Categories
мэдээ нийгэм

“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаагаар төрөл бүрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг худалдаална

Хил хамгаалах байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24,25-ны өдөр Ялалтын талбайд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэн худалдаанд хилийн отряд, ангиуд гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэгдэх юм. Мөн ой тайга, уул, говь цөл, төвийн болон тал хээрийн бүсийн хилийн анги, салбаруудын онцлогийг илтгэсэн говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг эндээс худалдан авах боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр ходоодны шархыг хурдан эдгээдэг бөднө шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг гишүүнэ, үрэлний навч, сөд өвс, хулангийн ундаа, төрөл бүрийн жимсний чанамал, хүнсний ногоо зах зээлийн үнээс хямд борлуулагдах аж. Хилчид эх орныхоо дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүнсний ногоо тариалах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зэргээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг бие даан үйлдвэрлэж, хөгжүүлж байна. Тэд эдгээр бүтээгдэхүүнээрээ анги, салбараа хангахаас гадна, орон нутагтаа нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Токио хотын ойролцоо газрын гүнд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр өчигдөр орой Японы нийслэл Токио хотоос зүүн өмнөд хэсэгт 230 км-ийн зайд, газрын гадаргаас доош 10 км-ийн гүнд 6,4 магнитутын газар хөдлөв. Чичирхийлэл Токио хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна.

Японы Цаг Уурын Агентлагийн мэдээлснээр тус газар хөдлөлт Японд хохирол учруулаагүй бөгөөд далайн түвшинд бага хэмжээний өөрчлөлтийг оруулсан гэв.

Categories
мэдээ нийгэм

Дэд сайд асан П.Доржпүрэвийг баривчилжээ

Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан хэргээр цагдан хорьжээ.

Тодруулбал, Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Доржпүрэвийг дээрх албан тушаалыг хашиж байх хугацаандаа ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг сая ам.долларыг нь завшсан хэмээн буруутгаж байгаа гэнэ. Түүнийг өнгөрсөн лхагва гарагт цагдаагийн байгууллагаас баривчилжээ.

Categories
мэдээ улс-төр

Сангийн яамны ТНБД-ын сонгон шалгаруулалтыг зарлалаа

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар зарим яамны төрийн нарийн бичгийн дарга нар томилогдсон. Тодруулбал, Энэ сарын 12-нд болсон төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт тэнцсэн Г.Баясгаланг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Нандинжаргалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Л.Баяртулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлд Сангийн яамны сонгон шалгаруулалт явуулах захиалгийг Засгийн газраас хүргүүлжээ. Сонгон шалгарлуулалт оролцох хүсэлтэй иргэдийн материалыг 10 дугаар сарын 17-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. Харин шалгарлуулалт нь 10 дугаар сарын 18 өдөр болох юм байна.

Мөн энэ сарын 29-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлж буй иргэдээс шалгалт авахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

Италийн оргоник хүнс үйлдвэрлэгчид хамтран ажиллах санал тавилаа

Итали Улсын Пиемонтэ хотын органик хүнс үйлдвэрлэгчдийн консирциумын төлөөллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Италийн тал манай улсын нийслэлд “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийн талаар санал солилцож, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

“ЧЭГ Прожект ХХК-ийн үндэслэгч, захирал Луижи Тоскано “Биднийг хүлээн авч уулзаж байга та бүхэнд гүнээ талархаж байна. Манайх газар тариалан болон ХАА чиглэлээр сүүлийн 15 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан компаниудаас бүрдсэн туршлагатай консорциум гэдгээ онцлоод Улаанбаатар хотод “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийг танилцуулж хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын цаг уурын нөхцөл байдал, хөрсний чанар, гарч болох эрсдэл зэргийг бүрэн судлаж үзсэн. Энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэрэв төсөл хэрэгжихээр бол бид энэ аравдугаар сараас жимс жимсгэний мод, бут сөөгөө суулгаж, ирэх хавраас тахиа болон бусад аж ахуйгаа эхлэх төлөвлөөгөөтэй хотын иргэдээс боловсон хүчнээ бүрдүүлэх бодолтой байгаа. Та бүхний зүгээс төсөл хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэж өгсөн тохиолдолд бид хөрөнгө оруулалтын 50-100 хувийг гаргах бүрэн боломжтой гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нөхцөл байдлын талаар танилцуулаад, Нийслэлийн хүсний хангамжийг нэмэгдүүлэх, жилийн дөрвөн улирлын турш шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнээр хангах асуудал дээр анхааран ахиц дэвшилт гаргах зорилго тавин ажиллаж байгаа. Манай улс хэдийгээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон боловч цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд өндөр хөгжилтэй, техник технологи хөгжсөн орнуудын дадлага туршлага зайлшгүй хэрэгтэй. Тиймээс гадны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд таатай орчинг бүрдүүлэх, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллах болно” гэлээ.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Манай хотын зүгээс иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө эрүүл аюулгүй шинэ хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг ханган ажиллахыг зорьж байна. Эдийн засгаа тооцоод хөрөнгө оруулаад явж байгаа бүх хэлбэрийн хувийн хэвшил болон иргэдийн боломжийг ханган ажиллана.Хотын бодитой нөхцөл, бололцоонд тулгуурлан өөрсдийн төслөө хэрэгжүүлнэ гэвэл бидний зүгээс дэмжин ажиллана гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII дугаар хороонд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.

УИХ-ын дэд дарга тус хороонд ажиллах үеэр иргэдэд 2016 оны ээлжит бус чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, товч мэдээлэл хийсэн юм.

Тэрээр саяхан өндөрлөсөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргасан. Үүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталж, төсөв, эдийн засгийн боломж чадавхид нийцүүлэн 2016 оны төсвийн тодотгоыг хэлэлцэн баталлаа. Мөн түүнчлэн эдийн засагт учраад байгаа хүндрэл бэрхшээл, төсөв санхүүгийн байдлыг тус хорооны иргэд, албан хаагчдад бодит байдлаар, үнэн зөвөөр, улстөржүүлэлгүйгээр тайлбарлан таниулж буйгаа дуулгасан юм.

Үүний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тус хорооны нутаг дэвсгэрт орших сургууль, цэцэрлэг мөн элс, хайрга олборлох карьерийн үйл ажиллагаатай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Мах худалдаж авахдаа гарал үүслийн бичгийг шалгаж авахыг анхаарууллаа

Мах худалдаж зурган илэрцүүд

Төв аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал Баян, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад Онцгой байдлын газар болон Төв аймгийн цагдаагийн бие бүрэлтхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, ажиллаж байгаа аж. Төв аймгийн цагдаагийн газрын, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Г.Лхагвасүрэн “Малчин иргэд маань үхсэн малын махыг хууль бусаар зарьж борлуулах хориотой гэдгийг мэдсэн хэрнээ устгалд оруулхаас өмнө Улаанбаатар руу зарж борлуулахыг зорьдог.

Тиймээс дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн хяналт шалгалтыг 17 бүсэд явуулж байна” гэжээ. Иймд иргэд олон нийт хүнсэндээ малын мах худалдаж авах бол тухайн малын махны гарал үүслийн болон шинжилгээний бичгийг нягталсны дараа худалдан авч байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фэйсбүүкт бичлээ гэж Ж.Мөнхбат сайд өрөөндөө дуудаж авчраад тас загнажээ

Шинээр томилогдсон сайд нараас ярилцлага авна гэдэг амар ажил биш болжээ. Танай яамны хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил ард түмэнд яаж хүрэх вэ гэдэг талаар ярилцлага авъя гэхээр түмэн шалтаг тоочоод зугтахаа урьтал болгоно.

Саяхан манай нэгэн сэтгүүлчид тохиолдсон явдлаас үзэхэд эрх баригч намын хүнд суртал хэрээс хэтэрчээ. Хүнд суртал гэх ч бас тохиромжгүй мэт. Учраа олоогүй, ажлаа мэдэхгүйгээс тэгдэг ч байж болох. Хэрэв тийм бол Монголын ард түмнээс уучлал гуйгаад үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү дээ.

Дээрх сэтгүүлчийн нэрийг Э гэе. Түүнд тохиолдсон явдлыг эх сурвалжаас нь тодруулбал, Ж.Мөнхбат сайдтай ярилцлага хийх даалгавар сонины редакциасаа авч, энэ тухайгаа сайдад уламжилжээ. Хэд хоногийн дараа “хүрээд ирээрэй” гэсний дагуу очиж, өдөржин Ж.Мөнхбат сайдыг хүлээж. Бүтэн өдрийн турш өрөөнийх нь үүдийг сахиж, аргаа бараад ажил руугаа яваад ирж. Дөнгөж ажил дээрээ ирээд байтал нь өнөөх сайдын туслах утасдаад “Дарга өрөөнд ороод ир гэж байна, хурдлаарай” гэж гэнэ. Бүтэн өдрийн хүлээлтээ талаар болгохгүйн тулд мань сэтгүүлч ч чавхдаад очиж. Тэгсэн мань сайд “Чи твиттер, фэйсбүүк дээрээ элдэв янзын юм бичлээ” гээд учиргүй уурсан, сэтгүүлчийг бүтэгнүүлэн загнаж зандарч гэнэ. Ядаж сайд хүнд хаана хэнд юу хэлэх вэ гэдгээ мэддэг хувийн ёсзүй баймаар юм. Тийм ч юм алга бололтой. Уг нь ардчилсан засгийн үед фэйсбүүк дээрээ байтугай ямар ч сэтгүүлч шүүмжлэл бичихэд хэн нь ч ингэж “Турсагыг нь чинь хуулна” хэмээн аашилж байгаагүй юмсан.

Тэр ч байтугай Ж.Мөнхбат сайд “Чи тэгж их ярилцлага авах гээд байгаа юм бол асуултаа бичгээр өг. Би харж байгаад хариулахад нь хариулна” гэсэн аж. Өөрийн тааллаар, өөртөө тааруулж төрийн ажил хийх гэдэг яасан сүрхий сайд гуай вэ, энэ хүн. Магадгүй өөрийнх мэдэхгүй, эрх ашиг нь зөрчигдчихөж мэдэх асуултад хариулахгүй байх нь л дээ. Тийм л юм бол “Та хариулахгүй ч байж болно” гэдэгт ормоор.

Энэ удаа эрхэм сайд уг сэтгүүлчийг таньдаг болоод дуудаж чадаж. Таньдаггүй жиргээчийг одоо яах юм бол. Тагнуулын ерөнхий газраа ажиллуулах юм болов уу.

Эрхэм сайд ярилцлага, мэдээлэл өгөхийгөө нэг их ард түмнээ гийгүүлэх гэж байгаа аятай бодох хэрэггүй баймаар. Засгийн газар болоод сайдууд нь ямар ажил хийж байгаа тухай ард түмэн мэдэх эрхтэй. Засгийн газар ч үүнийгээ мэдээлэх үүрэгтэй. Хэнд ч, юунд ч ярилцлага мэдээлэл хийдэггүй, ард түмнээрээ хянуулах гэдэггүй танхай, дээр нь харилцсан сэтгүүлч нарын толгойг хяргачих гэсэн сайдтай болсон бололтой, бид. Сошиалын нөхөддөө анхааруулахад Мөнхөө сайдын тухай жиргэж болохгүй юм байна шүү. Толгойгоо авахуулах гээгүй бол шүү дээ.

З.Сонин

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд Гванжу болон Улаанбаатар хотын харилцааг хөгжүүлэх чухал айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв.

Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж төр засгийн байгууллага хооронд төдийгүй худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг өргөн цар хүрээнд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Манай хоёр орны төр засгийн удирлагуудын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Сар гаруйн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр бид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон. Манай хоёр хотын хамтын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Одоогоос 17 жилийн өмнө Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байх үедээ Сөүл, Улаанбаатар хотуудыг ах дүүгийн харилцаатай болгож байсан” хэмээгээд зөвхөн төр засгийн төдийгүй орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.

БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа сонордуулсан юм.

Түүнчлэн тус хотын Чоннам, Чосан их сургуулиудын эмч нар Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай зүрх судас, эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

БНСУ-ын Гванжу хот нь 1.5 сая хүн амтай, тус улсын соёл, спортын томоохон төвд тооцогддог байна. Тиймээс энэ чиглэлд хоёр хотын хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийн талаар талууд уулзалтын үеэр ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар есдүгээр сарын 30 -ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм. Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд рок попын одод ая дуугаа өргөх юм. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллана. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой ажээ.