Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг сумын чиглэлд ургац, тариа тээврийн замыг засварлаж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжилсэн усархаг борооны улмаас замын ажил бага зэрэг саатаж, зарим хэсгүүдэд дахин их хэмжээний ус тогтож, эвдрэл ихээр үүссэн аж. Үүссэн нөхцөл байдлын дагуу одоогийн байдлаар Цагааннуур сумын чиглэлийн замыг автогрейдерээр хусч, хайрга нэмж тараах ажлуудыг хийж байгаа ажээ.
Month: September 2016
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөөн”-д цэцэг өргөлөө.
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүллээ. Мөн “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-ын гишүүд, дэмжигчид цуглаж, төрийн өндөрлөгүүдийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд орон сууц олгохыг шаардаж байлаа.
1922-1937 оны хооронд явагдсан их хэлмэгдүүлэлтэд Монголын 36 мянга гаруй сэхээтэн өртсөн гэсэн судалгаа бий. Улс төрийн хэлмэгдэгсдийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ. Түүнчлэн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14 мянга 328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн ажээ.
Монгол улс 1960 онд анх “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн “цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн аж.
Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг урагшлуулаад байсан юм. Тэгвэл энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраах ажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өчигдөр “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг хямарч, төсөв санхүүгийн байдал хүндхэн үед 2016 оны төсвийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн сахилга батыг сайжруулах олон арга хэмжээг авсан.
Цаашид ч эдгээр арга хэмжээг үргэжлүүлэх шаардлага бий. Олон нийтийн дунд төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэвэртээ гараад нэг удаагийн тэтгэмжээ авах ёстой иргэдэд 102 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Гэтэл төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж 2016 оны улсын төсөвт 66 тэрбум төгрөг суусан. Үндсэндээ 40 гаруй тэрбум төгрөг дутагдалтай байсан. 2016 оны улсын төсвийн тодотголоор УИХ энэ мөнгийг нэмж чадаагүй. 2016 оны төсвийн тодотголыг дагаж уг тодотгосон төсвийг яаж хэрэгжүүлэх, 2017 оны төсөвт юуг анхаарах зэрэг асуудлыг тусгасан Улсын Их Хурлын тогтоол гардаг.
Монгол Улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг
Энэ тогтоолд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байх хууль эрх зүйн орчныг сэргээх, боловсронгуй болгох заалтыг нэмж, Засгийн газарт өглөө.
Ингэхдээ Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгч, 10 дугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар 2017 оны төсвийг боловсруулахдаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байхаар оруулж ирэх юм” гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “УИХ-аас гарч байгаа энэхүү тогтоолын хүрээнд 2016 онд тэтгэвэрт гарч байгаа нэг ч хүний эрх ашиг хөндөгдөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм.
Монгол Улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 мянган албан хаагч байдгаас жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг.
Энэхүү УИХ-ын тогтоол батлагдаж гарснаар 2016 онд болон цаашид тэтгэвэрт гарах албан хаагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг баримталлаа. 2016 оны 10 дугаар сарын 01-нээс өмнө Засгийн газар Төрийн албаны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны аравдугаар сард Унгар улсад хийсэн айлчилалын үеэр хоёр орны хөлбөмбөгийн харилцааны талаар ярилцсан. Төрийн том ажлуудын хажуугаар Монголын хөлбөмбөгийг хөгжилд санаа тавьж 1954 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Унгар Улстай энэ салбарт харилцаа холбоо тогтоох саналыг Унгарын тал таатай хүлээж авсан байдаг. Манай талаас “Пушкашийн академи”-д Монгол хүүхдүүдийг суралцуулах санааг дэвшүүлж улмаар энэ ажил ажил хэрэг болох эх үүсвэр нь тавигджээ. Унгарын талаас хариу айлчлал 2016 оны эхээр болсон бөгөөд Ерөнхий Сайд М.Орбантай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Пушкашийн академид 4 хүүхэд суралцуулах ажлыг дараачийн шатанд оруулсан байна.
Улмаар “Пушкашийн академи”-ийн урилгаар МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Унгарт зочилж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Тийнхүү жилийн 15.000 ам.долларын төлбөртэй энэхүү тэтгэлэгийг МХБХ, Монгол Улсад суугаа Унгарын Элчин Сайдтай хамтран Монголын өсвөр үеийн дөрвөн хүүхдэд энэ эрхийг олгож байна. Өнгөрсөн сараас тэдгээр хүүхдүүдийг сонгон шалгаруулалт явагдахад Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарын 15-19 насны шилдэг хөвдүүд тодорсон юм. Урьд өмнө нь Монголоос урт хугацаатайгаар хилийн чандад хөлбөмбөгийн чиглэлээр суралцсан тохиолдол байхгүй билээ.
Гадаадад анх удаа урт хугацаагаар суралцаж буй тэднийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин Сайд З.Батбаяр анхаарч ажиллахаар болсоноор тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, сурч боловсроход санаа зоволтгүй болж байна. Дэлхийн алдарт Реал Мадрид багтай харилцаатай байдаг “Пушкашийн академи”-ийг зорих хүүхдүүд маань хөлбөмбөгийн бэлтгэл сургуулилалтаас гадна Ерөнхий боловсролын хичээлдээ давхар суралцах ажээ.
“Ахилис Монгол” байгууллагын зохион байгуулдаг “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бүх нийтийн гүйлтэд 10-аас дээш насныхан оролцох боломжтой юм байна. Оролцогчид гурав, тав, 10, 21, 42 км зайд гүйх юм. Энэ гүйлт нь нийтийн спорт хүмүүсийн эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг сурталчлах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх зорилготойг зохион байгуулагчид онцолж байна. Энэхүү марафон нь хандивын гүйлт бөгөөд гүйлтийн хураамжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах юм.
Бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж буй “Ахилис Монгол” байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Саранчулуун “Энэхүү үйл ажиллагааны хүрээнд цугларсан хандивыг бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортоор хичээллэх боломж бололцоог хангахад зориулна. Мөн эдгээр хүмүүсийг олон улсын тэмцээнд оролцох боломжоор хангахад хэрэглэнэ. Энэ жилийн хувьд найман хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Нью-Йорк хотыг зорино. Үүний зардал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих бусад үйл ажиллагаанд ч зарцуулна” гэв.
Дорноговь аймгийн Өргөн сумын 1988-1996 оны 8а ангийн хамт олон нэг ангийнхан буланд зочиллоо. Тэд хоёр бүлэг байсан ч тавдугаар ангидаа нэг анги болж Д.Цагаанмаам багшийнхаа удирдлага дор төгсчээ. Саяхан болсон хорин жилийн уулзалтаараа “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд бид суусан шүү” хэмээн ихэд хөгжөөнтэй ярилаа. Учир нь хүүхдийн парк орж галзуу хулгана дээр суужээ. Тэд “Бидний үед ийм тоглоом байгаагүй болохоор ангиараа тоглож үзье гэж бодсон юм. Ёстой л хүүхэд насандаа оччихоод ирсэн шүү” гэлээ. Харин тэд энэ удаад хүүхэд нас, ижилдэн дассан нөхдийнхөө тухай хуучилж, дахин нэг удаа галт тэргэнд суусан юм.
Сурагч ахуй насны хамгийн том тэмцээн уралдаан бол урлагийн үзлэг, спартакиад байдаг билээ. Тухайн үед модоор хийсэн цом урлаг, спортын арга хэмжээнд түрүүлсэн ангид өгдөг байж. Модон цомтой анги сургуульдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог байсан гэнэ. Тэд дунд ангид орсон цагаасаа л модон цомын эзнээр олон удаа тодорсон байна. Наймдугаар ангийн ах, эгч нарынхаа хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан гэдэг. Тус ангийн охин Ц.Энхтуяа, Х.Уранчимэг хоёр шанз, ёочин тоглодог байжээ. Мөн урлагийн үзлэгээр арван бүжгээр өрсөлдөж аварга болж явсан удаатай гэнэ. Тухайн үед 1000 төгрөгийн магнетофоноор ая тавьж хүмүүн төрөлхтөн, задгай цагаанаа бэлддэг байж.
1б ангийн багш Д.Энхцэцэг “Миний дааж авсан хоёр дахь анги бол сэргэлэн цовоо охид, хөвгүүдтэй энэ анги юм. Манай ангид Ц.Мөнхсоёл, О.Болд-Эрдэнэ, Б.Оюунсүрэн, Б.Эрдэнэчимэг, Т.Ариунгэрэл гээд идэвхтэй хүүхдүүд их байлаа. Т.Ариунгэрэл сувилагч, Ц.Энхтуяа маань Эрдэнэт хотын төв эмнэлэгт их эмчээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зүтгэж байна. Мөн манай ангиас М. Одбаяр сумын алдарт уяач, С. Алтангэрэл аймгийн алдарт уяач цол хүртэж, сумандаа сайхан амьдарч байгаа. Шинэхэн багш байсан болооод ч тэр үү, энэ анги маань сэтгэлд их тодхон байдаг юм. Д.Мөнх-Эрдэнэ маань их уйланхай хүүхэд байж билээ. Би шавь нартаа “Та нар уншиж дуусахгүй бол явахгүй шүү” гэдэг юм. Тэгэхээр л Д.Мөнх-Эрдэнэ маань уйлна. Заримдаа авахгүй бол бас уйлчихдаг байж билээ.
Энэ зун хүүхдүүд маань 20 жилийн уулзалтаа хийсэн. Саяхан л “А” үсэг заалгахаар ирж байсан хүүхдүүд хэдийнэ аав, ээж болцгоочихсон байх юм. Цаг хугацаа ч хурдан юм даа гэж бодож байлаа” хэмээн дурслаа. Харин 1а ангийн багш Г.Энхжаргал “Ангийнхан маань математик сэтгэлгээ сайтай, хичээлдээ их шамдамтгай хүүхдүүд байсан. Тэр дундаас Г.Жигүүрмаа УБИС-ийг математикийн багшаар төгсөн АНУ-д магистрын зэрэг хамгаалсан. Мөн “Монголын уул уурхайн хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тооцох” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Шавь нар минь салбар, салбартаа амжилттай явж байгаад нь үргэлж баярлаж явдаг юм” гэлээ.
Тэд наймдугаар ангиа төгсөхдөө хонхны баяр, зургийн цомогтоо зарцуулах мөнгөө жонш кублэж олж байжээ. 30-аад мянган төгрөг олж ээж, ааваасаа мөнгө авалгүйгээр зургийн цомгоо бэлдсэнээ одоо ч ярих дуртай гэнэ. Энэ ангийн онц сурлагатан, шүлэг бичих авьяастай Ц.Мөнхсоёл нь Хэл бичгийн дээд сургуульд зургадугаар ангидаа уригдаж байжээ. Хэл бичгийн дээд сургуульд уригдсан түүх нь Ардын уран зохиолч Т.Галсан гуайтай холбоотой аж. Учир нь Т.Галсан гуай Өргөн сумын сургуульд ирэх үедээ Ц.Мөнхсоёл хүүгийн шүлгийг уншиж их сайшаажээ. Түүнийг ардын уран зохиолч урамшуулж их сургуульд сурах урилга өгсөн байна.Тэрээр ангийнхандаа зориулсан
Хонхны баяраа тэмдэглэж буй
Хорин долоон ангаахай
Хорвоогийн уудамд нисэх
Хорин долоон шувуухай гэсэн шүлгээ төгсөлтийнхөө зургийн цомогт бичсэн байлаа. Ангийн багш Д.Цагаанмаам нь дүрсгүй хөвгүүдтэй анги дааж авсан болоод ч тэр үү, ширүүн, дориун байдаг байж л дээ. Өнөөх хатуу, чанга багш нь төгсөлтийн баярын өдөр энэхүү дөрвөн мөртийг сонсоод нулимс дуслуулж зогссоныг нь хорвоогийн уудамд ниссэн хорин долоон шувуухай нь хэзээ ч мартдаггүй гэнэ.
Дүрсгүй хөвгүүдээрээ алдартай энэ ангийн атаман бас дарга нь Т.Гантулга байжээ. Ангийн дарга бас атаманаас айхгүй хүүхэд үгүй байжээ. Үеийнхээ жижигхэн биетэй хөвгүүдийг ангидаа оруулж ирээд өмдний бүснээс нь хувцасны өлгүүрээс зүүчихдэг дэггүй хөвгүүн байж. Хэдий бурхны оронд одсон ч дэггүй, сэргэлэн цовоо хүү хэвээр анги хамт олныхоо сэтгэлд хоногшжээ. Мөн ангийн хөвгүүд нь охидоо завсарлагаанаар амттан аваад ирэхээр нь булаана, сургуулийн дээвэр лүү цүнхийг нь шиднэ гээд их л сахилгагүйтдэг байсан гэнэ. Энэ л дүрсгүй ангийг хүмүүжүүлсэн Д.Цагаанмаам, Д.Энхцэцэг, Г.Энхжаргал багш нартаа шавь нар нь үргэлж баярлаж явдгаа хэлсэн юм.
Дунд ангийн багш Д.Цагаанмаам “1996 онд төгссөн 8а анги бол их хэрсүү хүүхдүүдтэй анги байсан. Ямар ч уралдаан тэмцээнд манлайлагч байж чаддаг. Би математикийн багш хэдий ч сумын начин цолтой хүн л дээ. Тиймээс сургуулийн зааланд орж бэлтгэл хийн бас хүүхдүүдэд чадах зүйлээ зааж өгдөг байсан юм. Энэ ангиа дааж авсны дараахан ангийн таван банди маань зодог, шуудгаа барьсаар л “Багш аа, бид бөх болмоор байна, та биднийг бөх болгоод өгөөч” гээд ирж билээ. Тэд маань одоо бүгд аймаг, сумын цолтой бөхчүүд болсон. Тэр таван хүүгээс их спорт руу орсон нь манай О.Болд-Эрдэнэ юм. Тэрээр жүдо, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер. Монгол Улсад жиу-жицу болон Бразилийн жиу-жицу барилдааны спортыг эрчимтэй хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож явна. Тэрээр 2007 онд Монголын жиу-жицу бөхийн холбоог үүсгэн байгуулсан. Шавийн минь хүч, хөдөлмөр талаар бололгүй Монголын тамирчид олон улсын чанартай уралдаан тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Багш хүний хувьд бөх шавь нартай болсондоо их л баярлаж явдаг юм даа” хэмээн хуучиллаа. Тэр дөрвөн хүүгийн нэг болох аймгийн начин Ц.Галбадрах “Манай ангиас М.Сумъяабазар, Т.Гантулга, О.Болд-Эрдэнэ, Б.Эрдэнэбаатар бид тав барилддаг байлаа. Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнээс дөрвүүлээ алт, мөнгөн медальтай ирж сургууль, анги хамт олон, тэр дундаа ангийн багш Д.Цагаанмаамыгаа их баярлуулж билээ. Тэр сайхан үе санаанаас хэзээ ч гардаггүй юм” гэлээ. Мөн ангийн хөвгүүн Т.Хүрэлбаатар нь “Green Salon”-ы захирал аж. Тэрээр бүх зүйлийг тэгээс эхэлж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө амжилтад хүрч, Монголын шилдэг мастер үсчдийн нэг болсон гэж ангийн нөхөд нь бахархан ярилаа. Т.Хүрэлбаатар Кёкүшюүзан Батбаярын зодог тайлах ёслолд түүний үсийг засахаар шалгарч Японыг зорьж байжээ.
Дунд ангид ороод хөвгүүд орой болохоор ангийн хөөрхөн охидынхоо дэвтрийг гуйдаг байсан гэнэ. Хаалгыг нь тогшиж, ангийн охиноо дуудсан хүн нь хамгийн зоригтойд тооцогддог байж. Бүх хичээлийнх нь дэвтрийг аваад л харьцгаана. Ээж, аавд нь загнуулах энүүхэнд байж. Харин гэртээ ирээд дэвтрээс нь хичээлээ огтхон ч хардаггүй байснаа дурссан юм. Тэр үед утас, интернэт байхгүй учраас хайр сэтгэлээ захиагаар илэрхийлдэг байж л дээ. Энэ талаарх хөгжилтэй дурсамжийг ангийн охин У.Өлзийбаяр дурсахдаа “Манай хөвгүүд зориг гаргаад захиа өгдөг байсан ч үг, үсгийн алдаа ихтэй явуулж, охидынхоо дургүйцлийг нь хүргэчихдэг байсан шүү. Нэг удаа манай ангийн Б.Алтанбагана маань шохоорхож явдаг охиндоо захиа бичжээ. Гэтэл тэр захиа эзэндээ ч очсонгүй, замаасаа булаалгачихаж. Зүгээр ч булааж авсангүй, анги даяар захиаг нь уншчихсан юм. Харин тэр захиан дээр хайртай гэдэг үгийг хартай гэж бичсэн нь бүр ч хөгтэй юм болж, бид одоог хүртэл Б.Алтанбаганыгаа шоолдог юм” гэлээ.
Тэд хонхны баярынхаа дараа зугаалгандаа бэлдэж, нэгнийдээ очин шуудайны талаар боорцог чанажээ. Бүгд мөнгө нийлүүлж арван нэгэн ширхэг шилтэй ундаа, сироп авч их л тансаг зугаалж байсан гэнэ. Шинэ жил тэмдэглэхэд ангийн охид нь торт, молокогоор ирис хийж авчирдаг байжээ. Мөн тухайн үед ямар хувцас моодонд орж байсан тухай ангийн хөвгүүн О.Болд-Эрдэнэ “Бидний дүрэмт хувцас их л ховор, хүүхдүүд өмсдөггүй болчихсон байлаа. Гэсэн ч хонхны баяраараа манай ангийн хөвгүүд бүгд л костюм өмчихсөн байж билээ. Тухайн үед жинсэн өмд, як, гурван ямаатай, ясан ултай шаахай моодонд орж байлаа. Мөн хөвгүүд орос бакал өмсөөд, офицер цүнх үүрээд, якныхаа захыг нь босгоод явж байвал их л ганган даа ордог байлаа” гэсэн юм.
О.Ариунцэцэг
О.Жаутыковын нэрэмжит XII олон улсын олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн Э.Баттулгыг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна. О.Жаутыковын нэрэмжит XII олимпиад өнгөрсөн хавар Казахстан улсын Алма-Ата хотод болсон. Энэхүү олимпиад математик, физик, мэдээлэл зүй гэсэн хэсэгт хуваагддаг. Э.Баттулга мэдээлэл зүйн төрөлд оролцож, 20 гаруй орны чадварлаг сурагчидтай өрсөлдөн бахархмаар амжилт гаргасан байна.
Тэрээр бага ангидаа Нийслэлийн 86 дугаар дунд сургуульд (Ирээдүй цогцолбор) сурч байсан. Харин дөрөвдүгээр ангиа төгсөөд Нийслэлийн нэгдүгээр бүрэн дунд сургуульд математикийн шалгалтад нэлээд дээгүүр байр эзэлж, тав, зургадугаар ангиа алгасч байсан гэнэ. Нийслэлийн нэгдүгээр сургуульд долдугаар ангидаа орж, онц суралцан амжилттай төгсчээ. Баттулга аав ээж, ах дүүгийн хамт амьдардаг гэнэ.
Тэрээр дунд сургуульд байхдаа математик, мэдээлэл зүйн олимпиадад тасралтгүй орж, Монголын мэдээлэл зүйн олимпиадаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Мөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадаас мөнгөн медаль хүртэж байжээ.
Өнгөрсөн хавар ЭЕШ-аа амжилттай өгч, 721 оноогоор МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд суралцахаар болжээ. Тэрээр улс эх орон болон өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийнхээ төлөө эрдэм номтой сайн хүн болж төлөвшин, их зүйлийг бүтээнэ гэж боддог. Мөн бусдад үлгэр жишээ байхуйц ухамсартай, соёлтой хүн болж, Монгол Улсынхаа сайн сайхны төлөө ирээдүйн инженерийг зөв арга барилаар ажиллуулна гэж боддог гэнэ.
“Би багаасаа математикийн хичээлдээ дуртай байсан. Долдугаар ангиас эхэлж математикийн хичээлийг илүү шимтэж үзэх болсон. Нэгдүгээр сургуулийн математикийн З.Бат-Эрдэнэ багш маань надад их зүйлийг сургаж, зааж, чиглүүлж өгсөн. Энэ үеэс л би математик, мэдээлэл зүйн чиглэлийн арга барилыг гүнзгийрүүлэх хэрэгтэйг ойлгосон юм. Аравдугаар ангид байхдаа мэдээлэл зүйн У.Даваачулуун багш дээрээ очсон. “Багш аа, та намайг чиглүүлж, их зүйл зааж өгнө үү” гэж хэлсэн. Тэгээд л Мэдээлэл зүйн бодлогуудыг бодож, сэтгэлгээ маань задарч, хөгжсөн байх. Ингээд олон улсын олимпиадад оролцож амжилт гаргасан даа” гэж ярилаа. Мөн Ч.Сугардорж, П.Баасанбат багш нар нь их зүйлийг зааж сурган, олимпиадад оролцох бэлтгэл хийлгэдэг байж.
Тэрээр чөлөөт цагаараа найз нартайгаа зугаалдаг. Мөн бусдад математик болон мэдээлэл зүйн чиглэлийн бодлогыг тайлбарлаж, зааж өгдөг гэнэ.
Хүмүүс мэдээлэл зүйн хичээлийн талаар буруу ойлголттой байдаг. Зөвхөн компьютерийн мэдлэг сайтай байх ёстой гэж ойлгодог. Мэдээлэл зүйн бодлого хүний оюун сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна, аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдөж, янз бүрийн арга чигийг таньж мэддэг аж.
Б.Уранчимэг
Клод Моне бол импрессионизмын эцэг. Импрессионизмыг түүний “Сэтгэгдэл. Мандах наран” гэсэн бүтээлийн нэрнээс үүдэлтэй гэж үздэг. XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн импрессионизм гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичиж, зурдгаараа онцлогтой гэж урлаг судлаачид хэлдэг. Клод Монегоос өмнө хэн ч хэзээ ч ногоон навчис дээрх гэрэл сүүдрийн тоглолт, үүлсийн гайхамшигт хэлбэр, хэн нэгний зурвасхан инээмсэглэлийг дуу алдаж, гайхмаар яг тэр агшинд нь зогсоон дүрсэлж чадаагүй юм.
Зураач 1840 оны арваннэгдүгээр сарын 14-нд Клод-Адольф Моне, дуучин Луиза-Жюстин Одрегийн гэр бүлд мэндэлжээ. Төрсөн газар нь Парис. Хүүг таван настай байхад гэр бүл нь ахиу мөнгө олохоор Нормандын Гавр хотноо шилжин суурьшжээ. Тухайн үед эцэг нь хүүгээ мухлагийнх нь бизнесийг үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч Клод худалдаа сонирхсонгүй. Орон нутгийн коллежид суралцаж байхдаа шог зураг зурах хорхойтой болж. Хүү багш нараа шоглож зурсныхаа шанд таагүй байдалтай нүүр тулж байсан ч шантарсангүй. Аав, ээж нь хүүгийнхээ хүслийг хорьсонгүй, зурах дуртай нагац эгч нь хөрөнгө санхүүгээр дэмжиж байлаа. 15 насандаа тэр Гавр хотноо сайн шог зураач гэсэн алдартай болов. Алдарт зураач Эжен Будентэй танилцаагүй бол хүүгийн хувь тавилан хэрхэх байсныг таахад бэрх. Хүү шог зургаа зардаг талхны газарт энэ агуу хүнтэй уулзжээ. Зурах дуртай хөвгүүнийг харсан даруйдаа дэргэд нь ирсэн агуу зураач “Таны зураг сонирхолтой, хөнгөхөн, ухаалаг учраас би харах дуртай. Та бол их авьяастай. Төд удалгүй та шог зургаас залхана. Байгалийг зурах хэрэгтэй. Тэнгэр, тэнгис, амьтан, хүмүүс, мод… бурхан тэднийг яаж бүтээсэн яг тэр хэвээр нь, агаар, гэрэлтэй нь зурах хэрэгтэй” хэмээн хэлсэн гэдэг. Тэр үед Будений гэрэл гэгээ, нарны туяагаар амилуулсан тэнгисийн зураг Клодод таалагддаггүй байв. Залуу удаан хугацааны турш байгалийн зураг зурахаас татгалзаж байсан ч багшийнхаа ятгалгаар Гавер хотынхоо зүүн хойд хэсэгт байрлах Рюэлльд очжээ. Багштайгаа өнгөрүүлсэн тэр мөчөө Моне “Буден багш зургийн тавиураа байрлуулаад уран бүтээлээ туурвиж эхэллээ. Яг тэр агшинд би уран зураг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Буденд тэр үед л чин зүрхнээсээ талархсан шүү. Зураач болох суурийг минь тавьсан хүн дээ” гэж дурссан нь бий. Клодын “Рюэлль руу харсан нь” гэсэн нэртэй анхны зураг нь Будений байгалийн зурагтай тун төстэй. Түүнээс хойш олон жилийн дараа Моне багшдаа “Би жинхэнэ утгаар нь байгалийг ойлгож байна. Тэр хэрээрээ дурлан, хайрлах болов. Та бол миний байгалийг харахад тусалсан, ойлгож, мэдрэхэд чиглүүлсэн анхны багш” хэмээн бичиж байж.
Будентай танилцсанаас хойш жилийн дараа залуу Парис явж, бүх л амьдралаа уран зурагт зориулахаар шийдлээ. Буден багш нь зураач Константин Труайонд захидал бичиж явууллаа. Урлагийн хүнд Парисийн сургууль шиг сайхан нь юу байхав гэж бодмоор. Гэтэл Клод Парис дахь Францын нэртэй музейнүүдийн нэг Луврт хэдэн өдрийг өнгөрөөсний эцэст, Труайонтэй уулзан зургийн академид сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө сонссоны дараа бодлоо өөрчилж Сюисийн академид орохоор шийдэв. Моне Сюисийн академиас гадна үзэсгэлэн их сонирхдог байв.Энэ үед танилцсан уран бүтээлчдийнх нь дунд Камил Писсаро, Эжен Делакруа, Гюстав Курбе нар байсан юм. Камил Писсаро зураачийн насан туршийн найз болсон билээ. Писсаро бүр хожим Монегийн уран бүтээлийн талаарх анхны сэтгэгдэлдээ “Моне минийхээр бол шижир алт мэт гайхалтай авьяас. Энэ бол урлагийн мастеруудаас ч том зүйл. Моне бол цэвэр байгалийг бишрэгч. Сайтар бодож, ажиллаж бүтээдэг. Мэдрэмж нь гайхмаар шинэлэг байдаг. Жинхэнэ цэцэгсийн зохицлоос бүрдсэн яруу найраг” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Писсарог бишрүүлсэн энэ үедээ Моне урлагийн сургуульд суралцахаас илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зориулж байв. Эцэг нь хичээлээсээ хөндийрсөн хүүдээ дургүйцэж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзлаа. Уран зурагт хайртай нагац нь л хуучин шог зургуудыг нь худалдаж мөнгө илгээж байв.
1860 оны намар Монегийн хувь тавиланд огцом эргэлт гарсан юм. Түүнийг цэргийн албанд татаж, Алжир руу илгээв. Африкийн байгаль залууд гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. “Би Алжирт хоёр жил болсон. Зогсоо зайгүй ямар нэгэн шинэ зүйлийг олж харж байсан шүү. Ой тойнд минь ямар өргөн мэдлэг өгснийг төсөөлөх ч юм биш. Тэр үед цэцэгс, гэрлээс авсан сэтгэгдлээ хожмоо буулгана гэсэн итгэл байгаагүй. Гэвч ирээдүйн бүх л эрэл хайгуулын маань гол үндэс суурь энд л тавигдсан” гэж хэлсэн байдаг. Моне цэргийн албаа хааж дуусахын өмнө өвдөж Гавер руугаа буцлаа. Удтал өвдсөн хүүдээ эцэг нь маш хатуу багшийн удирдлага дор хичээллэвэл гэсэн нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрийг нь өгч Парис руу явууллаа. Тэр садангийнхаа хүний хяналтад тухайн үед алдартай байсан зураач Шарль Глеирийн Парис дахь студид суралцаж эхэллээ. Эндээс уран бүтээлийнх нь жинхэнэ суурь эхэлсэн гэж урлаг судлаачид онцолдог. Хожмоо үүнийг нь дэлхий импрессионизм гэж нэрлэх болсон билээ. Энэ студиэс тэр үеийн алдартай олон бүтээлч төрөн гарсан байдаг. Импрессионизмын төлөөлөгчид болох Парисын захдуу хорооллын ядуу оёдолчны гэр бүлээс гаралтай Огюст Ренуар, Лерогийн сенатч виноны үйлдвэрийн эзний өв залгамжлагч Фредрик Базиль, оффисийн ажилтны гэр бүлээс гаралтай Камиль Писсаро, Гавер хотын хүнсний мухлагийн эзний хүү Клод Моне, хожмоо нэг жилийн дараа тэдэнтэй нэгдсэн Эдуард Мане нарыг юу нэгтгэж байсныг Шарль Глеирийн Парис дахь студиэс хайх хэрэгтэй. Тэдний багш Глейр уран зургийн сонгодог чиглэлийг дэмжигч байв. Парисын ойролцоох нэгэн тосгонд Моне найзуудтайгаа байхдаа багшийнхаа талаар “Хатагтай Глеир бол зургийг маш төгс төгөлдөр гаргадаг хүн. Түүний энэ чадваргүйгээр уран зурагт бид ямар нэг шинэ зүйл илэрхийлж чадахгүй. Харин байгалиас бидэнд заяасан авьяас билиг бусдыг нь бүтээнэ. Мэдээж бүхний түрүүнд нар” гэж хэлж байсан удаатай. Тэр энэ үгээ Парисын дэргэдэх эргэн тойронд нь ой мод найгасан Барбизон тосгонд хэлсэн юм. Энэ тосгон 250 хүнтэй. 100 нь Францын нийслэлд зураачийн мэргэжил эзэмшсэн улс байсан билээ.
Тэр үед Ренуарыг “Надад ийм байгаль хэрэггүй. Ниагарын хүрхрээ ч хэрэггүй. Зөвхөн хотын захын алимны модтой жижигхэн цэцэрлэг байхад л хангалттай” гэж хэлэхэд Моне “Аливаа эд зүйлсийг тус тусад нь хар найз минь. Энэ чинь хоорондоо наалдсан ой биш. Тус тусдаа модод. Тус бүрдээ өөрийн онцлогтой. Нарны гэрлийг нь хүртэл анхааралтай аж” хэмээн хэлж байжээ. Төгс бүтээлийн төлөө ажиллаж байсан Моне нарны гэрэл хүссэнээр нь харах хэмжээнд хүртэл тусахгүй л бол уран бүтээлээ хийж эхэлдэггүй байлаа.
Моне 1864 онд хэд хэдэн удаа байгальд гарч уран бүтээлээ туурвив. Эхлээд Шайи-д. Тэнд зургаа зурж байхад Базль, Ренуар, Сислей ч гэсэн бүтээлээ туурвиж байсан юм. Дараа нь боомт хот Онфлер руу явлаа. Тэндээс Парисд цуврал зургаа авчирсны дунд хоёр бүтээл нь Парисын салоны шүүгчдийн анхаарлыг татсан билээ. Ингээд 1865 онд тэр үзэсгэлэнд оролцов. Өнгөний зохицол гээд бүх л зүйлсийг гайхалтайгаар мэдэрч, зоригтойгоор илэрхийлж, үзэгчдийн анхаарлыг татаж байна гэж түүнийг үнэлж байлаа. Энэ үеэс импрессионистууд чиг урсгалаа хөгжүүлэх, боловсронгуй болгох эрэл хайгуул хийж, бүтээлүүдээ туурвиж байв. Моне тухайн үед “Та харж байгаа зүйлээ аль болох мартахыг хичээ. Мод, байшин, талбай юу ч байсан март. Харин тэр газартаа жижигхэн цэнхэр дөрвөлжин дүрс байна гээд төсөөлчих. Тэр дөрвөлжинг хүрээлсэн ягаан өнгийн дүрслэлүүд гэх мэтээр өөрт бууж байгаа сэтгэгдлээ, нүднээ тусч үлдсэн зүйлсийг дүрслэхийг хичээ” гэж байв. Тэрээр аливааг хуулж зурахаас төсөөллөөрөө туурвиж байсан юм. Нэг бүтээлийг туурвихдаа хэд хэдэн цаасан дээр зэрэг ажиллаж сарниж буй гэрлийг, цацрагийг өнгө ялгаж зурдаг байв. Хожмоо тэрээр Гельмгольц, Шеврел зэрэг физикчдийн онол дээр суурилж уран бүтээлээ туурвих болсон билээ. Өөрөөр хэлбэл, харсан өнгөө дүрслэн харуулахыг хичээж байлаа. Монегийн бүтээлийг харахаар гэрэл зөвхөн модон дээр тусаад зогсохгүй мод руу нэвт шингэж байгаа нь хүртэл мэдрэгддэг. Түүнээс хойш арван жилийн дараа 1874 оны дөрөвдүгээр сарын 24-нд Парис дахь Капуцины гудамжинд байрлах зурагчин Надарын урланд уран зураач, барималч зэрэг олон уран бүтээлчийн нэгдсэн үзэсгэлэн гаргасан билээ. Тэр үзэсгэлэнд гуч орчим зураач орсны дунд Базиль, Сислей, Ренуар, Писсаро, Дега, Мане, Сезанн, Буден болон түүний найзууд байсан юм. Моне энэ үзэсгэлэнд таван бүтээлээ танилцуулсны нэг нь “Сэтгэгдэл. Нар мандах” зураг нь байв.
1865 он. Айл өрх бүрт хийн дүнсгэр гэрэл бүртийдэг байв. Монегийн урлан дахь амьдрал нь хэвийн үргэлжилж байлаа. Залуу зураачид Батиньол гудамжинд байрлах “Гербуа” кафед цугларсан үе. Парисын салоны өндөр зэрэглэлийн шүүгчид хүртэл ирсэн энэ газар шинэ үзэл санааг хэлэлцэж, хуучинсаг үзлийг шүүмжилж байв. Тэдний дунд ирээдүйн нэрт зохиолч Эмиль Золя ч байсан юм. Гэхдээ тэр тухай үед нэр гараагүй, “Эвенман” сонины тоймчоор ажилладаг байлаа. Тэр үед уран зураачдын яриаг анхааран сонсч, Моне руу харц салгалгүй харж зогссон 17 орчим настай Камилла Донсье гэх бүсгүй жожим зураачийн эхнэр болсон юм.
Моне алдарт “Камилла (Ногоон дундах бүсгүй)” бүтээлээ 1866 онд Парисын салонд тавьж урлаг судлаачдын зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ зураг олонд хүрэхэд Камилла хөл хүнд болсон байлаа. Гэрлэхгүй бол зураг нь зохих ёсоор үнэлэгдэхгүй хэмээн шүүгчид зөвлөж байв. Хүү нь зөвшөөрөлгүйгээр гэрлэсэн гэх мэдээлэл эцэгт нь хүрвэл санхүүгийн тусламж өгөхгүй гэсэн том эрсдэл байлаа. Мөнгөнд хавчигдсан зураачийг зээлдүүлэгчид нь тайван суулгахгүй зовооно. Гавер, Сент Адресс, Парис зэрэг хотууд руу зээлдэгчдээсээ зугтан амьдарсаар байлаа. Зарим үед бүр амиа егүүтгэхийг ч оролдож байсан гэдэг. Энэ бүгдийн эцэст Клод, Камила хоёрт бага ч атугай тайвшрах боломжийг хуучин анд Фредрик Базиль нь өгсөн юм. Фредрик Базиль зураачийн нэг бүтээлийг боломжийн үнээр худалдаж авсан юм. Хос залуус хуримаа сайн үе иртэл хойшлууллаа. Найзынх нь өгсөн мөнгө анхны хүүхэд төрсний эхэн саруудад хангалттай байлаа. Анхны охин Жанна 1867 онд мэндэлсэн юм. Гэр бүлийнх нь цаашдын амьдрал Клодын амжилтаас шалтгаалж байв. Аз болоход тухайн үед Монегийн бүтээлийг бишрэн шүтэгчид гарч ирлээ. Тэдний зарим нь баян чинээлэг эрхмүүд байсан юм. Чинээлэг шүтэн бишрэгчдийн нэг нь худалдаачин Годибер. Тэр хэд хэдэн бүтээлийг нь худалдаж аваад зогссонгүй, Парис хотоос баруун хойд хэсэгт хэдэн км-ийн зайд байрлах Сена мөрний эргийн ойролцоо байрлах тосгон Сен-Мишель де Бужеваль тосгонд байшин худалдан авч өгчээ. Энд тэр Ренуартэй хамтран “Усан доорх газар”, “Мэлхий нэртэй бяцхан зоогийн газар”-ын талаар цуврал бүтээл туурвисан юм. Моне энэ үед санхүүгийн асуудлаа шийдэж, урт хугацаанд хүлээсэн хуримаа хийлээ.
Залуу хос Нормандын Трувиль хотод шилжин суурьшив. Гэвч хэдэн долоо хоногийн дараа Франц Пруссийн дайн эхэлсэн учраас импрессионист бүлгийн клубүүд түр хугацаагаар хаагдсан юм. Монегийн сайн анд Фредрик Базиль эзэн хаанаа хамгаалах дайнд мордож удалгүй амиа алдав. Зураачид Францаас дүрвэхийг илүүд үзлээ. Моне Камилаг хүүхдийнхээ хамт сайн найзындаа үлдээгээд Лондон явав. Учир нь Монегийн гэр бүлийнхэн эхнэрт нь таагүй ханддаг байсан юм. 1870-1871 оны өвөл тэр зууны хувьд хамгийн хүйтэн жил байлаа. Лондон тэр аяараа чийг утаа мананд автсан байв. Темза, Грин-парк, Гайд-парк бүхэлдээ 24 цагийн турш чийг мананд уусна. Гэвч Монегийн хувьд энэ гайхалтай үзэгдэл байсан юм. Тэрээр өнгө гэрлийн хослолыг тэр л үед олж харсан билээ. Энэ талаараа Рене Жимпельд “Лондон Английн тосгоноос илүүтэй надад таалагдаж байна. Үнэн шүү, би Лондонд дурлаж байна. Яг л ансамбль мэт, гэсэн хэрнээ гайхалтай энгийн. Тэр дундаа Лондонг хучсан манан онцгой таалагдаж байна. Лондонгийн өвөлд би дуртай. Зун бол энд цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн хот сайхан харагддаг л даа. Гэвч Лондонгийн манантай өвөл үүнтэй харьцуулшгүй сайхан. Лондон манангүйсэн бол тийм сайхан харагдахгүй. Манан энэ хотыг гайхалтай харагдуулах юм. Лондонгийн нууцлагдмал энэ бүрхүүл нэг өнгийн, барилга байшингууд нь аварга байгууламж мэт сүртэй харагдахыг яана” хэмээн бичиж байжээ.
Британийн нийслэлд тэр Писсаро, Добиньи хоёртой дотносож, Францын зураач Поль Дюран-Рюэльтэй танилцсан юм. Энэ уулзалт хувь тавилан байв. Импрессионистууд чин үнэнчээр, хэн хэндээ ашигтайгаар нөхөрлөжээ. Дюран-Рюэль тэдний уран бүтээлийг Франц зураачдын нийгэмлэгээс гаргадаг бүх л үзэсгэлэнд тавьж байлаа. Мөн 1870 онд Клодоос хэд хэдэн бүтээлийг нь худалдаж авав. Санхүү нь сайжирсан зураачийнх Аржант хэмээх үзэсгэлэнт газарт нүүж очлоо.
Дараахан нь импрессионистуудын үзэсгэлэнд олон нийт шүүмжлэлтэй хандах үед дахин мөнгөгүйдэж, зээл авахаас аргагүйд хүрч, хүндээр өвдсөн Камила болон хоёр хүүгээ Аржант хотоос Ветей хотод аваачин дөрвөн хүүхэдтэй айлд байлгажээ. Гэвч хувь тавилан бэлгээ дахин задалж урлагийн бүтээл цуглуулагч Жорж Шарпантьегийн эзэмшлийн “Ви Модерн” буюу “Орчин үеийн амьдрал” сэтгүүлийн байранд гаргасан Монегийн 18 бүтээл олны анхаарлыг татсан билээ. Хэвлэлийнхэн шуугьж, бүтээлүүд нь бүгд зарагдлаа. Зураачийн амьдрал дээшилж эхлэв. Монегийн амьдралын идэвхтэй үе ингэж эхэлсэн юм. Дараа жил нь тэр Пети галлерейд 145 бүтээлээ толилууллаа. Алдрын оргилд нэртэй зураач болсон түүнийг шинжлэх ухаан, урлагийг ивээн тэтгэгчид хүрээлж эхлэв. Зөвхөн Дюран-Рюэлиэс олсон орлого нь гэхэд л 1882 онд 20 мянган франкад хүрч байж.
Моне 1886 онд Нью Йорк хотноо бүтээлээ толилуулж дэлхий дахинаа алдаршсан зураач болов. Америкчууд хувийнхаа үзмэрт зөвхөн Монегийн бүтээлийг тавихыг илүүд үзэж байлаа. 1887 онд зураачийн нийт орлого 44 мянган франк, 1891 онд 100 мянган франк, хожмоо бүр хоёр дахин нэмэгдсэн юм. Өр зээл, уналт ядуурал ард үлдэв. Дьеппе, Пурвил, Этрет, Фекан зэрэг дуртай газраа бүтээлээ туурвиж, Антиб, Итали, Швейцарь, Голланд, Норвеги зэрэг дэлхийн өнцөг булан бүрт аялж байв. Мөн Живернн хот дахь хувийн цэцэрлэгтээ уран бүтээлээ туурвидаг байлаа. Эхнэрээ өвчнөөр алдсан Моне Гошедегийн бэлэвсэн эхнэр Алистай гэрлэж аз жаргалтай амьдарсан юм.
Импрессионист чиглэлийн хандлага аажмаар буурч 1883 онд гарсан үзэсгэлэн нь амжилт олсонгүй. 1886 онд гаргасан үзэсгэлэнд пуантилизм урсгалын төлөөлөл болох Жорж Сер, Поль Синьяк нарын бүтээлүүд олны анхаарлыг татаж эхлэв. Моне аль хэдийнэ сонирхол татахаа больсон байлаа. Тэр энэ цагаас олон нийтийн өмнө гарахаасаа илүү хувийн амьдралдаа анхаарах болов. Моне 1892 онд “Бухал” гэдэг цуврал бүтээлээ туурвисан байна. Тэрээр энэ цуврал бүтээлдээ цаг агаар хоногийн дотор хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан байдаг. Дараа нь ”Улиангар” хэмээх цуврал бүтээлээ туурвиж, Руаны цогчин дуганыг гэрлийн хугарлаар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар нь 50 янзаар зурав.
Тэр үргэлж “Цэцэрлэг. Энэ бол миний бүтээлийн хамгийн сайхан хэсэг” хэмээн хэлдэг байв. Монегийн уран бүтээлийн гол тулгуур нь нарны гэрэл байсан юм. Нас дээр гарсан хойноо тэр уран зургийн шинэ хэлбэрээ цэцгээр илэрхийлжээ. Импрессионизмын эцэг 1926 оны арванхоёрдугаар сарын 5-нд таалал төгсчээ.
Бүх ард түмний спартакиад гэж олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа дээхнэ үед жил бүр болдог байлаа. Анхны спартакиад 1946 онд зохиогдоход эх орны өнцөг булан бүрээс хамгийн шилдэг тэргүүний гэсэн 3000 гаруй тамирчнаа хөнгөн атлетик, хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, кросс, дугуй зэрэг төрлүүдээр өрсөлдүүлж байсан баримт бий.
Спартакиад сумын спартакиадаар эхэлнэ. Тэр үед одоогийнх шиг спортын элдэв клуб, дугуйлан, фитнесс энэ тэр гэж байсан биш. Үеийнхэн, хамт олон дундаа бөмбөг гайгүй шиг цохьдог, гүйж харайхдаа сайн, нуруулаг, бие хаа сайтай, хурдан шалмаг, спортод дуртай гэсэн нөхдөө “Чи тэмцээнд ор” гэж түлхээд л спартакиадад оролцох эрхийг нь өгчихдөг байлаа. Ингээд спартакиад эхлэх болоход сумын төвд энд тэндхийн бригадуудаас хэдэн хар юм хөнжил пүүгээгээ машин дээрээс шидлээд л сүртэй гэгч нь бууж ирнэ. Сумынхаа спартакиадад нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар сонгогдож ирсэн тамирчид нь тэд. Сумын захад гол, горхи бараадуулсхийгээд майхнаа барьсан тэд уул хад руу гүйж, оргил булаацалдаж, элсэн дээр харайж хөлсөө гаргацгааж бэлтгэлээ базаана, хэдэн өдөр. Цээжээ нүцгэлээд толгой хүзүүгээ усаар шавшиж зогсохдоо хүртэл гимнастикаа давтана. Мар мар хийсэн тэд тэмцээн эхлэхэд гүйлт, харайлт, сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд бүх төрлөөр нь хүч үзэж хоёр гурван өдөр цуцталаа өрсөлдөцгөөгөөд сая нэг юм буларсан биетэй нөхөд бригад, гэр рүүгээ хүлгийн жолоо зална. Сумын спартакиад гэж нэг иймэрхүү л байр байдалтай спортын тэмцээн болдог байлаа.
Өнөө жил Бразилд болсон зуны XXXI олимпод манайхан яг л сумын спартакиадад оролцох гэж байгаа юм шиг хандаж, бэлтгэлээ ч тэр хэмжээнд хийсэн болоод явцгаасан. Жүдогийнхон хөнжил гудсаа ачиж аваад Баянхонгорт очиж гүйж харайгаад бэлтгэл хийснийг та бид мэдээллийн хэрэгслүүдээр зөндөө л харсан. Д.Дагвадорж чөлөөтийн хүүхдүүдийг жагсаачихаад л медаль авахгүй бол дэмий шүү, медальгүй ирвэл яахыг минь харцгаагаарай гээд л сүржин байлаа даа, олимпийн өмнө. Би ч тийм ийм, бид бол Монгол, хөх толботой, хонины л мах иддэг ард түмэн гэж онгирцгоогоод л. Эх орондоо Mongolia, Chinggis khan гэсэн баахан опен тэмцээнүүд зохиож тэрэндээ өөрсдөө түрүүлцгээгээд л, ай мөн бяртай байв аа. Тэр нээлттэй жижиг тэмцээнүүдэд гадны улсууд гурав, дөрөв, тавд жагсдаг тамирчдаа илгээхэд харин манайхан тэднийх нь өмнөөс нэг, хоёр номерын тамирчдаа гаргаж, хөзрөө дэлгэчихсэн. Гадныхан манай спортынхон, тамирчдыг ингэж л хөөргөөд хаячихсан юм. Бид тэр худлаа магтаалд нь толгой эргээд л “Риог чинь самраад хаячихъя л даа. Өрсөлдөгчдөө базаад базаад шидчихье” гээд л төдөн алт, мөнгө авна. Хүрэл медаль юу юм гэж ирээд яасан ч их хөөрөв. Тэгээд яахав онгирч, догдолсон багийнхан маань тэнд очоод болгож тавиулсан даа. Нойроо хугаслан байж цэнхэр дэлгэц ширтэн суусан олон зуун мянган хүний сэтгэлийг гонсойлготол даруулж, шидүүлж, нүдүүлж, дээрэлхүүлж байгаад ирцгээсэн. Нөгөө хөх толбо молбоо мартаад хувцас хунараа хүртэл тайлаад хүн төрөлхтний нүдийг бүлтийлгэв. Энэ үйл явдлыг шившиг эсхүл баатарлаг үйлдэл байсан гэж дэнслэхээс илүүтэй цаана нь гарч байгаа үр дагавар нь чухал юм. Хоёр дасгалжуулагч тайчсан нь эргээд чөлөөт бөхийн хойч үеийнхэнд хортой тусчих шиг боллоо. Эхнээсээ тэмцээнд оролцож чадахгүй байгаа дуулдана. Гэхдээ цаашид хэрхэхийг мэдэхгүй. Монголчууд энэ удаагийн олимпод иймэрхүү л оролцов. Саяын олимпийн тухай мэдээ сэлт, өнгөрсөн нэвтрүүлгийн давталтыг нь үзэхээс дургүй хүрэх юм. Уг нь монголчууд чинь олимп гэхээр нүд нь сэргээд, сэтгэл нь бадраад л ирдэгсэн. Баг, тамирчдынхаа оролцсон байр байдал, ааш аягийг нь үзвээс сумын спартакиадын жижигхэн тойрогт ач тач үзэж буй мэт байлаа.
Гэтэл манай хоёр хөршөөс эхлүүлээд Азийн орнууд Лондонгийн олимпийн дараачаас л Риод орох тамирчдаа сонгож вакумжсан орчинд бэлтгэлийг нь хангасан. Угаасаа ч тэгдэг. Зарим орон олимпийн тамирчдыг дэмжих шинжлэх ухааны институт хүртэл байгуулж идэх хоол унд, өмсөх зүүхээс нь эхлүүлээд бүгдийг нь шинжлэх ухаанчаар бэлдэж, амьсгалах агаар, харах байгалийг нь ч нарийн тооцож тусгай газруудад бэлтгэлийн баазаа байгуулсан байсан. Тамирчдынхаа бэлтгэлийг хангах орчинг ийн бэлдсэн тэд бэлтгэлжилт, сэтгэлзүйн тал дээр бүхэл бүтэн баг ажиллуулцгаасан. Олимп гэдэг чинь хэдэн тамирчдаа илгээсэн болоод араас нь зурагт ширтэн суудаг зүйл биш гэдгийг бид энэ удаад ухаарлаа. Ямар балар эртний үед хадан агуйд галаа манаж суугаа хүмүүс биш дээ. Энэ удаад тэнгэр заяат өөр юу ч билээ айхавтар ярьж хэлдэг юмандаа хэт итгэчихсэн ч юм шиг.
Шинжлэх ухааны тооцоолол дээр үндэслэсэн бэлтгэлийн нарийн горимоор дөрвөн жилийн турш бэлтгэгдсэн тамирчдыг нэг үгээр шинжлэх ухааны шинэ бүтээл гэж хэлж болно. Бүр нарийн яривал ирээдүйн олимпод оролцох тамирчдаа хоёр, гурван настайгаас нь л олж шинжээд бэлтгээд эхэлчихдэг. Хамгийн ойрын жишээ бол Хятад улс. Лондонгийн олимпод Хятадын усанд сэлэлтийн тамирчин охин хүний үзүүлж барамгүй амжилтыг гаргаж дэлхийг шуугиулсныг спорт сонирхогчид мартаагүй. Тэр охиныг элдвээр гоочилсны эцэст БНХАУ-д спортын шинжлэх ухаан ямар өндөр түвшинд хөгжсөнийг хүлээн зөвшөөрцгөөсөн билээ. Дэлхийн улс орнууд ингэж л олимпдоо шинжлэх ухаанчаар ханддаг. Гэтэл бид тийм мундаг амьтдын өмнөөс хар бяр чадалтай, дээр дурдсан бригадаасаа сонгогдсон адуучин, тракторчин мэтийн сумын спартакиадын залуусаа л хичнээн олныг сөргүүлж тавиад яах юм.
Олимпийн бэлтгэлд гарлаа гээд л жүдогийнхон нэг талд, чөлөөтийнхөн бас нэг уулын мухарт, боксынхон ч тэр. Медаль авах боломжтой топ төрлүүддээ бат итгээд тэдгээр спортыг авч явдаг хүмүүстээ бүр найдаад сурчихсан. Хуучны туршлагатай багш нар, олимп, дэлхийн медальтнуудын нуруун дээр хамаг ачааг өгчихнө. Өнөөдүүл нь өөрсдийн биеэр үзэж туулснаа шавь нартаа дуулгахаас биш шинжлэх ухаан, сүүлийн үеийн технологийн талаар хангалттай мэдээлэл өгдөг гэдэгт эргэлмзээр. Ядаж сэргээшийн жагсаалтад ямар төрлийн бодис нэмэгдсэнийг хурдан шуурхай мэдчихдэг мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Үндэсний шигшээ багийг багцалж атгасан үндэсний албаныхан хуучны хүмүүсийн туршлага, арга ухаан, тамирчдынхаа бяр чадал, авьяас, мэдрэмж дээр шинжлэх ухааны үр нөлөөг тусгах хэрэгтэй юм. Спорт, шинжлэх ухаан хоёрыг хослуулах л дутаад байна. Олимпийн хорооны дэргэд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болов уу гэж таамагламаар нэг байгууламж хашаанд нь байдаг. Тэрийгээ ч жинхэнэ утгаар нь ажиллуулаад Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнд нь бүх тамирчныхаа мэдээллийг өгөөд судалгаа, шинжилгээг нь хийлгэ. Аливаа тамирчинд амжилт гаргах цикл, бэлтгэлийн уналт, сэргэлтийн үе гэж бий. Тэр бүгдийг нь нарийн тооцоолуулж, улсдаа гайхагддаг сайн сэтгэлзүйчдийг тамирчидтайгаа одооноос ажиллуулж эхлэх хэрэгтэй. Дэмий омогшил, онгироо занг нь дарж, сэтгэлзүйгээ дэвжээ, ринг, зам, талбайд хянаж чаддаг чадвартай, сэтгэлээр бөх болгох хэрэгтэй байна. Олимпод оролцож байгаа тамирчид бүгд л фэйсбүүк энэ тэрдээ орчихсон “Би одоо гарлаа, барилдлаа” гэж зарлаад л дор нь “Чи чадна аа”, “Чи лаг шүү. Алт аваарай” гэцгээсэн олон зуун сэтгэгдэл хөврөөд л. Яг тэр агшинд тухайн тамирчин дөрвөн жилийн бэлтгэлээрээ хүч үзэх үү. Сэтгэл хөдлөлөөр гараад үзүүлээд өгөх үү гэдэг нь хачирхалтай. Үүнээс нь харахад манай багийнханд ямар ч сахилга бат байдаггүй.
Спортынхон гэсэн дархлагдсан хэдэн улсад ингээд хамаг улс орныхоо нэр нүүрийг итгэл хүлээлгэж өгөөд байвал цаашид юу ч болж мэдэхээр байна. Эцэст нь нэг муу тамирчин, ядарсан хоёр дасгалжуулагч л буруутан болоод үлдэж байгааг харж байна. Спортын үйл хэрэгт шинжлэх ухаанчаар хандаж, тамирчдаа шинжлэх ухааны бүтээлийн хэмжээнд аваачих цаг нь болсон гэдгийг Рио Де Жанейрогийн олимп бидэнд санууллаа. Тийм болохоор одооноос спорт-шинжлэх ухаан гэсэн хослолыг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна, тэр харьяа яам, газрууд нь. Рио Де Жанейро хот болоод өнөө Узбекстаны бөх, Японы шүүгчийг одоо үзэн ядаад, дэлхийгээс нүүцгээе гээд орилоод байх хэрэггүй шүү. Алдааг өөрсдөөсөө эрье. “Токио 2020”-д манайхан аанай сумынхаа спартакиадад оролцох гэж байгаа мэт сэтгэгдэлтэй очвол бас яачих ч юм билээ.