Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг суллажээ

Б.Булган зурган илэрцүүд

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаад өнгөрсөн баасан гаригт буюу сулласан байна. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байсан билээ. Одоогоор Б.Булганы биеийн байдал хэвийн байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн учраас сулласан байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ болоод ТЕГ албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Алтан намар үзэсгэлэн худалдаанд 240 гаруй ногоочин оролцож байна

Тариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар нийслэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг 8-р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах талбайг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүн ам олноор суурьшсан хорооллуудын 43 байршилд 434 цэгт гарган ажиллахаар төлөвлөснөөс 38 байршлын 370 цэгийн үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байгаа талаар нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргийн нийт 240 ногоочин, 6 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл хөтөлбөр оролцож 950 гаруй тонн төмс, хүнсний ногоо, тариамал болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бутны суулгац, эмийн ургамал борлуулахаар оролцоно гэдгээ мэдэгджээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 9-р сарын 14-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээний үеэр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” нь зэрэг өдөрлөгүүд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Шөнийн сүм музей” цэнгүүн болно

Маргааш буюу есдүгээр сарын 14-ны өдөр 19:00цагаас Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай,Чойжин ламын сүм музейд “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг зохион байгуулах аж.

Уг арга хэмжээнд музейн түүхэн үнэт бүтээлүүдийг үзэхийн дашрамд өвөрмөц орчинд тухлан сууж Улсын Филармонийн Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж , сонирхох боломж бүрдүүлжээ.

Арга хэмжээны зорилго нь музейн үйл ажиллагааг өргөжүүлэх, гадаадын жуучидаас гадна олон нийтэд үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж иржээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ спорт

МҮБХ-ноос барилдааны хуваарийг гаргажээ

МҮБХ-ноос заал танхимын барилдааны намрын нээлт, Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 9-нд болсон билээ. Нээлтийн барилдаанд улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын начин Чотонгийн Баянмөнх үзүүрлэсэн.

Харин энэ сарын 17-нд Хилчдийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болох гэж байна. МҮБХ-ноос ирэх оны наадмын их сорилго барилдаан хүртлэх албан ёсны хуваарийг танилцуулж байна.

Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан

IX/09 – Монгол улсад Барилгын салбар үүссэний 90 жилийн ойн барилдаан

IХ/17 – Хилчдийн өдөрт зориулсан барилдаан

X/09 – Баянзүрх хайрханы хишиг барилдаан

X/15 – Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн барилдаан

X/23 – Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан

XI/13 – Хантайшир дэвжээний 15 жилийн ойд зориулсан барилдаан

XI/26 – Улс тунхагласны өдөрт зориулсан барилдаан

ХII/18 – Богд хан хайрханы хишиг барилдаан

XII/28 – Ерөнхийлөгчийн цомын төлөөх Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн барилдаан

I/13 – Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан

I/22 – Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан

II/12 – “Сар шинийн сорилго” барилдаан

II/26 – Гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан

III/01 – Эх орончдын өдөрт зориулсан барилдаан

III/18 – Зэвсэгт хүчний ойд зориулсан барилдаан

III/26 – Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан

IY/09 – Сонгино хайрханы хишиг барилдаан

IY/23 – Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан

Y/14 – Арслан цолны хүндэтгэлийн барилдаан

Ү/28 – Аварга цолны хүндэтгэлийн барилдаан

YI/04 – Чингэлтэй хайрханы хишиг барилдаан

YI/25 – “Наадмын сорилго” барилдаан

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан

IX/25 – Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит IX сарын нээлтийн барилдаан

Х/16 – Улсын заан С.Гүржавын нэрэмжит ээлжит барилдаан

XI/20 – Есдүгээр сарын ээлжит барилдаан

XII/11 – Өсвөрийн Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит барилдаан

I/15 – “Талх чихэр”-ийн Хэвийн боовны баярт зориулсан барилдаан

II/24 – Тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан

III/19 – Баян-Өлгий аймгийн нэрэмжит Наурызын баярт зориулсан барилдаан

IY/16 – Дөрөвдүгээр сарын ээлжит барилдаан

Y/21 – Тавдугаар сарын ээлжит барилдаан

YI/11 – Бүх цэргийн наадмын барилдаан

Сумын цолтой залуу бөхчүүд, өсвөр үеийн ба нийтийн монгол бөхийн барилдаан

IV.17 – Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан

II/25 – Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан

YII/ 11-12 – Улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн /14-16 нас/

Х/01-02 – Хөвгүүд залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан

Х/08 – Бөхийн намрын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

ХII/17 – Бөхийн өвлийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

II/23 – Сар шинийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

IҮ/08 – Бөхийн хаврын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

YI/03 – Бөхийн зуны баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан

Categories
мэдээ улс-төр

Улсын төсөв их наяд 800 тэрбумын алдагдалтай гарчээ

Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний найман сарын үзүүлэлтийг өчигдөр Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос өчигдөр танилцуулсан билээ. Эдийн засгийн хямрал, улс эх орын төсөв хүнд байгаа энэ үед төсвийн алдагдал хэрээс хэтэрч байгаа бөгөөд хямралаас гарах ажиллагааг төр засаг эхлүүлсэн ажиллаж байгаа юм. Тэгвэл ҮСХ-ноос гаргасан судалгаа тоогоор улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал нэг их наяд 808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард таван их наяд 371.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 3.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 85 мянган зээлдэгчид олгожээ

Монголбанк жилийн таван хувийн хүүтэй орон сууцны зээл олгох санхүүжилтийг зогсоолоо. Харин жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлнэ. Тэгэхдээ уг зээлийн эх үүсвэр нь зээлийн эргэн төлөлт юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн байх тусам олгох зээл нь нэмэгдэнэ гэсэн үг. Монголбанкны ипотекийн зээлийн тайлангаас үзвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 3.8 их наяд төгрөгийн зээлийг 85622 зээлдэгчид олгожээ. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 3.4, чанаргүй нь 1.2 хувийг тус тус эзэлж байна. Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтарч энэ оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг гаргав. Үүнд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн 4908 шинэ, хуучин орон сууцыг хамруулан тооцлоо. Уг судалгаанаас үзвэл орон сууцны үнийн бууралт үргэлжилсээр. Үнийн индексийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.2 хувиар буурсан аж. Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёр сая 30 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.4 хувиар буурсаныг илтгэнэ. Тэгвэл хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 77 сая 16 мянган төгрөг болов. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 14.8 хувиар буурсан тооцоо хийлээ. Орон сууцны үнийн индексийг 2013 оны эхнээс тооцож байгаа. Харин орон сууцны үнийн бууралт 2014 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж байгаа судалгаа гараад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ургац хураалтын ажил ид дундаа орж байна

Манай сонин цаг үеийн чухал үйл явдлуудыг үргэлж газар дээрээс нь сурвалжлан хүргэдэг. Монгол орныхоо өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлуудыг газар дээрээс нь сурвалжлан хүргэж, сэтгүүлчид байнга томилолтоор ажилладаг юм. Налгар намрын энэ өдрүүдэд ид өрнөж буй ургацын болц гүйцэж хурааж авахад бэлэн болсон талаар газар дээрээс нь хийсэн сурвалжлагыг хүргэж байна.

Энэ удаад Төв аймгийн Жаргалант сумын Талбулагийн бригадын шаргалтсан хөндийгөөс бэлтгэлээ. Өнөө жил эднийх гурван мянган га талбайд улаан буудай, рапс, гурвалжин будаа тарьжээ. Тодруулбал, улаан буудай хоёр мянган га талбайд тарьсан байна. Өөрөө үрээ бэлдчихдэг болохоор жил бүр улсаас үрийн будаа хүлээж цаг алдалгүйгээр тариалалтаа эхлүүлдэг цөөн тариаланчийн нэг нь “Хөх баянбулаг” компанийн захирал Ж.Ариунболд юм. Энэ жилийн хувьд улаан буудайн чанар ярих юмгүй сайхан байна хэмээн ярьж байна. Эднийх нэг га талбайгаас 7-8 центнер ургац хураан авдаг байна.

Мөн Борнуур сумын тариаланч Г.Батсүхийн тариан талбайгаар орж төмс хүнсний ногооны болц хэр байгаа талаар ярилцлаа. Г.Батсүхийнх нэг га талбайгаас 15 тонн төмс хурааж авч байгаа аж. Ченжүүд газар дээрээс нь нэг кг төмсийг 250 төгрөгөөр авдаг гэнэ. Сонгино нэг кг-г нь 500 төгрөгөөр өгдөг байна. Ногоочдын хувьд хүн бүл дутмаг байдаг аж. Өдөрт 15 мянган төгрөг өгье, хоол ундыг нь өгье гээд байхад ирэх хүн олддоггүй гэнэ. Ямар сайндаа л хотоос 10 хүн 20 мянган төгрөгөөр хөлслөн авчирч, ажиллуулжээ.

Ургацын талбайгаас бэлтгэсэн энэхүү сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы шинэ дугаараас хүлээн авч уншина уу. Хэрвээ манай сониныг захиалахыг хүсвэл 99112954, 99190570, 88111375 дугаарт холбогдоорой.

Categories
мэдээ спорт

Улсын аварга Г.Эрхэмбаяр Япон улсад зохиогдсон Жиү-жицү бөхийн тэмцээнд түрүүлжээ

Жиү-жицү бөхийн Азийн АШТ энэ сарын 10-11-нд Япон улсад амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 18 бөх зодоглож, долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл, нийт 14 медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр түрүүлж, Азийн аварга боллоо.


Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон дүүргийн Засаг дарга нар танилцлаа. 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол улсын шинжлэх ухааны ууган эмнэлгийн шинэ байр 2011 оноос баригдаж, энэ оны 3 дугаар сард ашиглалтад оржээ.

А, Б, В гэсэн гурван блокоос бүрдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар эмчилгээний 22 тасаг, поликлиникийн 4 тасаг, нарийн мэргэжлийн 30 гаруй кабинет, 411 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгааг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд танилцууллаа. Жилд 14 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, поликлиникээр 160 мянга гаруй хүн үзлэг шинжилгээнд хамрагддаг байна. Тус эмнэлэг нь 2015 оны магадлан итгэмжлэх комиссын дүгнэлтээр 3 жилийн хугацаагаар Төв эмнэлгийн эрхтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Батлан хагаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ онд маш сайхан тохилог байртай болж, Австрийн хөнгөлөлттэй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийснээр өнөөдөр нэгдсэн эмнэлгийн статустай эмнэлэг болж хөгжиж чадсан. Энэ хөгжлийг бид эрүүл мэндийн салбарын хүрээнд цаашид илүү хөгжүүлж, бодлогын хүрээнд хамтарч ажиллах болно” гэлээ.

Одоогийн байдлаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургуулилтыг 2016 оны 9 дүгээр сарын 04-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хийхээр бэлтгэлдээ гарсан байна. Энэхүү сургуулилттай өнөөдөр албаны хүмүүс очиж танилцах ажээ.

Categories
мэдээ спорт

Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ болно

Ахмадын сагсан бөмбөг зурган илэрцүүдСагсан бөмбөгийн ахмадын УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд энэ сарын 26-30-нд болно. “Хобби-Алтан цагариг”, “Алтайн бүргэдүүд”, “Майн инфо” клубүүдийн нэрэмжит болж буйгаараа онцлог тус тэмцээн ахмад сагсан бөмбөгчдийн эрүүл мэнд, бие бялдарын хөгжил, бэлтгэлжилтийг дэмжин хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, залгамж үе, хүүхэд залуучуудад эл спортыг сурталчлан, таниулах зорилготой.

Тэмцээнд эрэгтэйчүүд 35-39, 40-45, 46-аас дээш, эмэгтэйчүүд 40-44, 45-49, 50-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар тус тус өрсөлдөх аж. УАШТ 300,000 төгрөгийн хураамжтай.

Тус тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 25-нд 13.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд болох аж.