Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Рио-2016” олимпод Монголын чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагчийг зүй бус авир гаргасан хэмээн үзэж, МЧБХ-г 50 мянган еврогоор торгож, хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргасан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Үүнтэй холбоотой МЧБХ-с өнөдөөр буюу есдүгээр сарын 19-нд мэдээлэл хийлээ.
“Рио-2016”олимпийн наадмын үеэр 65кг-д Г.Мандахнарангийн барилдааны үеэр гаргасан хоёр багшийн үйлдлийг ДНБХ-ноос нууцын зэрэглэлтэй албан бичиг наймдугаар сарын 26-нд ирсэн. Есдүгээр сарын 1-нээс өмнө МЧБХ-ноос өөрсдийн байр сууриа илэрхийлж хоёр багшийн эрхийг хоёр жилээр хассан. Энэ сарын 9-нд Турин хотноо Сахилгын шийтгэлийн хороо хуралдсан байна. ДНБХ-ноос есдүгээр сарын 13-нд МЧБХ-нд шийдвэр ирүүлсэн. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээ тарсан учраас бодит мэдээлэл өгч байна хэмээн МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх мэдэгдлээ.
Энэ шийдвэрийн талаар манай хэвлэл мэдээллийнхэн ташаа мэдээ явуулсан тул үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэлээ. Дэлхийн бөхийн холбооноос 2016.09.13-нд МЧБХ-ны Ерөнхийлөгчид Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг жингийн барилдааны дараа Монгол улсын дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан тухай:
“Хүндэт Ерөнхийлөгч, хүндэт нарийн бичиг танаа.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны спортын шүүхээс дээр дурьдсан үйлдэлтэй холбогдуулан гаргасан шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв. Спортын шүүхээс тухайн хэргийг нарийвчлан авч хэлэлцсэн бол танайхаас 2016.08.31-ний өдөр ирүүлсэн захианы үндсэн дээр дараах шийдвэрийг гаргав. Ц.Цогцбаяр, Б.Баяраа нарын дотод болон олон улсын тэмцээнд орох эрхийг гурван жилээр хасах, энэ хугацаа нь 2016.08.21-ний өдрөөс 2019.08.20-ны өдөр хүртэл байна. МЧБХ-нд 50 мянган швейцарь франкын торгууль ноогдуулж, МЧБХ-нд өмнө нь ноогдуулсан арга хэмжээг цуцлав. Иймээс Монголын бөхийн тамирчид нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуваарьт тэмцээнүүдэд оролцож болно. Төлбөрийн нэхэмжлэлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны санхүүгийн албанаас танай холбоонд хүргүүлэх болно” гэжээ.
Ингэснээр Монголын чөлөөт бөхийн бүх насны тамирчид олон улсын болон дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох боломжтой боллоо. Харин Г.Мандахнарангийн барилдааныг дахин шүүж үзэх талаар ажлын хэсэг МЧБХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон. Ажлын хэсэгт шилдэг туршлагатай шүүгч нар, олон улсын эрхзүйч хууль ажиллуулж 3-4 удаа хуралдаад шийдвэрийн талаарМЧБХ-ны Удирдах зөвлөлд танилцуулах ажээ.