Categories
мэдээ улс-төр

Хотын дарга мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа.

2016 оны ээлжит сонгуулиар нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан хотын удирдлагын баг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа эдийн засгийн тооцоо судалгааг нягталж, Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд түлхүү анхаарсныг хотын дарга онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, иргэд сонгогчдын саналд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.

Нийслэлийн Засаг дарга эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлгийн хүрээнд үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тодруулбал, Эдийн засаг бүлэгт нийт 12 заалт, Хот байгуулалт, дэд бүтэц бүлэгт 35 заалт, Байгаль орчин, ногоон хөгжил бүлэгт 28 заалт, Нийгмийн хөгжил бүлэгт 27 заалт, Засаглал бүлэгт нийт 19 заалт бүхий ажлыг ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд нийслэлийн удирдлагууд хотынхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих замаар иргэдийгнхээ амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгож байгааг хотын дарга С.Батболд хэллээ. Тэрээр “Өнөөдөр нийслэлийн хувьд онцгой өдөр. Учир нь ирэх дөрвөн жилд нийслэл хотод ямар ажил хийгдэх вэ, хотын шинэ удирдлагын бодлого юу вэ” гэсэн олон асуултанд хариулт өгөх хөгжлийн хөтөлбөрөө НИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна. 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа НЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ, нийслэлийн харьяа газар агенталгуудаас ирүүлсэн хотын хөгжлийн төлөө санал, санаачилга, нийслэлийн иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, судалгаанд тулгуурлан тодорхойллоо. Улаанбаатар хот 1 сая 345 мянган хүн амтай, нийт үйлдвэр үйлчилгээний байгуулагын 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн томоохон хот. Тиймээс Улаанбаатар хөгжлийн ямар шатанд гарах ёстой вэ, хотын нийгэм, эдийн засгийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, энэ чигэлээр олон ажил хийхээр хөтөлбөртөө тусгалаа. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан, иргэдийнхээ амьдрах , ажиллах тухтай орчныг бүрдүүлсэн, амжиргааг нь өөд татсан , үйлдвэрлэл хөгжсөн, олон улсын тавцанд Зүүн хойд Азийн бүс нутгийн аялал жуучлалын төв болгон хөгжүүлэх зорилт тавьсан” гэдгээ онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг гардан авсан НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Нийслэлийн МАН энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохдоо “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр боловсруулж, нийслэлийн иргэдийнхээ дэмжлэгийг авсан. “Аз жаргалтай хот” болох энэ хөтөлбөрөөс хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гэдэгт эргэлзэхгүй байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр нь иргэдээ дээдэлсэн үзэлд суурилсан, бүтээлч, ажил хэрэгч, айл бүхэн , иргэн бүрийн аж амьдралд нөлөөлж чадахуйц зорилтууд тусгагдсан гэдэгт би итгэж байна. Нийслэлийн удирдлагуудаас гаргаж байгаа аливаа шийдвэр айл өрх бүрийн хаалгаар орж, иргэн бүрийн амьдарлыг сайжруулахад нөлөөлж байх нь чухал. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил, амлалт бүхэн биелэн гэдэгт итгэж байна” гэлээ.

Хөтөлбөрийн гол агуулга нь үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хотыг ухаалгаар төлөвлөж, хотын дэд бүтцийг найдвартай, хүртээмжтэй болгож, иргэдийн ая тухтай оршин суух нөхцлийг хангасан орчин үеийн ногоон хот болгон хөгжүүлэх, нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, Эрүүл- Аюулгүй хүнсээр хангах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежментийг нэвтрүүлж, мэдээлжсэн, технологижсон хот болно. Мөн иргэдээ дээдэлсэн үзэлд суурилж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн хөгжил цогцолсон “Эко” “Аз жаргалтай“ хот байх зорилт тавьж байна.

Categories
мэдээ улс-төр

Хоккайда Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг байгуулахаар болов

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Япон Улсын Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргаа, JICA олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Манай улс нь Хоккайдо мужтай эртний харилцаатай бөгөөд хоёр орны хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, загас үржүүлэг, модны аж ахуй зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалалтыг нэмэгдүүлж, худалдааг өргөтгөх зэргээр хамтран ажилласаар ирсэн юм. Энэ удаагийн айлчлалаараа Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, худалдаа хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэгцээтэй танилцаж, ГХЯ-тай хамтран “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгуулахаар зорьж байгаагаа зочид төлөөлөгчид хэллээ. Мөн Монголд энэ байгууллагын түнш болох “Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийг ойрын үед байгуулахаар болов.


Categories
мэдээ улс-төр

Европод “ JCDECAUX”-компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлт тавилаа.

“JCDECAUX нь Монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна 20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна. Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбаруудыг барьж 6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ноён Жан Мари энэ хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбаруудыг байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамтын ажиллагааны гэрээтэй байгаа танай байгууллагатай цаашдаа үргэлжлүүлэн ажиллах болно. Манай талаас бүхий л зүйл дээр нээлттэй дэмжин ажилласаар байна. Улаанбаатар хотын өнгө үзэмж, сайн сайхны төлөө ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. BRT төслийг үр дүнтэй богино хугацаанд хэрэгжүүлэхээр төслийн нэгж байгуулсан. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ тал дээр туршлагатай танай байгууллагатай хамтран ажиллах боломж гарна гэдэгт найдаж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болжээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар томилогджээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрыг танил тал, найз нөхөд, ураг садны томилгоог явуулж байна хэмээн олон нийт шүүмжилж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болсон нь энэхүү шүүмжлэлийг улам хурцатгав. Энэ уг томилгоо ч мөн олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ах дүү долуулаа “Авьяаслаг монголчууд” шоунд орж тэнцжээ

“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт үргэлжилж байна.

Тус шалгаруулалт Т.Ганбүргэд гэх залуу оролцож, МУГЖ С.Наран, МУГЖ Ч.Уранчимэг нарын уран бүтээлийг дуурайн дуулсан үзүүлбэрээр тэнцсэн билээ. Тэгвэл түүний дүү нар мөн тус шоунд оролцож байгаа. Тэд “Ээж минь” дуугаар оролцож нэгдүгээр шатанд тэнцсэн.

К.Тоот, Ч.Бэрцэцэг нар найман хүүтэй аж. Тэдний найман хүүг Т.Гантулга, Т.Ганзориг, Т.Гандөл, Т.Ганбүргэд, Т.Ганжаргал, Т.Отгонбилэг, Т.Очирбилэг гэдэг байна. Тэд бүгд дуулах авьяастай ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хичээлийн 40 минутад утас хэрэглэхийг хориглосон тушаал гарлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЕБС-ийн сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах зорилгоор тушаал гаргажээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү тушалааар багш, сурагчид хичээллэх цагаар буюу хичээлийн 40 минутын хугацаанд гар утас хэрэглэхийг хориглосон байна. Харин завсарлага буюу хичээлийн бус цагаар хэрэглэх нь нээллттэй аж. Хяналтыг БСШУС-ын яамны Боловсрол, соёл урлагийн газар болон тухайн сургуулийн удирдлага, багш нар тавьж ажиллах юм байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Мөрийн хөтөлбөртөө сургалтын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар тусгасан. Иймд сурагчид хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь сургалтын чанарт эерэг нөлөөлөл үзүүлэх учраас хичээллэх цагаар гар утас хэрэглэхийг хориглолоо. Нийслэлийн зарим сургуулийн эцэг эхийн зөвлөл, сургуулийн удирдлагууд хэлэлцээд ухаалаг утас хүүхдэд бариулахгүй гэдэг шийдвэр гаргасан сайн жишээнүүд байна. Нийслэлийн 1,6,31,118,50,48,84,93,24,33 зэрэг сургуулийн удирдлагууд сургуулийн орчинд утас хэрэглэхгүй байх журмыг боловсруулан хэрэгжүүлж байна. Сурагчид хичээлийн цагаар гар утас ашиглахгүй байх нь эрүүл мэндэд хоргүй, хичээлийн цагийг үр бүтээлтэйөнгөрөөх зэрэг олон давуу талтай” хэмээв.

Одоогоор улсын хэмжээний бүх ЕБС-иудад тушаал, зөвлөмж хүргүүлсэн байна. Тушаал ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Манай улсын интернет, цахим хуудас, гар утас хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам хурдацтай нэмэгдэж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд интернет хэрэглэгчдийн тоо 2014 оны байдлаар 1 сая 962 мянга болжээ. Мөн 2015 оны айдлаар 1 сая 881 мянган хүн ухаалаг утас хэрэглэж байгаа нь өмнөх оныхоос 56,4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Судалгаагаар манай улсад 2014 онд 46 хүүхэд, 2015 онд 41 хүүхэд донтолттй гэдэг оноштойгоор СЭМҮТ-д хэмвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээ байна. Мөн ЕБС-ийн 13-15 насны нийт 707 хүүхдээс авсан судалгаагаар 12.1 хувь нь донтолттой, 46 хувь нь эрсдэлтэй бүлэгт багтсан байна.

Иймд хүүхдээ аль болох гар утаснаас хол байлгахыг БСШУС-ын яамнаас зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тусламжийн цувааг Оросууд бөмбөгдсөн хэмээн АНУ мэдэгдлээ

Сирийн иргэдэд туслахаар
явж байсан НҮБ-ын тусламжийн цувааг Оросууд бөмбөгдсөн хэмээн АНУ мэдэгдлээ.

Олон улсын Энхтайвны өдөр өнөөдөр тохиож
байна. Энэ өдөр дэлхий нийтээрээ хүчирхийллээ зогсоож, дайн болон тулааны үеэр
амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг билээ.

АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулган эхлэхээс өмнө тус холбооны ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүн “Олон улс Энхтайвны өдөр Сирийн хямралын бүрэн
зогсооход бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Сирид дахин цус урсах ёсгүй. Бид
хамтарч чадвал энэ бүхнийг ганцхан өдрийн дотор зогсоож чадна” гэж мэдэгджээ.
Харамсалтай нь энэ өдөр Сирид гал зогсох бус улам хүчирхийлэл газар нэмэгдсэн
талаар эх сурвалжууд онцоллоо.

“АНУ, ОХУ-ын байгуулсан гал зогсоох гэрээ
хүчингүй болсны дараа террористууд халдлага үйлдэх нь нэмэгджээ. Мөн Сирийн
ардын армийнхан террористуудтай байлдах нэрээр энгийн иргэдийг хохироож байгаа
нь энэ улсад хууль үйлчлэхээ больсны тод жишээ” хэмээн НҮБ дахь Сирийн асуудал
хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдлээ. Тэрбээр “Сирийн
хямралыг хэн зогсоох нь тодорхойгүй байна. Ард түмэн удирдлагууддаа итгэл
алдарсан. Тус улсыг террористуудаас чөлөөлөхөөр амласан гүрнүүд хяналтаас
гарлаа. Тэд дур зоргоороо аашилж эхэллээ” гэсэн байна.

Ерөнхийлөгч Барак Обама “Бид хүчирхийллийг
өдөөх бус таслан зогсоохоор тэмцэж байна. Бид шаардлагатай тусламжийг
үргэлжүүлэн олгох болно” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Шатарчин С.Билгүүн ОУХМ боллоо

Дэлхийн шатрын холбооны их чуулганы хурлаар
зарим шатарчин, шүүгч, зохион байгуулагч нарт зэрэг, цол хүртээжээ.

Манай улсаас Дэлхийн шатрын холбооны
чансаагаа 2400-д хүргэсэн шатарчин С.Билгүүнд Олон улсын мастер цол олгожээ.
Тэрбээр Ховд аймгийнн

Зэрэг сумын харьяат, “Сүлд” спорт
хороо, МУИС-ийн шатарчин юм.

Мөн Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх
зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны Шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн
бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярт Олон улсын
зохион байгуулагч цол хүртээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт өвс ачсан машин шатжээ

Өчигдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өвс ачсан автомашин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд, Өлгий-Ховд чиглэлийн зам дээр иргэн Ж-н эзэмшлийн 86-84 БӨТ улсын дугаартай “САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатсан бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжхангай багийн Дуушийн гудамжинд иргэн З-н эзэмшлийн 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 загварын задгай өвс ачсан автомашин шатжээ. Галыг аймгуудын Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна. Мөн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Түндэмүн” сауны хашаанд чингэлэг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын 16 дугаар гудамжинд айлын байшин, Төв аймгийн Зуунмод сумаас 14 км зайд Түргэний голын автозамд иргэн А-н “Tоёота стима” загварын автомашин тус тус шатсаныг унтраажээ.

Categories
мэдээ улс-төр

Банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо.

Тэрээр“Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэр хайж байна. Одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгохоор төлөвлөсөн. Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байгаа. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна” гэлээ. Ерөнхий сайд “100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэд урьдчилгаа 30 хувь дээрээ 100 гаас дээш ам метр талбайн төлбөр нэмж төлснөөр найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй нэг томоохон өөрчлөлт юм. Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа” гэсэн юм.

Банк санхүүгийн байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдад тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Засгийн газраас хэт жижиг төсөл хэрэгжүүлэхгүй байвал зүгээр байна. Энэ нь банкуудын бий болгосон зах зээлийг эвдэх хандлагатай байдаг. Энэ төслүүдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулвал зүгээр болов уу. Техник, технологи хөгжсөн энэ үед банкууд хэрэглэгчдийн дата мэдээллээ байнга шинэчилж байна. Ийм үед төрийн нэгдсэн мэдээллээсээ хуваалцвал сайн. Иргэний бүртгэлийн үнэн зөв мэдээлэл нэгтгэгдвэл банкууд шийдвэр гаргахад дөхөм. Тиймээс мэдээллийн үнэн зөв байдалд анхаарч өгөхийг хүсч байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Банкуудын чанаргүй зээл өсч байна. Банкууд нэмж зээл олгох нь багасч эхэлсэн. Чанаргүй зээлийг суллаж актив сайжруулах шаардлага бий. Банкууд нийлээд Актив удирдлагын газар байгуулахаар ярьж байгаа.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд: Засгийн газар нийт эрэлтээ нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байна. Орон сууцны зээл 80 ам.метрээр хязгаарлагддаг. Үүнээс дээш талбайтай орон сууц авах хүсэлтэй иргэд зээлд хамрагддаг. Бид нийт эргэлтээ нэмэгдүүлэх гэж байгаа бол ам.метрыг тодорхой түвшинд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Одоогоор Зээлийн батлан даалтын сан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Энэ сан зөвхөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллахаас гадна анх удаа орон сууц авч байгаа иргэдийг дэмжих, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд батлан даалт гаргаж өгвөл орон сууцны эргэлт нэмэгдэх хандлага үүсэх юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санхүүгийн салбар өрөөсгөл тогтолцоотойгоор явж ирсэн. Банкны сектор 96, даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллагын зах зээл нь дөрөвхөн хувьтай бараг 20 жил явсан. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад үнэт цаас, банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын төвшинд ярилцаж байна. Эдийн засаг хүндрэлтэй үед зөвхөн төр, засаг гэлтгүй хувийн сектор ч мөн хамтарч ажиллаж байж хүндрэлээс хурдан гарна. Өнөөдрийн байдлаар зээлийг хүүг бууруулах нь хоёр талтай. Монголбанк хүүг буулгах журам гаргавал захиргааны арга хэмжээ болчихоод байгаа юм. Үүнийг зах зээл өөрөө зохицуулдаг. Харилцах болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхийг зогсоох талаар банкууд шийдвэрээ гаргавал Монголбанк үүнийг дэмжихэд бэлэн байна.

Өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв бол зээлийн чанар. Эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор зээлийн төлөлт удааширдаг. Нөгөө нь хууль эрх зүйн орчин. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд бид ажиллаж байна. Үүнд Хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг дурьдах ёстой. Хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлбэл тодорхой хэмжээнд зээлийн чанарт ахиц гарах боломж байгаа. Энэ хуулийг удахгүй хэрэгжүүлнэ. Нөгөөх нь Барьцаа хөрөнгийн шүүхийн бус замаар шилжүүлэх тухай хууль. Энэ хуулийг баталсан ч хэрэгжилт муу байгаа. Банкны холбоо, Монголбанк, ХЗДХЯ болон бусад төрийн байгууллагатай хамтраад зөв гольдрилд нь оруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ер нь шүүхийн бус замаар хөрөнгө шилжүүлдэг тогтолцоо дэлхийд хэвшсэн. Бүр хамгийн зөв туршлага гэсэн тодотголтой явдаг ч манай улсад төдийлөн хэрэгжихгүй байгаа учраас талууд хамтарч суух хэрэгтэй байгааг энд дурдъя.

Ипотекийн зээлийн тухайд таван хувийн зээл бол эхнээсээ зөв биш шийдвэр байсан. Харин найман хувийн зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк, таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ үүнд тодорхой алхмуудыг хийх шаардлага байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд бол нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Энэ бол бусад уул уурхай, барилга гэх мэт олон салбараас илүү гараад явчихсан. Ипотекийн зээл ингэж ихсэх тусмаа хэрэглээг танадаг сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авсан иргэд бүх мөнгөө өрөө төлөхөд зарцуулчихдаг учраас эргээд хэрэглээгүй болчихдог. Энэ нь эргээд дефляци руу явуулах сөрөг талтай. Хэрэглээ байхгүй учраас худалдан авалт байхгүй болчихдог. Тиймээс энэ зээл дээр Монголбанк маш болгоомжтой хандаж байна. Гэхдээ мэдээж үргэлжлүүлэх талд зогсч байгаагаа илэрхийлье.

Даатгалын компанийн захирал н.Батзул: Гурван зүйл дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Даатгалын тухай хууль. Энэ салбарын хууль бий ч зохицуулалтууд нь учир дутагдалтай. Даатгал эд хөрөнгийн болон амьдралын гэж хоёр төрлөөр олон улсад хөгжсөн байдаг. Харин Монголд амьдралын даатгал хөгжөөгүй. Энэ чиглэлд илүү анхаарч ажиллавал зүгээр байна. Мөн албан журмын даатгал нийт даатгалын 25 хувийг эзэлдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй болов уу.

“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул: Зээл чанаргүй болсны дараа шүүхээр явах процесс 2-3 жил үргэлжилдэг. Түүнтэй холбоотой зардал багагүй гарч байна.

“Би Ти Си” брокер дилерийн компанийн төлөөлөл н.Даянбилгүүн: Засгийн газар тусгай зориулалтын бонд гаргавал зүгээр байна. Бондоо аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргавал бусад орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд зогссон. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хөрөнгийн зах зээлд арилждаг дотоодын бондын хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Өнгөрсөн онд ашигтай ажилласан ганц салбар бол банк санхүүгийн салбар байлаа. Өмнө нь аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзахад Монголд банк, санхүүгийн байгууллага дангаараа ноёрхож, дарамт их байна гэдгийг онцолж байлаа. Харилцан бие биенээ ойлгож, хандах хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлд хамрагдахын тулд иргэд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлдөг. Гэтэл банк энэ мөнгөө хаанаас яаж олсон юм бэ гээд хуулийн байгууллага шиг шалгаад байдаг. Тэр хүн өөрөө тодорхой хэмжээгээр эх үүсвэр босгоод, тушааж байхад хаанаас олж авчирсан нь банкинд хамааралгүй баймаар. Энэ мэт хүндрэл их байдгийг хэлж байсан. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулж өгнө үү гэсэн санал хүмүүсээс их ирсэн. Цаашид хөрөнгө, санхүүгийн зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэлээ.