Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэмийг чангатгажээ

Ямааны тахал шинжтэй халдварт өвчнөөр Баян-Өлгий аймгийн Булган суманд өвчилсөн бог малын тоо 15369 гаруй толгойд хүрчээ.

Тиймээс Улаанхус, Цүнхэл багийн нутагт тогтоогдсон хорио цээрийн дэглэмд хүч нэмэгдүүлж хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэрийг орон нутгийн захиргаанаас гаргасан байна. Хорио цээрийн дэглэмийг чангатгасантай холбоотойгорр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, уулзалт зохион байгуулахыг түр хугацаагаар хоригложээ.

Categories
гадаад мэдээ

Жолооч нь амиа хорлохыг хүссэний улмаас 26 хүн осолд орж нас баржээ

Тайванд жуулчид
тээвэрлэж явсан том оврын автобус осолдож 26 хүн нас барсан байна. Энэхүү осол
нь Тайваны нийслэл Тайпей хотын олон улсын нисэх буудлын ойролцоо болжээ.
Жолооч нь энэхүү гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогджээ. Учир нь тэрээр гэр бүлийн
дарамт болон бэлгийн танхайн хэрэгт ял эдлэхээр болоод байсан учир амиа
хорлохоор шийджээ. Тэрээр гал тавьж газ дэлбэлэн өөрийгөө болон 25 хүний амийг
хөнөөсөн байна. Тэдгээр нас барсан хүмүүсийн 24 нь Хятадын жуулчид ба гурав нь
хүүхэд байжээ.


Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл маргааш
11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэрээ мэдэгдэл хийх
аж. Түүний энэхүү мэдэгдэл нь ирэх аравдугаар сард болох орон нутгийн
сонгууль, мөн энэ сарын 16-нд хуралдах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх
хорооны хуралтай холбогдож магадгүй бололтой. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн
Ардчилсан намын байранд болно.

Нийслэлийн Ардчилсан
намын дарга Э.Бат-Үүлийн хувьд 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээж,
ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн ч гишүүдийнх нь хувьд орон нутгийн сонгуульд
багаа удирдаж ажиллах ёстой гэсэн байр суурь барьж буй. Тиймээс хийх мэдэгдэл
нь анхаарал татаж байгаа юм.

2016 оны УИХ-ын
сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа намын дарга З.Энхболд
хариуцлага хүлээн чөлөөлөгдсөн. Ингэхдээ Ардчилсан намын шинэ дарга сонгогдох
хүртэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж
байх шийдвэрийг Гүйцэтгэл зөвлөлөөс гаргаж, өнгөрсөн долдугаар сард хуралдсан
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас намын даргын асуудлыг шийдэн, орон
нутгийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэл хангах ёстой гэсэн байр суурьтай
гишүүд олон байсан ч эл асуудлыг шийдэл чадалгүйгээр уг хуралдаан завсарласан
юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Аюурзана:Дэлхий даяар цахим сэтгүүлзүйг сонгож байна

Энэ жилийн “Балдорж”-ын шагнал гардуулах ёслол дээр шүүгчээр ажилласан Г.Аюурзана бусад шүүгч нараа төлөөлөн шүүлтийн талаар болон сэтгүүл зүйн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар үг хэлсэн юм. Тэрбээр:“Би сүүлийн таван жилийн турш шүүгчдийн бүрэлдэхүүнд орон ажиллалаа. Энэ жил 9 хүний бүрэлдэхүүнтэй шүүхийн зөвлөл нэг жилийн турш ажиллалаа. Энэ жилийн “Балдорж” шагналын шалгаруулалт маш онцлогтой байсан. Өмнөх шалгаруулалтуудад харагдаж байгаагүй нэг сонин зүйл сүүлийн нэг жилд гарлаа. Энэ бол цуврал нийтлэл юм. Манай сэтгүүлчид сүүлийн нэг жил цуврал нийтлэлээр гаршиж байна. Бүтэн жилийн турш Л.Ганчимэг, Болормаа хоёр “Ногоон хотын эрэлд” гэдэг цуврал нийтлэл бичсэн. Ц.Цэвээнхэрлэн гэхэд Урт нэртэй хуулийг цуцалсан тухайд байгальд ямар хүйтэн сэтгэлээр хандаж байгаа талаар бичсэн. Мөн эмнэлэг тойрсон цуврал нийтлэлүүдийг нэрлэж болно. Энэ нь манай сэтгүүлчид нэг удаагийн мэдээ, сурвалжлага бичээд орхидгоо больж байна гэсэн үг. Эхэлж олсон сэжүүрээ сэтгүүлч хүн эцсийг нь хүртэл мөрддөг, бүх юмыг мухарладаг ийм мундаг сэтгүүлзүй төлөвшиж байна гэж бодож байна.

Түүнээс гадна дэлхий даяараа цаасан сониноос татгалзаж байна. Цаасан сонин бол дор хаяж арван хэдэн цагийн алдагдал хүлээдэг байхад одоо онлайн бол шууд цацдаг болсон. Энэ утгаараа сайтын сэтгүүл зүй зөвхөн copy, past биш өөрийн гэсэн сурвалжлагатай болж сэтгүүлзүйн чиг хандлагыг дагаж байна. Гэх мэтээр нэг чиглэлээр мөрдөөд дагаад бичиж байгаа сэтгүүл зүй бол хүчирхэг болж байгаагийн хэмжүүр юм болов уу хэмээн бодож байна” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

НҮБ-с хүүхэд залуусын дунд зурагт хуудасны уралдаан зарлажээ

“Хог хаягдлаа
багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя” сэдэвт зургийн уралдааныг НҮБ-ын
Аж үйлдвэрийн газраас хүүхэд багачуудын дунд зарлалаа. Уралдаанд
10-14 насны хүүхдүүд зурагт хуудасны төрөлд оролцох бөгөөд сэдвийн
хүрээнд зөвхөн ганц бүтээлээр өрсөлдөх боломжтой. Мөн гэрэл зураг сонирхогч
15-20 насны залуус сэдвийн хүрээнд өөрсдийн авсан гэрэл зургаар оролцоно.
Нэгдүгээр байр эзэлсэн хүүхдэд өргөмжлөл, 500 мянга, хоёрдугаар байр өргөмжлөл,
300 мянга, гуравдугаар байр өргөмжлөл, 200 мянга, дөрөвдүгээр
байр өргөмжлөл, 70 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм. Түүнчлэн
тэргүүн байр эзэлсэн хүүхэд бүсийн шалгаруулалтад оролцох бөгөөд бүсээс
шалгарсан нэг хүүхэд Австрийн Вена хотод болох “Шилдэг зурагт хуудас”
өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулах аж. Хүүхэд,
залуусын ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, телевиз, хэвлэл мэдээллийн
хэрэгслээр сурталчлан олон нийтэд танилцуулах бөгөөд бүтээлийг энэ сарын 25-нийг
дуустал хүлээн авна.

Categories
мэдээ спорт

Бодибилдинг, фитнессийн ДАШТ Улаанбаатар хотноо болно

Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сарын 2-9-нд болно.Саяхан болсон Азийн
АШТ-ий үеэрх Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо /WBPF/, Азийн бодибилдинг,
фитнессийн холбоо /ABBF/-ны Удирдах зөвлөлийн хурлаар ДАШТ-ийг эх орондоо
зохиох эрхийг Монгол Улсад албан ёсоор олголоо. Ийнхүү 26 жилийн
түүхтэй Монголын ууган холбоодын нэг Монголын бодилдинг, фитнессийн холбоо
ДБФХ-тай хамтран ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа
оржээ. Сонирхуулахад, Саяхан болсон Азийн АШТ-д Монгол Улсаас эх орноо
төлөөлөн 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий
хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар
мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус авсан юм.
Улмаар манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан
амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Сансраас ирсэн дохио

Xарь гарагийг судалдаг “SETI” (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн судлаачид HD 164595 одны ойролцоогоос Оросын эрдэмтэд ер бусын дохио хүлээн авсан тухай саяхнаас мэдээлэх боллоо. HD 164595 од нь нарнаас 94 гэрлийн жилийн зайтай оршдог, Геркулес оддын ордод байрлах бөгөөд ойролцоогоор 6,3 тэрбум жилийн настай юм байна.

Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард анх ийм дохиог Оросын “РАТАН-600” телескоп хүлээн аваад бүртгэжээ. “РАТАН-600” телескоп нь Карачаево-Черкесст байрладаг. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн уг төхөөрөмж дэлхийд хамгийн томд тооцогддог радио долгион хүлээн авагч. Маш өндөр мэдрэмжтэй тул нар, нарны салхи, од гариг, хиймэл дагуул зэргээс ирж буй бүх дохиог тэр дор нь мэдрэх чадвартай. HD 164595-аас ирсэн дохио нь хоёр секунд үргэлжилсэн бөгөөд 11 гигагерцийн давтамжтай байжээ. Одоогоос хоёр жилийн өмнө яг ийм дохио хүлээн авсныг эрдэмтэд дурдсан байдаг.

Оросын телескоп өнгөрсөн хавар дохиог хүлээн авсан боловч саяхнаас л хэвлэл мэдээлэл, сошиалаар бичигдсэн. Америкийн зохиолч, “Centau­ri Dreams” сайтын редактор Пол Гилстер хамгийн анх энэ тухай олон нийтэд мэдээлэхдээ гадаадын судлаачдын баг үүн дээр ажиллаж байгааг онцолжээ.

Одон орон судлаачдын үзэж байгаагаар сансар огторгуйд олон гараг байдгаас хүн амьдрах боломжтой ч бий гэнэ. Тиймээс 1950-иад оноос эхлэн SETI (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн эрдэмтэд өөр гариг дээр хүн амьдрах боломжтой эсэх талаар судалгаа хийж эхэлсэн. Энэ ажилд эрдэмтэд, одон орон судлаачид болон сайн дурынхан оролцдог бөгөөд сонин хачин үзэгдлүүд нэлээд тохиолдсон гэдэг. Нэг жишээг дурдъя. 1977 онд одон орон судлаачид нэгэн дохио хүлээн авчээ. Тухайн үед доктор Жерри Эйманн үүнийг ихэд онцолж ач холбогдол өгсөн байдаг. Тэр дохио өнгөрсөн хавар нь хүлээж авсан дохиотой тун ижилхэн байсан гэнэ.

Харь гараг дээр амьдрал байхгүй хэмээн үздэг эрдэмтэд нэлээд олон судалгаагаа үргэлжлүүлсээр байгаа. Харин энэ удаагийн дохио нь судлаачдын анхаарлыг маш ихээр татсан шалтгаан нь манай дэлхийгээс өндөр хөгжилтэй газраас илгээсэн байх гэсэн таамаглал дэвшүүлсэнтэй холбоотой. Ийм таамаглал дэвшүүлэх болсон бас нэг шалтгаан нь дохио маш хүчтэй байсан гэдэг.

Гэхдээ манайхаас өндөр хөгжилтэй гарагаас илгээсэн гэдгийг батлах баримт хараахан байхгүй.

Оросын эрдэмтэд дохиог хүлээн авсныхаа дараа гадаадын мэргэжил нэгтнүүддээ энэ талаар захидал илгээгээд, судалгаа хийхэд хамтарч ажиллах хүсэлт тавьжээ. Ийнхүү сансраас хүлээн авсан дохио дэлхийн судлаач, эрдэмтдийн анхаарлын төвд байна. Тиймээс ч энэ сарын 27-ны өдөр Мексикийн Гвадалахар хотод болох Олон улсын одон орон судлаачдын 67 дугаар чуулган дээр энэ талаар тусгайлан хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сансраас хүлээн авсан дохиог судалж, харь гараг дээр амьдрал байгаа эсэхийг тогтоохоор одоогийн байдлаар одон орон судлаачдын хоёр баг ажилдаа орчихоод байгаа. Хоёр тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй эдгээр эрдэмтдийн нэг хэсгийг олны танил одон орон судлаач Сет Шостак, нөгөө багийг нь Дук Вакоч ахлан ажиллаж байгаа аж. Тэд одоогоор хангалттай баримт байхгүй тул харь гарагаас илгээсэн гэдгийг баттайгаар хэлж чадахгүй гэдгээ онцолсон юм. Дээр дурдсанчлан уг дохионы талаар судлаачид янз бүрийн байр суурьтай байгаа. Техасын их сургуулийн одон орон судлаач Ник Санцеффийн үзэж байгаагаар 11 гигагерцийн давтамжтай дохио нь цэргийнхний үйл ажиллагаа явуулдаг бүсэд байдаг тул энэ дохио манай дэлхийтэй холбоотой хэмээн ярьжээ. Гэхдээ дахин ийм дохио ирэхийг хүлээж байж тодорхой дүгнэлт хийхээс өөр аргагүй гэсэн. Харь гарагийнхантай холбоо тогтоох хөтөлбөрийг удирдан ажиллаж буй Дуг Вакоч өнгөрсөн даваа гарагт HD 164595 оддын ойр хавьд судалгаа хийжээ. Тэрээр “Allen Telescope Ar­ray” телескопыг ашиглан ажиглалтын хийсэн боловч ямар нэгэн дүгнэлтэд хүрээгүй гэдгээ хэлсэн. Энэ нь эхний шатны ажиглалт байсан тул цааш нь нарийвчлан судлах шаардлагатай гэсэн.

Нэлээд хүчтэй дохио ирсэн нь төхөөрөмжид бүртгэгджээ

Үүнтэй холбогдуулан Оросын “РАТАН 600” телескопын талаар зарим нэгэн мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Тус төхөөрөмжийг 1974 онд байгуулсан бөгөөд нар, од, гараг болон сансар судлалд ашигладаг. Далайн түвшнээс дээш 970 метрийн өндөрт байрладаг түүн шиг өндөр мэдрэмжтэй төхөөрөмж одоогоор байхгүй.

Оросын зарим эрдэмтэдийн ярьж байгаагаар сансраас ирсэн дохио нь үл танигдах нисдэг биет үзэгддэгтэй ижилхэн гэжээ. Тэгэхлээр хэн нэг нь “Би үл танигдах нисдэг биет харсан” хэмээн яривал хүмүүс бараг тоохгүй. Үүнийг харь гарагаас ирсэн сансрын хөлөг гэсэн бодол хүмүүсийн оюун ухаанд суучихсан байдаг.

Оросын Шинжлэх ухааны академийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Д.Вибе энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр энэ нь манай дэлхийгээс өндөр хөгжилтэй харь гарагаас ирсэн дохио гэдгийг үгүйсгэх арга байхгүй гэжээ.

Aстрофизикчдийн мэдэгдсэнээр HD 164959 одын ойр орчмоос ийм хүчтэй дохио өгснийг манай дэлхий дээр хүлээн авна гэдэг бол маш өндөр хөгжилтэй гарагаас илгээсэн гэсэн үг хэмээн онцолжээ.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчийг өндөр хэмжээнд ашигладаг болохын илэрхийлэл аж. Дэлхийн өнөөгийн хөгжилтэй харьцуулахын аргагүй. Гэхдээ харь гарагаас илгээсэн дохио болохыг батлах бас нэгэн зүйл бий. Энэ нь дахин дахин давтагдах юм бол бидэнтэй холбоо тогтоох хүсэлтэй байгаагийн илэрхийлэл болно. Тиймээс дахин давтагдах эсэхийг хүлээх хэрэгтэй.

Сүүлийн 150 жилийн туршид дэлхийгээс харь гарагтай холбоо тогтоох гэж нэг бус удаа оролдсон. Үүнд хариу өгсөн гэсэн баталгаа өнөөдөр хүртэл байхгүй. Гэхдээ харь гарагаас манай дэлхий рүү янз бүрийн сонирхолтой дохио илгээдэг гэдгийг дурдах нь зүйтэй байх. 1997 онд “Cassini-Huygens” хэмээх нисгэгчгүй сансрын хөлгийг Санчир гараг руу илгээсэн. Удалгүй сансрын хөлөг уг гарагийг тойрсон замд ороход нэгэн сонин дохио хүлээн авсныг судлаачид одоо болтол тайлбарлаж чадаагүй. Иймэрхүү сонин дохио бүртгэгдсэн тохиолдол нэлээд хэд байдаг аж.

Оросын эрдэмтэд дохио хүлээж авснаа нэг жилийн дараа мэдэгдсэнд “SETI” (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн америк эрдэмтэд сэтгэл ихэд дундуур байгаа гэнэ. Хэрвээ тэр дор нь мэдэгдсэн бол дахин давтагдах эсэхийг манай дэлхийг тойруулан байрлуулсан томоохон гурван телескопын тусламжтайгаар ажиглах боломжтой байжээ. Ямар ч байсан Америкийн SETI хүрээлэнгийн захирал Сет Шостак үүнийг маш сонин явдал хэмээн онцлоод “Хэрвээ ийм дохио нь харь гарагийнх байж болзошгүй гэсэн таамаглал байгаа бол бусдадаа мэдэгдэх ёстой бөгөөд ингэснээр бусад нь түүнийг ажиглаж баталгаажуулж өгнө” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Диана гүнжийн түүх

Англичууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг хамгийн ихээр татаж, хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм хүмүүсийн нэг бол яах аргагүй Диана гүнж. Түүнийг амьд сэрүүн ахуйд хамгийн ойр дотно нөхөрлөж басхүү мөрдөн мөшгиж явсан Тина Браун гэх сэтгүүлч алдарт гүнжийн тухай “Диана гүнжийн түүх” хэмээх уг номыг бичсэн юм. Ард түмнийхээ дунд “Сэтгэл зүрхний хатан хаан” хэмээн хүндлэгддэг байсан түүний амьдрал өдгөө ч олны сонирхлыг татдаг. Англи улсын түүхэнд гэнэтхэн орж ирсэн Диана Фрэнсис Спенсэрийн жинхэнэ амьдралыг өнөө хэр үнэн бодитоор бичсэн зохиол тун ховор, бараг байхгүй гээд хэлчихэж болохоор. Харин энэхүү номд түүнийг чухам хэн байв гэдгийг бусдаас илүү бодитой дүрслэн бичжээ. Гоо үзэсгэлэн, нинжин сэтгэл, бусдыг хайрлах зүрх сэтгэлийнхээ хүчээр “дэлхийн хүн”-ий тоонд багтдаг түүний тухай бичсэн энэхүү ном Диана гүнжийн амьдралын эмзэг чухал зүйлсийг хөндсөнөөрөө онцлогтой юм. Уг номоос та бүхэн Диана гүнжийн бага нас, өсвөр насны тухай уншихгүй. Харин Уэльсийн гүнж гэх эрхэм алдрыг хүртсэнээс хойших дарамт шахалт, аз жаргал, гуниг баясал, хайр дурлал, атаа жөтөө, эрхэмсэг гүнж гэх алдрын цаадах эрээн бараан төдийгүй гэрэл гэгээтэй зүйлсийг унших юм. Түүнийг зарим хүн “Диана бол Их Британийн хаадын удмын нэр хүндийг сэвтүүлэхийг хүссэн хийрхэгч” гэж үнэлэх нь ч бий. Учир нь гүнжээр өргөмжлөгдсөн түүний амьдрал дардан байгаагүй. Гүнжийн амьдралд хөндлөнгөөс оролцон тоглож байсан эмэгтэйчүүдийн атаа хорсол, нийгмийн дарамт, үргэлж олны хэл амыг өөр дээрээ цавуу адил наадаг түвэгтэй гэж хэлж болохоор ээж, зальжин эмээ, аймшигтай бэргэнүүд, нас барах өдөр нь хүртэл өөрийн “нүд, чихээ” түүнээс хором ч салгаагүй хатан хааны дарамт шахалтын тухай эл номоос уншаарай. Энэ бүхний хажуугаар дэлхийн алдартнуудын хүрээлэлд хэрхэн томоохон байр суурь эзэлж байсныг ч өгүүлэх юм. Английн алдарт дуучин Элтон Жон, суут загвар зохион бүтээгч Жанна Версаче зэрэг эрчүүдтэй найзлан нөхөрлөж явсан тухай зохиогч нүдэнд харагдтал бичжээ. Харин гүнж чухам юуны учир хааны ордноос татгалзаж энгийн бүхэн рүү тэмүүлж, жирийн нэгэн эрээр хайрлуулахыг хүсэж байсныг “Диана гүнжийн түүх” номд өгүүлжээ. Номын хамгийн сонирхолтой хэсэг нь алдарт хайрын түүхийн хэсэг болох Хаснат Хантай хэрхэн танилцаж, яаж дурлалцсан тухай. Дурлалт хос Парист автомашины осолд орох хүртэлх үеийн сонирхолтой дурсамж түүхийг уншигч та бүхэн “Диана гүнжийн түүх” номоос сонирхоорой.

Дашрамд дурдахад уг номын зохиогч Тина Браун бол Английн дээдсийн хүрээнийхэн дунд маш алдар хүндтэй сэтгүүлч. Тэрээр гүнжийн өөрийн түүхийг төдийгүй ойр орчмынх нь хүмүүсийн амьдрал ахуй, зан аашийг гаргууд сайн мэддэг байжээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

“Би энд шинэ хүн. Нутгийн онцлог, хууль заншлыг сайн мэдэхгүй шүү, уучлаарай” ПепГвардиола

Английн Премьер Лигийг энэ жил донсолгохоор ирсэн баахан шилдэг дасгалжуулагчдын нэг Хосеп Гвардиола Премьер Лигт эхнийхээ алхмуудыг хийлээ. Гурван тоглолтын дараа “Манчестер Сити” есөн гоолтой, гурав хожиж зуун хувийн амжилттай хүснэгтийг тэргүүлээд алхаж байгаа. Том дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байгаа ч гэлээ испани дасгалжуулагчийн арга барил шинэ багт нь өгөөжөө өгч үр дүн нь харагдаад эхэлсэн энэ үед Sky Sports-ынхон түүнтэй уулзаж ярилцлага авчээ.

-Премьер Лигийн эхний тоглолтуудаас та юуг анзаарав даа?

-Цаг дуусах үед 2:0 ч юм уу түүнээс дээш тооны зөрүүтэй хожиж байх хэрэгтэй юм байна. Британийн багууд ерэн минутаа дуустал үзэлцэж чаддаг тул сүүлчийн хэсэгт гал алдах магадлал өндөр гэдгийг мэдлээ.

-Өөрийнхөө хөлбөмбөгийг философи талаас нь нэг өгүүлбэрээр илэрхийлээч гэвэл та хэрхэн өгүүлэх бол?

-Би бөмбөг авах ёстой. Мөч бүхэнд үүний төлөө тэмцэнэ. Бөмбөг надад байхгүй бол түүнийг авахын тулд өрсөлдөгчөө элдэнэ. Хамгаалах дургүй. Өрсөлдөгчийн нутагт довтолж тоглох дуртай, би.

-Менежер хүний нүдээр харахад яагаад Лестер аваргалчихав аа. Тэр чинь өмнөх улиралд нь бараг л Премьер Лигээс хасагдах шахаж байсан баг юм шүү дээ.

– Хөлбөмбөг гэдэг чинь ийм л учраас хосгүй билээ. Лестерт итали дасгалжуулагч ирсэн нь том аз байлаа. Би Раньериг сайн мэднэ. Валенсигийн дасгалжуулагч байхдаа Барсаг их зовоодог байсан шүү дээ. Тэгэхэд манай багийг Луи ван Гаал дасгалжуулдаг байсан, бид тэдний багт тогтмол хожигддог байж уу. Клаудио өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийж байгаа, би ч гэсэн өөрийнхөө бодол, зорилгоор багаа удирдана.

-Ялалтад хүрэхийн тулд бүхнийг золиосолж чадах уу?

-Хөөе яалаа гэж. Ингэж болохгүй. Юуны төлөө золиосолно гэнэ ээ. Нэг ч тоглолтод ялагдахгүйн төлөө юу? Чи ямар нэг зүйлд итгэдэг бол түүнийгээ биелүүлэх гэж хичээх хэрэгтэй. Түүнээс бус тулгаж, хүч түрэмгийлж болохгүй. Жишээ нь миний багт хаалгач бараг л либеро мэт байх хэрэгтэй. Шууд л урагшаа цөлдөг байж болохгүй. Боломжоороо ийм байдалд ороосой гэж төлөвлөдөг болохоос тушааж чадахгүй.

-Өөрөөр хэлбэл, ялж л байвал уйтгартай тоглосон ч хамаагүй гэдгээс татгалзаж байгаа хэрэг үү?

-За би ялах дуртай. Тун хариуцлагатай байж үзүүштэй сонирхолтой тоглолтын дараа хожих дуртай. Олон гоол оруулж бага бөмбөг алдах маягийн тоглолт.

-Товчхондоо үзүүштэй мөртлөө зорилгоосоо хазайдаггүй тоглолт юм биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эс бөгөөс Сити намайг халчихна шүү дээ.

-“МанСити” баг баян эзэдтэй болсон цаг нь 2008 он. Түүнээс хойш тэд хоёрхон удаа л аваргалсан. Энэ тоо таныг дарамтлах ёстой юу?

-Дарамт шахалтыг тэвчихээс өөр гарц бий юу. Улирал дуусна. Тэгээд ерөнхийлөгч ирээд миний ажилд дүгнэлт өгч надад итгэх үү болих уу гэдгээ шийднэ. Намайг үзэгч, өрсөлдөгч, хөгжөөн дэмжигчид шүүнэ, шүүмжилнэ, дүгнэж цэгнэнэ. Энэ чинь хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг болоод удаж байгаа шүү дээ. Зүгээр л Англид энэ талаар бичдэг сонин нь олон, хөлбөмбөгийн талаар ойлгож дүгнэдэг, анализ хийдэг экс хөлбөмбөгчид бас олон тул жаахан илүү шүүмжлэх байх. Бизнес л юм даа.

-Гэхдээ л Англи гэдэг чинь Герман, Испаниас өөр шүү.

-Надад жаахан хугацаа өгөөч. Хүн бүхэн л тэгж ярих юм. Уг нь бөмбөг хаана ч гэлээ адилхан бөөрөнхий, талбай зүлэгтэй, ногоон өнгөтэй юмсан.

-Энэ хөлбөмбөгч минийх мөн байна гэж яаж таньдаг юм бэ?

-Ямар ч хөлбөмбөгч өөрийн гэсэн сайн, муу онцлогтой. Сайныг улам хөгжүүлж ил гаргах нь бидний үүрэг. Бэлтгэл хийлгэж байх үедээ энэ л тоглогч яг одоо өнөөдөр талбайд гарахад бэлэн юм байна гэдгийг шийдэхээс өөр гарцгүй.

-Английн хөлбөмбөгийн ертөнцөд нэг ийм явган яриа байдаг юм. “Тэр сайн хөлбөмбөгч байж магадгүй. Гэвчиг арваннэгдүгээр сарын хүйтэн салхитай, бороотой үдэш Стокийн талбайд очоод тоглохдоо сайн хэвээрээ байх нь уу гэдгийг харна аа” гэж.

-Тийм л учраас би энд байгаа юм. Би мэдэхгүй учраас таны ярьсан зүйлийг мэдрэхийн тулд энд байгаа юм. Би “Арсенал”-ын эсрэг Аваргуудын Лигт тоглож л байлаа. Бороо орж салхилж л байсан. Хожоод харьж л байсан. Мэдэхгүй юм. Хожмоо “энэ цэнгэлдэх хүрээлэнд би өөрийнхөөрөө байж чадсангүй” гэж хэлэх үе ирэхийг үгүйсгэхгүй. Мэдэрч цочирдоно гэдэг бас л амьдралын салшгүй нэг хэсэг. Испани, Германд хачин муухай цаг агаартай хотууд бас бий шүү. Харж л байя.

Бэлтгэсэн

Б.Хулан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Астма, бронхит аюулт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Астма, бронхит зурган илэрцүүдАмар хялбар өвчин гэж энэ ертөнцөд байхгүй л дээ. Гэхдээ астматай хүнийг өвчин нь сэдэрсэн нөхцөлд эмчийн хатуу хяналтад байлгадаг. Ухаандаа, түргэн тусламж дуудахад хэдхэн минутын дараа маналзаад ирнэ. Монголд өнөөдөр харшилгүй хүн гэж бараг л үгүй болжээ. Хүнд хөнгөнөөсөө хамаарахаас, ямар нэгэн харшил дийлэнх иргэдэд байна. Хөдөөнөөс суурин иргэншил рүү шилжиж байгаа орны иргэд ихэвчлэн харшил, улмаар астматай болдог судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байна лээ. Элдэв янзын ногоо, шарилжны тоосонцроос харшил авч даруйхан эмчлүүлэхгүй, сорил тавиулж шинжлүүлэхгүй бол астма бронхит болдог.

Ийм аюулд айраг, архи, пиво зэрэг согтууруулах ундаа, үзэм, өргөст хэмх, тарвас, халуун ногоо нөлөөлдөг. Хэрвээ та нэгэнт астматай болсон бол харшлын өвчин ид сэдрэх долдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эх хүртэлх хугацаанд хөдөө гадаа явахгүй байх нь чухал. Ялангуяа адууны хөлс тоостой орчинд очих, айраг уухгүй байхыг эмч нар зөвлөдөг. Хоолой бачуураад эхлэх үед шууд дексаметазон тариа дуслаар хийхийг эмч нар таашаадаггүй. Учир нь бөөр, зүрхэнд муугаар нөлөөлнө гэж үздэг юм билээ. Аргагүй болсон нөхцөлд хийж, хоолойныхоо бачуурлыг тавиулах нь мэдээж.

Харин астмын өвчлөлийг намдаах мэргэшсэн газар нь “Астма” эмнэлэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. Уг эмнэлэгт долдугаар сарын эхээр харшлын эмчилгээ хийлгэхэд найм, есдүгээр сард астма болох аюул нүүрлэхгүй. Харин астма хүндэрсэн нөхцөлд seroflo, medrol, montair-1 эмүүдийг эмчийн зааврын дагуу ууж, хамар битүүрсэн үед nasal spray, авамис цацлагуудыг хэрэглэхэд үр дүнтэй байдаг.

Ө.Манлай