Categories
мэдээ нийгэм

Зарим уулзварын эгнээг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа.

Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг маргааш хаана

Наймдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 9-ний баасан гаригт буюу маргааш хаалтаа хийх гэж байна. Чуулган эхлэхдээ есдүгээр сарын 15-ныг хүртэл хуралдахаар товлосон ч хугацааг наашлуулахаар шийджээ.

Өнөө, маргааш хоёр өдөр УИХ-ын гишүүд шахуу төлөвлөгөөгөөр олон асуудлыг хэлэлцэн шийдэх аж.

Өнөөдөр УИХ-ынТөсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана. Харин маргааш нэгдсэн чуулгантай.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсад нэр хүндтэй “Project syndicate” байгууллага “Өдрийн сонин”-той хамтран ажилладгаа тайлагнажээ

Хамгийн анхны эх сурвалжаас, өндөр зэрэглэлийн тайлбар тоймыг хүргэдэг гэдгээрээ олон улсад алдартай, бусдаасаа ялгардаг байгууллага бол “Project syndicate” юм. Нью-Йорк болон Прага хотод төвтэй тус байгууллагын тоймчид, комментаторуудын улс төр, эдийн засгийн үйл явдлуудад хэрхэн дүгнэлт өгч, ямар тайлбар өгснийг нь уншиж байж, аливаа асуудлын талаар цэгцтэй ойлголттой боллоо гэж үздэг уншигчид олон улсад цөөнгүй. Уншигчид байтугай томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, агентлагууд тэдний байр суурь, өнцгийг харж байж өөрсдийнхөө дүгнэлтийг гаргах нь бий. Тус байгууллага дэлхийн 150 гаруй орны 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, улс орныхоо хамгийн шилдэг гэж тооцогддог хэвлэл мэдээллийн байгуулагад тоймуудаа өгдөгөө онцолжээ. Тэдний зүгээс нийтлэлүүдээ 12 хэл дээр орчуулан хүргэдэг бөгөөд бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх хэл дээрээ хөрвүүлэн уншигчдадаа хүргэдэг юм. Тус байгууллагын зүгээс хамгийн их хүндэтгэл хүлээсэн, үндэснийхээ хэмжээнд шилдэгт тооцогддог, нэр нөлөөтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладгаа сая танилцуулсны дотор Монголоос цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллагатай буюу “Өдрийн сонин”-той хамтардгаа тайлагнажээ. “Өдрийн сонин”-ы хувьд анх байгуулагдсан цагаасаа “Proj­ect syndicate”-ийн илгээсэн нийтлэлүүд дотроос Монголынуншигчдад сонирхолтой, ойр байж болох мэдээ мэдээллийг сонгон, орчуулан хүргэж ирснээс хойш 17 жил өнгөрчээ. Цаашид ч улс төр, эдийн засгийн нийтлэлүүд болон өрнөж буй үйл явдлыг мэргэжлийн хүмүүсийн тайлбартайгаар уншигчдадаа орчуулан хүргэх болно.

Дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, мэргэжлийн өндөр түвшний боловсруулалттайгаар уншигчдадаа хүргэдэг “Project syndicate” байгууллага ийнхүү “Өдрийн сонин”-г дэлхийд онцоллоо.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна (II)

Түрүүч нь №200 (5466) дугаарт

Хангайн нурууны зүүн урд хэсэг Өвт хайрхан, Их булаг, Баянхайрхан, Бат-Өлзий, Ар цэгээн уул гээд л Бат-Өлзий суманд сүүлийн арван жил ургаагүй их хэмжээний боргоцой өнгөрсөн жил ургажээ. Хуш мод болгоны мөчирт атгасан гар шиг том том боргоцой ургаж, ойн гүнд үхрийн нүд, аньс, гүзээлзгэнэ тэргүүт жимс хөл гишгэх зайгүй ургажээ. Хуш модны мөчир боргоцойгоо дааж ядан бөхөлзөж, сагсгар сүүлтэй хэрэм модноос мод дамжиж дэлгэр сайхан намар болж байна. Нарны гэрэл илүү туссан газрын боргоцой найман сарын сүүлчээр бүрэн боловсорсон байна. Хуш модыг багахан доргиоход л боргоцойн бороо нирхийтэл бууж байсан гэж нутгийнхан ярьж байна лээ. Байгаль дэлхий ингэж үр өгөөжөө харамгүй өгч байхад яах ёстой вэ. Газар газрын самарчид ирээд ой модоор тэнэж, байгалийн баялгийг нь хуу хамаад аваад явахыг хараад сууж байх уу. Байгаль орчны хэдэн байцаагчаа өдөр, шөнөгүй эргүүлд гаргалаа ч гэсэн хэдэн мянгаараа ирэх самарчдыг яаж ч чадахгүй нь тодорхой. Самар түүхээр ирсэн хүмүүс ой хөвчөөр гэр хийж олон хононо. Байгаль орчин бохирдуулж, хог новш тарина. Гал түлсэн газраа цог нурмыг нь унтраахгүй явчихна. Хэнэггүй нэг нь тамхины ишээ хаяхад л хуурай өвсөнд гал авалцаж, ой мод бүхэлдээ шатна. Ийм л ар араасаа цуварсан асуудал шүдний өвчин болж байжээ, Бат-өлзий сумынханд.

ТОЛГОЙ ӨВТГӨСӨН АСУУДЛЫГ СУМАНД АШИГТАЙГААР ЭРГҮҮЛСЭН АРГА

Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ынхан хэд хэдэн удаа хуралджээ. Ингээд сумын Засаг дарга Н.Баттулга нарын удирдлагууд ийм санаа олсон байна. Нэн түрүүнд байгаль орчноо хамгаалах нь зүйтэй. Ингэхийн тулд байгаль хамгаалагчид яагаад ч дангаараа дийлэхгүй.

Тэгэхээр хамгийн оновчтой бөгөөд нутгийн иргэд болон суманд ашигтай нь нөхөрлөл байгуулах гэсэн зөвшилцөлд хүрчээ. Ингээд сумын баг болгонд нөхөрлөл байгуулах хэрэгтэй юм байна. Хамгийн багадаа 20 гаруй гишүүнтэй 20 гаруй нөхөрлөл байгуулна. Үүнийхээ дараа нөхөрлөл болгонд самар ургасан уулын ам бүрийг хэсэгчилж хариуцуулж, гишүүдэд байгаль орчны байцаагчийн үнэмлэх тэмдэг өгнө. Ингээд гаднаас ирж байгаа хүмүүсийг самар түүх хуулийн хугацаа буюу аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж бид нутгаа хариуцах эзэнтэй байлгаж, гал гарах, байгальд хог хаях гээд толгой өвтгөсөн олон асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж байна. Ой модоо, самраа хамгаалсны дараа яах вэ. Нөхөрлөл болгоныг хариуцаж авсан газраасаа боргоцой түүж, цайруулах зөвшөөрөл олгоё. Нөхөрлөлүүдийг нийслэлээс цайруулсан самар худалдаж авч, борлуулдаг компаниудтай хамтран ажиллах гэрээ хийлгэж, түүж цайруулсан самраа зах зээлийн үнээр худалдах боломжийг нээж өгье гэсэн шийдвэрийг гаргажээ. Бат-Өлзий сум даяар нөхөрлөл байгуулах, нутгийн иргэд элсэх, аль аль хэсгийг хариуцаж хамгаалах, хотоос ирэх хүмүүсийг хөөж явуулах гээд нөр их ажил эхлүүлжээ. Нутгийн иргэд түүхий самар түүх нь ямар сөрөг үр дагавартай талаар мэдээлэл түгээж, эрүүл ахуй болон бусад сөрөг зүйлсийн талаар яриа ухуулга хийж, хуулийн заалтыг тараасан байна.

Үүнийхээ дараа Сум дундын Ойн ангиар Бат-Өлзий сумын газар нутгаас хэдэн тонн самар түүх боломжтой талаарх дүгнэлт гаргуулсан гэнэ. Бат-Өлзий сумын ойн анги 1.2 тонн цайруулсан самар хурааж авах бүрэн боломж байна гэсэн дүгнэлт гаргаж. Эргүүлд гарсан нөхөрлөлийн гишүүд “Боргоцой бүрэн гүйцэд болчихлоо. Хоног хугацаа алдах юм бол унаж, чөмөг нь хатчих гээд байна” гэж Засаг даргад хэл дуулгах болжээ. Хоног хугацаа алдах тусам самар хурааж авах байдал хүндэрч мэдэхээр байсан аж. Ингээд байгалийн дагалдах баялаг болох боргоцойгоо түүхээс өөр сонголтгүй болсон байна.

АЙМГИЙН ДАРГА НАР ДЭМЖИЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САМАР ТҮҮХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

Ингээд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн, одоогийн Засаг дарга Н.Баттулга нартай уулзаж, самар түүх талаараа танилцуулжээ. Бүр Байгаль орчны сайдын А166 дугаар тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүвэл цайруулсан самрын килограмм тутмаас 800 төгрөг, ахуйн хэрэгцээнд түүвэл 500 төгрөг авахаар заасан байдаг. Үүнийг баримталж ажиллан улсад орлого оруулах боломж байгаа талаар танилцуулжээ. Мөн байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргаанд тус нэмэр болох давуу тал байгааг хэлж ойлгуулсан байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга нар дэмжиж, есдүгээр сарын 15-наас эхлэн үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрлийг өгөх, Бат-Өлзий суманд өрнөж байгаа их ажлын талаар танилцуулга бүхий албан бичиг хүргүүлжээ. Байгаль орчны сайд энэ талаар бусад яам, Тамгын газрынхантай хуралдаж есдүгээр сарын 15-наас самар түүх зөвшөөрөл олгосон байна.

СУМАНД БОЛОН ИРГЭДЭД АШИГТАЙ АЖИЛ БУЮУ 820 САЯ ТӨГРӨГ

Тариалангийн бүс нутагт жил болгоны намар өрнөдөг ургац хураалтын ажил шиг Бат-Өлзий суманд боргоцой хураалтын ажил 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр эхэлжээ. Нутгийн иргэд боргоцой унагаах модон муна, самар цайруулах багаж хэрэгсэл хийж, майхан, хоол ундаа бэлтгэж аваад л уул руугаа явжээ. Ойн гүнд хуш модыг түн хийтэл цохих, пирхийтэл боргоцой унах, мод тойрон зогсох хүүхэд, эмэгтэйчүүд унасан самрыг шуудайндаа хийж, нэг газраа овоолох, овоолсон боргоцойгоо эрчүүд нь нэг газраа бөөгнүүлээд цайруулах гээд л нөхөрлөл дотроо өөр өөрийнхөө ажлын чиг шугамтай баг бүрдүүлэн ажиллажээ. Сумын Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт тавихаа ч мартсангүй. Ингэж 20 гаруй хоног Бат-өлзий сумынхан уул хангайдаа пижигнэж, самар хураалтын ажлаа хийж дуусгасан байна. Цайруулсан самраа гэрээ хийсэн компанийнхаа агуулахад аваачиж өгөх, жинлээд сумын Засаг даргын Тамгын газраас баталгаажуулж бичилт хийлгэж, гоожин түүх зөвшөөрлийн бичиг гэдэг шиг самар түүх зөвшөөрлийн бичгээ сунгуулаад уул руугаа дахин явсан их ажил хангайн буйдхан суманд өрнөжээ. Самар түүх зөвшөөрөл тавигдах үе буюу аравдугаар сарын 15-нд Бат-өлзий сумынхан самраа түүгээд дуусчихсан байжээ. Нийтдээ тонн гаруй цайруулсан самар түүсэн тооцоо гарсан байна. Үүний үр дүнд Бат-өлзий сумын төсөвт 820 сая төгрөг төвлөрүүлжээ.

Харин нөхөрлөлийн гишүүд хамгийн багадаа л сая төгрөгийн ашиг орлоготой болсон байна. Бүр нэг гишүүндээ таван сая төгрөг өгсөн нөхөрлөл ч байжээ. Энэ талаар Бат-Өлзий сумын “Өвт хайрхан” нөхөрлөлийн гишүүн Г.Батмөнхтэй ярилцаа.

-Та самар түүгээд хэдэн сая төгрөгийн орлого олсон бэ?

-Гурван сая гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Биднийг уулнаас цайруулсан самраа аваад ирэхэд гэрээт компани килограммыг нь 2500 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин сүүлдээ үнэ нь нэмэгдээд 7500 төгрөгөөр килограмм тутмыг нь худалдаж авсан. Олсон мөнгөөрөө оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж, өвлийн хувцсыг нь бүрэн бэлдэж чадсан. Манай сумын их олон айл өрхийн амьдралд “Боргоцой” төсөл хэрэг болсон. Манай ах дүү хамаатан садангууд өвлийн идэш, цагаан сарынхаа хэрэгцээг хүртэл хангасан. Банкны зээлээ төлж, дэлгүүрт өртэй байсан нь өрөө дараад, дэлгүүр худалдааны төвүүдийн эдийн засаг сэргэж, бараа бүтээгдэхүүн эргэлтэд ороод сайхан байсан.

-Энэ жил та нар самар түүнэ биз дээ?

-Сумынхан Байгаль орчны сайд руу хугацаанаасаа өмнө түүх зөвшөөрөл хүсэж байгаа гэсэн. Тэр зөвшөөрөл гарч хорио тавигдах юм бол түүнэ. Энэ жил самар их ургасан байна лээ. Өнгөрсөн жилийнх шигээ байгалиасаа ашиг хүртэж амьдралдаа тус нэмэр болгох боломжийг нээж өгч байгаад баяртай байна. Манай Бат-Өлзий суманд ургадаг самар ширхэг том, чөмөг ихтэй тул хүмүүс ам сайтай байдаг юм. Хотынхон булаацалдаад л манай нутгийн самрыг авдаг гэсэн. Боргоцой ургаад л байх юм бол Бат-Өлзий сум хөгжөөд л байх боломж харагдаад байна. Сум самарнаас олсон мөнгөөрөө цэцэрлэг барьж байна. Нутгийнхан боргоцойн ашгаар олсон мөнгөөрөө цэцэрлэг бариулж байгаа гээд бүгд л баяртай, сэтгэл дүүрэн байгаа гэв.

Тонн самарнаас байгаль орчны байцаагчийн гаргасан тушаалыг мөрдөж 820 сая төгрөгтэй болжээ. Улсын сан хөмрөгт хадгалж байгаад 100 гаруй сая төгрөгийг нь аймгаас өмнө нь авч байсан татаас мөнгөндөө өгчээ. Мөн залгаа сум болох Хархорин сумын нутгаас самар түүсэн байна гээд мөн л 100 гаруй сая төгрөгийг нь өгсөн гэнэ. Ингээд энэ мөнгөөр иргэдэд тустай юу хийх вэ гэж сумын удирдлага хуралджээ. Иргэдээс ч санал авсан байна. Сумын соёлын төвийг шинээр барих гэхээр 1.2 тэрбум төгрөг шаардлагатай, харин Орхоны модон гүүрийг бетонон болгох гэхээр 1.6 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингээд тулгамдаж буй асуудлын нэг болох цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд шинээр цэцэрлэг барихаар шийдвэр гаргажээ. Өнгөрсөн зургаан сараас эхэлсэн цэцэрлэгийн барилгын ажил удахгүй дуусах гэж байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

М.Дагва: Төр Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалбал эрүүл, гоё тогтолцоо болно

QMC группийн захирал,судлаач М.Дагватай ярилцлаа.

-Эрдэнэтийн 49 хувийг үндэсний компани авчихлаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Өнгөрсөн дөрвөн жилд санамсаргүй ч гэх үү, тохиолдлоор ч гэх үү Эрдэнэт рүү орж ажиллах боломж гарсан. Эрдэнэтийн удирдлага өмнөх дөрвөн жилд компани дээрээ жил бүр үүрэгдээд яваад байдаг нийгмийн зардал гэдэг юмыг яаж харах ёстой юм бэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьсан юм. Эрдэнэт үйлдвэр жил бүр 30-40 сая ам.долларын нийгмийн зардал үүрч явдаг.Тэр нь бүр тогтсон хэм хэмжээ юм шиг болчихсон. Эрдэнэтэд хоёр үнэн бий. Сонгуулийн үеэр гурав дахь үнэн нь гарч ирлээ л дээ. Нэг үнэн нь жил ирэх бүр Эрдэнэтийн ордын нөхцөл хүндэрч байгаа. Баян, гоё, өндөр агуулгатай зэсийн хүдэр нь одоо ядуурсан. Уурхайн хувьд ч олборлох зардал нь ихэсч байгаа. Зах зээл хөгжсөн улсын уурхайнуудад байдаггүй, социалист уурхайнуудад байсан тогтолцоо Эрдэнэтэд арилахгүй байна. Эрдэнэтийг аль ч тал хамтарч эзэмшсэн бай, жил бүр гарч буй нийгмийн зардлыг бодолцох л ёстой. Эрдэнэтэд байгаа, нийгмийн цехүүд гэсэн нэртэй соёлын ордон, спорт комплекс, амралтын газар, эмнэлэг сувилал гээд үйлдвэрийнх нь нэгж шиг болоод явчихсан зүйлс бий. Социалист системд байсан уурхайнуудад байдаг тогтолцоо. Оросуудын хувьд уурхай ашигладаг нь алс бөглүү нутгууд. Нарийн яривал нийгэм, байгаль орчин талын асуудал айхтар хурцаар тавигдахгүй газарт маш их уурхай байх шиг анзаарагддаг. Ийм учраас л оросууд санаа зовохгүйгээр Эрдэнэт шиг том уурхай байгуулчихаад жижиг хоттой нь орхиод явчихдаг юм байна л даа. Монголын хувьд Эрдэнэтээ орхиод явна гэхээр хэний ч санаанд багтахгүй. Эрдэнэт Оросын нүдээр харвал зуухан мянган хүнтэй томоохон тосгон. Гэтэл Монголын хувьд гурав дахь том хот нь. Ийм том хотоо хаячихаад нүүх ард түмэн гэж байх уу.

-Тэгэхээр бид яах ёстой гэж?

-Монголын хувьд бодох ганцхан асуудал бий. Эрдэнэтийн нөөц сайнаар бодвол тавь, жаран жилийн дараа дуусна. Муугаар бодвол тав, арван жилийн дараа нөөцөө барна. Тэр үед энэ хотыг яах вэ гэдэг монгол төрийн санаа зовох асуудал. Хоёрт, тэнд амьдарч байгаа 100 мянган иргэний санаа зовних асуудал. Гуравт нь, тухайн компанийн бодлоо чилээх асуудал. Дөрөвт нь, орхоныхны санаа зовох асуудал. Өндөр цалинтай, хангалуун байсан улс гэнэт л сөнөсөн хотын золбин иргэд болохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдийн санаа зовних асуудал болчихож байгаа юм. Ийм том асуудал дээр Монголд сайн туршлага байхгүй. Муу нь Налайх байна. Налайхыг харахаар төрд найдах хэцүү болчихоод байгаа юм. Монголын тухайд төр, хувь гэдэг нь бүр нийлчихсэн. Сүү, ус гэж төсөөлбөл хярам шиг болчихсон. Сүү, усаар нь ялгаж чадах уу гэсэн асуудал бий. Ганц компани, ганц яамны хийж чадах асуудал биш гэх гээд байна л даа. Тал талаас оролцсон том баг, гадна дотнын зөвлөхүүд ажиллаж байгаад маш урт хугацааны төлөвлөгөөгөөр шийдэх асуудал. Гурван жилийн дотор энэ асуудлыг шийднэ гэвэл магадгүй дөрөв дэх жилд нь Эрдэнэтэд бослого гарна.

-Эрдэнэтийг маш баян, саалийн үнээ гэж бодоод улстөрчид нь элдэв мэдэгдэл хийж, олон нийт ч өмнөх ойлголтоороо акцент өгөөд байх шиг. Эрдэнэт үнэхээр тийм мундаг саалийн үнээ хэвээр байгаа юу?

-Тухайн хүнийг засаг барих үед юм уу, эрх мэдэлтэй аж төрж байхад Эрдэнэт саалийн үнээ байсан. Одоо бол саалийн үнээ биш. Ганцхан морьтой, ядруухан амьдралтай хүний өдөр шөнөгүй унаж байдаг, нэг удаа ч адуутай нь цуг тавиад өвс идүүлчихээгүй яндсан морь шиг л болчихсон. Эрдэнэтийг өнөөдөр ийм нүдээр харж, ийм логикоор дүгнэж ажиллах ёстой. Юу яасан саалийн үнээ.

-Сая та Эрдэнэтийг социалист загварын уурхайн хэв маягаасаа салаагүй гэж ярилаа. Ер нь 100 хувь хувьд шилжүүлчихвэл яадаг бол?

-Миний хувьд Монголын төр 51 хувиа Монголын Хөрөнгийн биржээр гаргана, хувьцаат компани болгоно гэвэл эрүүл, гоё л тогтолцоо. Тэнд хэчнээн чадварлаг, шударга хүн томилогдлоо ч Монголын төр нь төрийн өмчит компаниудаа дарамталсан хэвээр байгаа тохиолдолд байдал эерэгээр эргэнэ гэж найдахад хэцүү. Монголын төрийн өмчит компаниас алдагдалтай нь хэд билээ. Статистикаас төрийн өмчит компаниуд өндөр ашигтай ажиллаж чаддаггүй нь тод харагддаг. Тэр утгаараа нийтийн өмчит компани болгоод явчихвал хөгжлийн нэг өөр шат болно.

-Төрийн өмчийг нэг дор бөөгнүүлэх бүтэц ид яригдаж байна. “Эрдэнэс Монгол” шиг Темасек загвараар ажиллаж, дэлхийтэй дэлхийн хэлээр ярих эхний алхмаа хийчихсэн байгууллагуудын хувьд хайран санагдаж байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-“Эрдэнэс Монгол” маягийн корпораци байгаад, тодорхой хувь нь төрийн оролцоотой, дийлэнх хувь нь бирж дээр, биржийн хувьд зарим нь Монголын, зарим нь олон улсын том бирж дээр байж чадвал өөр л дөө. Байж болох бүтэц гэж харж байгаа. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Бямбасайханы хувьд бизнесээс орсон, Темасекийн загварыг маш сайн хараад судлаад явж байгаа хүн. Тэр хүний толгойд энэ асуудал багтаж байгаа бол эцсийг нь хүртэл явах байх. Сонгуулийн дараа маш их өөрчлөлт явагдсан ч Б.Бямбасайханыг өөрчилсөнгүй. Монголчууд шат ахих тусмаа сургамж авсны л үр дүн. Том концепци боловсруулаад явж байгаа хүнийг тэр зүг рүү нь зүтгүүлээд улстөржихгүй байна гэдэг олзуурхам хэрэг.

-Төрийн өмчийг удирддаг нэгдсэн газрын тухайд тодруулж асуумаар байна л даа, тэр дотор нь уул уурхайн өмч байвал яах вэ…?

-Төрийн өмчийг удирддаг агентлаг байгуулаад, тэр агентлаг нь төрийн төрөл бүрийн өмчийг базвал, тэр дотор нь уул уурхайн өмч байх юм бол би нэг их зүйл хүлээхгүй. Яагаад гэвэл уул уурхайн бизнесийг ойлгоод, дэлхийн уул уурхайн том корпорациудтай, зөвхөн уул уурхайн менеж хийх асуудлаар дагнасан компаниудтай өрсөлдөхөд хэцүү. Монголд “BHP”, “Рио” шиг уул уурхайн корпораци бий болох юм гэж хараад, төрийн өмчтэйнүүд дээр нь “Эрдэнэс Монгол” маягийн бүтэц байх юм, хувийнх нь бол нэгдэж нийлэх, нэгнийгээ худалдаж авах маягийн зүйл болоод “Рио” шиг том корпораци болно гэвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Учир нь Монголд орон нутгийн компаниуд л байгаад байвал хоногийн хоолоо аргацаах төдийд болно. Дэлхийд өрсөлдөх компани бий болбол өөр. Хөгжлийг авчрах, хөгжлийн дараагийн шатанд хүрэх мөнгийг авчрах талаас нь харвал их өөр зүйл л дээ.

-“Дисковер Монголиа”-гийн голлох илтгэлийг тавина гэж сонссон. Илтгэлээ ямар сэдвээр тавих гэж байна?

-Монголын уул уурхайн салбарын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварын тухай ярих сонирхол байна. Мэдээж илтгэлийн нарийн ширийнийг “Дисковер” дээр ирсэн хүмүүс сонсоно. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хугацаанд болсон цөөхөн хэдэн баримт бий. Олон улсын зах дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, олон компани алдагдалтай ажиллах, хаалгаа барих, түр болон удаан хугацаагаар зогсч байгаа ч бүх уурхай хаалгаа бариагүй. Дэлхий уул уурхайн бүтээгдэхүүн хэрэглэдэг хэвээрээ. Тэр бүү хэл яг энэ хямралын үед зарим компани хүчин чадлаа нэмж байна. Үнэ бага үед өрсөлдөх чадвар муутай компаниудыг зах зээлээс албаар шахаж байна. Харин илүү өндөр үр ашигтайгаар, илүү хямдаар нийлүүлдэг компаниуд зах зээлийнхээ дийлэнх хувийг эзлэх бизнесийн том стратеги явж байна л даа.

-Манай уул уурхайн компаниудын хувьд өрсөлдөх чадвар тийм ч сайн биш шиг санагддаг. Адаглаад л төмөр замгүйгээс болоод тээврийн зардал дээрээ бүдэрдэг. Монгол дэлхийн уул уурхайн бизнесээс шахагдаж гарах магадлал өндөр гэсэн болгоомжлол төрж байна…?

-Бидний хувьд яагаа ч үгүй эрт гараа өргөж зах зээлээс хөөгдөөд гарах тоглогч мөн эсэхээ нухацтайгаар бодох хэрэгтэй. Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар заяагдмал давуу тал дээрээ яваад байна л даа. Ашигт малтмал нь газрын гадаргатай ойрхон, нөөц ихтэй учраас хамгийн хямдаар авч болдог, хямд ажиллах хүчтэй нь манай заяагдмал давуу тал. Гэхдээ заяагдмал давуу тал дээр удаан явж болдоггүй. Бусад өрсөлдөх давуу талууд руу орох ёстой. Заяагдмал давуу тал бол их эмзэг. Удахгүй шахагдчих эрсдэлтэй. Заяагдмал давуу тал нь бусад сул талаа нөхөөд явчихаар олон орд ашиглаад байгаа мөртлөө улс нь баяжиж чаддаггүй, үр ашиг нь гэвэл цөөхөн хэдэн хүний цалингаас хэтэрдэггүй. Уул уурхайд өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд дэлхийн бусад том корпораци юу хийдэг, бусад улс орнууд ямар бодлого барьдаг вэ гэдгийг судалж байна. Миний хувьд уул уурхай бидний хийх гэж зориод байгаагаас өөр тийшээ явах гээд байна шүү гэдгийг амьхандаа мэргэжлийн хүрээнд дуугарч байсан. Уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөр ашигтайгаар зараад болоод байх үед хүмүүс юу ч сонсдоггүй юм билээ. Тэр үед үр ашиг, өрсөлдөх чадвар, хямд зардлаар олборлох гэх мэт үгнээс илүүгээр их хэмжээгээр олборлох, хэн эзэмших вэ, ард түмэнд яаж хувь хүртээх вэ мэтийн өөр асуудлыг дуулиан шуугиан болгочихсон. Маш ихээр олборлож асар их ашиг хийх давалгаа, хийрхэл явчихаар зардлаа бууруулах тухай яриа бүр хойгуур орчихож байгаа юм. Харин үнэ унаад, уул уурхайн компаниудын амьд үлдэхийн төлөө тэмцэл эрчимжингүүт эхний нэг хоёр жилд үр ашиг муутай ажиллаж байсан компаниудын хувьд үрэлгэн зардлаа хасахаас эхэлсэн.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ санаснаас их унаад зардлаа хасаад ч ашигтай ажиллах боломжгүй болчихлоо шүү. Энэ тохиолдолд бидэнд гарц байна уу?

-Үрэлгэн зардлаа хасах асуудал 2014, 2015 онуудад явсан. Зардлаа хэчнээн хасаад үнэ түүнээс доошоо орчихоор өөр юм бодохоос аргагүй болсон нь үнэн. Ийм асуудал руу орсон дэлхийн хэд хэдэн компани маш сонирхолтой аргуудаар зардлаа бууруулж, үр ашгаа дээшлүүлж чадсан байдаг юм билээ. “Дисковер”-т тавих илтгэлдээ тэр жишээнүүдээс нь дурдаж ярина. Ер нь бол бизнесийн, технологийн түвшинд гарч байгаа зардлаа бууруулах, нийгмийн чиглэлээр гарч байгаа болон дэд бүтцийн зардлаа илүү оновчтой болгох гэх мэт олон арга бий. Төмөр зам барьчихвал тээврийн зардал их хэмжээгээр буурах яриа байгаа. Гэхдээ улиг болтол ярьсан учраас энэ удаа дэлгэрүүлж хөндөхгүй. Яг уурхай дотроо компаниуд бизнес, технологийн түвшинд яаж зардлаа хэмнээд байгаа тухай ярья гэж бодож байна. Уул уурхайн үр ашгийг монголчууд зөв хүртэж байгаа эсэх дээр өчнөөн жил ярьсан ч яриагүй өнцгүүд бий. Саяхан нэг судалгаа гарсан байна лээ. Уул уурхайн компаниудын нийгэмд үзүүлж байгаа ихэнх хөрөнгө оруулалт орон нутгаас их дээд сургуулийн оюутны төлбөр явдаг гэж. Үнэн л дээ. Голдуу уул уурхайн чиглэлээр сурдаг залууст компаниудын тэтгэлэг хөлөөр нэг хөглөрч байна.

-Уурхайн хаалтын хурал лав л арваад жил болж байна. Ингэхэд ирэх лхагва гаригт болох уурхайн хаалтын хурал болохоос аргагүй ямар шалтгаан байна вэ?

-Уурхайн хаалтын хурлыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Ирэх лхагва гаригт болно. Хамгийн анх нөхөн сэргээлтийн сайн талыг бусдад түгээдэг хурал байсан. Нөхөн сэргээлтийг ойшоодоггүй байсан захирлуудын бодлыг өөрчилж чадсан арга хэмжээ л дээ. Уул уурхайн нөлөө их болсон. Дундаж уурхай гэхэд л нэг аймгийн төсвийг аваад явчихаж байна. Улсаас татаас авахаа больсон аймаг гэхэд Сүхбаатар байна. Тэнд цайрын уурхай ажилладаг. Орхон аймаг татаасгүй. Булган гэхэд л зөвхөн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг усаараа төсөвтөө багагүй мөнгө олчихдог. Уурхайн эзэн нэг айлын амьдалыг авч явдаг үе дуусаад нэг аймгийг, нэг бүсийг авч явдаг хэмжээнд хүрээд байгаа. Энэ утгаараа уул уурхай зогсвол нэг аймагт, нэг бүс нутгийн эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээнд хүрчихсэн. Тэр утгаараа уурхайн хаалт гэдэг бол аль аль талдаа анхаарахаас аргагүй асуудал. Австралиас хүн урьж туршлага яриулна. Бидний зүгээс уурхайн хаалт дээр олон улсын хууль эрх зүйн жишээг харж байгаад тодорхой гарцууд ярина. Уурхайн хаалттай холбоотой эрх зүй ойрын хугацаанд шинэчлэгдчих болов уу. Яамны зүгээс өндөр дэмжлэгтэй ажиллаж байгаа.

-Салбарынхаа сайдтай уулзсан уу?

-Уулзсан. Салбарт хэрэгцээтэй хуулиудаа 2017 ондоо багтаагаад цэгцэлчихье гэсэн бодолтой ажиллаж байгаа юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний өшөө авалт ба ман

Оршил. Ялалт дагуулсан гомдол

Манай монгол хэлнээ ямар ч харь гаралгүй, цэвэр цусны нэгэн хэллэг байдаг нь “Уг номоороо бол болохгүй, гэхдээ яахав” болой. Ямар нэгэн юмыг хууль номын дагуу хийхгүй гэсэн санаа. Их төлөв хүнд зөв санасан хэрэгтэй үед тусламжийн гараа сунгасан сайн хүний амнаас гарна. Яг түүн шиг ардчилсан сонгууль нь “уг номоороо”засаг барих хөтөлбөрийн сонгон шалгаруулалт бөгөөд олон түмэн өөрийн амьдралын маргаашийн программыг сонгох процесс.

Харин манай сонгууль “гэхдээ яахав” утгаараа аанай л өөр. Сонгууль нь дуртай улс төрийн хүчнээ дэмжих сонголт бус харин дургүй намаасаа өшөөгөө авах, тэдний “дайсан”-д эрх мэдлийг өгч бах таваа хангах процесс болоод байгаа юм. Нэгэнт л ийм байгаа юмыг сайхан муухайг нь дуудлаа гээд яах ч билээ.Ерөөсөө ч бидний өнгөрсөн түүхийн олон эргэлтүүдээс “ялалтаас илүү өшөө авалт”-ын зарчим харагддаг.

2016 оны сонгууль ч яг ийм утгаар явагдаж, засаг барьж зэвүү хүргэсэн АН-аас өшөөгөө авах процесс болон өрнөв. Бараг бүх аймгийг автозамаар нийслэлтэй холбосон амжилт ба Улаанбаатарын дарга Бат-Үүлийн үлгэр жишээгээр төрөө бариад ч амжилт олсонгүй.Түүгээр ч үл барам Бат-Үүлийн баг нь өөрөө хотод ялагдав.Сонгууль бол үндэсний өшөө авалт ажгуу.

Хачирхалтай нь, хөдөөний сонгогчид МАН-д санал өгсөндөө сэтгэл ханамжтай байсан ба харин “Улаанбаатарт Бат-Үүл яагаад ялагдчихаа вэ” гэж гайхах нь их байлаа. Сүүлдээ намайг ч буруутгаад байх шиг санагдахаар нь “Та нарт ямар хамаатай юм бэ” хэмээн уцаарлахад “Бидэнд ч хамаагүй л дээ. Гэхдээ л Улаанбаатар гоё болж байсан шүү дээ” гэх юм билээ.

Нэг. Өөрийнхөндөөялагдсан АН-ын Улс төрийн товчоо

Манайд ажиглагдсан жишээгээр бол ялагдах нам эхлээд өөрийн гишүүддээ ялагддаг бололтой.

Өнөөх хуучин цагийн хүрээ онигоонд “Манай хороон дарга ёстой цусуутай хүн баа. За тэр Дулмаа ч Дулмаа” гэдэг шиг “АН ч АН л” байсан. Ардчилсан нам 2004 онд луйвардуулсныг тооцвол арваад жил сонгуульд амжилт гаргаж, сүүлийн гурван (парламентын нэг, ерөнхийлөгчийн хоёр)сонгуульд дараалан гялалзсан ялалт байгуулсан. Үүндээ эрдэж, “үүрд эрх барих аятай” төөрөлдчихсөн байв. Ийм учраас сонгуулийг сөрөг намаа ялах утгаар бус нам доторх сөрөг бүлгээ дарах процесс болгохыг удирдагчид нь хэтэрхий чармайсан.

Намын удирдлага нь сүүлдээ хуучин “МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо”-г санагдуулам команд болон хувирсан гэж гишүүд нь шүүмжилдэг.Мөнөөх “Улс төрийн товчоо”-гоо хамгаалахын тулд намын их хурал хийхээ больсон ба ҮЗХ-д ротаци явуулан шинэчлэхээ зогсоогоод удсан аж. Энэ байдлаа хадгалахын тулд намын анхан шатны байгууллагаа “овгийн байгуулал” маягтай болгон төрөл садан, худ ургаараа бүрэлдүүлээд, намаа өргөжүүлэх ажилд туйлын болгоомжтой хандах болсон нь нэрмээс болов. Өнгөрсөн сонгуулийн үеэр парламентад нэр дэвшсэн Засгийн газрын гишүүн хүн өөрийн дэмжигчдээс АН-д элсүүлэх гэтэл “Батлах байхгүй” гэсэн шалтаг заан цааргалсаар өнгөрөөж байсан нь “овгийн байгуулал”-аа хамгаалж байгаагийн жишээ бололтой.

Үүнд гонсойсон намын олон мянган гишүүн “Улс төрийн товчоо”-ноосоо салахын тулд тэднийгээ газарт буулгахыг чухалчилсан нь МАН-ын ялалтад бас дэм болжээ гэж хармаар байна. Үнэхээр ч “ардчилалгүйн манлай” гэгдэх МАН нэр дэвшигчдээ бага хурлын хэдэн зуун гишүүнээрээ хоёр өдөр хэлэлцэн, хүн тус бүрээр ярилцан баталж байхад “ардчиллын магнай” болсон АН дарга нарынхаа “санал болгосон” нэрсийн багцыг хэдхэн минутад бөөндөн ёсчилсон зэрэг нь ч юм бодогдуулсан байх.

Намынхаа ардчилалгүй байдалд дургүйцсэн гишүүд, гадуурхагдсан зүтгэлтнүүдийн хүчин зүйл нь сонгуулийн дүнд нөлөөлсөн. Үнэхээр ч нам дотоодын тэмцэл нь нам хоорондын тэмцлээс хатуу харгис, өршөөлгүй байдгийн жишээ нь Н.Энхбаяр дээрээс харагддаг. Ингэхээр намын удирдлагадаа зуугдахын аюул нь сөрөг намд зуугдахаас аюултай гэсэн үг. Бас АН-ын өнгөрсөн ялалтууд нь өөрийн сайных гэхээсээ илүү МАН-ын гишүүд, зүтгэлтнүүдээс өөрийн лидер Н.Энхбаяртайгаа хийсэн тулалдааны үр дүн байсныг сануулах юун.

Хоёр. Монголын “Хувьцаат” намууд

Өнгөрсөн сонгуулийн үр дүн бол МАН-ын төсөөлж байснаас ч хэтийдсэн амжилт болсон юм. Сонгогчид тэдний төсөөлснөөс ч илүүтэйгээр АН-д гомдсон байж таарав. МАН ийм ялалтад бэлэн байсангүй.

Одоо гудамжинд гараад МАН-ын мөрийн хөтөлбөрт юу байсныг асуухад цээжээрээ хэлэх сонгогч олохгүй. Учир нь өрсөлдөөн сайн муу хөтөлбөрийн хооронд өрнөөгүй. МАН ч ёсыг бодож “нэгэнт л ийм юм хэрэг болдгоос хойш яая гэхэв” хэмээн мөрийн хөтөлбөр гаргасан байлаа. Эдийн засгийн өнөөгийн хямралыг хамтран бүтээгчийн хувьд бодит байдлыг төсөөлж байсан нь гарцаагүй ч түүнийг шийдэх талаар бодсон юм байсангүй. Их л сайндаа засаг байгуулах, голлох яамыг авах, үгүйдээ л 2012-2019 онуудад “нэрэн дээрээ сөрөг нэдэр дээрээ эрх баригч” байсан МАХН ба Энхбаярын орон зайг эзлэхээр л төсөөлж байсан болов уу.

Сонгуулийн ялалтыг дарга болох, чухал “мээст”-үүд дээр өөрийн хүнээ тавих лиценз хэмээн харж байснаас биш ийм хүнд үед улс орны хувь заяаг ганцаараа авч явах үүрэг, түүнийхээ төлөө ганцаараа хүлээх хариуцлага болно гэж төсөөлсөнгүй болтой.

Иймээс МАН-д өнөөдөр улс орноо удирдах ямар ч тодорхой хөтөлбөр байхгүйн дээр татвар нэмэх, хасах, гэхчилэнгийн сонгогчдын байтугай өөрсдийнх нь толгойд байгаагүй юмсыг сэдэн гайхшруулж байгаа хэрэг.

Улс төрийн намуудын бас нэг сул тал нь өөрсдийн санхүүжүүлэгч, дэмжигчид ба тэдний ачийг хариулах үүрэг болоод байна. Тэдэнгүйгээр нам оршин тогтнох аргагүй, тэдэнтэйгээр ч оршин тогтноход цаашдаа хэцүү, нэг ийм байдалтай.

Сонгуулийн үед мөнгөөр тэтгэж, биеэр зүтгэж, үзэл суртлаар дэмжиж санал цуглуулсан хүмүүст албан тушаал хуваарилах, эрх ямбаар тэтгэх, намын төлөө үрсэн хөрөнгө зоорио нөхөх, өсгөх (Хотын МА намын хороотой холбогдсон 60 тэрбумын дуулиан гм) боломж олгох хэцүүхэн үүрэг намд ногддог.

Энэ байдал нь сонгуульд оролцож буй улс төрийн намын жинхэнэ агуулгыг өөрчилж төсөв захиран зарцуулах тендерт өрсөлдөж буй хувьцаат компани маягтай болгож байгаа юм. Ингэхээр сайн нам байхын тулд арвин их ногдол ашиг хуваарилах чадамжтай байгууштай болоод ирнэ. Мөнөөх алдарт Сундуй даргын “60 тэрбум босгох ба хуучин бүх албан хаагчийг халж өөрийн хүнийг тавих” тухай домогт яриа нь ийм тогтолцоон дотор бодитой зүйл юм. Төсөв зарцуулах лицензийн төлөөх тендерт оролцохын тулд томоохон хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө оруулалт шаардах, эргээд тэр хэрээр нь ногдол ашиг хуваарилах тухай л асуудал харагдаж байгаа биз дээ.

Уул нь болдог бол засгийн эрхийг: инфляцийг энэ хэмжээнд барина, энэ хэмжээний төсвөөр ийм бүтээн байгуулалт хийнэ, ДНБ-ийг төд болгоно, та нарын ашиг 15-20 хувьд эргэлдэнэ гэхчилэнгийн тодорхой болзолтойгоор “хувьцаат нам”-уудад тендерээр өгөөд явбал их эрүүл юм ш дээ. Даан ч галзуу сонсогдож байгаа биз.

Гурав. Ялсан намын салаа зовлон

МАН-ын өмнө одоо хоёрдмол асуудал тулгарч байгаа. Нэг талаасаа сонгуулиар улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүнд үед эдийн засгаа аврах алхмууд хийх явдал байна. Нөгөө талд нь аливаа ХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээдэг үүргийн тусгал болсон намын санхүүжүүлэгч, онцгойлон дэмжигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх явдал байна.

Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол нам дараагийн сонгуульд ялахгүй. Санхүүжүүлэгчид дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол мөн л адил үр дагавартай.

Ингээд тэд хэдэн алхам хэрэгжүүлэх гэж байх шиг байна. Энэ нь эзэн Чингис хааны эрх ямба бэлэглэх ёсноос үүдэлтэй албан тушаалын бялуу хуваах асуудал. (Дашрамд дурдахад, Чингисийн үеийн байгуулсан гавьяаных нь төлөө “есөн удаагийн гэмт хэрэгт нь ял хэлцэхгүй өршөөх ” урамшуулал одоо ч “Өршөөлийн хууль” хэлбэрээр үргэлжилж байгаа)

Ялангуяа татварын маш сайн тогтолцоогоо өөрчлөх, хувь хэмжээг нь нэмэхээр завдаж байгаа нь нийгэмд томоохон хардлага төрүүлж байгаа юм.

Ер нь бол татвар нэмэхийн оронд татвар хураах талбайг томсгох, татвар төлөгчдийн чадамжийг нэмэх нь илүү үр дүнтэй гэдгийг тэд мэдэхгүй биш, мэдэхийн цаагуур мэднэ.

Татвар нэмснээрээ зохих гавьяа байгуулсны учир албан тушаалд томилогдсон “хувьцаа эзэмшигч”-дийнхээ захиран зарцуулах хөрөнгийг яаралтай босгож урамшуулах, тайтгаруулах арга хэмжээ авч байна хэмээн хардмаар байгаа юм.

Ялангуяа нийслэлийн шинэ удирдлагын зүгээс хийж байгаа алхмууд гайхаш төрөм.

Хот руу хөдөөнөөс чиглэсэн автомашины урсгал нэмэгдэх үеийг тохиолдуулан авч байгаа тээврийн хэрэгслийн хяналтын томоохон үзлэг эхлүүлсэн, мөн баар рестораны ажиллах цагийн хуваарийг багасгахаар зарласан зэрэг олны сонирхол татсан алхмуудыг ажиглацгаая.

Энэ алхам хоёр талтай юм. Уул нь Бат-Үүл хотын дарга байхдаа хичээлийн шинэ жилийн эхээр болон цагаан сарын босгон дээрх амралтын өдрүүдэд дугаарын “тэгш,сондгой” хязгаарлалт зарлаж ирсэн. Энэ нь хөдөөнөөс ирж түвэг удагсдын талыг нь нэг өдөр хазаарлаж хашраах зорилготой байгаагүй. Харин ч хотын машины талыг нэг өдөр зогсоож, хөдөөнийхөн ажлаа бүтээхэд чиглэсэн алхам байв. Учир нь энэ өдрүүдэд хот дахь худалдан авалт, үйлчилгээний хүрээ огцом нэмэгдэж улаанбаатарчуудын эдийн засгийн эргэлтийг тэтгэдэг тул дэм өгч байгаа хэрэг. Үнэхээр л “Найрсаг Улаанбаатар” болж эхэлж байсан юм шүү.

Харин энэ удаа тэдэнд автотехникийн томоохон гэнэтийн шалгалтаар бэлэг барьж байна. Утаа хаядаг машин, бүрэн бус үзэмж муутай тэрэг, аптекгүй жолооч (Чааваас, далимд нь хотод эмчид үзүүлж эм авах санаатай яваа амьтан), ослын дохиогүй этгээд хөдөөнийх л байгаа. Эцсийн дүндээ хотод шалгуулж, торгуулж хаширсан хөдөөнийхөн эгүүрд Улаанбаатарыг зүглэхээ болих ба үр дүнд нь хотын түгжрэл багасах нигууртай бололтой.

Баар рестораны цагийн хуваарийг уртасгасан нь мөн л Бат-Үүлийн алхам. Хүмүүс чөлөөт цагаараа, үдэш орой л баар ресторонд суудаг. Тэрнээс биш өглөө есөн цагт бааранд орчихоод орой зургаан цагт харьдаг хүн байж гэмээнэ өвчтэй, эсвэл тусгай үүрэг гүйцэтгэж яваа этгээд л байж таарна.Энийг МАН ч мэднэ, мань ч мэднэ. Согтуугаар үйлдсэн хэргүүд гэр орон, харанхуй гудамжинд голлон гардаг, шөнө юм уухаар шийдсэн хүний хүслэн ямар ч цагийн хуваарьт үл захирагдана, баар ресторон хаасан бол мухар гудамжнаас найрка олж ууж байж ханана гэдгийг бас л МАН ч, мань ч мэднэ. Иймээс юуг ч мэдэхгүйгээсээ болж буруу хийгээгүй.

(Нууцгүй хэлэхэд хотын удирдлага өөрсдийгөө “өөр нэртэй Бат-Үүл”, “Бат-Үүлээс ч илүү батүүл” болгон харагдуулж байж олны сэтгэлийг татна шүү. Тэрнээс биш түүнээс өөр хүн, илүү мундаг дарга болох гэсэн явцгүй алхмууд чинь “өмнө нь Бат-Үүл байсныг өглөө бүр сануулах” болно. Хотын иргэд МАН-д хайртайдаа санал өгөөгүй, уурандаа өгсөн, түүнчлэн ялагдсан дарга нь хотынхны сэтгэлд “бурхан дарга” болон үлдсэнийг зөвшөөрөх ёстой)

Ялангуяа хотын удирдлагын ийм үйлдлүүд нь олон түмэнд хууль хэний гарт байгааг мэдрүүлэх зорилготой юм шиг санагдаж байна.

Ер нь бол төр засгийн зангаргийг харуулах, төрийг төлөөлдөг намын гишүүдийнхээ эрх мэдлийг тэтгэхийн тулд шалгах хянах явдлыг дээд хэмжээнд хүргэх бололтой.Тамхи татах, архи уух, биеэ үнэлэхтэй хийх тэмцэл өдөр тутмын үйлс болох царайтай.

Шинээр маш олон хориг нэмнэ. Шөнийн цагаар гадуур тэнэх, хүүхдүүд интернэтэд орох, гудамжинд нулимахтай дайн зарлана. Цаашлаад ард иргэдээ халамжлахын тулд өвөл малгайгүй явахыг хориглох ба байгууллагын ариун цэврийн комиссоос үс хумс шалгаж ч магад. Айлуудыг унтаж байхад орж шалгах ба үүнийгээ гэмт хэргээс сэргийлэх хууль дүрмийг хэрэгжүүлэхтэй холбон тайлбарлаж мэднэ.

Эцсийн дүндээ иргэд юун эдийн засаг масаг сайжрах вэ, хэрэгт орчихолгүй бор хоног өнгөрөөж байгаагаа их юм гэж боддог болгохыг санаархсан юм уу гэмээр. Ийм туршлагаар тэд дутахгүй л дээ. Үүнээс өөрөөр төр барьж байгаагаа харуулах, юм хийж байгаагаа нотлох зам тэдэнд харагдахгүй байгаа нь дээрх хардлагыг улам нэмэгдүүлж байна.

Гэвч эцсийн дүндээ төрийн албаны нэр хүнд унаж, тэднийг авлига, гэмт хэргийн зам руу хөтөлнө, хүмүүс өөрийг нь хэрэгт холбогдуулсан засгийг өөрийг нь сольж цагаадахыг эрмэлзэнэ, дараагийн сонгуулиар сөрөг үр дүн гарна.

Төгсгөл. Төгсгөлийн боломж

МАН-ыг сонгуульд ялсан атлаа улс орноо хямралаас гаргах мөрийн хөтөлбөргүй байгаад буруутгах аргагүй. Учир нь манайд “мөрийн хөтөлбөр” гэдэг бол сонгуульд ороход л хэрэг болдог, яг л үзлэгт орох үеэр л хэрэг нь гардаг автомашины аптек энэ тэр шиг зүйл.

Харин “Улс орны өнөөгийн байдал”-ыг хамтран бүтээгчийн хувьд хүлээх үүрэг хариуцлага МАН-д бий. Тэр үүргээ ухамсарлаж, эдийн засгийн орчноо эрүүлжүүлэх, байдгаа хувааж идээд дуусдаг халамжийн тогтолцооноос салах, нүүдэлчний зангаар бүхнийг өөрөө хийгээд өөрөө хэрэглэдэг араншингаас хагацах олон алхмыг хийвэл гайхалтай үр дүнд хүрмээр байна.

МАН-д үндэстнийхээ нийгэм, эдийн засгийг эрүүлжүүлсэн, улмаар аварсан гавьяанд эзэн суух гурван зурвас боломж байна.

Юуны өмнө зарчмын ийм шинэчлэлийг хямралын нэрийг өмнөө барин хийх боломжтой өчүүхэн зурвас үе гарсан байна.Хямарч байгааг нийтээрээ ухаарсан, шинэчлэлийн ая даахаар байгаа зурвас.Үүнээсээ цааш бол алдах юмаар улам багасч, нийтээрээ шийдэмгий хувьсгалч болж мэднэ.

Хоёрдугаарт, олон түмэн АН-ыг чадсандаа бах нь ханасан байдлаасаа гарч амжаагүй зурвас үе байна.Ийм үедээ сонгогчид зоримог шинэчлэлийн ая даах сэтгэлийн хаттай байж таарна.

Гуравдугаарт, АН дотоод зөрчлөө шийдэж амжаагүй, сөрөг хүчнүүд эвлэлдэн нэг фронт болж чадаагүй бяцхан чөлөө байна. Энэ нь зоримог шинэтгэлийг хэн ч тасалдуулах боломжгүй зурвас үе юм.

Хэрвээ зарчмын шинжтэй зоримог шинэчлэл хийх гэж байгаа бол ганц улирал, үсрээд л хагас жил байна. Цагаан сарын дараа боломжууд нөгөө талдаа гарчихсан, сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шаардлага ч гудамжнаас цуурайтаж байж мэднэ. Уурссан олон түмэн, мэргэжлийн хувьсгалчид хамтдаа гудамжинд байгаа шүү дээ. Санасандаа хүрэхийг хэн байг гэхэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та Монголын өтгөс буурлаас нэн даруй уучлал гуй​” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд Монгол
Улсын нэгдсэн төсвийн 2015
оны гүйцэтгэл, Засгийн газрын
санхүүгийн нэгтгэсэн тайлан,
“Монгол Улсын 2015 оны
төсвийн гүйцэтгэлийг батлах
тухай” УИХ-ын тогтоолын
төслийн анхны хэлэлцүүлгийг
хийсэн юм. Харин үдээс хойшхи чуулганаар Онцгой
албан татвараас чөлөөлөх
тухай хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Байнгын хорооноос анхны
хэлэлцүүлгээр батлах санал
гарсныг дэмжсэнээр уг
санал дэмжигдэн баталсан юм. Чуулганы хуралдаанаас хийсэн сурвалжлагыг нэг, тавдугаар нүүрээс уншаарай.

Энэ долоо хоногт “Инвест Монголиа”
хөрөнгө оруулагчдын
чуулга уулзалт болж өнгөрлөө. Энэхүү чуулга уулзалтыг зохион
байгуулагч “Фронтиер
конференс” компанийн
гүйцэтгэх захирал Маса
Игататай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Тэрбээр “Мэргэжлийн Засгийн
газар байгуулагдаагүйд
хөрөнгө оруулагчид сэтгэл
дундуур байна” хэмээн ярилцлагадаа онцоллоо. Харин у
лс төрийн хоёрдугаар нүүрээс “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
та Монголын өтгөс буурлаас
нэн даруй уучлал гуй” нийтлэлийг уншаарай. Мөн Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой удахгүй болох орон нутгийн сонгуулийн талаарх ярилцлагыг сонирхон уншаарай. Орон нутгийн сонгуульд
нэр дэвшигчдийг энэ сарын
13-нд нийтэд зарлах юм байна.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Буцсанаасаа буцсанаа буцаж…” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Тэгвэл Баримт, үйл явдлын зургаадугаар нүүрээс Дорноговь аймгийн Мандах сум дахь “Хаан” банкны салбарыг дээрэмдсэн хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч унших боломжтой. Гэмт этгээд хулгайлсан буугаар дээрмийн хэргийг үйлдсэн байна. Мөн түүнчлэн Хөвсгөл нууранд таван хүн завьтай явж байгаад осолдсон харамсалтай хэргийн талаарх цуврал сурвалжлагын үргэлжлэлийг долдугаарт нүүрт хэвлэлээ.

10 дугаар нүүрээс УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын “Бид хүчин чадлаа 10 сая тонноор нэмнэ” гарчигтай ярилцлага, “Эдийн засаг” булангаас “Гложекс” группийн ерөнхийлөгч Л.Наранбаатартай коксжих нүүрсний үнийн өсөлтийн талаар болоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хийсэн ярилцлагыг зэргийг сонирхон уншаарай. Мөн 12 дугаар нүүрний “Багш” буланд гарсан тавдугаар сургуулийн багш М.Болормаагийн “Хүүхдийн урам зоригийг мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй” гарчигтай багш хүний арга зүйн талаарх ярилцлага, “Соёл урлаг” булангаас Солонгосын өвөрмөц өнгө төрхийг харуулсан “Ханбид” загварын агентлагийн тэргүүн загвар өмсөгч Юү Су Хёньтэй загварын чиг хандлагын талаарх сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншина уу.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай захирамж гаргалаа.Захирамжид: Улаанбаатар хотын иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор наймдугаар сарын 25-наас аравдугаар сарын 25-ны өдрүүдэд “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулахаар заасан байна. Мөн “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г дүүрэг тус бүрт хоёроос доошгүй байршилд зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 23 байршилд 190 цэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна. Түүнчлэн есдүгээр дүгээр сарын 15-наас Сүхбаатарын талбай, Барилгачдын талбай, Жуковын талбайд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарах ажээ.

Хүнсний ногооний үнийн тухайд:

Нэр

КГ

Үнэ

Төмс

1

500-700төг

Лууван

1

1000төг

Сонгино

1

1500төг

Сармис

1

10000-25000төг

Тарвас

1

1000төг

Хулуу

1

1000-3000

Шар манжин

1

500төг

Улаан манжин

1

1000төг

Талбайн өргөст

хэмх

1

800-1000төг

Хүлэмжийн өргөст

хэмх

1

3500-4000төг

Чинжүү

1

4000төг

Улаан лооль

1

4000-6000төг

Байцаа

1

500төг

Б. Ган-Эрдэнэ

Categories
мэдээ эдийн-засаг

Уул, уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга маргааш эхэлнэ

discover mongolia зурган илэрцүүдМанай улсад 14 дэх жилдээ зохион байгууллагдах уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2016” чуулга уулзалт маргааш буюу есдүгээр сарын 8-аас 9-нд болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь шинэ Засгийн газар байгуулагдаад буй үед зохиогдож буйгаараа ихээхэн онцлогтой юм. Сүүлийн найман жилийн хугацаанд УИХ-ын сонгуулиар анх удаагаа нэг нам дийлэнх олонхийг бүрдүүлж Засгийн газраа байгуулж буй явдал нь уул уурхайн салбар төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдэх суурь нөхцөл болно хэмээн найдаж буйгаа хурал зохион байгуулагчид хурлын цахим хуудсанд онцолсон байна.

Тиймээс шинэ Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлогын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц. Дашдорж “Discover Mongolia” хуралд илтгэл тавих аж. Хурлын үеэр “Засгийн газрын цаг” уламжлалын дагуу болохын сацуу уурхайн аяллаар хурлын алтан түнш “Эрдэнэ Монгол” компанийн Алтан нар, Баянхөндийн хайгуулын төслүүдийн явцтай газар дээр нь очиж танилцах боломжтой аж. Энэхүү хурал “Корпорэйт конвэншин” төвд маргааш 09:00 цагаас эхлэх юм. Хурлыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар үг хэлэх аж. Эхний салбар хуралдааныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хөтлөнө.

discover mongolia зурган илэрцүүд

Dicover Mongolia 2016хурлын хөтөлбөрийг хүргэе.

“Эрдэнэс Монгол” компанийн стратегийн шилжилтийн хөтөлбөр, “Оюутолгой-Ирээдүйн өсөлтийн тэргүүлэгч” сэдвээр тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх илтгэл тавина.

“Азийн гангийн эрэлтийн төлөв”-ийг “Энержи ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл

Уул уурхай болон банкны салбарыг төлөөлж Голомт банк

“Монголд хөрөнгө оруулсан 20 жилийн туршлага”, “Эрдэнэ ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петер Акарлэй

Монгол Улсын макро эдийн засгийн байдал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Матью Блан

Монголын түүхий эдийн нийлүүлэлтэд үзүүлэх Хятадын нөлөө, CRU China компанийн захирал Жон Жонсон

Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, QMC группын ерөнхий захирал М.Дагва

Уул уурхайн салбарын макро үзүүлэлтүүд болон хүлээлт, Санхүү, эдийн засгийн хүрээлэнгийн багш Ж.Дэлгэрсайхан нар үг хэлж, илтгэл тавих ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун, зүүн дөрвөн замын уулзварын эгнээг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа ажээ.