Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзахдаа энэ дөрвөн жилийн хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий. Үүнээс 12 их наяд төгрөгийн арга хэмжээ нь зөвхөн хоёр салбарт хамаарна гэв. Энэ салбарууд нь уул уурхай, эрчим хүч юм.
“МАК” компанийн захирал Б.Нямтайшир: Улс орны эдийн засаг хүнд байгаа. Тиймээс Засгийн газар аж үйлдвэрийг эрчимжүүлж, экспортыг дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Уул уурхай, аж үйлдвэр, нүүрсний салбарын бэрхшээлийг хэрхэн давах, эрх зүйн орчныг яаж сайжруулах, бидний өмнө ямар гох дэгээ байна вэ гэдэгт саналаа нэгтгэж сайд болон дэд сайд нарт хүргүүлж байна.
Ж.Эрдэнэбат: Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 68 төсөл байгаа. Энэ бүгдийг хэрэгжүүлбэл Монголын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалсантай тэнцэх юм. Миний зүгээс сайд нарт “энэ дөрвөн жилд салбартаа 3-4 том үйлдвэр байгуулах санал оруулж ир” гэдэг чиглэл өгсөн. Эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 5-6 яам байна. Энэ яамд Монголд таван үйлдвэр байгуулахад хангалттай. 50, 60 төсөл барьж явахаар ганц бодитой төсөл бариад хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Эгийн голын усан цахилгаан станцын ажил үйлчилгээ эхэлсэн. Энэ бол ашигтай төсөл. Мэдээж саад, тотгор байгаа нь үнэн. Тиймээс холбогдох яамд бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.