Докторын дараахь судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олгож 10 сая төгрөгийг гардуулсан билээ. Энэхүү тэтгэлгийг хүртсэн залуу судлаач Хүрэлбаатарын Булгаатай судалгааных нь талаар ярилцлаа. Тэрээр “Улаанбаатар хотын иргэдийн зорчих эргэлтийг судалж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл” хэмээх судалгааны ажлаараа 10 сая төгрөгийн тэтгэлгийг авсан юм.
-Сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэнд баяр хүргэе. Та ямар бүтээлээр энэхүү шалгаруулалтад оролцсон бэ?
-Баярлалаа. Би “Улаанбаатар хотын иргэдийн зорчих эргэлтийг судалж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл” гэсэн судалгааны ажлаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдлаа. Цаашид энэ судалгаагаа үргэлжлүүлнэ. Аливаа нэгэн судалгаа, эрдмийн ажлыг явуулахын тулд тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай болдог. Энэхүү тэтгэлэг олгох хөтөлбөр нь залуу судлаач эрдэмтдийг үргэлжлүүлэн судалгааны ажлаа явуулахыг дэмжих зорилготой. Тэр ч утгаараа БСШУСЯ судалгаа явуулж байгаа эрдэмтдийн ажлыг үнэлж, цаашид илүү нарийн эрдмийн ажил хийж, шинэ санаа гаргаж ирэхийг дэмжиж 10 сая төгрөгийн тэтгэлэг оглож байгаа гэдгээ онцолж байсан. Залуу судлаач бидний хувьд нэн шаардлагатай дэмжлэг болж чадсан гэж бодож байна.
-Таны судалгаа нийслэл хотын нийтийн тээврийн асуудлыг авч үзсэн гэхээр сонирхол татаж байна л даа. Яагаад энэ чиглэлийг судлах шаардлага гарав?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг цогц судалгаа хийж 2015 онд докторын зэргээ хамгаалсан. Энэ салбарт улс орны эдийн засаг, хүн амын өсөлт хэрхэн нөлөөлдөг талаар, нийтийн тээврийн үйлчилгээ ямар түвшинд хүрсэн талаар, улс төрийн бодлого чиглэл хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлыг тал талаас нь судалсан юм. Нийслэл хотын маань хүн ам өдрөөс өдөрт өсч байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдал, зорчигчдод хүртээмжтэй үйлчилгээ явуулж чадахгүй байгаа учраас сонирхон судлах болсон. Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэгэхээр энэ салбар цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг тодорхойлохын тулд одоо ямар түвшинд байна вэ гэдгээ мэдэж байх шаардлагатай. Энэ хүрээнд судалгаагаа эхэлсэн дээ.
-Тэгэхээр таны судалгаагаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчдод хүртээмжтэй байж чадаж байна уу. Нийтийн тээврийг зөвхөн автобус гэж ойлгох уу?
-Нийтийн тээвэр гэдгийг энгийнээр хэлбэл иргэдийг зохион байгуулалттайгаар олноор тээвэрлэх үйл ажиллагаа. Одоо явуулж байгаа судалгаа маань нийтийн тээврийг бүхэлд нь авч үзэж байгаа. Тухайлбал, нийтийн тээврийн чиглэл, үнэ тариф гэх мэт олон зүйлийг судалсан. Хамгийн гол нь иргэд Улаанбаатар хотын хаанаас, хаашаа яваад байгааг нарийн тодорхойлох хэрэгтэй юм билээ. Үүнд явган иргэд, хувийн автомашинтай иргэд, нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг хаанаас хаашаа явж байгааг судалж үзээд тодорхой үр дүн гарна. Судалгааны ажлаа зорчигчдын цахим картыг ашиглан явуулсан. Тухайлбал, ихэнх иргэд “смарт” карт ашиглаж нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Иргэд автобусанд суухдаа “смарт” картаа уншуулснаар тухайн зорчигчийг хаанаас хаашаа явж байгаа талаарх мэдээлэл картанд нь орж ирдэг. Үүнийг ашиглаж иргэдийн зорчих эргэлтийг тодорхойлсон юм. Үүнээс болоод иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сэтгэл ханамж буурсан үзүүлэлт гарсан. Зорчигч хоёроос гурван автобус дамжин очих газраа хүрч байна. Ингэж явснаар тухайн зорчигч цаг хугацааны хохиролд орж байна. Мөн бага насны сурагч гэр рүүгээ очих гэж хоёр автобус дамжиж байна. Үүнээс болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өсдөг. Үүнийг хэрхэн өөрчлөх талаар олон улсын нийтийн тээврийн үйлчилгээний бодлого төлөвлөлтийг өөрийн орны нөхцөл байдалд тохируулж, ажил хэрэг болгох хэрэгтэй гэж үзсэн.
-Судлаач хүний хувьд нийтийн тээврийн үйлчилгээний дутагдалтай тал юу байв. Тэр дутагдалтай талуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой харагдсан бэ?
-Мэдээж дэлхийн хаана ч төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Үүний нэгэн адил Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд зарим нэг дутагдалтай буюу сайн хөгжиж чадаагүй зүйлс байсаар байна. Тухайлбал нийтийн тээврийн төлөвлөлтийн асуудлыг дурдах нь зөв байх. Оновчтой төлөвлөж чадахгүй байгаагаас амьдрал дээр хэрэгжиж буй үр дүн нь тийм ч сайнгүй байна. Улаанбаатар хотын амьдралын боломжтой иргэдийн дийлэнх нь хувийн суудлын автомашинаар зорчих эрэлтээ хангаж байгаагаас замын хөдөлгөөний түгжрэл, саатал, түүнийг дагасан олон сөрөг үр дагаврууд гарч байна. Миний энэ удаагийн судалгааны ажил дээр жишээ авахад 2015 онд хийгдсэн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт суурь судалгаа хангалттай хийгдээгүйгээс болж зарим чиглэлд иргэд шаардлагагүй дамжин суулт хийж, зорчих хугацаа нэмэгдэх болсон. Нөгөө талдаа Улаанбаатар хотын захиргаа болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд алдагдалтай ажиллах болсон. Жишээ нь нийтийн тээврийн зорчигчийн мэдээллийг авч үзэхэд зарим нь хэт ачаалалтай байхад зарим нь маш бага ачаалалтай байдаг.Нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн чухал суурь судалгаагаа чанартай хийж, асуудлын мөн чанарыг ойлгож оновчтой төлөвлөх гэж үзэж байгаа.
-Автобус, нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигчдын сэтгэл ханамжийг судалсан байх. Ямар үр дүн гарч байв?
-Өнөөгийн байдлаар зорчигчдын сэтгэл ханамж тийм ч сайнгүй дүн гарсан. Нийтийн тээврийн автобусанд суудаг бүх зорчигчид нэгдүгээрт, зорьсон газартаа төлөвлөсөн цагтаа очиж чадахгүй байна. Хоёрдугаарт, автобусны хүртээмж, чиглэлийн зохион байгуулалтаас хамаарч зарим зогсоол дээр хэт удаан хүлээж байна. Гуравдугаарт, суусан автобусны ариун цэвэр аюулгүй байдлаас муу байна. Гэрээсээ гараад эсхүл ажлаа тараад автобусны зогсоол хүртэл хэт их алхах, бартаатай замаар явах гээд саад их. Автобусан дахь хулгайн асуудал ч хэвээрээ байсаар байна.
-Өглөө автобус хүлээж зогсох иргэд олон харагдах юм. Мөн орой автобус, унаа явах нь ховорддог. Таны судалгаагаар нийтийн тээврийн тухайн чиглэлийн тоо, мөн явах цагийн хуваарь хэрхэн гарсан бэ?
-Манай улсад нийтийн тээвэр бүрэн хөгжих болоогүй байгаагийн жишээ л дээ. Миний судалгаанд 2016 оны хагас жилийн байдлаар 134 чиглэлд өдөрт дунджаар их, дунд багтаамжийн 890 гаруй автобус, 16 угсраа автобус, 33 троллейбус, бага багтаамжийн 195 автобус, 510 такси нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэн, 123,4 сая зорчигч тээвэрлэсэн статистик тоо гарсан. Цагийн хуваарийн хувьд чиглэл тус бүрдээ харилцан адилгүйгээр төлөвлөсөн байдаг юм билээ. Дунджаар автобус хоорондын хугацаа буюу хүлээгдлийн хугацаа 9-10 минут байна. Өглөө оройны ачаалалтай уялдуулж үйлчилгээнд ажиллах автобусны тоог нэмэгдүүлдэг ч хангалттай бус байгаагаас иргэд ихээр чихэлдэж явсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан автобусны хүртээмж зарим чиглэлд бага байхад зарим чиглэлд ачаалал багатайгаар харилцан адилгүй үйлчилж байна.
-Нийтийн тээвэрт явж буй тохь муутай автобусыг шинэчлэх шаардлагатай байх. Таны судалгаагаар үүнийг өөрчлөх шинэ боломжууд юу байна?
-Мэдээж байлгүй яахав. Үйлчилгээний чанарын нэг чухал үзүүлэлт бол автобусны тав тух, аюулгүй байдал юм. Нийтийн тээврийн стандартын дагуу үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил хүртэл тээврийн хэрэгслийг үйлчилгээнд ашиглаж байгаа. Мөн жилдээ хоёр удаа техникийн оношилгоонд орж байгаа ч үйлчилж стандарт шаардлагыг чангаруулах хэрэгтэй болсон байна гэж дүгнэж байгаа.
Э.МӨНХТҮВШИН