Categories
мэдээ улс-төр

Татвар нэмэх төслөө эргүүлэн татжээ

Улсын Их Их хурал дахь МАН-ын бүлэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхгүй байхаар шийджээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар татвар нэмэх төслүүдээ эргүүлэн татахаар боллоо.

Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Ж.Мөнхбат мэдээлэл хийж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Австралийн Элчин сайд Жон Лангтри: Экспортыг бодохоосоо өмнө дотоодынхоо бизнес эрхлэх соёл, зан үйлээ сайн бодох хэрэгтэй

Монгол дахь хөрөнгө оруулалтын чуулган хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн чуулганд Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд оролцсон юм. Энэ үеэр Австралийн Элчин сайд Жон Лангтри “Экспортыг бодохоос өмнө дотоодынхоо бизнес эрхлэх соёл зан үйлээ сайн бодох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг яаж төлөвшүүлэх вэ гэдэг тал дээр сайн анхаарах нь чухал. Доороосоо хөгжөөд явбал чанарлаг, органик экспорт бий болох боломжтой” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр “АСЕМ-ын тухайд хоёр зүйл хэлж болно. Олон чиглэлээр хямрал явагдаж байгаа энэ үед монголчууд энэхүү уулзалтыг сайн зохион байгуулсан. Гэхдээ АСЕМ-аар том шийдвэрүүд гардаггүй. Олон улсад монголчууд иймэрхүү том хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулж чаддаг юм байна, нэгдэж чаддаг юм байна гэдгээ харууллаа. Ид шид гэж байдаггүй, ажил ямагт байдаг гэдгийг санах хэрэгтэй. Санхүүгийн асуудал нь шийдэгдээгүй мега төслүүдээ ярихаас илүүтэй наагуурх бусад зүйлсээ яримаар байна. Олон улсын стандартыг яв цав баримталж түүнийг Монголд нутагшуулахад төрийн оролцоо маш чухал” гэсэн юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар хэлэлцлээ

Улсын Онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа өнөөдөр буюу есдүгээр сарын 6-нд хийлээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Салбарын яам малчдын дулаан хувцас, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна. Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байгаа бөгөөд цаг агаарын хүндрэлтэй үед олон улс болон улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах “Шуурхай ажлын хэсэг”, “Байгалийн гамшиг болон аюулт үзэгдэл, түүнээс шалтгаалан замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд зам тээврийн осол, гэмтлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, учирсан хор аюулыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах Ажлын хэсэг” байгуулжээ.

Холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл хангах талаархи Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов. Гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжинд аймаг, нийслэлийн Онцгой комиссын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тохиолдолд хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тайлангаа ирүүлсний дараа Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах хүсэлтээ санхүүгийн баримтуудын хамт ирүүлж байхыг үүрэг болголоо.

Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа.

Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөхзэргээр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангуулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулахыг уриалах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулахыг үүрэг болголоо.

Шүлхий, цэцэг зэрэг хүнд халдварладаггүй өвчний зэрэглэлийг бууруулах асуудлыг судлаж танилцуулах, мал сүргээ угаалга, тарилга, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаагүй малчид, иргэдэд тооцох хариуцлагыг чангатгах санал боловсруулах, отроор өвөлжих, хаваржих өрх, малчид, малын тоо толгойг бодитой гаргаж, бэлчээрийн даацад тулгуурлан тогтоох зэрэг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.

Зам, давааг цасанд боогдохоос сэргийлэх, улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад, зарим аймагт үүссэн эрчим хүчний санхүүжилт, өр, авлагыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхийг Эрчим хүчний сайдад, отроор өвөлжих малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн судалгааг гаргах, эмч, сувилагч, ажилтнуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, түргэн тусламжийн машин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд эмнэлгийн шуурхай албаны нэг автомашин хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад, гол салбаруудад нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайдад, Дүнжингарав орон сууцны хорооллын дундуур дайран өнгөрдөг Ф500 мм-ийн голчтой 150 м урт хэсгийн барилга угсралтын ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Зарим нэг татварыг эргэн харахаар болжээ

Засгийн газраас боловсруулсан төсвийн тодотгол, төсвийн хүрээний хүрээний мэдэгдэл хийгээд эдийн засгийн хэмнэлтийн бодлого олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ-ын ээлжит бус чуулганаас гаргах шийдвэрийг чих тавин анхаарч буй яг энэ мөчид эрх баригч намынхан болоод Засгийн газрын кабинет гаргасан шийдвэрээ эргэн харахаар болсон гэсэн мэдээлэл байна.

Яг одоо хуралдаж буй Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-д суудалтай хоёр намын бүлэг хуралдах юм байна. Уг хурлаараа бүлгүүд зарим татварын шатлалд өөрчлөлт оруулах, татварын хувь хэмжээг илүү нарийвчлалтай тогтоох талаар ярилцаж байгаа бололтой. Чухам ямар шийдвэрт хүрснээ өнөөдөртөө багтаан олон нийтэд мэдээлэх ажээ.

Categories
мэдээ спорт

Монголын тулаанчид Японы “Deep” холбоотой хамтран ажиллана

tulaanАнх 2009 онд үүд хаалгаа нээж байсан Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон байна. Монголд тулааны урлагийг сурталчилах их үйлсийг бие даан хэрэгжүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон арван тулаанчийг төрүүлэн гаргасан холбооны хамт олон өнгөрсөн 8 сард ММА-ийн хамгийн том төлөөллүүдийн нэг болсон Япон улсын DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 9 сарын 24-нд Монгол бөхийн өргөөнөө 7-ын эсрэг 7 Монгол Японы хамтарсан тулааны томоохон тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болсон юм. Тулаанд Монголын талаас Алтанцэцэгийн Ууганбаяр, Төмөрхуягийн Ганбаяр, Цогоохүүгийн Амарсанаа, Баатарын Азжавхлан, Хүүхэнхүүгийн Амартүвшин, Отгонжаргалын Пүрэв, Мөнхгэрэлийн Баярмаа нар оролцоно.

Хамтарсан тулаанд анх удаа эмэгтэй тулаанч оролцохоор болсоноороо онцлог төдийгүй эх орондоо ийм төрлийн томоохон тэмцээнийг зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Тэмцээний өмнөх ранк ахиулах тулаанд манай улсын кикбоксын 4 тамирчин тулалдана. Уранбилэгийн Үүрийнцолмон,Ганбаатарын Мөнх-Од, Ганбатын Оюунболд, Р.Сүхмягмар нар хоорондоо чансаа ахиулах тулаан өрнүүлэх бол ММА-ийн шилдэг гэсэн тамирчид маань арлын япончуудын эсрэг тулалдах юм.

Монголын MGL-1 холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш жил бүр уламжлал болгон файтингийн тэмцээн уралдааныг тасралтгүй зохион байгуулж байсан бол 2016 оны хувьд ийнхүү Япон улстай хамтран томоохон тэмцээн өрнүүлэх гэж байна. Монгол хүний дайнч тулаанч чанарыг харуулсан жинхэнэ гал гарсан тулааныг 9 сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж үзэх боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Такинори ШИМИЗҮ: Хөрөнгө оруулагчид бидэнд юу өгөх вэ гэж асуухаасаа өмнө хөрөнгө оруулагчдад юу хийж өгөх вэ гэдгээ бодох хэрэгтэй

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулган хоёр дахь өдрөө “Шангрилла Молл”-д явагдаж байна. Өнөөдөр 12 цагт Монголд суугаа Элчин сайдууд оролцон Монгол дахь хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцлоо. Модератороор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ажиллалаа. Хэлэлцүүлэгт ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович, Өмнөд Солонгосын Элчин сайд Осунг, Японы Элчин сайд Такинори Шимизү, ХБНГУ-ын Элчин сайд Стефан Дуфел, Канадын Элчин сайд Эд Жагер, Австралийн Элчин сайд Жон Лантри нар оролцлоо. Ингээд Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такинори Шимизүгийн хэлсэн үгийг хүргэе.


-Өнөөдрийн энэ уулзалтад гадаадын хөрөнгө оруулагчид цөөхөн ирсэн байна. Монголчуудын нэг анхаарах зүйл бол гаднын хөрөнгө оруулагчдыг татахын талд байгуулсан гэрээгээ хүндэтгэж үзэх хэрэгтэй. Тендерийн хугацаа болон нөхцөлүүдээ батлагдсаны дараа өөрчилж, нааш цааш болгодгоо болих хэрэгтэй. Мөн Монголд аливаа зүйлийг хийхэд улс төрчдийн дарамт их орж ирдэг. Энэ нь бизнесийн орчинг их хүндрүүлдэг. Тиймээс энэ оролцоогоо багасгах хэрэгтэй гэж би зөвлөж байна. Дөрвөн жилийн хугацаанд төрийн албан хаагчдын халаа солио хийгддэг. Энэ нь их ойр ойрхон болж байна. Манай Японд төрийн албан хаагчид нь тогтвор суурьшилтай ажилладаг. Энэ маш чухал. Энэ хөрөнгө оруулалтын чуулгаар дамжуулаад экспортоо үлэмж нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Гаднын хөрөнгө оруулагчид бидэнд юу хийж өгөх вэ гэж асуугаад байхаасаа илүү хөрөнгө оруулагчдад бид юу хийж өгөх вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах гэрээ заалт гэж байгаа. Түүнийгээ сайн унших хэрэгтэй. Монголд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал тулгараад байна. Монголчууд өөрсдөө чармайвал япончууд туслах дуртай байдаг. Төсвөө өсгөх хэрэгтэй гээд л яриад байдаг. Гэтэл зардлаа яаж багасгах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өвчин тусвал хүн эмчид ханддаг биз дээ. Түүнтэй адилхан хүндрэлтэй эдийн засгийн шийдлийн асуудал дээрээ Японы мэргэжилтнүүдийн үгийг сонсоосой гэж хүсч байна.
Монголын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд Япон улстай хамтран ажиллаж байгаа. Ноос ноолууран бүтээгдэхүүний татвар 11 хувь байсан. Хоёр улс хамтран ажилласны үр дүнд энэ татварыг байхгүй болгосноор томоохон дөхөм болсон. Чацарганын хувьд Японы зах зээлд нэвтэрчихлээ. Цаашдаа япончууд Монголын зөгийн балыг их сонирхож байгаа. Тиймээс өөрийн эдийн засгаа таньж мэдэх нь чухал юм. Япончууд боломжит бараа бүтээгдэхүүнийг хайж байгаа ч чанар тал дээр нь их анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн гэрээний үр дүнг хэдхэн сард шууд харах боломжгүй. Урт хугацаанд бол болно.
Тэмдэглэсэн: О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Солонгосын долоо хоног” өнөөдөр эхэлнэ

БНСУ-ын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд зориулж “Солонгосын долоо хоног-2016” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6-12-нд зохион байгуулах болжээ. Тус арга хэмжээ өнөөдөр 17.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд зохион байгуулагдах загварын шоугаар эхэлнэ. Шоуны үеэр ханбуг, дээл, ноолууран бүтээгдэхүүний загварын дээжээс сонирхуулах бол маргааш “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм байна.

Мөн энэ хүрээнд таевандогийн үзүүлбэр, Солонгос хоолны фестиваль, Ким Чан Ваны хамтлагийн тоглолт, Бадүг даамны тэмцээн зэрэг үйл ажиллагаанууд энэ сарын 12-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээний талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун арга хэмжээний талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “БНСУ-ын ЭСЯ шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр сар болж байна. Уг байрандаа бид Консулын хэлтсээ ажиллуулж, БНСУ-ыг зорих виз хүсэх иргэдэд тухтай, таатай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Мөн шинэ байрны нээлтдээ зориулж, хоёр орны ард иргэдийн ойр дотно, найрсаг харилцааг улам ойртуулах зорилгоор Солонгосын соёл, урлаг, ахуй амьдралыг сурталчлан таниулах өдөрлөг зохиохоор бэлдлээ. Долоо хоног үргэлжлэх уг өдөрлөгийн хүрээнд Монгол, Солонгосын хамтарсан үндэсний хувцасны загварын шоу, Монгол орны байгалийн сайхныг харуулсан Солонгос гэрэл зурагчны үзэсгэлэн, таеквондогийн үзүүлэн тоглолт, солонгос хоолны фестивал, урлаг соёлын тоглолт, бадүг даамны тэмцээн зэргийг зохион байгуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Байлдагч өөрийгөө буудаж, хүнд гэмтжээ

Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний байлдагч өөрийгөө буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 03-ны өдөр Зэвсэгт хүчний 119 ангид алба хааж байсан 21 настай байлдагч Д манаанд гарч байх үедээ “АКМ” маркийн буугаар өөрийгөө эрүүн доороосоо буудан хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэрээр хэргийн талаар хэлэхдээ “Санаандгүй байдлаар сум алдаж, өөрийгөө гэмтээсэн” гэж мэдүүлжээ. Харин зарим эх сурвалж түүнийг амиа хорлохыг завдсан бөгөөд гэрээслэл хүртэл үлдээсэн байсан гэж мэдээлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөл нууранд амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд таван хүн завьтай яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас амиа алдсан таван иргэний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олон нийтийг цочирдуулаад байна. Хэрэг болсон өдөр эзэнгүй шахуу байсан Хөвсгөл нуурын хөвөөнд моторт завины чимээ нутгийн иргэдэд тод сонсогджээ. Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багасдаг аж.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар нууранд явж байсан завь гэнэт хамраа дээшээ босгож, тэр дороо хөмөрч, дээр нь сууж явсан иргэд аюултай байдалд оржээ. Ойр орчмын хүмүүс завь гарган очсон боловч тэднийг аварч чадаагүй байна.

Харамсалтайгаар амиа алдсан таван иргэн садан төрлүүд байсан аж. Эдгээр амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн мэдээллүүд хэвлэлээр цацагдсан. Мөн уг хэрэг явдал юунаас болсон шалтгааныг тодруулж, үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс манай сонины сэтгүүлч Д.Даваасүрэн хэрэг болсон газар руу очиж, нутгийн ард иргэдтэй уулзаж, цуврал сурвалжлага бэлтгэж ирсэн юм.

Энэхүү сурвалжлага “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн байгаа. Цуврал сурвалжлагын үргэлжлэлийг маргаашийн дугаарт мөн хүргэх болно.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Дорнодод малын гоц халдварт өвчин гарлаа

boomДорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Э-гийн бог малд боомын шинж тэмдэг илэрснээр өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд боом өвчин мөн болох нь тогтоогджээ. Одоогоор холбогдох байгууллагууд халдвартай бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ойр хавийн мал сүрэгт дархлаажуулалт явуулж, хорио цээр тогтоогоод байна. Өчигдөр оройноос аймгийн Төв рүү орж гарах зам дээр хяналтын постууд ажиллаж эхэлжээ.