Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ

Ховд аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ зурган илэрцүүдЕрөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Ховд аймгийн Цагдаагийн газрын 90жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Иргэдийн энх амгалан амьдралын баталгааг хангах, нийгмийн хэв журмын сахиулах үйлсэд мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Ховд аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр гардуулж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Элгээ хөштөл инээхийг хүсвэл…

Жийнсэн яак, араб алчуураа зүүн байдгаараа гоёчхоод энэ тэмцээнийг бөөнөөрөө үзэхээр явдаг байснаа жүжигчин С.Болд-Эрдэнэ дурсжээ.

1990-ээд оны хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл байсан “Одод болохын хүслэн” тэмцээнд жинхэнэ “од” болсон “Камертон”, “Номинталст” зэрэг хамтлаг дуучид оролцож байсан гэдэг.

Харин тухайн үед хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч сэтгэлдээ одод болох хүслэнтэй явдаг залуус одоо ч бий.

Тэдний “нэг” авьяаслаг залуус өөрсдийн шинэ уран бүтээл “ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН” инээдмийн уран сайхны киногоороо үзэгч тантай уулзах гэж байна. Энэхүү киноноос тэд биелүүлж чадаагүй мөрөөдлийнхөө төлөө хэрхэн хичээн зүтгэж, бүхнээ зориулан зорилгодоо хүрч байгааг үзэх болно.

Гол дүрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын Батаа, Шагай, Эрхэмээ гурав тоглосон бөгөөд тэд дахин нэгдэж, шив шинэ стиль имижтэйгээр фэнүүдтэйгээ уулзах болно. Түүнчлэн жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тогложээ.

“Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ. Мөн кино зохиолыг “Аав” киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна.

Мөн продюсераар Г.Гантуяа зураглаачаар Б.Баатар, зураачаар Ц.Хүрэлбаатар нар ажиллажээ.

Элгээ хөштөл инээж, дурсамжаа сэргээхийг хүсвэл 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс дэлгэцнээ гарч эхлэх “Одод болохын хүслэн” УСК-г зориорой!

Categories
мэдээ нийгэм

“Шарилжгүй Улаанбаатар”аяны хүрээнд 228 га талбайн зэрлэг ургамлыг устгажээ

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг өнгөрсөн наймдугаар сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгажээ. Тухайлбал, Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8 500 хүн оролцож хаджээ. Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны тавдугаар сард хоёр дахь аян эхлэх ажээ.


Categories
мэдээ улс-төр

МАН бүлгийн дэд дарга нараа томиллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар МАН-ын бүлгийн дэд дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцээд, Я.Содбаатар, Д.Саранчимэг нарыг томилсон байна. Мөн бүлгийн хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн тодотгол, Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Categories
мэдээ спорт

“Чингис Хаан Кап-2016” тэмцээн нөгөөдөр эхлэнэ

Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан Кап-2016” тэмцээн нөгөөдөр буюу есдүгээр сарын 7-нд эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд БНАСАУ-н шигшээ баг, БНСУ-ын лигийн баг, ОХУ-н Буриад улсын шигшээ баг, Хятадын Хөх хотын их сургуулийн шигшээ баг гэсэн дөрвөн орны баг уригдан ирээд байна. Манай улсаас Үндэсний I, II шигшээ багууд болон залуучуудын I, II шигшээ гэсэн найман баг өрсөлдөх юм.

БНАСАУ-н сагсан бөмбөгийн шигшээ баг манай оронд 12 тамирчин, гурван дасгалжуулагч, гурван албаны хүн, нэг шүүгч гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өчигдөр манай оронд хүрэлцэн ирлээ.

Өнгөрсөн жилийн “Чингис Хаан Кап” тэмцээнд мөнгөн медаль хүртсэн багийн бүрэлдэхүүнээс хоёр тоглогч өөрчлөгдөж, үндсэн бүрэлдэхүүн хэвээрээ хүрэлцэн иржээ. Мөн “Чингис Хаан Кап-2016” тэмцэээд хоёр Солонгосын сагсан бөмбөгийн багууд, 2010 оны Гуанжугийн Азийн наадмаас хойш анх удаагаа манай улсад учраа тааран тоглох юм.

Дашрамд хэлэхэд Өмнөд Солонгосын лигийн баг болон Буриад улсын шигшээ багууд маргааш хүрэлцэн ирэх бол БНХАУ-н Хөх хотын шигшээ баг өнөөдөр манай оронд ирэх аж.Монгол Улсын залуучуудын шигшээгийн хувьд энэ жилийн тэмцээнд хоёр баг бүрдүүлж орж байгаа юм. “Чингис Хаан Кап-2016” тэмцээн есдүгээр сарын 7-оос 11-ний хооронд, 14.00 цагаас Спортын төв ордонд явагдах ажээ.

Categories
мэдээ улс-төр

“Богд хаан” төмөр зам, ложистикийн төв төслийн талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецовтой уулзлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улстай 20 гаруй жил хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгааг ноён Виталий Кузнецов онцлоод хоёр долоо хоногийн өмнө тус банкны хотын дэд бүтэц хариуцсан банкир Улаанбаатар хотод ирж, Монголын төлөөллүүдтэй уулзсныг хэллээ. Харин энэ удаад тээвэр хариуцсан банкирын хувьд ирсэн гэлээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын урдуур тавихаар төлөвлөсөн “”Богд хаан” төмөр зам, Улаанбаатар ложистикийн төв болон хатуу хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх төслийн талаар ярилцлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецов “Бидний хувьд Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын зүгээс тэргүүлэх чиглэл болгож ирсэн “Богд хаан” төмөр зам, ложистикийн төв гэсэн хоёр төслийг хөгжлийн хувьд ч эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй, хэрэгцээтэй төсөл гэж үзэж байгаа. Харин хэрэгжүүлэх том баг хэрэгтэй гэж харж байна. Танай хотын хувьд энэ төслүүдийг цааш нь хэрэгжүүлэх тал дээр ямар байр суурьтай байгааг сонсмоор байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хэлэхдээ “”Богд хаан төмөр зам” төсөл эдийн засаг, стратегийн хувьд чухал учраас бид цааш үргэлжүүлэхийн төлөө ажиллана. Ложистикийн төвийн ажлыг ч ургашлуулна. Иргэдийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрүүдийг бид үргэлжлүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Энэ сарын сүүлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч Улаанбаатар хотод айлчлах болсныг ноён Виталий Кузнецов дуулгаад энэхүү уулзалт маш үр дүнтэй болсныг онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцсон тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразил улсын Рио де Женеро хотноо зохиогдсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Мөн “Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд, хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнаран болоод чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогбаяр нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медаль хүртсэн Отгондалай нарт баяр хүргэж цаашдын спортын тэмцээнүүдэд нь амжилт хүслээ. Мөн олимпийн медальтангуудад Ерөнхийлөгчийн зүгээс дурсгалын бугуйн цаг зүүж өглөө.

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран болоод дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөхийлөгч Ц.Элбэгдорж “Та гурвын болсон үйл явдлыг бүгд мэдэж байгаа. Тийм учраас тайлбар хийх шаардлагагүй. Миний хувьд шудрага бус зүйл, хуйвалдаан, авлигалтай монгол хүн хаана ч тэмцэх хэрэгтэй. Монгол Улсын нэр төрийг хамгаалж, нэрийг нь сайнаар гаргахын төлөө тэмцэх хэрэгтэй. Хоёр дасгалжуулагчийн тэр үед гаргасан үйлдэл шудрага бус зүйлийн төлөө тэмцсэн гэж харж байгаа. Та бүхний үйлдэлийг зөв гэж бодож байна. Цаашдаа бөхийн шүүлт, шудрага бус зүйлээс салж спорт хөгжинө. Үнэхээр л ялсан нь ялдаг, ялагдсан нь ялагддаг л байх хэрэгтэй. Олимп гэдэг бол хүн төрөлхтний маш том ололт юм. Ийм учраас энэ ололт муу зүйлээс хол байх ёстой. Хоёр дасгалжуулагчийн тэмцэл биш энэ бол Монгол Улсын тэмцэл байсан. Цаашдаа Г.Мандахнаран маань чөлөөт бөхийн спортоор илүү сайн амжилт гаргахыг ерөөе” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээн авч, уулзсан бичлэгийг хүргэж байна.


Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

МАН-ын бүлэг 2016 зурган илэрцүүд

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон боловч хуралдахгүй байсаар дөнгөж сая эхэлжээ. Өнөөдрийн хурлаар төсвийн тодотгол болоод Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавьсан талаар хэлэлцэх юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хориг тавьсан УИХ-ын 26-р тогтоолд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай асуудал багтаж байгаа юм. МАН-ын бүлгийн хурал оройтож эхэлсэн шалтгаан нь өнөөдөр өглөө тус намын Удирдах зөвлөл хуралдаж, төсвийн тодотгол, бүлгийн дэд даргын асуудал зэргийг хэлэлцсэнтэй холбоотой ажээ.

Categories
мэдээ улс-төр

Итали улстай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллана

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Итали улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд өнгөрөгч наймдугаар сард Итали улсын төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас хохирсонд хувиасаа болон парламентын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

Мөн тэрээр, “Итали улстай тогтоосон харилцаанд манай улс өндөр ач холбогдол өгч, гуравдагч хөршийн нэг хэмээн үздэг. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Итали улсад хийсэн айлчлал, мөн Италийн Сенатын Ерөнхийлөгч Пиерто Грассогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал үүний тод илэрхийлэл болсон төдийгүй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдолтой байсан. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын уялдаа холбоо чухал үүрэгтэй” хэмээн онцлоод УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэв.

Итали улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон бөгөөд Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит хуралдааныг ойрын үед хийх чиглэлээр ажиллах, энэ хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох хэрэгтэй байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Мөн хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжтой хэмээгээд бизнес эрхлэгчдийг дэмжих, тухайлбал, хөнгөн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүслээ.

Итали улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци УИХ-ын даргыг найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Итали улс өөрийн Элчин сайдын яамаа Монгол Улсад нээхийг олон жил хүссэн хэмээгээд хоёр орны харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Тэрээр, Монгол Улсын хөгжил дэвшил хурдацтай байгаагийн зэрэгцээ бүтээн байгуулалтын ид үедээ явж байгааг дурдаад Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах эдийн засгийн коридор, дэд бүтцийн салбарт Итали Улс хамтран ажиллах боломжтой хэмээн хэлэв. Мөн Итали улс арьс шир боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд Монгол Улстай энэ салбарт хамтран ажиллах сонирхол байгааг тэмдэглэсэн.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Итали Улсын Сенатын танхимын гишүүн Бартоломео Пепе, Итали Улсын Сенатын танхимын гишүүн асан Даниел Тото, Гианфранко Конте болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ц.элбэгдорж чуулган зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах…” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.

Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.