Categories
гадаад мэдээ

12 жил хамтдаа амьдарсан Анжелиан Жоли, Брэдд Питт нар гэрлэлтээ цуцлуулна

Холливудын алдарт хосуудын нэг Анжелина Жоли, Брэдд Питт нар гэрлэлтээ цуцлуулахаар болсон тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэд 12 жил хамтдаа амьдарч 2014 онд гэрлэлтээ батлуулж байжээ. Жолигийн хуульчийн хэлснээр тэдний гэр бүлээ цуцлуулах болсон нь гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө гаргасан шийдвэр хэмээжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Анжелина Жоли удаан хугацаанд өвчнөөр шаналж, сэтгэл гутралд орон нөхөртэйгээ таагүй харилцаатай болсон гэх ч мэдээлэл байгаа юм. Түүнчлэн People сэтгүүлд нийтлэгдсэнээр Брэдд Питт өвчнөөр шаналсан эхнэрээ хууран, араар тавьсан явдал нь Жолигийн итгэлийг алдсан явдал боллоо хэмээх нийтлэл гарч байсан билээ. Гэсэн ч хосуудын хэвлэлийн төлөөлөгчид уг мэдээллийг үгүйсгэж, хосуудын харилцаа хэвийн байгаа хэмээн мэдээлэл өгч байсан удаатай юм.

Анжелина Жоли хөхний хорт хавдрын урьтал онош гарснаас хөхний мэс засалд орж, удалгүй өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 80% хэмээн онош гарч эрүүл мэндийн ихээхэн бэрхшээлтэй тулгарсан билээ. Жүжигчин бүсгүй сэтгэл санааны их гутралд орж 35 кг жинтэй болтлоо турсанд Брэдд Питт санаа зовж буйгаа хэвлэлээр илэрхийлж байсан юм.

Анх 2004 онд ”Mr&Mrs Smith” кинонд хамтран тоглосныхоо дараа дотноссон тэд удалгүй хамт амьдарч эхэлсэн бөгөөд Брэдд Питт эхнэр, жүжигчин Женнифер Анистоноос салахаар болсон нь багагүй шуугиан тарьж байсан билээ.

Хосууд өдгөө нийт зургаан хүүхэдтэй бөгөөд гэр бүлээ цуцлуулсан ч хүүхдүүдээ өсгөх тухайд хэн нэг нь давуу эрх эдлэхгүй байхаар шийджээ.

Categories
мэдээ спорт

“Женко” клубийн жүдочид УАШТ-д аваргаллаа

Жүдо бөхийн залуучуудын багийн УАШТ Өвөрхангай аймгийн Хархорин хотод боллоо.Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, “Женко” клубийн ерөнхий дасгалжуулагч Гүрсэдийн Энхбаярын нэрэмжит болсноороо онцлогтус тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин уран мэхийг уралдуулан өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн ангилалд Ч.Тогтохбаяр дасгалжуулагчтай “Женко” клубийн нэгдүгээр баг аваргалсанбол II баг нь мөнгөн медаль хүртлээ. Харин хүрэл медалийн эздээр Монголын жүдо академи, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн жүдочид шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Женко” клубийн нэгдүгээр баг түрүүлсэн бол, “Хилчин” спорт хороо мөнгө, “Боржин төв дэвжээ”, “Женко” клубийн хоёрдугаар багууд хүрэл медаль авлаа.

Тэмцээний үеэр дасгалжуулагч Г.Энхбаярыг МҮОХ-ны 60 жилийн ойн медалиар шагналаа.

Categories
мэдээ спорт

Дугуйчин Б.Пүрэвдорж, Ц.Солонго нар олон улсын тэмцээнд түрүүллээ

Дугуйн олон улсын тэмцээн ӨМӨЗО-д боллоо. Хоёр дахь удаа болсноороо онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авлаа.

Тодруулбал, залуучуудын ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд СМ Б.Пүрэвдорж алт, Б.Идэрболд мөнгө, эмэгтэйчүүдийнхэд Ц.Солонго алт, Ж.Өлзийсолонго мөнгөн медаль тус тус авлаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувцаслалтад шүүмжлэлтэй хандаж байна

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын гишүүн Ким Ён Жүний урилгаар тус улсад айлчилсан нь хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж байна. Учир нь УИХ-ын гишүүн, тэр дундаа эмэгтэй гишүүн монгол эмэгтэйчүүдийн, цаашлаад хилийн чанадад улсынхаа нүүр царай болж явах ёстой билээ. Гэтэл өмссөн хувцас нь хэт чөлөөт, албан бус, зохимжгүй, хөндлөнгийн хэн ч харсан Монгол Улсын төрийн түшээ гэж хэлэхээргүй хувцасласан нь цахим хуудсуудаар тархаж буй тэдний зургуудаас тодорхой харагдаж байгаа юм. Зарим хүмүүс хувцаслалт нь яах вэ, ухаан нь чухал гэлцэж буй. Гэвч “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэсэн үгийг санахад илүүдэхгүй ажээ.

Categories
мэдээ спорт

ОУ-ын оюутны спортын өдрийг тэмдэглэлээ

Олон улсын оюутны спортын өдөр өчигдөр тохиолоо. Монголын оюутны спортын холбооны хувьд эл өдрийг эх орондоо болж буй оюутны Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээний оролцогчидтой, өнөр өтгөн тэмдэглэжээ. Тус тэмцээнд долоон орны 100 гаруй тамирчин оролцож байгаа. ЮНЕСКО-гийн шийдвэрээр олон улсад анх удаагаа тэмдэглэж буй Оюутны спортын өдөр Ази тивийн аварга шалгаруулах оюутан тамирчдын тэмцээний талбайд БНХАУ-БНСУ, Макао-Казахстан, Монгол-Тайваны багуудын тоглолтууд болсон юм. Нийт тамирчид тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ОУОСХ-ны сүлд дууллыг эгшиглүүлж, баярын бялуу хуваажээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монгол Улс хамгийн эмзэг хүмүүстээ нэн түрүүнд хүрч, хэнийг ч үлдээлгүй хөгжихийг зорино

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр

Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэмсэг ноёд оо,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг бүрэн дэмжиж ажиллах болно.

Ноён Дарга аа,

Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа энэ хүндэт индрээс үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг мөн. Би найман хүүтэй айлын отгон хүү. Миний гэр бүл манай улсын баруун хязгаарын уулархаг нутагт үе дамнан мал маллан аж төрж ирсэн. Дэлхийн их чуулганы хүндэт индрээс нэгэн өдөр отгон хүү нь үг хэлнэ хэмээн ээж аав минь төсөөлж яваагүй бизээ.

Ард иргэдийнхээ чөлөөт хүсэл зоригоор сонгогдон эх орныхоо төлөө зүтгэх болсондоо би бахархаж явдаг. Монгол Улс бол ардчилсан засаглалтай орон. Ерөнхийлөгчийн алба ээлжтэй. Миний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд сүүлийн удаа үг хэлж байна.

Гэхдээ, Монгол Улс бүх улс үндэстний хамт дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн байсаар байх болно. Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай сайн анд, түнш болж ирсэнд би бахархаж байна. Манай улсын дараагийн Ерөнхийлөгчийг та бүхэн мөн халуун дотноор хүлээн авч, хамтран ажиллана гэдэгт би итгэлтэй байна.

Тогтвортой хөгжлийн зорилтууд

Хүндэт төлөөлөгчид өө,

Тогтвортой хөгжилд хүрэх нь нэн чухал. Яагаад гэвэл, нэг ч хүн энэ хөгжлийн гадна үлдэх учиргүй, хөгжих эрхээ эдлэхгүй байх учиргүй. Хүн бүр ядуурал, хүчирхийлэл, хямралаас ангид, нэр төртэй сайхан амьдрах хөгжлийн төлөө бид хамтран ажиллах ёстой. Хуульт ёс, бүх нийтийн үндсэн эрх, эрх чөлөөг үл хүндэтгэх аваас шударга ёс, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж би үздэг. Тэдгээр суурь зарчмуудыг улс орон бүр сахин хамгаалах учиртай.

Хямрал дэгдсэн энэ цаг үед НҮБ 70 жилтэйгээ золгосон. Зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлагууд бараг өдөр тутмын хэвлэлийн мэдээ болох болсныг бид харж байна. Хэдэн сая хүн орон гэрээсээ дайжиж, дэлхий дахинаа хүмүүнлэгийн гүн хямрал нүүрлэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, олон газар хямрал нэмэгдэж буй нь ирээдүйн хөгжил дэвшилд заналхийлж байна.

Гэхдээ, өнгөрсөн хугацаа урам зориг хайрласан хамтын ажиллагааны үе байлаа. Он удаан жил сунжирсан дайн зарим газарт дууслаа. Энхийн гэрээг байгууллаа. Аюултай зэвсгээр хөөцөлдөхөө хязгаарлалаа. Дипломат яриа хэлэлцээ үр дүнтэй байлаа. Ард иргэд, энх тайван, хөгжил цэцэглэлт, түншлэлийн төлөө, манай гаригийн төлөөх “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийг бид өнгөрсөн жил хамтдаа баталсан.

Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгэн шинэ хуудсыг өнгөрсөн 12 дугаар сард Парис хотноо нээсэн.

Даян дэлхийн хамтын нийгэмлэг ирэх 15 жилд хамтдаа зүтгэх замын зургаа гаргалаа. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөр, Парисын хэлэлцээр нь амласнаа биелүүлэх бидний хөтөч байх болно.

Бид одоо ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах ёстой.

Бид одоо эх дэлхийгээ аврахын төлөө эрчимтэй түншлэх ёстой.

Бид одоо зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нөөц хүчээ дайчлах ёстой.

Монгол Улс хамгийн эмзэг хүмүүстээ нэн түрүүнд хүрч, хэнийг ч үлдээлгүй хөгжихийг зорино. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийн тэр зарчим, бодлогыг бид үндэсний стратегитаа суулгасан. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” хэрэгжиж байна.

Эдийн засгаа төрөлжүүлж, олонд хүртээмжтэй болгохыг бид зорьж байна.

Энэ нь зохистой ажлын байр, боломж, орлого нэмэгдүүлэхийн төлөө юм.

Амьдралаа дээшлүүлж, хүрээлэн буй орчноо тогтвортой байлгахыг зорьж байна.

Засгийн газар, олон улсын хөгжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагаа мөн чухал.

Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ирсэн өмнөх туршлагаас харахад тогтвортой хөгжлийн зорилтоо хангахын тулд ажлын үр дүнгээ байнга эргэн хянаж байх тогтолцоо чухал байна.

Тиймээс хариуцлага, сайн засаглалын үр өгөөж тогтвортой хөгжилд хүргэнэ.

Уур амьсгалын өөрчлөлт

Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөөх хамтын хүч чармайлт-түүхэн амжилтаа бид маргааш тэмдэглэх гэж байна. Энэхүү завшааныг ашиглан Парисын хэлэлцээрт албан ёсоор нэгдэн орсон улс орнуудад баяр хүргэе. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монголын ард түмэн нэгдсэн. Манай улс үндэсний хууль гаргаж, Парисын хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

Парисын хэлэлцээр бол та бидний хамтын амжилт, асар их ажлын үр дүн мөн. Парисын хэлэлцээр бид бүхэнд урам хайрлаж байна. Энэ бол үр хүүхдүүдийнхээ төлөө эх дэлхийгээ аврах бидний амлалт, эрхэм зорилго мөн. Бид энэ амлалтаа биелүүлэх ёстой.

Монгол Улс нүүрсхүчлийн хий хамгийн бага ялгаруулагч улсуудын нэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй хүчтэй өртөж байна. Цөлжилт, ойгүйжилт, биологийн төрөл зүйлийн тэнцвэргүй байдал нь нүүдэлчдийн соёлын хэв маягт сөргөөр нөлөөлж, байгаль орчинг улам бүр доройтуулж байна.

Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн тохиролцооныхоо дагуу өөрийн амлалтаа хэрэгжүүлж байна. Харамсалтай нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлэх бодит дэмжлэг, туслалцаа дутагдаж байна. Уур амьсгалын ногоон сангаас болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулсан үр шимээс Монгол Улс болон манайх шиг хөгжиж буй олон улс хүртэж чадаагүй байна. Энэ чухал хүч чармайлтад тэргүүлэн ажиллахыг олон талт холбогдох байгууллагад уриалж байна.

Бидэнд нэг гэр, нэг эх дэлхий, түүнийг аврах нэгдсэн нэг л зорилго бий. Өнөөдөр бид шийдвэртэй алхам хийх ёстой. Бид ирээдүйгээ тойрон өнгөрөхгүйн адил энэ цаг мөчийг алдах учиргүй.

Хариуцлага

Эрхэм анд нар аа,

Зорилтдоо хүрэхийн тулд бид засгийн газартаа, нийгэмдээ эрх тэгш байдал, нээлттэй байдал, хариуцлагыг бий болгохын төлөө ажиллах ёстой.

Бид бүхний баталсан зорилтууд нээлттэй нийгэм, хариуцлагатай тогтолцоог шаардаж байна.

“Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрөөр дамжуулан сайн засаглал, хуульт ёсыг ард иргэд шаардаж байна.

Хөгжлөө төлөвлөн хэрэгжүүлэхдээ ил тод байдал, хариуцлагатай байхыг тэд мөн хүсч байна.

Бид хүлээсэн үүрэг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байх ёстой.

Хариуцлагатай байх нь сайн засаглалын хэмжүүр мөн.

Сайн засаглал нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн түлхүүр мөн.

Тиймээс бид хариуцлага, сайн засаглалыг улс орондоо бэхжүүлэхийг зорьж байна.

Монгол Улсад Нийтийн сонсголын тухай хууль, Иргэдийн оролцоог дэмжих бодлого хэрэгжиж байна.

Хөгжлийн зорилтууд авлигатай тэмцэхийг шаардаж байна. Энэ нь хуульт ёсонд суурилж ил тод, үр дүнтэй ажиллахыг мөн шаардаж байна.

Энэ нь суурь үйлчилгээг үл ялгаварлах эсвэл авлигагүйгээр үзүүлнэ гэсэн үг юм.

Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой, бизнесийн хувьд ойлгомжтой, зохистой хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчин тодорхой байхыг хэлж буй хэрэг юм.

Энэ нь байгалийн баялгийн үр өгөөжийг хэдхэн хүн биш дийлэнх олонх хүртэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө хэмжүүртэй, хяналттай байна гэсэн үг юм.

Ардчилал

Эрхэм хүндэт анд нөхөд өө,

Хөгжил, хариуцлага гэдэг ардчилал юм.

Ардчиллыг бид бэлэг мэт зүгээр авч болохгүй. Түүнийг сүсэглэн шүтэх учиргүй. Бид түүнийг өдөр бүр асарч, бэхжүүлэх ёстой. Энэ бол бидний амьдрах арга зам, оюун бодолд байх учиртай.

Хүн бүрийн сайн сайхан хөгжлийн төлөө зорьдог учраас ардчилсан нийгэм тогтвортой байдаг.

Тиймээс хуульт ёс, хүний эрх, ардчилсан засаглал, чөлөөт, шударга сонгуулийн төлөөх ардчилсан тогтолцоо бүрдүүлэх нь лидерүүд бидний нэгдсэн зорилт юм.

Хариуцлага, хариуцлага, бас дахин хариуцлагыг чанд мөрдөх ёстой.

Ардчилсан нийгэмд бусад зүйлийг ард иргэд өөрдсөө хийчихнэ.

Зөвхөн ардчилсан нийгэмд өөрийгөө хөгжүүлэх, зорьсондоо хүрэх боломж хүн бүрт олгогдсон байдаг.

Сүүлийн 26 жилийн хугацаанд Монгол Улс тогтвортой, тайван замаар ардчиллыг хөгжүүлэх өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан. Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 29-нд болсон парламентын сонгуулиар дахин нотлогдлоо.

УИХ-ын сонгууль нээлттэй, ил тод болсон. Монголын ард иргэд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хариуцлага оноосон. Ард иргэдийнхээ төлөө шаргуу ажиллах бүрэн эрхийг тэдэнд олгосон.

Сүүлийн хорин жилийн хугацаанд Монгол Улс илүү бат бэх ардчилсан тогтолцоо, тогтвортой, үр дүнтэй, хууль ёсны ардчиллыг дэмжиж ирсэн. Бид өөрсдийн туршлага,сургамжаа бусад улс оронтой хуваалцаж ирлээ. Бидний сургамж эдгээр улс орнуудад тус дэм болж байгаад баяртай байна.

Өнгөрсөн жилийн сүүлчээр ардчилсан сонгуулиа амжилттай явуулсан Киргиз, Мьянмарын ард түмэнд энэ индэрээс чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалж байгаагийн хувьд Монгол Улс Ардчиллын форумыг энэ 8 дугаар сард зохион байгууллаа. “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдвээр голлож ярилцсан. Ардчиллын өөр өөр загвартай улс орны төлөөлөгч, мэргэжилтнүүд сонгууль явуулах аргачлал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах талаар өөрсдийн туршлагаа солилцсон.

Монгол Улс санаачлан хэрэгжүүлж буй Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлж, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудтай хамтран ажиллах болно.

Хүний эрх

Ноён Дарга аа,

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг гэр хэмээн дээдэлдэг улс юм. Хүний эрх, хууль дээдлэх ёсны талаар бид сүүлийн үед их ярьж байна.

Эдгээр үнэт зүйлсээ хамгаалж чадаж байгаа эсэх нь бодит үйл хэрэг, үр дүнгээс л харагдана.

Тогтвортой хөгжил- 2030 хөтөлбөрийн гол цөм нь хүний эрх, хүний нэр төрийг хүндэтгэх явдал юм.

Хүний эрхийг дээдлэн хамгаалах нь гишүүн улс бүрийн нэн тэргүүний үүрэг хариуцлага мөн.

Энэ хариуцлагаа хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хүний эрх, шударга ёсны эрхээ хамгаалах, хангах эрх зүйн шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлээд байна.

Монгол Улс цаазаар авах ялыг халсан.

Цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж би үздэг.

Хүн төрөлхтний гэр бүл нэгэн өдөр цаазаар авах ялгүй болно гэдэгт би итгэдэг.

Энэ хүнд асуудлыг манлайлан шийдвэрлэх амаргүй гэдгийг би ойлгож байна.

Гэсэн хэдий ч, Ази дахь ардчилсан орны хувьд Монгол Улс хүний эрх, хүний нэр төрийг хамгаалахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орны хувьд Монгол Улс ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийн эсрэг тэмцэж, ажиллах болно.

Хүний эрхийн тулгуур зарчмуудыг НҮБ-ын системийн төвд тавих зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг бид 10 жилийн өмнө байгуулсан.

Хүний эрхийн тулгамдсан асуудлаар нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлэх орон зайг бий болгосон юм.

Дэлхий дахинаа хүний эрхэд заналхийлж байгааг бид бүгд сайн мэдэж байгаа.

Терроризмтой тэмцэхдээ хүний эрхийг хамгаалж чадахгүй байна.

Хүний эрх, нэр төрийг хүндэтгэх зарчим дээр суурилсан дэлхийн соёлыг бий болгохын төлөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл идэвхтэй ажиллах ёстой.

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Дэлхий дахинаа терроризмын аюул тэлэн нэмэгдэж байгаа нь бидний санааг гүнээ зовинуулж байна.

Терроризм нийт хүн төрөлхтний нийтлэг сорилт болоод байна.

Энэ нь үндэсний аюулгүй байдал, дэлхий нийтийн дэгт заналхийлж байна.

Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж, хүний эрх үй олноор зөрчигдөж байгааг бид бараг өдөр бүр харсаар байна. Терроризм, хүчирхийллийн бүх хэлбэрийг Монгол Улс эсэргүүцдэг.

Терроризмыг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

Терроризмтой тэмцэж, түүнийг зогсоохын төлөө олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэх ёстой. Хэрцгий экстремизмээс урьдчилан сэргийлэхийн төлөө бид бүх чадлаараа зүтгэх ёстой.

Ази, Европын Дээд хэмжээний уулзалт

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард эх орондоо зохион байгуулж, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.

Манай сайхан эх оронд хүрэлцэн ирж, дээд түвшний уулзалт амжилттай болоход биечлэн хувь нэмрээ оруулсан АСЕМ-ын орнуудын төр, засгийн тэргүүн, лидерүүдэд энэ завшааныг ашиглан чин сэлтгэлийн талархал илэрхийлье.

Ази, Европ хоёр тивийн лидерүүд хуран чуулж, ирэх 10 жилийн хамтын ажиллагааныхаа чиг баримжаагаа тодорхойлсныг Ерөнхий Ассамблейд илтгэж байгаадаа бахархалтай байна.

Энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө хүчээ нэгтгэн тууштай ажиллахаа бид нотолсон.

Терроризм, авлига, ядууралтай тэмцэхийн төлөө Ази, Европ санаа нэгдсэн.

АСЕМ-ын олон талт үйл ажиллагаа дэлхий нийтийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг урагшлуулна гэдэгт би итгэл төгс байна.

Зуун жилд нэг тохиох олон улсын чухал арга хэмжээнд оролцохоор манай улсад морилон саатсан эрхэм анд нөхөд Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Ази, Европын удирдагчид ирэх 10 жилд хамтдаа хэрхэн ажиллах талаар хүчтэй дуу хоолойг хүн төрөлхтөнд илгээсэн билээ. Энх тайван, аюулгүй байдлыг тогтвортойгоор сахиж, эдийн засгийн өсөлтийг тууштай хангаж, энэ 21 дүгээр зууны өнгийг тодорхойлж буй олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулахаа бид нотолсон.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад Нэгдсэн Үндэстний Байгууллага гол үүрэгтэй болохыг бид онцлон тэмдэглэсэн.

Аюулгүй байдал,энхтайван, бүс нутгийн хамтын ажиллагаа

Эрхэм анд нөхөд өө,

Даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын манаанд зогсож буй цэнхэр дуулгатай монгол охид, залуучууд үүргээ амжилттай биелүүлж байгааг Төрийн тэргүүний хувьд Ерөнхий Ассамблейд илтгэх нэн таатай байна.

Энгийн иргэдийг хамгаалах, мөргөлдөөнийг таслан зогсоох, энхтайвныг тууштай цогцлоохын төлөө НҮБ бүх хүчээ дайчилж байна.

Аюулгүй байдлын асуудал хэзээ хэзээнээс илүү нарийн төвөгтэй, аюултай болсон бөгөөд ийм нөхцөлд НҮБ-ын энхийг сахиулагчдын хэрэгцээ, шаардлага төдий хэрээр нэмэгдэж байна.

Даян дэлхий дайн дажин, сүйрэл, үгүйрэл хоосролоос хараахан ангижирч чадаагүй л байна. Гэсэн хэдий ч үүнд төгсгөл ирж,

– Дүрвэгч хүүхэд багачууд далайн хүйтэн түрлэгээр эрэг рүү шидэгдэхгүй,

– Утга учиргүй дайн дажин, хүчирхийллээс болж хүүхэд өнчрөхгүй,

– Ницце, Истанбул, Дака зэрэг үзэсгэлэнт хотуудаар айж, түгших зүйлгүй амар тайван алхах өдөр ирнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Хүндэт нөхөд өө,

Өмнөд Судан олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн отгон гишүүн улс. Өмнөд Суданы ард иргэдэд бидний туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байна. Цэнхэр дуулгат бусад нөхдийн хамт Өмнөд Суданы ард иргэдэд гараа сунган тусалж байгаа монголын энхийг сахиулагчдаараа би бахархаж байна. Тэдний эр зориг, хичээл зүтгэлийг хүндэтгэж байна.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мянга мянган дайчин ажилтнуудад энэ завшааныг ашиглан чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна. Тэд өөрсдийн амь биеэ золиосолж сая сая хүнийг үхлийн аюул, өлсгөлөнгөөс аварч байна.

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн зохицуулалт, зуучлал, дэмжлэг урьд өмнөхөөс илүү шаардагдаж байна. Энэ байдлыг бид шийдвэрлэх ёстой.

Манай улс хамрагдах Зүүн хойд Азид шийдвэрлэгдээгүй олон асуудал байна. Хүйтэн дайны сүүлчийн цайз, хуваагдал өнөө хир нь Солонгосын хойгт байна.

Бүс нутагт өрнөх аливаа өрнөл бүс нутгийн төдийгүй манай улсын аюулгүй байдалд шууд нөлөөтэй. Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой хэмээх Монгол Улсын байр суурийг дахин нотолж байна.

Хурцадмал байдал, мөргөлдөөнийг шийдэхийн тулд холбогдох улс хооронд үл итгэлцлийг арилгаж, яриа хэлэлцээг тогмолжуулах нь чухал.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь чухамдаа бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, нэгдсэн шийдэлийн төлөө санаа бодлоо солилцоход нь дэм болох зорилготой.

Энэ зорилт ээдрээтэй, хялбар ажил биш. Гэсэн хэдий ч НҮБ-ын гишүүн улс орон бүр зөв шийдлийн төлөө хичээх учиртай.

Эрхэм Дарга аа,

Тогтвортой Хөгжил- 2030 зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн Хэлэлцээрийг Монгол Улс бүрэн төгс хэрэгжүүлэх үүрэг амлалтаа нотолж байгаагаа үгийнхээ төгсгөлд илэрхийлэхийг хүсч байна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлж, бодит ахиц гарахаа дэлхийн улс түмэнд төдийгүй ард иргэддээ харуулах учиртай.

НҮБ-ыг төв цөмөө болгосон олон талт тогтолцооны төлөөх үүрэг амлалтаа бид дахин нотолж байна.

Даян дэлхийн хөгжилд ахиц дэвшил гаргахын төлөө, ирээдүйн хойч үеийнхээ төлөө хамтдаа ажиллацгаая.

Энхтайван, эрх чөлөө, шударга ёсны төлөө Монгол улс өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан “SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Петер Томпсон нар нээсний дараа Бразил, Чад, АНУ, Словаки, Гуана, Катар, Аргентин, Франц, Малави гэх мэт дарааллаар улс орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч жагсаалтын 31-т үг хэллээ. Ерөнхий санал шүүмжлэлд нийт 102 улсын төрийн тэргүүн, гурван улсын дэд Ерөнхийлөгч, 49 улсын Засгийн газрын тэргүүн оролцож, үг хэлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монголын төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар олон улсын энхтайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хүний эрх, сайн засаглал, олон улсын эрх зүй, тогтвортой эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, байгаль хамгаалал, нийгмийн хөгжил, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, олон улсын гэмт хэрэг, терроризм, НҮБ-ын төсөв зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 168 багц асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг нийт долоон асуудал хэлэлцэх юм. Мөн зарим сайд нарын гадаадад хийсэн томилолтын тайланг сонсох ажээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай

Ж.МӨНХБАТ

2

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

С.БЯМБАЦОГТ

3

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

4

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Ж.БАТСУУРЬ

5

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Д.ГАНБАТ

6

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоол)

Д.ГАНБАТ

7

Бусад асуудал

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

8

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

9

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

10

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн тусгай зөвшөөрлөөс бусдыг нь Хятадын компаниуд атгаж байна

Таван толгойн нүүрсний ордоос “Гашуунсухайт”-ын боомт хүртэл урт цуваа үүсгэсэн нүүрсний машинууд. Өндөр чанарын коксжих нүүрсийг их хэмжээгээр гаргах улайрлаас болж хүнд даацын тэрэгнүүд осолдох болжээ. 2016.9.12-ны өдөр.

Таван толгойн Зүүн Цанхиас Гашуун сухайтын боомт хүртэл 70-80 тоннын даацтай нүүрс ачсан машинууд эгнэж байна. Оргил үедээ 30 км хүртэл урт цуваа үүсгэж буй энэ хүнд даацын машинуудад ачсан өндөр чанарын коксжих нүүрсний тонн нь 27-хон ам.доллар. Дэлхийн зах зээл дээр, тодруулж хэлбэл, Хятадын далайн боомт дээр 190 ам.доллар хүрч “галзуураад” багагүй хугацаа өнгөрсөн коксжих нүүрсийг зургаа, долоо дахин хямд үнээр тээвэрлэж байгаа нь энэ. Ханш нь огцом өссөн нүүрсийг Таван толгойгоос ийм хямдхан ачиж байгаа учраас 2000 орчим хүнд даацын машин хоёр, гурван км-ийн урт цуваа үүсгэж уралдан зөөхгүй гээд яахав. Товчхондоо, Таван толгойн нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдан авалтыг хятадууд хариуцаж байна. Таван толгойн олборлогч нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCo”. Худалдан авагч нь Хятадын төрийн өмчит “Чалко” компани. Харин тээвэрлэгч нь “Винсвэй”. Хар үгээр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс авч цааш нь дамладаг компани. Мөн л Хятадын компани. Өндөр чанарын коксжих нүүрсний арвин нөөцтэй энэ ордын зөвхөн тусгай зөвшөөрөл л Монгол Улсын нэр дээр байна.

Дэлхийн зах зээлийн ханшаас зургаа, долоо дахин хямд нүүрсийг Таван толгойн Зүүн Цанхиас тээвэрлэж байгаа “Винсвэй” компанийн ашиг энэ оны эхний хагас жилд эрс нэмэгджээ. Компанийн хагас жилийн тайлангийн мэдээллийг сонирхъё.

“Винсвэй” энэ оны эхний хагас жилд “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компаниас хоёр сая орчим тонн нүүрс худалдан авчээ. Борлуулалтын үнээ тонн тутамд 475 хонгконг доллараас 495 хонгконг доллар болгон нэмэгдүүлээд авч. “Эрдэнэс Таван толгой”-гоос худалдаж авсан нүүрсний үнийн өөрчлөлт нь харин эсрэгээрээ. 410 хонгконг доллараас 296 хонконг доллар болтол бууруулчихаж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч байхад зууч компаниуд “Эрдэнэс Таван толгой”-гоос авах үнээ бууруулж, ашгаа нэмэгдүүлж чадсан гэсэн үг.

Тайланд нь дурайж буй тоонуудаас “Винсвэй”-н цэвэр ашгийг гаргаад ирэх тийм ч хэцүү биш. “Винсвэй” нүүрс авч, цааш дамласнаараа цэвэр ашгаа тонн тутамд ойролцоогоор 17 ам.доллар болтол нэмэгдүүлж чаджээ. Ердөө хагас жилийн дотор Таван толгойн нүүрснээс 35 сая ам.долларын цэвэр ашиг олсон гээд ойлгочихож болно. Энгийнээр хэлбэл, Таван толгойн нүүрснээс олох ашиг иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж “Чалко”-гоос зээлсэн өрөнд биш “ченж” компанийн халаасанд орж байна.

Коксжих нүүрс цаанаа л тийм өндөр үнэтэй болохоос биш наанаа хямдхан байгаа, хилээс цааш далайн боомт хүртэл тээвэрлэлтийн зардал гэж том юм бий гэсэн нухацтай, албаны тайлбарууд сонсогдож байгаа. Тодруулж хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-н борлуулалт хариуцсан захирал “27 ам.долларын үнэ гэдэг бол ямар ч зардал шингээгүй, уурхайн аман дээрээсээ зарж буй ханш. Тийм учраас зах зээл дэх эцсийн үнэтэй харьцуулж болохгүй” хэмээн ярьсан удаатай. Монголын экспортын гол зах зээл болсон үйлдвэрүүд коксжих нүүрсийг тийм хямдхан аваад байна уу, үгүй юу гэсэн асуултын хариуг “China coal resource”-ийн шинжээчдийн мэдээллээс харъя. Бугатын гангийн үйлдвэрүүдийн бүс нутагт Таван толгойнхтой ижил чанарын угааж баяжуулсан нүүрс одоогийн байдлаар 123 ам.долларын үнэлгээтэй байна. Бугат хүртэлх тээврийн болон холбогдох бүх зардлыг шингээгээд шингээгээд “Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрсээ зарж байгаа эцсийн үнэ дээд тал нь 82 ам.доллар л хүрч байна.

Таван толгойн нүүрс Бугатын зах зээлд хүрэх үнээ дор хаяж тонн тутамд 30 ам.доллараар нэмэгдүүлэх бодит боломж байгаа юм билээ. Гэтэл өнөөдөр тэр ашгийг нь дундын зууч хятад компаниуд хүртэж байна.

Таван толгойн зүүн Цанхийн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 70-80 тоннын даацтай ачааны машинууд дээд тал нь 30 км урт цуваа үүсгэн коксжих нүүрсийг урд хөрш рүү зөөж байна. Дэлхийн зах зээл дээр 190 ам.долларт хүрсэн коксжих нүүрс Таван толгойн ордоос 27-хон ам.доллараар гаргаж байгаа учраас ийн урт цуваа үүсгэжээ.

2016.09.12-ны өдөр Өмнөговь аймаг. Таван толгой

“Эрдэнэс Таван толгой”-н хямдхаан зарж байгаа коксжих нүүрсний мөнгө “Чалко”-гийн өрөнд бодитой суутгагдаж чадаж байгаа болов уу гэдэг дээр дахиад тоо бодъё. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний тонн тутмын үнэ нь 27 ам.доллар. Энэ оны эхэнд бид “Чалко”-д 120 сая ам.долларын өртэй байсан. Харин одоо бидний өр 110 сая ам.доллар болсон. Хагас жилийн турш 10-хан сая ам.долларын өрөө л барагдуулаад байгаа. Арван сая ам.долларын өрөө дарсан зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Таван толгой”-н зарсан нүүрсний хэмжээ 3.2 сая тонн. Хуваах үйлдэл хийгээд харахаар зүүн Цанхиас ачиж байгаа нэг тонн нүүрс тутмаас ердөө гуравхан ам.долларыг л “Чалко”-гийн өрөнд суутгуулдаг болж таарч байна. Бусад нь олборлолтын зардал нэрээр Хятадын TTJVCо компанийн халаасанд орж байгаа гэсэн үг. Тодруулж хэлбэл, бид дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ моодонд орчихсон коксжих нүүрсээ зарсан мөнгөний аравхан хувийг өрөндөө суутгуулж байна. Иймэрхүү маягаар өрөө барагдуулсаар аж төрнө гэвэл 110 сая ам.долларын өрийг барагдуулахад дор хаяж 5-6 жил шаардлагатай. Энэ зуур Цанхийн хамаг сайн чанарын нүүрс зөөгдөж дуусна гэж нүүрсний салбарынхан аль хэдийнэ анхааруулаад эхэлчихсэн.

ТАВАН ТОЛГОЙН КОКСЖИХ НҮҮРС ЯАГААД ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХ БОЛОВ?



Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Дүрмээ баримталсан бол энэ олон алдаа гарахгүй байсан

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, дотоод сонгуулийн хорооны дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал удаа дараа хойшлогдсон. Энэ сарын 16-нд хуралдаж дотоод асуудлаа шийдэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирчихлээ?

-Хурал зарлагдсан өдрөө хуралдана. Өмнөх хурлаар арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийх шийдвэр гаргасан. Мөн намын дүрмээ өөрчилье, цаг үе нөхцөл байдалд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг талаас нь ярилцаж байна. Ер нь манай намын дүрэм ямар байх ёстой вэ гэдэг асуудлаар ажиллах ажлын хэсэг гаргах гэхчилэн долоон асуудлыг ҮЗХ-ны хурлаар шийднэ. Уг асуудлыг хэлэлцээд явна.

-Намын даргын асуудал олны анхаарлыг татаж байгаа. 17-нд Ардчилсан нам шинэ намын даргатай болох уу?

-2008 онд манай намын ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрын саналаар намын дарга өөрөө өргөдлөө гаргасан тохиолдолд ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж дараагийн даргыг сонгоно гэсэн дүрэмтэй болсон. Түүнээс өмнө нь Их хурлаар даргын асуудлыг хэлэлцдэг байлаа. Харин энэ удаад З.Энхболд дарга өргөдлөө өгчихсөн байгаа болохоор ҮЗХ-ны хурлаар даргын асуудлыг зайлшгүй ярилцана. Гэхдээ ҮЗХ-ны бүрэлдэхүүн хэрхэн, ямар хэмжээнд яаж ярих вэ гэх шийдийг гаргаад явах юм.

-Намын даргын асуудлаас болж АН-ын дотоод зөрчил улам ихэсч байгаа мэт харагдаж байна. Даргын суудалд санаархаж буй хүмүүс бие бие рүүгээ “чулуу” шидээд эхэлчихэж?

-Гадуур манай намыг дотроо хагаралтай байгаа мэтээр харагдуулах хүсэл сонирхолтой хүмүүс бий. Хоорондоо эв түнжингүй гэж нийгэмд ойлгуулахыг хичээдэг бүлэг байдаг. Манай нам олон үзэл бодлын нэгдэл шүү дээ. Энэ утгаараа санал зөрөлдөх, маргалдах асуудал гарна. Нөгөө талаасаа АН-ын даргад нэр дэвших эрх бүх гишүүнд нээлттэй. Ардчилсан нам гаднаас аврал эрэх хэмжээнд сүйрч, дампуурсан зүйл байхгүй. УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд нийт сонгогчдын 47 хувийн саналыг авсан. Энэ нам хэзээ ч аврал эрэх хэмжээнд очихгүй.

-Дүрмийн тухай асуудал дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Энэ удаагийн хурлаар чухам ямар асуудлыг голлон шинэчлэх вэ?

-Манай намын одоогийн мөрдөж буй дүрэм тийм муу биш. Энэ дүрэм тухайн үедээ цаг үеэ мэдэрсэн, олон шүүлтүүрийг дамжиж байлаа. ҮЗХ-ны 20 гаруй гишүүн сар гаруйн хугацаанд ажиллаж дүрмийг боловсруулсан. Тэгэхээр намын дүрэмд буруу өгөх шаардлага байхгүй. Харин дүрмээ биелүүлэхгүй байгаа намын болон сонгуульт гишүүдэд ямар хариуцлага оноох вэ гэдэг асуудалд алдаа гаргасан.

Энэ алдааг дээр, дооргүй бүгд ойлгож байна. Мэдээж АН-ын гишүүн хүн намын үзэл баримтлал, дүрмийг хүлээн зөвшөөрч байх ёстой. Нэгэнт намын дүрмээ хүлээн зөвшөөрч байгаа юм бол тухайн сонгуульт гишүүн дүрмээ баримталсан бол өнөөдрийн энэ олон алдаа гарахгүй байсан.

-Тэгэхээр одоогийн хурлаар дээрх асуудалд гол анхаарлаа хандуулах уу. Нэг ёсондоо гишүүд дүрмээ ягштал мөрдөх тал дээр хатуу бодлого баримталсан шинэчлэл хийх үү?

-Манай намд хамгийн сүүлд таван том нам нэгдсэн. Тэрнээс өмнө бусад жижиг нам үзэл бодлоо нэгтгээд орж ирж байлаа. Нийт 22 улс төрийн намын нэгдэл шүү дээ. Тэгэхээр энэ том нэгдлийг шинэчилнэ гэхээр бүх хүнийг болиулаад шинэ хүн оруулна гэвэл худлаа. Намынхаа төлөө, ардчиллын төлөө зүтгэсэн олон мянган гишүүний итгэл, үнэмшил шингэсэн байгаа шүү дээ. Тэдний ажлын туршлага бүх зүйлийг хослуулж байж намын шинэчлэл хийх ёстой.

-Шинэчлэлийн хороо болон залуусын байгууллага нь нэлээн хүчтэй дуугараад эхэллээ шүү дээ?

-Намаа шинэчилье гэдэг ойлголтыг зөв харах хэрэгтэй. Өнөөдөр намд байгаа сонгуульт ажилтай бүх хүнийг солиод цоо шинэ хүн гаргаж ирнэ гэвэл шинэчлэл болохгүй. Сонгуульт гишүүдийн ухамсар шинэчлэгдэх ёстой. Хоёрдугаарт, намын дүрмийг яг мөрдөж ажилладаг хэв маяг, зарчим руу орох ёстой. Гуравдугаарт, санаатай болон санамсаргүйгээр намын дүрэм зөрчсөн тохиолдолд хариуцлагаа чангаруулмаар байгаа юм. Ингэж байж цогц шинэчлэл болно. Ганцхан залуус биш ахмадууд маань ч гэсэн намаа шинэчилье гэж байгаа. Энэ олон хүний үзэл бодлыг тусган базаж байгаад хамгийн оновчтой хувилбарыг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн дарга юм уу хэсэг бүлэг хүнийг солиод шинэчлэгдэхгүй. Шинэчлэлийн гол зорилго бол намын дүрмээ бүгд мөрддөг байя, хариуцлага алдсан бол хариуцлага хүлээдэг байя гэж байгаа юм.

-Сар гаруйн дараа орон нутгийн сонгууль болох нь. АН уг сонгуульд хэрхэн оролцох вэ?

-2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН оролцоно. Хуулийн хүрээнд манай намын дунд шатны байгууллагынхан өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж аудитын газраар хянуулан оролцоно.

-Нэр дэвшигчдийг хасаж байгаа тухай мэдээлэл байна. Танай намаас хасагдсан хүн байна уу?

-Нийслэл хотод гэхэд Багахангай дүүрэгт нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх тухай асуудал гарсан. Мөн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хэд хэдэн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол гарлаа. Аливаа хууль Үндсэн хуулиас давж үйлчилдэггүй. Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Сонгогдох эрхээ эдлэх гээд нэр дэвшиж буй хүнийг процессын хуулиар жижиг саад тавьж хасна гэдэг бол Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Гэхдээ тойргийн хороо, холбогдох захиргааны хэргийнхэн маргааныг нааштайгаар шийдэх байх гэж үзэж байна. Өнөөдөр (өчигдөр) авсан мэдээллээр Багахангайн 17 нэр дэвшигчийн 16 нь сонгуульд өрсөлдөхөөр болж байх шиг байна.

-Нэр дэвшигчийг хасахдаа ямар асуудлыг үндэслэж байгаа юм бол?

-Бүрдүүлж буй бичиг баримтад маш жижиг ганцхан алдаа байхад л бүртгэхгүй гээд байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулгын мэдүүлгийг бөглөөд ганцхан хуудасны доор гарын үсэг зураагүй бол буцааж байх жишээтэй.

-АН бүх мандатад нэр дэвшигчээ сойж байгаа биз дээ?

-Хуулийн хүрээнд тухайн үе шатны тойргийн хороод өнөөдөр (өчигдөр) нэр дэвшигчээ эцсийн байдлаар зарлаж тогтоол гаргах учиртай.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хуультай ижил байдлаар явагдана биз дээ?

-Яг л адилхан явагдана. Харин цагийн хувилбарын тухайд өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, нэр дэвшигчид энэ сарын 30-нд тойргийн хорооноосоо албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна. Маргаашнаас нь сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.

-Танай намын лидерүүдийн нэг Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгахаар болж байна. Үүнийг орон нутгийн сонгуультай холбож ойлгож байгаа хүмүүс байна?

-АН-ын гишүүдийн хувьд намын удирдлагатай холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ хуулийн байгууллагын хийх ёстой ажлыг аль нэг намын гишүүн ч юм уу өмнөөс нь заагаад байж болохгүй. Хуулийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Иргэд цаг хугацааны хувьд орон нутгийн сонгуультай давхцуулж байгааг буруушаах хандлагаа илэрхийлж байна лээ.

С.АЛТАН