Categories
гадаад мэдээ

“Женерал Моторс” 4 сая машинаа зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

БНСУ-ын технологийн хамгийн том компани “Samsung Electronics” компани 2.5 сая ширхэг төхөөрөмжөө эргүүлэн татах шаардлагатай болоод байгаа бол АНУ-ын автомашины хамгийн том компани “General Motors” дөрвөн сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ. “General Motors”-ийн эргүүлэн татаж засварлахаар болсон автомашинуудын дийлэнх нь буюу 3.6 сая нь АНУ-д байна.

Аюулгүйн дэрний систем дэх програм хангамжийн согогийн улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарсны улмаас “General Motors” компани зах зээлээс дөрвөн сая 280 мянган автомашиныг эргүүлэн татаж, засварлах шаардлагатай болсон байна. Автомашинуудын дийлэнх нь буюу 3.6 сая нь АНУ-д байгаа аж. Эдгээрт “Buick”, “Chevrolet”, “GMC” болон “Cadillac” брэндүүдийн 2014-2017 оны загварууд багтаж байна. Дээрх автомашинуудын ослын дэрийг нийлүүлсэн “Delphi” корпорацид аюулгүйн дэрний програм хангамжийн согогийн талаар “General Motors” компани мэдэгджээ. Ингэснээр хоёр компани бүх автомашинаа эргүүлэн татаж, дахин засварлахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон дарга нарыг Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх, Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү, Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ, Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдорж овогтой Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.

Мөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Өмнөх зөвлөгөөний үеэр нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн зөрчилтэй барилгын ажил явуулж байгаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж ажиллаагүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах, дугуй түгжих асуудлыг хуулийн хүрээнд дахин хэрэгжүүлэх шаардлага байгааг үндэслэн журмын төслийг шинэчлэн боловсруулж танилцуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг өөрчлөх саналыг боловсруулж, танилцуулах, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, зохицуулагч ажиллуулах тухай шийдвэрийн төслийг яаралтай боловсруулж шийдвэрлүүлэх зэрэг үүргийг холбогдох газруудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгсөн. Энэ үүрэг даалгаварын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй 27 барилгын ажилд хуулийн дагуу арга хэмжээ авч , албан даалгаварын биелэлтийг ханган ажиллажээ. Харин дугуй түгжих журмыг шинэчлэн боловсруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг дээр хоёр ч удаа хэлэлцэн энэ асуудлыг Авто зогсоолын шинэчилсэн журамтай уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Авто зогсоолыг ашиглах журамд явган хүний зам эвдсэн, гарц дээр зогссон, ногоон байгууламж дээр гарч зогссон, зогсоолын төлбөр төлөөгүй зэрэг тохиолдлуудад дугуй түгжигчийг ашиглахаар заасан байна. Одоогоор журмын төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарт өөрчлөлт оруулж, баар рестораныг 10 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 00.00 цаг хүртэл, 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 02.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгасан захирамжийн төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулжээ. Учир нь улирлын чанартай цагийн хуваарийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Захирамжийн төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санал авч нэтгэсэн байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүн ам олноор төвлөрдөг томоохон худалдаа үйлчилгээний 50 аж ахуйн нэгжид гаднах авто огсоолдоо зохицуулагч ажиллуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгээр хугацаатай үүрэг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 33 байгууллага, аж ахуйн нэгж шуурхай арга хэмжээ авч зохицуулагч ажиллуулж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост үерийн улмаас 133 хүн нас барж 400 хүн алга болжээ

Хойд Солонгосын хойд талын Хамгён мужид үер болж 133 хүн нас барж, 400 хүн ор сураггүй алга болсон тухай өнөөдөр TASS агентлаг мэдээллээ. Ажилчдын холбооны намаас энэхүү мэдээллийг бүтэн сайнд нийтэлсэн аж. Энэхүү үер нь 1945 онд хоёр Солонгос тусгаарласнаас хойш болсон хамгийн том байгалийн гарз хохирол байлаа хэмээжээ. Олон арван мянган айл орон гэргүй болж хойд хэсэг нь нэлдээ үерт автсан байна. Хойд Солонгосын тээвэр, харилцаа холбоо, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн район нь усанд автжээ. Энэхүү үер нь наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 2 хүртэл орсон аадар борооны улмаас үүсчээ. Одоогийн байдлаар 44.000 хүн орон гэргүй болсон гэсэн мэдээлэл байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай нийгэмлэг зэрэг олон улсын сайн дурын байгууллагууд үер болсон бүс нутаг руу хоол унд, майхан зэрэг тусламжийн зүйлсийг илгээж байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан:Хамтын тэтгэвэр авмааргүй байна гэсэн ахмадуудын нэрийг зарлаж өг

Хамтын тэтгэврийн тухай хуультай холбоотой байр сууриуд үргэлжлэн гарсаар байна. Ерөнхий сайд хийгээд Сангийн сайдын цочир сонин мэдэгдлүүдийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч буй. Тэгвэл өнөөдөр Монголын ахмадын чөлөөт холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Г.Баасан “Эрхэм Ерөнхий сайд аа, сардаа 40-50 мянган төгрөгийн нэмэгдэл авахын тулд нэгнийгээ үхээсэй гээд сууж байдаг ганц ч ахмад настан байхгүй. Хамтын тэтгэврийн тухай хуулийг эргүүлэн татах нь эрхзүйн тогтолцоог зөрчсөн. Ийм том алдаатай үг хэлсэндээ Ерөнхий сайд уучлалт гуй. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн хамтын тэтгэврийг авмааргүй байна гэсэн ахмадуудын нэрийг зарлаж өг. Өнөөдөр тэтгэвэр авч буй 310 мянган ахмад байна. Тэдний хэдэн хувь нь ийм гомдол гаргасан юм. Хэдэн хувийнх нь гомдлыг үндэслэж ийм шийдвэр гаргав. Хамтын тэтгэвэр өнөөдрийн ахмадуудын асуудал биш. Өнөөдөр эхээс мэндэлж буй хүүхэд, ажил хөдөлмөр эрхлээд явж буй залуусын ч асуудал. Хэн ч насыг насалж гавьяаны амралтад гардаг. Энэ үеийн эдийн засгийн баталгаа бол тэтгэвэр.

Хамтын тэтгэврийн хууль бол монголын нийгмийн тогтолцоо, тэтгэврийн харилцаанд гарсан том хувьсгал болсон. 36 тэтгэвэр авна гээд улсад шимтгэл төлөөд нэг ч төгрөг эргүүлж авч чадаагүй нас барсан хүмүүст юу ч өгөлгүй, төлсөн шимтгэлийг нь аваад үлддэг байсан. Энэ бол дээрэм. Үүнийг зогсоохын тулд 20 хувиас хэтрүүлэлгүй гэр бүлд нь өгөх гэж хуулийг баталсан. Өөрийнх нь өгсөн юмыг буцааж өгөхдөө Засгийн газар яагаад харамлаж байгаа юм” хэмээн мэдэгдлээ.

Монголын ахмадын чөлөөт холбооныхон уг асуудлаар 21 аймагт санал асуулга явуулж байгаа аж. Одоогоор 15 аймгийн дүн иржээ. Санал асуулгаар Сүхбаатар аймгийн хоёр суманд санал хуваагдан 50 хувь нь хүчингүй болгохыг дэмжиж, 50 хувь нь эсэргүүцжээ. Харин бусад аймгуудад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцсэн юм байна. Түүнчлэн тус холбооноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Үнэт чулуу, металл алтны экспорт өссөн дүнтэй гарчээ

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний наймдугаар сард 3562.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5371.1 тэрбум төгрөг болж улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1039.5 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 0.4 хувиар буурч, зарлага 23.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Татварын нийт орлого 3119.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 51.0 тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 91.3 тэрбум, онцгой албан татвар 63.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин бусад татвар, төлбөр хураамжийн орлого 126.6 тэрбум төгрөгөөр буурчээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 87.6 хувийг татварын орлого, 12.4 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны эхний хагас жилд 4344.7 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 4320.0 сая ам.доллараар өссөн байна.

Монгол Улс 2016 оны эхний найман сард дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5166.8 сая ам.доллар, үүнээс экспорт 2993.3 сая, импорт 2173.5 сая ам.доллар байна. Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 258.3 сая ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 425.2 сая, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 24.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, алтны экспорт 126.9 сая ам.доллараас өссөн байна. Экспортод гаргасан эрдэс бүтээгдэхүүний биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр байгаа ч дэлхийн зах зээлд үнэ хямд байгаа учраас экспортын орлого нэмэгдэхгүй байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөдөөс Хойд Солонгосруу ухуулах хуудастай агаарын бөмбөлөг хийсгэхээр болжээ

Өмнөд Солонгосын хүний эрхийн төлөө тэмцэгч сайн дурын байгууллагууд хамтран ирэх 15-ны өдөр Хойд Солонгос улс руу ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлөг хийсгэхээр болжээ.

Тэд өмнө нь олон удаа агаарын бөмбөлөг хийсгэж байсан туршлагатай бөгөөд бөмбөлөг дотор ухуулах хуудас, нэг долларын мөнгөн дэвсгэрт, зузаан оймс, чокопай жигнэмэг зэрэг зүйлсийг хийж байсан юм.

Харин энэ удаа хийсгэх агаарын бөмбөлөг дотор Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ын-ийг барьж ирсэн хүнд таван сая ам.доллар өгнө, түүний төрсөн ээж Хойд Солонгост төрөөгүй, харин Япон улсад төрж өссөн хүн гэх мэт зүйлс бичсэн 100-н мянган ухуулах хуудыг 10-н ширхэг агаарын бөмбөлөгт хийж хөөргөхөөр болжээ.

Хойд Солонгос улсын эрх баригчид өнөөгийн үе залгамжилсан удирдагч Ким Жонг Ын-ий ээж К Ёнг Хи-г Хойд Солонгос улсад төрсөн ардын охин хэмээн зарладаг боловч тэрээр Япон улсад төрж өссөн бөгөөд аав, ээж нь 1960-аад оны үед Хойд Солонгост амьдрахаар очсон гэр бүлээс гаралтай айлын охин юм байна.

Categories
гадаад мэдээ

Энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ

Нэрт жүжигчин Анжелина Жоли Питт Лондон хотод гэнэтийн айлчлал хийх үеэрээ НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэхдээ, энхийг сахиулах үйлст эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг онцлоод “энхийг сахиулах шинэ арга зам” хайхыг уриалжээ.

Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч тэрбээр тавьсан илтгэлдээ, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай зөвшилцлийн бичигт улс орнууд гарын үсэг зурахыг уриалсан байна.

“Нутгийн ард иргэд болох эмэгтэйчүүд, эрчүүдтэй холбоо харилцаатай байж чадваас энхийг сахиулах хүчнийхэн нутгийнхны итгэлийг олж авч адна. Би саяхан командлагч нартай уулзаж үүргээ гүйцэтгэхэд нь тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцахад тэд нутгийнхнаас зөвшөөрөл авах болон ажиллагааг үр дүнтэй явуулахад эмэгтэй энхийг сахиулагчид болон цагдаагийн эмэгтэй ажилтнууд чухал үүрэгтэй байдаг болохыг хэлж байлаа” гэж Анжелина Жоли ярьжээ.

Ирэх дөрвөн жилд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх саналыг гишүүн орнууд дэмжсэнээр пүрэв гарагт зөвшилцөлд хүрсэн юм.

Эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал болон хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэхэд сургах ажиллагаанд хэрэгтэй юм. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцогчийн хувьд хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрийг устган зайлуулах зэрэг бүхий л үе шатанд ач холбогдолтой билээ хэмээн Анжелина Жоли илтгэлдээ онцлон дурджээ.

Өдгөө 41 настай жүжигчин, кино найруулагч А.Жоли илтгэл тавих үедээ бага зэрэг биеэ барьсан байдалтай байсан гэнэ. Тэрбээр 2001 оноос хойш НҮБ-ын ажиллагаанд оролцож байгаа юм. Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элчийн хувьд тэрбээр Сирийн дүрвэгсдийн хямралын асуудлаар өмнө нь илтгэл тавьж байжээ.

Categories
гадаад мэдээ

К.Илюмжинов АНУ-ын иргэн болох хүсэлтээ илэрхийлжээ

МОСКВА./TASS/. Дэлхийн шатрын холбооны /ДШХ/ тэргүүн
К.Илюмжинов АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад
илгээсэн захидалдаа тус улсын иргэн болох хүсэлтэй байгаагаа
илэрхийллээ.

1995 оноос хойш ДШХ-г тэргүүлж буй Оросын чинээлэг бизнесмэн,
Халимагийн төрийн тэргүүн асан Кирсан Илюмжиновыг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль
Асадтай холбоотой гэж үзэн Вашингтоны эрх баригчид өнгөрсөн онд
түүний эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Үүнтэй холбогдуулан тэрбээр өөрийнхөө эрхийг
хамгаалахын тулд Б.Обамад захидал бичжээ. Уг захидалд “хэрвээ шаардлагатай
гэж үзвэл би бизнесийн болон өөрийн нэр хүндээ хамгаалахын тулд АНУ-ын иргэн
болох хүсэлт гаргана” гэжээ.

Кирсан Илюмжинов нь харь гарагийн хүмүүстэй уулзсан,
шатрыг өөр гарагаас дэлхий дээр авчирсан гэх зэрэг хачин
жигтэй мэдэгдэл хийн олны анхаарлыг өөртөө татаж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөө боловсруулжээ

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос цөмийн халдлага явуулах ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын нийслэл Пхеньян хотыг бөмбөгдөн газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөөг Өмнөд Солонгос хэдийн боловсруулсан гэж Сөүлийн цэргийн эх сурвалж ням гарагт мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан тус улсад дайны онц байдал зарлажээ.

Эх сурвалж хэлэхдээ “Умард Солонгос цөмийн зэвсэг ашиглах гэсэн ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд баллистик пуужин болон хүчин чадал ихтэй бусад зэвсгүүдийг ашиглан Пхеньяны дүүрэг бүрийг, ялангуяа тус улсын удирдлагын нуугдаж байж болох газрыг бүрэн устгах болно. Өөрөөр хэлбэл, Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаяна” гэсэн байна.

Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариуд “Умардыг хатуу шийтгэх хариу арга хэмжээ” төлөвлөгөөг Өмнөд Солонгосын БХЯ-наас Үндэсний Ассамблейд өнгөрсөн долоо хоногт танилцуулсны дараа бөмбөгдөх ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цацагджээ.

Уг төлөвлөгөөний хүрээнд Өмнөд Солонгос газар-газар ангиллын баллистик пуужингуудыг ашиглана гэж эх сурвалж хэлжээ. Баллистик пуужингууд нь 300, 500 ба 1000 км-ын тусгалтай аж.

Мөн ирэх он гэхэд тус улсын арми пуужингуудыг турших ажлыг бүрэн дуусгаж, “Hyunmoo” баллистик пуужингийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Categories
мэдээ нийгэм

Ц.Төмөрбаатар:Ногоон хөгжлийг бий болгоход иргэдийн хүсэл маш чухал

Эрчим хүчний хэмнэлт, усны хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч дээр цогц менежментийг хэрхэн бий болгох талаар гурван өдрийн сургалт “Барилгын хөгжлийн төв” дээр явагдаж байна. Ногоон барилгыг хөгжүүлэх томоохон элемент нь сэргээгдэх эрчим хүч байдаг аж. Дэлхий ертөнц дулаарч байгаль орчин маш ихээр доройтож байгаа өнөө үед ногоон барилгыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа билээ. Учир нь энгийн барилгаас маш их хог хаягдал гардаг байна. Олон улсын судалгаагаар 110 сая хүн энэ салбарт тогтмол ажилладаг гэж гарчээ. Тиймээс энэ салбарыг ногоон болгохын тулд ард иргэдийг ногоон болгох үйлсэд татан оролцуулах хэрэгтэй гэсэн үг аж. Энэ талаар семинарт оролцож байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Ц.Төмөрбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.

-Сэргээгдэх эрчим хүч болон усны менежментийг ногоон бодлогод хэрхэн ашигладаг вэ?

-Сэргээгдэх эрчим хүч, саарал усны талаар ярихаас өмнө эхлээд бид барилга байгууламжид хэмнэлтийг хэрхэн бий болгох вэ гэдэг ойлголтыг ойлгосон байх шаардлагатай. Тэгэхээр бид орон сууцаа тав тухтай байлгах нөхцөлийг бүрдүүлж чаддаг. Жишээлбэл: хивс, буйдан, агааржуулагч авч тавих ч юмуу өөрсдийн бүх тав тухтай байдлыг хангахын төлөө явдаг. Гэтэл үүнтэй хамт өөрийн амьдран суугаа орон сууцаа дулаалах, дулааны алдагдалгүй болгох, байгалийн нөөцийг хэмнэлттэй зарцуулдаг болох, хог хаягдлын менежменттэй байх талаар анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэж зэрэг ач холбогдол өгвөл хэмнэлтийг бий болгож болно. Тухайлбал бид вакум цонхоо сонгохдоо хүртэл аль чанартайг нь сонгох хэрэгтэй. Одоо хүйтэрч байгаа энэ цаг үед вакум цонхыг дулаалах гэсэн асуудал гарч ирээд байгаа. Дээр нь иргэд хүнсний гялгар уутаар вакум цонхыг битүү наавал дулаахан байна гэж яриад байгаа. Энэ бол инээдэмтэй асуудал. Тэгэхээр вакум бол өөрийнхөө шинж чанарыг хадгалж дулаан алдагдлыг вакум хэлбэрээ хадгалж байж л үүргээ гүйцэтгэнэ. Тэр маягаар л гэр орноо дулаалах хэрэгтэй юм. Ингэсний дараа бид нүүрсийг хэчнээн төгрөгөнд зарцуулах юм бэ, нүүрсийг яаж худалдаж авах юм бэ, тогны зарцуулалт хэр байх юм бэ гэдэг дээрээ хяналт тавих хэрэгтэй. Дараа нь үүн дээрээсээ сэргээгдэх эрчим хүчийг яаж ашиглах юм бэ, яаж хэмнэлтийг дахин үүсгэх юм бэ гэж бодох хэрэгтэй. Жишээ нь, борооны усыг тосож аваад хадгалбал зүлгэндээ яаж ашиглах юм бэ гэх мэтчилэн энэ менежментүүдийг суралцаж зуршил болгох сургалт энд явагдаж байна.

Монголд хамгийн их хэрэгжих боломжтой сэргээгдэх эрчим хүч нь аль нь вэ?

-Нарны эрчим хүч байгаа. Манай Монголд 270-290 хоног нар тусдаг. Тэгэхлээр бидэнд нарны эрчим хүч бүрэн байна гэсэн үг. Энд гадны мэргэжилтнүүдийн нарны эрчим хүчний талаар хийх гурван өдрийн семинар болно. Эндээс иргэд маань цонхоо хаанаа байрлуулах вэ, цонхоор орж ирсэн нарны энергийг хэрхэн хадгалах зэрэг бүх зүйлийг ярина.

-Энгийн иргэд юунаас эхлэн үүнд гар бие оролцох хэрэгтэй вэ?

-Энгийн иргэдэд хэлэхэд өөрсдийн үрэлгэн байдлаа өөрчлөөсэй гэж зөвлөмөөр байна. Тухайлбал цонхоо дулаалаагүй, хаалгаа дулаалаагүй, порчикоо онгорхой байлгаж байгаа мөртлөө маш их нүүрс түлээд байдаг. Үүнийгээ больчих юм бол тэр хүн бага нүүрс түлнэ. Нүүрс худалдаж авах мөнгөө хэмнэнэ. Мөн нүүрс шатаасан утааны бохирдлыг багасгана, үнсний хог хаягдлыг багасгана гэх мэтчилэн ногоон эдийн засгийн ач холбогдолтой гэж зөвлөмөөр байна. Хамгийн хямд эрчим хүчний зардлыг гаргаж байгаа арга бол нүүрс. Тиймээс нүүрсийг хэрхэн бага хэрэглэх вэ, их ашигт үйлийн кофеценттэй зуухыг яаж гаргах вэ, нүүрснээс өөр төрлийн шатах материал яаж гаргах вэ гэдэг тал дээр ажиллах хэрэгтэй.

Дэлхийд хүний хүсэл дээр хэмнэлтийг бий болгоё гэсэн уриатайгаар энэ үйл ажиллагаа явагдаж байна. Ингэснээрээ ашиглаж байгаа нөөцөө багасгая, худалдан авч байгаа зардлаа багасгая гэсэн хүний хүсэл дээр тулгуурлаад ногоон эдийн засаг хөгжих юм. Ийм жишээ дэлхий дээр олон байна.

О.ӨНӨР