Categories
мэдээ улс-төр

Арьс ширний тухай хуулийг мөрдөхгүй байхаар шийдвэрлэлээ

Өнөөдрийн байдлаар хонины нэхий үнэгүй, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм.

Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолжээ. Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Мөн манай улс арьс ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг шинэчиллээ

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны зарим гишүүдийг чөлөөлж, томиллоо. Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Бяцхан О.Амина минь өндөр болоорой

Хүний хамгийн хурдан өсдөг үе хүүхэд нас. Тиймдээ ч хүүхэд бүхэн “Яасан том болоо вэ” гэх гайхаж бахадсан үгийг хамгийн их сонсдог байх. Харин жаахан О.Амина л өсөж том болохгүй юм. Уг нь тэр дөрвөн настай. Гэвч яг л хоёр настай хүүхэд шиг өөдөсхөн биетэй. Учир нь түүнийг хоёр нас дөнгөж хүрээд шувуухай шиг жиргэж байх үед нуруу нь мурийж өсөлт нь зогсчээ. Эмнэлгийн хэллэгээр бол нейрофеброматозис гэж хэл хугалчихмаар нэр томьёотой юм. Харамсалтай нь энгийн хүн шууд ойлгохгүй энэхүү оношийг Монголд эмчилж чаддаггүй юм байна. Тиймээс О.Амина үеийнхээ хүүхдүүдийг яагаад ийм өндөр юм бол доо гэж гайхашран харсаар хоёр жил болж байгаа ажээ. Түүнтэй уулзахаар Гачуурт дахь гэрт нь очив. Балчир үрсийн зангаар эхэндээ бишүүрхээд ээжийнхээ араар нуугдан томоотой суугаад байлаа. Төд удалгүй дүүтэйгээ хөөцөлдөн тоглоход охинд цаанаа нэг тээртэй байгаа нь анзаарагдав. Дүү нь хоёр настай хэдий ч өндрөөрөө тэр хоёр чацуу юм. Бараг л дүү нь өндөр болж буй ажээ. Тиймдээ ч хааяа эгчийгээ бяцхан шоглочих гээд байна. Тэр болгонд О.Амина “Би чамаас намхан ч гэлээ эгч чинь учраас битгий үснээс зулгаагаад бай” гэж учирлах аж. О.Аминагийн тухай ээж нь “О.Амина манай том охин. Аав бид хоёрынхоо хайраас ургаж дэлбээлсэн жаахан охин минь хоёр нас хүртлээ эрүүл саруул өсөж байлаа. Гэтэл цээж нь зүүн хэсгээрээ урагшлаад байсан. Шат шатны эмнэлгүүдэд үзүүлэхэд “Рахит байна. Агаарт сайн гарга” гэж удаа дараа хэлдэг байв. Тэдний үгийг дагаад л хөдөө хээр охиноо их л салхилуулсан даа. Ажлаасаа чөлөө авч гурван сар Хэнтийд хүртэл амьдарч үзсэн. Гэвч цээж нь улам л төвийгөөд байхаас биш зүгээр болсонгүй. Гайхаад үзүүлэхээр өнөөх л оношоо хэлнэ. Гэвч сүүлдээ баруун дал нь мултраад гараад ирсэн хойно л цусны шинжилгээ өгч оношийг нь мэдсэн дээ” гэж ярилаа.

Гэхдээ энэ хооронд эмч нарт хангалттай олон удаа үзүүлсэн боловч рахит гэснээс өөрийг хэлж чадаагүй нь өвчнийг улам хүндрүүлжээ. Аав, ээж хоёр нь амин үрээ энгэртээ тэвэрч эмнэлгээс эмнэлгийн хооронд аргаа барж гүйсээр бүтэн жилийн дараа л нурууны мурийлттай гэдгийг мэдэж авсан байна. Ийм оноштой бол ямар ч хүүхэд өсөж том болох боломжгүй. Хэдийгээр оюун санаа нь тэлж хөгжих ч гэлээ охин өөдөсхөн жаахан хэвээрээ л байх юм. Манайд одоохондоо ийм төрлийн өвчинг эмчилж чадахгүй. Гэсэн ч аз болж тухайн үед Монголд ирээд байсан Солонгосын “Нанүри” эмнэлгийн нуруу, нугасны эмчтэй уулзахад “Юутай ч MRI шинжилгээ хийлгэчих. Гэхдээ охин дэндүү балчир байгаа учраас одоохондоо мэс засал хийх боломжгүй” гэсэн байна. Аав, ээж хоёр нь энэ мэдээг сонсоод юутай ч эмчлэх боломж байгаа юм чинь тав, зургаан нас хүргэж байж мэс засалд оруулъя гэсэн шийд гаргаад байв. Гэтэл өнгөрсөн зун MRI шинжилгээ хийлгээд Солонгос руу явуултал дахиад л муу мэдээ ирэх нь тэр. Охины нуруу мурийлтаасаа болоод хавдрын урьтал үедээ орчихсон байна гэнэ. Иймд өдөр алдахгүй Солонгос руу явж яаралтай мэс засалд оруулахаас өөр аргагүй болжээ. Тэндээс “Охины нуруу тавин хэмээс дээш хазайлттай байгаа. Мэдрэлийн судас нь ясандаа дарагдаж, тэр нь хавдсан. Тиймээс яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн хариу ирүүлжээ. Ээжтэй нь ийн хөөрөлдөх зуур О.Амина байс гээд л хананд наасан метрийн дэргэд очоод зогсчих юм. Ээжээсээ “Би яагаад өндөр болохгүй байгаа юм бэ. Дүү яагаад надаас том болоод байгаа юм” гэж асуух ажээ. Энэ үеэр аав О.Одонсансар гэртээ хүрч ирэв. Бид хэсэг ярилцлаа.

-Охиныг Монголд эмчлэх боломжгүй юм байна. Яагаад заавал Солонгост эмчлүүлэхээр болов?

-Монголд оношийг нь тогтоож чадахгүй болохоор гадны хэд хэдэн эмнэлэгт охиныхоо нурууны зургийг явуулсан юм. Бүгд л нурууны мурийлт гэж оношилсон. Дөрвөн наснаас нь хэтрүүлэлгүй мэс засал хийлгэвэл эдгэрэх боломжтой гэсэн. Мэдээж хэрэг гадаад улсын эмнэлгүүд өндөр хэмжээнд хөгжсөн хэдий ч түүнийгээ дагаад өртөг өндөр. Охиныхоо нурууны зураг, шинжилгээний хариуг олон улсын эмнэлэг рүү явуулснаас мэс заслыг хамгийн хямд хийх нь Солонгосын эмнэлэг болчихоод байгаа юм.

-Нийт хэчнээн төгрөг хэрэгтэй болж байна вэ?

-Солонгост очихоор нь юуны түрүүнд шинжилгээ авна гэсэн. Шинжилгээ нь 1500 ам.доллар болох юм билээ. Харин мэс засал нь 38 мянга орчим ам.доллар болно гэсэн. Бүгд нийлээд 90 орчим сая төгрөг болох байх гэж тооцоолоод байгаа. Гэхдээ шинжилгээний хариу харж байж зардал нэмэгдэх эсэхийг тодорхой хэлнэ гэсэн. Тэндхийн эмч нар хүүхдийнхээ ирээдүйг бодож байвал ганц өдрийн ч өмнө болтугай ир гээд байгаа. Гэхдээ энэ мэс заслыг тийм ч амархан хийхгүй гэсэн. “Korea” их сургуулийн хүүхдийн нуруу нугасны тасгийн эмч нартай хамтарч хийх юм билээ. Ер нь их хүнд мэс засал болно гэсэн. Гэхдээ эдгэх магадлал өндөр. Тиймээс бидэнд сайхан ирээдүй ойрхон байгаа гэж харагдаад л байгаа юм.

-Одоо охин ямар зовиуртай байгаа вэ?

-Солонгос эмнэлгийн эмч Монголд байхдаа охины минь нурууны хэвийг аваад явсан. Очоод нурууны муруйлт нэмэгдэхээс сэргийлсэн хантааз үнэ төлбөргүй хийж явуулсан юм. Одоохондоо тэр хантаазаа өмсөж байгаа. Уг нь эхэндээ айхтар зовиур байхгүй байсан боловч өдөр, хоногоор нэмэгдэхийн хэрээр өвддөг болсон. Заримдаа ч учиргүй айлгаж аав ээжийгээ сандаргана. Бие нь өсөхгүй ч гэлээ ухаан нь нэмэгдэж байгаа болохоор өөрийгөө нэг л биш байгаа гэдгээ мэдээд байгаа юм. Байнга л дүү яагаад надаас өндөр болох гээд байгаа юм бэ л гээд байдаг. Ээжээсээ “Би өндөр болно биз дээ. Том болоод мисс болмоор байна” гэдэг юм.

-Уг нь зардал мөнгөө олоод Солонгос руу явчихвал хэвийн болчих уу?

-Нурууны муруйлтыг тэгшлээд нурууных нь үе болгонд дарагдсан судас, шөрмөсийг суллах зориулалттай төмөр суулгах юм билээ. Тэр төмрөө нуруу нь бэхэжтэл байлгах ёстой гэсэн. Хүний яс 15 нас хүрч байж бэхэждэг юм байна. Тэр хугацаанд охины өсөлт хэвийн явагдах учраас зургаан сар тутамд нуруунд нь суулгасан төмрөө засуулах жижиг мэс ажилбар хийлгэнэ.

-Солонгост хийлгэх үү?

-Жижиг мэс ажилбар учраас Монголд хийх боломжтой юм билээ.

О.Аминагийн гэрийнхэнтэй ийн хөөрөлдөв. Амьдралаа босгож буй залуу гэр бүл учраас охиных нь эмчилгээний зардалд хэрэгтэй мөнгө байхгүй. Хоёр жилийн турш оношийг нь тогтоож шинжилгээ хийлгэхийн тулд машин тэргээ зарж цалингийн зээл авцгаажээ. Одоо харин арга мухардан олон түмнээс туслалцаа гуйхаас өөр аргагүй болсон гэнэ. Уншигч олон та бүхнийг Монголын ирээдүй болсон залуу гэр бүлд сэтгэлийн дэм болж жаахан О.Аминаг өндөр болоход туслаарай гэж уриалъя. Таны хандивласан мөнгө О.Амина охиныг ямх ямхаар өндөр болгох юм шүү. Монголчууд бид хүүхдийг өндөр болоорой гэж ерөөдөг ард түмэн билээ.

Хандивын данс:

Голомт банкны 1605030923

Хаан банкны 5007471852

Хасбанкны 5001215647

Төрийн банкны 101400146310

Хүлээн авагчийн нэр: О.Одонсансар.

Холбоо барих утас: 88127920, 89807465

Categories
мэдээ нийгэм

“Туул голын сав газрыг цэвэрлэх үйл ажиллагаа” амжилттай боллоо

Бид банкныхаа 26 жилийн ойг угтан Монгол улсын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хүрээнд “Туул голын сав газрыг цэвэрлэх үйл ажиллагаа”-г 2016 оны 9-р сарын 10-ны өдөр анхны жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сайн үйлсийн ажилд ХХБанкны 450 гаруй ажилтнууд Туул голын сав газрын захиргааны 10 ажилтантай нэгдэн оролцож, хамт олноороо эрүүл агаарт алхаж, халуун яриа өрнүүлэн нийт 9 км газрыг 880 гаруй шуудай хог хаягдлаас цэвэрлэлээ.

Нэг зорилгын дор нэгдэж чадсан нийт ажилтнууддаа талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд өнөөдөр амарна

Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд өнөөдөр
амрахаар болжээ.Тодруулбал, БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан
мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” өнөөдөр тохиож байгаа аж. Иймд
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн
газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн
тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд өнөөдөр амрахаар
болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Маса Игата: Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаагүйд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байна

“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Фронтиер конференс” компанийн гүйцэтгэх захирал Маса Игататай ярилцлаа.

-Энэ жилийн “Инвест Монголиа” өмнөх жилийнхээс ямар онцлогтой болж өнгөрөв?

-“Инвест Монголиа”-д ирсэн оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон байлаа. Ноднин 680 гаруй хүн оролцсон бол энэ жил 850 хол давлаа. Хөрөнгө оруулагчид тийм олноороо ирсэнгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг татах, холбож өгөх байгууллагын хүмүүс цөөнгүй ирлээ. Элчин сайдын яам, элчин сайдын яамдын харьяанд байдаг бизнесийн байгууллагын төлөөлөгчид, гадны хэвлэл мэдээллийнхэн анхаарч оролцлоо. Хөрөнгө оруулагчидтай холбож өгөх байгууллагуудаас ирсэн учраас ирэх жилээс хөрөнгө оруулагчид олноороо оролцоно гэсэн хүлээлт байна.

-Элчин сайд нар хөрөнгө оруулалтын орчинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэгдэл ямархуу байна вэ?

-Энэ жил шинэ хөрөнгө оруулагч ирээгүй. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагынханы хувьд танай улсыг олон жил судалсан, танай улсын талаар тодорхой мэдээлэлтэй хүмүүс. Тэд хөрөнгө оруулалтын орчинд юу болохгүй байгааг дахиад л ярьсан. Яриаг нь нэгтгээд дүгнэхэд шинэ Засгийн газрыг өмнөх Засгийн газрууд шигээ мэргэжлийн засаг байж чадсангүй гэж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ Засгийн газар байгуулагдаж эдийн засаг өснө гэсэн хүлээлт байсан. Шинэ засаг өмнөх шигээ чадвартай хүмүүсийг зөв газар нь томилсонгүй. Тэгэхээр өмнөх жилүүдийн алдаа давтагдана гэсэн үг.

-Тав банк бодлогын хүүг огцом өсгөсөн нь хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөөтэй гэсэн байр суурийг “Инвест Монголиа”-д оролцсон зарим банкир онцолж байсан. Энэ шийдвэр цагаа олсон гэж та бодож байна уу, эсвэл…?

-Нөхцөл байдлыг дүгнээд үзье. Төгрөгийн ханш огцом унаж байсан үед бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж төгрөгийн ханшийг тогтворжуулсан нь байж болох арга. Гэхдээ дарааллаа бодолцох учиртай байсан. Шийдвэр гарахын өмнө Сангийн яам хүмүүсийг цочролд оруулсан хоёр төрлийн мэдэгдэл гаргасан. Тэр мэдээлэл төгрөгийн ханшийг сулрахад хүргэсэн л дээ. Сангийн яамнаас мэдэгдэл гаргахдаа нэг зүйлийг анхаарах байсан юм. Болохгүй байгаа зүйлийг зарлах нь зөв ч бидэнд ийм төлөвлөгөө бий, дөрвөн жилийн дараа ийм үр дүн гарна гэж гарцаа ярих ёстой байсан. Тэгж хэлээгүй учраас ирээдүйн бодлого, дүр төрх, төсөөлөл тодорхойгүй болчихож байгаа юм. Тэр мэдээллийн дараа “Мүүдис” гэх мэт байгууллага Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихсан. Хөрөнгө оруулагчдын итгэл ч алдарсан.

-Ийм хүнд цагт, сая таны хэлсэн шиг ойлгомжгүй байдал үүссэн үед Таван толгой гэх мэт том төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол гадныханд байна уу. “Инвест Монголиа”-д оролцогчид яаж харж байна?

-Монголын хамгийн том төсөл бол Оюу толгой. Засаг Оюу толгойн өөрт ногдох хувийг зарах нь гэсэн цуу яриа дэгдээд байгаа. Хятадад хамгийн багадаа хоёр тэрбум ам.доллараар зарж одоо хэрэгтэй мөнгөний асуудлаа шийдэх боломж бий гэж “Инвест Монголиа”-д оролцогчид ярьж байна. Таван толгойн тухайд үнэ цэнээ алдчихаад байгаа. Гэхдээ гадны зарим компанийг “Mоngolian mining corporation”-тэй хамтарсан консорциум маягаар нэгтгэж Тавантолгойг хөдөлгөх хувилбар амьдрал дээр хэрэгжвэл ашигтай төсөл байх бүрэн бололцоотой. Амжилттай хэрэгжих боломжтой том төслүүд гэвэл сэргээгдэх эрчим хүчний салбарт байна. Бүр тодруулж хэлбэл салхи, нарны эрчим хүчний төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байгаа. ”Оюу толгой”, “Таван толгой”-д хөрөнгө оруулах хамгийн боломжтой улс гэвэл одоогоор зөвхөн Хятад л байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж магадгүй гэж таамаглахаар алхмуудыг Засгийн газраас хийгээд эхэлчихсэн. Нөгөө талд бонд гаргах боломж бий гэсэн байр суурийг бизнес эрхлэгчид илэрхийлж байгаа. Ер нь манай улсад гаднаас мөнгө босгох ямар боломж, гарцууд байна вэ?

-Монголын хувьд гаднаас мөнгө татах таван төрлийн боломж бий. “Стэнд бай”, бонд, Хятадын Засгийн газраас тусламж авах, Оюу толгой, төрийн өмчийн хувьчлал. Засгийн газрын өгсөн мэссэж, мэдээллээс болж бондын хүү сүүлийн хоёр сарын турш өслөө. Тэгэхээр дахин бонд гаргавал өндөр өртгөөр гаргах учраас боломжгүй хувилбар. Оюу толгойгоос мөнгө босгох асуудал ч шийдвэрт хүрэхгүй болов уу. Төрийн өмчийг хувьчлах аргаар мөнгө босгох нь одоохондоо ашигтай гарц биш. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд төр өмчөө асар бага мөнгөөр зарах эрсдэлтэй. “Стэнд бай”-д орох юм уу, эсвэл Хятадын Засгийн газартай харилцах хоёр гарц л боломжтой харагдаж байна.

-Хятад гэснээс хөрөнгө оруулалтын орчин нэг улсаас нэлээд хамааралтай болчихвол зах зээл талаасаа ямар эрсдэлтэй вэ?

-Хятадын хувьд зүгээр нэг туслах улс биш. Худалдаачны сэтгэхүйтэй улс. Хэцүү байгаа үеийг нь далимдуулаад эдийн засагт нь том нөлөө үзүүлье гэсэн бодлогоор хандах магадлал өндөр. Өмнө нь хийсэн свопынхоо хэмжээг дахиад өсгөе гэсэн яриа гарч байгаа. Хэрвээ Хятадад ийм хүсэлт тавибал “Тэгье, бид өсгөөд өгье. Гэхдээ та нар бидний төлөө юу хийх вэ” гэж асууна. Хятадуудын юу хүсэхийг би мэдэхгүй. Хэрвээ би Хятадын талын шийдвэр гаргах хүн байсан бол “Манай банкинд танай улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өг” л гэж хэлнэ. Ингэж асуух нь ойлгомжтой. Эрхийг нь өгөөд Хятадын банкууд ороод ирвэл Монгол Улс Хятадад худалдагдах аюул ихэснэ.

-Эрсдлээс хамгаалах арга хэрэглээд мөнгө орж ирэх боломжтой улсад хандаж болно, “Bank of China”-г тодорхой босго, шалгууртайгаар оруулаад ирчихэд болохгүй юмгүй гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Хятадын банк Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулна гэвэл Монгол улс төгрөгөөр биш юаниар гүйлгээ хийдэг орон болох эрсдэлтэй. Нөгөө талаас “Манай улс ийм тийм хязгаарлалт хийнэ” гэхгүйгээр гэрээ хийснийхээ дараа хязгаарлалт хийнэ гээд эхэлбэл хөрөнгө оруулалтын орчин талаас Хятадын итгэлийг алдах том аюул бий. Тэгэхээр тавих хязгаарлалтаа хоёр талаас сайн бодох ёстой. Эхлээд хязгаарлалтаа хийгээд, дараа нь гэрээгээ байгуулах учиртай.

-“Стэнд бай”-д хамрагдахад зайлшгүй анхаарах зүйл гэвэл юу байна?

-Нарийн бодлого, судалгаатайгаар энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Өмнө нь 200 сая ам.долларын төсөвтэйгээр хийсэн бол одоо нэг тэрбум долларын төсөвтэйгээр хийнэ гэж ярьж байна. “Стэнд бай” хэрэгжүүлснээр засаглал, ил тод байдал сайжирна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс алдагдал хүлээж, эрх мэдэлгүй , хөрөнгө багатай хэсэг нь илүү хожно.

-Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын юу нь өөдрөг сэтгэгдэл төрүүлдэг бол, аль салбарт илүү боломж байгаа бол гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Монгол баялагтай улс. Байгалийн болон газар тариалангийн баялагтай. Бүх улсад байдаг баялаг биш гэдгээрээ онцлогтой. Япон, Хонгконг, Сингапур ийм баялаггүй. Хүний сэтгэхүй их сонин. Өөрт байхгүйгээ хүсдэг. Жишээ нь Японд зээлийн хүү тэг хувь. Гэтэл Монгол эрсдэлтэй ч гэсэн зээлийн жилийн хүү нь 17 хувь. Тэг хувьтай байснаас эрсдэлтэй ч гэсэн 17 хувьтай байна гэдэг япончуудын сонирхлыг татахаас аргагүй зүйл. Энэ талаасаа танай орон боломж ихтэй улс.

-Манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэрээ хэрэгжсэнээр ойрын ирээдүйд бидэнд ирэх боломж нь юу бол?

-Ноолуурын салбар үлэмж ашигтай. Мэдээж ноолуурын салбарыг дагалдах салбаруудад ч ашгаа өгнө. Бусад улсуудад 11 хувь байгаа татварыг тэг хувь болгосон шүү дээ. Ноолуурын зах зээлийн гол өрсөлдөгч Хятадын хувьд ч 11 хувийн татвар төлж байж Японы зах зээлд гарах бололцоотой.

-Эдийн засаг хямарсан ийм үед Монголын тухайд яг ямар салбар илүү ашигтай ажиллах боломжтой байна вэ?

-Хямралын үед хамгийн ашигтай салбар бол аялал жуулчлал. Гэтэл аялал жуулчлалын салбарт “МИАТ”, “Корейн эйр” гэж хоёр компани монополь тогтоочихсон. Ийм шалтгаанаар онгоцны билетийн үнэ өндөр байна. Монголд бүх үйлчилгээ хямдхан учраас гаднаас ирэх сонирхолтой улс олон байгаа. Тэд онгоцны зорчих тасалбарын үнэ хэт өндрөөс болж сонголтоо өөрчлөөд байна л даа.

Categories
мэдээ цаг-үе

П.Чулуун: Дүү нартаа аврах хантааз өмсүүлчихгүй даанч яав даа, хүү минь

Үргэлжлэл…

-“САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. САЙН ЯВААД ИРЭЭРЭЙ, ЭЭЖ ЭЭ” ГЭЭД ҮЛДСЭН ХӨВГҮҮД МИНЬ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙГЭЭР ЯВААД ӨГӨХ ЮМ ГЭЖ ХЭН САНАХ БИЛЭЭ.-

Хөвсгөл нууранд осолдсон талийгаач 26 настай Нямдалай, 15 настай Баттулга нарын ээж П.Чулуунтай цөөн хором ярилцлаа. Түүнийг Мөрөн хотод байхад нь уулзсан юм.

-Осол гарах үед та гэртээ байсан уу. Энэ талаар хэдийд мэдсэн бэ?

-Би осол болох үед байгаагүй. Хажууханд байдаг амралтын газрын захирал нь Мөрөн хот руу явж барилгын материал авчрах гэсэн ганцаараа болчихоод байна гэхээр нь би хамт дунд хүүгээ дагуулаад явсан. Ядаж наана, цаанаас нь өргөөд дуслаад ирье л гэж бодсон.

Том хүү өглөө завиа далайгаас татаж гаргаад “Салхитай байна. Өнөөдөр далайд гарахгүй ээ” гээд дунд дүүтэйгээ үлдсэн. Би та хоёр өдөр хоол хийж идээрэй гээд явсан. Хүмүүсийн ярианаас сонсоход өдөр цаг агаар тогтуун сайхан болсон юм шиг байгаа юм. Том хүү завьтай далайд ганцаараа гарахыг хүмүүс харсан байна лээ. Улаан хантааз өмссөн байсан гэсэн. Харин бага хүү нуурын захад, зогсоолын хажууханд нь байдаг сагсны талбай дээр тоглож байсан юм билээ. Миний таамаглаж байгаагаар том хүү маань завиа зогсоолд тавих хоорондоо дүүгээ дуудаж хамт харьж хоол хийж идье гэсэн болов уу. Ингээд манай хүүг завиа уях хооронд л дүүгийн хүүхдүүд гүйж очсон байх. Хүүхдүүдийн тоглож байсан тоглоом, дугуй зэрэг нь далайн хажууханд байсан нь олдсон. Яахав жаахан хүүхдүүд хойно “Ах аа завинд чинь сууж үзье” л гэж гуйсан байх. Хүү ч юм бодолгүй дүү нараа ганц тойроод баярлуулъя л гэж бодсон байх. Хүү минь дүү нартаа аврах хантааз ядаж өмсүүлэхгүй ч яав даа.

-Завины урдаас арваад хантааз олдсон байсан гэсэн?

-Харин тийм байна лээ. Гэрт завины сургалтад суухад нь өгсөн хантааз хүртэл шинээрээ байсан. Ойрхон эргээд ирье гэж бодтол завь нь тийрээд хол явчихсан болов уу. Мотор нь л асуудалтай. Хүүгийн маань хуруунууд тос болсон байсан. Мотороо янзлах гэж оролдсон юм шиг байна лээ. Янз бүрийн л юм бодох юм.

-Та аймгийн төвөөс хэдийд ирсэн бэ?

-Тав, зургаан цаг болж байхад ирсэн шиг санагдаж байна. Бүх зүйл дууссан байсан.

-Осол болсныг мэдсэн байсан биз дээ?

-Мэдсэн. Хадам дүү залгаад “Чиний хүү миний хүүхдүүдийг минь ус руу авч яваад алчихлаа” гэж хашгирч уйлсан. Би чухам юу болоод байгааг тухайн үед ойлгоогүй. Тэгээд хамт явсан дунд хүүгээ Одгэрэл эгчтэйгээ яриад юу болсныг асуугаадах гэсэн. Яахав хадам дүү маань хоёрын хоёр хүүхдээ алдсан хүн тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан учраас надад тэгж хандсан байх. Би юм бодоогүй ээ. Адилхан л эх хүн шүү дээ. Өглөөхөн “Санаа зоволтгүй ээ. Сайн яваад ирээрэй, ээж ээ” гээд үлдсэн хөвгүүд минь хэзээ ч ирэхгүйгээр яваад өгөх юм гэж хэн санах билээ. Би ч бушуухан Мөрөнгөөс гарсан. Иртэл онцгой байдлын аврагчид дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гаргасан байсан. Дүүгийн маань хоёр хүү, бас хүү, тэгээд миний 26 настай хүү. Харин бага хүү маань байгаагүй. Хамаатан садангийн хүмүүс “Биеэ бариарай. Таны бага хүүг хамт явсан. Цогцос нь олдохгүй байна” гэсэн. Надад үнэхээр хүнд байсан. Хайран сайхан хүүхдүүд. Яагаад ийм юм болчихов оо гэж бодохоос үлдсэн насандаа ч харуусаад барахгүй байх. Миний нөхөр хэдэн жилийн өмнө бас завьтай нууранд яваад амиа алдсан. Би хамгийн ойрын гурван сайхан эр хүнээ би энэ нуурандаа алдчихлаа. Олон жил загасчилж, амьдралаа залгуулж буй далайгаа буруутгалтай биш. Хайхрамжгүй орхиод явсан өөрийгөө буруутгаад л сууж байна.

-Хүүхдүүд тань завь унах туршлагатай юу. Ер нь аавыгаа дагаж далайд их гардаг байсан гэж сонссон?

-Манайх нэг завьтай байсан. Ханийгаа өөд болоход тэр завийг зарчихсан. Харин хэд хоногийн өмнөөс том хүү завь худалдаж авъя, тэгвэл бид мөнгөөр гачигдахгүй болно гээд байхаар нь өөрөө мэд гээд орхисон. Харин ах, дүү нар жаахан дургүй байсан. Дэмий гээд. Би ч хүүгээ зүтгээд байхаар нь хориглоогүй. Аавыгаа дагаж далайд гарч, завь ч жолооддог байсан болохоор болох байлгүй гэж бодсон. Хүү эхний өдөр 65 мянган төгрөг, дараагийн өдөр 75 мянган төгрөг олсон.

-Завиндаа хүн суулгаад уу?

-Тийм. Нэг хүн 15-20 мянган төгрөгөөр суулгаж байгаа гэсэн байх аа. Эхний өдөр гурван хүн ирээд гуйгаад байхаар нь хоёроос нь мөнгө аваад нэгнээс бонус гээд мөнгө авсангүй гэсээр орж ирсэн. Харин осол болдог өдрийн өглөө энэ жил 12 дугаар ангид орох дүүдээ “Ах нь мөнгө олоод дүүдээ гайгүй өвлийн куртик, гутал авч өгнө өө” гэж хэлж байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Ганцаараа үлдсэн хүү маань сэтгэлээр унаад дуу ч гарахаа байсан. Хамтдаа эрхэлж, тоглодог байсан ах, дүү хоёроо алдсан болохоор ямар л олиг байхав.

-Том хүү тань эхнэр хүүхэдтэй гэсэн. Талийгаачдын ажил явдлын үеэр ирсэн үү. Та холбогдож амжсан уу?

-Хүүгийн эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байгаа. Жаахан түнжин тааруу. Энэ намар хүү хэдэн төгрөг олж гэр авч тусдаа гарч Мөрөнд амьдрахгүй бол эхнэр, хүүхдээ алдах нь гэж байсан, хөөрхий. Би ч хажуугаас нь олигтой дэмжээд өгч чадахгүй юм. Өвөлдөө эсгийгээр таавчиг, бойтог гэх мэт гар урлалын юм хийж зарж хэдэн төгрөг олдог.Зундаа амралтын газруудад ойр зуурын ажил хийж хэдэн төгрөг олно. Хоол унднаасаа ч илүү гарахгүй, муу хүүгээ ч тусад нь гаргаж чадахгүй явсаар алдлаа. Сая худуудтай утсаар ярьж эхнэр, хүүхдэд нь номын дуу ч болтугай сонсгоё гэж хэлсэн. Хамт явж ном уншуулсан. Ард үлдсэн алгын чинээ үрийг нь харахаар өр өмрөөд байх юм.

-Ер нь хөвгүүд тань тантай хэр дотно байсан бэ?

-Байнга л санаа бодлоо хуваалцдаг байсан. Миний хүүхдүүд уг нь хүнд муу зүйл хийхээр, элдэв ааш зантай хүүхдүүд биш. Их зөөлөн. Яахав боломж бололцоогүй болохоор эрдэм номын мөр бүтэн хөөлгөж чадаагүй. Дунд хүү өнгөрсөн жил сургуулиа дүүргэсэн. Их, дээд сургуульд оруулж чадаагүй хар бор ажил хийгээд л явж байна. Харин хоёр ах нь дүүгээ эрдэм, номтой хүн болгоно гэж их ярьдаг байсан. Бага хүү маань цахилгааны инженер болох сонирхолтой. Харин ах нар нь барилгын инженер болбол зүгээр гэж зөвлөдөг байсан. Гэтэл ингээд нус, нулимс болоод сууж байх гэж. Би хүүхдүүддээ байнга хэлдэг байсан. Далайд заавал хантаазтай гарч бай гэж. Миний нөхөр ч бас хэнэггүй зангаасаа болж эндсэн. Энэ нутгийн хүмүүс ч гэсэн цаашид ийм алдаа гаргаж, насаараа харамсах зүйл битгий хийгээсэй гэж бодож байна гэв.

Хатгал сумынхан ихэнх нь нуураа бараадан амьдралаа залгуулдаг байна. Нуурын эрэг даган амьдардаг иргэд болон амралтын газраас гадна, аймаг, сум, цаашлаад аялах сонирхолтой ирсэн хүмүүс ихэнхдээ өөрсдийн завьтайгаа ямар ч зөвшөөрөлгүйгээр далайд гардаг гэнэ. Усан замыг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй учраас хэн нь ч мэргэжилтнүүдийн үгийг тоодоггүй бололтой. Аялал, жуулчлалын мэргэжилтэн Б.Амартүвшингийн мэдээлснээр бол Хөвсгөл далайд жилд дунджаар 8000 гадаадын жуулчин, 16-17 мянган дотоодын жуулчин ирж аялдаг байна. Гэвч эрэг дагуух амралтын бааз, хувь хүмүүс ердөө 1500 жуулчин хүлээн авах боломжтой. Харин үлдсэн нь өөрсдийн завь, майхантайгаа аялдаг гэхэд болно. Эрэг дагуух амралтын баазаас гадна Хатгалын сумын төв дээрх айл болгон хашаандаа дор хаяж хоёр шовгор байшинтай. Нэг хүн нэг өдөр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр хонох тарифтай. Харин амралтын баазууд 120-250 мянган төгрөгийн ханштай. Өнөө жилийн хувьд жуулчид бага байсан гэнэ. Ер нь гадны жуулчид сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Аялал жуулчлалын мэргэжилтний яриагаар бол орчин нөхцөлтэй холбоотой аж. Гадны жуулчдад нутгийн хэтэрхий өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, наад зах нь далайд гарах завь стандарт, шаардлага хангахгүй учраас дахиж ирээд байх сонирхолгүй бололтой. Учир нь гадны жуулчид аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг байна. Харин монголчууд хямд үнээр тохиролцож л байвал ямар нэг стандарт шаардлага хамаагүй бололтой. Энэ тухай жуулчид ч ярьж байна. Канадын жуулчин “Би Монголын тухай, тэр дундаа Хөвсгөл далайг их гоё гэж найзаасаа сонссон. Найзуудтайгаа амрахаар зорьж ирсэн. Энэ аяллыг их удаан хүлээсэн. Байгаль бол үнэн гайхамшигтай. Надад зарим зүйл таалагдаагүй. Завь хөлслүүлдэг хүмүүс ихэнх нь хуучны завьтай. Хамаг хувцас ус болчихсон. Аврах хантааз байна уу гэж асуусан. Тэгсэн зүгээр уядаг оосортой хантааз өгсөн. Их эрсдэлтэй. Мэдээж жолооч нар нь их зоригтой” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. Эрэг дагуух амралтын газар ялангуяа завь хөлсөөр унуулдаг иргэдэд шаардлага тавихаар “Чи хэн юм.Би насаараа энэ далайд завьтай явлаа. Тэр үнэтэй тансаг завийг чинь бид худалдаж авч дийлэхгүй. Ажилгүй хүн өөр яаж гэр бүлээ тэжээх юм” гээд хавьтуулдаггүй бололтой. Бас нутгийн иргэд Хөвсгөлийнхөн их ашиг оллоо гээд байдаг үнэндээ болсон болоогүй хэдэн амралтын баазууд зундаа бужигначихаад яваад өгдөг. Бид нутгаа сахиж үлдсэн хог новшийг нь цэвэрлэж үлддэг. Далайн Захиргааны газар байдаг. Гэвч дорвитой зохицуулалт байхгүй гэдгийг хэлж байсан. Хэрвээ ямар нэг зохицуулалтгүйгээр, хараа хяналтгүй ийм маягаар яваад байвал хүн болгон дураараа аашилж, амиа алдах хүний тоо улам нэмэгдэх болно гэдгийг нутгийнхан онцолж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн урам зоригийг мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй

Ататуркийн нэрэмжит V сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан, Мандширийн Болормаа энэ удаагийн “Багш” буланд зочиллоо.

-Та багш мэргэжлээр тасралтгүй 30 жил ажиллажээ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул хүн л дээ. Хатгалдаа дунд сургуулиа төгсчихөөд шууд бага ангийн багшаар ажиллаж, нэг анги дааж төгсгөж байлаа. Тэр үед бага ангийн багшийн мэргэжил маш хүнд болохыг мэдэрсэн. Тийм болохоор дунд ангийн багш л болъё гэж шийдээд Улсын багшийн их сургуульд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр сурч эхэлсэн юм. Түүнээс хойш Ататуркийн нэрэмжит V сургуульд 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сайхан мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол манай анги удирдсан багш Монгол Улсын гавьяат багш н.Товуу юм. Багшийгаа хараад л ийм мундаг, сайхан багш болох юмсан гэж боддог байлаа. Одоо 80 гарсан ч ануухан, сайхнаараа байна. Анх шавь нартаа сэтгэлдээ хүртэл зааж чадахгүй үедээ шантардаг л байлаа. Одоо бол багш мэргэжил эзэмшсэн дээ үргэлж бахархаж явдаг юм.

-Багш бүрийн заах арга барил өөр байдаг. Таны хувьд?

-Миний заах арга барил бол чөлөөтэй сэтгэх боломжийг нь олгодгоороо онцлог гэж боддог. Ямар нэгэн зүйлд баригдахгүй, хэвшмэл байдлаас гаргахыг эрмэлздэг юм. Миний 25 жилийн өмнөөс л ашиглаж ирсэн энэ арга, барил орчин үеийнхтэй дүйж байгаад нь баярладаг. Сурагчид монгол хэл, уран зохиолын хичээл дээр заавал зохиолын гол дүр, утга санааг ярих албагүй. Энэ зохиол яагаад бичигдэх болов, бүр ямар орчинд бичигдсэн байна гэх зэргээр чөлөөтэй, өргөн цар хүрээтэй сэтгэх нь чухал. Энэ тухайгаа бүгд ярилцдаг болохоор хүүхдүүд улам сонирхолтой зохиол уншихыг хүсдэг юм.

-Хүүхдүүдийг хичээлд нь сонирхолтой, дуртай болгохын тулд яах хэрэгтэй байдаг вэ?

-Хүүхдийг “Чи хичээлээ хийж чадахгүй хоцорсон байна, муу дүн авчихсан байх юм” гэх зэргээр урам зоригийг нь мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй. Түүний оронд урам зориг өгч, улам дэмжих хэрэгтэй байдаг. “Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг мэргэн үг байдаг шүү дээ. Би зарим үед хичээл дээрээ бичихээс ярилцахыг илүүд үздэг. Хүүхдүүд их хөөрхөн, ярилцах тусам дотроо байгаа зүйлээ уудалж, айдас нь алга болдог. Эцэст нь “Багш надтай ийм ойр дотно харьцаж байхад би хичээлээ хийгүй бол болохгүй юм байна” гэсэн бодол төрдөг юм. Энэ энгийн боловч хүүхдийг хичээлдээ дур сонирхолтой болгох чухал арга шүү. Ингээд өөрийн нөөц бололцоогоороо хичээлээ хийгээд ирсэн хүүхдэд би муу дүн тавих дургүй. Монгол хэл, уран зохиолын багш хүний хувьд хүүхдийн сэтгэл зүйг сонсох ёстой гэж хамгийн их боддог.

Энэ хичээл дээрээ л чөлөөтэй ярь, өөрийгөө нээж сурах хэрэгтэй гэж шавь нартаа хэлдэг. Хүүхдүүд бие, биенээ их сонсдог юм.

-Танай ангийн ханан дээр монгол бичгээр бичсэн сурагчдын үзэсгэлэн байна. Хүүхдүүд монгол бичигт хэр сонирхолтой байдаг бол?

-Монгол бичигт хүүхдүүд маш их сонирхолтой байдаг шүү. Уг бичиг маань өөрөө их сайхан шүү дээ. Манай сургуулийн сурагчид уран бичлэ гээр сайхан бичдэг. Түүгээрээ үзэсгэлэн гаргаж, бусаддаа толилуулдаг юм.

-Шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Амжилттай явж буй шавь нар олон бий. Багшилж ирсэн цагаас минь л хойш шавь нар маань дүүрэг, нийслэлийн олимпиадад амжилттай оролцож байна. Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиадаас алт, хүрэл медаль хүртсэн. Монгол бичгийн улсын уралдаанд амжилт үзүүлж байлаа. Ер нь манай сургууль болоод миний шавь нараас олимпиад уралдаан тэмцээнээс эхний арван байранд тогтмол шалгарч байдаг. Гэхдээ би шавь нартаа байнга хэлдэг юм. Заавал дээд сургууль төгсөж диплом авах шаардлагагүй. Хүн ариун цагаан хөдөлмөр, хичээл зүтгэл байхад ямар ч салбарт амжилт гаргаж болдог юм шүү гэж захидаг даа.

-Зарын самбар, албан газрын хаяг дээр үг, үсгийн алдаа их байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол бас л эмзэглэмээр л асуудлуудын нэг байдаг. Би заримдаа телевизүүд рүү ярьж “Үг, үсэг, утгын алдаа гаргахгүйн тулд сайн нягтлах хэрэгтэй” гэж хэлдэг юм. Үсгийн алдаанаас гадна утгын алдаа ч их ажиглагддаг. Үг ямар хүчтэй талаар профессор Ч.Онгоодой гэж хүн “Гадаад хэлээр уншиж, бичиж ойлгодог байх нь нэг хэрэг боловч эх хэлнийхээ яруу сайхныг мэддэггүй, бичих найруулах авьяасгүй бол нэн гачлантай. Үг эвлүүлж, өгүүлбэр зохион, судар ном бүтээх нь тоосго өрж, орд харш босгохтой адил. Өндөр нам өрж, өнцөг буланг нь жигдлээгүй тоосго, барилгыг ямар болгох вэ? Гэгээн оюун зарж, үгийн “тоосгоор” өрж босгосон номын их суварга ч үүнтэй утга дүйх бус уу. Үг сонгож зөв найруулах нь нарийн өрлөг шаарддаг чимхлүүр ажил юм” хэмээн бичсэн байдаг. Цаашид үг, утгын алдаа гаргахгүйн тулд бидний ирээдүй болсон хүүхдүүддээ л сайн зааж, зөвлөх нь чухал. Элсэлтийн шалгалт өгч буй хүүхэд бүр монгол хэл бичгийн шалгалт өгөх нь хамгийн зөв, зүйтэй санал гэж бодож байна.

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юунд байдаг бол?

-Шавь нь бүгд хичээлээ сайн хийгээд дунд ангиа төгссөн нь ахлах ангидаа, ахлах ангиа төгссөн нь хүссэн чиглэлээрээ их сургуульдаа орохыг харах л хамгийн сайхан байдаг даа. Би спортод сонирхолтой учраас төгсөлт болгоныхондоо “Манай ангийнхан дандаа сургуулийн спортын цом авч төгсдөг шүү. Бүгдээрээ цом заавал авна” гээд л их урам өгдөг. Тэр бүхэн л дахин давтагдашгүй аз жаргалтай, инээд хөөр цалгисан үе байдаг даа.

Харин энэ олон жил ажиллахад хамгийн муухай нь наймдугаар ангиасаа ахлах анги руугаа дэвшиж чадахгүй үлдэж байгаа шавь нараа харах л байдаг юм. Нэг удаа ахлах ангидаа орж чадаагүй хэдэн хүүхдүүд маань хичээлийн дундуур сургуулийнхаа гадна сандал дээр суучихсан “Сайн уу багш аа.

Бид нар тэр коллежид дасахгүй юм байна аа. Ангидаа ороод сурчихаж болохгүй юм уу” гэсэн. Тэр үед хоолой зангираад юм ч хэлж чадахгүй цонхоороо хараад л зогсож билээ.

-Багш хүнд шавь нартай нь холбоотой хэдэн боть ном бичихээр дурсамж хадгалаастай байдаг байх. Мартагддаггүй дурсамжаасаа хуваалцаач?

-Өдөр бүрийн хичээл дээр л тэдний минь гэнэн, томоогүй явдлууд өрнөж байдаг. Тэр дундаас онцлох нэгэн дурсамж байдаг юм. Манай ангийн уран гимнастикаар амжилттай хичээллэдэг байсан охин маань бэртсэн юм. Бэртлийн улмаас хагас жил шахуу хичээлдээ явж чадахааргүй боллоо. Бид нар байнга эргэж тойрно. Сүүлдээ анги хамт олноороо ярилцаж байгаад хичээлээ тарсны дараа ээлж, ээлжээрээ үзсэн хичээлээ нөгөөх охиндоо зааж өгдөг болсон. Миний зүгээс хичээлээ зааж өгч болох боловч шалгалтаа өөрөө өгөх ёстой шүү гэж хэллээ. Ангийнхан нь, өөрөө ч тэр хичээсний дүнд шалгалтуудаа сайн өгч наймдугаар ангиа онц төгссөн. Тэр охин маань ангийнхандаа болон багшдаа “Та хэд минь байгаагүй бол би өдий зэрэгтэй яваа ч билүү” гээд үргэлж баярласнаа илэрхийлдэг юм. Би дөрвөн анги дааж төгсгөж байсан. Одоо тав дахь ангиа удирдаж байна. Нийгэмтэйгээ холбоотойгоор жил ирэх тусам л хүүхдийн сэтгэхүй, хандлага өөр болж буй нь ажиглагддаг. Гэхдээ миний хувьд бүх л үеийнхээ шавь нартаа юм бүхэн сэтгэлээс улбаатай байх хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг. Миний шавь нар надаас сэтгэл гэдэг үгийг маш их сонсдог доо.

-Залуу багш нартаа юу гэж захимаар байдаг вэ?

– Энэ жил манай сургуульд арав гаруй залуу багш нар ирлээ. Залуу байхад омголон, эрч хүчтэй бүхий л зүйл сайхан харагддаг. Олон жил багшилсан хүний хувьд мэргэжилдээ үнэнч, эзэн нь болоосой гэж хэлмээр байна. Багш хүн эхлээд мэргэжилдээ хайртай болох хэрэгтэй. Дараа нь хүүхдүүдээ хайрлах ёстой.

Түүнээс энэ анги их хэцүү, дүрсгүйтдэг гээд л хичээл заахаас төвөгшөөгөөд байвал тэр хүүхдүүдэд юуг ч зааж, сургаж чадахгүй. Харин өөрийн хүүхэд шиг хайрлавал заасан бүхэн чинь үр дүнгээ өгдөг юм. Энэ зүйлийг би өөрийнхөө туршлага, мэдрэмжээр сайн мэднэ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Буцсанаасаа буцсанаа буцаж…

Cаяхан МАН сонгуулийн амлалтаасаа буцсанаа, удалгүй буцсанаасаа бас буцав. Хэрвээ усны шувуу буцаж явснаа, буцсанаасаа буцвал сүрэг цуваагаараа сүйрнэ. Харин нам засаг яаж ч байсан “ёо” гэхгүй нь сайхан аж.

МАН-ын байгуулсан засаг төр “Татвар нэмнэ-нэмэхгүй, тэтгэвэр хасна-хасахгүй” хэмээн жаал шуугиулаад, буруу зөв нь хамаагүй зоримог алхмаасаа няцсаныг хэлж байна. Хэдийгээр нам засаг ёолдоггүй нь сайхан ч улсын эдийн засаг, олон түмний аж амьдрал ард талд нь ёхлон хямарсаар…

Энэ бүхнээ “МАН буруу алхам хийх гэж байснаа олон түмнийхээ эсэргүүцлээс их юм ойлгож, алдаагаа заслаа. Сайн нам алдаагаа засдаг. Ийм учраас МАН бол сайн нам” хэмээн тайлбарлаж байх шиг байна. (Уг номоороо бол “Алдаагаа засна гэдэг бол зорилгоо солихын нэр биш, харин зорилгодоо хүрэх арга замаа солихын нэр” юм гэдгийг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа)

Үнэн хэрэгтээ энэ алхам нь “МАН –ыг олон түмнийхээ санаа бодлыг сонсдог, ёстой хэрэгтэй нам” гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлсэн нь юу л бол. Харин ч нэгдсэн чиг зорилгогүй, зангидсан удирдлагагүй, энэ утгаараа тодорхой бодлого (хэрвээ байдаг бол) хэрэгжүүлэх чадамжгүй нам юм байна гэж бодогдуулах шиг боллоо.

Үлдсэн сургамж нь “МАН-ыг жаахан айлгахад л шийдвэрийг нь буцааж болно” гэдэг логик. Цаашдаа манай засаг төрийн зөв буруу олон алхам нь ийнхүү мухардах зам нээгдлээ. Энэ нь МАН-д гэхээсээ илүү засаглалд хортой жишиг тогтоож байгаа юм.

Алсыг харсан, өнөө маргаашийн ашгаас илүү ирээдүйн өгөөжийг чухалчилсан зоримог алхам, ухаалаг шийдвэр хэрэгтэй байгаа цагт ингэх нь нийт үндэстэнд хортой. Засгийн эрх мэдлийн тодорхой хэсэг гудамжинд буюу ард түмний өмнө сонгуулиар хариуцлага хүлээгээгүй “Эх оронч” хэсгийн гарт байсан уламжлал улам хөгжих нь байна. Ер нь төрийн эрх бараг л зуун хувь гудамжинд очих бололтой.

Харин эрх баригчид аймхай хулчгараа, засаглах чадамжгүй байдлаа халхлах гэж баахан тэнэгтэнэ. Өнөөх, айдаггүй хүн болох гэж алийгээ алдав гэгчээр. Наад зах нь, хэрэгтэй хэрэггүй, нийцэх нийцэхгүй олон журам духандаа наасан, төрийн өмнөөс шалгагч, засгийн өмнөөс журамлагч, “Улсын айлгагч” нар олширно. Өнөө “Өмнө зүгт Тангад улс байгааг өглөө бүр сануулах” гэдэг шиг “Дээр чинь засаг төр (мэдээж, МАН-ын) байгаа гэдгийг өдөр бүр сануулж” байх болно. Тэгэхгүй бол юу ч хийдэггүй, байгаа байхгүй ялгаагүй төр засгаа хүмүүс мартчихна шүү дээ.

Сонгуульд МАН дангаараа ялсан нь сайхан зүйл биш. Гэхдээ сөрөг хүчин гэхээр л өөрийгээ терминатор киноны баатар гэж ойлгоод юм бүхнийг сүйтгэдэг уламжлалтай болсон үед манай парламент үнэмлэхүй олонхитой болсон нь засаглалд олдсон“боломж” байв. Ялангуяа хямрал нөмөрч, зангидсан гар шиг эв нэгдэлтэй шийдвэрээр хямралыг гэтлэх хэрэгцээ гарсан үед энэ нь чухал шийдэл мэт харагдаж байв.

Хүчгүй (Хүчирхийллийн биш шүү, базарваань) сул засаглалд дургүйцсэн олон түмний өгсөн санал ч ийм зорилготой байсан. Сонгогчид, манай нийгэмд тулгамдсан зорилт бол шийдвэр гаргах чадамжтай, түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн засаглал гэж үзсэн хэрэг. (Тал нутгийн морьтон баатрууд үр хойчис сул дорой засаг төрд зөнгөөрөө дургүй) Үнэхээр ч манайд нүүрлэсэн хямралын гол шалтгаан сул дорой, үлбэгэр засаглал.

МАН-ын хувьд ч гэсэн улаан хувьсгалын шуурганд цустсан түүхээ шинэчилж, ардчилал зах зээлийн тогтоцын үед ч сайн нам хэвээрээ үлдсэн гэдгээ батлан, шинэ мянганы босгонд “цолоо бататгах” (бөхөөр бол) шаанс ч байлаа. (Хорвоо мөн муухай шүү. Алдсан боломж болгон сүүлийнх байдаг гэхээр)

Харамсалтай нь, МАН маань албан тушаалд дуртай мөртлөө, өчүүхэн төдий ч хариуцлагаас хэтэрхий айдаг, тэр хэрээрээ шийдвэр гаргах чадамжгүй нам аж. Нөгөө талд нь зогсох АН нь хариуцлагаас хэтэрхий айдаггүй, том бага хариуцлагыг юман чинээ боддоггүй байдлаараа бас ялгарах аж. Манай хоёр гол намын хариуцлагаас айдаг айдаггүй хоёр яг тэнцэнэ. Өнөө “ Уг нь Дулмаа, Долгор хоёрыг нийлүүлчихвэл нэг гайгүй хүүхэн гарах юм байгаа юм ш дээ” гэдэг аман шог шиг.

Түүхэн боломжийг эзэгнэж, олны итгэлийг дангаараа өвөрлөсөн МАН засгийн эрхэнд гараад юу хийв. Өнгөрсөн парламентаар, өөрсдийнхөө оролцоотойгоор баталсан хэдэн хуулийг тогтоолоор эргүүлэн татсан (Тэр нь хууль зөрчсөн байсан), төв талбайн Чингисийн нэрийг хүчингүй болгон Сүхбаатарынх болгосон. Одоо төрийн ордны нэг танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгохоор хөөцөлдөж байгаа…Аа тийн, машины явуулын аптек зэргийг шалгаж торгох ажил зохиосныг мартвал нүгэл болно. Ингээд гүйцээ. Угаасаа чадах юмаа хийсэн нь ч тэр байх даа.

МАН-ынхан буцсанаасаа буцаад байгаагийн өөр нэг шалтгаан нь хаяанд хүлээж байгаа сум, дүүргийн сонгууль, улмаар уяан дээр үүрсэж байгаа ерөнхийлөгчийн сонгууль. Ийм чухал сонгуулийн өмнө ямар нэг зоримог шийдвэр гаргах нь сонгуулийн дүнд нөлөөлнө гэж болгоомжилсных. Үнэхээр ч 1996 онд ялалт байгуулсан “Ардчилсан холбоо” эвслийн засгийн газар нь үнэ чөлөөлөх зоримог алхам хийснийхээ шанд орон нутгийн сонгуульд хавтгай ялагдал хүлээж байсан.

Тэгвэл өнөөгийн МАН ямар ч шийдвэр гаргах чадамжгүй, хариуцлага хүлээх чадваргүй байж сум дүүргийн сонгуульд бас ялж яах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна. Үүрэх лай улам л нэмэгдэнэ. Яахаа мэдэхгүй байж, нэг л их дарга болохыг хүссэн улс. Яамаар ч юм бэ дээ…

Төгсгөл. Саяхан салбарын сайдынх нь санаачилгаар хөдөө аж ахуйн шавданг бататгахыг бурханд даатгаж маань уншуулсан гэнэ.

Сайдын зөв санагдаад байна. Үнэхээр, бодит боломж үзэгдэхгүй, тодорхой найдлага үлдээгүй ийм цаг үед бурхан л бидэнд тусалбал тусална, үгүй бол үгүй.

Харин бид бурханыг баярлуулчихаар юу хийсэн билээ…бодъё!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Засаа дарга” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд
Өдрийн сонины пүрэв гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг
дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал,
нэг, хоёр, дөрөвдүгээр нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай УИХ-ын ээлжит бус
чуулган хаасан болон төсвийн тодотголтой холбоотой асуудлын талаарх дэлгэрэнгүй
ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Улс
төрийн хоёрдугаар нүүрнээс маргааш болох АН-ын ҮЗХ-ны хуралдааны эргэн тойронд
болж буй асуудлын талаарх мэдээллийг сонирхон уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Засаа
дарга” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.

Баримт, үйл явдлын
зургаадугаар нүүрэнд “Рио-2016” олимпийн наадмын эргэн
тойронд болж буй мэдээ, мэдээллийг сонирхон хараарай. Харин долоодугаар нүүрэнд,
хорь шахам жилийн өмнө худалдаж авсан өмчөө хамгаалж гурван жил шүүхээр явсан
иргэн манай сонинд хандсан байна. Энэ талаар “Сонголт Трейд”
компанийн захирал Д. Батжаргалын ярьсныг хүлээн авч уншаарай.

Улс төрийн тавдугаар
нүүрнээс Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай өчигдөр болсон мэдэгдэл
болоод цаг үеийн асуудлын талаарх ярилцлагыг сонирхон хараарай. Мөн
зургаадугаар нүүрэнд гарсан УИХ-ын гишүүн Л.Болдтой улс төрийн нөхцөл байдлын
талаарх ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Баримт, үйл явдлын
долоодугаар нүүрнээс Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16-н
бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Үүнээс дөрвөн бөхөөс допинг илэрсэн талаарх
сурвалжлагыг сонирхон хараарай.

Манай сонины
наймдугаар нүүрний “Өдрийн сурвалжлага”
буланд гарсан “Бяцхан О.Амина минь өндөр болоорой” гэсэн гарчигтай ярилцлагыг хүлээн авч
уншаарай.

Манай сонины 11 дүгээр
нүүрний “Эдийн засаг” буланд “Энэ “дефляци” түр зуурынх гэлээ” гэсэн гарчигтай эдийн засагчдын ярилцлагыг
сонирхон хараарай.

Цаг үе, үйл явдлын 13 дугаар
нүүрнээс энэ сарын есний өдөр БНАСАУ дахин цөмийн пуужин харваж дэлхийн нийтийн
төвд орсон. Солонгосын хойгийн байдлын талаар Стратегийн судалгааны
хүрээлэнгийн зөвлөх, Солонгос судлаач доктор Б.Лхагваатай ярилцсаныг сонирхон
хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ