Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлжээ. Та бүхэн журмын төсөлтэй танилцан http://road.ub.gov.mn/poll хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Нийслэлийн удирдлагын зүгээс олон нийтэд чигэлсэн аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал авч, тэдний саналыг шийдвэртээ тусгахыг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам, Нохой муур тэжээх, устгах журмын төслүүдэд болон тээврийн хэрэгслийг гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш байнга эргэдэг болгох зэрэг асуудлаар санал авч эхэллээ.
Month: September 2016
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 149 дүгээр тогтоолоор Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийг байгуулсан. Парк нь суурьшлийн бүс буюу орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэрлэлийн бүс буюу үйлдвэр, агуулахтай, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудтай байхаар төлөвлөгдсөн. Паркийн ажилтнуудын тооцоолсноор зөвхөн ундны усан хангамж, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамжийн эдийн засгийн үр ашгийг тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа дунджаар 6-7 жил, цэвэр ашиг 1 тэрбум болж, төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэсэн дүн гарсан байна. Энэ оны 9 сарын байдлаар паркийн бүтээн байгуулалтын томоохон зураг төслийн ажлуудыг хийж дуусгасан гэж Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркаас мэдээлж байна. Тодруулбал, паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, салбар инженерийн шугам сүлжээ /холбоо, цахилгаан, дулаан, технологийн уурын шугам усан хангамж, ариутгах татуургын шугам, хонгилын систем/, авто зам, үерийн барилга байгууламж, гадна цахилгаан хангамжийн 110/35/10кВ дэд станц, 110кВ-ын агаарын шугам, ундны болон технологийн усан хангамж, эх үүсвэр усан сангийн ажлын зураг төслүүд, 103мВт дулааны станц, 20,000м3 ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн ажлын даалгавар, усны гидрогеологийн судалгаа, паркийн техник технологийн түвшний үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажлыг хийж дууссан байна. Ирэх жил паркийн цэвэрлэх байгууламж, ундны усан хангамж, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамж парк доторх инженерийн шугам сүлжээ, паркийн доторх авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллага хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийг нэмж сэжигтнээр татсан тухай мэдээллийг нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр намынхаа төв байранд мэдэгдэл хийж, олон нийтэд зарласан билээ. Энэхүү мэдэгдлийн хариуд Цагдаагийн ерөнхий газар ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзжээ. Тодруулбал, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Энэ хэрэг Тагнуул, Прокурор, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас мэдээллэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав.
Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эмч, сувилагч нар аа, Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа, Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ байдаг. Улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсөж торниулах их үйлсэд хүчин зүтгэж, сахин хамгаалж ирсэн хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол Улсын хүн ам 3 саяд хүрч олуулаа болоход “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн 90 гаруй жилийн, тэр дундаа та бүхний 60 жилийн хөдөлмөр зүтгэл үлэмж билээ. Тэртээ 1956 онд оюутан Ө.Балжирын анхны үзлэг, Ж.Цэрэндуламын мэс заслын тусламжаар эхэлсэн манай улсын хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өдгөө Монгол Улсын орчин үеийн анагаахын нэг гол салбар төдийгүй эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулж, хүүхдийн бүхий л төрөлжсөн чиглэлээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхитай болжээ.
Монголчууд бидний хэрэглэдэг жарны тооллоор яривал Монгол Улсын хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ нэгэн жарны замыг туулж, туршлага хуримтлуулаад, одоо дахин нэг шинэ жарны хөгжлийн тооллыг эхлүүлж байна.
Хүүхдийн мэс заслын салбарт шинэ техник технологи нэвтрэхийн сацуу өндөр ур чадвартай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд хөдөө орон нутагт хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад талархах нь зүйтэй. Цаашид ч орон нутагт ажиллах хүүхдийн мэс заслын эмч нарыг бэлтгэх ажил чухал юм. 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 63.4 байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 87.5 байсан бол 2015 онд 18.3 болж 4.78 дахин буурсан сайн үзүүлэлттэй гарсан байна.
Монгол Улс энэ салбарт цаашид ололт амжилт ба нэгэнт хүрсэн түвшнээ тогтвортой хадгалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тасралтгүй сайжруулан, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх асар их боломж байгаа билээ.
Хүүхдийн мэс заслын салбарт ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ажилтнууд, нийт эмч, сувилагч, асрагч та бүхэнд 60 жилийн тань ойн энэ өдөр ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд ирэх шинэ жарны их үйлс, хөгжил дэвшилд нь өөдрөг амжилтыг ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэжээ.
Есдүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,энэ сарын дунд үеэс уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орж сэрүүсэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал,
Баруун аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-16-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-17нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16,18-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хөрсөн дээр 1-3 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ өдөртөө 13-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 12-13,17-18нд зарим газраар, 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 15-18нд Хэнтийн уулсаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-15,17-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 16-18-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр “Намайг С.Зоригийг хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт хууль бусаар дахин сэжигтнээр татлаа. Маш ноцтой, маш их эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Хуулийн дагуу явж байгаа зүйл алга. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж та бүхэнд зар хүргэсэн юм. 1998 онд энэ хэрэг гарсан. Тухайлбал, намайг тэр өдрийн орой гэртэй байх үед Нийслэлийн цагдаагийн дарга Ганболд “таныг хамгаалтанд авч байна” гэж хэлээд хэрэг болсон газар дагуулж очсон. Тэнд очиход үнэхээр олон хүн байсан. Хэргийн газрыг хамгаалтанд аваагүй байсанд нь би их гайхсан. Тэгээд тэнд байж байтал Ц.Элбэгдорж орж ирсэн юм. Хэргийн газраас Ц.Элбэгдоржтой цуг гарч явсан. Гарч явахдаа малгайгаа мартаад явсан юм. Хэргийн дараа надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тэр үед хэргийн газар малгайгаа мартсан нь шүүхээр тогтоогдсон гэж шийдвэрлэсэн. Шүүх хяналтын байгууллага тэр үеэс хойш дахиж мэдүүлэг аваагүй. Гэтэл 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө цагдаагийн байгууллагаас дахиж дуудсан. Надаас “хэргийн газарт очихдоо өмссөн малгай чинь байна уу” гэсэн. Тэгээд малгайгаа мөрдөн байцаагчид аваачиж өгсөн. Гэтэл энэ малгай хэргийн газраас олдсон тул таныг сэжигтнээр татаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл, малгайгаа мартсан гэсэн нь мөрдөн байцаалтын дүн гарчихсан хэрнээ хоёр жилийн дараа дахин дуудаж надаас малгай асууж байгаад авсан. Яг сонгуулийн өмнө. Энэ хэрэгтэй холбоотойгоор улс төрийн зохин байгууллалтай ажил явагдсан. Маш идэвхтэй. Түүний нэг жишээ нь миний нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл сонин, хэвлэлээр их явсан. Та бүгд мэдэж байгаа байх. Ийм аргаар 2000 оны улс төрийн сонгуульт ажил явагдсан. Энэ хэрэг гарсны дараа улстөржүүлж болохгүй шүү гэдэг саналыг би анх гаргаж байсан. Учир нь хэргийн ул мөр бүдгэрэнэ. Энэ хэргийг улстөржүүлэх юм бол эзэн нь олдохгүй аюултай. Тэр үед хүмүүс миний үгийг л сонсож байсан. Хууль бусаар С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа. Сонгуулийн дараагаар намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Үүнийг шалгуулахаар Прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа. Хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүжирдсэн. Өнгөрсөн тав дахь өдөр энэ хэрэг болсоноос хойш анх удаа надаас хурууны хээ, цусны шинжилгээг авсан. Харьцуулсан шинжилгээ хийнэ гэсэн. Яллагдагчаар татна гэдэг чинь тодорхой нотлох баримттай байж байж татдаг. Гэтэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайгаад байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийг үнэхээр их хүсч байна. Намайг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн дагуу л хий. Би дуудсан цагт нь очдог. Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу л ажлаа явуулТэгээд Мөрдөн байцаах газраас энэ хэргийг нууц явуулахаар болсон. Би энэ шийдвэртэй санал нийлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд хууль бусаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэж байгаа бол би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Миний хувьд энэ хэргийг анхнаасаа илэрхүүлэхийн төлөө явж ирсэн. Миний бүх хүсэл зориг байгаа. Он жил өнгөрөх тус илүү хүсэх болсон. Яагаад гэвэл хамгийн их хэлмэгдэж хохирч байгаа хүн нь би. Тийм учраас нэр төрөө сэргээхийг их хүсэж байна” гэлээ.
Есдүгээр сарын 11-нд буюу өчигдөр 05.22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Албаны эх сурвалжийн мэдээллэснээр тодруулахад “Тухайн газар айл нутагладаггүй учраас иргэдэд чичирхийлэл мэдэгдээгүй” гэсэн юм. Мөн өчигдөр 11.59 цагт Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс хойд зүгт 90 км-ын зайд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй ажээ.
Энэ сарын 8-12-нд Хонконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд загвар өмсөгч Э.Энхболд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болсон байна. Мөн “Most Voted Social Media” буюу сошиал ертөнцөд олон нийтээс хамгийн олон санал авсан, “Most Photogenic” буюу хамгийн сайн зураг авалттай модель гэсэн шагналын эзэн болсон аж. Энэ үеээр загвар өмсөгч З.Энхболдод Азийн кино компани хамтран ажиллах санал тавьж гэрээ байгуулсан гэнэ. Энэхүү тэмцээнд “Монголмодель” агентлагийн гурван загвар өмсөгч оролцсоноос загвар өмсөгч Б.Буджаргал “First Runner-up” номинаци, загвар өмсөгч Ю.Балжидмаа “Second Runner-up” болон “Most Voted Social Media” номинацийн эзэн болсон байна.
Их Британийн уулчин Стивен Нэйш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, түүний цогцсыг Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Хандрагт” гэх газраас нутгийн иргэд олж, цагдаагийн байгууллагад энэ сарын 1-нд мэдэгдсэн аж. Гадаадын уулчны амиа алдсан хэргийн талаар өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх ажээ.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжинтэй ярилцлаа.
–Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
Сүүлийн үед шинэ зурагнууд зурж байна. Би ноднин арван сараас дөрвөн сар хүртэл Бугат хотод ажиллаж байгаад ирлээ. Уран бичлэг бичдэг Бугат хотийн уран бичигчдын нийгэмлэгийн дарга хятад хүн Ц.Энхжин бид хоёрын зургийг сонирхож үзээд тэнд “Энхжин Мөнхжин” гэж урлагийн төв нээн орон даяар мэдээлэл түгээе гэж санал тавьсан юм.
Хоёр улсын харилцааг соёл урлагаар улам баяжуулъя, хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой, гэрээгээ хийгээд ашгаа хувааж авах эдийн засгийн сонирхолтой юм билээ. Тэгээд хятадын зураачдыг тэр хүн төлөөлөөд хамтран ажиллахаар болсон юм. Надад гурван өрөө байр гарган өгч, орчуулагч, жолооч, хоол унд гэх мэт бүх зардлыг гарган жилийн гэрээ хийсэн. Гэхдээ би долоон сар ажиллаад ирсэн. Байгаад байвал байгаад л байхаар юм билээ уг нь.
Мөн Хөх хотод дөрвөн сарын сүүлээр Оросын Эрхүүгээс ирсэн зураачтай мөн Хятадын галлиграф уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж танилцуулаад ирсэн. Гурван улсын найрсаг харилцаанд урлаг соёлоор дэмжиж хувь нэмрээ оруулж байна гэсэн утгатай үзэсгэлэн болсон юм. Бид хоёрын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт бие даасан байдалтай гурван улсын туг далбаатай, улс төрийн их ач холбогдол, агуулгатай болсон. Бие биедээ хүндэтгэлтэй хандах гурван улсын харилцаа гэдэг нарийн журамтай юм байна лээ. Удахгүй Бугатын нэг том компанитай хамтран, тэр хүн зохион байгуулж Бээжин хотын орчин үеийн том уран барилга дотор тусгай зааланд энэ үзэсгэлэнгээ гаргана. Тэнд урлаг, эдийн засгийн янз бүрийн арга хэмжээнүүд явагдана. Тэдний нэг нь манай үзэсгэлэн юм. Бээжин хотод ажилладаг Тавингурав гэж Өвөрмонгол хүн надад орчуулагч хийж биднийг холбож өгч байна.
-Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байхад монголын урлагийг хэр хүлээж авдаг вэ?
-Би Австрали, Латин Америкт үзэсгэлэнгээ гаргаагүй. Арабын орнуудаас бусад орнуудад гаргасан даа. Миний өөрийн туршилгаар бол жирийн үзэгчид үзэсгэлэнгийн танхимд орж ирээд үзэж сонирхоод л худалдаж авдаг. Гэхдээ хүн үзэхгүй зарагдахгүй байна гэж байхгүй. Цөөвтөр зарагдах үе бол байна. Япон, Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бусад нь дандаа хамтарсан үзэсгэлэн. Бүх юм гэрээтэй явагддаг. Ашиггүй үе гэж бараг байгаагүй. Америкийн Нью-Иорк хотод болсон үзэсгэлэнд миний гурван зургийг тэнд амьдардаг Ганхуяг гэж залуу оролцуулаад гурвуулаа л зарагдсан. Тэгэхээр Ц.Энхжин бид хоёр гэлтгүй манай зураачид ингэж л ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч явна даа.
-Зураг зураад амьдрахад Монголд ер нь боломж байна уу? Зураачдыг төр засгаас хэр дэмжиж ажилладаг вэ?
-Манай Төр Засаг гадаад орнууд шиг мөнгө өгөөд зургийг нь худалдаж авах нь байтугай жирийн хүмүүсийн талхыг ч дийлэхгүй байна шүү дээ. Жишээлбэл Соёлын яамны урлагийн сангаар дамжуулаад зураачдын зургийг уран зургийн галерей, улсын сан хөмрөгт худалдаж авна гэсэн тогтоолтой юм. Тэгээд Засгийн газраас мөнгө гаргаад жилдээ тавин саяыг өгдөг. Манайд албан ёсоор Урчуудийн хороонд бүртгэлтэй таван зуу гаруй зураач байна. Гишүүн болоогүй олон хүн цаана нь байгаа гэж бодоход тавин сая бол тал жипний үнэ ч хүрэхгүй шүү дээ. Тэрийгээ сүүлийн хоёр жил бараг өгөхгүй байгаа. Зураач хүн чинь “хоол идэхгүй биш” иднэ шүү дээ. Тэгэхээр зэрэг манай Төр засаг урлаг соёлынхноо хаячихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Төр засаг чамайг сэтгүүлч гэж намайг зураач гэж ялгалгүй бүгдийг нь тэжээх үүрэгтэй шүү дээ. Хубилай сэцэн хааны үг байна. “Ард олон гэдэг бол улс орны үндэс. Ард олны үндэс бол идэх өмсөх юм” гэж. Тэгэхээр улс орон ард олонгүй бол байхгүй болно биз дээ, ард олон нь идэх хоолгүй өмсөх юмгүй бол байхгүй болно биздээ. Манай төр засаг сүүлийн хорин зургаан жил ард иргэдээ хангаж чадахгүй байна шүү.
-Таны аав Н.Цүлтэм гуай Барилга архитектурын чиглэлээр олон цуврал ном гаргаж байжээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Манай аавын цуврал ном Япон улсад Юнескогийн зардлаар хэвлүүлсэн байдаг. Уран барилга, уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, их уран бүтээлч барималч Занабазар гээд таван цуврал гаргасан. Занабазарыг шашны тэргүүн улстөрийн талаас нь мэддэг байсан. Харин манай аав урлагийн талаас нь анх түмэнд нээж өгсөн. Үүнээс үндэслээд Н.Энхбаяр Соёлын яамны сайд байх үедээ Америкт том үзэсгэлэн гаргаж байсан. Манай аав их хүн чанартай хүн байсан тиймээс агуу их авьяас нь гундаагүй өрнөж байжээ гэж боддог. Аав маань нэг удаа Даваацэрэн хэмээх орос эхнэр дагуулаад ирсэн барималчид гурван өрөө байраа өгч байсан гэж ээж маань ярьж байсан. Орос эхнэртэй учир яаж гэрт амьдрах вэ гэж бодсон хэрэг. Үүнээс гадна аав П.Балдандорж гуайг эхнэртэй нь жил орчим амьдруулж байсан. Тэр үед би бага байж дээ. Дараа нь Самбуу гээд энэтхэгээс ирсэн буриад лам байсан. Тэр хүнийг ажилд оруулж өгөөд манайд бас жил амьдарсан. Миний мэдэхийн энэ хоёр хүн байна. Миний аав бол их тусч хүн байлаа. Олон хүнийг ажилд оруулж ажил амьдралтай нь залгуулсан даа.
-Та олон шавьтай юу? Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байсан бэ?
-Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байх үед Ардын зураач Д.Амгалан багш намайг ЗХУ-аас сургууль төгсөөд ирэхэд “Хот чимэглэлтийн анги” гэж тусгай анги гаргаж өгч байсан. Тэр үед дизайн гэдэг үгийг Монголчууд мэддэгүй байсан. Автобус унаа, зам харгуй, буудлын тохижилт, үйлдвэрийн бараа сав боодол зэргээр хүүхдүүдийг анх бэлдэж байлаа.Тэрнээс гадна бүх нэгдүгээр ангийн сурагчдад үсгийн урлаг гэж хичээл ордог байлаа. Уран зураг, хар зураг, зохиомж гээд олон хичээл орж байсан. Тэнд сурч байсан сурагчид бүгд л миний шавь байх ёстой. Гэтэл зарим залуучууд эхлээд багшаа, багшаа гэж байгаад сүүлдээ Ц.Мөнхжин ахаа л гэчихсэн явж байдаг юм. Жаахан нэр алдарт хүрэхээрээ тэгдэг юм шиг байна лээ. Гэхдээ уран бүтээлч хүнд хүн чанар гэдэг хамгийн чухал чанар байх ёстой юм шүү.
-Одоо үед уран бүтээлч гэлтгүй энгийн хүмүүс ч хүн чанаргүй болж байна. Уран бүтээл хаанаас төрдөг юм бэ?
-Уран бүтээл эх орноо гэсэн сэтгэлээс төрдөг. Уран бүтээлч хүн гэдэг бол заавал авьяастай байж, авьяасаараа л бүтээлээ хийдэг. Авьяасгүй хүн бол хичнээн мэрийгээд хэрэггүй. Авьяасыг тордож байхгүй бол гунддаг. Гэтэл түүнийг тордох юм нь хүн чанар байдаг. Хүн чанараа алдаж байгаа хүний уран бүтээл сайн сайхан болоод урлагийн түүхэнд үлдчихсэн юм нэг ч байхгүй. Агуу бүтээлч байсан хүмүүс бол дандаа эх оронч сэтгэлтэй байсан. Урлагийн түүх судална гэдэг чинь зүгээр нэг зурсан зургийг нь үзээд тэрнээс нь хуулбарлаад байх хэрэг биш. Тэр хүнээс үлгэр жишээ, сургамж авч байх ёстой. Гэтэл манай зураач нар үлгэр авдаггүй. Зураачдын хүн чанар их муудаж байна. Тэгэхээр авьяас нь нэг л өдөр гундана. Өнөөдөр ганц хоёр зургийг нь хүмүүс худалдаж аваад би болж байна гэж бодож байтал тэр нь үлдэхгүй шүү дээ. Хэрвээ уран бүтээлч хүн уран бүтээлээ мөнхөд байлгая гэж бодож байгаа бол үүнийг бодох хэрэгтэй. Хүн бол мөнх биш. Харин уран бүтээл бол мөнх байдаг. Жирийн хөдөлмөрөөс уран бүтээл үүгээрээ л ялгаатай. Үүнийг мэдэхгүй хүн чанараа гээгээд байх юм бол авьяас нь улам л зэврээд байна гэсэн үг. Хүний юу боддог ямар үзэл бодолтой юм гэдэг нь уран бүтээлд нь тод илэрдэг юм.
– Уламжлалт урлаг монголд хэр хөгжиж байна вэ? Уламжлалаа бид яаж авч үлдэх вэ?
-Түүх гэдэг чинь уламжлал шүү дээ. Манайх уламжлалт урлагаа хөгжүүлэх түүхээ үргэлжлүүлэх гэдэг юмаа хаяад байна. Гадаадын юмыг их дуурайж байна Солонгос кино их үзэж байна. Тийм болохоор царай нь монгол боловч сэтгэхүй нь гадаад болоод байна. Гадаадынхныг бишрэн шүтдэг тэгээд түүндээ төөрөлдчихсөн. Гадаадаас тусламж авна л гэнэ. Дэлхийн агуу их эдийн засагтай агуу их төрт улсыг байгуулж байсан түүхээ эргэн харж үлгэр аваачээ. Чингис хааны үеийн ганцхан түүхийг ярихгүй шүү. Тэрнээс өмнө арван гуравдугаар зуун хүртэл өчнөөн улс байсан. Хүннүгээс хойш тэр улсууд чинь мандах үедээ мандаж, буурах үедээ буурч явсан. Тэд агуу их соёл, эдийн засгаа яаж авч явж байсан бэ, үүнээс суралцах хэрэгтэй шүү дээ. Уламжлал гэдэг маш өргөн хүрээтэй уламжлалаа үргэлжлүүлж аврах хэрэгтэй. Тэрнээс биш хөгжүүлнэ гэж ярьж болохгүй. Өнөөгийн хүмүүсийн мэдлэг юу ч биш болж байна.Түүхээ судлахгүй ам дамжсан яриагаар дандаа худлаа ярьдаг болж. Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ. Түүхээ мэдэж байж монгол сэтгэхүй гарна биз дээ.Түүхээрээ бахархахгүй бол яаж эх орноо гэх вэ.
– Түүхээсээ бид дэндүү хол хөндий болсон юм шиг санагддаг. Социализмын 70 жилд монголчууд түүхээ мартчихсан юм биш үү?
– Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр социализмруу бүх юмыг чихэж болохгүй. Тэнд сайн юм их байсан шүү. Тэр суурин дээр Монголоо хөгжүүлэх ёстой байтал дордуулчихаад социализмийн үеэс л боллоо гэж ярьж болохгүй. Тэр үеийн сэхээтнүүд өнөөдөр байсан бол энэ боломжтой нийгэмд их юм бүтээнэ шүү. Манай улстөрчид юу ч хийж чадахгүй байгаа чинь арчаагүй байгаагийн илрэл. Гаднаас хайгаад байх юм байхгүй эх оронд маань бүх юм нь байж байна шүү дээ. Бид нар үндэс угсаагаа ярьвал Чингис хаан агуу их өвөг дээдсийн үр сад. Удмаа ярьвал агуу түүхтэй биздээ. Тэгээд яагаад өнөөдөр ийм ядуу байна гэвэл төр засаг зөв бодлого явуулахгүй байгаатай л холбоотой. Улс төрч хүн гэдэг бол хамгийн түрүүнд алсын хараатай байх ёстой. Мөн үзэл суртал нийгэмд маш их нөлөөлж байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглал гэчихээд агуулгаар нь хийхгүй байна. Дандаа хүмүүсийг будилуулах юм хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа мэдээллийг буруу зөв гэлтгүй хоёуланг нь зэрэг цацчихдаг. Уг нь бол дүгнээд энэ нь зөв энэ нь буруу гэж ялгаж цацах ёстой. Бид одоо ч түүхийг бүтээсээр байгаа юуг бүтээгээд байна вэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй.
Би Монголын сэхээтэн хүн. Тиймээс эх ороныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна. Хүнд эх орноос илүү дээд юм гэж байхгүй. Хүүхэд байхаас нь заах, хүмүүжүүлэх хэрэгтэй. Түүхээсээ, ахмад үеэсээ суралцах хэрэгтэй. Миний эх орон өөр орноос дутхааргүй, монгол хүн хэний ч өмнө нүүр бардам явдаг.Бусад хүмүүс биднийг хүндэлдэг байгаасай гэж би хүсдэг. Өнөөгийн бид алдаа дутагдлыг нь шүүмжилж хандвал өөрийгөө өмгөөлөөд, гаднаас бурууг хайдаг, тэр бүү хэл түүхрүүгээ түлхдэг. Үүнийгээ л засах хэрэгтэй.