Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Өдрийн сонин”-ы нийтлэлүүд монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь болдог

Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрний онцлох нийтлэл монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь байж, нийгмийн дархлаа нь болдог. “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаарт төрийн шагналт Баабар чухам хэрхэн даацтай бүтээл-нийтлэл бичихийг, дараа өдөр (пүрэв гараг) нь төрийн шагналт Б.Цэнддоо ямархан хоржоонтой нийтлэл фельеотон тавьж, нийгэм даяар шуугиан болгохыг Монголын ард түмэн хүлээдэг. Хүлээгээд зогсохгүй улс төр, эдийн засаг, нийгмийн судлаачид тэдний шинэхэн бүтээл бүрийг нь анхааралтай ажиглаж, зүг чиг авдаг. Мөн олон улсын шинжээчид болоод эдийн засаг, уул уурхай, улс төрийн дэлхийн томоохон сонин сэтгүүлүүдийн гал тогоо анхаарлаа хандуулдаг юм. Тэд бол улс үндэстний оюуны лидер, гүн сэтгэгчид билээ. Сүүлийн хорь гаруй жил “Өдрийн сонин”-д Баабар, Цэнддоогийн сонгодог нийтлэлүүд тасралтгүй хэвлэгдэж ирсэнд үнэ цэнэ нь оршино.

“Өдрийн сонин”-ы оюуны эх булгийн ундарга нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, нэрт нийтлэлч Жамбалын Мягмарсүрэнгээс эхтэй юм. Тэрээр ерээд оны эхэн үеийн нийгмийн шуурган дунд “Гэдгэр гуйлгачин”, “Мал дагавал мал болно” тэргүүт нийтлэлүүд бичиж, эсэргүү, адармаатайгаараа дуудуулан, дуулиан дэгдээж байсан. Аливаа асуудлыг хий хоосон цэцэрхэл, номчирхол бус жинхэнэ амьдралын философиос ургуулж илэрхийлсэн эдгээр бүтээлүүд тухайн цагт үнэндээ этгээд сонин байсан нь мэдээж. Тиймдээ ч Монголын сэтгүүл зүй, оюуны ертөнцөд бүтээл туурвил нь нэршил болж үлдсэн хэрэг. Мягаа эрхлэгчийн эх ундаргыг нь бий болгосон Монголын лидер сонины оюун санааны буухиа Баабар, Цэнддоогоор өртөөлөн дамжиж, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нийтлэлч Гомбын Дашрэнцэн, хөрөг туурвил болоод нийтлэлийн мастер Шагдарсүрэнгийн Цэрэнпил, “Балдорж”-ийн гран-при шагналт нэрт нийтлэлч Жамбалын Гангаа нарын авьяас билгийн түүчээ болсон эрхмүүдээр үргэлжилсэн юм.

Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан нарын шуугианы эзэн топ сэтгүүлчид ч манай сонины бүтээгдэхүүн бөгөөд энэ л оюуны уурхайн гал голомтыг түшсэн байдаг. Сэтгүүл зүйн нэгэн үеийн түүхийн эзэн тэд утга уянга, улс төр, эгэл амьдралын альчиг төрөл жанрын хурц дайчин нийтлэлүүдээрээ алдаршиж, “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдын талархлыг хүлээснийг бид мэднэ. Харин нийгмийн гол дархлаа болсон энэхүү уурхайг өдгөө Монголын сэтгүүл зүйн өнөө цагийн нэрийн хуудас нь болж яваа Дашбалбарын Мөнгөндалай, Пүрэвийн Хашчулуун, Энхцагийн Энэрэл, Дэмбээгийн Оюунтуяа нарын олон шилдэг нийтлэлч, сэтгүүлчид буухиалан авч явна. Тэдний бүтээл туурвил сонины шинэхэн дугаар бүрийн гуравдугаар нүүрийг итгэл төгс эзэгнэж, аатай, адармаатай, өмнөөс нь халгамаар, сэтгэл огшмоор, өөрийн эрхгүй нэгийг бодуулж, хоёрыг сануулан уншигчдын уураг тархинд мөнхийн сэрүүлэг шиг очсоор байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлүүд монголчуудын оюун санааны чиглүүлэгч луужин нь болдгийг үй түмэн жишээ баримтаар дурдаж болно. Өглөө бүрийн ургах нартай хамт уншигч таны сэтгэл оюунд нийгмийн сэтгэлгээг манлайлан дагуулах нийтлэлээ бид авьяас төгөлдөр сэтгэгчид, бичгийн их мастеруудын үгээр хүргэдэг. Тэгэхээр хэзээ ч шавхагдашгүй агуу их оюуны уурхай гэдэг нь нэвт шувт мэдрэгдэнэ. “Өдрийн сонин” хэмээх топ брэндийн амин судас нь гуравдугаар нүүрт хэвлэгддэг нийтлэлдээ оршдог юм. Улс нийгмийн дархлаа нь болтол энэ олон жилийг туучиж ирэхдээ хичнээн зуун мянган санал санаачилгыг дэвшүүлснийг хэлж яахин барах билээ дээ. Сүүлийн нэг, хоёрхон жилийн нийтлэлүүдийн зах зухаас аваад үзэхэд, нийгмийн олон сэдвийн хүрээ хязгаар тодорхойлогдож байна.

Тухайлбал, сүүлийн 25 жил манай сонин өвлийн уралдааныг хориглох нь зөв хэмээн хатуу байр суурьтай тэмцэж ирсэн. Чөмөг царцаам тэсгим хүйтэнд нүүрэндээ үстэй адгуус уралдуулж зугаагаа гарган, амьтны үрийн алтан амиар нааддаг баячууд, эрх дархтнуудын өмнөөс бид сөрж зогссон. Монгол ёс уламжлалаа уландаа гишгэгсэд биднийг элдэв янзаар хараан зүхэж байсан бол сүүлийн арван жил байдал өөрөөр эргэж, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн бус байгууллагууд төдийгүй төр засгийн түшээд ч санаа нийлж, засгийн хэмжээнд хүртлээ яригдсан.

Мөн “Өдрийн сонин”-ы уриалга нийтлэлийг дэмжиж өнгөрөгч онд Хөвсгөл, Төв аймгийн Засаг дарга нар өөрийн аймгийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын нэгнийг хүртэл өвөл, хаврын морин уралдаан зохион явуулахыг хориглох шийдвэрийг гаргаж байв. Ялангуяа Төв аймгийн Засаг даргын шийдвэр Засгийн газрын хуралдаанаар яригдаж, “Дүнжингарав” уралдаан болох эсэх нь эргэлзээтэй болж байсан. Гэвч Засгийн газраас уралдаан зохион байгуулах шийдвэр гарган, өнгөрөгч хавар хоёрдугаар сарын 28-нд “Дүнжингарав” болоход тэр өдрийн туршид цахим ертөнцөөөр “Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй” гэх “Өдрийн сонин”-ы нийтлэл цацагдаж, тус уралдааныг хүн бүхэн давалгаалан эсэргүүцэж байсан. Мөн бидний санаачилгыг дэмжин 2015 онд УИХ-ын эмэгтэй гишүүд “16-гаас доош настай хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох” хуулийн төсөл боловсруулж байлаа.

Манай сонины бодлого болгон явуулдаг мөнхийн сэдвийн нэг бол дотуур байр юм. Хоёр жилийн өмнөх зургадугаар сарын нэгний өдрийн дугаартаа “Хүүхдийн баяраар дотуур байр хэмээх шоронг халъя” хэмээн бичиж байсан. “Дотуур байр хэмээх энэ шорон малаас нь хүнийг хөндийрүүлэхгүй гэсэн социализмын харалган бодлого дээр байгуулагдсан. Нэгдэл нийгмийн мал хуйтай айлуудыг хүүхдээ сургууль соёлд сургана гээд малаасаа хөндийрчих вий, ноос ноолуур, дэл сүүл, айраг сүүний төлөвлөгөө тасарчих вий гэсэндээ сум суурин бүхэнд дотуур байр барьж, амьтны алаг үрсийг өнчин хурганаас ч дорд үзэж өнөөх шорондоо хашсан байдаг” гэх утга бүхий цуврал нийтлэлүүд гарсны дараа нийгэмд олон арван хөдөлгөөн өрнөсөн. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Нээлттэй нийгэм форумтай хамтарч төсөл судалгаа хэрэгжүүлэн “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дотуур байр стандартын наад захын шаардлага хангадаггүй, хүйтэн цэвдэг, хүчирхийлэл, хатуу дэглэм, өс хонзонгийн оромж болсон”-ыг салбарын яаманд нь мэдэгдэж байлаа.

Азийн ихэнх орноос салбар бүрийн Нобелийн шагналтнууд төрж буй энэ цагт “Монголын боловсролын шалгуур бол Нобелийн шагналтан юм” гэж бид үздэг. Дэлхийн сод хүн төрөхгүй, дэлхийн нэг чиг брэнд бүтээгдэхүүн гаргаагүй харанхуй бүдүүлэг, дэндүү хоцрогдсон байгаа минь дотуур байртай холбоотой. Цаашлаад эрдэм оюунт хүнээ малаасаа дор үздэг сэтгэлгээтэй нь холбоотой. “Монголын төр мал сүргийг маамуугаас илүү энхрийлнэ”, “Хонины хурга зутарна гэж хоничны хөвгүүн бэтгэрэх ёстой юу”, “Монголын малчдыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна” гэх нийгэмд дуулиан шуугиан болсон үй олон нийтлэл гэрчилнэ.

Үүнээс гадна “Өдрийн сонин”-ы улс төрийн нийтлэлүүд улс нийгмийг удирдан чиглүүлж, ямар нам эвсэл, нэр дэвшигч төрийн эрхэнд гарахыг хүртэл зааж зааварлаж ирсэн. Улс төрийн халуун нийтлэлийг улайстал нь бичиж, эрх баригчдаас огтхон ч эмээлгүй үнэний дуу хоолой болж ирсэн сэтгүүлчид “Өдрийн сонин”-ы индэр дээрээс ирт хутга шиг үгээ хэлдэг. Бид аль ч засгийн үед ард түмнийхээ талд зогсож сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн, хүчтэй дуу хоолой нь болдог. Хуучин “ху”-гийн үед ч, ардчилсан засгийн үед ч, одоогийн Ардын намын үед ч сөрөг хүчний байр сууриа хадгалж чадсан маань мянга мянган уншигч олныхоо итгэлийг алдаагүйгээр хэмжигдэнэ. 2008 оны долдугаар сарын 1-ний цуст үймээний онц байдлын өдрүүдэд Монголд ганцхан “Өдрийн сонин” л хэвлэгдэж, ард түмнийхээ үнэний туг нь болж, Монголын лидер хэвлэлийн алтан дүрмийг барьж явсныг хожмын түүх гэрчилнэ биз ээ.

“Өдрийн сонин”-ы ташуур амсаагүй улстөрч Монголд ховор. “Энхбаярын босгосон хатуу цайзыг Өдрийн сонин л буулгаж авлаа” гэдэг бол “зовлон” үзсэн нөхдийн хэлсэн үг болов уу. “Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү”, “Гараа “цусанд дүрсэн” хүмүүс монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй”, “Ерэн настай МАХН моргоос гарч ирлээ”, “Ухаантнууд нь улс төрд орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг”, “Тэнэгэрсэн ард түмэн болох гэж зүтгэснийхээ горыг амсч эхэллээ”, “Энэ эрчүүд чивтэй чавганц болчихжээ” гэж “Өдрийн сонин” л зоригтой хэлнэ.

Мөн “Нүүрсчдийн нам шороочдын нам” гэх хэллэгийг бий болгож, “Ганцаараа идвэл Ганц худагийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад” хэмээн сануулж байлаа. “Баярлана гэдэг балгахын нэр биш” хэмээх нийтлэл тухайн цагтаа бас л нийгмийн хэллэг болж, “Архигүй Монгол” зэрэг олон хөдөлгөөн өрнөж, сүү өргөөд эхэлсэн юмдаг. “Төрийн өндөр алба хаших хүмүүст дээд боловсролтой байх ганцхан шалгуур тавих хэрэгтэй”, “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна”, “Ромео Жульетта жүжгийг хориглоё”, “Бид бие биедээ мэхийж хүндэлдэг хуультай болмоор байна” гэх энэ олон нийтлэлүүд бүгд нэг нэг том оюуны уурхай юм. “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг”, “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадмууд” зэрэг олон нийтлэл урлаг, спортыг хөдөлгөөнд оруулж байв. Энэ бүхэн бол зүгээр л зах зухаас нь хэлтлэх төдий ойрын жишээ юм. “Өдрийн сонин” ингэж үндэсний том хэвлэлийн өндөрлөгөө хадгалж, монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь болдог гэдгийг сүүлд нь нэмээд хэлчихье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нийгмийн жоом” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины лхагва гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарсан билээ. Энэхүү хэрэг явдлын талаарх сурвалжлагын үргэлжлэлийг долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай хууль эрх зүйн талаарх ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Баабарын “Нийгмийн жоом” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гадаадын хөрөнгө оруулагчтын уулзалтын үеэр хэлсэн үг болоод улс төрийн цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авч уншаарай.

Манай сонины 12 дүгээр нүүрний “Өөрөөс нь” буланд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүний хүү Ц.Зоригт ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Увс аймгийг зорихын өмнөхөн уулзаж ярилцсаныг сонирхон хараарай.

Манай сонины 13 дугаар нүүрний “Соёл Урлаг” буланд гарсан “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаатай хамтлагийнх нь 15 жилийн ойн талаарх ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 28-нд болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзсэн байна. Иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Эрээн дэх Консулын газар ”Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав

БНХАУ-ын Эрээн хотод Консулын газар
байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд тус газраас
иргэдэд чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг БНХАУ-ын Эрээн хотын авто замын боомтод 2016
оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тус
Консулын газрын ажилтнууд нийт 300 гаруй монгол иргэдэд БНХАУ-ын хил, гааль,
хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн талаар санамж,
зөвлөгөө бүхий гарын авлага тарааж, 50 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө
өгч, 10 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, Эрээн боомтоор хил нэвтэрч буй
өөрийн орны иргэдэд консулын үйлчилгээ үзүүлжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын
Эрээн хотод суугаа Консулын газар нь 1996 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол
Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбар нэртэйгээр
анхлан байгуулагдаж, улмаар Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Эрээн дэх
салбарыг 2007 оны 4 дүгээр сард Консулын газар болгож статусыг нь дээшлүүлснээр
бие даасан Дипломат төлөөлөгчийн газар болсон түүхтэй.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНЭУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын
Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх
Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас анхаарал
тавьж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ
тогтмолжиж байгааг тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд
АНЭУ-ын Засгийн газрын 13 сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулсан
Тайширын усан цахилгаан станц чухал ач холбогдолтойг онцлов.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн
зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяан хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хотноо саяхан байгуулагдсан Элчин сайдын
яам чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх,
хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх саналтай байгаагаа тэмдэглэлээ. Эмиратаас
худалдааны ажлын хэсгийг Монголд илгээж, эдийн засгийн хамтын ажиллагааны
салбаруудыг судалж үзэх сонирхлоо тэрээр мөн илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд
Монгол Улсын Ерөнхий сайдыг боломжтой цагтаа Арабын Нэгдсэн Эмират Улсад албан
ёсны айлчлал хийхийг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: ҮЗХ-г татан буулгана

УИХ-ын гишүүн, АН-ын даргын орлон гүйцэтгэгч, орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр АН орон нутгийн сонгуульд хариуцлагатай оролцоно гэдгээ мэдэгдэв. Тэрбээр энэ талаар “Орон нутгийн сонгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөний асуудал юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм” гэлээ.

Харин намынхаа шинэчлэлийн асуудлаар хэлэхдээ “ҮЗХ-г татан буулгана. АН алдаагаа засч 2016 оныг шинэчлэлийн жил байлгах болно. Намынхаа шинэчлэлийн асуудлаар 12 дугаар сарын 06-нд Их хурлаа хийхээр төлөвлөсөн. Ард түмэн АН-ыг шинэ даргатай бус шинэ дүрэмтэй болоосой гэж хүсч байгаа болов уу. Орон нутгийн сонгуулийн дараа намын шинэчлэлийн хэлэлцүүлгээ олон нийт, гишүүдийнхээ дунд хийнэ. Шинэчлэл гэдэг бол байнгын өсч дэвжиж явдаг процесс. АН-ын шинэчлэл шинэ даргыг сонгосноор дуусахгүй. Гэхдээ бид хуучин туулсан дүрэм, хуучин зовлонгоороо явахгүй. Энэ саадыг бид дахин давтахгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Түймэрт орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс 15 гэр олголоо

Энэ жилийн хувьд ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байсны улмаас ой, хээрийн түймэр гаралт ихэссэн. Дорнод аймгийн хувьд он гарсаар 37 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас Баян түмэн, Халх гол, Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн сумдын нутаг хуурайшилт ихтэй, түймрийн гаралт ихтэй сумдад багтаж байна.

Ой, хээрийн түймрийн улмаас дээрхи сумдад 15 айл түймэрт өртсөн бөгөөд орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэсэн. Улсын нөөцөөс олгосон иж бүрэн 15 гэрийг аймаг, орон нутаг хүлээн авч иргэдэд олгох ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр болон аймгийн удирдлагууд оролцов. Энэ үеэр, аймгийн удирдлагууд, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд иргэн хүн бүр идэвхи, санаачлагатай ажиллах нь чухал гэдгийг иргэдэд анхааруулаад, аймаг орон нутгийн зүгээс түймрээс урьдчилан сэргийлэх тодорхой бодлогыг тодорхойлж урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагыг чадавхижуулах ажлуудыг хийж байгаа гэдгийг онцолж байв.

Хүйтний ам наашилж буй энэ үед иргэд өөрийн гэр оронтой болсондоо талархаж буйгаа Улсын онцгой комисс болон аймгийн удирдлагуудад илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд голын усанд дахин нэг иргэн осолджээ

Баян-Өлгий аймгийн “Ховд гол”-ын усанд 25 настай, эрэгтэй осолдсон байна.

Энэ сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү 2 дугаар багийн нутаг “Хөх толгой” гэдэг газарт загас агнаж байгаад “Ховд”-ын усанд иргэн А осолдсон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 10-нд Баян-Өлгий аймгийн олбо нуурт 40 настай хоёр эрэгтэй, 11-нд Ховд голын усанд есдүгээр ангийн 14 настай эрэгтэй хоёр сурагч живж осолдсон гэх харамсалтай явдал гарч байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулах ёслол боллоо.

Энхийг сахиулагчдыг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 5 дугаар батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ.

Энхийг сахиулагч дайчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хурандаа Б.Баатар, хурандаа Ж.Мөнхтөр нарыг, Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Г.Тунгаамаа, дэд хурандаа Ж.Сүх-Очир, Н.Баасан, хошууч Р.Баянмөнх, дэд хурандаа Э.Мөнх-Оргил, С.Батбуян нарыг, Цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Г.Сарандаваа, О.Уламбаяр, Г.Мөнхбат, Б.Пүрэвсүрэн, Д.Нэргүй, Б.Жаргалсайхан, С.Чинбат нарын зэрэг хүмүүсийг шагналаа. Бусад дайчдыг энхийн төлөө медалиар шагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ:

Монгол эх орон, төр засаг, элгэн садныхаа итгэлийг өвөрлөн, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн эрхэм хүндэт энхийг сахиулагчид, эх орны эрэлхэг дайчид Та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсанд баяр хүргэе.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний үүргээ биелүүлэх, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх их үйл хэрэгт Энхийг сахиулагчид маань эх орноо төлөөлөн оролцож, хүнд харицлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, дэлхийд монгол хүний, монгол цэргийн ур чадварыг бахархуулах гайхамшигт уламжлал тогтоосон ариун их үйл хэргээр чинь төр засаг, ард түмэн чинь үргэлж бахархаж байна.

Дэлхийн халуун цэгүүд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсуудад энхийн манаанд үүрэг гүйцэтгэж ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн тухайн улсын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн болоод бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, нутгийн иргэдийн итгэлийг хүлээн ажилласан нь монгол түмэн ядарсан, зүдэрсэн нэгэндээ сэтгэлийн гүнээс итгэлийн гараа сунган тусалдаг уужуу сэтгэлтэй, холч ухаантай ард түмэн гэдгээ харуулж чадсаныг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Анх 2003 онд Конго улсад цэргийн 2 ажиглагч офицер илгээсэн цагаас хойш эдүгээ давхардсан тоогоор 14 мянга гаруй энхийг сахиулагчид олон орны дайчин нөхдийн хамт дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд таниулан сурталчилж, ур чадвараа харуулж чадлаа.

Дэлхийн энхийн төлөө эх орноо төлөөлөн үүрэг гүйцэтгэж ирсэн, одоо үүрэг гүйцэтгэж яваа энхийг сахиулагчдын найдвартай ар тал, далд фронтод ажиллаж байгаа ар гэр, гэр бүлийн гишүүд энэхүү хүнд үүргийг хамтран гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж байгааг мөн тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс эх орных эрэлхэг хөвгүүд, охидынхоо бүтээсэн үйл хэргийг үнэлэх, үүрэг гүйцэтгэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэхэд байнга анхаарч ирсэн бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд хүлээлт үүсгээд байсан Батлан хамгаалах салбарын багц хуулийг санаачилан Улсын Их Хурлаар батлуулсныг Та бүхэнд удахгүй хүлээлгэн өгөх гэж байна.

Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн шинэ хууль эрх зүйн зохицуулалтаар, шинэ дүрэм заавар, стандартаар үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн уламжлалт ариун үйл хэргийг өргөн агуулга, хэлбэрээр баяжуулан үргэлжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол цэргийн хөлс хүч, эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгууулалттай үйл ажиллагааны үр дүнд бий болсон энхийн сахиулах ажиллагааны ололт, амжилт бол Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэрэг, эх орны дархан хилийг манаж яваа хилчид, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа цагдаа, гамшиг аюулын эсрэг тууштай тэмцэгт онцгой байдлын болон тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын төлөөлөгчдийн оролцоотойгоор бүтсэн нөр их хөдөлмөр, зүтгэл учир монгол хүн бүрийн бахархах ёстой гавьяат үйл хэргийн нэг билээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо

Нийслэлийн цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар боллоо.

2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн байгаа хэдий ч нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байсаар байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Монгол улсын 2016 оны төсвийн тодотголд Нийслэлийн Боловсролын газраас оруулсан саналын дагуу цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг нэмж хамруулах зорилгоор нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын салбарт 1425,3 сая төгрөгийг баталж 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо.

Иймд цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай бус, элсэлтэд хүндрэл үүссэн зарим төрийн өмчийн цэцэрлэг дээр төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш,удирдлага, хороодын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж “Нийслэлийн төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-нийг дуустал бүртгэл хийнэ. Удирдамж болон хуваарь,бүртгэл явуулах цэцэрлэг, бусад мэдээллийг www.edub.edu.mn -аас үзнэ үү.