Moнголын Хэвлэл мэдээллийн мөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 10-ны өдөр болж шинээр ирсэн нэг гомдол, түр түдгэлзүүлсэн байсан хоёр гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Mобиком Корпораци” ХХК-аас нийт есөн сайт, өдөр тутмын нэг сонины редакцид хандан хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй ташаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээллээрээ байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж гомдол гаргажээ. Уг гомдлыг Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо авч хэлэлцээд өдөр тутмын сонин болон нэг сайтын редакци нь “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, эх сурвалжийг нягталж, тодорхой дурдаагүй” хэмээн үзэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 болон 1.2 дахь заалтыг, мөн 1.8 дахь заалтын “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэв. Мөн бусад сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 болон 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнээд эдгээр сайт болон сонины нэрийг нь дурьдахгүйгээр гаргасан зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав.
Монгол улсын Хөгжлийн банкнаас өдөр тутмын нэгэн сонины редакцид хандан бодит баримт нотолгоогүй, нийгмийг төөрөгдүүлсэн, байгууллагын болон хувь хүний нэр төрд ноцтойгоор халдсан мэдээллийг түгээсэн хэмээн үзэж, Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг Сонин сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2015 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан түр түдгэлзүүлсэн байсан юм. Энэ удаагийн хуралдаанаар уг гомдлыг дахин авч хэлэлцээд тус сонины редакци нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1 дэх заалтын “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг, 1.1 дэх заалтын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.8 дахь заалтын “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлээ. Энэ дүгнэлтийг үндэслэн сонины редакцийн нэрийг дурдахгүйгээр гаргасан зөрчлийг нь олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав.
Мөн иргэн Ц.П-ийн зургаан сайтын редакцид хандан гаргасан гомдлыг Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо түр түдгэлзүүлсэн байсныг дахин хэлэлцлээ. Гомдол гаргагч нь сайтуудыг хэт нэг талын мэдээллийг дэвэргэн бичиж, хувь хүний нэр төрийг гэр бүл болон ажлын хамт олны дунд унагаасан ноцтой үйлдэл хэмээн үзэж, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандсан юм. Нийтлэлд хохирогчоор дурдагдсан этгээд нь тухайн нийтлэлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ч, гомдол гаргагч хууль хяналтын байгууллагаар шийдэгдээгүй байхад өөрийг нь буруутан мэтээр бичсэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо уг гомдлыг үндэслэлтэй гэж үзэн дахин авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Cityinfo.mn, fact.mn, photonews.mn, shuurhai.mn, amidral.mn, dorgio.mn сайтын редакци нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1 дэх заалтын “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг, 1.3 дахь заалтын “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг, 1.8 дахь заалтын “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг, 4.2 дахь заалтын “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэв. Энэ дүгнэлтийг үндэслэн Гомдол барагдуулах журмын 6.2.4 дахь заалтад зааснаар дээрхи сайтуудын рөдакцид энэ тухай мэдэгдэж, алдаагаа засах, гомдол гаргагч иргэнээс уучлал гуйхыг зөвлөмж болгон албан бичиг хүргүүлж, сityinfo.mn, fact.mn, photonews.mn, shuurhai.mn, amidral.mn, dorgio.mn сайтуудын редакцийн нэрийг нь дурьдаж гаргасан зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл