Уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдэг нь эцэслэн тогтоогдсон гэнэ.
Бүх л бүтэн таван сарын хугацаанд халдварыг намдааж чадалгүй олон айл өрхийг хохироосны дараа, өвчнийг мялзан, мялзан төст хэмээн тогтоож, улсаас одоо л анхаарал хандуулж эхэллээ.
Орон нутгийн удирдлагууд хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаар өвчнийг нуун дарагдуулалгүйгээр эртхэн арга хэмжээ авсан бол улсад ч тэр айл өрхөд ч тэр бага хохирол учрах байлаа.
Нэг айлын хотноос 40-50 бог мал зэрэг үхсэн тохиолдол гарсан гэхээр энэхүү өвчин тус аймагт ямар хэмжээнд газар авсныг харж болно.
Ямартай ч Аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумд руу илгээсэн байна.
Хэрэв энэхүү өвчин энэ чигээрээ намдалгүй, цаашид ихэссээр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч, Ховд аймгийн иргэд ч тус халдвараар өвчлөх аюултай байдалд оржээ.
Мөн өвчнийг юунаас болж гарах болсныг тогтоогоогүй байгаа юм.