Categories
мэдээ цаг-үе

Г.Баатарнум: Иракаас нутаг буцаж явсан монгол цэргийн цуваа руу буудаж байсан

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт, зохиолч сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Г.Баатарнумтай ярилцлаа. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цөөхөн сэтгүүлчийн нэг юм.

-Уран бүтээл арвин уу?

-Цэргийн албанаасаа тэтгэвэрт гараад чөлөөт уран бүтээлч болсон. Одоо өөрийнхөө уран бүтээлээ хийгээд л явж байна. Гучаад жил дандаа сонины ажил хийж явлаа. Би сониныхоо ажилд хайртай. Зав чөлөөнд нь юм хийгээд л явна. Зэвсэгт хүчиндээ гуч орчим жил ажиллаад тэтгэвэрт гарлаа.

-Та анх яагаад цэргийн хүн болсон юм?

-Миний аав цэргийн хүн. Хилийн цэргээс төрсөн анхны хүндэт чекистийн нэг. Миний хувьд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургууль буюу одоогийн Батлан хамгаалах их сургуулийг артилерийн зэвсэглэлийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

Манай сэтгүүлчдээс над шиг ийм мэргэжил эзэмшсэн хүн байхгүй л дээ. Тэгээд би Зүүнбаянд салааны захирагч, салбарын захирагчаар ажиллаж байсан. Уг нь Багшийн сургуульд монгол хэл, уран зохиолын ангид орж байсан хүн. Хувь заяа цэргийн сургуультай холбосон. Москвагийн хилийн цэргийн дунд сургуульд Багшийн дээдээс явуулах гэж байлаа. 1976 онд шүү дээ.

-Тэгвэл хэдийд нь сэтгүүлчээр суралцсан хэрэг вэ?

-Эхлээд цэргийн мэргэжлээрээ төгсөөд сэтгүүлчийн ажлыг бол өөрийнхөө сонирхлоор хориод жил хийсэн. Бүүр сүүлд 45 насандаа олон улсын сэтгүүлч мэргэжлээр Дашзэвэг багшийн удирдлаганд сурч мэргэжлээ эзэмшсэн хүн байхгүй юу. Сэтггүүл зүйн түүхэнд над шиг ингэж 40 гаруй насандаа мэргэжлээ эзэмшсэн хүн ховор болов уу гэж боддог юм.

-Аль нэг мэргэжлээ дагаж болоогүй юм уу. Яагаад сэтгүүлчийн мэргэжилд дурлачихав?

-Дуртай болоод л. Тэртэй тэргүй практикаар сурчихсан, өч төчнөөн алдартай сэтгүүлч зохиолчидтой ажиллаж, курс, семинарт сууж л байсан. Гэхдээ зах зээлийн үед хүмүүс янз бүрийн сургуульд сурах гэж мэрийж байлаа шүү дээ. Мэргэжлээ дээшлүүлэх, чадвараа сайжруулахаас эхлээд. Тэрний нэгэн адил нэгэнт энэ чиглэлээр ажиллаад олон жил болчихсон юм чинь сураад үзье гэж бодсон. Цэргийн ерөнхий дээд сургуулийг төгсөөд Зүүнбаянд зургаан жил ажиллаад хотод шилжиж ирээд Сонгинын 277 гээд Сонгинын их бууны танк эсэргүүцэх хороо гэж дивизоны тагнуулын дарга, сүүлд нь кадрын батальон захирагч хийж байтал 1987 оны хавар манай ангийн штабын дарга тухайн үедээ хошууч цолтой байсан одоо бэлтгэл хурандаа сайхан хүн байдаг юм. Тэр хүн намайг “Маргааш боловсон хүчний өрөөнд бэлэн бай гэдэг юм” би ч учрыг нь мэдэхгүй, айж эмээгээд Батлан хамгаалах яаман дээр очсон. Залуухан офицер би яам, тамгаар тэр бүр орох биш. Айж эмээгээд асууж сураад нөгөө өрөөгөөр нь шагайсан чинь баахан хурандаа, генералууд сууж байна. Миний таньдаг хоёр ч хүн байхаар нь жаахан тайвширлаа. Нэг нь намайг Цэргийн суруульд орж байхад манай ротын дарга байсан Г.Агваансувд гэж дэд хурандаа, нөгөө нь Зүүнбаянд байхад дивизийн их бууны командлагч байсан хурандаа Ж.Цанжид гэж уулын спортын мастер хүн. Тэр хоёрыг хараад сэтгэл жаахан уужирлаа. Тэгсэн чинь тэд намайг Улиастайн дивиз, одоогийн 016 дугаар ангид дайчилгааны офицероор томилох болсноо хэллээ. Үгүй гэх аргагүй. Цэргийн хүн чинь тушаалаар шүү дээ. Тэгээд Улиастайд очсон. Жагсаалын дайчилгааны офицер гэдэг чинь боловсон хүчний ажил. Одоогоор бол хүний нөөцийн ажил байхгүй юу даа. Тэнд очиход танай сонины Тамгын газрын дарга Т.Дашням тэнд МХЗЭ-ийн хороон дарга залуу байлаа шүү дээ.

-Та энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Энхийг сахиулах ажиллагааны түүхэн үйл явцыг таныг бичиж байна гэж хардаг. Баримтат кино хийж, ном бичиж, дуу хүртэл зохиолоо.

-Сэтгүүлч хүний хувьд түүхэн баримтуудыг зохих хэмжээгээр нь үлдээчихье гэсэн бодолтой явдаг. Энхийг сахиулах үйл ажиллагаа ч мөн л түүхэн том үйл явдал.

-Та тийшээгээ сэтгүүлчийнхээ ажлаар явсан уу, эсвэл цэргийн хүний хувьд уу?

-Хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлчээрээ явсан. Тэр үед би Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2004 он шүү дээ. Надаас өмнө манайхаас хоёр ч сэтгүүлч явсан байсан. Анхных нь сэтгүүлч Ч.Төрмөнх. Дараа нь Зоригтбаатар гэж залуу явсан. Хоёулаа “Соёмбо” сонинд ажиллаж байсан. Гуравдугаар ээлжинд нь бас цэргийн хүн явуулна гэдэг шийдвэр гараад би 2004 оны долдугаар сард явж байлаа. Би нэг юмаар бахархдаг. Тийшээ явахад чинь нэлээд хугацаанд бэлтгэлд гарч байж явна шүү дээ. Би ямар ч бэлтгэл хийгээгүй явчихсан. Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч, Читийн цэргийн тойрогт томилолтоор яваад бэлтгэл хийх хугацаагүй, тавхан хоног бэлтгэлд гараад л шууд явж байсан. Тэнд жараад градусын халуунд нэг ч удаа даралт өндөрслөө гэж хямарч үзээгүй. Үүгээрээ би бахархдаг. Тухайн үеийн цэргийн сургууль төгссөний ач гавьяа. Яагаад гэвэл тухайн үед асар их хэмжээнд бэлтгэж, хатуужуулж байсан. Тэнд ажиллаж байхдаа сэтгүүлч хүний хувьд түүхэн үйл явдлыг ямар нэгэн хэмжээгээр үлдээе гээд бодож жаахан онгирч, бас өөртөө итгээд найраглал бичиж үзлээ. Мэдээж үйл явдлын мэдээлэл, сурвалжлагыг тухай бүрт нь сэтгүүл зүйн бүхий л төрлөөр Монгол руу явуулж байсан болохоор уран бүтээлийн хэмжээнд энэ бүх үйл явдлыг үлдээе гэж бодоод “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” гэж баримтат найраглал бичсэн. Өөрийнхөө байх хугацааны долоон сарын үйл явдлыг ямар нэг байдлаар бүгдийг тусгасан. Найраглал бичиж ирээд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайд үзүүлсэн. Бас жаахан бэргэж айгаад үзүүлсэн хэрэг. Ш.Сүрэнжав гуай “Чи ёстой мундаг юм хийсэн байна. Хориод оны үед Агваанхайдав гэдэг хүн “Баруун Берлинд зорчсон тэмдэглэл” баримтат найраглал бичиж байсан. Найраглалын төрөл нэг үе тасарсан байсан. Зундуйн Дорж Афганистанд нэг очоод “Душманууд” гэж нэг шүлэг бичсэн. Энэ хоёр л байсан. Чи хориннэгдүгээр зуунд Иракийн халуун цэг дээрээс ийм сайхан найраглал бичээд ирнэ гэдэг маш сайн хэрэг. Одоохон ном болгож гарга. Би өмнөх үгийг нь бичиж өгье” гээд “Охинтой нь цуг мэндэлсэн найраглал” гээд маш гоё өмнөх үг бичиж өгөөд би урамшаад найраглалынхаа номыг гаргасан. Иракаас ирээд сарын дотор л номоо хэвлүүлчихсэн шүү дээ.

-Та найраглал бичиж, баримтат кино хийж, тэр дуугаа бас клипжүүлсэн байсан. Өөрөө яг тэнд байсан болохоор үнэхээр л бүгдийг тусгасан байна лээ.

-Тэр дуу бас түүхтэй дуу. 2003 онд Ирак руу нэгдүгээр ээлж явсан. Анх удаа дайны талбарт явж байгаа тэднийгээ хараад сэтгэл гэгэлзээд л цэргүүддээ зориулсан нэг сайхан дуу бичмээр санагдаад ерөөсөө болж өгдөггүй. Эхний мөр нь орж ирээд. Насанбуян гээд хөгжмийн зохиолчтой өмнө нь хэд хэдэн дуу хийж байсан. Насанбуян руу нэг удаа яваад очлоо. “Монгол цэргүүд анх удаа дайны талбар луу явах гэж байгаа юм. Хоёулаа дуу хийвэл яасан юм. Миний дууны шүлгийн мөрүүд орж ирээд байна” гэсэн Насанбуян цэргийн хүн биш болоод ч тэр үү, авч хэлэлцдэггүй. Тэгээд яахав, ганц шил юм уугаад хоёулаа жаахан онгироод, тэгж байтал нөгөөх маань шүлгээ гаргаад ирээч гэхээр нь нөгөө эхний мөрүүдээ сонсголоо. Эзэн Чингисийн хийморьтой

Эрэлхэг Монголын хөвгүүд

Элгэн халуун сэтгэлээр

Эх орноосоо мордлоо.

Миний Монголын цэргүүд

Морьтойгоо дэлхийг туулсан юм.

Миний Монголын цэргүүд

Энхийн үйлсийг зорьсон юм гээд өгсөн чинь “Энэ чинь харин ая ормоор шинжтэй мөр байна шүү” гээд төгөлдөр хуурынхаа өмнө суулаа. Анхны зураглал ингэж шөнө гарчихав. Маргааш өглөө нь манай цэргүүд Ирак руу нисэх гэж байгаа юм шүү дээ. Тэгээд бид хоёр шөнө нь дуугаа хийгээд өглөө нь нисэхийн автобусанд хоёр навсайсан юм суугаад л явлаа. Нисэх дээр яваад очтол цэргүүд, тэдний ар гэрийнхэн, хамаатан садан, зэвсэгт хүчнийхэн бүгд л байна. Манай Борбаатар генерал байж байна. Ингэж дуу хийчихлээ гээд генералд хэллээ. Бороо генерал цэргүүдэд хандаж “Миний хүүдүүд ээ, та нарыг эх орноосоо мордоогүй байхад анхны бүтээл төрчихсөн байна. Миний хүүхдүүд их аз хийморьтой явах нь” гээд маш гоё үг хэллээ. Тэгээд надаар шүлгийг нь уншуулаад л. Одоо энэ дуу маань энхийн сахиулагчийн сүлд дуу гээд нэрлэгдчихсэн. Чад, Ирак, Срелон, Афганистанд манай цэргүүд бүгд дуулна. Оройн тоондоо ч дуулна. Энэнээс хойш олон дуу зохиосон. Цэргийн дуунууд маань гуч орчим болсон. Мөн анхны найраглалаасаа урам авч олон найраглал бичиж. Эднийгээ эмхэтгэж, бас нутаг усныхаа тухай ном, сонин хэвлэлд өгсөн миний өөрийн ярилцлагуудаар бас нэг ном, хүүхдийн ном гээд гаргахаар бэлдэж байна даа.

-Таны найраглалыг уншихаар монгол цэргүүдээрээ бахархмаар болсон.

-Найраглал бичих гол үндсийг манай цэргүүд надад өгсөн. Манай монгол цэргүүд үнэхээр баатарлаг, хийморилиг. Монгол хүн болоод магтаад байгаа юм биш. Үнэхээр өөр байдаг юм.

-Юугаараа тийм онцгой, өөр гэж… Намайг сурвалжлагаар явж байхад Америкийн цэргийн дарга монгол цэргүүдийн тухай магтах үг нь багадаад байсан.

-Бусад орны мэргэн буудагч байлаа гэхэд тэрийгээ нэг номерт, өөр айхтар чадаад байх юм байхгүй. Зөвхөн тэрэндээ л эзэн болно. Монгол цэрэг мэргэн буудахаа чадна, бусдыг нь ч хийж чадна. Тэрүүгээрээ л гайхагддаг байхгүй юу.

-Монгол цэргүүд маань хамгаалалтын албыг хариуцдаг байсан санагдана. Ингэхэд та ер нь харуул хамгаалалтад гарч байв уу?

-Чарли баазын хамгаалалтыг манайхан хариуцна. Ар тал хангалтын том бааз. Хүнс, шатахуун, цэргийн буу зэвсэг, техник бүх л юм тэр том баазад л байна шүү дээ. Оройхон хэрд асар олон, нүсэр нүсэр цуваа орж ирээд хэдэн зуугаараа зогсчихно. Тэд монгол цэргүүд хамгаалж байгаа, айх аюулгүй амар тайван хононо гээд Чарли баазад хоноглоно. Бусад баазыг тоохгүй шүү дээ. Би хэдийгээр сэтгүүлч ч гэлээ яг л байлдааны үүргээ давхар гүйцэтгэнэ шүү дээ. Долоо хоногт гурваас дөрвөн удаа шалган нэвтрүүлэх байранд харуулд гарна. Тэнд найраглал юмаа бичих боломж ховор. Зөвхөн харуулд гарч байхдаа нэг гартаа буугаа бариад нөгөө гартаа үзгээ бариад л бичнэ.

-Цэргийн нууц ил гаргадаггүй гээд нууцлах юм билээ. Тэгэхээр нийтэд ил биш олон зүйл мэдэгдэхгүй өнгөрчихдөг байх гэж боддог юм. Биднийг Иракт очиход л хэдхэн минутын өмнө манайхны байгаа Эко бааз руу меномет харвасан байсан?

-Чарли бааз чинь дараа жил нь Эко бааз руугаа шилжсэн шүү дээ. Сүүлд Эко бааздаа байж байгаад л арван ээлж дуусгаад ирсэн. Менометийн дэлбэрэлт бол болно шүү дээ. Гэхдээ меномет, гар бөмбөг ихэнх нь гар хийцийнх байдаг. Иракийнхан өөрсдөө хийнэ.

-Мөн олон үндэстний хоолны газрын үүдэнд дэлбэрэлт болж, нэлээд хохирол учирсан гэдэг…

-Манайхны хоёрдугаар ээлж шүү дээ. Тэр ээлжийн дараа бид очсон. Би очоод хамгийн түрүүнд нөгөө дуулианы эзэн эрэлхэг залуу Аззаяаг олж уулзаж байсан. Саддамын армийн сургалтын төвийн байр гээд хоёр давхар цагаан байшин байсан даа. Та нар ч очиход байсан биз дээ. Намайг уулзахаар очиход тэр байшингийн дээр нөгөө Аззаяа маань том пулемётын ард мантайсан цагаан залуу сууж байлаа. Тэдний ээлжийнхэн явахаас өмнө манай ээлжийнхэн зөрж очиж байгаа хэрэг. Тэдний явахаас өмнө хэд хоног дадлагажиж, ээлж солигддог юм. Тэдний ээлжийнхэн нутаг руугаа буцахаар машины цуваа хөдлөхөд араас нь нутгийн нөгөө хүмүүс буудаж байсан шүү дээ. Азаар эрсдэл болоогүй. Ийм юм бол дайнтай газар тохиолдоно шүү дээ.

-Энэ талаар бол сонсоогүй юм байна шүү. Ингэхэд 50, 60 хэмийн халуунд арав гаруй килограмм хүнд хантааз, хамгаалалтын малгай зэргийг өмсөөд, дээр нь үүргэвч, буу сум агсаад явах ч бас айхтар юм билээ шүү…

-Ай мөн айхтар шүү дээ. Муусайн хэдэн цэрэг маань ачаатай тэмээ шиг л харагддаг байсан талаар би найраглалдаа бичсэн. Гэхдээ манай цэргүүд үнэхээр хийморилог. Цэргүүд маань тийм сайхан хийморилог болохоор чинь найраглал бичихэд онгод ордог байхгүй юу. Хэрвээ манай цэргүүд унжийсан дорой арчаагүй байх юм бол, надаас бас тийм омогшсон найраглал, уран бүтээл гарахгүй. Уран бүтээлч хүнийг тэр орчин нөхцөл их хөглөж өгдөг. Манай цэргүүдийг Суданд явж байхад нутгийн энгийн иргэд, хүүхэд хөгшидгүй “Good Mongol” (дуудлагаар нь) гээд эрх хуруугаа гозойлгон хашгирна. Бас нэг юм би ажигласан. Монгол хүн маш их өрөвч сэтгэлтэй юм байна. Өөр бусад орны цэрэгт тийм юм мэдэгдэхгүй. Монгол цэргүүд хоолоо идэж дуусаад гарахдаа ундаа, амттан шимттэнээс аль багтахаараа халаасандаа хийгээд гарна.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Яахав дээ. Нөгөө муу иракчуудад өгөх гээд. Тэнд чинь цэргийн баазад ойр тойронд ажил хийж байгаа энгийн ирак иргэд зөндөө. Манай монголчууд л тэдэнд ойр зуурхан идэх юм аваачиж өгнө шүү дээ. Юу идэж, уудаг юм байгаа юм. Ядарсан амьтад байдаг. Манай тэнд нэг усны тэрэгний жолооч ирак нөхөр байдаг байсан. Манай нутгийн Раднаабазар ахтай их адилхан харагдана. Тэр их сэтгэлд дотно санагдана. Тэгээд л тэр хүнд би голдуу юм өгнө. Ирэхэд нь хайрцаг дүүрэн ундаа сэмээрхэн өгнө. Намайг өдөр хоол идээд гарч ирэхэд машинаа цэвэрлэж байгаа аядаад горьдоод зогсч байна. Мэдэгдвэл сүйд болно шүү дээ. Нөгөө муудаа хайрцагтай юмаа өгнө. Хурдхан шиг аваачаад л машиныхаа ард тавьж байгаа харагддаг юм. Бодвол хүүхэд шуухад, эхнэртэй л байж таараа биз. Тэдэндээ өгөх гээд л авдаг байсан биз. Гэх жишээгээр л монгол цэргүүд их өрөвчхөн. Бүгдээрээ л ундаа ч болов авааччихсан өгч байгаа харагддаг юм. Суданд явахдаа би эндээс замын хүнстэй явсан юм. Суданы ядарсан хүмүүсийг харахаараа л өрөвдөнө. Дүрвэгсдийн хуаранд байгаа хүүхдүүд энэ тэр бол дэндүү өрөвдмөөр. Харахаар өрөвдөөд юм өгмөөр санагдана. Тэнд байгаа хүмүүс “Сүйд болно шүү. Шавчихна. Тэгээд хоорондоо бие биенийхээ амийг ч егүүтгэж мэднэ” гээд өгүүлэхгүй байсан. Тэнд бол хүний амь юу ч биш юм билээ. Аймаар. Малыг бол дээд зэргээр тэр дундаа үхрээ бол дээд зэргээр шүтнэ. Олон үхэртэй хүн л тэнд эхнэр авна. Үхэр байхгүй бол эхнэр авна гэж байхгүй.

-Суданд ер нь адал явдал их байв уу?

-Тэр хотын амьдрал, гудамжны хөдөлгөөн бол аймаар л даа. Манайхтай адил гэрлэн дохио энэ тэр байхгүй. Хаанаас л бол хаанаас дайраад ороод ирдэг. Их эмх цэгцгүй сонин газар. Дэргэд нь манай Улаанбаатар диваажин. Дайн дажинтай улсад яваад ирэхэд миний эх орон шиг сайхан нь алга. Хөгжилтэй сайхан орноор яваад үзэхээр ээ дээ, манайх ч мөн болоогүй байна даа гэж бодогддог шүү. Бид Иракаас буцаад Монголынхоо онгоцны буудалд буухад элгээрээ хэвтээд тэвэрмээр санагдаж байгаа юм чинь. Эх орноо санасны шинж. Гудамжинд явж байгаа хог үүрчихсэн бөөвийсөн хүнийг хараад барьж аваад үнсмээр санагдаж байгаа юм. Хайр хүрээд.

-Байлдаан, дайн гэдэг орчин үед ямар болсон юм бэ. Кинонд гардаг шиг хоёр талаас буу шийдэм болоод байлдаад байх нь ховор болсон шиг…

-Хуучинтай адил биш ээ. Наяад онд бид цэргийн бэлтгэл гэж айхтар юм хийдэг байлаа. Одоо бол мэдээллийн л дайн болж байна.

-Жишээ нь…

-Орчин үед чинь мэдээллийн хэрэгсэл айхтар хөгжчихсөн. Мэдээлэл авч, тэрний эсрэг үйл ажиллагаа явуулна. Тэднийх тийм тактиктай байна, тэгэх гэж байна гэдгийг мэдээд л эсрэг арга хэмжээ авна. Тэр байтугай сөрөг сурталчилгаа хийнэ. Орчин үеийн дайн бол мэдээлэл, сурталчилгаа асар их болсон. Тэр тактикийн эсрэг, тийм үйл ажиллагааны эсрэг ийм сурталчилгаа явуулна гэх мэт.

-Гэсэн атлаа байнга л дэлбэрэлтийн дуу сонсогдож, буун дуу гараад байх юм билээ. Тэр ямар учиртай юм?

-Ирак, Суданд бол байдаг л юм. Ялангуяа Өмнөд Суданд омог хоорондын дайн их. Хоёр омог газар нутаг, мал хунараасаа болоод л дайтна. Нэг улс үндэстэн хоорондоо байлдаж байна. Тэрийг чинь энхийг сахиулагчид, НҮБ-ын цэргүүд хамгаалж байна. Тэгэхгүй бол бие биенээ хядаад эхэлдэг. М.Батчулуун гээд хурандааг тэнд байх үед омог хоорондын айхтар тулаан болсон байгаа юм. Гадны бусад орны цэргүүд бас байна шүү дээ. Нөгөө цэргүүд чинь байлдаан болоод буудалцсан чинь юун хамгаалах манатай айгаад амбаарны доогуур ухаангүй шургаж орж байхад монгол цэргүүд яс хамгаалаад л зогсч байна.

-Тэр омог аймгийнхан хоорондоо яаж байлдах уу, буу зэвсэг тэдэнд байх уу?

-Буугаар л байлдана. Ямар нэг шугамаар олно. Өөрсдийнх нь зэвсэгт хүчнийхэн зарим газраа урвачихсан. Тэгээд тэр нөхөд зэвсэг энэ тэр өгдөг юм шиг байгаа юм. Оросын МИ-8 нисдэг тэргийг буудаад намганд унагааж байсан. Очиж авахад их хүндрэлтэй. Бусад орны цэргүүд очиж авч чадахгүй, манай цэргүүд очиж авсан байгаа юм. Нисгэгч нь бие нь тасарчихсан. Их эвгүй дүр зураг угтсан гэсэн. Тиймэрхүү зүйл бол дайнтай үед тохиолдоно.

-Манай эмч нар хүндхэн мэс засал хийж хүний амь авардаг гэж сонссон…

-Зөндөө зөндөө. Байлдааны талбарт, майханд л хагалгаа хийнэ. Хамт мэс засал хийсэн гадны эмч магтаад сүйд болно.

-Энхийг сахиулахаар явсан монгол цэрэг барьцаалагдаж байсан гэсэн үнэн үү? Энд тийм мэдээлэл ер сонсогдоогүй.

-Монголоос анхны энхийг сахиулагч Ч.Ерөөлцэнгэл, Т.Даваадорж гэж хоёр офицер 2002 онд Конго явж байсан. Би “Цэнхэр дуулгатны жимээр” гэж баримтат киног 2014 онд хийгээд одоо л тэр кино маань дэлгэцээр гарах гэж байна. Тэр кинонд Даваадорж маань ярьсан байдаг юм. Ерөөлцэнгэл маань барьцаалагдаж байсан талаар. Тухайн үедээ л наашаа мэдээлбэл дуулиан болно гээд мэдэгдээгүй юм шиг байгаа юм. Одоо бол олон жил болчихлоо. Тийм юм болж байсан гэсэн. Гэхдээ эсэн мэнд гарсан юм билээ. Бид ч бас Иракт байхад Польшийн цэргүүд барьцаалагдсан байна гээд нэг өдөр түгшүүр зарладаг юм байна. Очоод удаагүй байсан үе. Манай тасгийн дарга Гантулга гээд ахмад одоо хошууч цолтой хүн. Тэр хүний бүрэлдэхүүнд би байсан. Дээгүүр Америкийн цэргийн нөгөө айхтар онгоцууд нисээд л. Бидний хамгаалдаг газраас хоёр, гурван километрийн цаана буун дуун тачигнаад байдаг. Тэгсэн чинь л Польшийн цэргүүд отоонд орчихоод байсан хэрэг. Гэтэл Америкийн нөгөө айхтар онгоцууд чинь хэд хэдээрээ гарч ирээд л нижигнээд л явчихаж байгаа юм. Тэгээд л польш цэргүүдээ аварч байсан. Дараа нь эмнэлгийн онгоц ирээд л шархадсан улсаа авч яваад л байсан.

-Байнга дэлбэрэлт болоод байхаар айж эмээнэ биз дээ.

-Тийм чимээ бол тасрахгүй. Анх очиход айж эмээдэг л байсан. Энд хаалга хүчтэй дуугарахад дав дув хийгээд. Сүүлдээ сурчихдаг.

-Зэвсэг, техникийн хувьд ямар болсон бэ. Иракт тэр зэвсэг гэдэг чинь цоо шинээрээ, огт хэрэглэгдээгүй байж байдаг юм билээ…

-Манайхан болоод бусад орны цэргүүд байлдах гэж очоогүй. Энхийг сахиулж байгаа болохоор хамгаалах чиглэлээр очиж байгаа юм. Гэвч тэр техник хэрэгсэл бүгд л байна шүү дээ. Нөгөө талаас сэтгэл зүйд нөлөөлөх гэдэг юм уу, байсхийгээд меномет дэлбэлнэ, бас ганц нэг хүнийг цааш харуулах санаатай ч байдаг юм уу. Тийм юм бол болно.

Бид Иракт бүтэн найман цаг нисээд Америкийн дамжин өнгөрүүлэх баазад бууж байгаа юм. Онгоцноос буутал өөдөөс жаран градусын халуун пүн хийгээд явчихсан. Нүүрний арьс зумраад явчих шиг л санагдсан. Хаашаа л харна элсэн цөл. Таван зуун метр орчмын цаана том том ногоон асрууд харагдаж байна. Тэрүүхэн хооронд хамаг бие усан хулгана болоод л очсон. Дөнгөж анх онгоцноос буухад тийм байгаа юм чинь одоо яана даа л гэж бодож байлаа. Тэгээд л ороод очсон сэрүүцүүлэгч асаачихаж. Диваажин шиг л санагдаж байгаа юм чинь. Нөгөө монгол орны маань цаг агаар, байгаль, уул ус, салхи нүдэнд харагдаж, бодолд орж ирдэг юм билээ. Сая Хонгконгод Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шагналтнууд явахад би бас яваад ирсэн. Дандаа л дайн дажинтай газар явж ирсэн хүн чинь үнэхээр сайхан амарлаа. Далимд хэлэхэд Балдорж гэж агуу хүнтэй нэг удаа гар барьж ч үзээгүй. Барааг нь харж байснаас цаашгүй. Энэ агуу хүний нэрэмжит сэтгүүл зүйн шагналыг үнэхээр ямар нэг маапаан орохгүй цэвэр шалгаруулдаг гэж бодсон. Яагаад гэхээр уралдаанд байр эзэлнэ гэж төсөөлөөгүй ч сэтгүүлч хүнийхээ хувьд хоёр материал явуулчихсан. Би тэр шагнал авдаг өдрөө урилга ирэхээр нь өдөр тутам өмсдөг хувцастайгаа, гоёж гоодож ч амжаагүй яваад очсон. Шагнал авна гэж мэдсэн бол ядаж цэргийн хувцастайгаа очих байлаа шүү дээ. Тэгсэн тэнд чинь Н.Багабанди, Ц.Элбэгдорж, П. Очирбат гээд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд оччихсон. Гэнэт л шагнагдах хүмүүсийн дунд миний нэрийг дуудтал бүр паанигт орчихсон. Энэ шагналыг нэр хүндтэй, булхай ордоггүй юм байна гэж бодсон шүү. Зохион байгуулсан улсуудад танай сониноор дамжуулж талархлаа илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

“Америкийн өдрүүд-2016” үзэсгэлэн худалдаа болно

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-аас гурав дахь жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 24-25-нд “Мишээл экспо”-д зохион байгуулах гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд манай улсад үйл ажиллагаа явуулж, худалдаа арилжаа эрхэлдэг Америкийн шилдэг брэндүүдийн төлөелөл 90 гаруй компани 100 гаруй брэнд үйлчилгээ бүтээгдэхүүнээрээ оролцох аж.

Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн зочид хямдралтай үнээр худалдан авалт хийж, бүтээгдэхүүн үйлчилгээг турших аж. Мөн Америкийн шилдэг брэндүүдийг Монгод Улсад төлөөлдөг нэр бүхий бизнес эрхлэгчидтэй танилцаж, харилцаа холбоо тогтоох боломжтой юм. Хоёр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой ажээ.

Categories
мэдээ спорт

“Кансат” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх уралдаан болно

Хууль сахиулах их сургууль дээр

08:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран “Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургуулийг 19-нөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулна. Сургалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.

МҮХАҮТ-ын Хурлын танхимд

10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бразил-Монголын Худалдааны Танхимтай хамтран Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтыг зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт НЭМХ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

11:00 цагт Монголын Хуульчдын холбоо хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулах болсон талаарх мэдээллийг өгнө.

Шонхор тауэрт

11:00 цагт Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэвлэлийн бага хурал болно. Хуралд Азийн оюутны АШТ-д оролцож байгаа улсуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар болон тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцоно.

Их монгол оффист

11:11 цагт “МОНГОЛ: БИЧИГ НОМЫН ӨВ” бүтээлийг танилцуулах ёслол болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

12:00 цагт “Монгол Улсын үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхий сайдын ивээл дор болж зохион байгуулагддаг “Кансат” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх уралдаан энэ сарын 22-нд болно. Уг олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Обамагийн бага охин Америкийн нийгмийг зөөллөж байна

Барак Обамагийн бага охин Саша зуныхаа амралтаар цагийн ажил хийж мөнгө олох болсон нь хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа юм. Өдгөө 15 настай тэрбээр Массачусетс муж улсад байрладаг 350 хүний суудалтай “Marthas Vinegard” зоогийн газарт Наташа гэдэг нэрээр өдрийн 11:30 цагаас эхлэн дөрвөн цаг ажилладаг. Түүний хийдэг ажил нь хоолны газрын зочдод үйлчилж, мөнгөний машинд тасалбар бичиж, ширээ цэвэрлэж, аяга таваг угааж, заалны цэвэрлэгээ хийдэг. Ингэж хөдөлмөрлөж буй зургууд нь хэдүйн нийтэд ил болсон. Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама охидоо энгийн амьдралаар хүмүүжүүлэх зарчимтай нь эндээс харагдаж байгаа юм. Обамагийн охид цагаан ордонд тансаг амьдардаг гэх мэдээлэл цуурхал гэдгийг тэдний хоёр охины үйл хөдлөл, амьдралын энгийн хэв маяг харууллаа. Түүний ууган охин Малия мөн л Массачусетс муж улсын Кембриж хот дахь Харвардын их сургуульд 2017 оны намар элсэн суралцах юм билээ. Одоо 17 настай Малия энэ хавар дунд сургуулиа төгссөн юм. Малия Харвардад сурахаасаа өмнө нэг жилийн чөлөө авсан нь бас дуулиан болоод байгаа юм. Учир нь тэрбээр их сургуульд сурахаасаа өмнө нэг жил энгийн орчинд ажиллаж амьдрахыг хүсчээ.

Америкийн Ерөнхийлөгчийн энхрий хоёр охин ийнхүү энгийн амьдралаар амьдарч байгаа нь зөвхөн Америкт бус дэлхийд шинэ жишиг болж байна. Онцлог, онцгой байна. Америкийн боловсролын системд их сургуульд суралцахынх нь өмнө ийм нэг амьдрал таниулах тогтолцоо үйлчилж, түүнийг ухаалаг хүмүүс ашиглаж байгаа нь Обамагийн гэр бүлээс харагдаж байна хэмээн судлаачид бичжээ. Учир нь өсвөр насны, төлөвших насан дээрээ яваа хүүхдүүд зай авалгүйгээр ширээнээс ширээний хооронд, сургуулиас сургуулийн хооронд суралцдаг нь нийгмээс, амьдралаас тасарч, монголчуудын хэлдгээр амьдрал таниагүй онолын хүн болж байна хэмээн америкчууд үзэх болжээ. Ийм учраас их сургуульд суралцахаас нь өмнөх нэг, хоёр жил хүүхдээ нийгэм рүү оруулж, олон нийтийн газар үйлчлэгч, засварчин, хүмүүнлэгийн байгууллагад сайн дурын ажилтан, тэр байтугай тэнгисийн цэрэгт алба хаалгахыг Америкийн томчууд, нэртэй бизнесмэнүүд, банкерууд хүсэх болжээ. Дэлхий нийтийн шинэ хандлагаар бол дээдсийн амьдрал, орчин гэдэг ойлголт аль тэртээх 19, 20 дугаар зууны европчуудын хийрхлээр дуусгавар болсон хэмээн үзэх болсон гэнэ. Энэ үзлийн тодорхой жишээ нь Английн хатан хааны гэр бүлийн эрхэм хүн, ирээдүйд хатан хааны орыг залгах ач хүү Харри нь цэрэгт алба хааж, Афганистаны дайны бүсэд байлдааны нислэг үйлдэж шуугиулсан. Ер нь бол ил гараад байгаа нь энэ мэт жишээ болохоос биш энэ дэлхийн эдийн засаг, улс төрд онцгой үүрэгтэй байгаа олон нэр цуутай хүмүүсийн үр хүүхдүүд борог орчинд ажиллаж, амьдралтай танилцаж байгааг дэлхий тэр бүр мэдэхгүй байгаа юм.

Энэ бүгдээс нэг зүйлийг онцлох ёстой, ялангуяа монголчууд анзаарах ёстой. Америкийн Ерөнхийлөгчийн хүүхдүүд, Английн хатан хааны ач хүү энгийн иргэд бидний дунд мөр зэрэгцэн явах болсон нь ямар учиртай юм бэ? Тэднийг хэн нэг папарацичин гаргаад ирсэн гэж бодож байна уу. Үнэндээ тийм биш юм. Америк, Английн төр бодлогоор үүнийг олон нийтэд хүргэж байгаа юм. Энэхүү улс орны удирдагчдын зүгээс “Бид, бидний үр хүүхэд бүгдээрээ та нарын нэг хэсэг байж, энгийн сайхан амьдралаар амьдарч, хөдөлмөрлөж байгаа шүү” гэсэн үзэл санааг дэлхийд хүргэж байгаа хэрэг. Ийм байхыг ч цаад нийгэм нь шаардсан байж болно. Учир нь Америкийн нийгэмд дээдэс, доодсын ялгааг арилгаж байж нийгмийн санаа сэтгэлийг тайван амгалан байлгах ёстойгоо элит хэсгийнхэн нь дэндүү сайн ойлгох болж. Тэгэхгүй бол болохгүй байгааг дэлхийн өнцөг булан бүрт харж байна. Египетэд хэдэн жилийн өмнө юу болов. Энэ улсын томчууд нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд энгийн иргэдээсээ хэт тасарсан. Нийслэл Каир хотын төв нь тэр чигээрээ дээдсийн орчин болж, олон эхнэрээ дагуулсан томчууд нь ард түмнийхээ дургүйг хүргэх болсон. Дээдэс нь үүнийгээ мэдэрч анзаараагүйгээс болж долоохон хоногийн дотор төвөөсөө гадагш шахагдсан борчууд нь нийслэлээ гарах газаргүй болтол бүсэлж аваад дотогш цөмөрч төв талбай дээрээ хувьсгал хийсэн. Ливид ч ийм л явдал болсон. Томчууд нь хэт тасарч, нийгмийн сэтгэл зүй нь бухимдсан цаг үеийг гадны эрх ашгууд өдөөгөөд л тэр улсыг сүйд хийсэн. Дээдэс, доодсийн ялгарал нийгмийн шинжтэй болохоороо ямар аймшигт хүрдгийг мэдэхийн цаагуур мэдэж буй болохоороо том гүрний удирдагчид ийнхүү энгийчлэгдэж байна. Үр хүүхэд удам судраа энгийн болгож, энгийн амьдрал дунд амьдруулж, ажил хөдөлмөр эрхлүүлж, сурч боловсруулж байна. Ингэж л энгийн амьдралаар амьдруулж байгаагаараа тэд ард түмнийхээ дунд байгаагаа мэдрүүлж, ард түмнээ барьж байна. Учир нь ердөө энэ.

Гэтэл өнөөдөр манайхан яаж байна вэ? Их л цөөхөн нь энгийн байна даа. Бусад нь тасарчээ. Даргын хүүхэд дарга болдог жишиг бүр системийн шинж рүү орлоо. Даргын хүүхэд даргын хүүхэдтэй гэрлэх ёстой гэсэн үзэл суртал хүчээ авлаа. Улс төрийн хоёр том намын ҮЗХ, Бага хуралд нь зөвхөн дарга нарын хүүхдүүд үе улиран сонгогддог тогтолцоо бий боллоо. Ардын намын гал тогоонд чанагдаж, сайн муу бүхэнд нь зүтгэсэн ардын хүүхдүүд өнөөдөр ажилгүй, Америкт сурч байсан бацаанууд аавынх нь нам ялангуут гүйлдэж ирээд том дарга болж байна. Ингэхээрээ тэсэрдэг юм аа. Өнөөдрийн нийгмийн бухимдлын гол хөдөлгүүр бараг энэ. “Наад муу чинь олигарх, оффшорчин” гэж цоллонгуут бараг алахаас наахнуур болох шинж рүүгээ нийгэм орлоо шүү, томчууд аа. Дээдэс, доодос, баян хоосноороо ялгарах зам руу битгий орооч ээ. Гурван сая хүний дунд нийгмийн энэ ялгарал хүчээ авч, түүнийг нь гадна, дотнын ямар нэг хүчин дэвэргэх аваас биенээ дэндүү сайн таньж мэдэх жижигхэн Монгол, цөөхөн хүн ам юу болж хувирах вэ. Ирээдүйд ийм гал дүрэлзэх вий гэхээс их гүрнүүд хүртэл болгоомжилж, урьдчилан харж, ухаалаг зан гаргаж байгааг дээрх жишээнээс харж байгаа биз дээ. Ухаалаг нийгэм гэдэг бол энэ. “Ерөнхийлөгчийн охин хийж байгаа ажил юм чинь хүн бүр л хийх ёстой” гэсэн үзэл санаа Америкийн нийгэмд явж байна. Дэлхийн бүх террористуудын гол “бай” болсон Обама охин үрээ эрсдэлд оруулан байж ард түмнийхээ сэтгэл зүйг зөөллөж байна. Үүн шиг манай томчууд Монголын нийгэмд энэ ажлыг өрнүүлмээр байна. Хүүхдээ банкинд захирал биш Нарантуулын тооцооны төвд теллерээс ажлаа эхэлж байгааг сурталчилмаар байна. Сайдын хүүхэд компанийн захирал биш машины засварчин хийдгийг нийгэмд хүргэмээр байна. УИХ-ын гишүүний хүүхэд төрийн гоё албан тушаалд очих биш улсынхаа дархан хилийг манаж байгааг бахархалтайгаар харуулмаар байна.

УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн хоорондоо зовлонгоо ярьж суухыг хэдэн жилийн өмнө сонссон юм. Мань хоёр хүүхдүүдээ багад нь гадаадад сургаад, залгуулаад их сургуулийг нь гадаадад дүүргээд, бас мастерыг нь хамгаалуулжээ. Ингээд их өндөр боловсролтой хүүхдүүдээ эх орных нь төлөө зүтгүүлэхээр авчиртал Монголд идээшин дасаж чадахгүй байгаа тухай яриа юм л даа. Мэдээж тэд хүүхдүүдээ төрийн аль л гайгүй гэсэн албан тушаалд оруулсан байж таарна. Гэтэл хүүхдүүд нь ядаж эх хэлээрээ албан бичиг хөтлөлт хийж чаддаггүй гэнэ. Харь оронд ирчихсэн юм шиг. Эцэстээ хар багаасаа сурч боловсорсон улс орон руу нь буцаасан гэх. Энд нэг л үнэн бий. Их хурлын энэ хоёр гишүүн насны нар хэвийхэд үр хүүхдээ бараадаж амьдарна. Энэ нь Монголын ёс. Үр хүүхдүүдийнхээ байгаа тэр харь оронд л очих байх даа.

Тэгэхээр дээр дурдсан бүгдийг анхаарч Монголын томчууд үе удмаараа гоё энгийн амьдралаар амьдарч сурмаар байна. Ингэж энэ нийгмийн сэтгэл зүйг зөөллөж, өөриймсөг болгомоор байна. Ер нь орчин үеийн ухаалаг нийгэмд хувь хүн нь эцэг эхийн алдар нэр, албан тушаал, хөрөнгө мөнгөөр гайхуулах бус энгийн амьдралаар амьдардаг болсныг, тийм төлөвшлөөр хүмүүждэг болсныг дэлхийн томчуулын жишээнээс олон улс харж байна. Томчуулын хүүхэд гэдгээрээ дулдуйдах мода Монголоор дуусах цаг болж. Дуусгахгүй бол нийгмийн бухимдлыг дэвэргэх нэгэн гол хөшүүрэг байсаар байх нь. Ажлыг голж шилэлгүй хийж болдог, тэр нь ямар гоё харагддагийн жишээг бид ойрын үед сошиалаар шуугиад авсан хог цэвэрлэж буй менежер охины бичлэгээс харлаа. Үнэндээ тэр охин чинь их гайгүй айлын хүүхэд юм байна лээ. Цэвэрлэгч хийгээд байхааргүй. Гэтэл хамгийн гоё нь “Би менежер хийдэг. Илүү цагаар цэвэрлэгээ хийгээд нэмэгдэл цалин авчихдаг. Нөхөр бид хоёр залуу хүмүүс, амьдралаа босгохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй биз дээ” гэж ярьсан юм. Монгол хүн бүр яг энэ охин шиг ажлыг голж шилэлгүй, эцэг эх нь боломжтой ч тэдэндээ найдалгүй, өөрийнхөөрөө хөдөлмөрлөмөөр байна. Бидний ядуу буурай явах уу, өнгөлөг өөдрөг явах уу гэдгийн гол шинж чанар ерөөсөө энэ. Дээдэс доодос гэсэн ялгамжгүй нийгэмд хүн бүр өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийгээд явах нь л улс орны хөгжил юм шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаарна.

2016 оны 09 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, Увс, Ховд, Өмнөговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сайхан амьдруулах муухай амлалт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрнээс Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганыд өнжсөн сурвалжлагыг уншаарай. Уламжлалт “Танайд өнжье” буланг Л.Эрдэнэбулган найруулагчийн өргөө хоймроос бэлтгэн хүргэж, түүний урлагт нэгэн сэтгэлээр зүтгэсэн түүх хийгээд аж амьдралынх нь өрнүүн сайхан намтраас өгүүлэн нийтэллээ. “Танайд өнжье” буланг 12, 13 дугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй МАН-ын дотоод бодлого, цаг үеийн зарим асуудлын талаарх хийсэн ярилцлагыг сонирхон өнөөдрийн дугаартаа мөн онцоллоо. Тэрбээр хэвлэлд төдийлөн өгөөгүй сэдвүүдийг энэ ярилцлагадаа өгүүлсэн байна. Ярилцлагыг нэг, хоёр, дөрөв, тавдугаар нүүрт хэвлэлээ. “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Оюунтуяагийн “Сайхан амьдруулах муухай амлалт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Харин сонины зургаадугаар нүүрээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутгаар явсан ажлын талаарх сурвалжлага, тодруулга ярилцлагыг хүлээн авч унших боломжтой. Түүнчлэн Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай С.Зоригийн хэргийн талаар ярилцлсан ярилцлаг гарлаа. Тэрбээр энэ хэрэгт холбогдогчид илэрч, хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа яваа гэсэн юм.

Манай сонины 11 дүгээр нүүрний “Өөрөөс нь…” буланд философич С.Молор-Эрдэнийн ярилцлага гарлаа. Тэрбээр эрх чөлөө гэж юуг хэлж буй талаар өөрийнхөө тайлбарыг хийж, уншигчдын тэр бүр анзаардаггүй сонирхолтой өнцгүүдийг гаргаж ирж тайлбарласан байна. Үүнээс гадна 17 дугаар нүүрний “Уул уурхай” буланд гарсан “Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?” гэсэн гарчигтай нийтлэлийг сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдана

монгол банк зурган илэрцүүдМонголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сардаа багтааж дахин хуралдах тов гарсан байна. Өнгөрсөн сарын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс харахад мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж ирсэн талаар албан ёсны цахим хуудаснаа мэдэгджээ. Хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй гэж зарим эх сурвалжууд ярьж байна. Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогъш хүүг нэмэгдүүлж 10.5 хувьбайсныг 15 хувьд хүргэсэн билээ. Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилштой бодлогын арга хэмжээ байсан. Гэвч УИХ төсвийн тодоттолыг батлахдаа хэт тэлсэн бодлого баримталсан нь Төв банкны шийдвэрээ дахин харах нөхцөл бүрдсэн байна. Тиймээс Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг дахин өсгөх магадлалтай ажээ.Эдийн засагчдын хэлж буйгаар Монголбанкны мөнгөний хатуу бодлого баримтлахад Засгийн газар төсвөөрөө дамжуулан мөнгөний нийлүүлэлтээ өсгөдөг. Харин Засгийн газар төсвөө хумьсан тохиолдолд Төв банк мөнгөний зөөлөн бодлого баримтлах учиртай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Улсын хэмжээнд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гараад байна. Тухайлбал, Сухбаатар аймгийн 11 сум, Хэнтий аймгийн есөн сум, Дорнод аймгийн долоон сум, Төв аймгийн 10 сум, Дорноговь аймгийн найман сум, Дундговь аймгийн таван сум, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ өвчин гараад байгаа аж.

Мөн Говьсүмбэр, Төв аймагт шүлхий өвчний тархалт их байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Түүнчлэн өвчний улмаас 5800 гаруй малыг устгасан бөгөөд Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн найман суманд хорио цээр тогтоогоод байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дуудлага өгвөл 7-14 хоног баривчлана

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсаар хүлээн авч, иргэдэд үйлчилдэг. Тэгвэл энэ тусгай дугаарууд руу хүүхдүүд залгаж тоглох, мөн иргэд утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага хийдэг байна. Энэ үйлдлүүд нь тус дугаарт ачаалал үүсгэж тухайн үед яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдэд хүндрэл учруулдаг аж.

Иймд эдгээр дугаар руу гурваас олон удаа тоглож залгасан эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлагыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож байхаар болжээ.

Тодруулбал, та цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцвэл 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Орос Монголын бизнес уулзалт энэ сарын 27-нд болно

МҮХАҮТ Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулна. Энэхүү уулзалтад Оросын талаас зүрх судасны эмнэлэг, уурын зуух, түүний тоног төхөөрөмжүүд, нефть, химийн бүтээгдэхүүн, үр тариа, гурил болон хүнсний салбарынхан оролцохоо мэдэгджээ. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож, бизнес түншийн харилцаа тогтоох юм байна. Эл арга хэмжээнд үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой хэмээн МҮХАҮТ-аас мэдэгдлээ.