Categories
мэдээ улс-төр

Хотын ерөнхий төлөвлөгөөг нэг сая 763 мянган хүнтэй байхаар тооцон төлөвлөжээ

Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хотын дарга зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, нийслэлийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг хүслээ. Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар хотын ерөнхий төлөвлөгөөг төрийн түшээдэд танилцуулав. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг 1954 онд 125 мянган хүнтэй байхаар, 1963 онд 250 мянган хүнтэй байхаар, 1971 онд 600 мянган хүнтэй байхаар 1984 онд 850 мянган хүнтэй байхаар хийж байжээ. Харин “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг 2013 онд УИХ-аас баталсан бөгөөд 2030 онд хотод 1 сая 763 мянган хүн амьдрахаар тооцон төлөвлөлжээ.

Баримт бичигт тусгаснаар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эрүүл, аюулгүй “Ногоон хот”, амьдралын таатай орчинг бүрдүүлсэн хот, иргэд хувийн хэвшлийн оролцоонд суурилсан “Сайн засаглалтай” хот, олон төв суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан хот, аялал жуучлалын төв хот, олон улсад өрсөлдөх чадвартай хөгжингүй хот болно гэж тодорхойлсон байна. Мөн 2020 оны хотын дүр төрхийг төвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин, хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалаг, хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн эрч хүчтэй хот болсон байна гэж үзэж байгаа юм. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Налайх, Багахангай, Багануур дүүргийг үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн дагуул хот болгон хөгжүүлэхээр заасан гэдгийг тэрээр хэллээ.

Мөн Хөшигийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн засвар үйлчилгээ, мэдээлэл технологи, худалдаа бизнес, төмөр зам, агаарын тээврийн ложистик төвлөрсөн “Аэро сити” шинэ хот байгуулах, Эмээлт, Аргалант орчмыг Эмээлт өртөөг түшиглэн хөнгөн аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, ложистик, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн шинэ хот байгуулахаар төлөвлөжээ.

Гачуурт, Өлзийт хороолол, Био, Сонгино, Партизан Жаргалант, Рашаантыг дагуул хот маягын тосгон болгон хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал Гачуурт тосгоныг 1164 га нутаг дэвсгэртэй, 7000 хүн ам бүхий, амралт зугаалга, зуслан суурьшил, байгалийн аялал жуулчлал хөгжсөн тосгон болгохоор төлөвлөсөн байна. Харин Өлзийт хороог 923,1 га нутаг дэвсгэртэй, 5000 хүн амтай, жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл түлхүү хөгжүүлсэн, Улаанбаатар хотын дагуул хот маягийн тосгон болгон хөгжүүлнэ гэж Улаанбаатар хотын Хөжглйин ерөнхий төлөвлөгөөний баримт бичигт тусгажээ.

Дагуул хот сууринг Улаанбаатар хоттой холбосон автозамын сүлжээг сайжруулж, Богд уулын өврөөр шинэ нисэх онгоцны буудлаар дайруулан гол замтай холбосон хурдны зам тавих юм. Налайх-Улаанбаатарыг холбосон автозамыг өргөтгөж, хотын дундуур гарсан хурдны замыг Налайхын замтай зэрэгцүүлэн үргэлжлүүлж, Налайх хоттой холбохоор тусгажээ. Хотын гудамж замын сүлжээг эрс шинэчлэн, замын хөдөлгөөний нягтралыг сарниулах, замын хөдөлгөөнийг жигд тархаах зорилгоор шинээр төлөвлөж буй төв, дэд төвүүдийг холбосон, хотын төвийг тойрсон 4 цагриг зам, хэвтээ чиглэлд хотын дундуур гарсан зэрэгцээ 6, босоо чиглэлд зэрэгцээ 9 гол гудамж зам байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр 2030 онд Улаанбаатар 60 км урттай хурдны замтай, хатуу хучилттай замын нийт урт 3000 километрт хүрэх гэж тооцжээ. Одоогийн байгаа ногоон байгууламжийн хэмжээг ч нэмэгдүүлж, хотжилтыг хязгаарлах бүсүүдийн хил заагийг шинээр тогтоох юм байна. Хотын ерөний төлөвоөгөөг хэрэгжүүлж чадвал Улаанбаатар хот “Аз жаргалтай хот” болж чадна гэдгийг тэрээр тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн халаалт ирнэ

Өнөөдрөөс эхлэн
нийслэлийн зарим орон сууцанд халаалт ирж эхэллээ. Харин аж ахуйн нэгж, албан
байгууллагуудын дулааныг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар дулаан
сүлжээгээс түгээхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн
хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан
хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь
гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш нарт хариуцлага тооцож эхэллээ

Замын цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөж байгаа юм. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 3 багш, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан 2 эцэг эхэд Монгол улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан Стив Нэшд зориулж энэ сарын 18-д зул өргөнө

Их Британийн иргэн Стив Нэш Монгол улсад аялаж явахдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Хэргийг ЦЕГ шалгаж, Архангай аймгийн харьяат Г гэгч үйлдсэн болохыг тогтоон, баривчлаад байна.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбоо санаачлан уулчин, парапланы тамирчин Стив Нэшийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдөр 20.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү зул өргөх ёслолд тамирчны араас буян үйлдэх хүсэлтэй хэн бүхэн оролцож болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өчигдөр Баянхонгор аймагт ачааны машины жолооч хоёр настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын нутагт амины “Mighty” маркийн машины жолооч хоёр настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн өчигдөр “Өргөө” кинотеатрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 73 настай эмээг мөргөж, ослын газрыг орхин явжээ. Дашрамд дуулгахад өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 хүнийг өчигдөр саатуулж, гарч болзошгүй ослоос сэргийлжээ. Өчигдрийн байдлаар зам тээврийн ослоос нэг хүний амь хохирч, 14 хүн гэмтжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэлгүй, холбогдох дүрэм журмын дагуу анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Номын баяр”-ын үеэр бүх ном 20-50 хувь хямдарна

Энэ амралтын өдрүүдэд “Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болохоос гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдана. Мөн хүрэлцэх ирсэн иргэд өөрийн хүндэтгэн, хайрладаг зохиолтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулах боломжтой. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.

Categories
мэдээ улс-төр

2020 оны Олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг Японд хийх боломжоор хангана

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа.

Япон улсын Элчин сайд ноён Такэнори Шимизү манай улсад таван жилийн хугацаанд томилогдон ажиллахдаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор боловсрол, соёлын салбарт дорвитой хувь нэмэр оруулсныг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 500 гаруй төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжжээ. Үүний 300 гаруй нь боловсролын салбарт хэрэгжсэн байна. Тухайлбал, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд нийт 55 ЕБС-ийг шинээр барьж, байгуулжээ.

Мөн соёлын салбарт чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Япон улсад 60-70 оюутан, залуус тэтгэлэгээр суралцаж байгаа аж. Энэ мэтчилэн өмнө нь хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхийг Японы төлөөлөгчид хүсэв.

Түүнчлэн ирэх 2020 онд Токио хотноо зохиогдох зуны олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагчдыг тамирчдын хамтаар тус улсад бэлтгэл сургуулилалт базаах боломжоор хангана гэв.

Хариуд нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь өмнө нь хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдээд хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд бодит ахиц гаргахын төлөө хичээж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Фүкасава Хироши, Эдийн засаг хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Б.Цогтчимэг нарын холбогдох албаны хүмүүс байлцав

Categories
мэдээ нийгэм

НӨХГ-ын газрын дарга Б.Амаржаргалыг баривчилжээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/ өчигдөр /2016.09.14/ баривчлан саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Б.Амаржаргалыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан байна.

Сануулахад, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг “Их цуурайтын ам”-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар олгож, түүнийхээ хариуд хууль бусаар 200 сая төгрөгийн хахууль авч буй үйлдэл дээр нь цагдаагийнхан илрүүлсэн. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг.

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан юм. Харин Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ялалтын дуутай паралимпийн медаль бүтээжээ

Бразилийн Рио Де Жанейро хотноо Паралимпийн зуны олимпийн наадам үргэлжилж байна. Зуны олимпийг тэргүүлсэн баг тамирчдад олгож буй медаль дэлхий нийтийн талархлыг хүлээгээд байна. Тус медалийг шинжлэх ухаан, ур хийцийн хувьд гайхалтай хослуулан урлажээ.

Тухайлбал, харааны бэрхшээлтэй тамирчдад баррейл үсгээр шивсэн, сэгсэрхээр дотор нь хийсэн ган бөмбөлөг дуу чимээ гаргадаг байдалтай хийжээ. Энэхүү медалаас гарч буй дуу чимээг зохион байгуулагчид “Ялалтын дуу” хэмээн нэрлэсэн байна. Сонирхуулахад, Алтан медаль нь дотроо 28 ган бөмбөлөгтэй бол мөнгөн медаль нь 20, хүрэл медаль нь 16 бөмбөлөгтэй аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японд нулимс гаргадаггүй сонгино бүтээжээ

Японы эрдэмтэд сонгины шинэ өвөрмөц сортыг
бий болгожээ. Энэхүү сонгино нь хэрчих үед нүднээс нулимс гаргадаггүй аж.
“Инээж буй бөмбөлөг” гэж уг сонгиныг нэрлэсэн байна. Хэлбэр, өнгөний хувьд
энгийн сонгиноос ялгарах юмгүй ч энэ шинэ сортын сонгино үнэртэхгүй. Амт нь
чихэрлэгдүү, алим, лийртэй төстэй аж. “Инээж буй бөмбөлөг”-ийг салатанд хийхэд
илүү тохиромжтой байгаа гэнэ.

Дээрх шинэ сортыг гаргах гэж эрдэмтэд 20 жилийг зарцуулжээ.
Нүднээс нулимс гаргадаггүй, илүү гоё амттай сонгино энэ намраас Японд гарч
байна.