Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ыг золиослон байж авч үлдсэн Таван толгойг одоо зөв ашиглая

эрдэнэс тавантолгой зурган илэрцүүдХятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 150 ам.доллараас давав. Өнгөрсөн мягмар гаригт нэг тонн коксжих нүүрс 152 ам.доллартай тэнцлээ. Гуравдугаар сараас хойш нүүрсний үнэ тасралтгүй өсч байгаа нь энэ. Гэхдээ энэ өсөлт удаан хугацааных биш гэдгийг шинжээчид онцолж байна. Хятадын уурхайнууд ажиллах цагаа багасгаснаас гангийн эрэлт ихэсч, түүхий эдийн үнэ өсчээ. Яваандаа үнийн өсөлт тогтворжиж тонн нь 100 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байгаа. Энэ бол чамлахаар үнэ биш. Манайх өнөөдөр нэг тонн нүүрсээ ердөө л 27-хон ам.доллараар зарж “Чалко”-гийн өрийг төлж байгаа. Таван толгойг эрэлтэд оруулж, өрсөлдөх чадварыг бий болгосноор түүхий эдээ үнэд хүргэх боломж байна.

Таван толгой үе үеийн Засгийн газар, эрх баригчдын ярианы сэдэв, мөнгө босгох мөрөөдөл байсаар ирсэн. МАН 2012 оны сонгуульд оролцох мөнгө босгох, иргэдэд халамж тараахын тулд Таван толгойн нүүрсийг барьцаалж “Чалко”-д 350 сая ам.долларын өр тавьсныг өнөөг хүртэл нүүрсээрээ төлж байгаа. “Чалко” манайд зээл өгөхдөө нүүрсийг дэлхийн зах зээлд байхгүй доод үнэ буюу 27 ам.доллараар авахаар болсон. Ийм учраас “Эрдэнэс тавантолгой” хангалттай их олборлолт хийдэг ч байнга алдагдалтай ажилладаг.

Харин Ардчилсан нам олонхи болсон дөрвөн жилд Таван толгойг эргэлтэд оруулж, мөнгө босгож чадаагүй. Ардчилсан намынхны хагаралд ч Таван толгой том шалтгаан болсон гэдэг. Учир нь Таван толгойг БНХАУ-ын Шинхуа компанид 60 жилийн хугацаагаар өгөх гэрээг Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д оруулж ирсэн. Энэ гэрээг хийхэд Монгол Улсын сайд асан М.Энхсайхан голлох үүрэг гүйцэтгэсэн.

Гэсэн ч Засгийн газраас оруулж ирсэн гэрээг УИХ-ын дарга асан З.Энхболд эсэргүүцэн ажлын хэсэг байгуулж шалгуулахаар болсноор Ардчилсан намынхны зөрчил хурцдаж, улс төрийн хүрээнд “Нүүрсчдийн намын бүлэглэл” гэдэг нэр томьёо гарч ирсэн билээ.

2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр З.Энхболд “Монгол улсад илт хохиролтой гэрээ хийхийг зөвшөөрөхгүй. Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлсний дараа гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Эс тэгвээс зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Бүр Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол Ерөнхий сайдыг огцруулна гэх асуудлыг хүртэл хөндөнө гэсэн билээ.

Гэтэл 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. УИХ буруу шийдвэл яах вэ” гээд Засгийн газраар өөрөөр нь шийдүүлэх саналтай байгаагаа ил тод мэдэгдсэн. Эндээс Ардчилсан намынхны зөрчил Таван толгой руу чиглэж улс төрийн хатуу самар гэгддэг З.Энхболд ажлын хэсэг байгуулан гэрээг шалгуулж, Монгол Улсад ашиггүй хэмээн буцаасан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болох нь тодорхой болсон талаар тухайн үед мэдээлж байв. Мөн Монгол Улсын Таван толгойг гадны компанид 60 жилээр үнэгүй шахам ашиглах гэрээ орж ирснийг ажлын хэсэг тогтоосон. Үүнийхээ хариуд сонгуульд ялагдсан гэж дүгнэж бас болно. Учир нь “Нүүрсчдийн намын бүлэглэл”-д багтдаг Ардчилсан намын нөхдүүд намынхаа эсрэг ажилласан нь ч бас үнэн. Тиймээс Ардчилсан намыг олонхи гишүүд Таван толгойг өөрсдийгөө эрсдэлд оруулж, “амиараа” хамгаалсан гээд байгаа юм.

Харин одоо дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өслөө. Таван толгойг ашиглаж, эдийн засгийн хүндрэлээс гарах боломж МАН-д байна. Гэхдээ өмнөх дөрвөн жил яригдсан алдагдалтай гэрээг оруулж ирэхийг ард түмэн зөвшөөрөхгүй. Ард түмэнд Таван толгойг Шинхуа-д өгвөл манай нүүрс Өмнөд Монгол дахь “Бугатын үйлдвэр”-ийн түүхий бааз болж, 60 жилийн турш алдагдал хүлээнэ. Таван толгой 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тэгвэл Монгол Улсын 26 жилийн туршид авсан дөрвөн тэрбум ам.долларын зээлийг Таван толгойн 26-хан сая тонн нүүрсээр нэг жилд төлж болох тооцоо гарчээ.

Тухайлбал, Хятадын гол үйлдвэрүүд байрладаг Хэбэй муж руу гаргаж чадвал манай нүүрс өрсөлдөх зах зээлд очно гэсэн үг. ОХУ бас 70 сая тонн ган үйлдвэрлэдэг. Түүнийхээ түүхий эдийг Монголоос авах санал тавьсан. Мөн Японы тал олон жилийн турш Таван толгойг сонирхож байгаагаа мэдэгдэж буй. Нүүрсээ гуравдагч зах зээлд гаргаж чадвал дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ бидэнд хамаатай болно. Тэгэхгүйгээр ганц Хятад гэдэг хэрэглэгчээс хамаарч байсан цагт дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 200 ам.долларт хүрсэн ч бид 20 ам.доллараараа зарсаар л байна. Үүнийг хэт олонхи болсон МАН мэдэрч, Таван толгойг хөдөлгөнө гэдэгт итгэхээс өөр арга алга.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж байна

шинэ Чуулган  2016 зурган илэрцүүдУИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 төсвийн хүрээний мэдэгдэл 2017, 2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, хариултыг хүргэж байна.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Гишүүддээ хандаж нэг зүйл хэлье. Вексэль буюу луйврын хэрэгсэл. Улсын төсөвт нэг обектод хоёр удаа суулгаж оруулж ирдэг замбараагүй зохицуулалтай өнөөдрийг хүртэл явж ирлээ. 2016 оны төсвийн тодотгол ч ингэж орж ирсэн. Өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр хүсэлт тавьсан. Энэ дагуу давхар бичэлт хийгээд байгаа “Вексель” нэрээр улсын төсвөөс мөнгө идэж байгаа обектуудын луйврыг зогсооё гэсэн саналын дагуу Төсвийн байнгы хороо дээр үүнийг нэгтгэж оруулж ирсэн. Ер нь эрх баригчдийн ярьж байгаагаар улсын төсөв дампуурахад “Вексель”, “Концесс”, “Бонд”-ууд их тус хүргэсэн гэсэн. Үнэхээр үнэн л дээ. Тийм учраас векселийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Үүний цаана банкуудад өчнөөн хүү төлж байгаа шүү. Нэмэлт өр. Эх үүсвэртэй эх үүсвэргүй гэж хоёр хуваагдаж байгаа. Энийг анхааралтай хараарай. Вексель болгоны цаана улс төрчдийн луйвар явагдаж байдаг. Үүнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгууллаарай. Мөн үүнийг цэгцлээд оруулж ирж байгаа Төсвийн байнгын хороод баярлаж байна.

-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Вексель гэдэг нэрийн доор баахан хүн хулгай хийсэн мэт ойлголт төрүүлж болохгүй. Би Б.Чойжилсүрэн сайдад хэлсэн. Олон нийтэд ил гаргаач. Баахан хүн хулгай хийчихсэн юм шиг яриад байх юм. Засгийн газрын шийдвэргүйгээр нэг ч сайд гарын үсэг зурдаггүй юм. Эрдэнэбатыг шоронд хийх гээд байгаа бол зарла. Битгий худлаа юм яриад бай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын зах зээл дээрээс 1,5 тэрбумыг 4,5 хувийн хүүтэй гаргасан. Гэтэл одоо 4 тэрбумын зээл авах юм байна.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Их бондоор юм хийсэн гэж ярьж байна. Өмнөх Засгийн газар долоон их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж эдийн засагт оруулсан. Тийм байж бид нарыг загнаад байх хэрэггүй. Энэ бүхний үрийг энгийн иргэд, төр засаг үүрч байна. Байгаа байдлыг байгаагаар нь танилцуулж байна. Тэр бүхнийг шүүмжлээд байх шаардлагагүй.

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

2016 оны нэгдүгээр улиралд Засгийн газар 18 хувиас давсан хүүтэй бонд босгосоныг мэдэж байна. Энэ зээлийн хүү хамгийн хүнд нөхцөл байдал бий болгож байна. Иймээс бид олон улсын санхүүгийн байгууллагаас хүү бага, урт хугацаатай зээл босгоод, өмнөх авсан бондоор солих тухай асуудлыг ажлын хэсэг гарган судалж байна. Удахгүй үр дүнгийн тайланг УИХ-д танилцуулах болно.

Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт болон Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-нд тохиодог билээ. Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос энэ өдрийг тохиолдуулан хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр тайлагнаж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

“Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комисс БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 26 дахь жилдээ ажиллаж байна. Улсын комисс байгуулагдсан эхний жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа удирдлага болгож байсан бол 1998 оноос УИХ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг батлан, хэрэгжүүлж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон нь цагаатгах ажлыг үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэл учруулж байна. Иймд энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” хэмээн Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.

Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргана

Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хөтлөн явуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээж үг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан:

Ерөнхийлөгчөөс Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргахаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна. Түүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэдэг хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцон ажиллаж байна. Газар ашиглалт, түүн дотроо хот, суурингийн хөрсний асуудал, хөрсний бохирдлын асуудал Улаанбаатар хотод илүүтэй байгаа. Сүүлийн үед цөлжилт эрчимтэй явж, газар тариалангийн талбай, бэлчээрийн ашиглалт зэрэг цаашид анхаарвал зохих олон асуудал тулгамдаж байна.Тийм учраас хөрс, бэлчээр хамгаалах талаар ерөнхий бодлого боловсруулах, ашиглалтыг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар ажиллаж байгаа.Өнөөдрийн байдлаар хөрс, бэлчээрийн төлөв байдал ямар байгаа, богино, дунд, урт хугацаанд энэ асуудалд хэрхэн хандах вэ гэсэн чиг хандлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд хөрс, бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, элэгдэл доройтолд судалгаа хийж, хөрс, бэлчээрийг хамгаалах, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан батлах, хэрэгжилтийг хангахыг чиглэл болгохоор тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болно

Гадаадад 2000 оноос одоогийн байдлаар 4400 орчим монгол хүүхэд төрсөн гэх тоон судалгаа байна. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн нутгийнхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй байдаг. Гэвч манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй аж. Иймээс гадаад дахь 130 гаруй монгол иргэн иргэншлийг асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинтой болох саналыг иргэд удаа дараа Гадаад харилцааны яамд илгээдэг байна.

Үүний дагуу Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болж, асуудлыг шийдэх талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.

Тэрбээр “Эх орондоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна” гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ

Соёл урлагийн ажилтны маргааш буюу есдүгээр сарын 10-нд “Чингисийн өргөө” цогцолборт тэмдэглэх аж.Энэхүү өдрийг угтан соёл урлагийн салбарын ажилчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатрын тэмцээн болж, нийгэм хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.Монгол төрийн түүхийн музей “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын БЗД-ийн “Гэрэлт өргөө” нэгдүгээр төв дээр зочлон энэхүү байгууллагат хамрагдаж буй 8-16 насны хүүхдүүдэд музейн үзмэрийг цахим хэлбэрээр тайлбарлан тэдний дунд хөгжөөнд тэмцээн уралдаан зохион явуулж багш хүүхдүүдэд бэлэг дурсгалын зүйл гардуулсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Ньюс” группын хамт олонд баярын мэнд хүргэе

Энэ өдөр 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын үндэсний өдөр тутмын чөлөөт сонины нэг “Өнөөдөр”-ийнхөндөө баярын мэнд хүргэе. 1996 оны есдүгээр сарын 20-нд “Өнөөдөр” сонин анхны дугаараа гаргаснаар Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд шинэ зам татсан юм. Тэр цагаас одоог хүртэл Монголын сэтгүүлзүйн салбарын тэргүүн эгнээнд баттай зогсож байгаа “Өнөөдөр” сонины хүчирхэг хамт олонд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

“ӨДРИЙН СОНИН”

Categories
мэдээ улс-төр

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ыг хэлэлцүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн холбогдох байгууллагууд, ХААИС-ын Мал эмнэлгийн сургууль, Нохой судлалын холбоо, устгалын байгууллагууд болон дүүрэг, хорооны холбогдох албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчдоос журмын төсөлд нохой, муур бүртгэлжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх зохицуулалт оруулах, нохой, муур эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, үржүүлэхээс бусад тохиолдолд нохойг заавал үргүйжүүлж, хөнгөлсөн байх шаардлагыг тусгах саналыг тус тус өглөө. Журмын төсөлд санал авах үйл ажиллагаа www.ubservice.mn цахим хаягаар үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Наро банчэн гэгээнтэн эрдэм сурахаар энэтхэгийг зорьжээ

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээнтний 7 дүрийн хувилгаан Данзанлхүндүв өнөө өглөөЖагарын орныг зорьж, эрдмийн аянд морджээ. Наро Банчэн гэгээтнээр тодорч ахуй цагт нь Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамц соёрхол батламжийг нь гардуулахдаа “Шинжлэх ухаан технологийн эрин зуунд орчин цагийн сургуульд сурч байгаа нь тун сайн хэрэг. Сурч байгаа сургуулиа амжилттай төгсөөд, дараа ирж суралцаарай” гэж захисан аж. Тэрбээр захиасыг нь биелүүлэхээр Энэтхэг улсад суралцахаар ийнхүү морджээ.


Categories
мэдээ спорт

Б.Ууганхүү Паралимпийн жүдо бөхийн хүрэл медалийг хүртлээ

Бразилийн Рио де Жанейро
хотноо болж буй зуны XV паралимпийн наадмын харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо
бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-д Б.Ууганхүү наадмын салхийг хагалан өрсөлдөж эх
орондоо анхны медалийг авчирлаа. Б.Ууганхүү медалийн төлөөх шийдвэрлэх
барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн
медальтан боллоо. Азарбайжаны бөх “Бээжин 2008” хүрэл, “Лондон
2012” алтан медальт бөх юм. Б.Ууганхүүгийн өнөөдрийн барилдааны талаар
эргэн сануулахад, тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросег
хожиж яваад цэвэр ялагдсан юм. Харин дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг
цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, Азербайжаны бөх Рамин
Ибрахимовыг ялан хүрэл медалийн эзэн боллоо.