Categories
гадаад мэдээ

Марк Зукерберг халдварт өвчний эсрэг 3 тэрбум доллар хандивлахаа мэдэгдэв

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг энэ зууны төгсгөл гэхэд халдварт өвчнийг үндсээр нь арчих хүсэлтэй байдгаа дэлхий нийттэй хуваалцлаа.

Тэрбумтан CEO болон түүний эхнэр Приссилла Чан нар дээрх зорилгынхоо хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд 3 тэрбум ам.долларыг халдварт өвчний эсрэг үйл ажиллагаанд зарцуулна гэдгээ өнөөдөр мэдэгдэв.

Тэдний эхний ээлжинд 600 сая ам.долларыг Сан Франциско хотын Калифорнийн их сургуульд шинэ судалгааны төв байгуулахад зориулах аж. Дээрх судалгааны төв нь Калифорни, Беркели, Станфордын их сургуулиудтай хамтран ажиллах юм байна.

Зукерберг хэлэхдээ,

“Халварт өвчнийг үгүй болгоход тодорхой хугацаа зарцуулагдах боловч эхний алхмаа хийж байна. Хамгийн гол нь бид тэвчээртэй байх хэрэгтэй” гэв.

Зукерберг болон Чан нь “The Giving Pledge”-ийг санаачилсан хүмүүсийн нэг бөгөөд тус санд Билл болон Мелинда Гэйтс, Варрен Буффэт, Элон Муск, Ричард болон Жоан Брансон нарын тэрбумтнууд нэгдэж, хөрөнгийнхөө тал хувийг буяны үйлсэд хандивлахаар болсон байна. Харин Зукербэрг болон түүний эхнэрийн хувьд хөрөнгийнхөө 99 хувийг хандивлах амлалт өгөөд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Багануур”ХК-ы хувьцаа амжилтгүй арилжигдсан тул бүртгэлээс хасчээ

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Айтүүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус, тус үнэт цаасны бүртгэлээс хассан байна.

Багануурын уурхайн техникийн шинэчлэлд хөрөнгө босгох зорилгоор нэмж гаргасан хувьцаагаар нийт 26,1 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн боловч хангалттай хөрөнгө босгож чадаагүй. Ингэснээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн болон СЗХ-ноос тогтоосон шаардлага хангагдаагүй, анхдагч зах зээлийн арилжааг “амжилтгүй” болсон гэж үзэх үндэслэл болж буй аж. Амжилтгүй арилжигдсан хувьцаагҮнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасныг дагуу бүртгэлээс хасдаг.

“Багануур” ХК-д андеррайтерийн үйлчилгээ үзүүлэгч “Ти Ди Бикапитал ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын орчны нөхцөл байдлын талаарх судалгаа, цаг хугацааны тооцооллыг оновчгүй гаргасан гэж СЗХ дүгнэжээ. Үүний зэрэгцээ тус компани “Багануур” ХК-тай байгуулсан “Андеррайтерийн болон зөвлөх үйлчилгээний гэрээ’-гээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болон “нийтэд санал болгосон үнэт цаас нь бүрэн зарагдаагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах” баталгаа өгч, үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс СЗХ үнэт цаас гаргагч “Багануур” ХК болон“Ти Ди Бикапитал ҮЦК” ХХК-д хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хатуу анхааруулахаар болжээ. Нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хассантай холбоотойгоор дараа дараагийн арга хэмжээг зохих дүрэм, журмын дагуу авч хэрэгжүүлэхээр тогтов.

Харин программ хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг “Айтүүлс” ХКолон нийтээс 1.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө татан, уг хөрөнгөөр Дархан хотод модулярдата төв барихаар төлөвлөж, үнэт цаас бүртгүүлсэн боловч хуульд заасан хугацаанд арилжаагаа явуулж чадаагүй байна. Тиймээс, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12.10-т “Хороо үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй тохиолдолд” бүртгэлийг хүчингүй болгохоор заасны дагуу хасчээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан сартай хүүхдүүдэд 0 тунгаар улаанбурхны вакцин хийхээр болжээ

Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхжиж эхэлдэг. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор улаанбурхан өвчин дэгдэх магадлал өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Эцэг, эхчүүдийн анхааралд хүргэхэд ирэх аравдугаар сарын 3-наас эхлэн зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийж эхлэхээр болжээ. Улаанбурхны вакцинжуулалтыг өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс “0” тунгаар хийнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцинжуулалтын албанаас мэдэгдлээ.

Нярай хүүхдийн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудад болон Нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлгүүдэд хийхнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн “Оюутолгой”-н ТУЗ-д оржээ

Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Засгийн газар, УИХ-аас гаргаж буй, гаргахыг завдсан олон тогтоол шийдвэрүүд нь сонгогчдоо “гомдоогоод” буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд золбин нохдын савыг авах, спираль тавихад зориулж таван тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл санаачилсан нь сошиал орчинд иргэдийн эгдүү, зэвүүцлийг дагуулаад байна. Энэ нь угтаа “Цэвэр агаар” сангийн адилаар эцэс төгсгөлгүй зувчуулалт, идэж уусан зүйлүүд ар араасаа хөврөхийн үндсийг эхлүүлсэн хэрэг юм.

Мөн Mining journal сэтгүүлийн өнөөдрийн мэдээгээр Оюутолгой компаний ТУЗ-ийн Монгол талын гишүүдийн томилгоог танилцуулжээ. Эдгээрт Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар гэсэн гурван эрхэм багтаж байна. Иргэдийн дунд “Бас л Багабанди уу” гэсэн яриа гарсныг эс тооцвол эхний хоёр томилгоог “хэвийн” хүлээж авав.

Харин Ч.Алтаннарын хувьд асуултын тэмдэг үүслээ. Энэ нь МАН-ын алтан ургийн мод буюу садан төрлөө албан тушаалд байршуулах үйлдлүүд хэрээс хэтэрч, мод нь өдөр ирэх бүр аварга том болж ургасаар байгаагийн нэг жишээ болов. Энэ томилгоогоор Оюутолгой компанид Ц.Гарамжав гишүүний гар гүнзгий дүрэгдлээ хэмээн үзэх хүмүүс нэлээд байна.

Харин хүргэн Ч.Алтаннар нь хадмынхаа үгнээс гардаггүй, энгийн нэгэн математикч залуу гэнэ лээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Сүхбаатарын талбайд “Ургацын баяр-2016” өдөрлөг болно

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ маргааш 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид оролцоно.”Ургацын баяр” худалдаа аравдугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

70 жилийн өмнөх экспедицийнхний өөрсдийн булсан олдворууд олджээ

Орос, монгол эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойн хүрээнд хоёр орны эрдэмтэд “ОХУ-ын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09.30 цагт Пума империал зочид буудалд зохион байгууллаа. Хурлыг Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар удирдан явуулж хуралд Америк, Япон, Солонгос, Канадын томоохон эрдэмтэд болон хуучин ажиллаж байсан Польшийн эрдэмтэд ч ирсэн гэж тайлбарлав. Энэ хурлын явц их сайхан явагдаж байв. Засгаас их хөрөнгө мөнгө гаргаж дэмжих юм бол монголын палеонтологийн хөгжил улам их хөгжинө. Амьдрал олон тэрбум жилийн өмнө дэлхийд бий болоогүй. Өөр гаригийн амьд юмс манайд ирж ургаж амьдралыг бий болгосон гэж орчин үеийн шинжлэх ухаан үздэг болж байгаа хэмээн ярьцгааж байлаа.

Энд хамгийн сүүлд олдсон гурван олдворыг дэлгэн тавьжээ. Монгол, Оросын палеонтологийн экспедиц нь хамгийн анх 1946-1949 онд хамтран ажилласан. Энэ жил хоёр орны эрдэмтэд хээрийн судалгаа хийх явцдаа гурван олдворыг олжээ. Эдгээр олдворууд нь 70 жилийн өмнөх олдворууд юм. Эхнийх нь экспедицийнхний хэрэглэж байсан хурдас, хуримтлал ялгах төхөөрөмж байна. Дараагийнх нь тэр үеийн экспедицид ажиллаж байсан хүмүүсийнх нь нэрсийг архины шилэнд хийгээд лааны тосоор лацадчихсан байх юм. Энэ нь монголын палеонтологийн шинжлэх ухааны залгамж чанарыг харуулж байгаа зүйл хэмээн тайлбарлав. Дотор нь 1938 оны “Правда”сонин байсан аж. Дотор нь хээрийн судалгааны ангид ажиллаж байсан эрдэм шинжилгээний ангийн ажилтнуудын нэрс байжээ. Гурав дахь нь 1967 онд ажиллаж байсан дараагийн хээрийн судалгааны ангийн хүмүүсийн нэрсийг лаазанд хийгээд булчихсан бас нэг олдвор байв. Энэ дотор Р.Барсболд гуайн нэр байна. Мөн Ханд гуайн нэр байна. Энэхүү 1946-1949 оны хээрийн шинжилгээний анги нь түүхэн маш олон нээлтүүдийг хийсэн байна. Энэ нь монголын палеонтологийн шинжлэх ухаан үүсэн бий болох суурийг тавьсан онцлогтой экспедиц байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллана гэлээ.

Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа дэмжих чиглэл барина. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг энэ дөрвөн жилд Засгийн газар хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Манай улс үйлдвэрлэгч орон биш учир гаднынхны тавьдаг шаардлага, чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн, тухайлбал, эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир, мах, сүү, хүнсний ногоо зэргээ нийлүүлэх боломжтой. Иймээс ирэх хавраас аймаг, орон нутагт үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ олон туулай хөөж хоосон хоцрохын оронд яам бүр хоёроос гурван үйлдвэр л байгуулах төслөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг үүрэг болгосноо Ерөнхий сайд дурдав.

Хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа шийдвэрлэснийг иргэд талархан хүлээж авлаа. Мөн “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авлаа.

Эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм байна. Ерөнхий сайд санхүүжилтийг нь шийдэхээ амлалаа.

Иргэд бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр иж бүрэн хангах, Хэнтий-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай замын их хэмжээний эвдрэлтэй хэсэг газрыг засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, театр болон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт, саналаа Ерөнхий сайдад уламжиллаа.

Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй 27 барилгыг буулгахаар боллоо

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчиж барьсан барилгуудыг буулгахаар болсон байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эхний ээлжинд 27 барилгын жагсаалтыг гаргасан бөгөөд эдгээр 27 барилга нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илтэд зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагч нарын удаа дараагийн актыг үл хайхарсан гэх асуудалтай. Тухайлбал, дэргэдэх орон сууцтай хаяа дэрлэсэн, эсвэл нар тусах боломжгүй болгон, цонх таглаж барьсан, зураг төслийн дагуу бариагүй зэрэг зөрчилтэй аж. Гэхдээ одоогоор барилгуудыг хэзээнээс нурааж, стандартад нийцүүлэн барих эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа аж. Үүний дараа барилгуудыг үе шаттайгаар буулгаж, дахин барих компанийг шалгаруулах замаар ажлыг явуулна гэж албаныхан хэллээ.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Гванжу хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хотын дарга зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуанжу хотоос санаачилага гарган хүрэлцэн ирж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархал илэрхийллээ. БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн, Улаанбаатар хоттой эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг хотын хувьд энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдлаа. Тус хот нь цахилгаан болон ус төрөгчөөр ажилладаг машин үйлдэрлэдэг бөгөөд ийм технологийг Улаанбаатарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бид олон салбарт хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Эрүүл мэндийн салбарт та бүхэнтэй хамтрахаас гадна залуучуудын хөгжлийн асуудал дээр хамтран ажиллаж харилцан туршлага солилцох хүсэлтэй байна” гэсэн юм. Уулзалтын дараа талууд найрамдалт хамтын ажиллагаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хот БНСУ-ын Гванжу хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн санхүүгийн зарцуулалтад 13 сая төгрөгийн зөрчил илэрчээ

Сүхбаатар аймгийн Аудитын газар УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санхүүжилтэд аудитын шалгалт хийж, урьдчилсан дүгнэлт гаргажээ. Шалгалтаар төсвийн зарцуулалтыг тулган баталгаажуулахад мөнгөн урамшууллыг илүү бодож олгосон, зориулалтын бус зүйлд зарцуулсан анхан шатны баримтгүй ажил гүйлгээнд олгосон зэрэг нийт 7 сая төгрөгийн, мөн сонгуулийн зардлын төсвийн гүйцэтгэлийг тайлагнахдаа 6,2 сая төгрөг дутуу тайлагнасан гээд нийт 13,2 сая төгрөгийн зөрчил илэрчээ.

Тиймээс аймгийн аудитын газраас гарсан зөрчлүүдийг арилгуулахын тулд холбогдох заавар, зөвлөмжүүдийг аймаг, сумдын сонгуулийн хороодод хүргүүлжээ. Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Нарантуяа “Шалгалтын эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Улсын хэмжээнд нэгдсэн журмаар гарах учиртай. Гэхдээ манай аймгийн тухайд урьдчилсан байдлаар СЕХ-ноос баталсан төсвийг аргачлал, зөвлөмжийн дагуу аймаг, сумдын сонгуулийн хороодод хуваарилсан боловч аймгийн сонгуулийн хороо сумдынхаа сонгуулийн хорооны санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллаагүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна” гэжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн зардалд нийт 267 сая төгрөгийн санхүүжилтийг Сүхбаатар аймагт олгосон бөгөөд үүнийг аймгийн сонгуулийн хороонд 72 сая төгрөг, 13 сумын сонгуулийн хороодод 195,7 сая төгрөгийг тус тус хуваарилжээ. Олгосон санхүүжилтийг ихэнх хороод 100 хувь ашигласан бол аймгийн сонгуулийн хороо, Онгон, Уулбаян сумдын хороодоос нийт 17 сая төгрөг үлдсэнийг СЕХ-ны дансанд буцаан төвлөрүүлжээ.