Categories
мэдээ нийгэм

Таван сартай жирэмсэн эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ

Сонгуулийн өмнөхөн БГД-т нэгэн аймшигтай хүн амины хэрэг гарчээ.

Тодруулбал, дөрвөн хүүхэдтэй, таван сартай жирэмсэн Б гэх эмэгтэйг нөхөр нь тархийг нь зад цохиж, амь насыг нь хохироосон байна.

Талийгаач эмэгтэйг нөхөр нь байнга зодож, дарамталдаг байсан ч нөхрийнх нь ах дүү цагдаа учир, эрүүлжүүлэхэд хийсэн ч гаргаад явуулдаг байсан байна.

Энэхүү хэрэг сонгуулийн өмнө болсон тул олон нийтийг цочроох, санаа бодлыг нь эргүүлэхээс эмээнБГД-ийн цагдаагийн хэлтэс болон, ЗДТГ нуугаад өнгөрчээ.

Хэргийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулсан боловч БГД-ийн цагдаагийн хэлтсээс одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Энэ мэтчилэн эхнэр, хүүхдээ харгисаар хөнөөх хэрэг удаа дараа гарч байгаа боловч эрх мэдэлтнүүд нууж дарагдуулах юм уу, хэрэгтэн ялгүй өнгөрөх тохиолдлууд гарсаар байгаа билээ. Тиймээс бид энэхүү хэргийг сурвалжлан, эргэн мэдээлэх болно.

Categories
энтертаймент-ертөнц

Жессика Алба тэрбумтан болов

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба 2011 оны есдүгээр сард “The Honest” компанийг үүсгэн байгуулсан билээ.

Уг компанийн бүтээгдэхүүнийг химийн аргаас үйлдвэрлээгүй бөгөөд жирэмсэн эх, хүүхдүүдэд зориулсан органик бүтээгдэхүүн борлуулдагаараа алдартай юм.

Тэгвэл тус компани 2015-2016 оны хооронд нэг тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Алба инстаграмдаа “Та бүхэндээ баярлалаа. Үнэхээр гайхалтай юм” гэж бичжээ. Тэрбээр компаниа удирдахаас гадна өөрөө зар сурталчилгаандаа тоглодог юм.

Categories
мэдээ нийгэм

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Ажилчны гудамжны автозамыг 2016 оны 09-р сарын 18-ны 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны 07:00 цаг хүртэл хааж засюарын ажил хийнэ. Энэ хугацаанд тус замаар үйлчилгэнэд явдаг Ч:18б “3,4-р хороолол-Ард кино театр-ТЭЦ3, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:54 “Яармаг-10-р хороолол-3,4-р хороолол-Зурагт” чиглэлүүдэд өөрчлөлт орж хойноосоо урагш чиглэлдээ баруун 4 замаар, урдаасаа хойд чиглэлдээ гурвалжингийн гүүрээр явж үйлчилэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг 6 дугаар сараас эхлүүлсэн. Хүйтний улирлал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс зогсоохоор болжээ. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжилэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй самбаруудад сурталчилгаа байрлуулахгүй байхыг анхаарууллаа

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлуулах юм. Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийнхээ Засаг даргын тамгын газартай ашиглалтын гэрээ байгуулах шаардлага тавина. Шаардлагыг биелүүлээгүй бол сурталчилгааны самбарыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн мэдээллийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 34 дэх дугаарт Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг нийтэллээ.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс онцгой албан татвараас чөлөөлөхөөр болсон юм.

Түүнчлэн Монголбанкны Дэд ерөнхийлөгчий, чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулан, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны хязгаарыг баталсан байна. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг Засгийн газраас дээрх тогтоолоор үүрэг болгосон байна. Мөн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь 7-гоос доошгүй байх чиглэл баримтлахаар тогтоолд тусгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хуваарь шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай”, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын нээлттэй засгийн түншлэл хэлэлцүүлэг болно

Өнөөдөр 09:00 цагт “Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г олон нийтэд албан ёсоор танилцуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэрэгжилтийг хангуулах тогтолцоог бий болгох, холбогдох иргэний нийгмийн төлөөллүүдийг өргөнөөр оролцуулах тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгуулах аж. Энэхүү Олон улсын нээлттэй засгийн түншлэл нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, авлигын эсрэг тэмцдэг, үр ашигтай, хариуцлагатай Засгийн газрыг бий болгох зорилго бүхий Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны олон улсын санаачлага юм. 2011 онд анх найман орны санаачлагаар үүсгэн байгуулагдсанаасаа хойш 70 гишүүн оронтой болж өргөжөөд байгаа аж.

Монгол Улс нээлттэй засгийн түншлэлд 2013 онд нэгдэн орсон бөгөөд II дахь “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-гөө боловсруулан батлаад байна. “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө” нь Олон улсын нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны нэг үндсэн хэлбэр бөгөөд төлөвлөгөөгөөр дамжуулан гишүүн орнуудынхаа Засгийн газрыг ил тод, иргэдийн оролцоотой, илүү хариуцлагатай болоход нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд үүний үр дүнд олон улсын түвшинд засаглалын чиглэлээр ахиц дэвшил гаргах боломжтой юм. Тус арга хэмжээ 12:30 цаг хүртэл“Пума Империал-2” зочид буудлын хурлын танхимд болох ажээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Төрийн думын VII дахь удаагийн сонгууль болж байна

Оросын Холбооны улсад Төрийн думын VIIдахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр буюу есдүгээр сарын 18-нд эхэллээ. Сонгуульд 450 депутатын 225 нь намын жагсаалтаар сонгогдох аж. Сонгуульд тус улсын 14 нам оролцож байгаа юм.Нэгдсэн сонгуулийн энэхүү өдөр тус улсад янз бүрийн түвшний 5300 гаруй сонгуулийн санал хураалтаар нийт 39500 мянган депутатын мандат, сонгуулийн суудал авах юм. Сонгуульд оролцохоор 116 мянга гаруй хүн нэрээ дэвшүүлсний 102 мянгыг нь нэр дэвшигчээр бүртгэчээ. Энэхүү сонгууль 96,7 мянган сонгуулийн байранд явагдаж байгаа бөгөөд гадаадын 145 оронд 372 сонгуулийн байр нээн ажиллуулсан байна. Сонгуулийг зохион явуулахад Оросын Сонгуулийн Төв комиссийн / СТК/ шийдвэрлэх түвшний 880 мянган гишүүн ажиллаж байна. Улс төрийн намуудын гаргасан саналын дагуу сонгуульд СТК-ийн гишүүдийн гуравны нэг ба нутаг дэвсгэрийн болон хорооны сонгуулийн хэсгийн ажилтнууд томилогдон ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөшигийн хөндийд барьж буй онгоцны буудалд өнжлөө

Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж буй “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг бүтээн байгуулалтын ажил анх эхлэхэд Хөшигийн хөндийд тэнгэрт тулам тоос босч, ачааны том машин тэрэг, элдэв механизмын хүчит моторын дуу хадаж, шөнө дүлээр ч ажил ундарч машин техникийн гэрэл дохио тасралтгүй анивалздаг байлаа. Харсан хүний бахдалыг төрүүлж нүд баясгам. Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд “Онгоцны шинэ буудал баригдаж байгаа гэсэн. Хурдан ашиглалтад орвол дотор нь орж үзэхсэн” гэсэн хүсэл тээн хоорондоо ярилцдаг. Үнэхээр ч олон түмний чихээ тавьж, битүүхэндээ нээгдэхийг нь хүлээж суугаа барилга бол Хөшигийн хөндийд баригдаж байгаа онгоцны буудал л даа.

Барилгын ажлын гүйцэтгэл нь 94 хувьтай явж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг цогцолборыг Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Нисэх онгоцныбуудал улсын онцгой обьект гэгддэг учир дотогш нэвтрэхэд зөвшөөрөл авах ёстой.

Харуул хамгаалалт өндөр, дотоод сахилга бат чанга. Япон, Солонгосын чадвартай инженер мэргэжлийн хүмүүс зөвлөхөөр ажиллаж байгаа болохоор сахилга батын хувьд хэлэх юм үгүй гэдэг нь хашаа руу орсон мөчөөс мэдрэгдэнэ. Бүгд хамгаалалтын хувцас хэрэглэл, малгай өмсөх ёстой. Машин, тэргүүд 20 км цагаас дээш хурдалж болохгүй. Эргэн тойронд самбар, таних тэмдэг, мэдээллийн булан олон.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирал Н.Энхбат, төслийн менежер Г.Бат нар биднийг угтлаа. Н.Энхбат захирал онгоцны буудлын барилгын ажил эхэлсэн цагаас энд ажиллаж байгаа аж. Онгоцны буудлын барилгын ажлын бүх нарийн ширийнийг гарын арван хуруу шигээ мэддэг энэ эрхэм эндхийн ажлыг зангиддаг гол хүмүүсийн нэг.

Иргэдийн хувьд “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын ойролцоо гэр хороолол ихэсч өвөлдөө утаа нь өтгөрснөөс онгоц бууж чадахгүй болсон. Тиймээс онгоцны буудлыг нүүлгэх гэж байгаа гэсэн нийтлэг ойлголттой байсан. Бүр 1993 оноос шинэ нисэх онгоцны буудалтай болох талаар ярьж эхэлсэн юм байна. Тэр үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр судалгаа хийж байжээ. Өөр буудал барихгүйгээр “Буянт-Ухаа”-гийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар өөрчлөлт хийх талаар эхлээд ярьж, тээг саад болоод байгаа урд талын уулын оройг авч тэгшилбэл онгоц буухад саадгүй гэж үзэж. Тэгээд тооцоо хийгээд уулын орой хэсгийн шороог зөөнө гэвэл ойролцоогоор 50 тэрбум ам.долларын зардал гарна гэдгийг тогтоожээ. Ийм их зардал гаргахын оронд ерөөс шинэ буудал барих нь зүйтэй гэдэг санал дээр нэгдэцгээгээд Налайхын хөндий, Хүй долоо худаг, Хөшигийн хөндий гэсэн гурван сонголт дээр иржээ. Налайх хөрсөн дороо ихээхэн цэвдэгтэй, Хүй долоон худаг эргэн тойрондоо уулархаг гэсэн шалтгаанаар хасагдаад Хөшигийн хөндий хамгийн тохиромжтой гэдгээрээ үлдсэн аж. Хөшигийн хөндийд бүхий л талаас нь судалгаа хийж нисэх буудал баривал тун тохиромжтой нь тогтоогджээ. Ингээд манайхан онгоцны буудал барих мөнгө төгрөгөө хаанаас олох вэ гэцгээгээд Японы талд хандсан нь зөв болж 2006 оноос япончууд ТЭЗҮ-ийг хийж 2008 оны тавдугаар сараас Японы хөнгөлөлттэй зээлээр баригдах уг төслийн гэрээ албан ёсоор эхэлжээ. Буянт-Ухаад 100 онгоц буухаас 23 нь амжилтгүй буюу бууж чадахгүй хотын дээгүүр эргэлдээд заримдаа буцдаг. Энэ бол олон улсын стандартын хувьд маш муу тоо. Харин Хөшигийн хөндийд 2006 оноос 2014 оны хооронд салхи, бороо, шороо цаг уурын бүрэн судалгааг явуулсан бөгөөд 100 онгоцны 98 нь амжилттай газардана гэж үзжээ. Олон улсад энэ хувийг 95 хувь байхад хангалттай гэж үздэг аж. Тэгэхээр шинээр баригдаж байгаа онгоцны буудалд онгоц газардахад цаг уурын талаас айхавтар хүндрэл төдийлөн гарахгүй гэж хэлж болох нь. Онгоцны буудал баригдаж байна гэхээр хүмүүс терминал буюу зорчигчдын ирж, очих буудлын барилгад л ач холбогдол өгөөд байдаг. Харин онгоцны буудлын хувьд хамгийн чухал нь нислэгийн зурвас. Энэ шинээр баригдсан зурвасын хувьд 3.6 км урт, олон улсын стандартын дагуу баригдсан байгууламж. Япончууд бол ажлын өндөр хариуцлагатай, аливааг чанартай гүйцэтгэдэг учир бүх ажил дээр маш хариуцлагатай ханджээ. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг япончуудад зориулж хэлсэн мэт байдаг гэнэ. Бүхнийг урьдаар маш сайн тооцоолж, нягт нямбай, ямар ч алдаа гаргалгүй хийдэг болохоор дараа нь ямар нэг үл ойлголцол, элдэв асуудал үүсдэггүй нь ажлыг хурдан хугацаанд төлөвлөгөөний дагуу явуулахад тус болдог аж. Солонгосчууд ч мөн ялгаагүй хяналт, хариуцлага, сахилга гэдэг зүйлийг алхам тутамдаа мөрдөнө. Тийм болохоор манайхны хувьд тэднээс суралцах, мэдэх зүйл их байдаг юм байна.

Япон, Солонгосын мундаг архитектур, инженерүүд энэ ажилд манайхантай хамт зүтгэж байгаагийн нэг нь өнөө Дубайн алдарт Бурж Халифаг барихад гар бие оролцож, төслийг удирдаж байсан солонгос менежер юм байна.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” нийт 2090 хоног буюу 43 сар үргэлжлэх юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 114 хоног үлдээд байгааг төслийн захирал Н.Энхбат хэлж байлаа. Тэрээр барилгын ажил төлөвлөгөөний дагуу ямар нэг саад бэрхшээлгүй явж байгаа гэлээ. Харин нэг хүндрэлтэй асуудал үүсээд байгаа нь төслийн багийнхан барилгын ажлаа дуусгаад ажлаа хүлээлгэж өгөхөд дараагийн шатны улсууд нь хэдийнэ хүлээж аваад ашиглалт энэ тэрийн асуудлаа шийдчихсэн байх ёстой. Угтаа бол өнгөрсөн тавдугаар сард л тэднийг тодруулаад барилгын ажил хийж байгаа баг, компанийнхантай хамт ажиллуулах ёстой байж. Харамсалтай нь сонгууль, наадам энэ тэр гэж нэг цалгардаад засаг солигдлоо гэж дахин саатаад одоо болтол таг чиг байгаа аж. Хэрэвзээ эртхэн шиг энэ ажлыг шийдчихсэн бол барилгыг нэгдүгээр сард Засгийн газар хүлээлгэж өгөөд ирэх тавдугаар сард шинэ онгоцны буудалдаа онгоц хүлээн авах боломжтой гэж үзэж байжээ. Хэрвээ энэ байдлаар үргэлжилбэл онгоцны буудлыг Засгийн газарт хүлээлгэж өгснөөс хойш ашиглалтад оруулах гэж цаг алдвал ихээхэн хэмжээний мөнгө төгрөгийг дулаан, цахилгаан, ашиглалт гээд олон зүйлд зарлагадах юм байна. Японы хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа болохоор аль болох л хурдан ашиглалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулбал бидэнд ашигтай гэдгийг Н.Энхбат захирал ярьж байлаа. Гэхдээ Японы талаас дөрвөн компани нэгдээд манайхтай хамтраад ажиллая гэсэн санал ирүүлсэн гэнэ. Энэ саналыг албаны хүмүүс “Эдийн засгийн ийм хүнд үед ирж болох хамгийн сайн санал. Энэ саналаас татгалзвал дахиад боломж олдохгүй” гэж үзэж байгаа юм байна.

Нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, барилгын ажил нь оргил үедээ байхад энд 3500 гаруй хүн ажиллаж байжээ. Харин одоо ихэнх ажлаа нугалчихсан хэдий ч ачаалал нь төдийлөн буураагүй болохоор дунджаар 60 гаруй компанийн 2500 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.

Өглөөний цай 06-08 цагийн хооронд. Ажилчид өглөө нэгдсэн журмаар гимнастик хийгээд техникийн аюулгүй байдлын тухай мэдээлэл авна. Ингээд цайгаа уучихаад тус тусын ажилдаа гарна. Ачаалалтай байхад 24 цагаар ажиллаж байсан үе олон гэнэ. Тавдугаар сард спортын уралдаан тэмцээн зохион байгуулахад компаниуд идэвхтэй оролцоно. Намар нь дотор заалны спортын төрлүүдээр тэмцээн явуулна. Бас зуны дэлгэр цаг айлчлах үеэр мөн өвлөөс урьтаад салхинд гарах зэргээр ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, хамт олонч чанарыг нь нээхийн тулд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг аж. Барилгын салбарын 90 жилийн ойн баяр тохиож байгаа эдгээр өдрүүдэд хамт олноо хошуучилж, хийсэн бүтээснээрээ бусдыгаа манлайлж байгаа нөхдөө ч төрийн одон медальд тодорхойлчихсон байгаа тухай төслийн менежер Г.Бат ярьж байлаа.

Ямар ч дэд бүтэцгүй, хээр талд бүтээн байгуулалт хийнэ гэдэг бүхнийг тэгээс эхэлнэ гэсэн үг. Тог цахилгаан, цэвэр ус, бохир, дулаан гээд бүхнийг төслийн хүрээнд цогцоор нь шийджээ. Эндхийн дулааны станцын хүчин чадал нь Ховдынхтой адил гэнэ. Газар доогуур шугам сүлжээ, кабелиудаа явуулсан тусгай тунельтэй. Тэр тунель нь 1.8 км урт юм байна. Онгоцнуудыг сумлах буюу цэнэглэхийн тулд шатахууны машинаар байн байн зөөх шаардлагагүй болжээ. Тусгайлан бэлдсэн шатахууны цэгээс газар доогуур явуулсан шугамаар онгоцыг сумладаг систем суулгасан нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа юм байна. Онгоцны буудлыг тойруулж 9.2 км урттайүерийн далан байгуулсан нь манайдаа л хамгийн томд тооцогдож байгаа аж. Энэ мэтээр уг буудлын эргэн тойронд хийсэн байгуулсан бүтээсэн зүйлсийг дурдвал тоймгүй. Гал команд, цэвэр ус цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламж, засвар үйлчилгээний төв, захиргааны оффис гээд бүгд цогц.

Control tower буюу удирдлагын цамхаг руу явлаа. Тийш очих замд энд тэнд ажилчид барилга барьж, зам тавьж, шугам сүлжээ янзалж байна. Барилгын инженер Б.Ганбат “Төгсөөгийн залуус ч сайхан ажиллаж байна аа. Сүвлэгээ хийж байна. Мөөг шиг сууцгаачихсан” хэмээн нислэгийн зурвас дээр сүвлэгээний ажил хийж байгаа залуусыг харангаа Г.Бат менежерт хандан хэллээ. Инженер бууж ажлын явцыг ажиглан гэрэл зургийг нь авч, ажил тус бүр дээр ахалж байгаа хүмүүстэй нь уулзаж байв. Ингээд бид нислэгийн удирдлагын цамхаг руу орлоо. 40 метр өндөр. Цахилгаан шатнаас барилгын хамгаалалтын малгай сэлттэй дөрөв, таван солонгос бууж ирлээ. Бүгд бөхөлзөн мэндчилнэ. Гэтэл менежер Г.Батаа “Өнөө миний яриад байсан Бурж Халифаг барьсан хүн чинь энэ байна” гэж нэгэн солонгосыг танилцууллаа. Есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй уг цамхгаас хөндийг бүхэлд нь харж болохоор аж. Эндээс нислэгүүдийг удирдаж, бүхнийг зангидна.

Терминалын хүзүүвчийн хоолойн угсралтын ажил, хөнгөн онгоцны зогсоолын хучилтын ажилтай танилцлаа. Түрүүхэн дэвссэн асфальтыг индүүдэж байхад хойно нь аюулгүй байдлын нэг ажилтан, хажууд нь солонгос мэргэжилтэн зогсчихоод бүхнийг нарийн хянаж байгааг нь анзаарлаа. Зорчигчдын ирж очдог хэсэг болох терминалын барилгын дотоод заслын ажил ид өрнөж байна. Гэрэлтүүлгүүд, хана туургыг засч янзлах гээд бүгдийг нэгэн зэрэг явуулж байна. Дээврээсээ нарны гэрэл, байгалийн гэрлийг оруулах зарчмаар гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхийг хичээсэн нь гэрэл гэгээ мэдрүүлэх аж. Байгалийн гэрлийг шууд тусгасан хоёр эко хэсэг гаргасан бөгөөд үүнд нь бяцхан цэцэрлэг эсхүл эко орчинтой үйлчилгээний газар бүрдүүлж болох аж. Терминалын хэсэг зургаан хүзүүвч буюу “gate”-тэй. Тав нь олон улсынх. Нэг нь орон нутгийнх. Г.Бат менежер терминалын дотоод бүтцийг нэг бүрчлэн тайлбарлалаа. Түүний ярьснаас үзэхэд зорчигчдын ая тухыг нэгдүгээрт тавьжээ гэдэг нь харагдаж байлаа.

Онгоцны буудлын угтагчдын танхим нь маш саруул, уужим. Явагчдын танхим бүртгэлийн 16 цэгтэй байх юм байна.

Том төслийг явуулахад зохион байгуулалт, нарийн төлөвлөгөө хамгийн чухал байдаг аж. Монголчуудын хувьд ажлын уялдаа холбоо гэдэг зүйлийг мэддэггүй. Хэдэн жилийн өмнө Яармагийн замыг ашиглалтад оруулаад удаагүй байтал доогуур нь тунель хийнэ гээд хэд хэдэн газар нь сэтэлснийг хүмүүс мэдэх билээ. Үүнээс нь л үзэхэд манайханд зохион байгуулалт, хамтач сэтгэлгээ гэдэг зүйл үгүй нь мэдрэгддэг. Харин япон, солонгосчуудтай олон жил хамт ажиллахад ажлын уялдаа холбоо чухал байх нь ажлыг саадгүй хурдан явуулах маш том хөшүүрэг гэдгийг мэдсэнээ ярьсан байлаа, манайхан.

Нисэх онгоцны буудлын барилгын ажилд манай шилдэг гэсэн олон инженер залуус ажиллаж байгаа. Үүний хажуугаар манай туршлагатай ахмад инженерүүд ч мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм байна. Тэдний нэг нь Монгол Улсын зөвлөх инженер Ш.Содномдагва гуай. Тэрээр барилгын салбарт 47 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрээр Монголын барилгачид, залуу инженерүүдээрээ бахархаж байгаагаа хэлээд “Манай залуус мэдлэг, чадвартай болжээ. Олон орны хэлээр ярьдаг болсон байна. 1980-аад он хүртэл манай барилгачид орос школтой байсан. Дараа нь манай инженерүүд Чех, Польш, Герман, Югославт суралцаж байсан бол 1990-ээд он гарснаас хойш дэлхийн өнцөг булан бүрт очиж суралцах болсон нь эргээд Монголын барилгын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай барилгачид, инженерийн хувьд олон улсын хэмжээний стандарт хангасан онгоцны буудал барихад өөрийн гэсэн туршлагатай болж чадаж байна” гэж байлаа.

2020 он гэхэд Хөшигтөд баригдаж байгаа “Чингис хаан” нисэх онгоцны буудал жилдээ гурван сая зорчигч хүлээж авна гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ нь жилд 22 мянган онгоц нисч, бууна гэсэн үг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Эрх нь урдаа байгаад үүргээ мартаж болдоггүй юм

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Ардчилсан намынхан эрх барьж байхдаа баталсан голлох хуулиуд нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль байсан. Гэсэн ч эдгээр хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны долдугаар сарын 1 болгон хойшлууллаа. Хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах шалтгаан байгаа юм уу?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Эрүүгийн хуулийг хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан. Энэ удаагийнх нь гурав дахь нэмэлт, өөрчлөлт болж байгаа юм. Ардчиллын үнэт зүйлс бэхжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тусам ялын бодлогод ахиц гарч байх ёстой. Тэр утгаараа зарим хуульчид одоогийн мөрдөгдөж буй хууль хэтэрхий шоронжсон, ялын бодлого нь хатуудсан гэдэг. Жилд шоронд хоригдож буй хүмүүсийн тооноос эхлээд бусад зүйлсийг харьцуулахад тодорхой байдаг. Эрүүгийн хуулийн ялын бодлого нь хатуудсан ч ойр ойрхон Өршөөлийн хууль гарснаар хоригдож буй хүмүүсийн тоо буурсан. Ардчилсан нам 2012 онд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилнэ гэж амласан тул энэ хүрээнд Эрүүгийн хууль батлагдсан. Ялангуяа эрүүгийн эрх зүйчид шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуулийг сайн хууль болсон гэдэг. Ардчилсан нийгэмд хүний эрх талаасаа ялын бодлого нь зөв болсон гэж тайлбарладаг. Заавал шоронд ял эдлүүлэхгүйгээр бусад хэлбэрээр ял эдлүүлнэ гэдэг нь зөв. Тухайн хохирогч этгээдийн хохирлыг барагдуулах боломжийг нэмэгдүүлэх, ялтны зорчих эрхийг хязгаарлах гэх мэтчилэн ялын шинэ төрлүүдийг оруулж ирсэн. Энэ нь томоохон шинэтгэл болж чадлаа гэдэг үнэлэлтийг хуульчдын зүгээс өгч байсан. Эрх баригчид Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болгоод хойшлуулчихлаа. Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Тиймээс хэрэгжих хугацааг нь 2016 оны есдүгээр сарын 1 гэсэн юм шүү дээ. Хууль хэрэглэдэг, хууль сахиулдаг бүх байгууллагын хуулийг бүхэлд нь шинэчлээд есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн үүднээс эрүү, зөрчил гэдэг хоёр ойлголтыг ялгаж өгсөн юм, уг нь.

Тэр утгаараа гэмт хэрэг гэж тооцогдож байсан зарим зүйлс зөрчил рүү орсон. Эрүүгийн хэрэг л биш бол дараахь шийтгэлийг ноогдуулна гээд нэг бүлэг болгосон. Энэ бүхнийг нэгтгэн Зөрчлийн хууль болгож зөрчлийн хэв хэмжээнүүд дээр зөрчлийн гэмийн нэг бодлого явуулж байгаа юм. Ингэснээр хууль сахиулагчид болон иргэдэд тодорхой байдлаар цэгцэлсэн. Үүнийг дагалдуулан олон хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой гэсэн ч хойшлуулчихлаа.

-Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг яагаад хойшлуулж болохгүй гээд байгаа юм бэ?

-Ер нь бол хуулийн хэрэгжих хугацаа хойшилж болдог. Гэхдээ Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр ноцтой зүйл бий. Учир нь зөрчил гэж үздэг зарим зүйлийг зөрчил биш гээд байгууллагын дотоод дүрэм, журам, сахилгын байдлаар зөөлрүүлсэн. Ингэснээрээ хүний эрхийг дээрдүүлж байгаа юм. Хэрэв эдгээр хуулиуд хэрэгжээд эхэлсэн бол хүний эрхийг дээрдүүлсэн олон заалтын хүрээнд ач холбогдолтой байсан. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ гээд тодорхой хэмжээнд хүлээлттэй байлаа. Ял эдэлж буй хүмүүсийн ялын хэмжээ Эрүүгийн хууль дахь дээд хэмжээ нь доошилсон тохиолдолд багасдаг. Гэмт хэрэг гэж үзэж байсан зүйл нь гэмт хэрэг биш болохоор хорих ялаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуультай адил зүйлүүд явагддаг байхгүй юу. Ингээд зарим хүмүүс ялаас чөлөөлөгдөж, нэг хэсэг нь шоронгоос гарах байсан бол бүхэл бүтэн арван сараар үүнийг нь хойшлуулчихлаа. Энэ нь хүний эрхийг зөрчин дордуулсан нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүгээрээ Үндсэн хуулийн зөрчлийн шинж чанартай болчихож байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу. Иргэнийхээ эрхийг хамгаалсан хууль, эрхзүйн орчинг бүрдүүлж баталсан хуулийн хэрэгжих хугацаа хойшилно гэхээр яах аргагүй Үндсэн хуулийн эсрэг зүйл болно.

Ер нь манай хууль тогтоогчид, парламентынхан аливаа хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар иргэний, байгууллагын, өмчийн, бизнесийн, эдийн засгийн, суурь хүний эрхийг дордуулахаар байх юм бол хугацаа хойшлуулж байгаа асуудлыг ноцтой анхаарч үзэх ёстой. Өмнө нь парламентын гишүүн байхдаа хүний, өөрийн намынханд бүгдэд нь ингэж хэлдэг байсан. Хэрэв тухайн хууль хүний эрхийг дордуулсан байх юм бол тухайн дордуулсан байдлыг буцаан хэрэглэдэггүй. Хүний эрхийн байдлыг дээрдүүлсэн байх юм бол дээрдүүлсэн байдлаар хэрэглэдэг. Энэ чинь өөрөө хугацааны хүчин зүйлтэй байхгүй юу. Хугацаа гэдэг маш чухал хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс л Эрүүгийн хуульд ингэж хандаад байгаа юм.

-Гэхдээ хууль хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, эдийн засаг хүнд байна гээд байгаа л даа…

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд зардал, чирэгдэл гэсэн шалихгүй шалтаг яриад байх хэрэггүй.

-Баталсан хуулиудыг буцаалаа гэдэг шүүмжлэлийг энэ парламент руу маш олон хүн хаяглан илгээж байгаа. Үнэхээр тэгж болдог юм уу?

-Хууль ямар нэгэн байдлаар зөрчигдөхөд хууль дээдлэх зарчим алдагдлаа гэдэг. Хууль дээдлэх зарчмын суурь агуулга нь ерөөсөө хуульд захирагдах ёс байдаг. Хууль дээгүүр нь байна гэсэн үг. Хууль дээгүүр байх тул хуулиас доогуур аливаа зүйлийг явуулж болохгүй. Хуулиас доогуур хуулийг зөрчиж, үгүйсгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагалдан гарах таван хуулийн эцсийн редакци дээр холбогдох хүмүүс бүгд гарын үсгээ зурсан. Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 23-нд гарын үсэг зурагдсанаар эдгээр хуулийн редакци бэлэн болсон. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа батлагдсан хуулийг УИХ-ын Тамгын газар эрхлэн эцсийн редакцид бэлтгэнэ. Тамгын газрын бэлтгэсэн редакцийг УИХ-ын дарга хянадаг. Дараа нь УИХ-ын дарга тухайн редакцийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсгоод гурав хоногийн дотор ёсчилдог. Ингэснээр процедур нь явагддаг юм. Өөрөөр хэлбэл, хууль бий болчихсон. Гэтэл хууль бий болоогүй гээд байгаа.

-Хуулиудаа ёсчилж, Төрийн мэдээлэл сэтгүүлд гаргаагүй нь Ардчилсан намынхан та нарын буруу юм биш үү?

-Гэм буруугийн тухай асуудал энэ хуулийн хувьд хоёр, гуравдугаар зүйл байхгүй юу. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль хуулиараа явах ёстой. АН, МАН, та нар гэж байхгүй. Учир нь Монголын парламент нэг. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрх мэдлийг өөртөө хадгалдаг. Сонгуулиар УИХ-ын бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг. Энэ ардчилсан зарчим. Гэхдээ бүрэлдэхүүн өөрчлөгдөх тухай асуудал парламент гэдэг Үндсэн хуулийн институцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар ч холбоо нөлөөлөл үзүүлдэггүй. Үүнд гол учир нь бий. Бүрэн эрх гэдэг нь эрх, үүрэг хоёр. Тэд үүнийг хийсэнгүй. Тиймээс бид хийхгүй гэдэг зүйл байдаггүй. Монголын парламент шинээр байгуулагдахдаа хувьсгалаар, Үндсэн хууль өөрчлөөд гарчихсан юм биш. УИХ-ын Дэгийн тухай хууль, Үндсэн хуулиа бариад явах ёстой. Дараагийн парламент гарч ирээд хамгийн түрүүнд редакци нь бэлэн болчихсон хуулиа ёсчилдог. УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнө зургадугаар сарын 23-нд чуулганы хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй. Энэ хуралдаанд бэлдээд бүх редакциуд бэлэн болчихсон байсан. Чуулганы ирц бүрдэн хуралдаагүй тул уг хуулиудын редакцийг сонсгож чадаагүй. Тэр утгаараа шинэ парламент бүрэлдэнгүүт УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын газар, спикерүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Үүргийн эсрэг эрхийг тавьж болдоггүй юм. Аль ч институцид үүрэг нь, харин иргэдэд эрх нь оногддог байхгүй юу. Төр оногдсон үүргээ хэрэгжүүлэхдээ зайлшгүй холбоотой эрхүүдийг эдэлдэг.

Парламентад шинэ хүмүүс их орж байна. Төрийн алба ч их доргиж байх шиг байна. Төрийн албанд шинээр ажилд орж байгаа хүмүүст хаяглаж хэлэхэд “Та нарт үүрэг зайлшгүй оногддог юм шүү. Тэр үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхийг түүний үр дагавар нь болгож өгдөг юм шүү. Түүнээс биш эрх нь урдаа байж байгаад үүргээ мартаж болдоггүй юм” гэж захья. Энэ утгаараа УИХ-ын дарга хуулиудын редакцийг Их хурал дээр сонсгоод ёсчлох ёстой. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль дээгүүр байж хуулийг дагах үүрэг нь парламентад бий. Шинэ УИХ-ын гишүүд урьд парламентаас бидэнд ямар үүрэг шилжиж ирсэн бэ гэдгийг байнга бодож явах хэрэгтэй.

Гэтэл үүргийг нь дээгүүр тавиад тогтоолоор хуулийг буцааж байна. Өмнө нь Монголын түүхэнд байгаагүй практик тул бид ингэж шийдлээ гээд байгаа юм. Уучлаарай. Хуулиар нь заагаад өгчихсөн юм. Хуулийн цоорхой гэдэг ойлголт байдаг даа. Төрд хуулийн цоорхой гэж байдаггүй юм. Төр цоорхойгоор нь явдаггүй. Хуульд заагдсан заавал нэг нөхцөл байдлаар нь явдаг ёстой. Иргэн хүний хувьд хуулиар хязгаарлаагүй бүх зүйлд эрхтэй байдаг. Харин төр хуулийн дагуу явж байх ёстой юм аа. Хуульд заагаагүй зүйлийг бид дураараа хийлээ гэдэггүй биз дээ. Яг л энэ чинь байхгүй юу. Харин би хуульд заагдсан зүйлийн талаар ярьж байгаа шүү. Энэ утгаараа Ерөнхийлөгч хориг тавьсан.

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж гарсан хуулиуд яах вэ?

-Энэ хууль батлагдсантай холбоотойгоор дагасан маш олон хууль батлагдсан. Тэр утгаараа эдгээр хуулиуд нь буцсан байх л даа. Хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуультай. Тиймээс уг хуулиуд амьгүй болчихлоо гэж хэлж болдоггүй юм. Хэрэв буцаана гэсэн бол эдгээр хуулиудыг бүгдийг нь буцаах ёстой. Гэхдээ би буцааж болохгүй гэдэг утгаар нь хэлж байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 92 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан. Хууль хэрэгжиж эхлэхэд мөнгөн дүн тийм чухал байдаг уу?

-Эрх баригчид заримдаа шалтаг тайлбар хэлж тэр нь агуулгаасаа хөндийрөөд байгаа. Хүний эрхийг хангаж баталгаажуулсан хуулиудыг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр дагуу сургалтууд нь хийгдээд явж байсан. Зургадугаар сарын 29-нд сонгууль болж МАН-аас 65 гишүүн сонгогдонгуут энэ хуулиуд яах бол гэдэг эргэлзээ гарч эхэлсэн. Энэ хуулиад яах бол гэдэг ямар ч эргэлзээ байх ёсгүй. Хуулиар тогтоогдсон зүйл чинь хуулиар тогтоогдсон хугацаандаа хэрэгжээд явах учиртай. Ийм байдлаар асуудалд салан задгай хандсан байх юм бол тэр төрийн байгууллага, албан тушаалтан үүргээ биелүүлээгүй гээд хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлага алдсаны нөгөө талд мөнгөөр хэмжсэн хэмжүүрээр цагаатгаж болдоггүй. Ингэж үнэ цэн бий болдоггүй юм.

Мөнгө төгрөг шаардлагатай гэдэг тэр тооцоонд би эргэлзэж байна. Уг хуулийг хэрэгжүүлээд явахад өмнө нь ийм үйл хөдлөл хийгддэг байсан уу, хийгддэг байсан. Бүх зүйл явдгаараа явдаг л байсан юм шүү дээ. Манай шүүгчид хэзээд бэлэн байгаа. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах албаныханд бэрхшээл үүсээгүй. Процессын хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд нь байгаа. Эдгээр хуулиуд нь процессын хуулиудтайгаа зөрчилдөөд байх юм байхгүй. Бүх хууль бэлэн. Бэлэн биш болгох зүйлсийг нь өөрсдөө хийж байна. Анхдугаар чуулган хуралдахад л ёсчлох байсан. Энэ чинь хууль хэрэглэдэг хүмүүсийн хууль. Хэдэн мянгаар тоологдох хүний, хэдэн мянгаар тоологдох цагийн ажлыг ингэж болохгүй. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тавих хэрэггүй.

Ардын намынхан үзэл баримтлалаараа эрүүгийн шинэ хуулийн ялын бодлоготой санаа нийлэхгүй байж болно. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь харах юм бол илүү нийцэхээр байгаа юм. Тэгвэл орлох хуулиудыг нь өөрсдөө боловсруулаад өргөн барьж батлаад, хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь үзэл баримтлал өөр байсан зүйлсээ засаад явж болно шүү дээ. Энэ хууль нь тодорхой хугацаанд хэрэгжээд явж байна л биз. Ийм хуулиудыг буцаан хойшлуулна гэдэг маш буруу зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг маш олон хүн алга ташин хүлээж авсан. Жишээлбэл, энэ хуулийг дахин өргөн бариад одоохон батална гээд ярьж байна. Юу нь болохгүй байгаа юм гэхээр “Заримыг нь бид гэмт хэрэг болгож байгаа” гэсэн хариулт өгч байна л даа. Гэмт хэрэг болж байгаа асуудал Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд орохгүй. Энэ хуулийг дагалдаж гарах байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж гарна. Тэр нь дутуу гэж байгаа юм бол үүнийгээ хүчин төгөлдөр хэрэгжүүлээд “Энэ хууль үйлчилж эхэлж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явъя” гээд хийчихэж болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хангалттай сайн болсон. Тиймээс Эрүүгийн хууль хэрэгжиж байг. Хэрэгжиж байхад нь нэмэлт өөрчлөлт оруул гэж байгаа юм.

-Сөрөг хүчнээс Эрүү, Зөрчлийн хуулийг Монголын мянга мянган иргэн хүлээж байгаа гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Тэгж хэдэн мянгаар хүлээгээд байгаа юм байхгүй. Цөөн хэдэн хүнд хамаарна. Битгий ингэж улстөржүүл” гэдэг зүйл хэлж байсан…

-Төр нэг хүний ч эрхийг зөрчиж болохгүй. 400 байна уу, 500 байна уу, хэдэн мянга байна уу хамаагүй. Тэр хүмүүс есдүгээр сарын нэгнээс эрхзүйн байдал нь дээрдэнэ гээд хүлээж байсан. Хуулиар тогтоогдчихсон юм. Нөгөө талаас есдүгээр сарын нэгэнд хууль хэрэгжсэн бол гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэрэг нь шалгагдаад явж байсан, прокурор ялыг нь төлөвлөж байсан гэхчилэн олон хүнд хамаарах байсан.

Энэ хууль Монголын бүх хүнд хамаатай. Заавал гэмт хэрэгтэн байх үгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн би Эрүүгийн хуулийн ямар орчинд миний эрх зөрчигдвөл яах ёстой вэ, хүний эрхийг зөрччихвөл би яах юм гэдэг орчинд нь байдаг зүйл. Манайхан хамаарал гэдгийг холбогдогч болохоор нь л ярих юм. Үгүй шүү дээ. Барилгын тухай хууль надад чухал ач холбогдолтой. Би заавал барилга барьдаг байх албагүй. Тэр барилгын хуулиар зохицуулагдаж буй бүх харилцаа миний өдөр тутмын амьдралд нөлөөтэй байж л байдаг. Үүн шиг бүх хууль бүх хүнд хамаатай.

Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад дарга нар их мэдэж ярих биш их мэдэхийн төлөө бусдыг сонсч сурах ёстой. Өөрийн бодол санааг үргэлж чагнаж үүний болохгүй тал нь юу билээ гэдгийг ухаж засч байхгүй бол болохгүй зүйлийг болгоно гэж баллуурдаж болдоггүй юм. Энэ буруу төлөвшил рүү хөтөлдөг. Ухаантай хүмүүс ойлгодог байх.

-Яагаад ухаантай гэж хэлэв?

-Ард түмэн сонгосон болохоор ухаантай, мэдлэгтэй, сэтгэлтэй, боловсролтой хүмүүс л гэж харж байгаа. Түүнээс биш муулж, муухайлаад байх зүйл байхгүй.

-Эрүү, Зөрчлийн хууль чинь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг зүйл болчихсон юм биш үү?

-Хуулийг хүнтэй зүйрлүүлээд төрөөгүй хүүхэд ямар юм ч гэнэв, Ардын намынхан ярьж байна лээ. Монголчууд хэзээ ч хүнтэй зүйрлүүлж ярьдаггүй. Хамгийн эмзэг байдаг зүйл нь тэр. Болохгүй бол будаагүй авдар хийчихсэн байна гэхгүй юу. Будаагүй авдартаа юмаа хийж л байна биз. Дараа нь будчихаж болно. Хүний эмзэглэдэг зүйлээр хэзээ ч ярьж болдоггүй. Аав, ээж хоёр нь дутуу хүүхэд хийчихсэн юм уу, яачихсан юм гээд л наад зах нь эвгүйцнэ биз дээ.

-Танай намынхан эрх барьж байхдаа баталсан гол хуулиудын нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэтэл хуулийг бүр хүчингүй болгочихлоо?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн түүх чинь урт настай байхгүй юу. 2008 оны сонгуулиас хойш ярьсан. Тэр үед хамтарсан засаг барьж байсан. Тэр зөв байсан. Чухал эгзэгтэй үед хамтарч засаг барих нь зөв байдаг.

2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө манай нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг оруулж, 2016 онд баталж, 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм. Хамаарлын хувьд өнөөдөр тэтгэвэр аваад явж байгаа хөгшчүүдийн асуудал биш. Хүн болгон тэтгэвэрт гардаг. Хүн бүр амьдралаа төлөвлөдөг. Ялангуяа нас ахих тусам цаашид яах билээ гэдгээ илүү төлөвлөж эхэлдэг байхгүй юу. Тэр утгаараа хамтын тэтгэвэр гэдэг чинь хамгийн хүмүүнлэг зүйл. Нэг талаасаа ханиа алдан ганцаарддаг ч үр хүүхэд нь эцэг, эхийнхээ төлөө гэсэн ёс заншил манайханд байдаг. Нөгөө талаас нэг нь тэнгэрт халихад тухайн гэрээс гардаг зардлууд хэвээрээ байх нь бий. Хамтаараа хоёр хүнийхээ тэтгэврээс аргалаад явж байсан орон сууцны төлбөр ч байдаг юм уу ганцаараа төлж дийлэхгүй төлбөр гарч ирдэг. 1+1=2, 2-1=1 гэдэг арифметик биш. 2-1=1.5 гардаг арифметик байхгүй юу. Ийм хариу гараад байна гэдгийг нь л бид хэлж байгаа юм. Бурхны оронд одсон хөгшний тэтгэврийн тодорхой хэсэг нь нөгөө хөгшнийхөө тэтгэвэр дээр нэмэлт болоод олгогдож байх ёстой. 1.5 гэсэн зардлаа төлөөд явж байх ёстой. Ганц манайд ч биш нэлээд олон улсад түгээмэл байдаг зарчим, харилцаа шүү дээ. Тэр утгаараа бид төсөвтөө суулгаж амжаагүй тул 2017 оны төсөвт суулгаад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм.

-Гэхдээ Сангийн сайдын тайлбарласнаар нас барсан нэгнийхээ тэтгэмжийг авч нүгэл үйлдэхгүй, муу ёс гээд ахмадууд захидал ирүүлсэн гэж байсан…

-Монголын ёс заншил хэзээ ч тийм биш байдаг. Би гэхэд өөд болсон эцгийнхээ дээлийг хадгалаад, хааяа санахаараа нөмрөөд сууж байдаг хүн шүү дээ. Монголчуудын сэтгэл тийм байхгүй юу. Насаараа ханилсан хүнээ өөд болоход тэрнээс нь хэзээ ч сэжиглэдэггүй. Харин ч хөгшний минь үлдээсэн буян гээд баярлаж суудаг монголчууд юм шүү дээ. Хаанахын үзэл, шашин номлолд тийм зүйл байдаг юм бол, мэдэхгүй. Ийм зүйл яриад сууж байдаг монгол жудагтай хүн байхгүй л гэж боддог. Хөгшин минь тэнгэрт хальсан ч гэсэн буянаа үлдээлээ гэдэг ард түмэн. Мэнд байхдаа үүнийг надад авч өгч байсан шүү дээ. Энэ байраа тэгж зүтгэж байгаад авсан юм гээд залбирч суудаг. Хөгшин нь өнгөрлөө гээд тэр байрнаасаа гарах нь уу, яах нь уу харж л байхгүй юу.

Аавынхаа үлдээсэн хөөргийг хаях уу, яах уу. Харин ч улам үнэ цэнтэй болдог юм. Надаас холдох тусам улам үнэ цэнтэй, ариун нандин болдог юм шүү дээ. Тэр утгаараа үлдсэн хөгшин нь улам нандигнана, улам гамнана. Миний мэддэг, надад байдаг монгол сэтгэл энэ.

-Ардчилсан намынхан улсын мөнгөөр тансаглаж тансаглаж байгаад явцгаасан. Үүнээс болоод эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид ялбал бүх зүйлийг ийм сайхан болгоод аваад явна гэж амлалт өгөөд 65 суудал авсан нам ийм болсон байж гээд хойшоо ухраад байж болохгүй. Тийм эрхгүй байдаг юм. Сонгуулиар ингээд хийчихнэ гээд үүрэг авчихсан юм, тэд. МАН-ын мөрийн хөтөлбөрт мөнгө бага байгаа учраас ингэж танана гэдэг зүйл байгаагүй. Тиймээс сонгогчид биднийг ийм зүйлийг хийнэ гэж итгээд саналаа өгсөн. Бид хийхээс өөр аргагүй гээд явах ёстой. Ардын намынхан маань эргэж буцаж янз бүрийн зүйл ярих биш, бэрхшээлээ сонгогчдод өгсөн өмнөх нөхцөл байдлаас дордуулахгүйгээр авч явна. Тэр аргыг бид олсон гээд явах ёстой.

Үнэндээ Ардчилсан намынхан тансагласан зүйл байхгүй л гэж боддог. Тансаглалын тухай ярих юм бол Монгол Улсын дэд бүтэц, хөгжлийн тал дээр ярих юм бол “тансаглал” байсан байж магадгүй. Нийслэлийг одоогийнх шиг гоё болгох хэрэггүй байсан байж магадгүй. Замыг нь ийм сайхан болгох хэрэггүй байсан байж магадгүй. Үүнийг тансаглал гэж харж байж магадгүй. Хөдөө тийш тавьсан хатуу хучилттай авто замууд хэрэггүй, хуучны донсолгоотой, автомашин нь эвдэрдэг, хэд хоногоор явдаг замыг гоё болгосон “тансаглал” байсан байж магадгүй. Хөрөнгө оруулалтад анхаарч босгосон мөнгөөрөө эдийн засгийн орчинг бүрдүүлсэн нь тансаглал байсан байж магадгүй. Бий болгосон энэ зүйл чинь эдийн засгаа, иргэнээ дэмжээд ирсэн юм. Миний хувьд төсөв гэдэг нарийн зүйлээр битгий шагайгаасай гэж хүсдэг. Хамгийн анхдагч санаа зовох зүйл өрхийн төсөв байдаг. Үүн дээр ярих ёстой. Дараа нь бизнесийн төсөв алдагдалтай болчихвий гэдэгт санаа зовдог байх ёстой. Хамгийн сүүлд улсын төсвийн талаар ярих хэрэгтэй. Би ингэж боддог. Хамтын тэтгэвэр авна гээд нэг хөгшин өрхийнхөө төсвийг 2017 онд төлөвлөөд явж байсан юм. Ийм татварын орчинд би ийм бизнесээ явуулна гэж төлөвлөсөн байсан чинь хууль эрхзүйн орчин нь өөрчлөгдөөд бодож байсан зүйл нь тасалдахвий дээ. Үүнд л санаа зовох хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилд ганцхан Ардчилсан намынхан хийж бүтээсэн гэж хэлэхгүй. Ардын намын 26 гишүүн сууж байсан. Хамтаараа л хийцгээсэн. Төсвөөс юу зараад төсөвт юу орж байна гэдгээр биш нийтийн үнэ, нийтийн үнэ цэн гэж ярих ёстой. Авто зам бий болсноор хотын түгжрэл багасч, хотоос, орон нутгаас тээвэрлэлт хийж байсан бизнес эрхлэгчид энгийн иргэдийн хувьд эдийн засаг талаасаа өгөөжтэй болсон. Энэ үнэ цэнийг зарцуулсан зардалтайгаа харьцуулаад үзэхээр хэмнэсэн мөнгө нь төсөв дээр шууд мэдэгдэхгүй ч өрхийн, бизнесийн гээд жижиг төсвүүд дээр шууд гарч ирдэг. Энэ чинь л үнэ цэн. Тиймээс төр төсвийн эдийн засгаа боддог биш Монголынхоо том эдийн засгийг бодож явдаг. Түүн дотор чинь төсөв гэдэг жижиг зүйл байдаг юм. Ингэж бодож явдаг байгаасай. “Тансаглал” гээд яриад байгаа зүйлс чинь нийгэм, эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтууд шүү дээ.

-Гэхдээ эрх баригчид арай өөрөөр бодоод байх шиг байна лээ?

-Гоё ганган хөшөө босгож барьсан нь юу л бол. Нэг их тансаглаад өөрсдийнхөө цалин хөлсийг нэмээд, орд харш барьж, өрөө тасалгаагаа сайжруулаад явсан нь юу л бол. Сайхан машин унах гэж төсвийн мөнгөөр тансагласан нь юу л бол. Ардын намынхан одоо хүлээсэн үүргээ ухамсарлаж, хөрөнгө мөнгөө босгоод явах цаг болсон. Тиймээс бүх нийтийн оролцоо бүхий эдийн засгийг бий болгохын тулд ажиллах шаардлагатай. Өмнөхөө буруутгаад хэзээ ч зөв зүйлийг олдоггүй. Өмнөх маань алджээ гэсэн бол тэр алдааг давтахгүй явах учиртай. Аливаа зүйлийг цэвэр буруутгачихаар зөв зүйлсийг нь ч бас давхар буруутгачихдаг юм.

-Ардчилсан нам сонгуульд ялагдсанаас хойш шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл яригдаж байна. Таны харж байгаагаар тэр шинэчлэл хаанаас эхлэх ёстой юм бэ. ҮЗХ-ны хурал 16-нд хуралдахаар болсон, бас?

-Шинэчлэл гэдэг үгийг их түгээмэл хэрэглэх болж. Гэхдээ Ардчилсан намыг шинэчлэхээс илүүтэй юун дээр алдав гэдгийг нь тодорхойлж, тэр алдааг залруулах нь гол үзэл санаа гэж харж байгаа. Шинэчлэл гэдэг үгээ эхлээд тавьчихаар өмнө нь ямар учраас алдав, юун дээр зөв, юун дээр буруу явчихав, ҮЗХ-ны гишүүдээ хэрхэн сонгодог байв гээд асуудлууд гарч ирнэ л дээ. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид гэлтгүй ард түмэндээ хандаж хэлэхэд сонголт гэдэг зүйл ямар нэг үнэ цэнээр хоорондоо солилцдог наймааны хэрэгсэл биш. Сонгогдоно гэдэг нь сонгосон хүмүүсийнхээ өмнө хүлээх үүрэг болохоос сонгосны дараахь өөр дээрээ бий болгох үнэ цэнийн тухай ойлголт биш. Ийм зарчмыг гол сууриа болгоод энэ хэдийд гажиж, энэ хэдийд болохоо болив гэдгээ ухамсарлан засаад явбал намуудын цаашдын төлөвшилд чухал түлхэц болно. Зөв төлөвшил байх ёстой. Зөв төлөвшлийн хурдатгал сайн болно. Тэр байдлаараа төрийнх, тэр байдлаараа сонгогчдынх болдог. Зарим нэг нь даапаалаад та нар ингэж сонгосон. Та нарын хохь гэдэг. Тийм биш. Тэгж болдоггүй юм. Сонгогчид маань өөрсдийн сонголтоо ямар эрх ашгийн үүднээс хийхэв гэдэг сууриа ардчилсан нийгэмдээ зөв төлөвшүүлэх ёстой байхгүй юу. Яагаад зөв төлөвшлийн тухай яриад байна гэхээр 1989 онд ардчилсан хувьсгал хийж байхад төрж байсан хүүхдүүд өнөөдөр 30 нас руу дөхөж байна. Тэр үед 10 настай байсан хүүхдүүд өнөөдөр 40 нас гараад явж байна. Энэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Бид биеэрээ мэдэрсэн хүмүүс. Үүнийг мэдрүүлэх хэрэгтэй юм. Тиймээс энэ тал дээр анализ хийгээд явах цаг болсон.

-Намын удирдлагуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намд алдаж оноод үүнийх нь үр дагавар болоод явж байгаа зүйл бий. Тийм учраас ҮЗХ-гоо хэрхэн сонгож байгуулах, намын дарга түүнийгээ хэрхэн сонгох тухай асуудал гэх мэтчилэн нам, олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн багаа зөв бүрдүүлэх тухай асуудал чухал байна. Үүнд нам, олон нийтийн оролцоог хангах тухай асуудал бий. Дараа нь тэдний өмнө үүргээ хүлээх тухай асуудлыг зохицуулах шаардлагатай. Нөгөө талаас бодлогын тухай асуудал байна. Үзэл баримтлалын тухай асуудал байна. Үзэл баримтлалаас гарах зарчим, үзэл баримтлал дээр тулгуурласан хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Дараагийн асуудал нь нам, парламент хоёрын хоорондын асуудал байгаа юм. Намын төв байгууллага хийгээд орон нутгийн намынхан хоорондын харилцаа гээд олон олон харилцааг дэлгээд тавьж болохоор. Энэ бүгдийг харах юм бол уран нарийн хээ хуар тавьсан даавуу шиг нэхээстэй зүйл байгаад байна.

-Намын дарга хэн байх вэ?

-Тэрийг би яаж мэдэх вэ.

-Та огт сонирхохгүй байгаа юм уу?

-ҮЗХ-ны гишүүн сонирхохгүй байна гэж худлаа хэлж болохгүй. Ямар ч байсан нам, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй. Зүтгэлтэй байх хэрэгтэй. Зүтгэлтэй байна гээд, намын дарга болно гээд өөрөө зүтгээд байх биш өрөөл бусдынхаа дэмжлэгээр гарч ирэх ёстой.