Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК зэрэг нийслэлийн харьяа газар агентлагуудын дарга нар багтжээ.

Хотын дарга ажлаа авсан даруйдаа зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн газраас хумсалж бизнесийн зориулалтаар барилга барих явдлыг зогсооно гэдгээ мэдэгдэж билээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Содномпэлжээ: Би медаль авна гэсэн бүрэн итгэлтэй байсан

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадамд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ. Тэднийг угтан авахаар гэр бүл, найз нөхөд, нь ирсэн байв.

Энэ үеэр тамирчин Э.Содномпэлжээгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Паралимпийн наадамд анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Би медаль хүртэнэ гэсэн бүрэн итгэлтэй байсан. Бэлтгэл дээр өргөсөн шигээ өргөсөн бол алтан медаль хүртэх боломж байсан. Гэвч бэлтгэл хийж байх үеийнх шиг шахаж чадсангүй. Шүүлт ч хатуу байлаа. Гэхдээ тэмцээний дүн гарсан бол өөрчлөгдөхгүйгээс хойш шүүгчийн шийдвэр бол шүүгчийн шийдвэр. Одоо дэлхийн аварга, дэлхийн цом, дараагийн олимп зэрэг олон тэмцээн хүлээж байна. Цаашид илүү их амжилт гаргахын тулд хичээнэ” хэмээв.

Тэрбээр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн. Тэмцээний эхэнд манай тамирчин 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн юм. Нийлбэр дүнгээр манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан билээ.

Categories
гадаад мэдээ

“Yahoo” сүлжээнээс 500 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан гэж мэдэгдэв

2014 оны сүүлээр манай сүлжээнээс 500 сая хэрэглэгчийн мэдээлэл хулгайд алдагдсан байна гэж АНУ-ын мэдээлэл технологийн “Yahoo” компани мэдэгдэв.

“Дэлхий даяарх хэрэглэгчдийн нэрс, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн огноо болон хувийн бусад мэдээллийг хулгайлсан байна. Гэхдээ хэрэглэгчдийн зээлийн карт, банкны данс зэрэг мэдээлэл алдагдаагүй” гэж компани мэдэгдэлдээ дурджээ.

Харин ямар улсын иргэдийн мэдээлэл алдагдсан тухайд компани тайлбар өгсөнгүй. Энэ цахим гэмт хэрэгт өртөж хохирсон болон 2014 оноос хойш нууц кодоо солиогүй хүмүүсийг яаралтай нууц кодоо солихыг “Yahoo”зөвлөжээ.

“Yahoo” компани энэ халдлагыг төрөөс дэмжлэг хүлээсэн хакерууд үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд уг асуудлаар хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байна гэж мэдэгдэв.

Харин шинжээчид үүнийг хамгийн том кибер халдлага гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаан сонирхолтой болж байна

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн арванхоёрдахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Аки башёг тэргүүлж буй озеки Гойэдо өнөөдөр Ёкозүна Какүрюүтай хүч үзлээ. Өмнө нь 35 таарахдаа 24 удаа Какүрюү давж байсан бол Гойёдо 11 удаа давж байжээ. Хоёр бөхийн барилдаан сэрвүү байдлаас өрнөж озеки Гойёдо өрсөлдөгчөө дэвжээнээс ёрикири мэхээр давсанаар 12 даваатайгаар башёг тэргүүлсэн хэвээх үлдлээ. Тэрбээр маргааш ёкозүна Харумафүжитэй барилдах юм.

Харин Харумафүжи аварга өнөөдөр озеки Котошёогикүг давсанаар 10 даваатай боллоо. Тэрбээр маргааш Гойёдог унагах юм бол өөрт нь түрүүлэх боломж гаргах ба давааны зөрүү нэг болно.

Түрүүлэх юм бол Аварга цолны болзол хэвээр байгаа Кисеносато өнөөдөр Кайсейг даван боломжоо хэвээр хадгалсан байна. Маргааш тэрээр ёкозүна Какүрюүтай барилдах аж. Озеки Гойёдод одоо Харумафүжи, Котошёогикү, Тэрүнофүжи зэрэг ширүүн өрсөлдөгч нар бий. Сүүлийн өдрүүдэд аварга болон озеки цолтонууд хоорондоо хүч үзэх бөгөөд унасан нь түрүүлэх боломжоо алдах учир барилдаан бүр хурц ширүүн өрсөлдөөнтэй болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Голомт банк ипотекийн зээл олгохгүй

Голомт банк зурган илэрцүүд

Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг төв банкнаас зогсоогоод буй.Төвбанкны зүгээс таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилт авсан арилжааны банкнууд санхүүжилтээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзэн шалгалт оруулжээ. Тиймээс Монгол банк найман хувийн зээлийн санхүүжилтийг түр хугацаагаар зогсоосон.

Цаашлаад ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох эсэхээ энэ долоо хоногт эцсийн байдлаар шийдвэрлэхээр болсон. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг 80 ам.метрээс дээш талбайтай байр болон хуучин орон сууцанд олгохгүй байх зэрэг нөхцөлийг тавих болон цаашлаад ипотекийн зээл олгохдоо ямар шаардлага тавих талаар хэлэлцэж байгаа.

Одоогийн байдлаар 3000 гаруй айл өрхөд 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр шаардлагатай байна гэсэн судалгаа Монголын ипотекийн корпорацид байна.

Хэдийгээр Төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа ч заримарилжааны банк өөрсдийн эх үүсвэрээр орон сууцны зээл олгож байгаа аж.

Хаан банк ипотекийн зээлийн материал хүлээн авч байгаа ч санхүүжилтгүй учир олгохгүй байгаа.

Голомт банк ипотекийн зээлийг олгохгүй, материал хүлээн авахгүй байгаа бөгөөд банкны зүгээс ямар нэгэн орон сууцны зээл олгохгүй байгаа.

Капитал банк ипотекийн зээлээр зөвхөн тус банкны хөрөнгөөр баригдсан орон сууцны материалыг хүлээн авч байсан.

Төрийн банк ипотекийн зээлийн материалыг нийслэлийн дөрвөн салбарт хүлээн авч байгаа. Банкны зүгээс орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй.

Хас банк ипотекийн зээл олгохгүй.

Худалдаа хөгжлийн банк ипотекийн зээлийн материалыг хүлээн авч судалж байгаа ч олгохгүй.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарын зах зээл төвлөрөх “Барилга-2016” Медиа экспо болно

Иргэд өөрийн биеэр очиж, цаг мөнгөө үрэх шаардлагагүй зөвхөн цэнхэр дэлгэц, хэвлэмэл сонин, онлайн ертөнцөөр дамжуулан сонголт хийдэг тогтолцоо бий болжээ.

Хэвлэл мэдээллийн хамгийн хүртээмжтэй хэрэгсэл ашиглан сурталчилгаа зорилтот хэрэглэгчдэд хүргэх, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг сүлжээнд нэгтгэн “Үл хөдлөх хөрөнгө”-ийн медиа экспог Монголдоо анх удаа амжилттай зохион байгуулсан “Монголын медиа корпорац” энэ удаад барилгын салбарын зах зээлийг бүхэлд нь нэгтгэн цогц мэдээллийг хүргэх “Барилга-2016” хэвлэл мэдээллийн хэрэгсэлд суурилсан медиа экспог зохион байгуулах гэж байна.

Тус экспо хоёр сая хүнд хүртээмжтэй “Ийгл ньюс” телевиз, “Ийгл.мн” мэдээллийн сайт, “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүл, ФМ 91.1, +21 орон нутгийн сүлжээ болон сошиал сувгаар улс орон даяар өрнөнө

Манай улсад барилгын зураг төслийн, барилгын материалын худалдаа, барилгын материалын үйлдвэрлэгч, гүйцэтгэгч зэрэг барилгын салбарт нийт 1289 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. “Барилга-2016” медиа експод оролцсоноор өөрийн салбарын бусад байгуулагаас ялгарах боломж бүрдэнэ. Тус яармаг орон сууцтай болох хүсэлтэй 200 мянга гаруй иргэнд барилгын компаниудын үйл ажиллагааг сурталчлах, 200 гаруй орон сууцны төслүүдийг танилцуулах, тэдгээрийн мэдээллийг түгээх юм.

“Барилга-2016” медиа экспог ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зохионо. Тус экспо хоёр сая хүнд хүртээмжтэй “Ийгл ньюс” телевиз, “Ийгл.мн” мэдээллийн сайт, “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүл, ФМ 91.1, +21 орон нутгийн сүлжээ болон сошиал сувгаар улс орон даяар өрнөх юм.

Categories
мэдээ улс-төр

ГХЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Лхагва гарагт үүрэгт ажилдаа оржээ. Засгийн газрын хуралдаанаартүүнийг тус яамны ТНБД-аар томилсон юм.

ТНБД Д.Даваасүрэнгийн товч намтар

Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.

  • 1994-2002 онд Гадаад Харилцааны Яаманд дипломат ажилтан,
  • 2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
Categories
мэдээ нийгэм

Азийн элсний V наадамд монголын тамирчид оролцохоор мордлоо

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо маргааш нээлтээ хийх юм байна. Элсний наадам есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Тус наадам нь спортын 21 төрлөөр зохиогдох бөгөөд Монголын баг жиүжицү, самбо, кураш, бодибилдинг, петанк, волейбол, сагсанбөмбөг 3х3, элсний бөхийн төрлүүдэд нийт 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор Данан хотноо очоод байна.

Тайландын Пукет арал дээр зохион байгуулагдсан өмнөх наадмаас Монголын баг самбо, жиү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ж.Эрдэнэболдыг томиллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ж.Эрдэнэболдыг томиллоо зурган илэрцүүдЦагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо. Одоо мөрдөж буй цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга Цагдаагийн төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр уг томилгоог хийсэн байна. Улаанбаатар хотын цагдаагийн даргаар томилогдсон Ж.Эрдэнэбат нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүүхэд аж. Тэрээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний өвлийн хуваарьт шилжинэ

Энэ сарын 24-ны 00:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Тодруулбал, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:10 явж Сайншандад 19:48 цагт ирнэ. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 21:15 цагт явж Улаанбаатарт 07:15 цагт ирэх юм.

Харин Улаанбаатар -Замын-үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:20 цагт явж Сайншандад 01:48 ирж 02:30 явж Замын -үүдэд 07:20 цагт ирэх нь. Замын-үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын-үүдээс 18:05 цагт явж Сайншандад 23:05 ирж 23:45 явж Улаанбаатарт 08:45 цагт ирэх аж.