БНХАУ-ын Шаньдун мужид үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон талаар өчигдөр “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас тус үйлдвэрийн дөрвөн ажилтан амиа алдсан аж. Өндөр даралттай шингэн, хий дамжуулах, хадгалах зориулалттай төхөөрөмж гэнэт дэлбэрчээ.Галыг унтраахаар 600 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бол цагдаагийнхан тус үйлдвэрийн эздийг түр саатуулаад байна. Уг үйлдвэр барилгын дулаан ба ус тусгаарлагч хөөс гаргаж авдаг бодисууд үйлдвэрлэдэг аж. Энэхүү ослоос гурван өдрийн өмнө Цинхай мужийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, зургаан хүн амиа алджээ.
Month: September 2016
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг томилсон байна. Тухайлбал, ТУЗ-ийн гишүүдээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар томилогджээ. Н.Багабанди нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн “Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон, цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран хотын тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого, газрын харилцаа, хот төлөвлөлтийн менежментийн чиглэлээр хамтран ажиллаж, хэд хэдэн зөвлөмж гаргасан. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл эхлүүлж Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн 3 том дүүргийг тус төсөлд хамруулан ажиллаж байна. Энэ төсөл нь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн гэдгийг тэрээр хэллээ. Төслийн үр дүнд иргэд тэр дундаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргах явцад оролцуулах, тэдний амьдралын түвшин дээшилж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх боломж бүрднэ гэдгийг тэрээр онцлов.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бидний олж харж чадахгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлсийг олж харан зөвлөмж болгон хүргүүлж байгаа та бүхэнтэй бид хамтран ажиллах болно. Дэлхийн банкнаас гаргасан эдгээр зөвлөмж нийслэлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдана. Би ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө өчигдөр НИТХ-д өргөн барьсан. Энэ хөтөлбөртөө Дэлхийн банк, НҮБ, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн заалтууд бий. Нийгмийн үйлчилгээ хүн бүрт тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой гэсэн зарчмыг би баримтлан ажиллаж байна. Тиймээс та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хотод, хотын иргэдэд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Уулзалтын төсгөлд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсны 25 жилийн ойд зориулсан Хүндэт тэмдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод гардуулан өглөө.
Мэгжид Жанрайсиг
бурхны тахилын ширээ гэж маш том ширээ бий. Түүнийг Чуваамэд гуай урлажээ.
Д.Цэрэнтогтох аварга тэргүүтэй ар, өвөр хангайн бөхчүүдээр өргүүлж төв ганданд
байрлуулж байжээ.Түүний уран сийлбэрийг үнэлж Н.Энхбаяр дарга Монгол Улсын
ардын зураач хэмээх эрхэм цолыг хүртээсэн гэж хүү Ч.Энхбат нь дурсан
ярьжээ. Тэднийх хоёр бөх хүргэнтэй
бөгөөд нэг нь УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумъяабазар бол нөгөө нь аймгийн
арслан Я.Оюун-Эрдэнэ гэнэ. Энэ тухай сонирхолтой ярилцлагыг дэлгэрүүлэн уншихыг
хүсвэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.
Офицеруудын
ордноос Таван шарын уулзвар хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр
автомашинуудыг зорчихыг хориглосон байдаг. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр зорчсон ч
тухайн торгуулийг төлөх үндэслэлгүй гэдгийг нэгэн иргэн Замын цагдаагийн
газраар хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Улмаар торгуулийн хуудсуудыг хүчингүй
болгожээ. Ингээд П.Цэвэгмид хэмээх энэ иргэн хэрхэн торгуулийн хуудсуудыг
хүчингүй болгуулсан талаарх сонирхолтой ярилцлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн
дугаараас уншина уу.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв.
Одоогийн байдлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ.
Батламж жуух бичгийг гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч: -НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд долоо дахь удаагаа оролцож байгаагаа та индэр дээрээс үг хэлэхдээ онцолсон?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жил бүрийн намар, өвөл болдог хоёр том арга хэмжээнд Монгол Улс том ач холбогдол өгч оролцдог. Түүний нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган байгаа. Энэ чуулганд дэлхийн улс орнуудын төр засгийн удирдлагууд оролцож, тухайн жилд өрнөсөн үйл явдал, улс орныхоо бодлогыг ярьдаг. Монгол Улсын хувьд НҮБ бол хамгийн чухал индэр. Энэ индэр дээрээс үг хэлэх бол хамгийн чухал үйл явдал юм.
Сэтгүүлч: -Энэ удаагийн чуулганы онцлог юу байв. Өмнөх чуулгануудаас юугаараа чухал гэж таны хувьд дүгнэж байна вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүн төрөлхтөн нэг баг, нэг айл, нэг гэр орон гэдэг утгаараа ирэх 15 жил яаж хөгжих вэ ямар зорилт тавих вэ гэдэг утгаараа олон жил ярьсан асуудлаа ажил хэрэг болгохоор НҮБ-ын чуулганаас тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан. Энэ зорилтод Монгол Улс өөрийн санаа бодлоо тусгасан байгаа. 17 төрлийн зорилт байдаг. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал энэ жилээс эхлэн яригдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт Монгол Улс мөн идэвхтэй оролцсон. 1992 оноос эхлээд Риогийн хуралд оролцож ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлсөн орон бол Монгол. Гэхдээ эндээс хамгийн их хохирч байгаа орон бол Монгол.
Монголд цаг агаар яаж өөрчлөгдөж байгаа, ямар хүндрэл үүсч буйг бүгд мэднэ. Тиймээс энэ хэлэлцээрт бид идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэхүү хэлэлцээр олон жил яригдсан. Хамгийн гол нь хуулийн хүчинтэй хэлэлцээр болох ёстой юм. Улс орон бол бүгд л хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Парисын хэлэлцээр нь улс орон бүрийн хууль тогтоох байгууллага болох парламентаар хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болно. Энэ хэлэлцээрт нэг баг болж, хамгийн түрүүнд хууль тогтоох байгууллагаараа баталгаажуулсан орон болсон гэдгээ Монгол Улс илэрхийлж батламжаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад гардууллаа. Дэлхийн 55 орон л уг хэлэлцээрийг парламентаараа баталчихвал хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий гаргадаг улс орнууд үүнийг дэмжих юм бол хэлэлцээр хэрэгжээд явна. Тиймээс тооны хувьд хангалттай болчихлоо. Энэхүү хэлэлцээрт 60 орон нэгдэж орсноо зарлалаа. Парисын хэлэлцээрийг Монголын шинэ парламентаар хэлэлцэж баталсан нь чухал үйл явдал болсон. Гэхдээ үүний дараа хэлэлцээрийг хэрэгжүүлэх маш олон ажил бий. Тухайлбал, хүлэмжийн хийг багасгах ёстой. Монголын хувьд нар салхины эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Модоо тайрдгаа больж, мод тарьж ургуулах гээд асар олон ажлыг Монгол Улс хийх ёстой.
Сэтгүүлч: -Тогтвортой хөгжлийн зорилтуудыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэлээ. Монголд тийм боломж байгаа юу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Бидэнд маш том үүрэг хариуцлага ирлээ. Эдийн засаг хямарлаа, санхүүгийн асуудал хүндэрлээ гээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг мартаж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл гээд тодорхой тоонууд заасан байгаа. Эдгээр тоогоо барьж явах хэрэгтэй. Түүнээс олон улсад нэг юм яриад, тунхаг бичиг гардуулаад явснаар асуудал шийдэгдэхгүй. Тусгасан зорилтуудыг нь биелүүлэхийн төлөө ажиллах ёстой гэсэн үг. Монголд хийгдэж байгаа бодит өөрчлөлтөөр, бодит тоогоор тогтвортой хөгжлийн үр дүн тооцогддог болохоор эргээд манай Засгийн газар, парламентад том үүрэг хариуцлага ирж байна.
Сэтгүүлч: -НҮБ-ын чуулганд ирэхээсээ өмнө та Бүгд найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын чинь үр дүн юу байв?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Куба улс бол Монголын эртний анд. Монголын талаас 50 жилийн дараа албан ёсны айлчлал хийлээ. Латин Америкийн орнуудын Монголтой дипломат харилцаа тогтоосон анхны орон бол Куба. Кубын хувьд Ази тивээс анхны дипломат харилцаа тогтоосон орон бол Монгол. Энэ утгаараа бол манай хоёр орон түүхэн харилцаатай. Хоёр улсын хувьд эртний харилцаагаа идэвхжүүлэх сонирхол аль, алинд нь байлаа. Тус улстай хамтарч ажиллах боломжууд олон байна. Ялангуяа хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр болон оюутан солилцоо, аялал жуулчлал гээд олон чиглэлээр хамтарч ажиллах бололцоотой. Мөн Кубын удирдагч Раул Кастротой дөрвөн цаг гаруй уулзалт хийсэн. Миний айлчлалын дараа тус улсад Японы ерөнхий сайд, Хятадын ерөнхий сайд айлчилсан. Ираны ерөнхийлөгч ирж байгаа гээд олон айлчлалын үүд хаалга нээгдсэн сайхан айлчлал болсон.
Сэтгүүлч: -Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэхдээ та хүний эрх, ардчилалын тухай хөндсөн. Яг энэ сэдвээр та Куба лекц уншсан. Таны тавьсан итгэлийг улс орны зарим төр засгийн тэргүүн багагүй сонирхож, танаас асууж байсан гэсэн?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Кубад очсон айлчлалтай холбоотойгоор зарим улс орны төлөөлөгчид сонирхож асууж байгаа зүйлүүд байна. Кубад “Зүрх бүхэн эрх чөлөөг чимээлж цохилдог юм” гэсэн сэдвээр лекц уншлаа. Монгол Улсад хийсэн өөрчлөлт Кубын сонирхлыг нэлээд татаж байна. Мөн Кубачууд өөрсдөө хөгжлийнхөө замыг тодорхойлохыгн тулд хэлэлцүүлэг хийж байна. Зүйрлэж хэлэх юм бол манай 80-аад оны сүүлчийн үе шиг байна. Хувийн жижиг дэлгүүр, хоршоолол гэдгийг дөнгөж хүлээн зөвшөөрсөн эхлүүлж байна. Зөвхөн эдийн засгийн хүрээнд гэлтгүй олон асуудлыг Куба сонирхож байна.
Сэтгүүлч: -Монгол Улсын төрийн тэргүүний хувиар та БНАСУ, Иран, Кубад айлчилсан дэлхийн анхны удирдагчаар нэрлэгдэж байгаа. Энэ нь Монголыг гадаад ертөнцөд таниулахад чухал, том алхам болсон уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монголыг гадаад ертөнцөд таниулахаасаа илүү Монгол улс ямар хүсэл эрмэлзэлтэй вэ гэдгийг харуулж, улс орон маань бие даасан бодлоготой, эрх чөлөөтэй гэдгээ таниулж яваа нэг хэлбэр. Бидэнд дотроо шүүмжлэлтэй ханддаг зүйл олон байдаг. Гэхдээ бидний алдаа ч зарим улс оронд сургамж болж байна.
Манайхан түүхэн хүмүүсийн “хар цагааныг ялгах” гэж их ярьдаг юм. Энэ нь дараахь домгоос үүсэлтэй байх. Хүн нас бараад Эрлэг номун хаан дээр очиход нэг дэнс гаргаж ирдэг. Тэгээд чиний хийсэн буян энэ гээд баахан цагаан чулууг дэнсний нэг таваг дээр хийнэ…Үнэн хэргэтээ хүний намтрыг хар ба цагаанаар ялгах гэж оролдох нь төөрөгдөл болдог. Наад зах нь юуг хар, цагаан гэх шалгуур ч харьцангуй.
Оросуудын хамгийн их айлгадаг сэдэв нь Хятадууд байв. “Бидний үгэнд орохгүй бол тэгээд Хятадаа дагаач, бидэнгүйгээр танай тусгаар тогтнол гэж юу байсан юм бэ, дургүй бол больчих”. Энэ сүрдүүлгээ ил далд байнга ойлгуулна.
Б.Цэнддоогийн “ХАРГҮЙ БАС ЦАГААНГҮЙ” нийтлэлийн үргэлжлэлийг “ӨДРИЙН СОНИН”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай УИХ-ын ээлжит бус чуулган хаасан болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын Ээлжит бус чуулган өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотголын тухай хэлэлцсэн нь эерэг, сөрөг олон асуудлыг бий болголоо. Сөрөг хүчний болон хувь гишүүнийхээ хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-“МАН ямар зүйл хийчихэв” гэдэг нь олон нийтэд хангалттай хүрчихлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Төсвийн тодотголоор далимдуулж эрх баригчид юуг хүссэн гэхээр бүх зардлыг нэг тал руу нь хумиад, үндсэндээ санхүү, эдийн засгийн “эргэлт” хийхийг л хүссэн. Өөрөөр хэлбэл, хуучин явж ирсэн төсөвтэй холбоотой бүх эрхзүйн орчинг тэр чигээр нь өөрчлөх процесс явагдсан. Үүнийхээ шалтгааныг тэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед төсвийн сахилга баттай байх ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Харамсалтай нь өөрчилж оруулж байгаа тэр зүйл нь нийгмийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ бид сүйрсэн хэмжээнд очоогүй.
-Монгол Улсын төсөв нэг байх ёстой. Ардчилсан намын үед таван төсөвтэй замбараагүй явж ирсэн тухай эрх баригчид шүүмжилж байсан?
-Монгол Улс хэзээ ч таван төсөвтэй байгаагүй. Монгол Улс нэг төсөвтэй байсан. Энэ төсвийг хянадаг, зарцуулдаг, орлого олдог, баримталдаг хуультай. Ардчилсан намын үед бодлого өөр байсан. Монгол Улс нэг төсөвтэй гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед хүн амын өрхийн орлогыг тогтвортой байлгах, үнийг тогтворжуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх зэрэг олон талын арга хэмжээ авсан нь төсвөөс гадуурх хийсэн зохицуулалтууд. Энэ бүхэн буруу байгаагүй гэдгийг тодорхой харж байна.
Төсвийн орлогын гадуур явж байгаа өрхийн орлогын зээл, хөрөнгө оруулалтын банкны зээл энэ бүх зүйлийг төсөв рүү оруулчихаад хэд дахин нэмэгдсэн тоо хэлж нийгмийг цочролд оруулж, эдийн засгийн “шок” руу хүчээр түлхэж байгааг буруу гэж үзэж байна. Үүнээс болж Монголын эдийн засагт учирч байгаа хохирол, эрсдэл өндөр байна. Хэдэн тоог дураараа хасч, нэмдэг. Түүнийгээ нийгэмд мэдээлдэг, олон улсын зах зээл дээр ойлгомжгүй байдал үүсгэдэг ийм зах замбараагүй байдал руу бид их хурдан яваад орчихлоо. Төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ гэхээсээ илүү зарлагыг яаж танах тухайд анхаарсан хуучны социалист арга барил руу эрх баригчид шууд орсон. Төсвийн тодотголын тухайд бол ярих ч юм алга. Олон ч зүйлс нь уналаа.
-Ардчилсан намын үед Чингис бондын мөнгө, түүнтэй холбоотойгоор өнөөдрийн улсын төсөв хүндэрсэн гэх дүгнэлтийг Сангийн сайд мэдэгдэж байсан. Та харин өөр байр суурьтай байгаа харагдсан?
-Ардчилсан намын үед 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Эрх баригчид янз бүрээр л ярьж байна. Идсэн, уусан гээд л. 1.5 тэрбум ам.долларыг идэж, уудаг Ардчилсан нам ч гэж хаа байхав. Харин энэ бондын мөнгө зээл хэлбэрээр үйлдвэрлэгчдэд очсон юм. Энэ хэдэн замыг холбохоос эхлээд дулааны шугам, сүлжээг засч, сайжруулах, дулааны станцыг барих, эрчим хүчийг нэмэгдүүлэх үйлдвэр үйл ажиллагааны өргөтгөл гээд бүх тооцоолол нь ойлгомжтой, хүний нүдэнд харагдах хийсэн ажилтай. Хүн бүрийн амьдралд бодитой мэдрэгдсэн зүйлийг зүгээр улстөржүүлээд үгүйсгэж чадах ч үгүй. Ардчилсан нам юу хийснийг тэртэй тэргүй ард түмэн мэднэ.
-Бондын зарцуулалт дээр АН буруу бодлого явуулсан талаар эрх баригчид ярьж байгаатай санал нийлэх үү?
-Энэ бүхнийг Ардчилсан нам идэж, уугаад өрөнд оруулсан гэдэг зарын шинжтэй зүйл явуулаад түүнийхээ халхавчин дор ийм явуургүй зүйл хийж байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийг олон улсын захаас тухайн үед 4.5 хувийн хүүтэй авч байлаа. Гэтэл өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлийн дараа энэ хүү найман хувь болж өсч, валютын ханш хүртэл саваад гадаад зах зээл дээр сөрөг савлагаа үүсгэж байна. Өнгөрсөн сонгуулиар МАН тултал нь шоудсан. Ардчилсан нам баахан зээл аваад өөрсдөө идэж, уугаад дууссан. Өр нь ард түмний нуруун дээр бууна. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй. Манай нам энэ өрийг байхгүй болгоно гэдэг амлалт өгөөд сонгогдсон. Орсон айл, очсон сум бүхэндээ үүнийгээ л ярьж явсан. Өнөөдөр бодит байдлыг эргээд харъя. Энэ зээлийг ихэнх нь жижиг, дунд үйлдвэрийнхэн, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, уул уурхайнхан өөрсдийнхөө бизснесийг өөд нь татахын тулд авсан. Тухайн үед 4.5 хувийн хүүтэй авсан зээл тэдэнд найман хувийн хүүтэй олгогдож байсан бол өнөөдрийн эдийн засгийн энэ олон хариуцлагагүй үйл явцаас болоод 10 гараад “давхичихлаа”. Найман хувьтай байсан зээлийн эрсдэл үйлдвэр эрхлэгчдэд өнөөдөр 15-16 хувьтай. Дээрээс нь Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр бизнес эрхлэгчдээ асар том эрсдэл рүү чирээд оруулчихлаа. Энэ улс орны амьдралыг зөвхөн татвар төлөгч эсхүл нэг татвараар оруулсан мөнгийг зарлагадагчдын хэмжээнд ойлгож болохгүй. Улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь ажил олгогчид болон ажил эрхэлж байгаа хүмүүс. Энэ чинь зөвхөн төсвийн тухай ойлголт биш. Тиймээс ч Ардчилсан намын бодлого хатуу байсан юм.
-Яагаад энэ бүхнээ нэг төсвийн хүрээнд хийчихэж болоогүй юм бэ. Үүнээс гадна Ардчилсан намын “Сайн” хөтөлбөрүүд ч гэсэн өнөөдрийн төсөвт дарамт болоод байгаа юм биш үү?
-Нэгдүгээрт, төсвийн бодлого байх ёстой. Төсөв бол төсвийнхөө хүрээнд л явна. Төрийн байгууллагууд төрийн хөрөнгө оруулалттай холбоотой илүү юм руу битгий ороорой, байж болохгүй. Төсвийн эрх мэдлийг, Монголын бүх мөнгийг төрийн уутанд цуглуулаад буцаан тараах хэлбэр нь авлигыг л өөгшүүлдэг, тиймээс буруу гэж. Монголбанк анх удаа мөнгөний бодлогыг өрхийн орлоготой зохицуулах хэлбэр рүү орсон. Энэ нь “Сайн малчны зээл”. Монголын 60 мянган малчин өрх энэ зээлд хамрагдсан шүү. Өрхийн орлого, хэрэглээгээ зөв, зохистой зохицуулдаг, зээл аваад хариуцлага хүлээдэг хэлбэрт шилжсэн юм. Түүнээс биш зээл төсөвтэй уялдах ёсгүй. Төсвөөс зээл олгох ойлголт байж болно. Гэтэл төсөв рүү төвлөрүүлээд буцаагаад зээл олгоно гэдгийг огт ойлгохгүй байна. Яавч тэгж болохгүй. Ипотекийн зээл ч ялгаагүй. Монголбанкны мөнгөний бодлогоор дөрвөн хувийн зээлийг арилжааны банкуудад өгч, арилжааны банкууд найман хувийн зээлийг бий болгосон. “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” яг тэр хэлбэрээр явах байсан. Энэ чинь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Иргэн хүн өөрийнхөө орлого, хөрөнгөөрөө баталгаажуулж зээл авч байна. Энэ төсөвт ямар хамаатай юм. Буруутгахын тулд хэдэн тоо нэмж, хасч зарлахын тулд төсөв рүү хийж байгаа бол туйлын хариуцлагагүй үйлдэл.
-Хөгжлийн банкны зээл ч гэсэн улсын төсөвт дарамт болоод байна гэх юм?
-Хөгжлийн банкны зээлийн тухай бас л ярьж байна.
Энэ зээлийг олон арван үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайнхан авсан. Энд танай, манай намын ялгаа байсан гэж би огт харахгүй байгаа. Хэн хэдийг авсан тоо нь тодорхой. Тухайлбал, экспортын үйлдвэрлэл эрхлэхээр 131 аж ахуйн нэгж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл 210, 714 жижиг, дунд үйлдвэрлэгч энэ зээлд хамрагдсан байна. Ямар олон аж ахуйн нэгж зээлд хамрагдаа вэ. Эдийн засгийн энэ бүх хариуцлагагүй үйлдлээс болоод энэ зээлийн үнэ цэнэ өндөр болсон. Энэ бүхэн хэнд ашигтай юм. Хэнд ч ашиггүй. Тиймээс ч зээлтэй холбоотой асуудлыг төсөв рүү оруулж, улстөржиж, нийгэмд зарлаад л. Бүх мөнгөн дүнг төсөвтэй нийлүүлж, нийгмийг шоконд оруулаад л. Энэ бүхний цаана Ардчилсан нам ийм их мөнгийг идэж байсан юм байна шүү гэж ойлгуулах гэсэн далд санаа л агуулагдсан.
-Татвар нэмнэ, тэтгэвэр тэтгэмж хасна, хасахгүй гээд эргэж буцсан олон шийдэл ард түмнийг нэлээд цочирдуулаад авлаа?
-Татваруудыг нэмнэ, хөрөнгө оруулалтаа танана, орон тооны зардлаа цомхотгоно. Өнөөдрийн эдийн засгийн орчин үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь Монголын эдийн засаг маш өргөн цар хүрээнд тэлчихсэн. Энэ тэлэлт зөвхөн төсвийн хүрээнд биш. Хөрөнгө оруулалт, хувийн бизнес, худалдаа үйлчилгээ, хүний хэрэглээ гэх мэт. Харин үүнийг нийгмийг цочролд оруулж хүчээр “агшааж” болдоггүй. Эрх баригчдыг их буруу хөл дээрээ босч дээ л гэж харж байна. Чуулган дээр ийм л зүйлийг хэлсэн. Өнөөдрийнхөө хэрэгцээнд чадан, ядан амьдарч байгаа иргэдийнхээ халаас руу төр хуулиар далайлган дайрч болохгүй гэж.
-Та нар хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг туулна шүү гээд чуулганы танхимд хэлээд байсан чинь ийм учиртай юм уу?
-Тийм. Өнөөдрийн эрх баригчид хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг адилхан туулна. Хамгийн гол нь дахин хэлэхэд, эдийн засгийг улстөржүүлж болдоггүй зүйл. Эдийн засгийн энэ хүндрэлийн үед Засгийн газрын гишүүн, төрийн сайд болчихоод асуудалд улс төрийн хандлагаар хандаж байгаа нь буруу. Чи хэрэв төрийн сайд болсон бол асуудлыг эдийн засгийн үр өгөөж, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг талаас нь урагш харах ёстой. Түүнээс биш хэн нэгэн дайсантай тэмцэх талаас нь харж болохгүй. Асуудалд ингэж хандсан нь эрх баригчдын том алдаа болсон. Харин яаж энэ орлогыг нь тогтвортой байлгах уу, орлогоо нэмэгдүүлэх үү, зөв зохистой хэрэглээ рүү орох уу гэдэгт ухаанаа уралдуулах цаг үед эсрэгээрээ хийсэн.
-Татвартай холбоотой асуудлуудаа эрх баригчид буцаагаад татчихлаа. Эрх баригчид гаргах гэж байсан алдаагаа засчихлаа гэж ойлгож болох уу?
-Хэдийгээр татвартай холбоотой асуудлаа сөрөг хүчний шахалтаар больсон ч намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа. Энэ нь дахиад л татвараа нэмэх гэж оролдоно гэсэн үг. Тэтгэмж, тэтгэлэг хасах асуудлуудыг хэвээр нь үлдээчихсэн байгаа гээд олон асуудал намрын чуулганаар яригдах байх.
-Төрийн албаны тухай хуультай холбоотой өөрчлөлтүүдийг та их эсэргүүцэж байсан даа…
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсанд эмзэглэж байна. Төрийн албанд ажиллахыг хуулиар баталгаагүй болгочихсон. Анхнаас нь шүүмжилсэн боловч энэ хуулийг баталчихлаа. Төрийн албаны тухай хуульд гурван чухал зүйлийг өөрчилж хөндсөн нь бүгдээрээ буруу. Нэгдүгээрт, эрх барьж байгаа байгууллага хэрэв бүтцийн өөрчлөлт хийх юм бол төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон нь төрийн тогтвортой үйл ажиллагаа, төрийн залгамж халааг үгүй болголоо. Энэ бол ноцтой заалт. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг цагаар цалинжуулж болно гээд заачихлаа. Төрийн албаны ажлыг цагаар хэмждэг ажил биш. Тэдний ажлыг яаж цагаар үнэлэх гээд байгаа юм бэ. Чиний авдаг 800 мянган төгрөгийн цалин чинь баталгаагүй боллоо гэсэн үг. Гуравдугаарт, төрийн албан хаагчийн авах шагнал, урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиас ихгүй байх заалтыг оруулчихлаа. Нөгөө асуудал нь 36 сарын тэтгэлэг нь 12 сар болчихлоо. Багш, эмч нарын 36 сарын тэтгэлэг байхгүй болсон. Бид аливаа нэгэн зүйлийг өөрчилж, хасч, танаж болно. Гэхдээ өнөөгийн амьдралын дундаж түвшин ямар хэмжээнд байгааг үргэлж анхаарч, харж байх ёстой. Миний хувьд өнөөдөр төрийн албан хаагчийн 800 мянган төгрөгийн цалинг амьдралын баталгаа гэж харахгүй байна. Хэдэн төгрөгийг нь нэг эрх мэдэлтэй дарга нь өөрийн дураар хасч, шагнал, урамшууллыг нь 40 хувиас илүү нэмэх эрхгүй болгочихлоо. Ингэхээр чинь төрд ажиллахын утга нь хаанаа байгаа юм. Авлигад өртөхгүй байх нөхцөл хаана байна гээд олон асуудлыг энд хөндөж болно.
-Тэгвэл таныхаар яана гэж?
-Энэ бүхнийг эсрэгээр нь хийсэн бол бид дэмжиж болох байсан. Тухайлбал, төрийн албан хаагчдын авдаг цалинг нэмээд хоёр сая болгочихъё гэсэн бол өөр хэрэг. Харин ажилдаа хариуцлагатай байх гэх мэт дараагийн асуудал яригдана. Харамсалтай нь төрийн албан хаагч явж, явж төсвийн тодотголоор хохирчихлоо. Төсвийн тодотголыг бүхэлд нь авч үзвэл хүн бүрт хамааралтай болчихлоо. Яагаад гэвэл оюутны 70 мянга нь байхгүй, сумын амьдралыг тэтгэдэг орон нутгийн хөгжлийн санг нь хасчихлаа, мөнгөний хатуу бодлого гэдэг нэрийн дор Монголбанк даарин дээр давс гэгчээр бодлогын хүүгээ нэмчихсэн. Энэ нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулчихлаа. Энд ер нь бүтэж байгаа зүйл гэж байна уу. Бид нэг л зүйлийг сануулж байсан. Төсвийн тодотголоор битгий оролдоо гэж. Одоо байгаа хүрээнд нь төсвийн алдагдал нь нэг их наяд төгрөг байгаа юм бол түүний зөрүүн дээр нь зарлага, орлогоо бодитой тооцоод баталчих л даа. 2017 оноос тэр хийх гээд байгаа шинэчлэлээ бодлоготой хий. Одоо ингэж нийгмийг бужигнуулж болохгүй гэж.
-Ардчилсан намынхан л идэж уугаад тооцооны хуудсаа Ардын намд үлдээчихлээ гээд байгаа шүү дээ?
-Ардчилсан намд нуух юм байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачилж, батлуулаад бүх зүйл шилэн болсон. Үүнийг ойлгох нэг нь ойлгоод, шүүмжлэх нэг нь шүүмжлээд явж л байсан. Энэ ганц сарын хугацаанд Монгол Улсад ямар их зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхнээс өнөөдөр ойлгомжтой нь юу байгаа юм. Ирэх онд амьдрах төсөөлөл энэ хэвээрээ үргэлжлэх юм уу. Энэ улс орныг чинь бизнес эрхлэгчид, үйлдвэрүүд авч явахаас биш төр авч явахгүй. Дөрвөн жилийн дараа байдал ямар байхыг хэн ч таашгүй. Мөрийн хөтөлбөрөө эрх баригчид эхнээсээ л байхгүй болгочихсон. Засгийн газрын бүтцийг хийхдээ л мөрийн хөтөлбөрөө зөрчсөн. Өнгөрсөн дөрвөн жилд “давхар дээлтэй” байна гэж хангалттай л шоолсон. Манай С.Бямбацогтоос авахуулаад МАН-ын бүлгийн дарга байхдаа давхар дээл гэж мөн ч их хашгирсан даа. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл өмсчихөөд хээв нэг сууж л байна. Хүн тэгж хувирч болохгүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн нь талаар болсон. Төрд дандаа ах дүү, танил тал, мөнгөтэй хүмүүс нь дүүрчихлээ. Төрийн алба “нянгар”-уудаар дүүрчихлээ шүү дээ гэсэн шүүмжлэл их байна. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулах биз. Амлалтууд бүр байхгүй болсон шүү дээ. Цалин, тэтгэврийг чинь нэмэгдүүлнэ, Монголыг өргүй болгоно гэх мэт зөвхөн ард түмний саналыг авах гэсэн хөөсөрсөн сүржин амлалтууд өгч болохгүй. Ард түмнийг улстөржсөн хий, хоосон амлалтаар хуураад амьдраад байна гэдэг бол нэг удаагийн арга л даа. Яахав, тэд эцсийн аргаа л хэрэглэсэн нь тэр байх. Төсвийн тодотгол хэлэлцэхэд л тэдний үнэн нүүр царай гараад ирсэн шүү дээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийг би өдөр бүхэн сануулна аа гэж хэлсэн, сануулна. Угаасаа биелэгдэх боломжгүй, худлаа зүйл, ойлгомжтой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь мөрийн хөтөлбөрийн хүрээнд гэсэн боловч хэт ерөнхий заалттай орж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд 381 заалттай хэрнээ дэндүү ерөнхий.
-Яагаад ерөнхий гэж?
-Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дотоодод болон гадаад ертөнцөд мэдээлэл өгдөг анхны эх үүсвэр байх нөхцөлийг хангаж чадаагүй. Ганц тодорхой жишээ хэлэхэд эрчим хүчний асуудалд дэндүү хөнгөн хуумгай хандсан. Тэвшийн говь, Шивээ овоо, III цахилгаан станц дээр түшиглэж дулааны цахилгаан станц барина ч гэх шиг. Цаасан дээр ширхэг зураас ч зурагдаагүй зүйлийг Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулж болохгүй. Дэргэд нь Эгийн голын усан цахилгаан станц гэж бэлэн болсон төсөл хэрэгжээд явж байна. Багануурын дулааны цахилгаан станцын төслийн ажил нь эхлээд явж байгаа. Манай улс эрчим хүчний 20 хувийн дутагдалтай. Эрчим хүчийг төлөвлөхдөө дөрөв биш 10 жилээр төлөвлөнө. Өнөөдөр манай хэрэглээ 20 хувь дутуу байгаа боловч ирээдүйн дөрвөн жилийн хэрэглээ дахиад өсөх магадлал асар өндөр байгаа. Хэрэв 10 жилийн дараахь Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа бол олон асуудал яригдана. Гурван улсын хоорон дахь эдийн засгийн коридор, “Талын зам” төслийн хүрээнд хийгдэх асар олон ажил байна. Мөн хүнд үйлдвэрээ хөгжүүлэх, баяжуулах үйлдвэрээ барих, зэс болон нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал бидэнд асар их эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Үүнийгээ харж төлөвлөхгүй юм уу, өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлыг таслан, зогсоох нь зөв юм уу. Энэ төрийн залгамж чанар гэж байх юм уу гэх мэт олон асуудал бий. Эдгээр нь зөвхөн Ардчилсан намын тухай асуудал биш. Улс орны нийтлэг эрх ашгийн талаар ярьж байгаа юм. Маш төлөвлөгөөгүй, зах замбараагүй, бодлогогүй асуудлууд орж ирж байгаа нь энэ 60-хан хоногийн хугацаанд тодорхой харагдчихлаа. Энэ алдаагаа засч, залруулахгүй Ардчилсан нам ийм болгочихсон юм аа, бид буруугүй шүү гээд суух юм уу. Одоо Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон. Ард түмэн та нарыг ажил хий гэж сонгосноос биш Ардчилсан намынхныг муулаад, сөрөг хүчний байр сууринаас ажилла гэж сонгоогүй юм. Одоохондоо тэд ам авч хадуурч давхидаг омголон адуу шиг л байна.
Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа. Тэрээр өчигдөр хэсэг нөхдийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм.
-Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгахаар болсон. Та 1990 онд хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Хүний эрх, эрх чөлөө тухайн үеэс огтхон ч дээрдээгүй байна. Нийгэм дэх бүхий л асуудал мөнгө, хээл хахуультай холбоотой болжээ. Коммунист дэглэмийн үед шууд яргалдаг байсан. Харин авлига, хээл хахуульд идэгдсэн өнөөгийн нийгэмд хүний эрхийг сэтгэл зүй, удам судар, эдийн засгаар нь хохироодог болсон байна. Мөнхийн шоронд байлгана гэсэн үг байхгүй юу. Шууд алахаас илүүтэй оюун санаагаар нь үхүүлж шоронд байлгадаг болсон байна. Би Э.Бат-Үүлтэй найз. Манайхан гэр бүлээрээ найзууд. Үр хүүхдүүд маань ч бие биедээ ахаа, эгчээ болцгоосон улс. Нөгөө талаасаа монгол хүний жам ёсны үнэ цэнэтэй эрхийг авчрахын төлөө 1990 онд хамт зүтгэж байсан журмын нөхөд. Тэр хүнийг хэн бэ гэдгийг би мэднэ. Тиймээс зөв үйлийн төлөө зүтгэж байсан, гүтггэлэгт өртөж буй найзыгаа чин сэтгэлээсээ өмөөрч байна. Ер нь Э.Бат-Үүлээр дамжаад нэг аймшигтай зүйл харагдаад байгаа юм. Тэр нь үнэний, зөвийн төлөө бор зүрхээрээ амьдарч буй тэр бүх хүний зүрх рүү шагайж буй сталинч, хрушевч бууны амны эсрэг л дуугарч байгаа юм.
-Та гүтгэлэг гэж хэллээ. Гүтгэж байгаа нь хэр үнэний ортой юм бэ?
-Цэвэр гүтгэлэг.
-Та С.Зоригтой ч тэр, Э.Бат-Үүлтэй ч тэр ойрхон харилцаатай байсан хүний нэг. Энэ хоёр хүний хоорондын харилцаа ямархуу байсан юм бэ?
-Нарийндаа бол С.Зориг, Ц.Элбэгдорж гэхчилэн ардчиллын 13 гэж ярьдаг шүү дээ. Бид бие биенийгээ дэндүү сайн мэднэ. Тэр дотор “малыш” Энхтүвшин гэж нөхөр бий. Тухайн үед нууц л байлаа. Одоо бол ил болсон. НАХЯ-наас бидний дунд орж ирээд мэдээлэл авч байсан нөхөр гэдгийг тэр үед гадарлаж байсан. Хожим нь бүр илүү мэдсэн. Биднийг хооронд нь, бие бие рүүгээ арсалдуулж байж Э.Бат-Үүлийг буудаж байна. Би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үедээ ардчиллын түүхийн нэгээхэн хэсгийг маш бодитой үнэнээр ярьсан. Бид ардчилал гэж дандаа худлаа ярьж байна. Цаг улирах тусам гоёод байдаг зүйл огт биш. Байх ёстой зүйл бодитоороо, байх ёстойгоороо байг гэж ярьсан. “Малыш” гэж хэн байсан, ямар хутгуур байв, НАХЯ-ны ямар хэрэгжүүлэгч байв гэдгийг хэлсний төлөө үгийг нь монтажлаад С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр алсан юм байна гэх жишээтэй. Энэ удаагийн Э.Бат-Үүлийн гүтгэлэг ингэж эхэлсэн. Би дотроо “Нэг л юм хийх гээд байна. Юу болох юм бол доо” гэж харж байсан. Тухайн үед би дуугараагүй. Чимээгүй харж байя гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр ийм зүйл болж байна. Явцыг нь сайн анхааралтай хараарай. Энэ сарын 9-ний орой Б.Булганыг сулласан. Тэр оройдоо Э.Бат-Үүлд яллагдагчийн дуудлага өгсөн байгаа юм. Сонин байгаа биз. Б.Булган эмэгтэй хүн. Тэр хүнийг яаж тарчлаан зовоож, уландаа гишгэж байсныг мэдэхгүй юм. “Чи зүгээр л Э.Бат-Үүл гээд заачих” гэж чадах улсууд шүү дээ. Ийм муухай арга барилаасаа салаагүй цагт бид ардчилал гэж ярих утгагүй. Тиймээс би юу гэж дотроо бачимдаад байна вэ гэвэл Монголд ардчилал гэж байдаг бол, Ардчилсан нам гэж байдаг бол шинэчлэгдэх ёстой. ҮЗХ гэдэг бол ерөөсөө биш байгууллага. Мөнгөнд идэгдэж, даргыгаа тахин шүтсэн л газар. Тэд шинэчилж чадахгүй. Шууд зарлаад их хурлаа хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг сум, багийнханд ч нээлттэй байлгах ёстой юм.
-Э.Бат-Үүлийг мэдээлэл хийхийн өмнө та холбогдсон уу. Юу гэж байх юм?
-Яллагдагчаар татагдахаас нь хоёр, гурван хоногийн өмнө сураг сонссон. Тэгээд найзтайгаа уулзсан. “Юу болоод байна вэ, юу гэсэн үг вэ” гээд ярилцсан. Улаанбаатар хот ямар байлаа даа. Хэзээ байтлаа Улаанбаатар ийм байсан юм бэ. Наад захын жишээ, харгуй замыг нь харчих. Цагдаа, иргэний хоорондын харилцааг хар. Цагдаа чи очиж иргэдэд үйлчил гэдэг Засаг дарга байлаа шүү дээ.
-Танд юу гэж байх юм?
-Мань эр бол өөрөө “Өө гайгүй байх. Шуугиан дэгдээж байгаа байх. Хууль зөрчиж болохгүй. Хуулиас гадуур зүйл яваад байна. Харзнаж байя” гэсэн. Гэвч удаан хараад хэрэг байна уу даа, хөдлөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Би одоо хэлж байна, ийш тийшээ хамаагүй битгий яваач гэж. Үр хүүхдээ ч гэсэн хамгаалах хэрэгтэй. Яаж ч мэдэх хүмүүс бий. Мөнгөтэй болсон хүмүүс юу ч хийж, яаж ч мэднэ. Энийг сануулж хэлсэн. Гэтэл надтай уулзсанаасаа хойш хоёр хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийж олонд мэдээлсэн. Юу болоод байгаа талаар хэлэхгүй бол болохгүй шүү дээ. Юу ч яриулахгүйгээр аваад явчихвал яах юм бэ. “Малыш”-ыг гэр бүлээрээ хоол идэж байхад нь тэгээд л аваад явчихсан шүү дээ. Тэрэн шигээ зүйл хийвэл хийнэ шүү дээ. Ер нь бүх процесс санаатай явагдаад байгаа. С.Зоригийн эхнэрийг тамлаж тамлаж гаргачихаад тэр оройдоо Э.Бат-Үүлд бичиг явуулж байх жишээтэй.
-Юу юугүй л хэвлэлийн хурал хийж олон нийтэд хандаж байгаагаас нь харахад их айсан мэт харагдаад байгаа. Монгол Улсын баатар хүн ингэтлээ айж сандраад байх хэрэг бий юу?
-Баатар байх энд ямар ч хамаагүй шүү дээ. Баатар хүн дуугүй байж байгаад сүйрэх үү. Энд баатар байна уу, төрийн хүн байна уу гэдэг огт хамаагүй. Хүн нь л өөрөө хэрэгтэй. Хүн болгонд таалагдах ч алба байхгүй. Манайхан баатар хүн тийм байх ёстой, төрийн шагналтай хүн ийм байх ёстой гээд нэг загварт оруулах гээд байдаг. Ёстой юм энэ хорвоод байдаггүй юм. Харин ч ёсгүй нь их байдаг юм шүү. Тийм учраас Монголын ард түмэн ёстой зүйлд битгий баглагдаад бай, ёсгүй юм гэж бас байдаг юм гэж хэлмээр байна. Ёсгүй юмнаас ёстой гэдэг нь ёсзүйг эвддэг юм. Тийм учраас ёсгүй дотор зөв сэлж гар гэж хэлэх дуртай.
-С.Зоригийн хэрэг сөхөгдөх бүрт л хамгийн түрүүнд Э.Бат-Үүлийг хамаатуулаад байдаг. Ямар учиртай юм бэ?
-Тэр үйл явдал болсны дараа Ц.Элбэгдорж тэргүүтэй найз нөхөд, улс төрийнхөн очсон. Э.Бат-Үүл хамгийн дотнын найзынх нь хувьд мэдээж хэрэг яваад очно. Хэн ч байсан санаа зовоод очно биз дээ. Гэтэл гай болж малгайгаа мартчихсан. Мартамхай зан нь бүр багынх. Унаган зан нь ч гэж хэлж болно. Хэрэг сөхөгдөх бүрт Э.Бат-Үүлийн малгай гэж яриад байдаг. Ороод гарахдаа мартсан малгайнаас болж толгойг нь онилоод байна.
-Хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг шалгаж байгаа нь анхных биш. Зүгээр нэг сүрдүүлэг байдаг юм болов уу?
-Сүрдүүлэг, хэлмэгдүүлэлт хоёр ер нь бол адилхан. Улс төрийн байр сууринаас нь холдуулах, улс төрийн карьерыг нь болиулах гэсэн холын гар орж ирчихээд байна. Дандаа өөрөөсөө өндөрт байгаа хүндээ атаархаж байдаг шүү дээ.
-Э.Бат-Үүлийг гэхээсээ илүүтэй Ардчилсан намын лидерийг унагах гэсэн шоу юм болов уу гэх хардлага бас байна?
-Тийм шүү дээ. Сонгуульд ялалт байгуулах, өрсөлдөгчгүй болгох гэсэн л санаа. Ерөнхийлөгч, намын даргад Э.Бат-Үүлтэй тэнцэх хэмжээний удирдагч Ардчилсан намд одоо байхгүй болсон. Ц.Элбэгдорж найман жил Ерөнхийлөгч хийгээд хугацаа нь дуусах дөхөж байна. Одоо Үүлээс өөр лидер байхгүй. Мэдээж хэрэг Баабар, Ганболд нар улс төр рүү орохгүй юм шиг байна лээ. Тэд бүгдээрээ Бат-Үүлийг өмөөрнө, зүтгүүлнэ. Хэрвээ Ерөнхийлөгч болчихвол асар их гэрэл гэгээ, ёс зүй ярина. Хуйвалдаан ихтэй нийгэмд энэ хүн гай болно гэдгийг мэдэж байгаа болохоор байхгүй болгох гээд байна. Би юу юуны түрүүнд ингэж харж байгаа. Тэр байтугай Э.Бат-Үүлийг МоАХ-ноос өмнө “Шинэ үе” гэж улс төрийн бүлгэм байгуулаад явж байхад НАХЯ дээр дуудаж авчраад алах ял өгнө гэж хашгирч байсан.
-Найз нөхдийн хувьд та өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгч байна. Цаашид хэрэг улам хүндэрвэл яах вэ?
-Би бол тэвчихгүй. Цаашаа ямар арга зам байна, тэр хүртэл явна. Олон улсын байгууллагад хандана. Арбитрын шүүхэд хандана. Хандаж ч эхэлж байгаа. Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Одоо гадагшаа явчихсан байгаа ч гэлээ мэдээлэл авч л байгаа. Хууль цагдаагийнханд шаардлага хүргүүлээд хариугаа авна.
-Та хоёр анх яаж танилцаж байсан юм бэ?
-МоАХ анх байгуулагдах гээд дуншиж байсан үе л дээ. “Залуучууд” зочид буудалд дугуй танхим гэж байсан юм. Тэнд цугларч хуралдахдаа зохицуулах зөвлөл байгуулъя гэсэн байдаг. Тэр үед Э.Бат-Үүл “Д.Сосорбарам гэж жүжигчинг оруулъя” гэсэн юм билээ. Бие биенээ таньдаггүй байсан үе л дээ. Дараа нь танилцсан хойноо тухайн үед яагаад миний нэрийг дэвшүүлж байсан юм бэ гээд ярилцсан. Гэтэл “Амьдралын нахиа” кино гарсны дараахь ярилцлагыг үзсэн байгаа юм. Тэр үед би манай систем угширмал байна, өөрчлөхгүй бол болохгүй нь гэхчилэн ярьсан. Тэр яриа Э.Бат-Үүлд их таалагдсан гэсэн. Өөрийнх нь үзэл бодолтой нийлэхгүй юу. Тэгээд л бид найз нөхөд болсон. Сайхан үйл хэрэг, шинэчлэл өөрчлөлтийн төлөө нийлж найз нөхөд болсон. Зүгээр нэг ширээний ард ганц, хоёр шар айраг ууж найзлаагүй. Их ондоо зорилгын төлөө явж байхдаа л найзалж эхэлсэн.
-Улстөрч биш эр хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Хүнд ховор чанар байдаг. Тэр болгон хүн заяагаад байхгүй сайхан чанартай. Хэн нэгнийг гундаж, ядарч явахад нь үргэлж гараа сунгадаг зантай. С.Цогтсайханд бол их тус болсон. Үр хүүхдийг нь байнга анхаардаг. Ер нь бидний нөхөд бие биедээ туслах чин сэтгэлтэй. Байр орноос эхлээд туслах зүйл олон тохиолдоно.
-С.Зориг агсан үгүй болсны дараа та бүхэн найз нөхдөөрөө суугаад ярилцсан л байх. Юу болоод өнгөрөв өө гэж. Чухам юу гэцгээж байв. Янз бүрийн хардлага, таавар их л байсан байх?
-Үнэндээ учраа ч олоогүй. Дараа нь их битүү хэрэг болчихсон. Таахын арга байгаагүй. Тэгсэн юм болов уу, ингээ болов уу гэж ярих гэхээр л хүн буруу хардаад яахав гэж бодогдоно. Тэр дундаа Э.Бат-Үүл хүмүүсийн хий хардлагыг зогсоож байсан хүн. Гадуур янз бүрийн л яриа байсан даа. “МАХН-ынхан хийсэн” гэхэд Э.Бат-Үүл зогсоож байв. Батлагдаагүй, нотлогдоогүй хэргийг хамаагүй ярьж болохгүй. Энэнээс болж ард түмэн хоорондоо хагаралдвал яах вэ гэсэн байр суурьтай байсан. Тэр бүү хэл Н.Энхбаярыг баригдаад явахад “Хэрэг нь нотлогдоогүй байхад хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш үү” гэсэн утгатай зүйл телевизээр ярьж байсан. Шүүхээр шийдэгдээгүй байхад та нар ингэж болохгүй ээ гэж байсан хүн шүү дээ. Уг нь Э.Бат-Үүл, Н.Энхбаяр хоёр тэс өөр үзэл бодолтой хүмүүс. Үзэл бодлын хувьд нийлэхгүй салаа зам ч гэлээ хүнийг ингэж болохгүй гэж дуугарсан хүн. Эндээс Бат-Үүл хэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ.
С.АЛТАНЦЭЦЭГ
Энэ сарын есний өдөр БНАСАУ дахин цөмийн пуужин харваж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Солонгосын хойгийн байдлын талаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, Солонгос судлаач, доктор Б.Лхагваатай ярилцсаныг сонирхуулъя.
-БНАСАУ цөмийн пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс энэ явдлыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Үүнийг бүс нутгийн асуудлаарх шинжээчид юу гэж тайлбарлаж байна вэ?
-Асуудал улам ноцтой болж байна гэсэн дүгнэлт зонхилж байна. Ноцтой учраас холбогдох гол орнууд шууд л нэгдмэл байр сууринд хүрч, дэлхийн хамтын нийгэмлэг бүхэлдээ эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Өмнөх туршилтууд цөмийн зэвсгийг нь боловсронгуй болгоход чиглэгдэж ирсэн. Харин дараа нь тэр зэвсгийг тээх алсын тусгалтай пуужингуудын туршилтууд хийсэн бол энэ удаад тэрхүү пуужинд байрлуулах цөмийн цэнэгт хошууг туршсанд байгаа юм. Умард Солонгос 2006 оноос хойш цөмийн тав дахь, энэ он гарсаар дунд болон алсын тусгалтай пуужингийн арав гаруй туршилт хийсэн. Туршилтуудын хоорондох зай нь богиносоод хөнөөх чадвар нь ахиад байгаа нь улс орнуудыг түгшээгээд байгаа хэрэг. Энэ бол технологийн талын асуудал.
Үүнээс илүү ноцтой нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож буй явдал юм. Улс орнууд аль болох айх аюулгүй, тайван тогтвортой нөхцөлд хамтаараа хөгжил, дэвшилд хүрэхийн төлөө мэрийцгээж, зүйл бүрээр хамтарч ажиллаж байна. Ингэхийн хэрээр харилцан хамаарал улам гүнзгийрч байна. Гэтэл БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн алхмуудаас болоод бүс нутагт цэрэг, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал сүүлийн үед илт идэвхжиж, бүр цөмийн стратегийн орчин үеийн шинэ систем байршуулахад хүрээд байна. Бүс нутгийн зарим орнуудад цөмийн зэвсэгтэй болох асуудал ч хөндөгдөж эхэллээ. Тэртэй тэргүй Солонгосын хойг хамгийн их цэрэг, зэвсэглэл төвлөрсөн, хүйтэн дайны үеийн байдлыг хадгалж үлдсэн цэг шүү дээ. Байдал тогтворгүй болоод ирэхээр үл ойлголцол, хардалт сэрдэлт нэмэгдэх нь гарцаагүй. Энэ утгаараа Умард Солонгосын цөмийн үйлдлүүд өдөөн хатгасан, аюулгүй байдалд заналхийлсэн, итгэлцэлд ан цав суулгасан, ард түмнүүдийн аз жаргалтай амьдрал, хамтын ажиллагаанд саад тотгор учруулсан, улмаар бүс нутгийн байдлыг хурцатгасан үр дагаварт хүргээд байна гэж улс орнууд шүүмжлээд байгаа юм.
-БНАСАУ цөмийн хөтөлбөрөө өөрийн улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор, энхийн үйлсийн төлөө хийж буй зүй ёсны зорилт гэж тайлбарладаг биз дээ?
– Өнөө үед аюулгүй байдлыг цөмийн зэвсгээр биш, зузаан түрийвчээр хангадаг юм гэж манай нэг нэртэй улстөрч хэлсэн байдаг. Тэгээд ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, өөрийгөө нээж, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар эдийн засгаа өөд нь татаж, дэлхийн хамтын нөхөрлөлийн хариуцлагатай гишүүн байхыг холбогдох улс орнууд Пхеньянд байнга санал болгодог. Яагаад энэ замыг сонгож болохгүй гэж. Харин ч систем, засаглалаа хадгалж, аюулгүй байдлаа хангах илүү оновчтой ухаалаг арга зам болох ч юм бил үү.
Тодорхой хэлж болох нэг зүйл бол хэрвээ БНАСАУ цөмийн зэвсгээр хөөцөлдөөд байх юм бол улам ганцаардана. Одоо ч ийм байдалд орчихоод байна. Сүүлийн үеийн жишээ л гэхэд Ази, Европын орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд, Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас БНАСАУ-д хандаж цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардлаа. Умард Солонгосын эсрэг тавьсан хоригт нэгдсэн орнуудын тоо өмнөх жилүүдээс нэмэгдээд зогсохгүй Ази, Африкийн зарим орнуудын зүгээс БНАСАУ-тай харилцах харилцаагаа эргэж хянаж үзэх, хязгаарлах, түвшинг нь бууруулах, болгоомжлох, нүүр буруулах хандлага гаргаж буй тухай мэдээ сэлт цацагдах боллоо.
Цөмийн зэвсгээс гадна улс орны үндэсний аюулгүй байдалд эдийн засгийн өсөлт мэдээж чухал. Гэтэл хориг болон ганцаардмал байдлаас болж БНАСАУ олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалт татах боломж хумигдчихаад байна. Нэг үгээр хэлэхэд, өөрийгөө боймлочихоод байна.
-Үйл явдлын цаашдын өрнөлийг ажиглагчид хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ үйл явдалд ерөөсөө эсрэг тэсрэг хоёр л логик үйлчилж байгаа нь тодорхой байна. Нэг нь, цөмийн зэвсэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх, нөгөөх нь түүнийг үл зөвшөөрөх явдал. БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө одоогийн байдлаар татгалзах бодол байхгүй. Цаашид ч цөмийн технологи, чадавхиа улам сайжруулж чамбайруулна гэсэн байр суурьтай байна. АНУ, Япон, БНСУ зэрэг орнууд үүний эсрэг шийдэмгий хариу арга хэмжээ авахаар төлөвлөж, байр сууриа зохицуулж эхэллээ. Энэ зохицуулалтаар БНАСАУ-д үзүүлэх цэрэг, зэвсэглэлийн дарамт шахалт улам нэмэгдэх нь. Маргаан дагуулаад байгаа пуужин амдан сөнөөх Америкийн шинэ системийг БНСУ-д байрлуулах ажил шуударч түргэсэх шинжтэй болчихлоо. Бас тавьсан хориг арга хэмжээ чангарна. Урьд нь хоригт ороогүй байсан нефть, шатахуун зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, валютын санхүүжилтийн эх үүсвэрийг нь хумьж хаахаас эхлүүлээд мөнгө угааж болзошгүй найдваргүй орон, террорист үйлдлийг дэмжигч улсын жагсаалтад БНАСАУ-ыг эргүүлж оруулна. Зарим эрх баригчид, холбогдох байгууллагыг хүний эрх ноцтой зөрчсөн хэрэгт холбогдуулах хүртэл олон талын нэмэлт арга хэмжээнүүд багтаж болзошгүй. Өөрөөр хэлбэл, цөмийн өдөөн хатгалгыг нь тогтоон барих цэрэг стратегийн шахалт, эдийн засгийн хориг, хүний эрхийн асуудал, Умард Солонгосын олон нийтийг гадаад мэдээ мэдээлэл хүлээн авах боломжоор хангах замаар олон нийтэд нөлөөлөхөд чиглэгдсэн зэрэгцээ арга хэмжээнүүд авагдаж магадгүй байна. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэдэг шиг.
Ер нь цөмийн зэвсгийн асуудлаас болж Пхеньян өөр дээрээ гал татаад байх шиг. Хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилтод гарцаагүй өртөнө. Амиа хорлоно л гэсэн үг. Тийм болохоор цөмийн зэвсгээр хөөцөлдөөд хожих юм юу ч байхгүй. Хожихоосоо алдах нь хавьгүй их байх болно. 1950-1953 оны Солонгосын дайнд ялагч байгаагүй, хохирол, сүйрэл л сургамж болон үлдсэн.
-Энэ онд АНУ-д, ирэх жил БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. БНАСАУ анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Үүнийг яриа хэлэлцээ сэргэх боломж гэсэн утгаар асууж байна л даа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2009 онд гол гурван дайсантайгаа “гар барих болно” гэж мэдэгдэж байсан. Тэр гурав нь Куба, Иран, БНАСАУ байсан. Ямартай ч Кубатай хагас зуун жил тасарсан харилцаагаа сэргээчихлээ. Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрээд харилцаа нь хэвийн болох тийшээ хандаж байна. Харин харамсалтай нь БНАСАУ-ын асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэх болж байх шиг байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ч Умардад хандаж чамгүй олон санал санаачилга тавьсан.
Буланд шахахаас өөрөөр асуудлыг шийдэх хувилбарууд байлгүй яахав. Яриа хэлэлцээ зөндөө хийгдсэн. Одоо ч үүд хаалга нь нээлттэй байгаа. Харамсалтай нь үр дүн нь өнөөгийн энэ байдал. Тэгэхээр өөрөөр нь ойлгуулахын тулд эцсийг нь хүртэл буланд шахах замаар нэг хэсэгтээ үйл явдал өрнөх бололтой. Үүний хажуугаар байдлыг хэт хурцатгахгүйгээр зургаан талт яриа хэлэлцээгээ сэргээгээд явъя гэсэн санал гарч байна.
Үүнтэй холбогдуулаад эцэст нь нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Солонгосын хойгийн асуудал ямар байх нь зөвхөн Умард Солонгосынх ч юм уу эсвэл Солонгосын хоёр талын асуудал төдий зүйл биш. Пхеньян хар амиа бодох асуудал ч биш. Бас зөвхөн их гүрнүүдийн толгойны өвчин ч биш.
Энэ бол бүс нутгийн бүх улс орон, ялангуяа амьдралынх нь хамтын орон зай болсон энэ бүс нутгийн нийт ард түмэнд шууд болон шууд бус байдлаар хамаатай асуудал. Тэнд байдал тайван байвал энд хамтын ажиллагааны үр өгөөж төдий чинээ нэмэгдэнэ. Энэ нь амьдралд эергээр нөлөөлнө. Ийм болохоор Солонгосын хойгийн асуудалд энэ бүс нутгийн улс орнууд гуравдагч хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандаж болохгүй нь тодорхой.