Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (III)

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №198, 199 (5463, 5464) дугаарт

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Монгол мал аж ахуйн орон. 76 сая малтай баян улс. Гэтэл зах зээл дээр хонины нэхий боодол бохины үнэ хүрэхгүй, ихэнх нь хотондоо хаягдаж байна. Зах зээлд боодол бохины үнээр зарагдсан нэхий ченжүүдээр дамжаад үйлдвэрт хагас боловсруулагдаж Хятадын болон олон улсын зах зээлд гардаг. Нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, өмнөх дугаарт өгүүлсэнчлэн хятадуудын авсан нэхийг боловсруулсныхаа хөлсийг аваад өнөө, маргаашийг өнгөрөөж байна. Хятадууд эндээс хэдэн мянган нэхийг бохиноос хямд үнээр авч, үйлдвэрт түрээс төлж хагас боловсруулаад гаргаж болдог. Гэтэл үндэсний үйлдвэрүүд яагаад тэдэнтэй өрсөлдөөд өөрсдөө нэхий авч, түүнийгээ боловсруулаад дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байна вэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТАТВАР ТӨЛНӨ, ЧЕНЖҮҮД ТӨЛӨХГҮЙ

Арьс, ширний салбарын түүхий эдэд 150 орчим тэрбум төгрөг эргэлддэг талаар сонслоо. Энэ мөнгөний ихэнх нь далд байдаг гэдэг мэдээллийг бас авав. Малчдаас арьс, шир авч байгаа зах зээл үйлдвэр болон ченж хоёрт хуваагддаг. Тэгвэл 30 гаруйхан үйлдвэрүүдийн эргэлт ил, улсын хэмжээнд ажиллаж байгаа ченжүүдийн бизнес далд байдаг. Үүнийг жишээгээр тайлбарлавал, иргэн Дорж ченж. Тэр энэ салбарт ажилладаг хятад бизнесмэнд зуучилдаг. Хятад түнш нь хоёр мянган нэхийний захиалга өгнө. Дорж түншийнхээ санал болгосон үнээс ашиг гаргаж малчдаас түүхий эд худалдаж авдаг. Цуглуулсан нэхийгээ вет-блю болгохын тулд боловсруулах үйлдвэрт хандана. Ингэхдээ “А үйлдвэр 10 юаниар боловсруулна гэсэн. Танайх эндээс доод үнээр боловсруулна гэвэл гэрээ хийлээ” гэж тулгадаг. Боловсруулах үйлдвэрүүд хоорондоо “Доржийн нэхийг 11-12 юаниар л боловсруулна шүү” гэж тохироо хийсэн ч ажилтай байхын тулд Доржтой нууц гэрээ хийж үнээ буулгадаг. Дорж нэхийгээ цүнх эсвэл хувцасны зориулалттай боловсруулна гэж үзвэл Хятадаас технологичоо авчирч үйлдвэрт ажиллуулна. Боловсруулах үйлдвэр Доржийн захиалсан ажлыг гүйцэтгэсэн тайлангаа гаргаж хуулийн дагуу татвараа төлнө. Дээр нь цахилгаан, ус, ажилчдын цалингийн зардлаа төлж байгаа учраас зүгээр байснаас дээр. Дорж боловсруулсан арьсаа хилээр гаргахдаа зуучлагч компанийн гаалийн бүрдүүлэлт хийж, хятад нөхрийн барааг хилээр татваргүй гаргачихна. Хуулиараа зуучлагч компани татвар төлөх ёстой. Доржийн компани НӨАТ, ашгийн татвар, нийгмийн даатгал, ХАОАТ төлөх үүрэгтэй. Гэтэл Дорж компанидаа экс тайлан гаргаад дампууруулчихдаг. Түүнд маш олон компани байдаг учраас нэг зуучлал хийчихээд дампууруулаад байж болно. Хятад түншээсээ зуучлалын хөлс аваад хагас боловсруулсан нэхий хаягаар нь явуулчихна. Доржийн компани яагаад экс тайлан гаргаж дампуурч байгаад төрийн байгууллага хяналт тавьдаггүйд бас учир байна. Ингээд хятад түнш, Дорж хоёр Монгол Улсад орлого тодорхой бус үндэслэлээр багахан төгрөгийн татвар төлөөд 300, 400 төгрөгөөр авсан нэхийгээ боловсруулаад нэг нэхийг 4000-5000 төгрөгийн зардалтайгаар аваад явчихна.

Харин үйлдвэрүүд мөн л малчдаас 300, 400 төгрөгөөр нэхий авна. Үүнийгээ хятадуудад ажилласнаас арай бага зардлаар боловсруулж Итали, Вьетнам, Турк, Франц гэх мэт улсууд руу гаргадаг. Ингэхдээ ХАОАТ, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал гээд бүх төрлийн татварыг төлнө.

Энэ шалтгаанаар үйлдвэрлэгчид зах зээлээс шахагддаг юм байна. Дорж шиг олон ченжийг хөдөлгөж байгаа, цаашлаад салбарыг нь атгаж байгаа хоёр л хятад байдаг гэдгийг бүгд шахам ярих юм. Нэрийг нь ч андахгүй юм билээ. Салбарынхны яриад байгаа О, С гэх хоёр нөхөр энд нутаг нэгтнүүдээ байлгадаг, монголчуудаар зуучлуулдаг.

Тэгвэл манай боловсруулах үйлдвэрүүд ченжүүдээр дамжуулахгүй өөрсдөө нэхийгээ боловсруулаад Хятадын том зах зээлд яагаад гаргаж болохгүй гэж. Эх сурвалжид ийм асуулт тавихад Хятадын нэг муж дахь үйлдвэртэй түншилье гэхэд “Зуун мянган төлөгний арьс авъя. Гэхдээ манай үйлдвэрт ирэх хүртэлх бүх асуудлыг танайх хариуц” гэж. Ингээд нэхий гаргах болоход Эрээний гаалийн баталгаат агуулахын талбай нь дээр дурдсан О, С хоёрын нэгийнх нь өмч болж таарч. Тэр агуулахаар нэхий гаргахын тулд маш өндөр татвар төлөх шаардлага гарч, боломж байхгүйг мэдрээд өөр зах зээл хайсан гэдэг.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ГЭТЭЛ…

Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэгч улс болох мөрийн хөтөлбөртэй ажилласан. Үүний хүрээнд арьс, ширний салбарыг дэмжиж 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон тухай өмнөх нийтлэлүүддээ өгүүлсэн билээ. Энэ хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө сайжруулсан. “Их эргэлт” компани нэг тэрбум төгрөгөөр дэлхийд тэргүүлэх боловсруулах тоног төхөөрөмж оруулж ирсэн, “Монгол шверо”, “Мон ирээдүй”, “Дархан минж” зэрэг компаниуд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө сайжруулсан. “Best shoes”, “Хас гутал”, “Хайтан” зэрэг 30 гаруй үйлдвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.

Тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ, мал аж ахуйн оронд түүхий эд хомсодно гэхэд хэцүү. Тэгвэл яагаад эцсийн бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадахгүй, арьс хагас боловсруулсны хөлс аваад байгаад байна вэ.

“Дархан нэхий” 65 мянган төгрөгийн үнэтэй өвлийн гутал хийснийгээ Казахстаны зах зээл рүү ганзагын наймаачдаар дамжуулж гаргаж байгаа гэнэ. Яагаад гэвэл Орос, Хятадын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад 40 хувийн татвар төлдөг. Тэгэхээр гадагшаа эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж байхгүй.

Жилд хүн гурван гутал өмсдөг, тэр жилдээ заавал нэг гутал худалдаж авдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газарт гурван гутал худалдаж авдаг гэнэ. Энэ судалгаагаар манай улсад жилд 4.5 сая гутлын хэрэгцээ гарна. Тэгвэл дотооддоо 500 мянган гутал л үйлдвэрлэдэг. Гэтэл наймаачид Хятад болон өөр улсуудаас цүнх, цүнхээр нь гутал авчраад зах зээлийг хангачихдаг. Орлого тодорхойгүй гэдэг үндэслэлээр татвар төлдөггүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хиймэл арьсан гутал, цүнхээр дотоодын зах зээлийг үйлдвэрлэгчдэд сиймхий гардаггүй бололтой юм. “Та нарын үйлдвэрлэсэн цүнх, гутал дийлдэхгүй үнэтэй юм чинь яаж зарагдах юм бэ” гэж үйлдвэрлэгчдээс асуухад “Энэ намар 30 мянган оюутанд бүгдэд нь арьсан цүнх зарна гэвэл зах дээрх хятад хулдаасан цүнхнийхтэй адил үнээр боломжгүй. Олон тоогоор үйлдвэрлэх тутам зардал багасна. Гэтэл нөгөө талд ямар ч татварын дарамтгүй орж ирсэн хэдэн мянган цүнх зах зээл хаачихдаг. Бусад улсад лангуун дээр нь барааны гаалийн бүрдүүлэлтийг шалгадаг, зориулалтын бусаар оруулж ирсэн байвал улсын орлого болгодог. Манайд тийм төрийн бодлого байхгүй. Бид эцсийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх тутам зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх жамтай” гэв.

МАЛЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ҮР ДҮНТЭЙ ЮҮ

2012 оноос “Арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл” хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөлд үндэсний үйлдвэрлэгчид арьс, шир тушаасан малчид урамшуулал авахаар тусгаж, Засгийн газрын тогтоол гаргасан. Малчдад хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшуулал олгосон байдаг. Дээр өгүүлсэн төслийг амжилттай хэрэгжүүлбэл, арьс, ширний салбар жилд 200 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ. 2020 он хүртэл хэрэгжих уг төслийг үзэхэд “Арьс, ширэн түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрлэлийн бүтцэд чанарын өөрчлөлт гаргаж, жилд 1.01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, 25 мянган ажилтантай болж, 460 сая ам.долларын экспорт хийнэ” гэсэн үр дүнг төсөөлжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх гол түлхүүр нь үндэсний үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох байсан. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ урамшууллыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Харин ченжүүд үүнийг үр дүнгүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн л хилээр гаргана гэсэн хоригоо цуцалбал, зах зээлийн өрсөлдөөнөөр түүхий эдийн үнэ өснө гэцгээж байлаа. Гэвч Монгол Улс хил дамнуулан худалдаалахад хориглодог малын гаралтай гоц халдварт өвчний эрсдэлтэй орнуудын тоонд ордог учраас манайхаас түүхийгээр арьс авах сонирхолгүй байдаг юм байна.

Үүнээс гадна УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотголоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар болсон. Өдийг хүртэл бэлтгэл ажил хийгдэж байгаа. Энэ парк ажил болбол боловсруулах үйлдвэрүүд нэг газар төвлөрнө. Тэгвэл тээврийн зардал, усны төлбөр багасна. Хоёрдогч түүхий эд буюу шар мах, халим, арьсны зоргодос, завод ноосыг боловсруулж зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр арьс, ширний салбарын өрсөлдөх чадвар сайжирч, нэхийний үнэ өсөх боломжтой болох аж. Гэтэл төрөөс дэд бүтэц шийдэгдэхгүй байгаа аж.

МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛБЭЛ НЭХИЙНИЙ ҮНЭ ӨСНӨ

Эдийн засагчид ийм л гарц яриад байх юм. “Toyota”, “Mitsubishi” корпорациудаас төлөөлөгчид ирж үйлдвэрлэдэг машиныхаа дотор бүрээс хийх арьс манайхаас авах талаар судалжээ. Харамсалтай нь манай малын арьс шир шаардлагад нь нийцээгүй гэнэ. Өнгөрсөн жил Шанхайд болсон үзэсгэлэнгийн үеэр Арабын бизнесмэн “Танайх малаа эрүүлжүүлчихвэл их хэмжээний мах, арьс авах гэрээ байгуулъя” гэдэг санал бас тавьжээ.

Монгол нэхий шивээтэй, сорвитой, вакцин хийлгээгүйгээс хачиг хувалзад идэгдсэн, зориулалтын бус аргаар нядалснаас урагдсан гэдэг шалтгаанаар гологддог гэнэ. Ерөөсөө л малаа эрүүлжүүлж, удмын сангаа сайжруулбал дэлхийн зах зээлд манай нэхий тоогдож, тэр хэрээр үнэ нь өсөх аж. Үүнээс гадна манайхан малаа хөгшрүүлж байж муулдаг. Тэгвэл мал аж ахуйн орнууд малаа 12-18 сартай болгоод нядалдаг. Ийм хугацаанд нядалсан малын мах ч, арьс ч үнэд хүрдэг байна.

Яавал мал эрүүлжиж, нэхий үнэд хүрэх талаар эдийн засагч, судлаачдаас тодрууллаа. Гурван сумын дунд мал нядалгааны цех ажиллуулах шаардлагатайг судлаачид ярилаа. Мал нядалгааны цех малчидтай, ойр хавийн хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмнэлэг, сургуультай гэрээ хийнэ. Цехэд сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн ажиллаж ариутгал хийлгэсэн, вакцинжуулсан малыг нядлуулах зөвшөөрөл өгнө. Мал нядалгааны цехийн дэргэд арьс арьчилгааны хэсэг бас ажиллах ёстой. Одоогоор “Мах импэкс” компани ийм ажлыг эхлүүлж байгаа гэнэ.

Ингэж мал эрүүлжүүлэхэд төрөөс мөнгө гаргах шаардлагагүй гэдгийг судлаачид ярьсан. Ерөөсөө УИХ, Засгийн газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалахыг хориглоно гэсэн шийдвэр гаргахад зах зээлийн жамаар мал нядалгааны цех ажиллана гэдгийг ярьсан юм.

МОНГОЛ БРЭНДИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ГАРЦ ХАЙЯ

“Prada”-гийн цүнхийг монгол ямааны, “Эсо” брэндийн гутлыг монгол сарлагийн арьсаар хийдэг. Гэвч тэд дэлхийд хэзээ ч монгол арьсаар хийсэн гэж зарладаггүй. Монгол малын арьс дэлхийн брэнд бүтээгдэхүүний материал болж байна. Тэгвэл дэлхийн зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд үйлдвэрлэх цаг болсныг судлаачид хэлсэн. Үүний тулд малаа эрүүлжүүлж, удмын санг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Умард Солонгос “ugg” гутал үйлдвэрлэх хонины нэхий Монголоос авах гэрээ хийхээр саяхан иржээ. Гэвч монгол хонины нэхийний үс ширүүдээд шаардлагад нийцээгүй аж. Гэхдээ манайд нохой сүүлтэй хонины үлдэр цөөн тооны бий. Түүн дээрээ түшиглэн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн Голланд улсаас 2-5 см үстэй хонины нэхий авахаар гэрээ хийжээ. Энэ мэтчилэн олон улсын шаардлага, бизнесмэнүүдийн шаардлагад нийцэхүйц нэхий нийлүүлж чадвал, Говь шиг арьсан бүтээгдэхүүний брэндийг таниулж чадвал мал аж ахуйн орон Монгол Улсын түүхий эдийн үнэ өсөх сайхан ирээдүй харагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос сэргийлэхийг анхааруулж байна

Жил бүрийн намар зөвшөөрөлгүй самар, жимсний худалдаа, аялал зугаалга, хурим найр нэмэгддэгтэй холбоотойгоор хоол хүнсээр дамжих халдвар, өвчлөлөөс сэргийлэх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүргүүлж байна.

Хоол хүнс худалдаж авахдаа юунд анхаарах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг нягтлах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
  • Ил задгай худалдаалж байгаа самар жимсийг худалдан авахгүй байх

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ яаж хадгалах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгон даруй хэрэглэх, хоёроос дээшгүй цаг хадгалах.
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг зөв бэлтгэж, хадгалж хэрэглэх

Хоол хүнсийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших
  • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хэрэв хоол хүнстэй холбоотой дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь Монголчуудын холбоод маргааш чуулна

“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо злхион байгуулагдаж байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Соёлын харилцаа, урлагийн менежмент”, “Монгол хэл”, “Хилийн чанадаас эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр”, “Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” сэдэвт салбар хуралдаанууд өнөөдөр Гадаад харилцааны яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны байранд эхэллээ.

Салбар хуралдаануудад Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллага, яамдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын дүгнэлт, мэдээллийг чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.

“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт”-д хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.

Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 9 дүгээр сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яамны байранд болно.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль хүртжээ

Ази тивийн аварга
шалгаруулах бодибилдинг фитнессийн 50 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 160
см-н өндрийн ангилалд Г.Гансаруул, Г.Угалзцэцэг нар алтан медаль хүртсэн бол
тэгвэл тэмцээний сүүлийн өдөр А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг нар 160, 165 см-н
төрөлд мөнгөн медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 165 см-н ангилалд Д.Энх-Эрдэнэ
мөнгө авсан бол 170 см-н ангилалд Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эмч нар 36 сарын тэтгэмжийг хүчингүй болгосныг эсэрүүцэв

УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Төсвийн төслийг дагалдаж орж ирсэн хуулийн төсөлд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад авдаг байсан 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг болиулж,1-12 сар болгон өөрчлөх тухай тусгаад байгаа нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулах болсон.

Тэгвэл төрийн албан хаагч тэтгэвэрт гаргахад 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж байгааг эсэргүүцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Одоо сумын эмнэлэг, өрхийн эмнэлэгт хүний нөөцийн маш их хомсдолтой байгаа. Сүрьеэ, халдварт, гэмтлийн эмч гээд нарийн мэргэжлийн эмч нар маш их дутагдалтай байна

Энэ талаар тус үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт өндөр цалин авдаг эмч, эмнэлгийн ажилтан байхгүй. Мөн хадгаламжиндаа 100 сая битгий хэл 10 сая төгрөгтэй ч хүн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт байхгүй. 150 ам.метр орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажилтан байхгүй. Харин орон гэргүй эмч, эмнэлгийн ажилтнууд олон бий. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 350-580 мянган төгрөгийн цалин авч байгаа. Энэ цалингаар хуримтлал үүсгэх, байрны урьдчилгаа хийх, хаус барих байтугай найман хувийн зээлийн болзлыг ч хангаж чадахгүй байна. Засгийн газар Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн 1.13-ыг зөрчиж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн сайд байхдаа 2015-2016 оны хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрт төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог мөнгөн тэтгэмжийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх бодлого баримтална гэж гэрээнд заасан. Энэ хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Төсвийн тодотголоо эргэж харагүй бол олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн ахмад, эмч, ялангуяа нарийн мэргэжлийн эмч, сувилгаа үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар эрүүл мэндийн салбарт тогтохгүй. Одоо сумын эмнэлэг, өрхийн эмнэлэгт хүний нөөцийн маш их хомсдолтой байгаа. Сүрьеэ, халдварт, гэмтлийн эмч гээд нарийн мэргэжлийн эмч нар маш их дутагдалтай байна” гэлээ.

Дашрамд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэтгэмж бууруулах саналыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа аж. Улмаар Засгийн газар, УИХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг хүргүүлжээ. Хэрэв энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ тэд мэдэгдсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та Монголын өтгөс буурлаас нэн даруй уучлал гуй

Ардчилсан нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг
санаачилж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан. Өндөр настан гэлтгүй ажил
хийж даатгал төлж буй хүн бүрийн төрд итгэх итгэлийг бататгасан уг хууль ирэх оны
нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байлаа. Энэ ямар хууль вэ гэвэл насаараа хамт
амьдарсан хоёр хөгшний нэг нь ертөнцийн жам ёсоор өөд болоход үлдэж буй нэгэнд тэтгэврийнх
нь 20 хувийг олгох зохицуулалттай байсан юм. Ахмад буурлуудад тун чиг хэрэгтэй уг
хуулийг өнөөдрийн эрх баригчид хүчингүй болгон зогсоож байна. Зогсоохдоо зүгээр
ч нэг болиулчихсангүй. Хүний санаанд оромгүй байдлаар бузар муухай хэмээн дуудаж
баахан шалтаг тоочлоо. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хорооны хурал
дээр “Үхсэн хүний мөнгийг авч ясыг нь өндөлзүүлж чадахгүй гэж ахмадууд хүсэлт гаргасан”
гэх утгатай үг хэлсэн. Монгол Улсын Сангийн яамыг толгойлж буй сайд хүний ёсны эсрэг
үг хэлснийг сонссон бүхэн жийрхэн хүлээж авсан нь үнэн.

Өвгөдийнхөө өв хөрөнгийг
бузар муухай гэж хэлдэг хүн хаа байдаг юм бэ, Б.Чойжилсүрэн сайд аа. Таны хэлснээр
бол хэн нэг өвгөний нэр дээр байсан малыг нас барсан хойно нь хээр аваачин тууж
явуулах уу. Гэрийг нь жалганд шатааж, үр хүүхэд нь овгоосоо татгалзах болж байна
уу. Үүн шиг худал зүйл байдаггүй юм аа. Хүн төрөлхтөн үе удам дамжин амьдардаг.
Эцгийнхээ овгоор дуудуулж, эд хөрөнгийг нь өвлөж үлддэг юм. Улс төр хийнэ, хийнэ
гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү. Гэтэл Сангийн сайдын дээрх үгийг залгуулаад
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүр ч муухайгаар хэллээ. УИХ-ын чуулган дээр “…ганцаараа
үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие
рүүгээ харчихаад миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу гэж их муухай юм бодно” гэхчлэн
ярив. Насаараа ханилж жаргал зовлонгоо хуваалцсан хөгшчүүл нэгийгээ хурдан үхээсэй,
тэтгэврээ нэмэгдүүлэх юмсан гэж бодоод сууж байх юм гэнээ. Ерөнхий сайдын хэлсэн
үг жирийн ухамсрын түвшинд ингэж л хүрч байна.

Ингэж хэлдэг Ерөнхий сайд байх ч
гэж дээ. Хоёр, гуравхан бор төгрөгнөөс болоод насаараа ханилсан ханиа элдвээр бодож
муухайгаар сэтгэх оюун санаа монголчууд бидэнд байхгүй шүү. Үгүй дээ л муугаар бодлоо
гэхэд улсаас өгөх тэтгэврийг бүрэн авахын тулд нэг нэгийгээ бөөцийлөн асарч хоёулаа
хамтдаа өтлөе хэмээн сэтгэнэ биз дээ. Гэхдээ ахмад буурлуудын минь толгойд тэтгэврийн
хэдхэн төгрөгийн тухай өчүүхэн ядмаг бодол байхгүй. Нялх балчраас минь өдийг хүртэл
өсгөн хүмүүжүүлсэн ахмад буурлуудыгаа Ерөнхий сайд хүнээр ингэж хэлүүлээд суумааргүй
байна. Буян хураасан ижий аав, эмээ өвөөг минь хүний ёсонд баймгүй муухайгаар доромжилсны
төлөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан ч багадна. Амаа мэдэхгүй донгосч буй
Ерөнхий сайдыг зүгээр ч нэг огцруулахгүй хариуцлага тооцъё. Түүнд Монголын мянга
мянган ахмад буурал төдийгүй миний аав ээжийг доромжлох ямар эрх байгаа юм бэ. Ж.Эрдэнэбат
та Монголыг улсын дайтай улс байлгаж ирсэн ахмад буурлуудаас нэн даруй уучлал гуй.

Categories
мэдээ нийгэм

Хуучны ховор автомашины“парад”болно

Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр хуучин ховор машины парадыг автомашин сонирхогчид зохион байгуулахаар болсон байна. Парад Гурвалжингийн гүүрнээс Баруун 4 замаас, Тэнгис кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд цуваагаар явах аж.

Уг парадад 1930 аад оноос эхлэх тээврийн салбарын түүхийг илтгэсэнавтомашин явах аж. Мөн тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин машинууд оролцох бөгөөд хуучны ховор автомашинуудыг нэг доороос үзэж сонирхох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм. Сүүлийн жилүүдэд автомашины хөгжил хурдацтай явагдаж байгаа ч хуучны ховор автомашинуудын үнэ цэнэ төдийлөн буураагүй гэдгийг автомашин сонирхогчид хэлдэг. Тиймээас ч техник сэтгэлгээтэй залуус машины хуучин дотор эд ангийг нь өөрчлөн, гангарах нь цөөнгүй болсон билээ.

Тэгвэл парадад оролцох сонирхолтой, хуучны ховор машинтай жолооч нарт ч парадад оролцох боломж нээлттэй ажээ.

Categories
мэдээ спорт

Талбайн теннисний Канадын улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол охин түрүүлжээ

Талбайн теннисний Канадын улсын аварга шалгаруулах тэмцээнд Т.Дариа хэмээх 14 настай Монгол охин түрүүлж, алтан медаль хүртлээ.

Өдгөө гэр бүлийн хамт Канад улсад амьдардаг тэрээр өнгөрсөн жилийн Азийн АШТ-д Монголын улсын нэрийн өмнөөс оролцон, аваргалсан юм. Тийнхүү Азийн АШТ-д түрүүлсэн анхны Монгол теннисчин болсон юм. Т.Дариа талбайн теннисний спортоор найм дахь жилээ хичээллэж буй.


Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна

Есдүгээр сарын 8 буюу Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр өнөөдөр тохиож байна.

1958 онд Бухарест хотноо болсон олон улсын сэтгүүлчдийн байгууллагын IV их хурлаас Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдрийг (International Day of Journalists’ Solidarity) бий болгожээ.

1943 оны есдүгээр сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмыг эсэргүүцэгч, зохиолч Юлиус Фучикийг цаазалжээ. Тэрээр Прага хотын шоронд бичсэн “Хүзүүгээ оосортой бичсэн сурвалжлага” номоороо дэлхий нийтэд нэр алдартай болсон юм. Түүнийг цаазуулсны дараа энэ номыг дэлхийн 70 хэлээр орчуулж, харин Юлиус Фучикийн амь үрэгдсэн өдрийг 1958 оноос Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

20 дугаар зууны сүүлчээр НҮБ-ын ээлжит бага хурлаас энэ өдрийг Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон зарласан билээ. Тийнхүү энэ өдөр зүгээр нэг мэргэжлийн баяр төдийгүй бүх сэтгүүлч өөрсдийгөө эв нэгдэлтэй байгааг мэдрэх өдөр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчтэй уулзав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

“Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. “Лийбхэрр” компани нь дэлхийн 50 улсад 130 гаруй салбар компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. “Лийбхэрр” компани нь Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа ажээ.