УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд Засгийн газарт энэ талаар бичиг хүргүүлсэн гэлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл огт байхгүй болсон. ТУЗ-ын дарга хэн гэдэг нь ч ойлгомжгүй байна. 280 тэрбумыг татварт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төлсөн. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой 244 тэрбумыг энэ жил татварт төлсөн байна. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө” гэв. Оросын талын эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийн компани худалдаж авсан билээ. Энэ асуудлыг МАН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн бөгөөд Засгийн газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ажээ.
Month: September 2016
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцөлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлэв. Түүнчилэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ
Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачлагаар анх 2007 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болжээ. Галзуу өвчинтэй тэмцэх өдрийг дэлхийн 135 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Улс орнууд галзуу өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагаа болон галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулдаг аж.
Манай улсын хувьд ЗӨСҮТ болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүд энэ өдөр галзуу өвчнөөс сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ жил аян зарлаж 14 заалт бүхий төлөвлөгөөг ЭМЯ, НЗАА, НМЭГ, НЭМГ зэрэг албан байгууллагад хүргүүлж ажиллажээ. Мөн 2 мянга орчим зурагт хуудсыг 21 аймгийн эрүүл мэндийн төвд тараажээ.
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Хуралдаанд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирж хуралдааны ирц 65 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд хотын дарга ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болоход чиглэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлэгтэй, 90 зорилттой. Хөтөлбөрийг хотын эдийн засгийн тогтвортой бие даасан байдлыг бүрдүүлэх, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтдаа шийдэж байх, иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах, амьжиргааны түвшний ялгааг бууруулах, засаглалын хувьд тогтортой, ил тод тэгш байдлыг тогтоох гэсэн үндсэн аргачлал дээр тулгуурлан боловсруулсан байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Эдийн засгийн сайжруулах нь хотын даргын өмнөө тавьсан гол зорилтын нэг. Өнөөдөр эдийн засаг хүнд, хямралтай байгаа ч хотын удирдлагын хувьд эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөллөөр харж, томоохон зорилт тавин шургуу ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллана. Үйлдвэр инновацыг цогцоор нь хөгжүүлсэн хот болно. Улаанбаатар хотод монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн 70-80 хувь нь байсан. Бид хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурласан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нутагшуулсан хот болохоор зорьж байна. Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлийн бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуудыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан” гэлээ.
Хотын даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжоор ханган, нийслэлийн иргэдийг жилийн турш шинэ хүнсний ногоо жимс жимсгэнээр хангах бололцоо бүрдүүлэх, газрын харилцааг ил тод болгож, газрыг цахим хэлбэрээр худалдах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын сан байгуулах зэрэг ажлууд ч тусгасан байна.
Мөн гэр хорооллын дэд бүцтийг сайжруулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүцтийг дуусгаж, “Дамбадаржаа”, “Яармаг”, “Дэнжийн мянга” гэсэн хотын дэд төв байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгажээ.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна, хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарц шинээр барина, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр хөтөлбөрт тусгаган байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай замын автобус буюу BRT-ыг ирэх жилийн 9 сараас эхний шугамыг нээж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа хуралдааны үеэр хотын дарга хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсны дараа бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулах болно. НИТХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэгтэй. Үүнд:
1.Эдийн засгийн өсөлт өрх бүрт
2. Хот байгуулалт , дэд бүтэц
3. Байгаль орчин, ногоон хөгжил
4. Нийгмийн хөгжил
5. Засаглал
Хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан. Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ. Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, аялал жуулчлалын төв болох зорилт тавьж байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэллээ.
Хотын даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөс онцлох тоон ишлэлүүдийг дурьдахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэл хот 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барих юм байна. Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлнэ. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.
“Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”тэйгээр явуулах ажлуудыг тусгажээ. Нийслэл хотод шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулан, эрүүл мэндийн салбарт “Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг” барих юм байна. Хэдийгээр эдийн засгийн хувьд улс орон хүнд байгаа ч Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, үр дүнгүй концессын гэрээнүүдийг зогсоож, иргэд рүүгээ чигэлсэн бүтээн байгуулалтыг хийнэ гэдгээ хэлж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг байгуулна. Ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч Нэг өрх нэг ажлын байр гэсэн зорилтыг хэрэгжүүлж, нийслэлийн хотын иргэдээ орлоготой, ажилтай байхад анхаарч, амжиргааны түвшинг өсгөх бодлого барина.
Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбулаас Улаанбаатар чиглэлийн онгоц энэ сарын 27-ны 11:00 цагт Чингис хаан нисих буудалд газардаж, 12:05 цагт эргээд хөөрөх байсан. Гэвч тус онгоц Монгол Улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Hussein- ээс болж хэдэн цаг хойшилсон юм. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Манай улсад дөрвөн жил амьдарсан Сири улсын иргэнийг албадан гарахаар болсон юм. Тэрээр дөрвөн жилийн өмнө манай улсын хил нэвтэрч, ор сураггүй алга болсон байдаг. Дээрх мэдээллийн дагуу гадаадын иргэн харьяатын газар, Тагнуул, эрүүгийн цагдаагийн албан хаагчид улс даяар эрэн сурвалжилж байж баривчилсан. Сири улсын иргэнAhmed Jawal Hussein гэгч нь манай улсын иргэн Н гэх эмэгтэйтэй гэр бүл болсон байсан. Хууль хяналтын байгууллага түүнийг илрүүлж, шалгаад албадан хилээр гарахаар болсон. Манай улсад өмнө нь ирж байхдаа визийн хугацаа зөрчиж, шонхрын наймааны асуудалд нэр холбогдож байсан билээ. Түүнээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг алан хядагч бүлэглэлийн гишүүн, манай улсад дэрвэж ирсэн хүн биш” гэв.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг өчигдөр АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар гэрээс нь баривчилжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” ХК-аас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Хэсэг хугацаанд намжаад байсан Г.Дэнзэнд холбогдох хэргийг АТГ-аас эрчимжүүлж, шинэ баримт олсон гэнэ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд нээн ажиллуулахаар боллоо. Тус төв нь нийслэл хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм. Ингэснээр нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа бүхий л шийдвэр, хурлын үйл явц олон нийттэй нээлттэй, ил тод болох боломжтой болно. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн нээлт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 11:00 цагт болох юм байна.
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад чиглэл өглөө.
Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрэлтүүлийн шон дээр наасан зарлалыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг эрчимжүүлсэн хуваариар ачиж тээвэрлэх юм. Цэвэрлэгээг 2016 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 14-ны хооронд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллах ба хэрэгжилтэд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хяналтын төрийн бус байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллана.