Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар энэ сарын 30-ны
өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга
хэмжээг зохион байгуулах юм байна. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл
болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ
эрхлэгчидээ дэмжих зорилготой юм. Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг
үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээрээ үйлчилж,
төв талбайд түргэн хоолны газрууд ажиллах юм байна. Мөн “Никитон”,
“Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд рок попын одод ая дуугаа
өргөх аж. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн
соёрхолт, дуучин Д.Болд ажиллах юм байна.
Month: September 2016
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн
баасан гаригт(2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ.
Түүнд “УИХ-ын 2016
оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал
тогтов. МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын эрх барьж
байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг
гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж
тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах
ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.
Цагдаагийн болон
бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд
зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн
сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс
төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна.
Эрх баригчид орон
нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг
хийж, Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж
байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Улс төрийн
зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга,
УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна.
Ардчилсан нам улс
төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр
чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж,
Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын
захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф,
Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан
авлаа.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол
Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, албаны
хүмүүс болон хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдан ирэв.
Хүлээн авах ёслолын
үеэр Филадельфи хотын дарга Жеймс Кенни хэлсэн үгэндээ “Бүс нутагтаа төдийгүй
тив дэлхийд ардчиллын тод үлгэр жишээ болон хөгжиж буй Монгол Улсын төрийн
тэргүүн манай хотод хүрэлцэн ирснийг бид талархан хүлээн авч байна. АНУ-ын
тусгаар тогтнол, эрх чөлөөний эх нутаг гэгддэг Филадельфи хотноо Монголын
ардчилсан хувьсгалын төлөөлөгчдийн нэг нь зочлон ирээд байгаа нь онцлох чухал
үйл явдал болж байна. АНУ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлтэй, бидний хоорондын
харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Одоо энэ харилцааг соёл урлаг, иргэд
хоорондын салбарт өргөжин хөгжүүлэх шинэ хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгч
нээхээр ирээд байгаад бид баяртай байна.” хэмээв.
Монгол Улсын
Ерөнхийлөгч “Энэхүү түүхэн хотод хүрэлцэн ирээд байгаадаа бид үнэхээр сэтгэл
хөдөлж байна. Энэ гайхамшигтай хотын удирдлага биднийг халуун дотноор угтан
авсанд талархаж байна. Мөн бид өнөөдөр Филадельфи хотын Симфони найрал хөгжмийн
чуулгад зочлон, удирдлагатай нь уулзахаар төлөвлөөд байгаа” хэмээв.
Дараа нь Монгол
Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн
төлөөлөлтэй уулзлаа. Тэдгээрийн дотор зөвхөн монголчууд төдийгүй буриад,
халимаг, тува зэрэг олон үндэстэн ястны төлөөлөл байв.
Өнөөдөр Ази
тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын
ордонд өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч,
Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Улаанбаатар хотноо
зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд
Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонконг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг
өрсөлдсөн.
Зургаа дахь удаагийн
тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонконг, Монголын багууд шалгараад
байсан юм. Өнөөдөр болсон финалын тоглолтод Монголын баг Тайваний багийг
92:79-өөр хожиж, аваргын цом өргөлөө. Хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ
Хонконгийг 92:82-оор хожив.
МХЕГ-аас эм,
биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд
улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх
байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамрууллаа.
Энэхүү хяналт
шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас
зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар,
стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх,
эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой юм.
Урьдчилан сэргийлэх
хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн
бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн
1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэв. Үүнээс нэг асуудлыг
ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт
үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж
ажиллалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.
Шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийг дэмжих Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын инновацийн тэтгэлэг олгох шалгаруулалт шилдгүүдээ тодруулаад байгаа билээ. Шилдэг, залуу 10 эрдэмтний нэгээр шалгарсан Э.Отгонжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амьдралд хэрэгтэй бүтээл болгохоор зорьж буй шилдэг, залуу эрдэмтний нэгээр шалгарлаа. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Би анх Шинжлэх ухаан технологийн их сургуулийн материал технологийн сургуулийг химич, технологич мэргэжлээр төгссөн. Мөн энэ сургуульдаа магистр хамгаалсан юм. Харин сургуулиа төгссөн жилээ буюу 2005 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа БНСАУ-ын “Kumoh National Institute of Technology” сургуульд докторын зэрэг хамгаалсан. Би докторын зэрэг хамгаалсан бүтээлээрээ шилдэг, залуу эрдэмтний нэгээр шалгарлаа. Нийт тавь гаруй судлаач бүтээлээ сойлоо. Шалгарсан арван залуу эрдэмтнээс гадна шалгарч чадаагүй ч маш сайн бүтээл бий. Энэхүү шалгаруулалтад оролцсон бүх бүтээлүүд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан байдаг. Гадаад руу явж илүү зүйлийг сонсож мэдээд түүнийгээ эх орондоо нутагшуулахыг зорьсон олон залуусын хүч хөдөлмөр байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ тэтгэлэг бол залуу эрдэмтдийн хөшүүрэг болсон зүйл. Мэдээж шинжлэх ухаан хөрөнгө мөнгөгүйгээр бодит зүйл болно гэдэг хэцүү. Мөн судалгаа шинжилгээ хийхэд тусалсан ажлын хамт олон, багш нар, гэр бүл найз нөхдөдөө маш их баярлалаа. Та бүхний тус дэмээр судалгааны ажил минь урагштай байсан шүү гэдгийг хэлмээр байна.
-Эрдэмтдийн судалгааны ажил үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой эсэх нь тус шалгаруулалтад хамгийн чухал байдаг. Та ямар судалгааны ажил хийсэн бэ?
-Агаар, хөрс нь хүний нөлөөлөл, микро организмоос шалтгаалж бохирдож байдаг. Жил болгон дэлхийд 13 сая орчим хүн хөрс болон агаарын бохирдлоос болж нас барж байна. Мөн сүүлийн үед хорт хавдар ихэссэн нь хүнсний аюулгүй байдал, агаарын болоод хөрсний бохирдол, тоосжилттой холбоотой гэж үзээд байгаа шүү дээ. Агаарын бохирдлын гол хүчин зүйлсийн нэг бол нүүрс. Нүүрсэнд хүнд металл, хортой бодисууд маш их агуулагдаж байдаг. Мөнгөн ус, уран гэх зэрэг бодисууд байдаг юм. Хэдий эдгээр хүнд металл нь хөрсөн дээр байж болох ч устай урвалд орсноороо идэвхжиж улам хортой болдог. Ингэснээр ундны ус ч бохирдож байгаа юм. Энэ мэтчилэн бохирдсон усыг БНХАУ-ын хотуудын 90 хувь нь хэрэглэж байна гэсэн судалгаа бий.
Манайд 2008 онд хөрсний бохирдлын талаар судалгаа хийсэн. Доктор н.Батжаргал судлаачийн энэхүү судалгаагаар хүнд металын бохирдол бий гэж үзсэн байдаг. Тэр дундаа 100 айлын хэсэгт илүү хэмжээтэй агуулагдаж байна гэж үзсэн. Гэтэл 2012 оны судалгаагаар бохирдол буурсан гэж гарсан. Судлаачид бороо хураар угаагдаад багасчихсан байна гэж тайлбарлаад байгаа юм. Гэхдээ химийн бодис хэзээ ч устаж үгүй болно гэж байхгүй. Өөр төлөвт л шилждэг юм. Хэрвээ судлаачдын хэлж байгаагаар усаар угаагдсан бол Туул голын ёроолд эсвэл бохирын хоолойны амсар дээр л байгаа. Эдгээрээс болж хүмүүс хордох муу үр дагавартай. Энэ бүх хор уршгийн талаар яриад л байна. Гэхдээ ямар нэгэн шийдэлд хүрэх ёстой. Тиймээс би судалгааны ажлаа “Хүнд, хөнгөн металл оксианиондыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах” гэсэн сэдвээр хийлээ. Энэ материал нь гол, ус, хөрсөнд байгаа бохирдлыг шингээж аван идэвхгүй, хоргүй болгоно гэсэн үг. Залуу хүний хувьд аль болох гарц болсон судалгаа хийхийг хичээлээ. Аль болох бидний орчин нөхцөлд зохицох зүйлсийг судалж нэвтрүүлэхийг зорьж байна. Манай залуу судлаачид маань энэ материал судлалыг илүү сонирхож судалж байгаа.
-Таны судалгааны ажил хэзээ үр дүнгээ өгч эхлэх бол?
-Одоогоор бүх судалгааны ажил хийгдээд дуусчихсан. Харин яг үйлдвэрлэе гэтэл энэхүү шингээх материал маань хэт нунтаг байгаа учраас ширхгийг нь томруулаад л хэрэглэх боломжтой юм. Шингээлтийн багтаамжийг нь судалж гаргасан. Шингээлт бол маш сайн. 160 литрт нэг гр шингээгч материал хийхэд цэвэрших боломжтой. Судалгааныхаа хүрээнд зарим аймаг, сумдын ундны усыг судалж үзсэн л дээ. Бүгд бохирдолтой байна гэж гарсан. Мөн нэг сумын хоногийн ундны усанд дөрвөн тонн ус хэрэгтэй гэсэн тооцоо гаргалаа. Тэр дөрвөн тонн усан дахь хүнд металлыг цэвэршүүлэхийн тулд 25 гр шингээгч материал байхад л хангалттай. Түүнийг үрэл хэлбэрээр эсвэл амсарт нь ч байрлуулж болох юм. Ирэх жилээс шингээх материалаа нэвтрүүлье гэсэн зорилготой байна. Энэ материалаар хөрсний бохирдлыг цэвэрлэх олон арга бий. Тухайлбал, электрон хими болон өндөр технологитой цахилгаан химийн аргаар цэвэршүүлж болно. Гэхдээ энэ бүхнийг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө мөнгө шаардлагатай.
-Нэг өрх ундны усаа цэвэршүүлэхэд хичнээн төгрөг шаардлагатай бол?
-Баримжаа тооцоо гаргасан л даа. Нэг айл 100-200 төгрөг төлөөд л хоногийн ундны усны хэрэгцээгээ цэвэршүүлчих боломжтой.
-Энэхүү шингээгч материалыг Дэлхий нийтэд хэр их ашигладаг юм бол. Ашиглагдаж байгаа жишээнүүд бий юу?
-Энэ материалыг их ашигладаг л даа. АНУ-д усаа цэвэршүүлэхийн тулд мөн ашигласан байдаг юм. Ямар бодисыг цэвэршүүлэх гэж байна, түүнээсээ шалтгаалж орцууд нь өөрчлөгдөөд явдаг. Үүнээс Монголд нутагших боломжтой, бидний орчинд тохирохыг нь судалсан.
-Цаашид ямар судалгаа хийх бодолтой байна вэ?
-Судлаачид маань гурван жилээр төлөвлөгөөгөө гаргадаг. Түүнийгээ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамаар батлуулж санхүүжилт авдаг юм. Бодож байгаа сайхан санаанууд байна. Аль болох бидэнд тулгамдаж буй асуудлаар л судалж, гарцыг олохыг хичээнэ дээ.
Нуулгүй хэлэхэд, Шинжлэх ухааны академид шаналсан хэдэн хөгшин, шатсан хэдэн залуучууд л байдаг юм шүү дээ. Ийм зүйл хийчих юмсан гэсэн хүсэлтэй залуучууд л байна. Хамгийн түрүүнд бодож мөрөөдөж байгаа зүйл бол Шинжлэх ухааны академи судалгаа хийх багаж хэрэгсэл нь бэлэн, хүртээмжтэй болоосой гэж хүсэж байна. Би хүмүүст боломж олдвол хэлж байдаг юм. Үнэхээр энэ шинжлэх ухааныг судлаад тасарчихсан залуус нь гадаад гараад явчихдаг. Харин тэр хол тасарчихсан түвшин рүү нийт массыг Шинжлэх ухааны академи залж байх ёстой юм. Ийм л чухал байгууллага юм шүү дээ. Тиймээс хамгийн их ач холбогдол өгч байх хэрэгтэй.
О.АРИУНЦЭЦЭГ
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангmритай ярилцлаа.
-Та Австралиас Монголд сууж байгаа анхны Элчин сайд. Австрали улс Монголд Элчин сайдын яамаа нээх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?
-Би Канберрад ажиллаж байхдаа Монголын асуудлыг давхар хариуцдаг байсан юм. Монголын талаас ЭСЯ-аа Улаанбаатарт нээгээч гэсэн хүсэлтийг манай улсад хэд хэдэн удаа тавьсан л даа. Австралид суугаа Монголын элчин байсхийгээд л ингэж асуудаг байсан шүү. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой ирэх онд тохионо. Хоёр улсын идэвхтэй харилцаж эхэлсэн хугацаа гэвэл ерээд он хавьцаа. 45 жилийн ой тохиож байгаа учраас манай улсын Гадаад хэргийн сайд Элчин сайдын яамаа нээх цаг болсон гэж үзсэн. Австралийн хувьд улс орнуудад ЭСЯ-аа нэг их нээгээд байдаггүй. Ялангуяа өнөө цагт. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн нь танай орныг стратеги, эдийн засаг, нийгмийн түншийн хувьд ямар чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Стратегийн хувьд гэж яривал ардчилал, зах зээлийн эдийн засгийг зориглон сонгож, тогтвортойгоор хөгжүүлж байгаад нь Монгол Улсаар бахархдаг. Австрали улс Монголын хувьд сайн гуравдагч хөрш байхыг хүсдэг. Эдийн засгийн хувьд ч манай хоёр улсад ижил тал бий. Аль аль нь өндөр чанартай гадаадын хөрөнгө оруулалтыг экспортын баримжаатайгаар уул уурхайн салбарт татаж эдийн засгаа хөгжүүлж байгаа. Нийгэм, хүмүүсийн хувьд ч монгол, австраличуудад төстэй тал их бий. Гэр бүлийг дээдэлдэг, боловсролыг өндөр хэмжээнд чухалчлан үздэг, гадаадын ямар нэг соёлыг маш хурдан хүлээн зөвшөөрч чаддаг, нүүдлийн уламжлалаас улбаатай байгалийг хайрлах үзэл гэж ирээд яривал хоёр улсын иргэдэд адил зүйл олон байдаг. Сая дурдсан эдгээр нь Элчин сайдын яамаа нээх шалтгаан болсон.
-Уул уурхайгаасаа олсон мөнгөөр бусад салбараа тэтгэж хөгжихөөс өөр бодитой гарц бидэнд байхгүй. Австрали уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд жишиг болсон орон. Уул уурхайгаа зөв замаар хүчтэй хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна?
-Австралийн тухайд том төслүүдэд гадны хөрөнгө оруулалтыг татаж амжилттай хэрэгжүүлэх тал дээр арвин туршлагатай. Уул уурхайн салбартаа түшиглэн эдийн засгаа босгох гэж байгаа танай орны хувьд манайх шиг улсын алдаа, онооноос сурах зүйл өчнөөн бий. Австрали уул уурхайн хайгуул, олборлолтын шатанд хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин, бодлого, журам зохицуулалт дээр гурван зарчмыг маш хатуу барьдаг. Юуны түрүүнд тодорхой, ил тод байх хэрэгтэй. Хоёр дахь зарчим нь тогтвортой байх. Харин гурав дахь нь өөр хоорондоо уялдаатай байх. Энэ зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. МАН-ын тэргүүлж байгаа засаг энэ талаар ярьж эхэлсэн нь сайн хэрэг.
Монголд Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уул уурхайн салбарын сайн засаглалыг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахад төвлөрсөн хөтөлбөр л дөө. Манай улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтад ач холбогдол өгдөг. Гадаадын хөрөнгө оруулалт хүмүүст ашиг тусаа өгч байгаа тодорхой ажиглагдахгүй тохиолдолд гадны хөрөнгө оруулалтыг сөргөөр хүлээж аваад байдаг. Үүнийг бид туршлагаараа мэднэ. Гадаадын хөрөнгө оруулалтын үр ашиг олон түмэнд ил тодорхой байна гэдгийг төсөв томорсноор хэмжих нь учир дутагдалтай. Үр ашиг нь орон нутгийн түвшинд харагдаж байх учиртай. Өндөр чанартай гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм утгатай. Базаад хэлбэл, хөрөнгө оруулалтын ашиг тус нь үндэсний болон орон нутгийн түвшинд ижилхэн мэдрэгдэх ёстой.
-Уул уурхайдаа түшиглээд бусад салбараа хөгжүүлсэн жишээ өчнөөн байх…?
-Байлгүй яахав, жишээ нь тогтвортой хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх боломж бий. Орон нутагт уул уурхайгаас хамааралгүй хөдөө аж ахуйг хөгжүүлчихвэл уул уурхайн компаниуддаа бүтээгдэхүүнээ нийлүүлээд зогсохгүй. Уул уурхайн компани ажиллахаа больсон ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж, илүү гарсныг нь экспортлох чадвартай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. “Рио Тинто” гэхэд л Австралид төмрийн хүдрийн уурхайгаа түшиглэж хөдөө аж ахуйн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Уурхайд хэрэглэсэн усаа цэвэршүүлээд малын тэжээл ургуулах бизнесийг дэмжсэн амжилттай жишээ бий. Иймэрхүү ижил төстэй төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх сонирхол “Рио”-д байгаа байх.
-Гадаадын хөрөнгө оруулалт орон нутагт ч үр ашгаа өгөх ёстой гэж та түрүүн ярилаа. Манай улсын хувьд энэ тал дээр дутмаг тал анзаарагддаг. Бодлогын хэмжээнд анхаарах зүйл байна уу?
-Австрали холбооны Засгийн газартай. Уул уурхайн чиглэлээр хэрэгжүүлдэг бодлого, хууль нь муж, мужаараа ялгаатай. Гэхдээ байгаль орчны чигийн хуулиудын тухайд улс даяар ижил байх бодлого барьдаг. Уул уурхайн чиглэлийн компаниуд орон нутагт хандив тусламж өглөө гэхэд холбооны улсын татварын хуулиар зохицуулах жишээний. Австрали улс орон нутагт тусламж дэмжлэг үзүүлсэн компаниудад эргээд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ бодлого компаниудын орон нутагт хандив өгөх урмыг сэргээж өгдөг. Мэдээж би бүгдийг ойлгосон гэж хэлэхгүй, гэхдээ Монголын хувьд өөр бодлого барьдаг гэж ойлгосон. Донрын янз бүрийн тусламж үзүүлдэг байгууллагуудын дагаж мөрдөх ёстой татварын хууль нэлээд чанга талдаа гэж анзаарагдсан. Тухайлбал, танай улсад компаниудын орон нутгийн хөгжилд зориулан өгч байгаа хандив тусламж татвараас чөлөөлөгддөггүй хуулийн зохицуулалт үйлчилдэг.
-Манай улсын нөөц ихтэй ордууд стратегийн гэсэн ангилалд багтдаг. Тэр ордуудад төрийн оролцоо өндөр байдаг. Ер нь уул уурхайн бизнест төр оролцох нь хэр зөв хандлага вэ. Австралид төр нь уул уурхайн бизнестээ оролцдог жишээ байна уу?
-Австралийн хувьд эдийн засгийг хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол эдийн засгаа нээлттэй байлгах гэдгийг ухаарсан. Тийм учраас манай улсад төрийн оролцоотой компани байхгүй. Төр нь тодорхой хэмжээний хувь эзэмшдэг уул уурхайн компани байхгүй. Төрийн нислэгийн компанитай байснаа хувьчилсан. Төмөр зам, далайн тээвэр, арилжааны банк ч ялгаагүй, бүгд хувийнх. Австралид гадаад, дотоодын компани гэж ялгадаггүй. Бүгдэд адил дүрэм журам үйлчилдэг. Цаашид ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ монголчууд өөрсдөө хэнээс ч илүү мэдэж байгаа. Уул уурхайн салбартаа ямар алдаа хийв гэдэг асуудлын хамгийн сайн шүүгч нь мөн л монголчууд өөрсдөө. Монголын нэг олзуурхам зүйл нь ардчилал маш сайн бэхэжсэн. Хүмүүс нь үзэл бодлоо нээлттэйгээр солилцож, маргаан мэтгэлцээн өрнүүлж чаддаг. Зөв шийдвэрт хүрэх механизм нь байгаа гэсэн үг.
-Монголд хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлээр хийх зүйл их байна гэж та ярьсан байсан. Энэ салбаруудад яг ямар боломжууд харагдаж байна вэ. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий гэж ойлгож болох уу?
-Олон улсын байгууллага, Монголын Засгийн газар, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, Монголын бизнесмэнүүдийг нэгтгэж хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бий. Гэхдээ төр, хувийн хэвшлийг хамтын оролцоог бий болгоход хугацаа шаардагддаг. Одоогоор Австралийн Засгийн газраас Монголд орж ирж байгаа хөгжлийн тусламжид хөдөө аж ахуйн салбарт зориулсан мөнгө төсөвлөгдөөгүй. Австралийн хувьд төсвийн алдагдлаа бууруулах чиглэлээр нэлээд чармайж ажилласан. Гадны улсад үзүүлдэг хөгжлийн тусламжийн мөнгөнөөсөө нэлээд танаад байгаа. Монголын хувьд гол гэж үзсэн хоёр салбарт тусламж үзүүлж байна. Нэг нь Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр. Нөгөө нь боловсролын салбарт хэрэгжиж байгаа Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр.
-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт ихэвчлэн төрийн албан хаагчид хамрагдаад байх шиг анзаарагддаг. Австралид сурах сонирхолтой хувийн хэвшлийн залууст боломж хэр байдаг вэ?
-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд зөвхөн төрийн албанд ажилладаг хүмүүст зориулсан тэтгэлэг биш. Энэ тэтгэлэг Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1992 оноос эхлэлтэй. Монголд өрнөсөн ардчилал дэлхий дахинд сюрприз болсон. Тухайн үед ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон Монголыг яаж дэмжих вэ гэдэг хэлэлцүүлэг Австралид өрнөсөн. Эцэст нь Монгол гэдэг улсыг цааш нь удирдаж авч явах хүмүүсийг нь боловсролоор дэмжье гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр магистр, докторын түвшний сургалтад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хамруулах хэлбэрээр эхэлсэн. Эхэндээ төрийн албаныхныг түлхүү хамруулсан ч яваандаа хувийн салбарынхныг ч шалгаруулах болсон. Одоогоор Австралийн Засгийн газрын тэтгэлгээр хувийн болон төрийн албанд ажиллаж байгаа 400 гаруй хүн суралцаад байна. Хувийн зардлаараа суралцсан хүмүүсийг нэмбэл 6000 гаруй монгол хүн манай улсад суралцсан байдаг юм. Австралид сураад ирсэн залуус Монголын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаад баяртай явдаг. Австралид төгссөн монголчууд Mozzies нийгэмлэг гэж байгуулсан байгаа. Ийм том нийгэмлэг Монголд байгуулагдчихсан үед сайдаар ирсэн нь миний хувьд аз завшаантай хэрэг. Дашрамд хэлэхэд, хоёр дахь үеийн Mozzies-ууд гараад ирчихсэн. Австралид боловсрол эзэмшсэн, Австралид амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд манай улсад боловсрол эзэмшиж байна. Үнэхээр талархууштай хэрэг шүү. Австралид суралцсан монголчууд бидний хувьд хамгийн том Элчин сайдууд. Бас хүүхдүүд нь ч гэсэн (инээв).
Монголчуудын англи хэлний чанартай боловсрол авахаар сонгодог улсын дотор Австрали АНУ-ын дараа хоёрт жагсдаг. Энэ бямба (маргааш) гарагт гэхэд л “Хил хязгааргүй Австрали” гэдэг боловсролын үзэсгэлэн болох гэж байна. Австрали болон дэлхийд нэлээд дээгүүрт ордог 15 их сургуулийн төлөөлөгч ирнэ. Австралид сурах сонирхолтой хүмүүс сургуулиудаас нь шууд мэдээлэл авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.
-Австралид ажиллах сонирхолтой монголчууд олон бий. Ийм хүсэлтэй хүмүүст визний хувьд хөнгөлөлт ч юм уу, тодорхой дэмжлэг үзүүлэх боломж хэр байгаа вэ?
-Оюутнуудын хувьд санхүүгийн чадвараа баталбал гэр бүлээ аваад явж болдог. Австрали гадаадын оюутнуудад долоо хоногт тодорхой цагаар ажиллах зөвшөөрөл өгдөг. Хичээлээ гүйцээд шалгалтуудаа сайн өгөөд байвал сурахынхаа хажуугаар ажиллаж болно гэж Австралийн Засгийн газар үздэг. Манай тогтолцооны хүмүүсийг илүү ихээр татдаг элемент нь энэ болов уу. Австралийн хувьд ажиллах болон амрах гэсэн визний төрөл бий. Жуулчны визтэй төстэй ч жуулчлангаа ажил эрхлэх боломжоор хангадаг юм. Австрали улс энэ визийг нэлээд олон оронд хэрэгжүүлдэг. Монголын хувьд хамрагдах боломжтой. Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Мэдээж хоёр талд ижилхэн боломж үйлчлэх хэрэгтэй. Австраличуудад ч ийм боломжийг өгөх учиртай гэж бодож байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзахдаа энэ саналыг тавьсан. Дараа жил юм уу, хоёр жилдээ багтаагаад шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж болно гэсэн хариу хэлсэн.
-Монголд ирээд төрсөн хүчтэй сэтгэгдлээ хуваалцаач?
-Монголд ирсэн хүн бүрд хүчтэй сэтгэгдэл төрдөг байх шүү. Би өмнө нь Монголоос гадна Япон, Солонгосын хойгийг хариуцаж ажилладаг байсан юм. Хариуцдаг улсын хувьд танай оронд өмнө нь дүн өвлөөр ирж байсан. Монголын өвөл ямар хүйтнийг ярих юм биш. Би Монголд ирэхээс өмнө энэ ертөнцийн хамгийн хүйтэн газрыг Берлин гэж боддог байсан шүү (инээв).
-Таныг монгол хэл сурч байгаа гэж сонслоо. Хэр хэцүү санагдаж байна?
-Би хоёр мэргэжилтэй. Эхний мэргэжил маань инженер. Дараа нь хэл шинжээчийн мэргэжил эзэмшсэн. Монгол хэл сурахад хэцүү байна. Гэхдээ мэргэжил маань хэл шинжээч учраас их сонирхон сурч байгаа. Би японоор ярьдаг. Япон хэлтэй хэлнийх нь үндэс нэг учраас сурахад харьцангуй амар юм. Япон хэлний авиа зүй хялбархан байдаг. Англи хэлийг японтой харьцуулбал бага зэрэг хүндрэлтэй. Гэтэл монгол хэл их өөр. Англи хэлэнд ч байдаггүй маш олон авиа, дуудлага байна. Үг бүр нь хэцүү санагдаж байгаа шүү (инээв). Монгол хэлийг өвөрмөц, сонирхолтой сонсогдуулдаг нэг зүйл байна. Хоолойн лх гэх мэт хоёр гийгүүлэгчийг нийлүүлж хэлэхээр гардаг авиа. Монгол хэлний характерыг ямар нэг зүйлтэй зүйрлээч гэвэл би уурын зүтгүүр шиг гэнэ. Яруу найраг сонсохоор ямар мэдрэмж төрдөг билээ, яг тэгж сонсогддог хэл юм. Миний хувьд танай улсын хэл голын урсгалын чимээг сонсч байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Ер нь нүүдлийн соёлтой улсын хэл үүсэл хөгжлийн баялаг түүхтэй байдаг.
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг
саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн нь шуугиан тарьж байна. Тэрээр олны анхаарлыг
татсан хурц шүүмжлэлтэй зүйлс ярьсан бөгөөд тэдгээрээс онцлон хураангуйлбал, “Би
Монголынхоо ард түмний сонголтыг хүндэтгэнэ. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн өмнө нь
ч тэр, сонгуулийн үеэр ч тэр олон луйврын, гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдлүүд
болсон. Ийм үйлдлүүд хийгдэж, захиалгын УИХ бүрдэх нөхцөл бий болсон талаар өнгөрсөн
дөрөвдүгээр сард миний бие мэдэгдэл хийж байсныг хүмүүс санаж байгаа байх”, “Үнэндээ
арай ч дээ гэмээр олон хууль бус үйлдлийг явцуу эрх ашигтаа нийцүүлэн хуйвалдан
хийсээр хуйвалдааны төрийг бүрдүүлж чадлаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тогтмол
давтамжаар тархи угааж, хууль хүчний байгууллагуудыг ашиглан өрсөлдөгч улстөрчдийнхөө
нэр хүндэд удаа дараа халдсаар, зарим нэгийг нь барьцаалж байгаад тэд зорьсондоо
хүрлээ”, “Өнгөрсөн сонгуулиар Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх
аль ч нам ялаагүй. Харин ганцхан бүлэглэл л хуйвалдааны төрийг байгуулж чадсан нь
гашуун үнэн. Харамсалтай нь энэ бүлэглэлд монгол хүнийг Монголд нь сайхан амьдруулах
ямар ч хүсэл байхгүй нь ахиад л нотлогдож байна”, “Энэ бүлэглэл ард түмнийг айдсаар
дарангуйлж, ходоодыг нь хагас хоосноор барьж, цаагуураа Монголын баялгийг гаднынхантай
хувааж цөлмөөд өөрсдөө л хүчирхэгжин хөлжих ганц л зорилго бий”, “Улам илүү хараат
болсон шүүх, нэг хоёрхон хүний дохио зангаагаар ажилладаг болсон хуулийн байгууллагууд
л байна”, “Өөрийн толгойгүй Ерөнхий сайдад эрх мэдэл дутахаас яах вэ”, “Гүйцэтгэх
засаглалын тэргүүн шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил
гэдэг үгийг мартах хэрэгтэй”, “Хүсээгүй шийдвэр, хүсээгүй даалгавар, дээр нь зохион
байгуулалттай, давтамжтайгаар ирэх элдэв гүтгэлэг дайралт бол их хэцүү байдаг. Ер
нь Монголын ирээдүйг авч явах чадалтай олон залуу, нэг хоёр хүний шуналын золиос
болж дуусдаг жишиг битгий тогтоосой”, “Ардчилсан намын нэр хүндийг шалд нь унагаж,
засаглаж чаддаггүй нам, хоорондоо хэл амаа ололцдоггүй нам гэдэг ойлголтыг нийгэмд
хоногшуулан сонгуульд ялагдуулах олон эрээ цээргүй хуйвалдаан явсныг бүгд мэдэж
байгаа”, “Товчхондоо бол зорилгодоо хүрч намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн,
эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол. Улс орны
хөгжил дэвшил, Монголын ардчиллын ирээдүй, олон мянган гишүүний итгэл үнэмшил, хувь
заяатай холбоотой асуудалд арай л явцуу эрх ашгийн, аминч, хувиа хичээсэн өнцгөөс
хандсан даа”, “Ардчилсан нам бүх шатандаа бүтээлч, шинийг санаачлагч, хүнд суртлыг
арилгагч байж чадсан ч харамсалтай нь энэ бүхнийг эрх баригчид эхнээс нь буцааж
хүнд хөшүүн хойрго байдал руу ухрааж байгаа нь харамсалтай. Ер нь Ардчилсан нам
маань МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгалж, улс орноо урагшлуулж
чадна”, “МАНАН бол үнэндээ том биш шүү дээ, хэдхэн хүний бүлэглэл. Барууны гэж нэрлэсэн
хэт хөрөнгө мөнгө шүтсэн, эрх ашгаараа нэгдсэн, эх орон, өв соёл, бүр цаашилбал
тусгаар тогтнолоо хүртэл хоёрдугаарт эрэмбэлдэг хүмүүс шүү дээ”, “Эхнээсээ манай
нам дээр хийж хорлосон танил аргууд нь одоо эрх баригч намын бодлого шийдвэрүүд
дээр тодроод ирлээ.
Цөөхөн гэр бүлийн явцуу шунал өнөөдөр Монголын ард түмний тусгаар
тогтнол, ардчиллын баталгаа болсон нам гэдэг байгууллагын дээр гарснаар тэд утсан
хүүхэлдэйнүүдээрээ бодлого бариулсан болж үндсэн зорилгодоо далдуур хүрч, эрх мэдлийг
мөнхөд атгана гэж үзэж байна”, “Хэрэг илрэх шатандаа явж байна гэсээр нэлээдгүй
хугацаа өнгөрлөө. Өмнө нь энэ хэргийн дуулианыг олон удаа улс төрийн зорилгоор ашиглаж
байсан”, “Урд нь орд газруудаа урьдчилж зараад, сонгуулийн амлалтаа биелүүлж, мөнгөө
бэлнээр тараагаад гадагшаа урсгадаг байсан бол одоо урт хугацааны үр өгөөжтэй бодит
хөрөнгө болж үлдсэнтэй хэн ч маргахгүй”, “Өнөөгийн эрх баригчдад ямар ч бодлого
алга. Яг яах гээд ард түмнээ айлгаад байгаа юм. Мандуулна, хөгжүүлнэ гээд байснаа
хийхгүй юм уу. Эсвэл бүх зүйлийг сөнөсөн, дампуурсан гэж итгүүлээд улсаа хувьчилж
авах гээд байгаа юм уу”, “МАН-ын Засгийн газрын дэвшүүлсэн олон асуудал бодлогогүй
үйлдэл болж, нийгмийг бухимдууллаа. Албан тушаалын томилгоо хийж, татвар нэмж, иргэдийнхээ
халаас руу гараа дүрэхээс өөр хийж байгаа ажил алга. Тэд ийм л байсан, тиймээрээ
л байна” гэж ярьжээ.
Д.САРУУЛ
“Их нүүдэл” цувралаар “Моодун шаньюй”, “Хүүхэн шаньюй”, “Тэнгэрийн ташуур Аттила” гурамсан романаа уншигчдад өргөн барьсан нэрт нанхиадач, МЗЭ-ийн болон утга зохиолын “Алтан өд” шагналт зохиолч Ядмаагийн Ганбаатарын “Утга зохиолын тухай өгүүллүүд” ном хэвлэлийн будаг ханхалсан шинээрээ өмнө минь байна. Эдүгээ Тайваньд консулын алба хашин буй эрхэм эрдэмтний бүтээлийн цоморлигт нийт хорин долоон өгүүлэл багтжээ.
Энэ ном Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Амитаба” хэмээх гайхамшигт найргийн тухай “Амитаба бурхны сэтгэлээр мөнхийн найраг туурвихуй” гэсэн дорвитой өгүүллээр эхэлж, “Ертөнцийн явдал” олимпийн тэнгэрт хур болон бууж, дэлхийн сонорт эгшиглэнэм”, “Б.Галсансүхийн гурван гавьяа”, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн талаар бичсэн “Хүннү туульс” хүчирхэг дуурьсаж байна”, “Д.Нацагдоржийн уламжлал буюу Б.Золбаярын яруу өгүүллэгүүд”, “Күнз ба Равжаа”, “Зян Рунгийн “Чонон сүлд” хийгээд монголчууд бид” зэрэг уншууртай, даацтай бүтээлүүд багтсан нь сайн оюут бичгийн мэргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Я.Ганбаатар бол өмнөх мөрөө тэмтчин бэдичдэг жирийн нэгэн сохор судлаач биш харин оюун сэтгэлгээний шинэ арал нээхээр зориг шулуудсан билгүүн төгөлдөр бичгийн хүмүүн юм гэдгийг бичсэн өгүүлэл шүүмжүүдийг уншаад мэдэж болно. Энэ бол магтаалын цаасан малгай духдуулсан явдал биш гэдгийг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй гадарлана. Үүнийг нь Монголын зохиолчдын мэргэжлийн байгууллагаас зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” дээд шагналыг “Нангиадын утга соёлын товчоон”, Хүн гүрний үеийн тухай “Их нүүдэл” гурамсан романуудаараа хоёронтоо хүртсэн явдал бэлээхэн гэрчилнэ.
Я.Ганбаатар зөвхөн утга зохиол, хэл соёлын талаар л дуугардаг, хятад хэлнээ дулдуйдсан өчүүхэн бичээч биш гэдгийг энэ номонд орсон “Түвд банхар, монгол банхарын тухай өгүүлэхүй”, “Гурван улсын үлгэр” их туурвилын тухай товчхон өгүүлэхэд”, “Монголын газрын зураг” хэмээх бүтээлийн тухайд”, “Манайд хэл бичгийн бодлого байна уу”, “Яруу найраг хүн төрөлхтөнийг аварна”, “Норвегийн ой” хэмээх анхны хайрын дууль”, “Монгол бол их чанартай, чадалтай үндэстэн”, “Яруу найргийн үзэсгэлэнт аралд зорчсон тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам” лайтай ном” зэрэг өгүүлэл, тэмдэглэл, шүүмжүүд гэрчилнэ.
Уншсан хүнд саргүй харанхуй шөнөөр гар чийдэн шиг гэрэл гэгээ болчихмоор санаа сэдэл болчихмоор нарийн ширийн зүйл захаас аван таарах нь бичгийн их чадалтай хүний арга барил яах аргагүй мөн. Ганц нэг жишээ татахад их эрдэмтэн Чой.Лувсанжав багшийнхаа цагтаа хэчнээн их харам байсан тухай нь “Гудамжинд явж байхад нь өөдөөс нь таньдаг хүн ирж харагдвал гудамжны нөгөө тал руу бушуухан гараад явчихдаг байсан гэж өөрөө ярьдаг байлаа. Цаг хугацаа гэдэг алдвал эргэж олддоггүй тийм л үнэтэй нандин зүйл байсныг яс махаараа мэдэрсэн хүний үг дээ” гэж бичсэн нь өнөөгийн бидэнд нэн хамааралтай юм. Ноён хутагт Равжааг тэрээр хятадын их ухаантан Күнзтэй адилтган зохиол бүтээлийг нь зэрэгцүүлэн жишиж судалсан нь яах аргагүй сонирхол татна. Эрдэмтэн-зохиолч Я.Ганбаатарын “Утга зохиолын тухай өгүүллүүд” дэлхийн сонгодог болоод Монголын утга зохиолын их далайг харьцуулсан үнэлэмжээрээ манайд шинэ зам нээсэн бүтээлийн чуулган болсныг дурдах нь зөв болов уу. Номын гэрэлт жим оюуны их харгуй болон өргөсч, зон олныг замчлах болтугай!
Хойд Солонгос түүхэн дэх хамгийн анхны агаарын техникийн шоу үзүүлбэрийг тус улсын зүүн эргийн Вонсан боомтод хийнэ гэж үзүүлбэрийг зохион байгуулах хороо мэдэгдэв.
Уг шоу үзүүлбэрт агаарын цэргийн техник, иргэний нисэхийн нисэх онгоц, нисдэг тэрэг зэргийг олон нийтэд харуулах ажээ. Мөн Пхеньян хотын нислэгийн клубын шүхэрчид өөрсдийн үзүүлбэрээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.
БНАСАУ-ын ОХУ-аас худалдан авсан Ильюшин, Антонов, Туполев зэрэг иргэний нисэх онгоц болон “МиГ”, “Су” сөнөөгч онгоцнууд агаарын техникийн шоу үзүүлбэрт оролцо Үүний зэрэгцээ БНАСАУ-ын нисгэгчид мэргэжлийн ур чадвараа харуулах бол үзэгчид Умард Солонгосын “Air Koryo” компанийн нисэх онгоцоор нисч, шүхэрчдийн хамт шүхрээр буух боломжтой ажээ.
Агаарын шоу үзүүлбэрийн хажуугаар дуу, бүжиг болон Солонгосын эртний тулааны урлагийн үзүүлэх тоглолт болно гэж зохион баcйгуулагчид мэдэгдэв