“Мишээл экспо” төвд албан ёсоор нээлтээ хийсэн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа хоёр сарын хугацаатай дэлгэгдэх бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн 43 байршилд 434 цэгт хүнсний ногоо борлуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний томоохон 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Үүнээс гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн таван дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, ногоочин, зөгийчин иргэд оролцож буй юм. Ховдын тарвас, Сэлэнгийн Шаамарын зөгийн бал, хүнсний ногоо, Увсын чацаргана, Хөвсгөлийн жимс гээд үзэсгэлэнд оролцож буй орон нутгийн брэндүүдийг нэг бүрчлэн тоочвол нэлээд урт жагсаалт гарах нь тодорхой. Харин энэ бүгдийг халуун нарнаас халшралгүй тордож услан, зунжингаа хорхой шавьжнаас харамлан, зэрлэгтэй “тулалдаж”, өвөл нь болохоор хүйтэн нойтон байна гэж цэрвэлгүй хойтон жилдээ тарих ногооны үрээ яг л нялх амьтан бөөцийлөх мэт арчлан хамгаалах ногоочдын хөдөлмөр үнэндээ жилийн дөрвөн улирал үргэлжилдэг. Зарим нь энэ их ажлынхаа хажуугаар бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, таваглаад идэхэд бэлэн болгосон жимс, ногооны чанамал, дарж, даршилсан ногоо, салаттай сууж байгаа нь бахархууштай.
Бөхийн өргөө болон, “Sky” худалдааны төвийн гадна задгай талбайд тарьсан ногоогоо зарж борлуулж буй ногоочидтой уулзлаа. Тэд банкны зээлийн хүүг бууруулах, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, төсөл хөтөлбөрт бодлогоор хамруулж дэмжээсэй гэж хүсдэг аж. Мөн жилийн дөрвөн улиралд нийслэлчүүд эх орныхоо хөрсөнд тарьсан органик ногоо, жимсийг хэрэглэх боломжтой гэнэ. Гэтэл ногоо, жимсээ хадгалах зоорь, өөрсдөө хүнсний зах, худалдааны төвүүд дээр суух лангуу, павильонгүйгээс энэ нь бүтдэггүй юм байна.
Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан О.Оюунчимэг: АРАЙ НААШТАЙ ХАНДАЖ БАЙСАН НЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
-Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирсэн зөгийчин, ногоочин хүн байна. 20 гаруй жил энэ хоёр аж ахуйгаа эрхэлж байгаа. Бид намрын налгар сайхан цагт ногоогоо борлуулах боломж нь арай илүү байдаг. Өвөл болохоор битүү байр сав хэрэгтэй болдог. Өвөл ногоо гадаа зарвал хөлдөнө. Ингээд л байгалийн эрхшээлээр өвөл нь борлуулалт зогсдог. Уг нь бид өөрсдийнхөө өвөл хэрэглэх болон илүү гарсан ногоогоо зоорьлоод хадгалчихдаг. Тиймээс өвөл байр савтай бол зөгийн бал, ногоогоо нийслэлийн иргэддээ борлуулах боломжтой. Бидэнд тулгамддаг нэг асуудал нь орон нутагтаа бол боломж нөхцөлдөө тохируулаад барьчихсан зоориуд бий. Нийслэлд ирэх гэхээр ногоогоо хадгалах зоорьгүй, өөрсдөө зогсох павильон, лангуугүй. Аж үйлдвэрийн яамтай байхад зоорьны асуудлыг шийдэж өгнө гэж байсан юм. Үнэндээ яам байгуулагдахаас ч өмнө энэ асуудал яригддаг байлаа. Зоорьтой болох гэхээр хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйн зовлон бий. Ногоочид банкны зээл авч л ажлаа амжуулдаг. Намар нь хэдэн төгрөг олохоороо хүүхдийн сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, зээлээ эргүүлж төлөх гэж эргэлдсээр байтал олсон хэд нь дуусдаг. Тиймээс ногоочид өөрсдөө нэгдээд том хэмжээний зоорь барья гэхээр бүтдэггүй юм. Бидний энэ хүндрэл бэрхшээлийг ойлгож, арай нааштай шийдвэр гаргаж, шийдэхийг оролдсон нь Аж үйлдвэрийн яам. Гэтэл татан буугдчихсан.
Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн ногоочин Ц.Цэцэгмаа: БИД НОГООГОО МАНАЖ ГАДАА ХОНОДОГ
-Нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Хүрлээ гэдэг хүн маань энд асар майхан авч өгч бид говийн шимтэй хөрсөнд тарьсан улаан лоолио нийслэлийнхээ хэрэглэгчдэд хүргэж байна. Энд ирээд 10 гаруй хонолоо. Би энэ хугацаанд 800 орчим кг улаан лооль зарлаа. Өмнөговь аймгийн Булган сумаас Улаанбаатарт жил бүрийн намар 20 тонн улаан лооль авчирдаг. Ил задгай талбайд ундаргын рашаанаар усалж тарьдаг учраас манай улаан лоолийн амт, чанар сайн. Ямар ч химийн бордоо хэрэглэдэггүй. Бид уг нь бүхий л төрлийн ногоог тарьдаг ч 700 км-ийн алсаас тээвэрлэдэг учраас тэр бүгдийг нааш нь тээвэрлэх боломжгүй. Харин Сэлэнгээс төмс, хүнсний ногоо тээвэрлэх бүрэн боломжтой шүү дээ. Төмөр замтай гээд дэд бүтцийн хувьд давуу тал олон бий. Гэтэл эд маань ирэхээрээ ногоогоо хадгалах зоорьгүй, өөрсдөө суух байр савгүйдээд байдаг. Ер нь говь, хангайгүй л зоорьны асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй л дээ. Бид авчирсан ногоогоо манаж хонодог. Ингэхгүй бол авчирсан ногоогоо алдчих гээд зовлонтой. Намрын налгар цаг учраас л ногоотойгоо гадаа хонодог. Түүнээс биш өвөл бол ингэж зарах боломжгүй шүү дээ. Үүнээс гадна намар ургац хураах үеэр Хятадаас оруулж ирдэг ногоонд хориг тавьдаг болмоор байна. Ингэхгүй бол бидний дундуур улайм цайм ченжүүд орж ирчихээд хятад, монгол ногоог хольж зараад байх үе ч бий. Адилхан ногоогоо борлуулах гэж ядаж байгаа учраас бид “Наадах чинь хятад ногоо хольчихсон шүү дээ” гээд шууд хэлж чадахгүй бүлтэгнээд суудаг. Хэрэв хориг тавьчихвал зарж байгаа, авч байгаа аль алиндаа итгэлтэй, амар шүү дээ.