Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэнг огцруулах асуудал яригдаж эхэлжээ

УИХ-ын ээлжит бус
чуулганаар засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол
хэлэлцэж буй энэ чухал цаг үед Сангийн сайдын хэлсэн ярьсан бүхэн олны
анхаарлын төвд буй. Тухайлахад, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих
байсан хамтын тэтгэврийн хуулийг засгийн газраас төсвийн хэмнэлтийн хүрээнд
буцаахаар оруулж ирсэн. Эл үндэслэлээ Сангийн сайд тайлбарлахдаа “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль
шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон
хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх
санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг
хүчингүй болгох санал оруулж ирсэн” тайлбар өгсөн нь олны гайхширлыг
төрүүлээд байгаа юм.

Хамтын тэтгэврийг олгож эхэлснээр нийгмийн
даатгалаа насаараа төлсөн ч тэтгэвэртээ гараад удалгүй нас барсан ахмадын ар
гэрийнхэнд нь талийгаачийн тэтгэврийг олгох байсан юм. Харин энэ зохицуулалтаас
ахмадууд татгалзсан гэж Сангийн сайдын тайлбар хийсэн нь сошиол ертөнцөд хүчтэй
түгсэн юм.

Сангийн сайдын уг
тайлбарын талаар МАН-ын гишүүдээс тодруулахад “УИХ-ын
гишүүн байхдаа юу ч дуугардаггүй байсан Б.Чойжилсүрэн сайд болсон хойноо гэнэт
хэлд орж байгаа нялх хүүхдээс ч дор юм ярьж, намын нэр хүндийг
хөлдөө чирч байна. Хэлсэн ярьсандаа дандаа ороогдох юм” хэмээн бухимдлаа
илэрхийлсэн юм. Түүгээр ч зогсохгүй цаашид Сангийн сайд Б.Чойжилсүрэнг энэ
мэтээр амны алдаа гаргаад байх юм бол огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй гэсэн
яриа ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд гарсан байна.

Categories
мэдээ спорт

Г.Гансаруул, Г.Угалзцэцэг нар Азийн аварга боллоо

Бодибилдинг, фитнессийн Азийн АШТ Бутан улсын Тимпу хотод үргэлжилж байна. 50 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын долоон тамирчин оролцож алтан медаль 2, мөнгөн медаль 1, хүрэл медаль 1, шагналт 4-р байр 1, шагналт 5-р байр нэг тус, тус эзэлжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн атлетик ангиллын 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул, ДАШТ-ий алтан медальт Г.Угалзцэцэг нар түрүүлж, Азийн аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн атлетик ангиллын төрөлд Д.Энх-Эрдэнэ мөнгөн медаль, Г.Жамц шагналт 4-р байр, Т.Чахар шагналт 5-р байр, Г.Цэнгэл 8-р байр эзэлсэн бол спорт ангиллын төрөлд Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.

Өнөөдөр ДАШТ-ний Мөнгө, ААШТ-ний хошой Хүрэл медальт, Монголын Мистер тамирчин Л.Баянхүү, УАШТ-ний Алтан медальт тамирчин А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг нар тэмцээндээ оролцох юм байна.

Categories
гадаад мэдээ

Хулсны баавгай “устах аюултай” ангиллаас “эмзэг” ангилалд шилжлээ

Хулсны баавгай зурган илэрцүүдХятадын ой модны захиргаа, Олон улсын байгаль хамгаалах нэгдэл, нэн ховордсон ан, амьтан үржүүлгийн газрын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд мөхлийн ирмэгт хүрээд байсан “Панда” буюу хулсны баавгайн төрөл зүйл аврагдсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

ОУБХН өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, “Панда” баавгайн тоо толгой нэмэгдэн “устах аюултай” ангиллаас дэвшиж “эмзэг” ангилалд шилжсэн болохыг зарласан байна.

Өнгөрсөн даваа гараг буюу есдүгээр сарын 5-нд Хятадын ой модны захиргаа дээрх ангиллын өөрчлөлт нь хэт эртэдсэн үйлдэл, аюул холдох болоогүй байгаа гэж тус улсын “Ардын өдрийн” сонинд мэдээлжээ.

Захиргааны мэдэгдэлд “хэрвээ бид ангиллыг бууруулж, авах арга хэмжээгээ багасгавал олсон амжилтаа даруй алдана” гэсэн байна.

Төв Хятадын хулсан ой шугуйд амьдрах “Панда” баавгай нь нэн ховордсон амьтан юм. 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Хятадын аварга хулсны баавгайг хамгаалах хүрээлэнд 454 тоо толгойг тэжээж байж. Хятад улсаас гадна бусад улсад 27 хулсны баавгайн амьтны хүрээлэнгүүдэд байдаг аж. Зэрлэг буюу байгальд байгаа тоог нарийвчлан тогтоож чадаагүй байгаа ба 1600-3000 орчим хэмээн таамаглаж байгаа юм.

Хулгайн ан болон ой шугуйн хорогдлоос болоод 1980-аад оны үед пандагийн тоо толгой мянга хүрэхгүй болоод байсан юм.

Бээжингийн зүгээс пандаг өсгөх төрөл бүрийн арга хэмжээг авсны дотор нөхөн үржих сонирхлыг нь өдөөх, тэр ч байтугай хэлийг нь судлах ажил ч багтаж байжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна

Бат-Өлзий суманд баригдаж байгаа хоёр давхар 75 хүүхдийн
цэцэрлэг

“Өдрийн сонин”-ы №200 (5465) дугаараас авч нийтлэв

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 75 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэж байна. Цэцэрлэгийн барилгын 70 гаруй хувийг гүйцэтгэгч компани бариад байна. Аравдугаар сарын 1-нд шинэ цэцэрлэг бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгын ажилтнууд цэцэрлэгийн барилгыг гэрээнд заасан хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр өглөөний нарнаас үдшийн бүрий болтол тасралтгүй ажиллаж байна лээ. Бат-Өлзий сумын хүн ам арван мянга хол давчихсан. Үүнийгээ дагаад төрөлт сүүлийн хэдэн жил хэд дахин нэмэгджээ. Иймээс сургууль цэцэрлэгийн хүрэлцээ толгой өвтгөсөн асуудал болж. Цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд Бат-Өлзий суманд бий. Хуучин болоод шинээр баригдсан хоёр цэцэрлэг уг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч нөхцөл байдалдаа тааруулаад 360 хүүхэд хүлээн авдаг байна. Гэсэн ч 400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг аж. “Дахиад шинээр цэцэрлэг барьж өгөөч” гэж улсад асуудал тавихаар “Танай суманд 450 сая төгрөгөөр 75 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн биз дээ. Бусад суманд цэцэрлэгийн хүрэлцээгүй хэцүү байхад юун дахиж цэцэрлэг барьж өгөх вэ” гээд тас загнаад буцаадаг байна. Сумын Засаг даргын Тамгын газрынхан өнгөрсөн жил нэгэн мэргэн санаа олжээ. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлж, хуш модны самарнаас 800 гаруй сая төгрөг босгож чаджээ. Самарнаас олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж буй нь энэ аж. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Бат-Өлзий сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. Замд хэдэн залуустай тааралдаж, самрын болц өнөө жил ямар байгаа талаар асууж тодрууллаа. Тэд хотоос Бат-Өлзий суманд самар түүхээр зорин ирээд гар хоосон буцаж байгаа талаараа ярив. Мөнгөншагай гэх залуу “Бат-Өлзий сумынхан самар түүх гээд ирсэн хүмүүсийг хавьтуулахгүй байна.

Замд тосч ирээд л “Төр нөхөрлөлийн байгаль хамгаалагч байна” гээд үнэмлэх тэмдэг үзүүлээд “Энд самар түүх хориотой. Байгаль орчны тухай хуульд аравдугаар сарын 15-наас эхлэн хуш модны самар түүхийг зөвшөөрдөг” гэсэн хуулийн заалт үзүүлээд хөөж туугаад байх юм. Хэдэн хоног хулгайгаар самар түүх гэж оролдлоо. Нутгийнхан нь газар нутгаа сайн мэддэг болохоор гаргаахгүй бариад авах юм. Сумын цагдаа нарт баригдаад явж байна. Архангай аймаг руу явж самар түүхээс” гэж ярив.

Хангайн нурууны зүүн урд хэсэг Орхон голын ай сав газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум оршино. Уул ус, ургамал тэгширсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий сайхан нутаг ажээ. Сумын төвийн баруун урд хэсгийн айлуудын хашааны цаанаас эхлээд л хуш модон ой нүргэлэн, өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан ногоон дэнж угтах юм. Сумын төвийн дундуур урсах Хүйтний булгийн эргээр хэдэн зуун сарлаг бэлчиж, айлууд гэрийнхээ гадаа утаа май тавьжээ. Харин сумын төвийн хойгуур эмжин мяралзан урсах Могойн голын эрэг дагаад адуу мал багширна. Айлуудын хашаанаас банз хадах, хөрөө раамны нүргэлсэн дуу тасралтгүй сонсогдох юм. Бат-Өлзий сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сумдын нэг. Айл болгон хашаандаа хоёр давхар байшин бариад шинэхэн зүссэн шаргал банзаар хашаагаа барьж, өнгө үзэмж дараад байсан хашааныхаа хаалгыг хээ угалзтай төмөр хаалгаар сольжээ. Бүр хашаандаа явган хүний зам тавиад, спортын талбай хийсэн айл ч олон байна лээ. Жаргаж буй нарны гэрэлд шинээр барьсан байшингуудын улаан, ногоон, цэнхэр дээвэр тодорч, айл болгоны амьдрал илтэд сайжирсан нь энэ бүгдээс тод харагдах ажээ. Засаг даргын Тамгын газрын намхан цагаан байшин, соёлын төвийн хөндлөн дүнзэн хүрэн байшингаас бусдыг шинээр барьсан байна лээ. Хоёр давхар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөл баригдаж ашиглалтад орсон байна. 2004 онд гурван мянга хүрэхгүй хүн амтай байсан Бат-Өлзий сумын иргэд өнөөдрийн байдлаар арван мянга хол давжээ. Сумын төвийнхөн нийслэл рүү нүүдэг байсан бол сүүлийн хэдэн жил нийслэл, ойр хавийн сумдаас айлууд нүүж ирэх болсон гэнэ.

“Намар хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бөөнюм болно шүү дээ”

Бат-Өлзий сумынхан самрын мөнгөөр баригдаж байгаа цэцэрлэгээ “Боргоцой” цэцэрлэг гээд хэдийнэ нэрлэчихсэн байх ажээ. Сумын төвд явж байгаа 50 эргэм насны эмэгтэйгээс “Шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга хаана байгаа вэ” гэж асуухаар “Боргоцой” цэцэрлэгийг хэлээд байна уу. Сумын Засаг даргын Тамгын газрын хойно байгаа. Манай сумын удирдлагууд сумын иргэдээр самар түүлгэж, компаниудад худалдаж, дундаас нь мөнгө олсон юм. Тэр мөнгөөрөө цэцэрлэг барьж байгаа. Өвөрхангай даяар Бат-Өлзийн самарчид гэж нэр авчихсан шүү дээ” гээд л инээд алдан ярих. Тэгснээ манай суманд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд намар болохоор бөөн юм болно. Хотын цэцэрлэгүүд шиг л хэрүүл тэмцэл, уур бухимдал болно. Танил тал, авлига хээл хахууль хүртэл яригдана. Үнэхээр 700 хүүхдээс 300 хүүхэд авч байгаа болохоор яах юм бэ. Хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүснэ. Тэгээд л сугалаа сугалж азаа үзнэ шүү дээ. Харин шинээр цэцэрлэг баригдаж байгаад их баяртай байна. Манай сум энэ жил цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж байгаа гэж дарга нар хэлсэн. Шинэ цэцэрлэг ашиглалтад ороод багийн төв дээр бага сургуулийн хажууд гэр цэцэрлэг гадаадын төслөөр баригдаж байгаа” гэв.

Бид чанартай барилга барихаар хичээж байна гэв”

Ингээд “Боргоцой” цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахаар очлоо. Өвөрхангай аймгийн “Эрч хүч хөгжил” ХХК цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Компанийн захирал В.Самданцоодол угтаж авлаа. Тэрбээр “Орон нутгийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд болсон тендерт манай компани шалгарсан. Тэгээд шууд ажилдаа орсон. Одоогоор барилгын ажлын 30 орчим хувь нь үлдээд байна. Дотоод засал чимэглэл, дээвэр, цонх, гадаад тохижилтын ажил үлдээд байна. Хоёр давхрын өрлөгийн ажил дөнгөж саяхан дууслаа. Шавар, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажлыг өнгөрсөн долоо хоногт бүрэн дууссан. Цэцэрлэгийн гадна талын хашаагаа гагнуулаад аваад ирсэн. Хашаагаа угсарч дуусаад гадаад тохижилт, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийж гүйцэтгэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэж өгнө. Ажилд саад болсон зүйл огт байхгүй. Манай компанийн хувьд сумын удирдлагуудын зөв зохистой шийдвэрээр байгалийн дагалдах баялаг болох самарнаас мөнгө босгож хүүхдийн цэцэрлэг барьж байгааг дэмжиж байгаа. Монголд самраар цэцэрлэг барьсан сум хаана ч байхгүй. Бидний зүгээс цэцэрлэгийн барилгыг олон жилийн настай, сайн барилга барьж өгөх гэж хичээж байна. Тэр ч утгаараа бүх зүйлд хянамгай хандаж, барилгын материалын чанартайг нь сонгож авч байна. Сумын төвийнхөн “Боргоцой” цэцэрлэгийн ажил юу болж байна гээд л хүрч ирээд бидний ажилтай танилцаад явна. Шинэ цэцэрлэгт хүүхдээ явуулах нь гэж олон эцэг, эх баярлаж байгаа” гэв.

Бат-Өлзий суманд 2006 оноос хойш самар огт ургаагүй гэнэ. 2006 онд самар түүхээр ирсэн хүмүүсийн балгаар ой шатаж, сумын иргэд сар гаруй түймэр унтраах гэж ноцолджээ. Бороо, цастай нийлж арай гэж унтрааж авсан байна. Харин өнгөрсөн жил самар ургаж эхэлж. Мод болгонд боргоцой ургажээ. Болц, амт шимт “тасархай” гоё байсан гэнэ. Байгалийн баялаг болсон энэ их боргоцойг яах вэ. Хууль бусаар самар түүгчид ирээд хуу хаман авч, ой модоор дүүрэн хог новш тарихыг хараад сууж байх уу гэх асуудал тулгарсан байна. Ингээд хоорондоо ярилцаж байгаад ой модоо хамгаалах, ашиг олох боломж гарцыг олжээ. Ингээд сумынхан 800 сая төгрөг боргоцойноос олж чаджээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих боломж бий

“Өдрийн сонин”-ы №200 (5465) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэх санал УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байна. Үүн дээр МАН-ын зарим гишүүн ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Бид олон жил онолын бус эдийн засагтай явсан. Эдийн засгийн сахилга бат бариагүй. Энэ нь эдийн засгийн гүн хямралд орох нэг үндэс нь болчихоод байгаа юм. Тэгэхээр гүн хямралаас гарахын тулд тодорхой том алхмуудыг хийхээс өөр аргагүй болж байна. МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийнхээ төлөө хийх зайлшгүй зүйлүүдийг тусгасан. Гэхдээ яг мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд тусгаад хэрэгжүүлэхэд 26 их наяд төгрөгийн төсөв хэрэгтэй болж байгаа. Засгийн газраас гаргаж байгаа хөтөлбөрт сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийнхөө 90-95 хувийг оруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд эхлээд тодорхой хэмжээний санхүүгийн зөв голдрилд оруулах ёстой. Хоёрдугаарт, нөхцөл байдлаа ард иргэдэд илэн далангүй мэдээлэх хэрэгтэй. Ингээд өнөөгийн байр байдлаа тодорхой болгоод эдийн засгаа сайжруулах арга хэмжээнүүдийг авч явах ёстой. Бид мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилээр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр эхний хоёр жилд эдийн засгийн хямралаас гарах бодлогыг барья гэж байгаа. Энэ хүрээнд татвартай холбоотой асуудлууд, цалинг хасах, халамжийг бууруулах зүйлүүд орчихож байгаа юм.

-МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн мөртлөө одоо бүр 20 мянган хүн ажлаас халах тухай Ерөнхий сайд ярьж байна?

-Нийгмийн байдал өнөөдөр хүнд байна. Иргэд тэр тусмаа манай намын гишүүдээс өөрийн чинь ярьснаар нэлээд эсэргүүцэл гаргаж байна л даа. Мөрийн хөтөлбөр дээр байсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй, хэлснээсээ буцлаа, иргэдийн халаас руу орлоо, мөнгөн орлогыг хаалаа гэж байна шүү дээ. Гэвч бодит байдлыг хэлэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Жишээ нь, наймдугаар сарын тэтгэврийг Булган аймагт хэдхэн өдрийн өмнө хамгийн эцсийн байдлаар тавьж дуусч байна. Сарын эхэнд олгогдох ёстой мөнгө. Тэтгэвэр олгох мөнгө, санхүүжилт маань цаанаасаа алга байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар дүгнэлт хийхэд энэ жил нийт долоон их наяд төгрөгийн төсөв баталсан. 1.6 их наядаар тасрах нь. Дээрээс нь гурван их наяд гаруй төгрөгийн зээл болон зээлийн хүү, зээлийн үйлчилгээний мөнгийг бид төлнө. Үүнээсээ болоод өнөөдөр тэтгэврээ өгч чадахгүй хэмжээнд очлоо. Төрийн албаны ажилчдын цалин хөлсийг өгч чадахгүй байна. Тэгэхээр гадна, дотноос авч санхүүжилт хийх мөнгө хайхаас өөр аргагүй боллоо. Наад зах нь Олон улсын валютын сантай бид буцаж тохиролцоо хийх хэмжээнд очихгүй бол болохгүй байна. Одоо ерөөсөө наашаа хардаг газар бол ОУВС л харагдаж байгаа юм.

-Одоо бонд босговол олон улс өмнөх шигээ итгэхгүй. Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар зэхэж байна гэсэн хардлага гараад байгаа?

-Аль аль нь хоёр талтай. Бид нэг айл гэж бодоход өнөөдөр санхүүжилт маань байхгүй байна. Яг ийм тохиолдолд бид зайлшгүй бүсээ чангалах, аливаа нэг зардлыг хэмнэх тал руу орохоос өөр аргагүй. Хамгийн түрүүнд бололцоотой төслүүдээ хөдөлгөх, гадаад худалдаагаа яаралтай өргөн хэмжээнд нээх хэрэгтэй. Мөн өөр нэг бололцоо бол жижиг худалдаа хийдэг иргэд рүүгээ хүрсэн, иргэд өөрөө үйл ажиллагаа явуулаад мөнгө олох талын ажлуудыг хамгийн түрүүнд оруулах гарц л харагдаж байна.

-Халамжуудыг танах гэж байгаад эсэргүүцэл их байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болсон. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгохоор оролдож байлаа. Үүнээс үзэхэд халамжийг ямар нэгэн байдлаар танах нь гарцаагүй байсан юм шиг ээ?

-“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэж үг байна. Төрийн санд маань ямар хэмжээний орлого орж ирж байгаа билээ. Эдийн засаг хэр хүчин чадалтай болж байна. Буцаж орж ирэх орлого хэр байгааг тооцохгүйгээр ерөөсөө л иргэддээ таалагдах намуудын хоорондын уралдаан нэлээд хэсэг явчихлаа шүү дээ. Ард иргэдээсээ санал авахаа л бодож явсаар эдийн засгаа нэлээн хүндрүүлчихлээ. 2017 онд 5.5 их наяд төгрөгийн орлого олох тооцоо гарч ирж байна. Бусад завсрын орлогоос гадна үндсэн олох орлого 5.5 их наяд гэсэн үг. Буцаад зөвхөн зээл, зээлийн хүүндээ бид 5.6 их наядыг нь төлнө. Тэгэхээр та бод. Олох орлогоо тэр чигээр нь өгөөд цаана нь хасахтай гарч байна. Ийм нөхцөлд бид мөрийн хөтөлбөр дээр гаргаад өгнө, өгнө гээд явж болно. Тэгвэл иргэдээ хуурах гээд байна шүү дээ. Бодит байдал хүнд байхад зайлшгүй цалин, тэтгэврээ төлөхийн тулд тодорхой хэмжээний зарлагаас заримыг нь танахаас өөр аргагүй болж байна.

-Сонгуулийн өмнө Булган аймагт УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр та хоёрын аль нэг нь нэр дэвших магадлалтай яваад байлаа. Та ч цахим хуудсандаа уг нь их хичээсэн юмсан бүтэхгүй нь бололтой гэсэн утгатай зүйл бичиж байсан. Гэвч таныг нэр дэвшихэд ямар тохироо явсан бол гэсэн яриа гарсан л даа. Яг юу болж өнгөрсөн юм бэ?

-Тэр ерөөсөө энгийн асуудал. Яг үнэндээ бол бид чинь өрсөлдсөн юм шүү дээ. Нам дээр хэн тухайн тойрогтоо рейтинг өндөртэй байна тэр хүнийг нь хамгийн түрүүнд дэмжинэ гэсэн ийм зарчим барьсан. Өнөөдөр хэвлэлийнхэн судалгаа ямар байсан гэдгийг сайн мэдэж байгаа. Удирдах зөвлөл дээр өрсөлдөөн явагдсан даа.

-Та тойрогтоо очоод гурван жил хэвтчихсэн хүн. Тэр бас нөлөөлсөн байх л даа?

-Төрийн нарийн бичиг байх үедээ мэдээж ажлын шугамаар Булгантайгаа нэлээд ойрхон байсан. Булган аймгийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг дэмжиж ажиллаж байсан. Тэгээд очоод гурван жил ажилласан. Би чинь өөрөө яг тэнд төрж, өсөж, ажилласан хүн биш шүү дээ. Энэ утгаараа анх очиход рейтинг бага л байсан байх. Явцын дунд намын дарга хийсэн, иргэдтэйгээ ойрхон байсан, гэрээ шилжүүлсэн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Сонгуулийн өмнө бол рейтингийнхээ хэмжээгээр л сонгон шалгаруулалт явагдсан.

-Та тойрогтоо амьдарч байгаад УИХ-д сонгогдож ирсэн хүн. Булган аймагт тулгамдаад байгаа, шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна?

-Ер нь бол улсын хэмжээнд хүмүүсийн амьжиргаа муу байна шүү дээ. Тэр тусмаа Булган аймгийн төв хажуудаа Эрдэнэт үйлдвэр, том хоттой. Булган, Төв аймаг ялгаагүй л бүх үйлдвэр үйлчилгээ нь төв хот руугаа орчихдог. Эдийн засгийн хөдлөх хүрээ нь хумигддаг. Ингээд ирэхээр ер нь амьжиргааны түвшин дээшээ өсч чаддаггүй. Орлого орох бололцоо хаагдмал байж байдаг гэсэн үг. Бид сонгуульд орохдоо 2017, 2018 онд том зээлүүдийнхээ хүүг төлнө гээд ярьж байсан. Энэ хэрээр хөрөнгө оруулалт улсын хэмжээнд танагдана шүү дээ. Одоо ерөөсөө ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих ийм боломж харагдаж байна. Иргэн бүр хөдөлмөрлөдөг, өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй. Тэр үйлдвэрлэл нь чухам юу байх вэ гэдгийг л бодлогоор дэмжих, зах зээлийг нь л төрөөс нээж өгөх асуудал байгаа. Мэдээж хамгийн түрүүнд малчдын хэмжээнд түүхий эдийн үнийг нь өсгөх асуудал байна. Наад зах нь нэхийг нь хоёр мянган төгрөгт хүргэчих хэрэгтэй. Нэг малчин “Наанадаж л мянган төгрөг болгочихооч ээ. Тэгвэл бид гомдоллохгүй” гэж байсан. Одоо бол хаягдаж шүү дээ. Ядаж түүхий эдийн үнээ өсгөөд хуучин байдалд нь оруулаад хог дээр хаягдахгүй болгочих асуудал. Хоёр дахь асуудал нь бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Зах зээлээ өргөжүүлэх тал дээр нь туслалцаа үзүүлье. Булганы худалдаачдын хувьд гэхэд л Эрдэнэт рүү орох зах зээлийг нь нээх хэрэгтэй байна. Жижиг амьжиргааны төслүүдийг их өргөжүүлмээр байна. Ногоо тарьж байгаа хүмүүсийг өргөжүүлье. Зээл авах бололцоог нь хангая. Жимс жимсгэнэ гээд шинэ төрлийн зах зээлийг нээж өгье. Чацарганыг бид аймгийн хэмжээнд нэлээд ярьсан. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай яриад явж байна. Увсын чацаргана олон улсад нэртэй брэнд болчихсон байгаа шүү дээ. Бас маш ашигтай зөгийн балны бизнес байна. Ард иргэд өөрсдөө үүн рүүгээ орох, зээл авах бололцоотой. Буцаад гадагшаа гаргах зах зээлийн бололцоог нь бид хангах ёстой.

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийг төрөөс өгөх үү. Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгочихсон болохоор арилжааны банкууд зээлээ хумих байдал харагдаад байна?

-Орон нутгийн хэмжээнд бид шийдэх бололцоо бий. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрээс Булган аймгийн Байгаль хамгаалах санд усны мөнгө орж ирж байгаа. Тэгвэл үүнийг тооцоолж үзээд чацаргана, жимс жимсгэнэ рүүгээ оруулахад жилдээ 40 тэрбум төгрөг Булган аймгийн хэмжээнд олох бололцоо харагдаж байгаа. Өмнөговийн Булган суманд малчин, малгүй бүгдээрээ говийн улаан лоолио тариад амьдарч байна гэж байна. Нэг өрх жилд багадаа ес, арван сая дээд тал нь 20-иод сая төгрөг олдог. Иймэрхүү яг гол стратегийн зүйл рүүгээ ядаж хоёр, гурван жил шууд дагнаад орчиход болохгүй юмгүй. Бид мэдээж эдийн засгийн орлогыг сайжруулах том төсөл хөтөлбөрүүддээ санаа тавих ёстой. Гэхдээ ард иргэдээ жижиг, дунд үйлдвэрлэл рүү оруулахад анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд стратегийн бүтээгдэхүүнээ зөв тодорхойлоод явах хэрэгтэй л дээ. Түүнээс биш бид модон эдлэл хийдэг үйлдвэрүүдийг зөндөө л байгуулж байсан шүү дээ. Нөгөөх нь зах дээр аваачиж зарахаас цааш хэтэрдэггүй. Тэгвэл Булган эсвэл нийт хангайн бүсийн аймгууд яагаад чацаргана, жимс, жимсгэнэ тариалж болохгүй гэж. Мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл цаашлаад мэдээж эдийн засаг өөрөө эрчимжээд ирэхээр макро эдийн засгийн том үйлдвэрлэл рүү өөрсдөө ороод ирнэ шүү дээ.

-Та Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн. Аливаа салбарт ажиллаж байсан хүнийг тухайн салбарынхан өөрсдийнх нь талд дуугарна гэж харж байдаг. Таны хувьд юу юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байна?

-Автотээврийн газарт ажиллаж байлаа. Дараа нь Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга хийсэн шүү дээ. Тэр утгаараа дэд бүтэц талдаа нэлээд олон жил болж бодлогын хэмжээнд нь оролцоод явжээ. Энэ тал дээр мэдээж анхаарна. Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд хөдөө аж ахуй руу нэлээд орлоо. Булган аймагт ажилласны хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөөний амьдралыг хэрхэн дээшлүүлэх гэдэг дээр толгойгоо гашилгаад явж байна.

Мал аж ахуй гэдэг өөрөө бизнес шүү дээ. Бизнес хийж байгаа энэ олон малчны бизнес ашигтай байх ёстой. Тэд цэвэр мөнгөний төлөө, малынхаа ашиг шимийн төлөө явах ёстой юм. Түүнийг нь төрөөс харж үзэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн хоног ХХААХҮ-ийн сайдтай уулзаж ярилцаад явж байна. Хөдөө аж ахуй руу нэлээд орох шинжтэй байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд орж ажиллаж байгаа. Энэ хоёр дээрээ дагнах болов уу.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?

“Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирлын нүүрсний үнийн талаарх жиргээ олны анхаарлыг татав. Г.Батцэнгэл захирал “Олон улсын зах зээлээ дагаад зургадугаар сараас хойш нүүрсний үнийг 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл Эрдэнэс-Таван толгой улирлаар нь үнээ 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд “янаглаж” байна даа” гэж жиргэсэн юм. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сэргээд багагүй хугацаа өнгөрсөн учраас хувийн хэвшлийнхэн ингэж жиргэхээс аргагүй л дээ. Хөрөнгө зардал гаргаж барьсан үйлдвэртээ коксжих нүүрсээ баяжуулаад ахиу үнээр худалдах бүрэн боломжтой “Энержи ресурс”-ын хувьд харин ч өчнөөн тэсч байж дуугарсан нь энэ болов уу. Коксжих нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр ямаршуу байгааг сонирхъё. Австралийн “Business insider” сэтгүүл коксжих нүүрсний үнэ сүүлийн таван жилд анх удаа бодитой өсөлт үзүүлж байгаа талаар тоймлон бичжээ. Тэд тоймоо бичихдээ нүүрсний зах зээлийн хамгийн гол судалгааны фирм “Platts”-ын судалгаанд үндэслэсэн байна. Сайн чанарын коксжих нүүрсний тонн тутмын үнэ Австралийн боомтууд дээр энэ оны хоёрдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч, 120-125 орчим ам.доллар хүрчихэж. Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт хамгийн сайн үзүүлэлттэй байсан гэж шинжээчид онцолж байна. Бүхэл бүтэн таван жилийн турш тасралтгүйгээр үнэ нь уналттай байсан коксжих нүүрсний зах зээлийн тухайд энэ бол тун эерэг мэдээ. Коксжих нүүрсний үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа юм билээ. Эхнийх нь нийлүүлэлт багассан, тасалдсан гэх шалтгаан. Хятадын гол нийлүүлэлтийн мужуудаас гадна Австралийн Куинслэндэд үер болж, олон уурхай нийлүүлэлтээ зогсоогоод байгаа нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлж. Нийлүүлэлт тасалдсантай холбож ярих өөр хэд хэдэн жишээ бий.

Наад зах нь гэхэд дэлхийд гэж яригддаг “Вале” компани Мозамбикийн цэргийн үймээнээс болж уурхайгаа зогсоогоод байгаа. Нүүрсний ханш өсч буй хоёр дахь шалтгаан нь урд хөршийн бодлого. БНХАУ нүүрсний нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг хүчээр нэмэгдүүлэх алхмыг шат дараатай авч хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уурхайнуудыг долоо хоногт зөвхөн таван өдөр ажилладаг болгож, ажлын цагийг нь богиносгоод байгаагаас гадна жижиг уурхайнуудыг хаах, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг чангатгах гэх мэт алхмыг ч хийгээд эхэлчихсэн. Хар алт хаданд гарах болсон гурав дахь шалтгааныг шинжээчид урд хөршийн хүнд үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхжил үүсч, эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнийн өсөлт аажимдаа бага багаар өгссөн графиктай үргэлжилнэ гэсэн гэгээтэй мэдээг шинжээчид ам нэгтэй хэлэх болсныг онцолъё.

Дэлхийн зах зээл дээр хэдхэн сарын дотор 60 хувиар өссөн коксжих нүүрсний үнэ манайд ч нөлөөллөө үзүүлэх нь зах зээлийн жам, хууль. “Энержи ресурс” үнээ өсгөх оролдлого хийж байгаа ч төрд данстай “Эрдэнэс-Таван толгой” гэдэг компаниас болж, төрийн хөшүүн удаан менежмэнтээс шалтгаалж яаж ч чадахгүй байдалд хүрчихснийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй харж болохоор байна. “Эрдэнэс Таван толгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг түүхийгээр нь уурхайн аман дээрээсээ гаргасаар байгаа. Хоногт 500-700 тээврийн хэрэгслээр Хятад руу гаргадаг, тонн тутмыг нь 20 гаруй ам.доллараар үнэлж зардаг гэж удирдлага нь саявтар хэлсэн. ”Эрдэнэс-Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Т.Билгээ “Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу хоёрдугаар улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байгаа. Одоо талууд гэрээг тогтвортой мөрдөх, гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар урьдчилгаа төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа” гэж ярьсан байна лээ. Түүний ярилцлагыг байгууллагынх нь www.erden­estt.mn цахим хуудаснаас харж болно. Даргын үгнээс “Таван толгойн сайн чанарын коксжих нүүрс 24 ам.доллараас мөддөө өсөхгүй” гэсэн дүгнэлтийг хөнгөхөөн хийчихэж болж байна. TTJVCO гэх хятад компани Таван толгойд ажиллаж, Цанхийн хэсэг бүхэлдээ Хятадын мэдэлд орсон гээд байгаа нь угтаа ийм учиртай.

“Чалко”-гийн өрийг дарж байгаа гэдэг ч урд хөршийн компанид өгөх учиртай өр 110 сая ам.доллараас огт буудаггүй нь бас хачирхмаар хэрэг. “Чалко”- д төлөх өр оны эхэнд 121.2 орчим сая ам.доллар байсан гэхээр бүхэл бүтэн есөн сарын хугацаанд арав гаруйхан сая ам.доллар л төлсөн гэсэн үг. Цанхийн сор болсон нүүрс их хэмжээгээр гараад байдаг, өр нь дарагддаггүй зовлон үүсчихээд байгаа. “Чалкогийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” гэж “Эрдэнэс-Таван толгой”-н гүйцэтгэх захирал ярьсан байсан. Хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын зээл ч бий гэж учирласан харагдсан. Төр бизнест орохоор яаж дампууруулдгийн тодоос тод жишээг сая хэлсэн тоонуудаас харчихаж болж байна. Нүүрсээ хятадуудад өгч байгаа үнэ 24 ам.доллар. Гэтэл нөгөө талдаа гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 32 ам.долларын хөлс төлдөг гэсэн аймаар тоо бий. Тэгэхээр төрд данстай орд маань хөдлөх бүрдээ зоос олох биш алдсаар байгаа гэсэн үг. Алдагдал хүлээн барин нүүрсээ сорчлон гаргаж байгааг яая гэхэв гээд орхиж болох юм. Гэхдээ үүний цаана байгаа эрсдэл нь юу гээч. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах дээр өсч байгаа энэ үед төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” монгол нүүрсний өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

Билгээ захирлын ярилцлагад шүүмжлэхээс аргагүй нэг хэсэг бий. “Энержи ресурс”-ын сул шахуу зогсч байгаа 15 сая тонны хүчин чадалтай угаах үйлдвэрийг ашиглаж болохгүй хэрэг үү гэсэн асуултад эдийн засгийн ашиггүй, түүхийгээр нь зарсан нь илүү дээр, тодорхой хугацаанд баяжуулахгүйгээр зарна, тэгээд ч хятадууд түүхий нүүрс авах сонирхолтой байгаа гэх маягийн хариу өгсөн харагдсан. Хар ухаанаар бодоод үз дээ. Угааж баяжуулаад зарах коксжих нүүрс түүхийгээсээ ашиггүй байх уу. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж, түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн урд хөрш угааж баяжуулсан нүүрс авахгүй гэж зүтгэх үү. Австрали угааж баяжуулсан коксжих нүүрсээ дажгүй үнээр борлуулаад байхад бидэнд өрсөлдөөний гол тоглогч байх бүрэн боломж бий. Захирлын яриа цааш хуульд заавал баяжуулна гэсэн заалт байхгүй, баяжуулах үйлдвэрийн төслийг тусдаа хэрэгжүүлнэ, гадны компаниар жилд 20 сая тонн нүүрс баяжуулах ТЭЗҮ боловсруулж батлуулсан, Японы компанитай хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна, солонгосчуудтай жилд 1.2 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах загвар төсөл хэрэгжүүлнэ гэх мэтээр үргэлжилсэн байна лээ. Үр ашиггүй баахан төсөл хэрэгжүүлж мөнгө унагах сонирхол үе үеийн засагт байдгийг Т.Билгээ захирлын ярианаас уншчихаж болж байна. Төр бизнесийг ингэж л хардаг, ингэж л “алдаг”.

Нүүрсний үнэ бага ч гэлээ аажимдаа өсч буй энэ үед ийм уруу дорой тайлбар хэлээд суугаад байвал Монголын Таван толгой коксжих нүүрсний наймаагаараа Австралитай өрсөлдөж чадахгүй. Амьдралаа залгуулах гэж чадан яван яваа төрийн албан хаагчдаа халж, цалинг нь буулгалаа гээд төсөв хасагдаж танагдана гэдэг юу л бол. Төсөв байдгаараа улайсан ийм цагт бөөсөнд хутга гээч л болно. Таван толгойг үнэд хүргэж, ховордчихоод байгаа ноён ногооныг ахиухнаар нь чирээд ирэх нэг л гарц бий. Зах зээлийнх нь жамаар хөдөлгөчихөд л бүх зүйл OK болоод ирнэ. Хувийн аль нэг компанидаа “Та нар боломжоо ашиглаад гаднаас хөрөнгө оруулалт татаад ир. Таван толгойг төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь бүтээн байгуулаад ашигла” гэчихэд л өмнө дурдсан элдэв дэмий саад төвөггүй арилна. Өмнө нь “Шинхуа”, “Сумитомо” гэсэн дэлхийн томчуудтай ингэж ажиллах тохироо хийж л байсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Өмчөөр баяжихгүй, алдагдлаар хоосрохгүй нийгэм

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

“Юмжаагийн Цэдэнбал” хэмээх намтрын ном “Түүхэн эрхмүүдийн цэдэг” цувралын хүрээнд хэвлэгдэж худалдаанд гарлаа. Энэ цувралаар урьд нь Д.Бодоо, Х.Чойбалсан, Д.Намдаг, Д.Нацагдорж, Чин ван Ханддорж, Ц.Дамдинсүрэн, Ж.Батмөнх зэрэг ХХ зууны Монголын шилдэг эрхмүүдийн намтар ном хэвлэгдсэн ба өдгөө Б.Ширэндэв, Богд хаан, Р.Чойном, А.Амар, Бадамдорж зэрэг зүтгэлтнүүдийн намтар бэлтгэгдэж буй. Цэдэнбалын намтрын зохиогч Баабар урьд нь “Хорлоогийн Чойбалсан” номдоо түүгээр төлөөлүүлэн ХХ зууны Монголын эхэн хагасын түүхийг харуулсан бол “Юмжаагийн Цэдэнбал” номоороо ХХ зууны хоёрдугаар хагасын түүхийг дэлгэн үзүүлэхийг чармайжээ. Уг номын нэг хэсгээс танилцуулж байна.

Томас Моор Утопи зохиолдоо бичсэн нь:

Коммун нийгэмд боломжийн жишиг бүхий амьдралыг буй болгож чадна гэдэгт би итгэхгүй. Хэн ч хүчээ шавхаж ажиллахгүй учраас хомсдол үргэлж байх болно. Ашиг олох нь өөрт нь хэрэггүй юм бол хүн бүр залхуурч хойш суун, өөр хэн нэг нь өмнөөс нь ажиллахыг хүлээх болно. Ингээд бүх юм буруудаад ирэхээр аллага, бослого, үймээн зайлшгүй гарах болно. Учир нь, ялангуяа эрх мэдлийг хүндэтгэх хүнгүй нийгэмд хэн ч өөрийн хөдөлмөрийн бүтээмжийг хуулиар хамгаалж чадахгүй. Ангигүй нийгэмд өөрөөр байх арга зам би мэдэхгүй юм байна.

Хачин юм шүү, марксизмыг буй болгосон гурван том тулгуурын нэг нь утопи социализм юм гэж Ленин бичээд, гол төлөөлөгчөөр нь Томас Моорыг цохон тэмдэглэдэг байсан Лениний энэ сургаалыг коммунист бүх нийгэмд, түүний дотор Монголд 70 жил сурталчилж, хүн болгонд албадан цээжлүүлж, байнга шалгалт авдаг байсан байхад Томас Моор нь өөрийн хамгийн сонгодог “марксист” зохиолдоо ингэж анхааруулсан байх юм. 1516 онд анхлан латин хэлээр хэвлэгдсэн энэ номын нэр нь орчуулбал Бодит бус гэсэн утгатай.

Цэдэнбалын заалгасан онол, үзсэн социализм байгуулалт хийгээд Монгол дахь бодит байдал хоёр даанч зөрүүтэй байлаа. Улсын өмчийн ганцхан хэлбэр бүрэн эзэгнэсэн Зөвлөлттэй харьцуулахад монголчууд өмчтэй байлаа. Хүмүүс хувьдаа өмчтэй байвал тэнд ямар ч социализм, марксизм байхгүй гэсэн үг. Монголын дээд удирдлагад орж ирүүтээ л тэрээр монголчуудыг өмчөөс нь салгах арга ухаан сэдэж эхлэв. Монголчуудын гол өмч бол мал. Гэтэл малыг нь хурааж авахыг Чойбалсан яасан ч зөвшөөрөхгүй байв. Ер нь ч тэгээд газрыг тариачдаас хурааж авах тухай марксист онолд нарийвчлан заасан болохоос мал хураах тухай тэнд юу ч өгүүлээгүй аж.

Чойбалсан хувийн мал аж ахуйг хөгжүүлэхийг зүйл бүрээр дэмжиж байлаа. Тэрээр олон малтай болохыг уриалдаг төдийгүй тэгж чадсаныг нь одон медалиас өгсүүлээд янз бүрээр хөхиүлнэ. Мянгат малчны улсын зөвлөлгөөн гэдгийг үе үе зохион хувийн хөрөнгөө арвижуулж баяжсан малчдыг урамшуулан бусдад нь үлгэр жишээ болгоно. Хэдийгээр тэднийг албан татвараар зовоодог байсан авч эцсийн бөлөгт хувийн малаа олон болгохыг л шаардана. Цэдэнбал Чойбалсанд монголчуудын ганц өмч болох малыг нь хурааж хамтрал байгуулахыг олон удаа шахаж шаардаж байсан боловч цаадах нь 1930-аад оны хамтралжуулалтын гашуун туршлагыг ярьж зүйл бүрээр эсэргүүцэж байлаа.

Өмчгүй нийгэм Цэдэнбал бол марксизмын фанат байлаа. Өмч хөрөнгө болон шашныг үзэх түүний үзэл хэт туйлширсан байв. Ийм л учраас Монголын нүүдэлчдийн магадгүй цорын ганц өмч болох малыг нь хурааж хамтралжуулснаа Монголын түүхэнд гарсан хамгийн том хувьсгал гэж үнэн голоосоо итгэж байсан юм. Хувийн өмчийн ямар ч хэлбэрт тэрээр дайсагнан хандана. Хувиараа хөдөлмөр эрхлэгч жижиг үйлдвэрлэгч, гар урчуудын хөрөнгийг мөн нийгэмчлэн Үйлдвэр хоршоолол гэгчийг байгуулсан ба тун удалгүй улсад хурааж авсан билээ. Хувиараа үйлдвэрлэл явуулах, худалдаа үйлчилгээ хийх зэрэг иргэдээс илүү орлого олох гэсэн алив оролдлогыг дайсагнаж үзнэ.

Жараад оны эхнээс Монголд гагцхүү улсын өмч дангаар ноёрхох болжээ. Үүнийг социалист өмч ба хоршооллын өмч гэж өөрөө хоёр ялган тайлбарлах авч үнэндээ ямар ч ялгаа байсангүй, нэг л хэлбэр аж. Үнэн чанартаа нийгмийн гэх өмч нь хэний ч харьяаллын биш, өөрөөр хэлбэл, эзэнгүй зүйл учраас иргэдийн өмчид хандах хүйтэн цэвдэг хандлага мөн үеэс үүсчээ.

Нийтийн болж хувирсан малыг маллах хүн олдохоо болив. Малчид өөрснөө биш гэхэд үр хүүхдээ малаас аль болох зугтаалгах хандлагатай боллоо. Чухам энэ хандлага л Монгол орныг үйлдвэржиж, хотжиж, иргэншиж, соёлжиход гол түлхээс болсон өөрийн үнэлж баршгүй сайн талтай. Нүүдлийн мал аж ахуй захиргаадлын эдийн засгийн хэлбэрээр хөгжиж, малын тоо толгой өсөхөө болив. Ган зуд зэрэг байгалийн үзэгдэлд хамгийн эмзэг, сүйрэмтгий болж хувирлаа. Тэр хэмжээгээрээ нүүдлийн мал аж ахуйд оруулах хөрөнгө оруулалт өсч байсан юм. Хэдэн мянган худаг, өвөлжөө хаваржаа улсын төсөв болон зээлийн хөрөнгийг уудаг аранга болж мал аж ахуйг тогтоон барьж байх эрмэлзэлд бүх хүнийг чадахын хэрээр дайчилна. 1970-1990 онд ЗХУ-аас зээлсэн 17 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийн 60 гаруй хувь нь Монголын нүүдлийн хамтралжсан мал аж ахуйг тогтоон барьж байхад зарцуулагджээ. Энэ нь нийт малын өртгөөс давсан хэмжээ юм. Үүн дээр мал аж ахуйд суурилсан хэдэн зуун жижиг сууринг хүчээр барьж байхад зарцуулсан хөрөнгийг нэмбэл толгой эргэм тоо гарна.

Социалист хулгай Эдийн засгийг үр ашиг гэдэг талаас нь харах ахул Цэдэнбалын буй болгосон “социалист эдийн засаг” нь социалист л болохоос эдийн засаг биш ажгуу. Архи, спирт зэрэг хэдхэн нэр төрлийн үйлдвэрлэлийг эс тооцвол эдийн засгийн үр ашигтай ганц ч салбар үнэндээ байсангүй. ЗХУ-тай хамтран байгуулсан зэсийн том уурхай “Эрдэнэт” ч үйлдвэрлэх тутмаа хохиролтой тооцоо гарсан нь эцэстээ Цэдэнбалын засаглалыг унагах нэг гол шижим болжээ.

Илүү орлого олох бүх зам бололцоо хаалттай болохоор хүмүүсийн идэвх санаачилга огт үгүйн дээр ийм нийгмийн гишүүдэд байдаг моралийн уналт түгээмэлжлээ. “Социалист өмчөөс” бололцооны хэрээр хулгайлах, шамшигдуулах, хүйтэн цэвдэг хандах, үрэн таран хийх явдал жилээс жилд нэмэгдэнэ.

Шамшигдуулах явдал нийгэмд хүчтэй болж эхэллээ. Үүнтэй бусдад жигшүүлэх, айлгах аргаар тэмцэхээр шийдэв. 1964 онд “махны хэрэг” гэгч илрэв. Бүлэг этгээд Мах комбинатаас дэлгүүрт хүргэх сүлжээнд ажиллан жин дутуу тооцох, барааны чанарыг бууруулах зэргээр нийтдээ 25 мянган төгрөг идсэн нь тухайн үеийн ханшаар Чехословакт үйлдвэрлэсэн жижиг гарын ганц Шкода машины үнэ байлаа. Бүлэглэн шамшигдуулсан долоон этгээдийг хүндээр цээрлүүлж, гуравт нь цаазаар авах ял оноосон юм. Социалист өмчийг шамшигдуулсан гэх энэ хэргийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр цацаж энд тэндгүй “үзэн ядах цуглаан” зохион байгуулж байлаа. Гэвч ердөө 15 жилийн дараа гарсан “кондукторын хэрэг” гэгчид хоёрхон кондуктор нийлээд хэдхэн жилийн дотор сая төгрөг завшжээ. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг нэгэнт хэтэрхий хавтгайрсан байсан учир хоёр гэмтэн ердөө хэдхэн жилийн ял авсан байна.

1978 онд социалист өмчийг хайрлан хамгаалах МАХН-ын Төв хорооны тогтоол гарлаа. Тогтоолоор өмч хамгаалах санаа зөвхөн коммунист оронд л байж болох зүйл. Харин хэрэгжүүлэх арга механизм нь өөр хаана ч байж боломгүй болхи бүдүүлэг үзэл суртал болсон юм. Юун түрүүн тогтоолоо хүн толгойтой болгонд цээжлүүлэхээс ажлаа эхэллээ. Социалист өмчийг нүдний цэцгий мэт хайрлах нь хүн болгоны үүрэг мөн гэж тунхагласан уг тогтоолд “туйлын” гэдэг ганц үг нэмж оруулахын тулд Төв хорооны бүгд хурлыг дахин хуралдуулжээ. Тогтоолын орос орчуулгыг ихэд чухалчилж сэхээтнүүдийг орос, монгол хэлээр цээжлэхийг шаардав. Шалгалт улс орон даяар өрнөлөө. Сургууль, албан газар болгонд Намын эвлэлийн, Үйлдвэрчний эвлэлийн шугамаар хоёр тогтоолыг цээжилсэн эсэхийг шалгана. Сүүлдээ эмнэлэгт өвчтөн эргэх гэж ирсэн ар гэрийнхнийг хүртэл үүдэн дээр цээжилсэн тогтоолыг уншуулж байж нэвтрүүлнэ. Ийм түвшинд хүрсэн болохоор албан ёсны мэдээллийн хэрэгсэл яаж солиорсныг дүрслэхэд ч хэцүү. Монголын радио телевиз нэвтрүүлэг эхлэхдээ болон төгсгөхдөө мөнөөх социалист өмчийн тухай тогтоол лоозонгоор ёслол үйлдэнэ.

Социалист өмчийг хайрлах дараагийн алхам нь улсын өмчийг дээр нь “социалист өмч мөн” гэсэн хаяг тавин дугаарлаад хариуцах эзэн нь хэн болохыг зааж өгөх кампанит ажил өрнөлөө. Энэ оронд байгаа бараг бүх хөрөнгө “социалист” учир ямархуу цар хүрээтэй болсон нь ойлгомжтой. Гуанзангууд халбага сэрээн дээрээ хаяг тавьж эхэлсэн бол байшингууд ханан дээрээ сараачиж гарав. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд буй 10 орчим дан барилгын ханан дээр маш томоор, тосон будгаар “Энэ байшингийн өмч хариуцагч нь сумын ерөнхий нягтлан Чулууны Ганбаатар” гэх мэтээр эрээлсэн байв. Бараг огт машин дайрдаггүй говийн болон талын хээр газар социалист өмчийг хайрлах тухай намын цэцэн лоозонг асар том төмөр хавтан дээр бичин самбар болгосон нь нэн элбэг. Гэвч хүмүүс хулгайлсаар л байлаа. Яагаад гэвэл энэхүү социалист өмч нь лоозонгийнхоо нэгэн адил цаанаа хариуцах, өмчлөх эзэнгүй байсан юм.

Социалист үр ашиг Захиргаадлын эдийн засаг дангаар, цэврээрээ оршин тогтнох ямар ч бололцоогүйг Лениний цэргийн коммунизм, Сталины хамтралжуулалтын үе, Камбожийн улаан кхмерийн үе тов тодорхой баталсан билээ. Сайн дурын чөлөөт арилжаа ор тас алга болж цэвэр захиргаадлын эдийн засаг 100 хувь ноёрхвол шууд өлсгөлөн гамшиг залгадаг, цаашлаад өөрийн эрхгүй иргэний дайн үүсэх нөхцөл бүрддэг. Иймээс коммунист эдийн засаг оршин тогтнохын тулд “капиталист зөөлөвч” заавал хэрэгтэй. Зөвлөлт засгийн үед газрын дөнгөж хоёр хувь нь аминд байдаг байсан авч Зөвлөлтийн ихэнх төрлийн хүнсний ногоо болоод цэцэгт таримлын 90 хувийг хангадаг байжээ.

1960-аад он хүртэл Монголд чөлөөт арилжаа ямар нэг хэлбэрээр оршин тогтсоор байв. Нүүдэлчдийн гол арилжаа бол мэдээж мал. Тэдэнд өргөн хэрэглээний бараа хүргэх үүргийг улс дангаараа монополь байдлаар хүлээжээ. Иймээс арилжаа улс-малчин гэсэн харилцаанд хагас чөлөөт арилжааны шинжтэй. Улс өргөн хэрэглээний бараандаа хатуу хөдөлшгүй үнэ тавина, малчин цаг улирлаас хамаарч илүүтэй зах зээлийн шинжтэйгээр үнээ тогтооно. Гэхдээ улс ч малчдаас авах түүхий эдийн үнийг хатуу тогтоох боловч ховоргүй байсан хувийн худалдаачид, үйлдвэрийн хоршоологчид, жижиг үйлдвэрлэгчидтэй шууд зах зээлийн утгаар тогтсон үнээр арилжаа хийдэг байлаа.

Асуудал 1960-аад оны үеэс үндсээрээ өөрчлөгдлөө. Юун түрүүн нэгдэлжих хөдөлгөөнд малгүй болсон үй олон нүүдэлчин хот орон амьдрах болсноор Монголд хотууд үүсч түүнээ дагасан шинэ хэрэглээ буй болов. 1960 онд баталсан Үндсэн хууль Монголын нийгмийг ажилчин анги, хоршоолсон малчин, хөдөлмөрийн сэхээтэн гэсэн заагдсан гурван ангид хуваасан учир иргэн болгон аль нэгэнд нь хамрах, эс бөгөөс нийгмээс шахагдах үйлтэй болсон юм. Иймээс хуулиар хувиараа аж ахуй эрхлэх, худалдаа арилжаа эрхлэх явдал цаазлан хоригдлоо гэсэн үг. Эндээс хувиараа эдийн засгийн харилцаанд орох нь хууль зөрчсөн үйлдэл болж “хөдөлмөрийн бус орлого” гэсэн нэр томьёо үүслээ. Хуулийн аль ч шатны байгууллагын эрхэм үүргийн нэгэнд хувиараа аж ахуй эрхлэн худалдаа наймаа хийхтэй тэмцэж, “хөдөлмөрийн бус орлогыг” хурааж байх явдал тооцогдсон байна. Малчдын хувьд үлдээсэн цөөн хэдэн малыг ч улс тогтоосон үнээрээ дээрэмдэн авах ба үүнээс өөрөөр борлуулсан байвал хуулийн хариуцлага хүлээх болжээ.

1960 онд шинэ хуулийн зарчмаар Улаанбаатар хотод байсан дөрвөн бараан захыг хаалаа. Гэвч чухам бараан зах буюу хар захгүйгээр социализм байгуулж дөнгөхгүй нь тэр дороо мэдэгдэв. Ийм зөөлөвчгүйгээр нийгмийн харилцаа хөдлөхгүй. Ингээд хар захыг “ирээдүйд устах зүйл” гэдэг ангилалд оруулан хатуу хяналтын дор дахин нээлээ. Үзэл суртлын болоод хяналтын дайн зарлан байж довтлох боловч оршин байгааг нь эрхгүй зөвшөөрсөөр Монголын хар зах социализмын төгсгөл болтол байсаар байсан юм.

Иргэд хар зах дээр гар урлалын зүйлс, хүнсний бараа зарах боловч ихэнх зүйлс нь социалист худалдаагаар орж ирсэн олдоц муутай бараа, мөн хил дамнуулан олж ирсэн гадаад бараа байдаг байлаа. Импортоор орж ирсэн бараагаар бүтээгдэхүүн хийж борлуулахыг хориглосон хуулийн заалт байсан учир хамгийн болхи хийцтэй гар урлал ч “хөдөлмөрийн бус”-д тооцогдох тул хар зах дээр хийгдэх бүх наймаа хууль бус байсан юм. Үүнийг гарын салаагаар харан өршөөх боловч хэрэгт оруулъя гэсэн хэнийг ч энэхүү энгийн үйлдлээр нь дарамталж болох учир үнэн хэрэгтээ монгол иргэн болгон төрийн өмнө потенциал гэмт хэрэгтнүүд байлаа. Хууль сахиулагчдын хувьд ч ерөнхий зарчим үгүй болж тухайн асуудлыг аль өнцгөөс яаж харснаас хамааран тухайн субьектын хувь заяа шийдэгдэнэ. 1980 онд “Бохирын хэрэг” гэгч дуулиант явдал гарч байсан нь үүний нэг жишээ юм. Хотын бохирын санг өвөл хөлдсөн хойно нь ухаж цэвэрлэдэг бизнес байж. Үүнийг гүйцэтгэх байгууллага, хүн олддоггүй учраас хувь хүмүүс гэрээгээр хийнэ. Голдуу хятад иргэд мөнгө сайтай ийм ажил хийх нь элбэг. Гэтэл маоизмтай тэмцэх ээлжит кампанит ажлын нэг мөчлөг тааран тэднийг дарамтлах хэрэг гарчээ. Цаадуул нь хөлдүү бохир цэвэрлэхдээ техник хэрэглэсэн нь тогтоогдов. Бүх техник улсынх. Ингэхээр хөдөлмөрийн бус орлого олсон байж таараа. Ингээд тэднийг цээрлүүлэн шоронд илгээлээ. Харин бохир цэвэрлэх хүн дахиж олдохгүй болсон юм.

Монголын социализм оройн дээд цэгтээ хүрсэн 1989 онд Улаанбаатарт нийт гурван мянган автомашин хөдөлж байсны 100 нь хувийн өмч байлаа. Энэ 100 машины хөдөлгөөн болгоныг улсаас хянаж байсан юм. Цагдаа төдийгүй мэдээллийн хэрэгслийнхэн энэхүү ариун хяналтад орж машинаа такси болгон ашиглахаас сэргийлнэ. Тэднийг гэзэг даран мөрдөнө үү гэхээс жишээ нь шатахуунаар боомилох ямар ч бололцоогүй. Хэдийгээр улсын клонк тэдэнд маш бага шатахуун өгдөг боловч хар зах дээр бензинээс их юм байсангүй. Нэг литр бензиний улсаас тогтоосон үнэ нэг төгрөг 30 мөнгө. Харин хар зах дээр литр бензин 20-30 мөнгөний хооронд эргэлдэнэ. Бүх шатахуун зөвхөн импортын бараа, оруулах түгээх борлуулах бүх дамжлага нь зөвхөн улсын монополь эрх. Гэхдээ улсын үнээр хувьдаа шатахуун худалдан авдаг тэнэг хүн нэгээхэн ч байсангүй. Шалтгаан нь их энгийн, улсаас амархаан хулгайлчиж болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Хямралыг зөөллөх зарим боломжит хувилбар” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы
лхагва
гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан
нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж найман
төрлийн татвар нэмэгдүүлэх төслөө эгүүлэн татахаар болжээ. Уг шийдвэрийн талаар
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийсэн байна. Энэ талаар нэг болон улс төрийн
тавдугаар нүүрээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн, АН-ын
ҮЗХ-ны гишүүн Д.Ганбатын ярилцлагыг нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс нийтлэлч
Баабарын “Хямралыг зөөллөх зарим боломжит хувилбар” нийтлыэл хэвлэгдэнг гарлаа.
Энэхүү нийтлэлийн үргэлжлэлийг зургадугаар нүүрнээс уншаарай.

Долдугаар нүүрэнд манай сэтгүүлч Хөвсгөл нууранд
осолдсон хүмүүсийн тухай сурвалжилсан томилолтын үргэлжлэл хэвлэгдэн гарч
байгаа бол 12 дугаар нүүрнээс жүжигчин Сөрөлтнй хийсэн ярилцлагыг уншиж
сонирхоорой

Хустайн нурууны байгаль хамгаалагч Н.Банди гуайн
тухай унуурТай, сонирхолтой сайхан нийтлэлийг уншигч та 13 дугаар нүүрнээс
унших боломжтой юм.

Эрхэм
уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл
Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс
худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг,
Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр
хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний
дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая.
“Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн
сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос
лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Кристине Лийберкнехт: Эмэгтэйчүүд итгэл үнэмшилтэйгээр улс төрд оролцох хэрэгтэй

Монгол-Германы XIV Чуулган шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог онцоллоо. Энэхүү чуулган нь Берлин болон Улаанбаатар хотуудад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалт арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулган 2016 онд Улаанбаатар хотноо “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол Германы чуулганы тэргүүн П.Очирбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел, ХБНГУ-ын “Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг, ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ландтагийн гишүүн бөгөөд мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд бөгөөд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Тэрбишдагва, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа болон Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл,түүнчлэн НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Беате Транкманн нар оролцлоо.

Чуулганы үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Улс төрийн бодлогоор шахаж эмэгтэйчүүдийг ажиллуулах боломжийг хайж байна. Нөгөө талдаа нэр дэвшээд сонгуульд өрсөлдөхөд үлэмж хэмжээний хандивыг авдаг. Тэгэхээр нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдэд тийм боломж байдаггүй. Энэ нь нэг талаар дэмжээд байгаа юм шиг боловч нөгөө талаар боогдуулаад байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд ар гэрийн асуудлууд их нөлөөлдөг. Энэ мэтчилэн олон асуудлаар энэ чуулган өрнөх байх” гэсэн юм.

Чуулганы хүндтэй оролцогч ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцаж дараахь асуултад хариулт авлаа.

  • Монгол, Герман улсуудын хамтын ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ?
  • Монгол, Герман орнуудын хувьд нөхөрсөг харилцаатай байгаа. Монгол Улс хоёр их гүрний дунд ардчиллыг амжилттай хэрэгжүүлж байгаа гэж германчууд өндрөөр үнэлдэг. Монгол, Герман улс олон зүйл дээр хамтран ажилладаг. Жишээ нь Афгинастан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд хоёр орны цэргүүд хамтран үүрэг гүйцэтгэх гэх мэт. Үүний хүрээнд Монгол, Германы хамтын чуулганыг жил бүр зохион байгуулдаг.
  • Энэ жилийн чуулган яагаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилсан бэ?
  • Эмэгтэйчүүд аливаа нийгмийн 50 хувийг бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хангалттай түвшинд хүрэхгүй байна. Хоёр орны хувьд ч онцгой асуудал болж байн. Энэ чуулган нь хоёр оронд аль алинд нь чухал байгаа сэдвийг сонгож авдаг. Тийм учраас эмэгтэйчүүдээр дамжуулаад ардчиллыг бэхжүүлэх нь чухал учир энэ жил ийм сэдвээр чуулганыг зохион байгуулж байна.
  • Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд ямар нөлөөтэй байдаг вэ?
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харах өнцөг өөр байдаг. Тэдний сонголт ч ялгаата. Жишээ нь, Спортын цогцолбор барих уу, хүүхдийн цэцэрлэг барих уу гэсэн асуудал орж ирвэл эрэгтэйчүүд спортыны цогцолбор л гэж хариулна. Харин эмэгтэйчүүд цэцэрлэг гэнэ. Яагаад гэвэл тэд илүү хүүхдүүдэд ойрхон байдаг учраас тэр юм. Германд эмэгтэй Ерөнхий сайд гарангуутаа кабинетынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Тэгээд ажиллаж байх хугацаандаа маш олон нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадсан байдаг. Тэгэхээр энэ нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо ямар байдгийн тод жишээ болох байх. Мөн дахин нэг жишээ хэлэхэд, хүүхдүүд тоглоомын талбайд их дуу чимээ гаргадаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг гаргаж ирсэн. Үүнийг ээж нарын оролцоотойгоор тухайн хороотой нь хамтран шийдвэрлэх саналыг эмэгтэйчүүд гаргасан. Тэгснээр энэ асуудал их зөөлөн зөв аргаар шийдвэрлэгдсэн байдаг.
  • Монголын эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог та хэрхэн харж байна вэ?
  • Ардчилал гэдэг оролцоогоор хөгждөг. Тийм учраас миний оролцоогүйгээр ардчилал хөгжихгүй гэж бодох хэрэгтэй. Эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд миний оролцоо хэрэгтэй юм байна гэж илүү итгэл үнэмшилтэйгээр хандаж, нийгэм болон улс төрд оролцох хэрэгтэй юм.Өнгөрсөн өдрүүдийн үйл ажиллагааг ажиглахад Герман, Монголын эсрэг тэсрэг үзэгдлүүд харагдаж байна. Германд бол эмэгтэйчүүдийн улс төрд оролцох түвшин боломжийн хангагдчихсан. Харин бизнесийн түвшинд бага байдаг. Нийт худалдаа, бизнес эрхлэгч захирлуудын 11 хувь нь л эмэгтэй байдаг. Монголд харахад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага мөртлөө бизнес эрхлэгчдийн дунд их байна.
  • Та Тюринген мужийн захирагч хийж байсан. Тэр үедээ эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байсан бэ?
  • Мужийн захирагч хийж байх үедээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Засгийн газрын эмэгтэй гишүүдтэйгээ хамтраад гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгай байрыг бий болгож байлаа. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийг оролцуулахаас гадна хамтраад асуудлыг шийдэх тал дээр гарцуудыг хайж ажиллаж байсан.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Ж.Энхбаяр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар өнөөдөр буюу есдүгээр сарын 6-нд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн, Чү Хэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гээд хоёр орны харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.

Парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Энэхүү харилцааг бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, төлөөлөгчдөө харилцан айлчлуулах, тодорхой асуудлаар мэдээлэл, туршлага солилцох зэргээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ онцолсон. Түүнчлэн УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлэг шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Батзориг, дэд даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нар сонгогдон ажиллаж байгааг дурдлаа.

Өнгөрөгч долоодугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон нь АСЕМ-ын арга хэмжээний ач холбогдолыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулахаар яриа эхэлж тохиролцсон бөгөөд ойрын хугацаанд ажлын хэсгийг байгуулж, судалгааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа тэмдэглэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд 9 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох БНСУ-ын соёлын 7 хоногийн арга хэмжээнд оролцох, мөн УИХ-ын гишүүдтэй хоёр орны улс төр, эдийн засаг, олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцох зорилгоор ирснээ дуулгав.

Тэрээр, “Манай хоёр улс эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Цаашдаа эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө ажиллах нь зүйтэй. Монгол Улс, Өмнөд Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд байр сууриа илэрхийлсэнд талархалтай байгаа бөгөөд цаашид нь эсрэг байр сууриа хадгална гэдэгт итгэлтэй байна. Манай улсад 4 дүгээр сард парламентын сонгууль болж, үйл ажиллагаа эхэлсэн ч бид найрамдлын бүлгүүдээ байгуулж чадаагүй байна. Ойрын хугацаанд байгуулж, хоёр парламентын харилцааг идэвхжүүлэхийн төлөө нягт хамртран ажиллана гэж найдаж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хоёр улс НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, олон талт яриа х‎элэлц‎ээний үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан бие биеээ дэмжиж ирсэнд баяртай байдгаа дурдаад Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, тухайлбал АПЕК-ийн гишүүн орон болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолтой байдгийг илэрхийлж, БНСУ-ын зүгээс энэ талаар дэмжиж хамтран ажиллана г‎эж найдаж байна гэв.

УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод 20 гаруй жил болж байгаа боловч энэ хугацаанд худалдаа, эдийн засгийн төдийгүй иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж ирснийг онцлов. Тухайлбал, 2015 онд 80 гаруй мянган иргэн БНСУ руу зорчсон бол түр болон урт хугацаагаар 30 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. 5000 гаруй иргэн БНСУ-д суралцаж байгаа бол тус улсын 3000 гаруй иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа нь хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрснийг илтгэж байна гэж үзэж болохоор байгааг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс монгол иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах талаар анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.