Categories
мэдээ соёл-урлаг

Амьд хөгжмийн наадам болно

Монголд анх удаа “Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам энэ сарын 23-24-нд “Ss Club”-т болно.

Энэхүү наадам нь гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж, Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготой. Энэ наадмын тайзнаас Монголын олон шинэ залуу хамтлаг гараагаа эхлүүлсэн юм.

Наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы “Sete Star Sept”, “Desecra vity”, ОХУ-ын “Inner Missing”, АНУ-ын “Hitobashira” зэрэг амьд хөгжмийн хамтлаг болон “Хурд”, “Нисванис”, “Булсара” зэрэг Монголын шилдэг 10 гаруй хамтлаг дуучин оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

Тус наадмыг 2014 онд анх эхлүүлж байсан бол гурав дахь удаагаа ийнхүү олон улсын хэмжээнд зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байна.

Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж зорчихыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн Эрүүл мэндийн төв Гемодиализын тасагтай боллоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “IVCO” ХХК-ийн хандив, ЭМЯ, НЭМГ-ын дэмжлэгтэйгээр гурван ортой Гемодиализын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон “IVCO” ХХК-ий төлөөлөл, Улсын клиникийн төв эмнэлгийн Гемодиализийн тасгийн эмч Д.Хурцбаяр нар оролцов.

Хан-Уул дүүрэгт бөөрний дутагдалтай 40 орчим хүн байдаг бөгөөд ХӨСҮТ, Нэг болон гуравдугаар төв эмнэлэгт очиж эмчилгээнд ордог байжээ. Харин одоо тэд дүүргийнхээ эмнэлгийг ийм тасагтай болсонд баяртай буйгаа нээлтийн үеэр хэлж байв.

Тарилгын шингэн үйлдвэрлэгч “IVCO” /Айвико/ компанийн дэмжлэгээр байгуулсан тус тасагт бөөрний ус шүүх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг 100 груй сая төгрөгийн тоног төхөөрөмж бий. Тиймээс зөвхөн өвчтэй хүмүүс эмчлэх бус урьдчилан сэргийлэх эмчилгээ ч хийх боломж бүрджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Каролина мужийн Чарлотт хотод онц байдал зарлажээ

Хойд Каролинагийн засгийн газар Чарлотт хотод онц байдал зарлалаа. Энэхүү явдал мягмар гаригт хар арьст залууг цагдаа хөнөөсний дараа үүссэн эмх замбраагүй явдлын дараа болжээ. Амиа алдсан Кейт Скот нь энэ долоо хоногт алагдсан гурав дахь хар арьст иргэн аж. Энэхүү явдлаас үүдэн хотод эмх замбраагүй байдал үүсээд байна. Зуу зуун эсэргүүцэгчдийн өөдөөс цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн тэмцэж байгаа ч дөрвөн цагдаа шархадсан байна. Амь үрэгдсэн Кейт Скот нь 43 настай бөгөөд машинаасаа гар буу гаргаж ирсэн учир цагдаа нар буудан хороожээ. Жагсаалд оролцогчид сэтгүүлчид болон бусад хүмүүсрүү дайрч, цонх шил хагалан жижиг хэмжээний гал гарган тэмцэж байгаа учир онц байдал зарласан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

НИТХ долоон хороо, 11 дэд хороогоо байгууллаа

НИТХ-ын ээлжит II хуралдаан Хангарьд ордонд болж байна. НИТХ- ын хурлын дарга Ц. Сандуй хуралдаанаар хороо, дэд хороодыг байгуулж, дарга нарын сонгоно гэдгийг танилцуулсан. Хороод, дэд хороог байгуулахдаа төрийн албаны залгамж бодлогыг хадгалах зарчим барьсаны зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг онцолсон юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь бодлогын 7 хороо, 11 дэд хороотой ажиллана.

Хуралдааны эхэнд НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Төлөөлөгч нарт танилцуулсан байна.

Өнөөдрийн хуралдаанаар Хурлын хороод, дэд хороод түүний эрхлэх асуудал бүрэлдэхүүнийг батлах тухай, Хороодын дарга, дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нэмэлтээр МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг өөрсдийн хүсэлтийн дагуу чөлөөлж шинээр хоёр төлөөлөгчийг нэмж оруулж хэлэлцүүлж өгөхийг хүссэний дагуу нийтдээ гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийт төлөөлөгчдийн 80,5 хувийн саналаар долоон хороо, 11 дэд хороотой, хурлын хороод дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг баталлаа.

“Аз жаргалтай хот” хорооны даргаар Р.Дагва

Хот төлөвлөлт, байршил, суурьшлыг зохицуулах дэд хорооны даргаар Б.Батнасан

Орон Орон сууцны хангамжийн дэд хорооны даргаар Х.Хатанбаатар

Ухаалаг Улаанбаатар дэд хорооны даргаар М.Халиунбат

Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар С.Мөнхчулуун

Хүний эрх, ёс зүйн дэд хорооны даргаар Ц.Одонтунгалаг

Эрх зүйн орчны шинэтгэлийн дэд хорооны даргаар Ж.Батсайхан

Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхжаргал

Иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх дэд хорооны даргаар Б.Мөнхбат

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны даргаар М.Эрдэнэтуяа

Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар С.Амарсайхан

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Б.Бадарсан

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хорооны даргаар Ч.Гантулга

Байгаль орчин, экологийн хорооны даргаар Л.Нарантуяа

Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Ж.Алдаржавхлан

Ногоон байгууламжийг хөгжүүлэх дэд хорооны даргаар Б.Бямбадорж

Гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Т.Батцогт

Өргөдлийн хорооны даргаар Б.Сүхбаатар нарыг тус тус ажиллуулахаар боллоо. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн саналын дагуу Тэргүүлэгчээр сонгогдсон Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, төлөөлөгч Б.Сүхбаатар, С.Мөнхчулуун нарыг Тэргүүлэгчээр сонголоо. Хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Кожеговь” ХХК ураны хайгуулаа зогсоохоо мэдэгджээ

Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт ураны хайгуул хийх зөвшөөрөл авсан “Кожеговь” ХХК 2016 оны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаараа албан ёсоор мэдэгджээ.

Ухаа овоо талбайд эхлүүлэн өрөмдсөн цооногийн ажилаа есдүгээр сарын 9-ний өдөр дуусгасан бөгөөд нөхөн сэргээлтийг цаг алдалгүй хийж, хүлээлгэн өгөхөө тус аймагт ирүүлсэн албан бичигтээ дурдсан байна.

Хайгуулын хээрийн ангийг буулган, нүүдлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд өөрсдийн судалгаа болон иргэдийн хүсэлтэд тулгуурлан эхлүүлсэн малчны худгийн засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.

Categories
мэдээ спорт

Казакстаны элчин сайд Г.Отгонцэцэгт талархал дэвшүүллээ

Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин энэ сарын 21-нд жүдоч Г.Отгонцэцэг болон түүний дасгалжуулагч Д.Энхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Жүдоч Г.Отгонцэцэг нь Зуны олимпийн XXXI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медалийн эзэн болсон. Тодруулбал, Г.Отгонцэцэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кубын Алберэс Даяарисыг цэвэр ялан Казахстан Улсын медалийн тоог нэгээр нэмсэн билээ.

Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин энэ үеэр дэлхийн баяр цэнгэл болох Олимпийн наадамд гаргасан ялалтад нь баяр хүргэсний зэрэгцээ цаашдынх нь уралдаан тэмцээнүүдэд амжилт хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртдөг

Монголын эмэгтэйчүүдийн сан, Чаннел фондын санхүүжилтээр Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-дын эвслийн 2015 онд хийсэн судалгаагаар 20-40 насны гурван эмэгтэй тутмын нэг нь дунджаар 8-10 удаагийн давтамжтайгаар ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болдог гэж гарсан байдаг юм байна. Тодруулбал, тус судалгаанд төрийн захиргаа болон үйлчилгээ, хувийн хэвшлийн салбарынхан оролцсон бөгөөд эдгээрийн 93.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс байжээ.

Судлаачдын хэлсэнээр ажлын байранд удирдах тушаалтний эрэгтэй хүмүүс голдуу бэлгийн дарамт үзүүлж, эмэгтэйчүүдийг сексийн обьект гэж үздэг нь нийгэмд тогтсон жендэрийн буруу хандлагатай холбоотой аж.

Үүнтэй холбоотойгоор“Ажлын байран дахь бэлгийн дарамтыг зогсоох эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 23-нд буюу маргааш “Бишрэлт Плаза”-д болох нь. Тус хэлэлцүүлгээр ажлын байрны бэлгийн дарамтын онлайн судалгааг танилцуулж, ажил олгогчын хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага, дотоод журамд хэрхэн тусгах асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нар өнөөдөр эх орондоо ирнэ

“Рио-2016” паралимпийн наадамд Монгол Улсаас эх орноо төлөөлөн найман тамирчин оролцсоноос жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар хүрэл медаль авч, монголчууд биднийг баярлуулсан билээ.

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ тэргүүтэйМонголын тамирчид өнөөдөр 24.00 цагт эх орондоо ирнэ.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуулиар 7282 төлөөлөгч сонгогдоно

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сарын 19-нд болно.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15.212 нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс улс төрийн нам, эвслээс 14.489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч байгаа юм.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулах аж.Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-17-ныг дуустал явагдах юм.