гэрээ байгуулан ажиллуулж, байгаль орчныг хамгийн ихээр сүйтгэж байгаатай газар дээр нь танилцсан юм. Тус компанийн MV00002427 лицензийн дугаартай, 2000 оны долоодугаар сарын 10-нд олгогдсон, 2030 оны долоодугаар сарын 10-нд ашиглалтын хугацаа нь дуусах 173.11 га талбай бүхий Шийртийн салааны газар нутаг тэр чигтээ эвдэгджээ.

Тус салаанаас урсаж, Орхон голын эхийг бүрдүүлдэг Шийрт гол уг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, улаан шороогоор урссанаас Орхон гол 200 гаруй километр газарт улаан, шар шороогоор урсаж байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байгаа юм. Шийртийн голд голын эх бүрэлдэх газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох нь битгий хэл тус голоос удаа дараа шороо олборлож, алт олборлохоор угаасан шорооны бохир усаа тус голд шууд нийлүүлж байсан юм. Тэгээд зогсохгүй Шийртийн салааны ойн бүсэд тулган олборлолт хийж, техник, хэрэгслүүдээ ойн захад байрлуулан ажиллаж байв. Шийртийн хөндийг мал бэлчих битгий хэл хүн явахын аргагүй болтол нь сэндийчиж, алт олборлож байгаа ч нэг ч метр газарт нөхөн сэргээлт хийгээгүй, бохирын тунгааруурыг горимын дагуу байгуулаагүй, туслан гүйцэтгэгч 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх мөртлөө шороо угаадаг 47 ширхэг буу тус компанийн эзэмшлийн талбайд байсан юм.

Энэ үеэр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-“Монгол газар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгааг та мэдэж байгаа юу. Гэрээт компаниудынхаа үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгүүлэхэд та яагаад анхаараагүй юм бэ?

-Орхон голын бохирдолд тодорхой хэмжээгээр буруутайгаа мэдэж байна. Дээр нь байгалийн даьагдашгүй хүчин зүйл болох бороо хур ихтэй жил болж байна. Үүнээс үүдэн ажилчдын барьсан далан шуудуу сэтрэх, бохир халих асуудал гарч байгааг ойлгоорой.

-Танай компани ашиглалтын лиценз эзэмшдэг ч энд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авахын тулд ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал хийлгэх ёстой зүйлсээ хийлгээгүй олборлолт хийж байгаа юм байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-ТЭЗҮ-г холбогдох газруудаас баталж өгөхгүй байна. Бид батлуулахаар явсан ч УИХ-ын сонгууль өнгөрөөгөөд баталж өгье гэсэн. Тэгээд л шинэ засаг бүрдээд одоо энд ажиллагаа болж байна. Бид орон нутгийн удирдлагуудтай ярилцаад орон нутгийн төсөвт 180 гаруй сая төгрөг байршуулаад үйл ажиллагаагаа эхэлж байсан. Хуулиараа бол орон нутгийн төсөвт мөнгө байршуулдаггүй юм байна л даа. Одоо дараагийн арга хэмжээгээ авна.

-Нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй, дээр нь ойн санд тулгаж олборлолт хийж байгаа тухайдаа та ямар тайлбар өгөх вэ?

-Нөхөн сэргээлт бид хийнэ. Өмнө нь ч хийж л байсан. Улсын төсөвд бид маш их хэмжээний орлого төвлөрүүлж явсан. Ойн санд тулгаж олборлолт хийж байгаагаа өнөөдрөөс зогсооно.

-Таны эзэмшлийн талбайд одоо хэчнээн хэмжээний алтны нөөц байгаа вэ?

-400 кг орчим байгаа.

-Ашиглалтын хугацаа хэзээ дуусах вэ. Таныг туслан гүйцэтгэгч компаниуд ажиллуулж, нөхөн сэргээлт хийхээс зугтаж байгаа гэж хардаж байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг танай компани хариуцах уу?

-Одоо ашиглалтын 20-иод жилийн хугацаа үлдсэн. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг бид хариуцна.

Орхон голын эхэнд 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож байна

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд лиценз эзэмшигч хийгээд туслан гүйцэтгэгч 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож, тус нутагт амьдарч байна. Уурханй ажилтнуудын төлөөлөл болон орон нутгийн малчин иргэдтэй БОАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгч, албаныхан Орхон голын бохирдлыг арилгахын тулд хэрхэн ажиллах талаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр зарим иргэн, уурхайн ажилтны сэтгэгдлийг сонслоо.

Орхон багийн малчин Н.Дамдинпүрэв:“Цэнхэр сумын нутгийн иргэд болоод малчдын хувьд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Орхон багийн хөндийг том том техник, хэрэгслээр ухаж, төнхөөд хүн, мал битгий хэл машин унасан ч эргэж гарахааргүй нүх болоод хоцорлоо. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийнэ гэж үйл ажиллагааг эхлүүлсэн гэнэ лээ. Нэг нь ч хийгээгүй. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь ч худлаа. Орхон голыг бохирдуулж, найман аймгийн 53 сумын иргэд, мал, амьтныг хордуулчихаад “Бороо их орсны улмаас үерийн ус урсаад Орхон голын өнгө хувирсан. Бидний буруу биш” гэж байна лээ. Хэрвээ тийм юм бол бусад гол Шийртийн амнаас урсаж байгаа шиг улаан шараар урсахгүй яасан юм бэ. Бусад голын загас, жараахай үхэхгүй яасан юм бэ. Малчид битгий хэл мал бэлчих талбайгүй болтол цөлмөлөө. Төр засаг гэж байдаг бол бүгдийнх нь эрхийг цуцал” гэв.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн н.Долгор-Өлзий:

“Орхон голыг бохирдуулагч алтны компаниудтай бид хатуу тэмцэнэ. Бохирдлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нэхэмжлэл гаргана. Бид удаа дараа эдгээр компанийн удирдлагуудтай уулзахыг оролдсон ч зугтаад нэг нь ч уулзаагүй. Тэгсэн атлаа сайд, УИХ-ын гишүүд ирлээ гэхээр ирчихсэн явж байна гэнэ. Гол бохирдууллаа гэхэд “Энэ уснаас уугаад нэг ч хүн, мал хордож үхээгүй байна” гэж биднийг загнаж байна лээ. Бодит байдал дээр нутгийн иргэд ундны усаа өөр газраас зөөж хэрэглэж байна. Малаа ч өөр булаг, шанд бараадуулж байна. Энэ байгаль дэлхий, үй олноороо үхэж байгаа загас, жараахай, амьтад хэлтэй байсан бол та нарт их юм хэлэх байсан байх. Зөвхөн Архангай аймгийн иргэд ч биш Өвөрхангайн иргэд ч эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэв.

“10 ой” компанийн ажилтан Б.Цэцэгдарь:

Алт олборлогч компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий сүйтгэгдэж, Орхон гол бохирдож байгаа нь үнэн. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулчихаад нөхөн сэргээлт хийнэ. Орхон голыг бүгд бохирдуулаагүйг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бараг бүгд техник, машин механизм зээлээр авсан, ажилчдынхаа цалинг өгөх гээд банкинд өртэй байгаа. Ажилчин бүр ар гэртэй, бас банкинд өртэй, амьдралаа өөд нь татах гэж л энд ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Цалингаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгөхийн тулд гэртээ харилгүй өчнөөн сар болж байгаа хүмүүс ч энэ дунд бий. Энд ажиллаж байгаа 1300 гаруй ажилчдын эрх ашгийг, ар гэрийнхнийг бас бодолцож үзээсэй. Тийм болохоор аль аль талыг нь харгалзан үзэж, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Орхон голын эх бүрдэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

Нутгийн иргэд, уурхайчидтай хэлэлцүүлэг өрнүүлсэний эцэст, Ажлын хэсгийнхэн болоод БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд тэргүүтэй албаныхан “Монгол алт” компанийг ТЭЗҮ болон Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт үйл ажиллагаа явуулахаасаа өмнө заавал бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг бичиг баримт, нөхөн сэргээлт хийх барьцаа хөрөнгөө байршуулах, Шийртийн хөндийд үйл ажиллагаа явуулахдаа гаргасан бүх алдаа дутагдлаа засаж, бохирын тунгаагуур, нуур гэх мэтийг горимын дагуу байгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байгааг мэдэгдсэн юм.


Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ?

-УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад зүйлтэй газар дээр нь танилцлаа. Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр Орхон голыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна.

Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна. Дөрөвдүгээр, одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна.

Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг. Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтыг бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой.

-Одоогоор ямар хариуцлага хүлээх вэ. Үйл ажиллагааг нь зогсоосноор Орхон голын бохирдол арилж, хохирол барагдахгүй

-Уул уурхайн салбар, түүний ашиглалттай холбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо удахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуулбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр хариуцлагагүй уул уурхай гэж байхаа болино.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ?

-Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд ажиллана. Ирэх даваа гарагаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу.

Categories
гадаад мэдээ

В.Путин, Р.Т.Эрдагон нар “Их-20”-ийн уулзалтаар харилцаагаа сэргээх талаар ярилцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Туркийн Ерөнхийлөгч Ресийп Таип Эрдоган нар бүтэн сайнд болсон “Их-20” уулзалтын үеэр Сири улстай холбоотой ээдрээтэй асуудлуудын талаар хоёр талын санаа бодлыг солилцжээ. Мөн өнгөрсөн хугацаанд сэв суугаад байсан хоёр орны харилцааг сэргээх талаар ч ярилсан байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Хятадууд Б.Обамаг тосож авахдаа алдаа гаргажээ

Хятадын Ханьжоу хотод болж өнгөрсөн Их 20-ын уулзалтад ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал тийм ч таатай уур амьсгалтай байсангүй.

Онгоцноос буухаасаа эхлээд ямар нэг асуудалтай тулгарч байсан нь санамсаргүй зүйл байв уу, эсвэл Өмнөд Хятадын тэнгист дайсагналцаж байгаа хоёр их гүрний хоорондын зөрчлийн илрэл байв уу гэдгийг хэлэхэд хэцүү байна.

Тухайлбал Обамагийн онгоц Ханьжоуд газардахад Хятадын талаас тусгай шат угтаж авсангүй. Эцэст нь Обама онгоцныхоо сүүл хэсгийн хаалгаар эвхдэг шатаар бууж иржээ. Мөн Их 20­-ын төрийн тэргүүн бүрийг улаан хивсэн дээр тосож байсан бол ганц Обамаг бетонон талбай дээгүүр алхуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эсэргүүцэн жагсана

Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эсэргүүцэж УИХ-ын дарга М.Энхболдод бичиг хүргүүлэхээр цуглах юм байна. УИХ-ын гишүүн Б.Батзориг нь өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд эрх мэдэл албан тушаалаа ашиглан нэр бүхий иргэдийн газрыг дээрэмдсэн гэх асуудлаар бичиг хүргүүлэх аж. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Батдэлгэрээр итгэмжлүүлсэн 100 орчим иргэд өөрсдийн эзэмшлийн газраа алдсан учир ийн тэмцэж байгаа бөгөөд УИХ-ын дарга бичгийг нь хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгджээ.