Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн ч гэр оронгүй болж хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэд “Моннис” болон “Бүрд” гэх хоёр компанид анх 2013 оноос гэрээ хийж, 2014 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гэхэд газраа 100 хувь чөлөөлж өгсөн байна. Тус хоёр компани нийлээд 23 га газар авсан чөлөөлүүлж авчээ. Анх гэрээ хийхдээ түрээсийн байр барьж өгөөд, газраа чөлөөлнө, мөн худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдэд өдөр тутмын орлого өгнө, эсвэл түрээсийн мөнгө сар бүр олгоно гэхчилэн гурван талт гэрээ хийсэн байна.
Одоогийн байдлаар, иргэд гурван жил гаруйн хугацаанд хүлээж буй бөгөөд сүүлдээ түрээсийн мөнгөө ч олж авч чадахгүй байдалд хүрчээ. Барилгын ажил долоон давхартаа хүрээд зогссон байдалтай байгааг иргэд хэллээ. Хамгийн гол нь эдгээр иргэдийн ард 4000 гаруй хүн орон гэргүй болж, энд тэндгүй тарсан байдалтай, хүйтний улиралд хаана байх нь тодорхойгүй байгаа аж.
Иргэд хэлэхдээ “Бидэнтэй ирж уулзахгүй байна. Цаашид бид яахаа мэдэхгүй байна. Одоо хүйтэрлээ. Засгийн эрхийг шинээр авсан нам гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдийн гомдлыг барагдуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Одоо болтол ямар ч хариу алга. Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэйгээ мартсан бололтой. Э.Бат-Үүл даргад дөрвөн удаа бичиг өгсөн ганц ч хариу өгөөгүй. Эсвэл бидний газрыг эргүүлээд гаргаж өгөхийг хүсч байна. Мөн гурван талт гэрээ хийсэн, газраа татан буулгасан, эргээд ямар газар хандах учраа олохгүй байна” гэлээ.
Тендерт ялсан гэх компаниуд урьд нь ямар ч барилга барьж байсан туршлагагүй, уул уурхайн компани байсан бөгөөд гол гацааж байгаа нь нөгөөх л хөрөнгийн асуудал яриад гаргадаг аж. Иргэдийн талд ганцхан Гэр хороолол хөгжлийн газар байдаг, иргэдийг хохироосон компаниудыг татан буулгах ямар ч эрх зүйн үндэс, хариуцлага байдаггүй байна.