Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, Ш.Болдтой ярилцлаа.
-Та саяхан Хүннүгийн үеийн эмчилгээний тухай шинэ баримт олсон гэсэн. Ямар баримт байв?
-Хүннүгийн анагаах ухааны түүхийн талаар урьд нь гаргасан бүтээлээ баяжуулах боломжтой, тухайн үеийн эмч, эмчилгээний аргатай холбоотой мэдээ материалуудыг тодруулан “Хүннүгээс XXI зууны Монгол Улс хүртэлх үеийн эмч, маарамба, гүүш, бариач нарын цадиг, бүтээлийн ойллого” бүтээлдээ оруулсан. Хүннүгийн үед эмч гэж нэрлэгддэг, мэргэшсэн хүн байсан гэдэг нь баттай тогтоогдсон. “Хан улсын бичиг, Су Ү-гийн намтар”-т: Хан улсын элч Су Ү өөрийгөө илдээр хатган шархадсанд Хүннүгийн хааны зөвлөх Вэй Ли хүннү эмчийг дуудан ирүүлсэнд эмч газар ухан дотор нь зөөлөн гал асаагаад Су Ү-г дээр нь хэвтүүлэн, цусыг нь шахаж гаргав гэж тэмдэглэсэн байна. Энэ аргыг бас халуунаар ангаслах засал гэж нэрлэдэг. Тэгэхээр Хүннүгийн үед халуунаар ангаслах гэдэг эмчилгээний арга байжээ.
Нөгөө талаас Хан улсын хааны зөвлөх Чао Цуо Хан улс, Хүннү гүрний хооронд байгуулсан “Хил хязгаарын харуул, хилийн хамгаалалт”-ын тухай гэрээг НТӨ 169 онд боловсруулжээ. Энэ гэрээний нэг заалтанд: “Хан улс хил дээр шинээр суурьшигчдад зориулж, эмнэлгийн тусламж, шашин шүтлэгийн хэрэгцээг хангах зорилгоор эмч болон бөө нарыг хөлсөлнө” гэсэн байдаг. Уг гэрээний дагуу хүннүчүүд Хан улсын умард хил орчмоор, Цагаан хэрмийн хойгуур нутаглан суурьшиж, хэрэв тэдэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол эмч, засал хийлгэх, онгон тахиулах, мэргэ төлгө тавиулах бол бөөг хөлсөлж өгөх үүргийг Хан улс хүлээж байжээ гэсэн баримтууд олдоод байна.
-Хүннүгийн үед анагаах ухаан ямар түвшинд хүрсэн байв. Энэ үеийн анагаахын ололт юу байсан бол?
-Сонирхолтой асуулт. Олон баримт өгүүлж болно. Тодорхой жишээ хэлье. НТ 261-341 оны үеийн Хятадын анагаах ухаантан Ге Хонг гэдэг хүний бичсэн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага” (Zhou Hou Fang)-д Монголчуудын өвөг дээдэс хүннүчүүдийн бүтээсэн “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” эмийн тухай тэмдэглэсэн байна. Тухайн үедээ ч, өнөөдөр ч дэлхийн анагаах ухааныг тодорхойлоход томоохон байр суурь эзэлдэг Хятадын уламжлалт анагаах ухааны нэртэй эрдэмтэн Ге Хонг Хүннүгийн эмийн жорыг зүгээр ч нэг сонгон авч өөрийн номдоо оруулаагүй байх аа. Хүннүгийн анагаах ухааны хөгжил хөрш зэргэлдээ орны эмч нарын сонирхлыг татах хэмжээнд байсан учраас л тэд бүтээлдээ эшлэл татсан байж таарна. Үүнээс үзэхэд Хүннүгийн анагаах ухааны хөгжил Хятадын Хан улсын анагаах ухааны хөгжилтэй зиндаа нэг байсан гэж үзэж болохоор байна.
-Хүннүгийн үеийн эмчилгээний жоруудаас өнөөг хүрч ирсэн “ноу хау” байдаг уу?
-Шууд уламжлагдаж ирсэн жорыг одоогоор тогтоогоогүй байна. Харин дам байдлаар Хятадын эртний эмийн сударт бичсэн баримтад тулгуурлан тодорхойлж болно. Хумхаагийн эсрэг шинэ эм бүтээж, Нобелийн шагнал хүртсэн Хятадын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн Ту Юү-юү профессор өөрийн нээлтийн эх сурвалжаа дээр дурдсан Ге Хонг эмчийн бичсэн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага”-ыг судалж “Artemisia annua” гэдэг эмийн ургамлаас өндөр идэвхтэй бодис хандлан авах нууц түлхүүрийг нээсэн. Ге Хонг эмчийн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага” бүтээлд “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” эмийн тухай бичсэн. Одоогоор “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” “Нүүдэлчдийн үрэл”, “Нүүдэлчдийн их үрэл” болон “Дотрыг амирлуулах нүүдэлчдийн их үрэл” гэсэн дөрвөн үрэл эм байсан нь тогтоогдоод байна.
-“Ар Монголын чоно шархаа гурав долоогоод эдгэдэг” гэсэн хэллэг монгол кинонд гардаг. Шүлс хамгийн анхны эмчилгээний арга байсан гэсэн үү?
-Амьтанд байдаг шархаа долоодог зөн анхандаа хүнд ч байсан. Одоо ч энэ нь хадгалагдаж үлджээ. Бид чинь заримдаа гараа зүсчихээд шууд л амандаа хийгээд цусыг нь сороод эхэлдэг. Жишээ хэлье. “Монголын нууц товчоо”-нд “Чингис хаан тэр байлдаанд хүзүүний судсыг шархдуулж цусыг нь тогтоовоос үл болон тэвдүүлэхэд нар шингэмэгц мөн тэндээ сэрэмжлэн бууж бөглөрсөн цусыг Зэлмэ амаараа шимэн шимэн амаа цусдаж, тэр бусад хүнд үл итгэн сахин сууж…” гэсэн баримт буй. Чингис хаан хүзүүндээ шарх олж цус гарсныг Зэлмэ амаараа сорсон нь шүлсэн дэх бактерийн эсрэг ферментийн нөлөөгөөр шарх хурдан аньж, түргэн эдгэрэх боломжтой болгожээ. Энэ арга нэн эртнээс анх шархадсан амьтан шархаа долоон эдгээж байсныг харан тэдгээр амьтдыг дуурайн хэрэглэж эхэлсэн тухай аман домгийн бодит жишээний нэг болохын зэрэгцээ дээрхтэй адил баримтууд Лувсанданзаны “Алтан товч”-д мөн бичигдэн үлджээ.
-Та судас барьж оношилдог хүн. Энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Монголчууд хэдий үеэс судсаар оношилж эхэлсэн бол?
-Судас барьж оношлодог арга анх Хятадад үүссэн гэдэгтэй ихэнх судлаачид санал нийлдэг. Тиймээс тэдэнтэй хөрш зэргэлдээ амьдарч байсан Өвөг монголчууд энэ аргыг огт мэдэхгүй байсан гэвэл худлаа болно. Гэхдээ аливаа мэдлэг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэсэн байх ёстой. Өнөөгийн байдлаар монголчууд судсаар оношлох аргыг нэн эртнээс хэрэглэж байсан гэдгийг баттай тогтоох баримт олдоогүй байна. Хамгийн бодит баримт нь XV зууны сүүлч, XVI дугаар зууны эхнээс судсаар оношлох аргыг эмнэлгийн практикт хэрэглэж эхэлсэн байжээ.
-Хүн нүд нь өвдвөл нүдний эмчид, бөөр нь өвдвөл бөөрний эмчид хандана. Энэ маягаар өвчний шалтгааныг олохын тулд маш олон шинжилгээ өгч, эмч нарын гар дамжих хэрэгтэй болно. Харин судас бариад өвчний шалтгааныг хэлдэг дорнын анагаах ухааны эмч нар оношлох чадвараараа техник технологийн дэвшилтэй өрсөлдөж чадах болов уу?
-Ирээдүйд яахыг хэлэхэд эрт юм. Учир нь судас барьж шинжилнэ гэдэг маань бодит байдал дээр гарын бугуйн анхдугаар нугалааснаас цон, ган, чаг гэж гурав хэмжээд арьсанд, маханд, ясанд төдий дараад л эрүүл, өвчтэй эсэх, өвчтэй бол ямар өвчтэйг нь эмнэл зүйн дагуу хэлээд байгаа мэт боловч чухамдаа судсыг хуруугаараа гэхээсээ илүү сэтгэлээрээ, оюунаараа, эмч хүний зөн, мэдрэмжээрээ барьдаг юм аа. Тиймээс хүн шиг сэтгэлтэй, сэтгэдэг, зөн мэдрэмжтэй техникийг бүтээхэд амаргүй байх. Гэхдээ шинжлэх ухаан үнэхээр гайхамшигтай хурдан, өргөн далайцтай, үнэмшилтэй, нотолгоонд суурилан хөгжиж байна.
-Монголчууд “Эхийн ус” гэж ярьдаг. Харин ямар нэг өвчтэй хүний шээс ашиг тустай чанараа алддаг уу?
-Монголын уламжлалт анагаах ухааны судар номонд өвчтэй хүний шээсийг эмчилгээнд хэрэглэдэг тухай ойлголт байхгүй. Харин эрүүл хүний, найман настай эрэгтэй хүүхдийн, улаан зүстэй үнээний шээсийг хэрэглэдэг тохиолдол бий. Эрүүл хүний шээсийг хэрэглэх хүрээнд эхийн ус буюу шээсийг оруулж үзнэ. Төвд хэлээр бичсэн анагаах ухааны сударт таны хэлдгээр шээсийг ус гэж бичдэг. Хүнээс гардаг хирийн нэг учраас нэрийг нь цээрлэж байгаа юм. Мөн өтгийн шүүс, домти гэж нэрлэдэг.
-Та Монголын анагаах ухааны түүхийг маш их судалсан хүн. Ингэхэд Чингис хаанд ямар эмч үйлчилдэг байсан бол. Монголчууд аян дайн их хийдэг байсан учраас шархтай хүмүүсээ эмчилдэг тогтолцоо байсан байж таарна?
-Чингис хаан гадагшаа дайнд мордвол буудлын ордныг сахих шадар цэргийн дотор тусгай мэргэжилтэн томилж эм, эмнэлгийн ажлыг хариуцуулж байв. Жишээлбэл: 1204 онд Чингис хаан Найман аймагтай байлдахаар мордох үедээ цэргийн дотроос тусгай хүнийг томилон эм, эмнэлгийн ажлыг хамааруулж байжээ. Чингис хаан Хэрэйд аймгийг дайлаад буцаж ирмэгцээ “Их засаг” хэмээх хууль тогтоож, түүндээ эмч, эрдэмтэн, хуулийн түшмэлээс татвар авахгүй гэж шийдвэрлэж байв.
Солонгосоос олдсон “Их засаг” хуулийн 17 дугаар зүйлд: Өвчилсөн цэрэг байвал сайн эмчид үзүүлж, эм уулган анагааваас зохимой. Жигүүр тус бүр сувилгаа хийх, сайн хүнийг сонгон сувилуулах бөгөөд өвчнийг дагнан сувилах ба өвдсөн цэрэг сэхэн илааршсан цагт сая халаа харуулд нөхөн илгээх, түүний тоог уг жигүүрт нь зохисыг үзэж мэдэгдэх хэрэгтэй гэхчилэн заасан байдаг.
Түүнчлэн Елюй Чуцай их бичгийн хүн байснаас гадна цэргүүд хижиг өвчнөөр өвдөхөд гишүүний үндсээр засч, түмэн хүнийг эдгээсэн оточ хүн байсан болон Хявцаг гэж мэс засалч байсан тухай баримтууд бий.
-Монголын уламжлалт брэнд эмчилгээ байдаг уу?
-Байна аа. Өнөөдөр дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа төөнө засал бол яах аргагүй монголчуудын үүдэн бүтээсэн эмчилгээний арга. Мөн бидний өвөг дээдсийн нэртэй салшгүй холбоотой хануур засал, бариа засал, бумбадах засал, утах, тархины доргилтыг засах аргууд бол Монголын уламжлалт брэнд эмчилгээ мөн.
-Тархи хөдлөхөд монголчууд бариулдаг. Харин Европт бол ийм тохиолдолд гурав хоног хөдөлгөөнгүй хэвтэхийг зөвлөдөг гэж сонссон?
-Хөдөлсөн тархийг домнох нь монголчуудын эмчилгээний брэнд болсон арга. Одоогоор тархи домнохыг Монголоос өөр хаа ч хэрэглэдэггүй. Хэрэглэхэд хялбар, эмчилгээний үр дүн хурдан гардаг. Чухамдаа ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд зайлшгүй бүртгүүлэх арга шүү дээ.
-Бас гавлын ясанд хагалгаа хийж байсан баримт олдсон гэсэн. Монголчууд энэ хагалгааг хийж байсан уу, эсвэл Монголд амьдарч байсан гадаад хүмүүс хийсэн юм болов уу. Хэдий үед хамаарах олдвор бол?
-За ямар ч байсан Увс аймгийн Улаангом сумын Чандмань уулаас олдсон НТӨ VII-III зуунд хамаарагдах трепанаци (гавлын ясыг нээх мэс ажилбар) бол гол баталгаа. Хожим Цагаадай хаанаас Чингис хаанд өгч явуулсан домын сударт: “Тархины яс хальс хагарсанд ясыг нь цоолоод тархинаас (цусан хурааг) авч хальсыг нь эвлүүлээд төөнө” гэж бичсэн байдгаас үзэхэд уг арга Өвөг монголчуудын эмчилгээний аргын нэг болох нь гарцаагүй юм.
-Дорнын анагаах ухааны эмчилгээний аргууд архаг өвчинд тустай гэж ДЭМБ хүлээн зөвшөөрсөн гэсэн. Монгол анагаах ухаан хүн төрөлхтөнд шинэ брэнд эмчилгээ санал болгох боломж байгаа юу?
-Ер нь XXI зууны анагаах ухаан архаг өвчний эмчилгээнд анхаарлаа хандуулах нь гарцаагүй үнэн. Энэ зовлонг гэтэлж чадах арга уламжлалт анагаах ухаанд бий. Үнэхээр өвөг дээдсийнхээ үлдээсэн анагаах ухааны өв санг уудлан дэлхийн хүн зоны өмнө тулгараад байгаа эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх аргуудыг шинэчлэн гаргаж ирэх боломж байгаа нь нэгэнт тодорхой болж байна. Эдгээр нь зүгээр нэг аргууд бус брэнд аргууд байх болно. Үүнийг гаргаж ирэхийн төлөө, шинжлэх ухааны үндсийг нь олж тогтоохын төлөө уламжлалт анагаах ухааны эрдэмтэд, судлаачид уйгагүй ажиллах л шаардлагатай байна.