Categories
мэдээ нийгэм

Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр элсэх хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөний зардлыг Засгийн газраас шийдвэрлэсэн. Иймд “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажилгагаа явуулж байгаа сул орон тоотой хувийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилгоор нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо. Нэмэлт элсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 20- 21-ний өдрүүдэд зохион байгуулна. Нэмэлт элсэлт авах тухай удирдамжийг http://www.edub.edu.mn/v/20160919999 дарж харах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага 10 дугаар сарын 21-нд эхэлнэ

Image result for Цэрэг татлага 10 дугаар сарын 21-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/649 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар заасан байна. Мөн зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх хяналтын тоог баталлаа. Гэрээт цэргийн албанд элсүүлэхдээ “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлэх ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийг Х.Алтай удирдана

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн
удирдах зөвлөлийн өчигдрийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт
ажлаас чөлөөлж, 2016/04 тоот тогтоолоор Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг
гүйцэтгэгчээр томиллоо.

Х.Алтай нь “Монголын хөрөнгийн бирж”
ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд
ажиллаж байх хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд
бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж
ажилласан туршлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Фейсбүүкээр залилан хийж байсан бүлгийг илрүүлжээ

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хуурамч
хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлж байсан бүлгийг илрүүлжээ. Тодруулбал,
“Эрдэнэбаярын Ариука”, “Nomiko Erdnechimeg”, “Haluuhan
Haliuka” зэрэг фэйсбүүк хаягийг ашиглан иргэдийг залилан мэхэлж байжээ. Уг
хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн
холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд анхаарал
болгоомжтой байхыг цагдаагийг байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Бат-Эрдэнэ: АН-д намын дүрмийг ажиллагаанд оруулдаг ташуур хэрэгтэй байна

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд хуралдахаар товтой байгаа. Энэ удаагийн хурлаар зургаан асуудал хэлэлцэнэ гэж байгаа ч үндсэндээ намын шинэчлэлийг хаанаас эхлүүлэх вэ, намын дарга хэн байх вэ гэдэг асуулт олны дунд таавар болон явж байна. Та харин ҮЗХ-ны хурлын талаар ямар бодолтой яваа бол?

-Долдугаар сарын 18-нд анх Ардчилсан намын ҮЗХ-ны хурал зарлагдаж тэндээс зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Ямартай ч эхний асуудлаа хэлэлцээд хурал завсарласан. Энэ удаагийн хурал харин ирэх баасан гаригт хуралдахаар товтой байгаа. Уг хурлаар хамгийн түрүүнд өнгөрөгч сонгуульд юунаас болж, яагаад ялагдав гэдэгтээ дүгнэлт хийх ёстой. Тэр утгаараа онцгой комисс байгуулсан. Онцгой комиссынхон АН сонгуульд ялагдах болсон шалтгаануудыг судлан гаргаж ирэх ёстой. Тиймээс эхний ээлжинд ялагдлын шалтгаан юу байв гэдэг дүгнэлтийг сонсоно.

Ардчилсан намын өнгөрөгч сонгуульд ялагдах болсон шалтгаан нь зөвхөн зургадугаар сарын 29-ний өдөр сонгууль болоход гарчихсан дүн биш. АН-ыг ялагдал хүлээх болсон олон шалтгаан бий гэж ойлгож байгаа. Бид яагаад Засгийн газраа огцруулах болов. Хоёрдугаарт, ямар шалтгааны улмаас сонгууль дөхсөн үед бид өөрсдийн тоглоомын дүрэм буюу өмнө нь ялалт байгуулсан Сонгуулийн хуулиа өөчлөв гээд асуудлууд бий. Үүнд ямар нэгэн шалтгаан байж л байгаа. Энэ талаараа ярих ёстой. Мөн Ардчилсан намын өнгөтэй өөдтэй гэсэн лидерүүд нь өөр хоорондоо хөлөө жийлцэн толхилцоод байсан шалтгаан юу байв гээд энэ бүгдийгээ нээлттэй, ил тод ярих цаг болсон. Тэгж байж бид алдаа оноогоо цэгнэнэ. Ингэж чадвал бид цаашид алхах боломжоо нээж байгаа хэрэг л дээ.

Мөн Ардчилсан намын дотоод харилцааг зохицуулж байдаг хамгийн том эрхзүйн акт нь намын дүрэм байдаг. Намын дүрмийг өөрчлөх гэхээсээ илүү дүрмийн дагуу ажилладаг болох хэрэгтэй. Түүнээс манай намын дүрэм тийм ч муу дүрэмтэй юм биш. Яахав ээ, манай намын дарга, цэрэг гэлтгүй бүгд л намын дүрмээ баримтлахаа больчихсон. Дураараа өөрсдийнхөөрөө өөрчилдгөөс болж намын доторх гишүүний хариуцлага гэдэг зүйл үгүй болсон. Хариуцлагагүйгээр дуугарч, хариуцлагагүйгээр үйлдэл хийж байгаагаа намын дотоод ардчилал гэж эндүүрдэг гэх зэрэг олон шалтгааны улмаас өнгөрөгч сонгуулиар АН ялагдал хүлээсэн. Энэ мэтчилэн алдаа оноогоо сайтар тунгааж ярилцах ёстой. Хүн нэг бүрчлэн яагаад тийм шийдвэр гаргах болов гээд асуух цаг нь болсон. Ингэлээ гээд хэн нэгнээс хариуцлага нэхэж, хөөж туух гээд байгаа юм биш. Бид чимээгүй цаашаа алхах юм бол өмнөх алдаануудаа давтсаар байх болно.

-Гэхдээ өнөөдрийн гол сэдэв АН-ыг хэн удирдах вэ гэдэг зүйл болчихоод байгаа юм биш үү?

-Хүн бүр л зөвхөн намын даргын тухай ярьж байна. Намын дарга хэн байх нь, хэдэн настай хүн байх нь үнэндээ чухал биш. Намын гишүүдийнхээ оролцоог хангасан дүрэмтэй болж, үйлчлэлийг нь зөв явуулаад эхлэх юм бол болох нь тэр. Тиймээс намын дарга хөгшин, залуу байх нь хамаагүй. Зөв хүн л чухал. Бид намын дүрмээ зөв зохион байгуулалттай явуулахгүй бол залуу хүн намын дарга болоод ч нэмэргүй. Яг адилхан. Хэн нэгэнд хариуцлага тооцож, хэн нэгнийг муу хүн болгож харуулах шаардлага байхгүй. Дүрмийн механизмаа сайн ажиллуулах ёстой.

-Фракцын асуудал танай намын толгойны өвчин байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохион байгуулах ёстой вэ?

-Өнгөрөгч хэдэн жилд фракц үнэндээ замбараагаа алдаж, дэндүү том толгойтой болсон. Энэ нь дүрмээ барьж ажиллаагүй, Ардчилсан нам гэдэг үнэ цэнээ умартан мартсанаас болсон. Миний хувьд фракц байх ёстой гэж боддог. Олон ургальч үзлийг дэмждэг, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө явдаг АН-ын хувьд фракц гэдэг байх ёстой зүйлийн нэг. Фракц нь нэгдүгээрт, хэмжээ хязгаартай байх ёстой юм. Тухайлбал, улс төрийн шийдэл гаргаж асуудал шийдвэрлэх гэж байгаа бол тухайн хурлын бүтцийн байгууллагын доторх гишүүд маань үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, тухайн гарах шийдвэрт фракцалж болох байхгүй юу. Энэ чинь эрүүл фракц.

Гэтэл энэ нь цаашлаад шийдвэр гаргахаасаа халиад намын дотоод амьдрал руу гүнзгий хутгалдаж, жирийн гишүүдээ фракцаар хувааж, талцуулаад фракц нь намынхаа дээр гарч үйл ажиллагаа явуулдаг нь буруу. Тиймээс фракцуудын харилцааг тодорхойлсон хайрцаг гаргаж өгөх ёстой. Аливаа асуудал дээр та фракцалж болно. Гэхдээ намаас том толгойлж, эрх мэдэлд хүрэхийн тулд бусдыг өөртөө татаж болохгүй. Ардчилсан нам гэдэг нэг том айлын нэг нэг өрөөнд фракцууд байрлаж байна гэж бодоход АН чинь нэг өрөөнд амьдраад байгаа юм шиг харагдаж болохгүй л дээ. Ингээд явчихаар л үнэ цэн, ардчилал, шударга ёс чинь алдагдаад байгаа юм.

-ҮЗХ-ноос та их зүйлийг хүлээж байгаа юм байна. Гэхдээ ҮЗХ-ны хурал фракцын л хурал болно шүү дээ. Фракц болгоноос нэгнийгээ намын дарга болгох гэж зүтгүүлнэ, хатгана гээд асуудлууд гарах л байх?

-Би таны асуулттай санал нэг байна. Бид асуудлынхаа гол руу орж чадахгүй байна л даа. Ялангуяа сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа зүйлийг харахад намын дарга хэн байх вэ, намын дарга тэр байвал зүгээр байна гэдэг ч юм уу, иймэрхүү мессэж яваад байгаа. Үнэндээ бол хүндээ байгаа юм биш. Олон хүнийг зохицуулж байгаа тэр хэм хэмжээ чинь намын дүрэм байхгүй юу. Одоо бол АН-д намын дүрмийг ажиллагаанд оруулдаг ташуур хэрэгтэй байна. Хэн ч байсан намынхаа дүрмээр л явах ёстой. Тэр утгаараа миний хувьд намын дарга хэн байх нь вэ гэдэг тийм чухал биш. Намын дарга удирдах бүрэлдэхүүнийг гаргаж ирэх намын механизмыг л ажиллуулчихад болчих гээд байгаа юм. Арванхоёрдугаар сарын зургаанд намынхаа Их хурлыг хийхдээ л намын даргаа сонгоно гэдэг ойлголттой явж байна. Намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүс байж болно. Тэд намын Их хурал хуралдах хүртэл намын дарга болоод юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж, цаашид энэ хүмүүс намын энэ албан тушаал дээр явна гэдэг ч юм уу, 2020 оны сонгууль хүртэл манай баг ингэж ажиллана гээд танилцуулах ёстой. Тэгэхгүйгээр энэ болно, тэр болно гээд гүйх нь утгагүй. Нөгөө талд нь миний үеийн залуус дургүйцлээ илэрхийлэн манай үе хийх ёстой. Ах нар зайгаа тавьж өг гэдэг ч юм уу хувь хүн, хүн хоорондын зөрчил үүсгээд байгаад харамсаж байна. Нэг хүн намын дарга боллоо гэхэд нөгөө фракц нь одоо манай хүнийг ерөнхий нарийн бичгийн дарга болго гээд байх нь ямар ч утгагүй. Ийм шинэчлэл хэрэггүй. Хүн сонгохдоо асуудлын гол нь байгаа юм биш. Ардчилсан намыг хүчтэй байлгах нь бидний үүрэг.

-ҮЗХ-ны ротацийн тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ротаци буюу эргэлтийн сонгууль жил бүр гуравны нэгт нь явагдаж байх ёстой. Ингэснээрээ АН эрүүл байх зарчмыг хадгалж байсан юм. Олон жил харамсалтай нь үүнийг гацаасан. Бид реформ хийх цаг болсон. ҮЗХ тараад дахин шинээр сонгогдох ёстой болов уу.

Үнэндээ ойлгомжгүй байдал бий болсон. Манай нам дээр квот авсан бусад намуудын гишүүд автоматаар ҮЗХ-ны гишүүн болж ирээд учраа олохоо байсан. Намын дүрмээр 228 гишүүн байх ёстой бол одоо 250-260 болчихлоо. Олон хүн намынхаа ҮЗХ-д орж үгээ хэлэх хүсэлтэй байдаг. Энэ боломжийг хангасан, нээж өгсөн дүрмийн шинэчлэлтэй болох хэрэгтэй.

-Нийслэлийн АН өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээлээ. Өмнөх дөрвөн жилд нийслэлийг нүүрээ угаасан хүүхэд шиг боллоо гэдэг зүйл ярьж байсан ч ард түмэнд хангалтгүй санагдсан бололтой. АН улс орны хэмжээнд бүтээн байгуулалт хийсэн ч ялагдлаа…

-Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн АН-ыг төлөөлж НИТХ-д 26 гишүүн төлөөлж суусан. Энэ хугацаанд бид борви бохисхийх завгүй ажилласан. Тиймээс хийсэн ажлаараа үнэхээр бардам байгаа. Хотоо өөрчилж чадсан. Өнгөрөгч сонгуулиар нийслэлийн АН ялагдсанд маш их харамсдаг. Гэхдээ бидэнд цаашид бодох ёстой зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгууллаа. Хийж бүтээсэн зүйлсээс гадна намын дотоод эв нэгдэл, УИХ дахь гишүүдийн байдал гэхчилэн намын дүр төрх, зан харилцаанаас эхлээд нийгэмд сүүдэр нь тусдаг. Энэ бүхэн намд нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэрлээ. Бид саяын сонгуульд ялагдсан ч удахгүй орон нутгийн сонгуульд орно. Бууж өгч болохгүй. Өмнөх алдаагаа бид засах ёстой. Нийслэл гэдэг бол бидний гэр орон. Тиймээс энэ тал дээр бид улстөржих шаардлагагүй. Хэн хийж чадсан, хэн хийж чадаж байгаагаа дэмжээд явах ёстой. Сонгуульд ялагдал хүлээсний дараа нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын даргын ажлаа өгнө гэсэн. Магадгүй намын Их хурлын өмнө нийслэлийн АН-ын хороо хуралдаж зохион байгуулалтын асуудлаа ярих байх.

-Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам юу хийх ёстой вэ. Алдаан дээрээсээ юуг суралцах ёстой бол?

-Үүнийгээ бид ярих ёстой. АН ялагдлаа гэхээр бүгд гудамжинд гарч лааз өшиглөөд явах уу, үгүй. Нам ялагдсаны дараа нэг хэсэг нь Америк руугаа явах уу. Манай намд Америкийн хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгж бодож байгаа бол үгүй шүү. Ардчилсан нам монгол төрийн нэг том тулах багана мөн. Цаашид Монголын төр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад юу хэрэгтэй байна гэдгийг дүгнээд түүнийг засч залруулахын төлөө явах учиртай. Монголд ардчилал ялснаас хойш УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиа хийлээ. Энэ бүхнийг ажиглаад байхад аль нэг нам төрийн эргэлт хийж байгаа мэт бүх зүйлийг өөрчилдөг. Чадавхитай боловсон хүчний нөөцөөр ажлаа үргэлжлүүлэх боломжийг хаагаад намын харьяалалтайгаар төрийн албан хаагчдыг халж, сольж эхэлдэг. Энэ нь цааш үргэлжлэх ёстой маш олон ажилд тээг болдог. Шинэ хүмүүс нь ажилдаа шинээр суралцахаас өөр замгүй байдаг. Монгол төрийн тасралтгүй үргэлжилж байх ёстой зарчим нэг нам төрийн эрхэнд гарснаар алдагдаад байгаа юм. Ардчилсан нам үүн дээр өөрчлөлт хийх ёстой. Манай намын шинэчлэл бүр улс орны хөгжлийг урагш нь алхуулж байдаг. Одоо бид монгол төрийн институцийг сонгох хууль эрхзүйн орчинг сайжруулахаас өөр аргагүй. Үндсэн хуулиа тодорхой зохицуулалт дээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан гэж хувь хүнийхээ үүднээс хардаг. Миний харж байгаараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын статусын асуудлыг тодорхой болгох цаг болжээ. Монгол Улс сонгодог парламентын зарчмаар хөгжих үү, Ерөнхийлөгчийн засаглалтай болж хөгжих үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Гарцыг нь олж өгөхгүй бол гурван биенээ чөдөрлөсөн байдалтайгаар төрийн институци явахгүй.

Улстөрч хүн маш олон хүнээс сонгогдох юм бол хамгийн том улстөрч гэж боддог. Тэгээд үзэхээр Ерөнхийлөгч болчихож байгаа юм. Ерөнхийлөгч аливаа зүйлийг хийе гэхээр эрх мэдэл байдаггүй. УИХ гэдэг бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа мундаг том байгаа биз. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьчихдаг. Ерөнхий сайд нь мундаг юм уу гэхээр Их хурал руу асуудал оруулахаар Их хурал нь чагталчихдаг. Ингэснээрээ гурван биенээ буруу ч юм хийлгэхгүй, зөв ч юм хийлгэдэггүй. Төрийн ажлыг явуулъя гэхээр хувь хүний субьектив байдлаас хамааралтай болчихоод байгаа юм. Хоёр нь нийлж нэгийгээ шахах маягаар улс хөгжихгүй. Хувь хүнийхээ үүднээс сонгодог парламентын зарчмыг дэмждэг.

-Энэ нь дан ганц АН-ын асуудал биш улс төрийн бүх намын асуудал байх л даа?

-Яг үнэн. Таныг хэлэхэд нэг санаа орж ирлээ. Тэр утгаараа Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх цаг болсон. Яагаад бид хатуу гишүүнчлэлтэй байх зам руу яваад байгаа юм. Өнөөдөр 1.2 сая хүн сонгууль өглөө гэхэд намын гишүүнчлэлийг хараарай. АН 160 мянга, МАН 160 мянган гишүүнтэй гэж бодъё. Үсрээд нэг нам ард түмний 10 гаруй хувийн дэмжлэгийг авахаар байгаа биз дээ. 10 гаруй хувь аваад ялж байгаа юм биш. Ард түмэн тэр чигтээ санал өгч байж ялж байгаа шүү дээ. Гэтэл ялсан намын нөхөр нь манай намын гишүүн гээд яриад явдаг. Намын харьяалалгүй бусад хүмүүсээ яах юм. Ингээд бодохоор өрөөсгөл байгаа юм.

Нам дотроо фракцална, гэр бүл дотроо намаараа талцана. Ингэж дотроо талцах нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй. Харин ч гадныхны өгөөш болоход хялбар болж байгаа хэрэг. Бид олон бутарч болохгүй. Манай нам ялах юм бол ийм бодлого явуулна гэдгээ зарладаг байх хэрэгтэй.Ард түмнээ талцуулах нь зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Намын бодлого гэхээсээ илүү манай намын гишүүн юм чинь чөтгөр байсан ч яахав гээд дугуйлдаг. Ардчилсан нам ялагдсанаар ардчилал алга болчихож байгаа юм биш. Одоо бид хоёр дахь ардчиллын давалгааг эхлүүлэх цаг болжээ. Бодлогын уралдаан зарлах ёстой. Ард түмэн бодлогыг нь хараад сонгодог болох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Пунцагийн Цогтнаран: Судлаад үзэхэд их романч Ванчинбал, Инжаннаш нарын угсааны үр сад байдаггүй бололтой юм билээ

Өмнөд Монголын Шилийн гол аймгийн “Шилийн гол” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, яруу найрагч Пунцагийн Цогтнарантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Монгол Улсад тавантаа ирж байгаа бөгөөд саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Зуун яруу найрагч-зуун эх орны шүлэг” чөлөөт уншлагад оролцож найргаа дуудсан юм.

-Монгол уншигчдад шүлгээ уншиж сонирхуулсан танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач!

-Миний бие Дундад улсын Монгол хугацаат сэтгүүлийн гавьяат найруулагч, сонин мэдээ хэвлэлийн тэргүүний ажилтан, Дэлхийн хайку шүлгийн нийгэмлэгийн болон Өмнөд Монголын зохиолчдын гишүүн, Дундад улсын умард орны шилдэг сэтгүүл болох “Шилийн гол”-ын ерөнхий эрхлэгч хүн байна.

Сая би “Монгол гэдэг овог аймаг

Морин дээр хаан нь

Нийслэлтэйгээн явж байсан

Түүх, үнэн хоёроо би мэднэ

Төмөр мэт гэрчийг дэлхий мэднэ

Бурхан тэнгэрээс бууж ирдэг үсэг бичиг минь

Бутраагүй, бусниагүй босоогоороо байна

Зарлиг шигээ

Үг хэлнийхээ

Байлдагч болон жагсаж

Жанжин шигээ

Өв соёлоо

Батлан сахиж байна

Хаан нь хэн бэ? Бид юм

Харваас бүүр шударга сайдууд юм

Төрдөө гэвэл

Боорчи шиг зүтгэж сурсан

Түмэндээ гэвэл

Боол шиг зүдэрч явсан

Хал хайр хоёроо багтаасан

Харцтайгаан адилхан

Хаан бол би юм.

Эрх чөлөө минь үүний

Тонгорго шиг гэрч

Эзэн шигээ амьдрал минь

Тангараг шиг баримт

Гишгэхээс уудам газар минь

Харааг хол тавьдаг

Гийгүүлэхээс ургах наран нь

Хажууд байх шиг манддаг

Их Хаан нутгийн иргэн би

Ертөнцөд өөрийн биедээ хаан юм

Өргөн хангай, говь минь

Газрын хаан

Өндөр Алтай оргил минь

Уулын хаан

Өв их соёл минь

Номын хаан

Өвөг богд Чингис минь

Дэлхийн их Хаан

Алхсан мөр минь

Алтанхан түүхтэй

Би хаан юм аа” гэж “Өөртөө би хаан” хэмээх шүлгээ уншлаа. Улсууд алга ташиж их сайхан хүлээж авсанд баяртай байна.

-Та яруу найрагч, уран зохиолчийн намтар цадигаасаа хуваалцаач?

-Дундад улсын бүх орны анхдагч “Уянгын мишээл” радио уран зохиол-яруу найргийн уралдааны тэргүүн шагналт, Хятад улсын “Гэлгэн уянга” шагналт уралдааны “Алтан одон”-ы эзэн, Өмнөд Монголын уран зохиолын дээд шагнал “Солонго” шагналт яруу найрагч юм. Одоогоор бүтээл минь япон, англи, хятад зэрэг хэлнээ орчуулагдаж, хөндлөн бичгээр Монгол Улсын уншигчдад бүтээл маань хүрсэн. Монгол найрагчдаасаа Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Артай нарын ахмадуудаа хүндэлж уран бүтээлийг нь дээдэлж явдаг даа. Манай сэтгүүлийн “Сувдан шигтгээ” буланд Монгол Улсын төрийн шагналт Цогдоржийн Бавуудорж нарын олон найрагчдын шүлэг зохиол хэвлэгдсэн шүү.

-Бичиж туурвисан ном бүтээл олон биз?

-Яруу найргийн “Далдын өндөр уул”, “Ил газрын нууц”, “Эртний ирээдүй” зэрэг шүлгийн түүврүүд, “Утгын хайгуул”, “Уянгын засуул” зэрэг шүүмж судлалын бүтээл туурвиж хэвлүүлсэн. “Эртний ирээдүй” шүлгийн түүврийг маань Дарьганга Харчин овогт яруу найрагч Ч.Эрдэнэбаатар уйгаржин монгол бичгээс кирилл үсэгт буулгаж, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуай эрхшээн соёрхож Монгол Улсад одоогоос дөрвөн жилийн өмнө гаргасан байгаа.

-“Хөх судар” зэрэг олон роман туурвисан Монголын их сонгодог зохиолч, бичгийн гайхамшигт хүмүүн Ванчинбалын Инжаннашийг Монголын бичиг соёлын хүрээнийхэн зохиол бүтээлээр нь төдийгүй төрөлх богд Чингис хааны алтан ургийн тайж язгуурт хүн гэдгийг дэндүү сайн мэднэ. Ванчинбал тайжийн удам угсааныхан өнөө Өмнөд Монголд байдаг болов уу?

-Ванчинбал гуайнх Ляонинь мужийн Зүүн Түмэд хошууны айл байсан. Манай Шилийн голоос их алс газар. Бид нэлээд сурагласан ч одоо тэднийхний онцгой үр сад гэх хүн үлдээгүй бололтой юм билээ. Аав, хүү Ванчинбал, Инжаннаш хоёр “Хөх судар”-ыг Монголоо гэх жинхэнэ элэг сэтгэлээр туурвисан дорнын их соёлт мэргэд байсан даа.

-Монгол Улсад тав дахиа ирлээ гэсэн. Хаагуур хаагуур явав?

-Эзэн Чингис хааныхаа түүхэн холбоотой газруудаар явж, их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” уянгын найраглалд гардаг олон сайхан газраар орлоо. Энэ удаа гэхэд Өвөрхангай аймгийн Хархорины хийд, дэлхийн энергийн төв болсон Дорноговь аймгийн Хамрын хийд, Аглагийн хийдээр зочлон зорчлоо. Монголын маань аль л өнгөтэй өөдтэй түүх дурсгалт газрууд энэ л нутагтаа байна. Тиймээс ч би “Хүй дарсан чулуу минь нутагтаа бий

Хүрч очих бодол минь нутагтаа бий

Овоон дээрээ чулуу нэмдэг Монгол

Орчлонг бүтэн эргэдэг байжээ” гэж би нэгэнтээ шүлэг бичиж байсан. Энэ сайхан монгол нутагт эх дэлхийн бүх монголчууд хүрч ирж сонирхоосой гэж би туйлаас их хүсдэг.

-Танаас саваагүй ч гэмээр нэг зүйл асууя. Монгол хүн шөлний хониороо амьжиргааныхаа бэл бэнчинг тодорхойлж байсан үе бий. Нэг хонины үнийн жишиг хилийн наана, цаана ямар байх шиг байна?

-Өмнө газарт нэг хонь дунджаар нэг мянган юанийн үнэтэй байна. Харин Монгол Улсын аль ч аймаг, суманд очсон нэг хонь таван зуун юаниас ч дээш үнэ хүрдэггүй юм байна. Тэгэхээр энд махны үнэ их хямдхан юм байна гэж бодлоо. Хэрвээ Дундад улсад хонь, үхрээ гэрээлж гаргавал их ашигтай байх болов уу.

-Та хэдүүлээ аж төрж байна?

-Бид хүү, охин хоёртойгоо дөрвүүл амьдардаг. Миний хүү цэргийн сургуульд сурдаг. Охин санхүүгийн сургууль төгссөн, банкинд ажилладаг. Олон хэлтэй хүн бий.

Categories
мэдээ цаг-үе

Ю.Цэдэнбалын комиссар Гэндэндаржаагийн охин Г.Нарангэрэл: Түлхүүрийг нь чулуудчихаад гараад явахад Филатова их цочирдох шиг болсон

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын комиссараар 36 жил тасралтгүй ажилласан Гэндэндаржаа агсны охин Г.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр Ю.Цэдэнбал агсны гэргий А.И.Филатовагийн туслах, орчуулагчаар нь ажиллаж байсан юм.

Олон жилийн өмнө таны аав Гэндэндаржаа гуайтай ярилцаж байснаа санаж байна. Бас танай нөхөр нэрт орчуулагч Ц.Бараадий агсныг “Миний мэдэх таван Бараадий” цувралдаа нийтэлж байсансан. Өнөөдөр тантай ярилцах хувь тохиол байж. Өсөж төрсөн амьдралаа жаахан дурсах уу?

-Тантай ярилцах, над ч гэсэн сонин санагдаж байна. Би төрсөн газраа “Туулын хөвөөнд” гэх үү дээ. Манайх Туулын хөвөөнд зусч байсан юм билээ. Ээж гадаа явж байгаад дуудахаар нь, аав гараад очсон чинь намайг гаргачихсан, хошлонгоосоо зуурчихсан сууж байсан гэдэг. Аав минь намайг боож авангуутаа өөрөө тэргээ бариад бид хоёрыг төрөхөд хүргэж байсан гэдэг юм.

-Нэг үгээр хэлбэл, та нийслэл хотдоо, “дээдсийн хүрээлэнд” өсч өндийсөн хүн байхнээ дээ. Багаасаа сургууль номын мөр хөөгөөд л явчихаа биз дээ?

-“Дээдсийн хүрээлэн” юу байхав дээ. Жирийн л монгол хүүхдийн амьдралаар өсч өндийсөн. Арван жилийн нэгдүгээр дунд сургууль төгсгөөд тэр үеийн ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн орос хэл уран зохиолын ангид суралцаж төгссөн. Дараа нь Комсомолын дээд сургууль төгсгөж орос хэл уран зохиолын багш, орчуулагчийн мэргэжил эзэмшсэн дээ. Тэгээд л МХЗЭ-ийн Төв хороо, Хүүхдийн төлөө фондын төв комисст нийт арваад жил ажилласан.

-Таныг Филатова авгайн “баруун гарын” хүн байсан гэх юм билээ. Яагаад тийм ойр дотно нөхөрлөх болов?

-Монголын хүүхдийн төлөө фондын төв комисс гэдэг цомхон байгууллага эвлэлийн төв хорооны дэргэд байсан юм. Дарга нь А.И.Филатова. нэгдүгээр орлогч дарга нь Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дашдовдон хавсарч хийдэг байсан. Би эхлээд МХЗЭ-ийн Төв хорооны үзэл суртлын хэлтэст (С.Даш даргатай) зааварлагчаар ажиллаж байлаа. Нэг өдөр танил хүүхнүүдтэйгээ уулзахаар хүүхдийн төлөө фондын Төв комисс хавиар очсон чинь А.И.Филатова гуайтай таарчихсан. Надаас хэд гурван зүйл асууж танилцсан. Миний Орост сургууль төгссөн, орос хэлний мэдлэгийг авгай анхааралдаа авсан юм билээ. Дараа нь Д.Дашдовдон дарга танилцуулахдаа ар гэрийн амьдрал, Ю.Цэдэнбал даргын комиссарын охин гэхчилэн танилцуулсан нь Филатова авгайд таалагдаж намайг шууд цалин нэмээд үүдэндээ суулгачихсан. Нарийн бичгийн дарга-орчуулагч л гэдэг байсан. Одоогийнхоор бол шадар туслах нь юм даа. Төв комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Цэрэндолгор бид хоёр л дэргэд нь байна даа.

-Авгайг хүмүүс олон янзаар хэлдэг. Монголд, хүүхдийн нэртэй асар их зүйлийг бүтээсэн гавьяатай хүн гэж байхад зарим нь Цэдэнбал дарга толгой дээрээ гаргачихсан хэт дураараа хүн байсан гэх тал ч бий. Олон жил дэргэд нь байсан та жинхэнэ зан төрхийг нь сайн мэднэ дээ?

-Мэдэлгүй яахав. Дотор нь орсон юм шиг мэднэ. Товчхон хэлэхэд хүүхдэд, ядарсан хүнд хайртай, Монголын хүүхдийн төлөө бие сэтгэлээ зориулсан хүн байсан. Улаанбаатар хот, аймаг сум болгонд барьсан тэр олон цэцэрлэг сургууль, “Найрамдал” зуслан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хуримын ордон… бүгдийг А.И.Филатова авгай бариулсан. Өвлийн хүйтэнд муу пальтоныхоо захыг босгочихсон, зуны халуунд хөлсөө дуслуулан тэнд л зогсдог байлаа шүү дээ. Одоо хаа байна, тэгж зүтгэж байгаа тэргүүн хатагтай! Зарим болж бүтэхгүй зүйл дээр Ю.Цэдэнбал даргын нэрийг барих, хүчлүүлэх явдал байсан л байх. Хэн чиг тэгнэ шүү дээ.

-Филатова авгайтай өнгөрүүлсэн сонин дурсамжууд их бий дээ. Заримаас нь сонирхуулах уу?

-Би өдөр тутмынх нь ажилд хамт явна. Орчуулга хийнэ. Нэг өдөр Яармагийн 75 ортой ясли-цэцэрлэгийн комбинатыг хүлээж авах боллоо. Урьд өдөр нь Цэрэндолгор бид нар авгайтай очиж үзэж байгаа юм. Бүх зүйлийг хачин сайхан бэлджээ. Авгай, гал тогооноос нь эхлээд нэг бүрчлэн үзэж явснаа, хүүхдийн хөнжлийн даавуун дээр ирээд толгой сэгсрэн хачин боллоо. Бид бол авгайн нүүрний хувирлаар бүх зүйлийг ойлгодог байсан. За, биш боллоо! гэж бодогдлоо. Авгай тэгсэн чинь: Энэ хөнжлийн даавуунууд болоогүй байна. Дээр нь ромбо хэлбэртэй нүх гаргаж, түүгээр ижил хэмжээний торго цухуйлган, маргааш өглөөний 08 цагт бэлэн болго гэж байна шүү. Цэрэндолгор бид хоёр, тэр хавийн гар машинтай 20 гаруй хүүхэн авчирч шөнөжин оёж хугацаанд нь бэлэн болгож байсансан. Маргааш нь ясли цэцэрлэгийн комбинатын нээлт дээр Намын төв хорооны улс төрийн товчоо ирж байгаа юм. Ердөө хэдхэн минутын өмнө, өөрийнхөө хэлэх үгийг намайг орчуул гэдэг байгаа. Би тийм өндөр хэмжээний арга хэмжээнд орчуулга хийж байгаагүй, ёстой л сандарсан даа. Үгүй гэлтэй биш. Нэг өгүүлбэр орчуулаад л авгайн царайг харна. Их л тааламжтай байх шиг байна. Дараа нь над их сайн орчуулсан гэж урам хайрласан л даа. Ер нь авгайн гол зан чанар бол буруу юман дээр хүнийг хамаагүй загнана. Хал! гэнэ. Тэгээд ачир дээрээ бол зөөлөн хүн. Нэг өглөө ирсэн чинь авгай бууж байна аа! Уурлахаар нь ойртох хүн ч олдохгүй. Хамгийн их аяыг нь олж тайвшруулдаг хүн бол Дашдовдон дарга. Дашдовдон даргын үгнээс бол гарахгүй дээ. Би гүйж очоод Дашдовдон даргыг “очооч” гэж гуйсан чинь, ер үг дуугүй намайг түлхчихээд цаашаа яваад өгдөг байгаа. Арга тасраад өөрөө орж авгайг жаахан тайвшруулсан чинь над нэг сонин үзүүлж байна. “Эд нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сэтгүүл дээр Монголын хүүхдийн 21 хувь нь өлсгөлөн байдаг гэж бичсэн байна. Яаж байгаа нь энэ вэ! Монголд хөрөнгөтөн орнуудынх шиг өлсөөд үхэж байгаа хүүхэд хаа байгаа юм” гээд л их ууртай байна аа. Тэгтэл ч гаднаас Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд Б.Жав ороод ирлээ. Би ч зөрөөд гарсан. Хэсэг хугацааны дараа Жав сайд нүүр нь час улаан болчихсон гарч ирээд: “Авгайн эрх охид сайхан мэдээрэй. Муу ч гэсэн би Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд хүн шүү” гээд хаалга саван гарч одсонсон. Жав сайд, Филатова авгайтай нэлээн ширүүн маргасан юм шиг билээ. Төдхөн халагдаад тусгай хоёрдугаар эмнэлгийн зөвлөх эмч болсон л доо.

-Авгайг их тансаг амьдралтай хүн байсан гэх юм билээ. Та нар ч түүнд багтаж л байгаа биз дээ?

-Тансаг ч гэмээр юм уу, би хэлж мэдэхгүй байна. Их л зарчимч, өөртөө болон бусдад өндөр шаардлагатай хүнд ээ. Сайд, дарга нарын ар талд амралтын өрөө байдаг л даа. Одоо бол хэн хүнгүй л тийм өрөөтэй болсон. Авгайд амрах өрөө гаргаж өгөх гэсэн чинь эсэргүүцээд хийлгээгүй. Нойлын өрөөнд бол бараг бие засахгүй. “Шалгав” гэснээс бусад хүнсний зүйлд бол уруулаа ч хүргэхгүй. “Шалгав” гэсэн набор, печень, жимсний зүйл авчирч задалдаг л даа. Маргаашнаас нь хэрэглэхгүй бидний л “олз” болно. Ер нь тийм хатуу дэгтэй хүн. Даргын хоол ундыг өөрөө түрүүлж амсаж үздэг байсан гэсэн.

-Том хүмүүсийн чинь нөмөр нөөлөг гэж байдаг. Танд тэр авгай тус болж байв уу?

-Бололгүй яахав. Хүнд их тусархуу хүн шүү дээ. Над олон удаа тус болсон. Мартахын аргагүй. Миний орон байрны асуудлыг нэг удаа сонирхож байсан. Айл гэр болж, тусдаа гарснаас хойш орон байрны хувьд хүндрэлтэй байгаагаа үнэнээр нь танилцуулсан. Авгай их анхааралтай, бичиж тэмдэглэж авч байсан. Ингээд л мартчихаж. Нэг удаа манайд Дэлхийн хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм. Тэр төлөөлөгчдийг авгай их сайхан хүлээж авсан. Тэгээд Холбооны яамны сайд Гарам-Очир, Боловсролын яамны хэлтсийн дарга Карма, Цэрэндолгор бид хэдийг төлөөлөгчидтэй хамт Зүүнхараад очууллаа. Бид тэнд агаарын том бөмбөлгөөр таван км аялж, зураг авахуулж байгаа юм. Марканд орох л зураг юм гэсэн. Буцаж ирээд, орой нь том хүлээн авалт болох байв. Тус бүрдээ ажил хариуцсан. Их л ажлын үе байсан л даа. Тэгтэл өдөр нь Филатова даргын эзгүйд хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл гуай над руу утасдаж “Танай даргын захиалснаар өөрт чинь хоёр өрөө орон сууц олгож байгаа юм. Ирж түлхүүрээ гардаж ав” гэсэн байхгүй юу. Би баярласан гэдэг жигтэйхэн түлхүүрээ авах гэж яваад жаахан хожимдчихож. Ирсэн чинь авгай ташаа тулчихсан, хөмсөг зангидчихсан, их ууртай байна аа! Би уучлал гуйгаад “Алтангэрэл дарга орон сууцны түлхүүр гардууллаа. Таны л ач буян” гэсэн чинь гэнэт царай нь сайхан болоод, баяр хүргэн, тэвэрч үнсэж байсансан. Тэнд байсан хүмүүст “Миний туслах шинэ байрны түлхүүр аваад ирж!” гэсэн чинь хүлээн авалт дээр бүх хүн баяр хүргэж, цэцэг дурсгаад л ямар сайхан байсан гээ. Тэр хүний ач тусыг бол мартахын аргагүй.

-Хамгийн ойрын шадар хүн-танд ингэж тусалдаг байна. Ер нь хүмүүст хэр зэрэг ханддаг байсан бол?

-Жирийн хүмүүст, тэр дундаа хүүхэд, ядарч зовсон хүмүүст асар их тусалдаг байсан. Олон баримт бий. Би тэр дундаас нэг амьд жишээ хэлбэл ойлгомжтой болов уу. Нэг өглөө ажил дээр ирсэн чинь наймдугаар ангийн жаахан хүү хүлээгээд сууж байлаа. Тэр хүү над, ээж нас барчихаад бид хэд аавтайгаа амьдарч байсан юм. Аав минь төмөр замд ажиллаж байгаад таалал төгслөө. Аавыг нас барснаас хойш хамтран эзэмшиж байсан айл маань бид гурвыг хөөж гаргасан. Одоо нэг зуны амбаарт амьдарч байна. Байрны туслалцаа эрж явна гэлээ. Авгайг ирэнгүүт хүүхдийг танилцуулж учир явдлыг хэллээ. Филатов “Хүүхэд ингэж явж болохгүй. Даруй арга хэмжээ авна” гээд, тавдугаар хороололд хэдэн офицер үе үе цуглаж ажил явуулдаг байсан нэг өрөө сууцыг дор нь суллуулж засуулаад гурван хүүхдийг оруулсан. 5000 төгрөг гаргуулж, доторх бүх тавилгыг нь бэлэн болгож байсансан. Төрбат гэж тэр хүү сүүлд манай нэртэй дасгалжуулагч болсон. Одоо сайн сайхан ажиллаж, амьдарч яваа.

-“Филатовагийн цэцэрлэг ясли”, “Фондын цэцэрлэг ясли” гэдэг нэртэй олон арван барилга байгууламж ашиглалтад орж байсан. Нэр нь авгайнх болохоос хөрөнгө нь улсаас гарч байсан юм биш үү?

-Бүгдийг хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьж байсан. Фондод том хүний нэрээр гадаад, дотоодын асар их хандив тусламж цугларч байлаа шүү дээ. Оросын байгууллагууд бол их хөрөнгө хүч гаргасан даа. Гол нь Филатова авгай яг өөрөө харж байж хийлгэдэг байсан. Та “Найрамдал” зуслангийн олон хөөрхөн модон байшинг санаж байгаа байх. Авгай зам дээр эрээн мод бариад зогсчихсон, тэр банз мод ачсан машинуудыг шалгаж, цаг хугацааг нь тэмдэглэж авдаг байлаа шүү дээ. Муу саарал цуваа өмсчихсөн, надаар шүхэр бариулчихаад зам дээр зогсож байгаа нь одоо ч нүдэнд харагдах шиг болж байна.

-Хуримын ордонг бас л тийм замаар бариулсан уу?

-Энэ түүх сонин шүү дээ. Л.И.Брежнев дарга нэг ирэлтээрээ энэ III, IV хорооллыг бэлгэнд өгсөн юм. Орон сууцны асар олон барилга, бүх төрлийн үйлчилгээтэйгээ шүү дээ. Яг тэр үеэр нь Филатова авгай Брежнев даргатай биечилж уулзсан байгаа юм. “Монголын залуучууд хурим найраа хийх тохитой байргүй хэцүү байна. Та энэ бэлгэндээ Хуримын ордон оруулчихгүй юу” гэж гуйсан гэдэг. Л.И.Брежнев дарга жаахан бодолхийлснээ, “болох л юм” гээд одооны энэ хуримын ордонг барьж байгуулсан, Авгай дэргэдээс нь холдолгүй хорин сарын дотор бариулсан гэдэг юм. Тэр их хөдөлмөрийг нь үгүйсгэж болохгүй л дээ.

-Та эндээс яагаад халагдах боллоо?

-Нэг өдөр Хэнтий аймгийн Засаг дарга манай фондод маш гоё гэр бэлэглэлээ. Цэрэндолгор бид хоёрыг очиж бариулаад хүлээж ав гэснийг ёсоор болголоо. Авгай ч гоё гэртэй боллоо гээд их баярлаж байсан. Тэр орой Хэнтийн Засаг дарга болон төлөөлөгчдийг хүндэтгэж цайлах болсон юм. Бас урамшуулал бэлдчихсэн. Ер нь бүх зүйл бэлэн болсон байсан л даа. Энэ өдөр миний хувьд ар гэрийн гачигдал гараад, тэвдэж сандарч явсаар жаахан хожимдчихож. Өрөөндөө хүрээд ирсэн чинь авгай ташаа тулчихсан, учиргүй ууртай угтлаа. Би өөдөөс нь маргаж, зөрж үзээгүй юм л даа. Өдрийнхөө сэтгэлийн хямралд тэгсэн үү, гэнэт дотор бачууран, түлхүүрийг нь гаргаж ширээн дээр чулуудчихаад, хаалгыг нь саван гарч билээ. Залуу ч байж, омголон ч байж. Ингээд л эргэж очоогүй дээ.

-Авгай араас чинь хөөцөлдөж, элдвээр гоочилсон уу?

-Үгүй дээ. Тэр чинь их цайлган хүн. Тэр оройноо л мартаа байх.

-Дахин уулзалдсан уу?

-Уулзсаан уулзсан. Москвад байхад нь би нэг удаа очиж уулзсан. Хүүхдээ ирсэн юм шиг хөөрөөд л, том том нулимс унагаагаад л ямар өрөвдөлтэй байсан гээ. ГУМ-д оруулж 2000 рублийн хувцас авч өгч бэлэглээд…

-Монголд ирэхэд нь уулзаа л биз дээ?

-Уулзалгүй яахав. 1988 онд ирэхэд нь дарга цэргийн байдлаар биш, эгч дүүгийн байдлаар уулзан нэг сайхан орой гадаа модон сандал дээр хууч хөөрч, өнгөрсөн амьдралын жаргал зовлонгоо дурсацгааж билээ. А.И.Филатова гэдэг чинь цайлган хайлган, нэг л сайхан орос эх юм шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр, төвийн аймгуудын хойд хэсгээр, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн” улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ

ГХЯ-нд

09.00 цагт “Монгол, Хоккайдогийн бизнес форум” зохион байгуулагдана.

НМХГ-т

10:00 цагт Он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.

Мишээл экспо төвд

10:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдтэй уулзана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд

10:00 цагт Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцүүлэг хийнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагт БНӨСУ болон Бүгд Найрамдах Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд удаагүй байгаа цэргийн багуудад Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардуулна.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын шатрын холбоо, Монгол туургатны шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-нд

11:00 цагт Японы ЧИЧИ Анагаах Ухааны Их Сургууль Монголын талтай хамтран ажилласан судалгааны тайлангаа тавина.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:30 цагт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн” улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.

“Шангри-Ла” зочид буудалд

12:00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзалт хийнэ.

Туушин зочид буудалд

14:00 цагт Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэйгээр бүтээгдсэн, 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаарх “Тэгш боломж” баримтат киноны нээлтийн үйл ажиллагаа болно.

Монгол бөхийн өргөөнд

16:00 цагт Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнтэй хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан өдөрлөг”-ийг зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо очжээ

Image result for Ц.Элбэгдорж 2016 НҮББүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.