Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр дахин томилогдсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 71 дүгээр чуулга уулзалтад оролцсоныхоо дараа өнгөрсөн баасан гаригт Филадельфи хотод зочилжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар мэдээлэхдээ Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх хэмээн бичсэн байна. Түүнийг Гадаад хэргийн сайдаар ажиллах байх хугацаанд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөр ажиллаж байсан билээ.
Month: September 2016
Одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ
болон Засгийн газрын гишүүд шинээр хууль санаачлан өргөн барих эрхтэй байдаг. Ямар
ч гишүүн хууль санаачилж болдог учраас зарим нь шөнө зүүдэлсэн зүүдээ хууль болгох
гэдэг болчихож. Ард түмний саналыг авч төр түшилцэж буйн хувьд заавал ч үгүй хууль
санаачлах ёстой гэж бодон өөрийгөө хүчлээд ч болтугай төсөл боловсруулж байна. Тэр
нь ямар ч судалгаа тооцоогүй, гарах үр дүн нь тодорхойгүй. УИХ болон Засгийн газрын
гишүүн л болсон бол ямар ч хамаагүй хуулийн төсөл санаачлах, улмаар батлуулах ёстой
гээд бодчихдог учраас өөрсдийн санаанд орсноороо хаа хамаагүй хандаж байна. Үр дүнд
нь иргэдийн амьдрал, бизнесийн орчинд тээг болсон хууль эрхзүйн орчин бий болдог.
Үүнийг өөрчилж цензуртэй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг өглөө босоод ирэхэд амьдралд
огтоос нийцэхгүй хууль батлуулчихсан байдаг болж.
Аливаа сэтгэлийн хөөрлөө даралгүйгээр
баталсан популист шинжтэй хууль шиг хэрэггүй зүйл ард түмний амьдралд байхгүй. Хэвлэл
мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлд л гэхэд
редакцийн үүсгэн байгуулагч нь нийтлэлийн бодлогод оролцохгүй гээд заачихсан байдаг.
Гэтэл хөрөнгө санхүүгээ гаргаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэсэн хүн
нийтлэлийн бодлогод оролцохгүй байна гэж байх уу. Нэг үгээр хэлбэл, дэлгүүрийн эзэн
ямар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх саналаа хэлж болохгүй гэж байгаатай ижил утгатай.
Бизнес эрхэлж буй хүмүүс иймэрхүү байдалтай төстэй маш олон хуулийн буруу жишээ
ярьдаг. Ялангуяа татварын орчинд хуулийн маш буруу зохицуулалт олон бий. Угаасаа
ганцхан гишүүний үзэмж, оюун бодлоор шүүгдэж буй хууль төдийлөн нийгмийн амьдралтай
нийцэхгүй байна. Тиймээс нэн даруй хууль санаачлах, өргөн барих эрх мэдэлд өөрчлөлт
оруулмаар байгаа юм. Ганц жишээ дурдахад, Францын парламент 577 гишүүнтэй. Хууль
өргөн барих эрх гишүүн бүрт байдаггүй. Нийт гишүүдийн арван хувь буюу 58 гишүүн
нийлж байж хууль өргөн барих эрхтэй болдог. Энэ бол бие даасан, нэр алдарт дуртай
сүгсэлзсэн юмнуудаас сэргийлэх сайн механизм. Яг үүнтэй ижил байдлаар хууль өргөн
барьж буй гишүүдэд цензур тавьдаг байх хэрэгтэй.
Дор хаяж УИХ-ын 15 гишүүн тухайн
хуулийн төсөл дээр нэгдэж, зөв бурууг нь сайтар дэнсэлж байж УИХ-ын даргад өргөн
барьдаг болмоор байгаа юм. Хэрэв энэ тоонд хүрэхгүй бол хууль санаачлах эрхийг хязгаарладаг
болъё. Тэгэхгүй бол ард түмний нүдэнд нэг их сайн хүн болж харагдах гэсэн, маргаашийн
цаад өдрийг харах чадваргүй популист сэтгэлгээний хууль батлагдахыг хэдий болтол
харах вэ.
325 сая төгрөгийн үнэтэй нүх
-ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭДЭЭС 615 НЬ ТҮРЭЭСИЙН СУУЦАНД АМЬДАРЧ, 400 ИРГЭНГЭР ОРОНГҮЙ, ГУДАМЖИНД ГАРЧЭЭ-
2012-2016 он хүртэл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байдаг аж. Өнөөдрийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц бүрэн зогссоныг тогтоожээ. Үүнээс гурав нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй царцаасан гэнэ. Энэ мэт шалтгаанаар төлөвлөсөн ажил удаашралд орсон байна.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч үүнийхээ нэг хувьд ч хүрээгүй гэдгийг аудитын дүгнэлт хэлж байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбож буй. Мөн олон газар тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй аж. Хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч буй бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчээ. Мөн өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл бодит байдалд энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг байгаа аж. Дээрх мөнгийг зарцуулах зүйлд нь зарцуулсан бол 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтойгоос гадна мөн одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломж байсан гэнэ. Харамсалтай нь энэ 104 тэрбум төгрөг ямар ч үргүй зарлагадсан гэсэн тооцоо гараад байгаа юм. Үүнд 34 аж ахуйн нэгж холбогдож байна. Удахгүй энэ компаниудыг олон нийтэд зарлаж, ямар гэрээ, сонгон шалгаруулалтаар дээрх хөрөнгийг авсан гэдгийг нь дэлгэх гэнэ.
Тухайлбал, Мамба дацан хийд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр “Их өргөө” компани өнгөрсөн 2014 оны зургадугаар сард гэрээ хийжээ. Гэрээ ёсоор бол тус компани орон сууцжуулах ажлаа өнгөрсөн 2015 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Нийтдээ гурван тэрбум төгрөгөөр хийх ажил байжээ. Харамсалтай нь тус компанийн хариуцсан газар юу баригдсан, ажлын явц нь ямар байгааг дээрх гэрэл зургаас харж болно. Зүгээр л нэг усан тогтоолоор дүүрсэн ухсан нүх. Ухсан нүх орхисноос тэр хавийг хариуцаж ажиллаж байгаа, мэдэж байгаа хүн биднийг очиход байсангүй.
Газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл
Энэ асуудлыг хариуцсан гэх Гэр хорооллын хөгжлийн газар очиход ерөнхий инженер А.Аранжин угтав. Дээрх Мамба дацан хийд орчмын тухай асуухад “Их өргөө” компанийн эзэд гэх хүмүүстэй холбоо бариагүй, тэд сураггүй болсон. Тус компанийн төслийн ажил зогссонтой холбогдуулан иргэдээс их гомдол ирж байгаа. Иргэд гурван асуудлыг тавьж байна. Төслийн гурван талт гэрээний хугацаа дууссан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ тал дээр нийслэлээс ямар дэмжлэг үзүүлэх, түр оршин суух зардлыг тогтоосон хугацаандаа олгож байх гэсэн шаардлага тавьж байна. Баасан гариг болгон ирж уулздаг болсон. Зөвхөн Мамба дацан хавийн иргэд ч биш үйл ажиллагаа нь зогссон олон газар бий. Тухайн байршлаасаа хамаарч иргэд холбоо, төрийн бус байгууллага байгуулсан. Тэд нэгдсэн холбоо байгуулсан байна лээ. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Их өргөө” компанид уламжилж 20 гаруй шаардлага хүргүүлсэн. Сүүлдээ холбоо барих боломжгүй болсон” гэж хэлэв.
“Их өргөө” компани нь барилгын ажлыг эхлүүлэхдээ урьдчилгаа болгож 325 сая төгрөгийг авсан байдаг юм байна. Ер нь бол нийтдээ гурван тэрбум 689 сая төгрөгийг шугам сүлжээнд зарцуулахаар төлөвлөсөн аж. Хамгийн гол нь 80 орчим айлын газрыг чөлөөлөөд авчихсан гэнэ. Тус газрын иргэд нь хоёр жилийн хугацаанд байр байшин байхгүй, түрээсээр аргацаасан байдалтай байгаа аж. Шугам сүлжээ татагдаад барилга баригдах бүх шаардлага нь хангагдчихсан, зургийнхаа мөнгийг аваад цаашаагаа бүх юмнууд нь төлөвлөгдчихсөн байхад компани нь ажлаа хийгээгүй ийм дүр зураг бууж байгаа юм. Нэг ёсондоо цаад компани иргэд хоёрыг хооронд нь тулгаад шугам сүлжээ барьж өгнө гэж хэлээд ажлаа хаяад явчихсан. Яг үүнтэй холбоотойгоор цаана нь 400 гаруй айл байгаа гэнэ. Эхнээсээ энэ бүхнийг харж тооцоолж болох байсан нэг зүйл нь байрыг хэсэг хэсгээр нь төлөвлөөд хотын ерөнхий төлөвлөлтийг эвдээд энд тэнд компаниудад дахин төлөвлөлтийг зарлаад, тэрэндээ шугам сүлжээ хүргэх нэрээр 104 тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдсан гэх явдал. Нөгөө талдаа хуулийг буруу хэрэгжүүлсэн асуудал ч байгаа гэнэ. Учир нь 325 сая төгрөг бол төрөх эмнэлэг нэгийг барихад хангалттай хүрэх мөнгө. Энэ хэмжээний мөнгийг шууд гэрээ хийгээд өгчээ. Хууль ёсоороо бол тодорхой хэмжээний шалгаруулалт явуулж байж өгөх ёстой аж.
Иргэд бол амьдрах эх үүсвэр болох байртай болохыг зорьж газраа чөлөөлсөн. Тэрнээс биш түрээсийн мөнгө ч юм уу, байранд түр байх нь иргэдийн гол зорилго биш. Зарим компаниудын оффис нь ч нүүгээд олдохоо байсан гэнэ.
Энд тэнд сарзайсан байшин, карказ, нөгөө л нэг ухсан нүх хоёр л байж байдаг. Олон тэрбум төгрөг гарчихсан гэдэг ч очоод үзэхээр ийм байдалтай байна.
БАЙРАНДАА ОРЖ ЧАДААГҮЙ БҮХ АЙЛ ӨГСӨН ГАЗАР ДЭЭРЭЭ БУУХ БҮРЭН ЭРХТЭЙ
Иргэдийн төлөөлөл болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Т.Төмөртогоотой энэ талаар ярилцлаа.
-Та хэзээ анх газраа чөлөөлж өгсөн бэ?
-Манайх газраа өгөөд бүтэн гурван жил, таван сар болж байна. Нэг ч айл энэ хугацаанд байрандаа ороогүй. Түрээсийнх нь мөнгө төгрөгийг яг сар сардаа өгдөггүй. Алдаг оног өгдөг. Эхний жил бөөнд нь өгөөд, дараагийн жил бөөнд нь өгөөгүй. Манайх эхлээд түрээсээ 700 мянгаар тохирсон. Эхний жилдээ 700-гаар өгөөд дараагийн жилдээ 350 мянган төгрөг авч байгаа. Бид хэцүү байна. Энэ хооронд хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдох юм. Нэг айлаас гэхэд л гурван хүн нас барсан. Үүн дээр хүний сэтгэл дутаад байна.
-350 мөнгөн төгрөгийн түрээсийн байр олдож байна уу, ямархуу байр олдох юм?
-350 мянган төгрөгийн байр гэж нийслэлийн хаана ч байхгүй. Нийтийн байранд л орно уу гэхээс өөр арга байхгүй. Хүмүүс хэрүүлтэй, хараалтай мөнгөө олж аваад зарим нь өөрсдөөсөө 150 мянган төгрөг нэмээд 500 мянган төгрөгийн байранд орцгоож байгаа. Ийм байранд орохоор ердөө л нэг өрөө олдоно. Арван хэдүүлээ умгар өрөөнд амьдарч байгаа айл ч бий. Та нар очиж үзэх хэрэгтэй. Түрүүчээсээ түрээсэнд мөнгөө зарцуулаад өмсөх хувцасгүй, унах унаагүй, ээмэг бөгжгүй, юу ч үгүй л болж байна.
-Компанийн захиралтай уулзаж үзсэн үү?
-Тэд чинь бидэнтэй уулздаггүй юм. Анх гэрээ ч хийж байгаагүй, төлөөнийх нь хүнтэй уулзаж гэрээ хийсэн. Компани, иргэн, Гэр хороолол хөгжлийн газар гээд гурвалсан гэрээ хийсэн юм.
-Одоо тэгээд яах юм бэ?
-Одоо бол байрандаа орж чадаагүй бүх айл өгсөн газар дээрээ буух бүрэн эрхтэй. Аргаа ядаад бид холбоо байгуулсан. Хамтарч тэмцэнэ. Өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байгаа. Хэвлэлийн хурал дээр асуудлыг тавина. Хохирсон болон эрх нь зөрчигдсөн бүх айлын төлөөлөл тэнд очно.
-Гэр хороолол хөгжлийн газартаа хандсан уу?
-Хандсан, энэ газар чинь эрх мэдэл байхгүй юм билээ. Яагаад гэвэл энэ компаниудыг торгох эрх байхгүй. Барилгаа барьж чадахгүй байгаа компаниудын эрхийг цуцлах эрх байхгүй. Тэгэхээр гурвалсан гэрээ хийсэн Гэр хорооллын хөгжлийн газар гэдэг нь өөрсдөө байгууллагаа торгодог, иргэдийнхээ эрхийг зөрчөөд байгаа компаниудынхаа эрхийг цуцалдаг. Ядаж торгууль тавих эрхтэй, улсаас өгч байгаа мөнгөнд нь хяналт тавьдаг байх ёстой биз дээ. Тийм эрх мэдэлгүй учраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага хүргүүлж байна. Шинээр томилогдсон С.Батболд даргатай уулзах хүсэлт гаргасан. Ажил нь болдоггүй юм уу, уулзахгүй байна.
Д.Маргад
Ерөнхий сайдын сэнтийд 1930-1933 оны үед заларч байсан Дарьгангын Жигжиджав гэж алдаршсан Цэнгэлтийн Жигжиджавын ач хүү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор Шарын Цогтоотой ярилцлаа. Ц.Жигжиджав хуучнаар Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд мэндэлсэн. Гуч хүртлээ мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газар дайчлагдан улаач, бичээч, бичиг үсгийн багш, хошуу занги зэрэг ажил хийж байсан гэнэ. 1924-1925 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Сангийн яамны дэргэдэх Гаалийн нягтлан бодохын сургуульд орж, данс тооцооны мэргэжил эзэмшжээ. Ирээдүйн Ерөнхий сайд бага насандаа гэрийн багшаар монгол бичиг, сампин заалгасан юм байж. Тэрбээр өөрийн болон төрсөн ахынхаа, бас өрх тусгаарласан хүүгийнхээ мал хөрөнгөөс нийт 80 бод гаргаж, төрийн санд хандивлан, төр засгаа бэхжүүлэх явдал чухал байгааг уриалсан нь архивын баримт болж үлджээ. Ерөнхий сайд мөн Дарьгангын сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа түрийвчнээсээ хүүхэд бүрт нэг төгрөг хүртээж, ном сурахыг ерөөж байсан удаатай. Тэрбээр ном бичсэн хоёр Ерөнхий сайдын нэг. А.Амар Ерөнхий сайд “Монголын товч түүх” ном бичиж байсан бол Цэнгэлтийн Жигжиджав “СССР ба БНМАУ” хэмээх ном бичжээ. Тэрбээр Манжийн сүргийн үлдэгдлийг ядуу ардын өмчид шилжүүлэх тухай Намын төв хороо, Засгийн газрын тогтоол боловсруулан батлуулж, нутгийнхаа иргэдийг мал хөрөнгөтэй болоход хувь нэмрээ оруулж байсан нэгэн.
-Ерөнхий сайд Ц.Жигжиджавын удмынхан яаж шуухан амьдарсан тухай яриач. “Буу алдаж, амиа егүүтгэсэн” гэгдэж өөд болсон Ерөнхий сайдыг хожим нь хэлмэгдүүлж, Лхүмбийн гэх эсэргүүний хэргийн удирдагч болгосон гэдэг. Энэ бүхний дараа хүүхдүүдийнх нь хувь заяа яаж эргэв?
-Ж.Дагва-Осор гээд том хүү нь насаараа мал маллаж, худалдааны ажил хийсэн. Аавыгаа хэлмэгдсэний дараа зургаан жил цэргийн алба хааж, аюул өнгөртөл нутаг нугаасаа дайжсан хүн. Овог, нэрээ ч сольсон. Хоёр хүүхэдтэй. Том нь Сүхбаатар ах, бага нь Буянсүрэн эгч. Дараагийн хүү Ж.Лхамсүрэн РАФАКТ сурч байсан, Сангийн яамны хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн яаманд бас том ажил алба хашиж, их сургуульд багшилж байсан. Аавдаа тохоосон хэргийн үнэн мөнийг олох гэж зүтгэж, шаналж, үүнээсээ болж өвдөж өөд болсон доо. Тэднийх бас тав, зургаан хүүхэдтэй. Дараагийн хүү нь манай аав Шар. Аавыгаа хэлмэгдсэний дараа найман жил цэргийн алба хаасан. 1946 онд гэртээ ирсэн гэдэг. Мөн л нэр, овгоо сольсон. Зургаан хүүхэдтэй хүн.
-Танай аав нэрээ солиод хэн болсон бэ?
-Манай аавыг Шар гэж нэрлэдэг байсныг цэрэгт явахад нь Лхамсүрэн болгосон юм билээ.
-Ахтайгаа адилхан нэртэй гэсэн үг үү?
-Ахыг нь Ханддорж гэж нэрлэдэг байсан юм. Хүн ойлгохын аргагүй ингэж л нэр усыг нь солино шүү дээ. Алж хядчих гээд байвал ямар л арга ухаан байна, тэр бүгдийг л хүн хэрэглэх болно. Сүүлдээ манай нутгийнхан их, бага Лхамсүрэн гэдэг байсан юм.
-Жигжиджав Ерөнхий сайдыг нас барангуут л Лхүмбийн хэрэгт холбогдуулсан шиг байсан?
-Гурван сарын дараа.
-Тэр хооронд л хөвгүүдээ цэрэгт явуулж хамгаалсан байх нь ээ?
-Ээжийнх нь шийдвэр. Манай эмээ айхавтар хүн байсан. Нутгийн ах дүү нар тусална. Хамаатан садан, найз нөхдийг нь нэг нэгээр нь аваачиж алаад байхаар хөвгүүдээ насанд хүрэнгүүт нь санд мэнд овог, нэрийг нь солиод цэрэгт явуулаа биз дээ.
-Хөрөнгийг нь хураасан гэсэн үү?
-Хүүхдүүд нь цэргээс ирэхэд юу ч үгүй болсон байж. Манай аав цэргээс ирээд Замын-Үүд рүү цэрэгт байсан газар руугаа гурван хөтөлгөө морьтой явж наймаа хийгээд, долоон тэмээтэй ирсэн гэдэг. Нүүж чаддаг байж малаа өсгөнө шүү дээ.
-Таны аав Шар гуай хүүхдүүддээ бага насныхаа тухай ярьдаг байсан уу?
-Юу гэж ярих вэ дээ. Аавыгаа их эрдэм номтой хүн байсан л гэж хэлдэг. Морь чөдөрлөж байхдаа номын хуудас хийсэхээр чулуугаар дарчихаад, номоо хардаг байсан гэж ярьдаг сан.
-Эхнэр нь хэр урт насалсан бэ?
-Манай эмээ ная гарсан. Тэр үеийн бүх хүний амыг үдчихсэн юм чинь бас л юм ярьдаггүй хүн байлаа.
-Ц.Жигжиджаваас үлдсэн зарим дурсгалыг орон нутгийн музейд өгсөн гэж уншиж байсан. Ер нь танд энэ хүний дурсгал өвлөгдөж ирсэн үү?
-Энэ хүнээс үлдсэн зүйлс манай ах дүү нараар тарсан байдаг. Надад хэт цахиур, мөнгөн аяга нь байдаг. Бас өвөг эцгийн маань Доржзодов судар, бурхан тахил эмээгийн дараа манай ээжид дамжаад, одоо манайд бий. Өвөг эцгийг маань сугандаа мөнгөн бурхан зүүж явдаг байсныг нутгийн хүмүүс ярьдаг юм.
-Танай аав сүүлд мэргэжил эзэмшсэн үү?
– Эцгийг нь алаад, эхийг нь хэдэн хүүхэдтэй нь хар нутаг дээр хаячихаар ямар юмных нь боловсрол эзэмших вэ. Малаа л хариулна шүү дээ.
-Аав тань хоёр дайнд оролцсон гэлүү?
-Манай аав ахмад дайчин хүн. Хоёр дайнд хоёуланд нь оролцсон. 1945 оны чөлөөлөх дайнд мордохдоо өөрийнхөө адуунаас алаг морь унаж явжээ. Урт зам туулахдаа мориныхоо эмээл, хазаарыг авч, амрааж л явсан байлгүй. Гэсэн ч Жэхэд очоод, эмээлээ автал мориных нь нурууны арьс эмээлтэй нь хуураад ирж гэнэ. Хөөрхий морио өрөвдөөд, нуруунд нь шороо үрж, хазаарыг нь мултлаад тавьсан гэдэг. Аав цэргээс ирээд хоёр жилийн дараа нэг өглөө адуун дээрээ очтол алаг морь нь сүрэгтээ ирчихсэн, нуруунд нь цагаан үс ургачихсан байсан гэдэг. Аавынх тэр үед Хужиртын Ар булаг гэдэг газар нутаглаж байсан. Жэхэд хазаарыг нь мултлаад тавьсан морь шүү дээ. Тэр өндөр уул хад, гол мөрөнг яаж гэтэлсэн юм. Чоно нохойг яаж давсан юм. Ямар ч байсан алаг морь нь адуундаа иржээ. Тэгээд “Жэхэ алаг” гэдэг шүлгийг Ц.Ганхуяг гэдэг хүн зохиосон түүхтэй. Энэ хүний аав нь манай аавынхтай айл хөрш байсан юм л даа.
-Ерөнхий сайдын эхнэр хүүхэд нь нутагтаа малаа маллаж байсан гэдэг. Уг нь гэргий нь хот орох гээд бэлтгэл хийж байснаа гэнэт больсон гэдэг юм билээ?
-Гайгүй өнгөтэй дээл хувцсаа өмсөөд, юу юугүй явахаар бэлтгэж байснаа эмээ маань гэнэт явахаа болиод дээлээ авдартаа хийчихсэн гэдэг. Өвөг эцэг маань нутгаараа хоёр долоо хоног машинтай явсан шиг байгаа юм. Машин нь эвдрэхээр нутгийн дарханд “Ийм юм хэрэгтэй байна” гэсэн чинь түүнийг нь зороод машиныг нь хөдөлгөсөн гэдэг. Модоор зорсон байлгүй дээ гэж хүмүүс хэлдэг юм. Дарьгангынхан бол төмөр хайлуулж байгаад л зорсон байх.
-Ерөнхий сайдын гэргийг хэн гэдэг байсан бол, тэр үед хүүхдүүд нь хэр том болсон байв?
-Төгсжаргал гэдэг байсан. Том нь 17-той, манай аав 11-тэй байсан гэсэн.
-Бусад хүүхдүүд нь яав?
-Манай Должин эгч нэг хүү төрүүлсэн. Манай ургийн бичээс Сүхбаатар ахын том хүү Энхжаргалд байдаг юм.
-Энэ хүний ураг удмынхан их дэлгэрчээ?
-Ач гуч олонтой. Дарга, цэрэг, ажилчин, малчин зөндөө хүн бий. Сүхбаатар аймгийн Халзан суманд бараг нэг баг айл байгаа. Ах дүүсийнх нь хүүхдүүд дунд алдарт уяач, мянгат малчин ч бий.
-Та 1990 онд нутагтаа нэр дэвшсэн гэл үү?
-Сонгуульд үзэж байсан. 1990 онд МоАХ-ны нэр дээр АИХ-ын депутатад нэр дэвшиж байсан. МоАХ-ын нэр дээр 1990 онд нэр дэвшинэ гэдэг миний хувьд эр зоригийн хэрэг байсан шүү.
-Та Ерөнхий сайдын гэр бүлээс төрсөн ганц улстөрч нь үү?
-Үгүй ээ. Манай Д.Сүхбаатар ах насаараа Үйлдвэрчний төв зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга хийсэн хүн. Ц.Жигжиджавын төрсөн ахын хүүхэд нь генерал Ш.Дорж агсан шүү дээ. Би юу гэж ганцаараа байх билээ. ШУА-ийн толгойд академич Д.Цэрэнсодном гээд зээ дүү нь байна шүү дээ. Гавьяат багш Н.Оюунханд гэж миний үеэл байна. Манайхан дунд багш, хуульч, эмч нар олон. Сүхбаатар ахын хүү Энхжаргал гадаадын том төслүүдийг хэрэгжүүлдэг том сургуулийн захирал, компьютерийн удирдлагын анхны том мэргэжилтнүүдийн нэг. Миний дүү Цогтбаатар Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байна. НҮБ-д Монголоо төлөөлж байсан О.Оч бол Ерөнхий сайд Ц.Жигжиджавын үр удмын нэг. Энэ мэтээр энэ хүний удам судрынхныг тоолоод барахгүй.
-Ерөнхий сайд Ц.Жигжиджавтай хамт амьдарч байсан бүсгүй хүүхэдтэй үлдсэн гэдэг. Энэ хүмүүстэй танайхан ямар харилцаатай байсан бол?
-Бид маш элгэмсэг харилцаатай байдаг. Уулздаг, хамт хоол иддэг. Зуун жилийн дараа сонин юм яриад явж болохгүй ш дээ. Түүх юм даа. Тэр үеийн удирдагчид дотор эмэгтэй хүнтэй холбогдоогүй гэвэл А.Амар сайдаас өөр хүн дуулаагүй юм байна.
-Таныг удаан хугацаагаар шүүхээр зарга хийж явсныг мэднэ. Яггүй заргач гэж хэлж болох байх?
-Хууль завхруулагчдын эсрэг нэг удаа шүүхэд гомдол мэдүүлээд, долоо, найман жил шударга үнэний төлөө явсан. Тэрнийг заргач гэх юм уу, мэдэхгүй.
-Таныг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж, шүүхийн шийдвэр есөн удаа таны талд гарсан гэдэг бил үү?
-Тэрний үр дүнд элэггүй болсон. Хууль завхруулагчид, дээрэмчид, тонуулчид, луйварчидтай тэмцэхэд хүн ингэж л хохирдог.
-Тухайн үед таны хүүг элэгнээсээ аавдаа өгсөн гэж сонссон?
-Тэгсээн тэгсэн. Аргагүй сайн хүү дээ. Одоо бие нь сайн байгаа. Миний хүү мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэгдсэн сайн мэргэжилтний нэг юм шүү дээ.
-Та Үндсэн хуулийн Цэцийн гишүүн. Хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн очдог алба болов уу?
-Ямар ч байсан хуульч мэргэжилтэй хүмүүсийн хүрч очих оргил нь мөн.
-Та хуульч хүний хувьд санаа тавьж анхаарч судалж байдаг асуудал бий юу?
-Үндсэн хуулиа л мөрдөх ёстой. Үндсэн хуульд нийцэж гарсан 555 хууль, 180 гаруй олон улсын гэрээ үйлчилж байгаа. Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байгаа хүмүүс ийм олон юмны рамыг ганхуулна гэсэн үг. Дэлхийн практикийг харахад Үндсэн хуульд нэмэлт л ордог, өөрчлөлт бараг хийдэггүй. Миний багш профессор Б.Чимэдийн “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн долоон өөрчлөлт бол тэр чигээрээ өнөөдрийн засаг төр ухаанаа олохгүй байгаагийн үндэс болсон. Сайд дарга нар улам их эрх мэдэлтэй болох гэж л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаархдаг. Тэр нь бүтдэггүй. Улс орон хөгжихөд Үндсэн хууль саад болоогүй. Үндсэн хууль бол хөгжлийн хөтөлбөр биш шүү дээ.
-Алдартай хүний үр удам байх сайхан мөртлөө амаргүй гэж та хэлсэн?
-Тэр нэр төрийг авч явах хэцүү. Надад байгаа энэ зовлон өнөөдрийн төр, засгийн удирдлагад байгаа бүх хүний хүүхдэд хамаатай.
-Та Ц.Жигжиджавын тухай ном гаргахыг хүсдэг үү. Ерөнхий сайд Ц.Жигжиджав сангийн зүгээс юунд анхаарлаа хандуулах бол?
-Би амьтны атаа жөтөө хүргэсэн юманд дургүй. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын Баруун-Уртад сүндэрлэсэн хөшөөг л шинэчилж гоё болгох юмсан гэж боддог. Миний өвөг эцэг Монгол Улсыг шинэчлэх шинэ улс болгох анхны Үндсэн хуулийг батлалцсан төрийн зүтгэлтэн хүн. Өвөг эцэг маань анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан бол Ардчилсан Үндсэн хуулийг ач хүү нь түшилцэж яваагаараа бахархдаг.
Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг нь дэлхийд ганц бид л байх гэсэн бодол сэтгэлд хорогдоод болдоггүй ээ. Дөнгөж саяхан намрын дунд сарын 17 болж өнгөрлөө. Энэ өдөр хуримаа хийж аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавьсан хос олон байсныг дурдах нь илүүц биз. Аавынхаа голомтоос галаа тасалж, аз жаргалаа өөрөө олж байгаа залуусыг харахаар сэтгэл огшоод сайхан байлаа. Хуримынхаа өглөө хэн л муу санаж гараа аж.
Дүүгийн минь амьдрал эхэлж байгаа өдөр болохоор бид л гэхэд бултаараа аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн энэ өдрийг угтсан. Гэтэл хамаг байдгаараа гоёж чимэглэсэн хуримын машиныг харсан хүмүүс яасан гээ. Бүгд л битүүхэндээ нулимаастай. Хажуу айлын үргэлж инээж явдаг эгч хүртэл нэг л ёозгүй, аз жаргалыг нь авчих вий гэж битүүхэндээ зовоостой. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хуримын гоё өглөөд тийм ч дургүй нэгэн байж гэдгээ энэ өдөр ухаарсан. Аз жаргалаа бусдад булаалгахгүй гэсэн шиг нэг л хүйтэн харцаар хуримын машин руу хардаг байснаа ухаараад сэтгэл зовох шиг болсноо нуух юун. Яг над шиг ийм мэдрэмжинд эзлүүлсэн хүн саяхны өглөө олон байсан байх.
Монголчууд их сонин улс. Хурим хийж яваа улстай таарахаараа аз жаргалыг нь булаачихлаа гэж сэжиглэдэг, үүгээрээ дэлхийд хаана ч байхгүй сэтгэлгээтэй ард түмэн. Намрын дунд сарын 17 саяхан болж өнгөрөхөд энэ хандлагыг илүү тод анзаарлаа. Гэтэл дэлхийд яадаг билээ. Хуримын өдөр хүн бүр л аз жаргалаар бялхаж, хуримаа хийж, амьдралаа эхлүүлж байгаа залуу хосод хамаг сайхныг хүсч, хуримтай өдрийн сайхныг бие, сэтгэлээрээ мэдэрцгээдэг. Хуримтай кинонуудаас гутарсан дүрийг лав хэн ч олж харахгүй.
Магадгүй тэр өдрийн сайхан нь залуу хосын амьдралыг эгнэгт холбодог ч байж мэднэ. Хурим тийм сайхны дунд болж өнгөрдөг. Дүүгийн минь хурим яг л ийм мэдрэмж төрүүлсэн. Ийм их аз жаргал дунд халгиж явахад хажуугаар нь зөрөх төдийд нулимаад байхаар хэнд л олигтой санагдах билээ. Жирийн өдрүүдэд дадсан зуршлаараа нулимдаггүй юмаа гэхэд холуурхан өнгөрөх байсан хуримын машины дэргэдүүр одоо л лав би муухай харж өнгөрөхгүй. Тийм их аз жаргал яагаад надад мууг авчирна гэж. Харин ч аз жаргалыг авчрах бус уу.
Хурим таарахаар сэжиглэдэг монголчуудын сонин араншин хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд бүр ч хурц илэрдэг. Хуримын машинтай таарахаараа аз жаргалаа булаалгалаа гэж нулимдаг монголчууд хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэж байгаатай таарахаараа “буян нь ирэх нь” гэж ихэд бэлгэшээдэг. Хөдлөнгийн хүнд бол их л сонин характер. “Ашгүй энэ хүн үхэж, буян нь надад ирлээ” гэж битүүхэндээ хөөрцөглөж байгаа ч юм шиг. Хуримын машин таарахаар аз жаргалаа булаалгана гэж сандарсан нөхөр, хэн нэгнийг эцсийн замд үдэх ёслолтой таарангуутаа бэлгэшээж баярлалаа гэвэл хэн сайхнаар хүлээж авахав.
Уг нь дэлхийн ард түмэн хаана ч байхгүй ёс заншлаараа баярлаж, бахархдаг. Тэр ёс зүйгээр бол бид энэ хачин хандлагаараа бахархаж хөөрцөглөмөөр. Хаана ч байхгүй ёс гээд бахархаж хөөрцөглөх учир шалтгаан харамсалтай нь алга. Япончууд нэгэн цагт нас дээр гарсан өтгөс буурлаа өндөр ууланд аваачиж орхидог байсан түүхийг хүн төрөлхтөн өнөө ч ам дамжуулан ярьцгаадаг. Гэхдээ бахархаж биш гуниглан ярьцгаадаг.
Монголчууд хуримыг үзэн ядаж, оршуулгыг хүндэтгэн үздэг жигтэй ард түмэн, биднээс бусад үндэстэн огтоосооо тэгдэггүй гэж бахархан ярих нь хаашаа юм. Хэтээсээ омогшихоор зүйл ч биш. Монголчуудын натур нь тийм. Энэ натураасаа салахгүй, байгалийнхаа инстинкээс холдож чадахгүй байж хөгжиж дэвжинэ, тун удахгүй диваажин байгуулна гэж яриад нэмэргүй л дээ. Энэ хандлагаасаа салаагүй цагт хөгжил, өөдрөг ирээдүйн тухай үлгэр шиг зүйл яриад хэтээсээ гавьтай зүйлд хүрэхгүй.
09.00 цагт НМХГ-т “Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд “Нүүдлийн соёл, аялал жуулчлал” онол практикийн бага хурал болно.
09.30 цагт “Чингис” зочид буудалд Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болно.
10.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Оросын бизнес уулзалт болно.
10.00 цагт ТЕГ-ын 7 давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно.
10.00 цагт Төмөр замын Соёлын ордонд Өмгөөлөгчдийн хорооны их хурал болно.
10.30 цагт МЗХ-нд “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдод МЗХ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдээр мэргэжлийн бус хүмүүсийг томилон талаар Монголын төмөр замчдын үйлдэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.
12.00 цагт Үндэсний түүхийн музейд Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд тус сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00 цагт ГХЯ-нд гамшгийн эрсдлийг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилго бүхий “Түншлэл” олон улсын уулзалтын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Засгийн газраас 10 дугаар сарын 15-ныг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тунхагласантай холбогдуулан “HR Club”-ээс мэдээлэл хийнэ.
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Сүхбаатар дүүрэг:
10:30-17:30 цагт: 15, 17-р хороо Дээд Салхитын 1, 10, 11, 14, 37, Дамбадаржаагийн 7, 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Доод Салхитын 3, Д/Д Эмнэлгийн 1-р гудамж, 155, 159, 175-р цэцэрлэг, 117-р сургууль, Ундрах-ирээдүй ББН, Дега Монгол ХХК,
Чингэлтэй дүүрэг:
10:30-17:30 цагт: 19-р хороо Ар согоот, Банкны зуслан,
Сонгинхайрхан дүүрэг:
11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор,
Налайх дүүрэг:
09:30-18:00 цагт: Нарны орон, Морьтон Шанкур, Шилийн булаг, Илд бамбай сервис, Бамбай ХХК-ууд, иргэн Александр, Жадамба болон эдгээрийн ойр орчмоор
10:00-18:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба болон ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Ирэх аравдугаар сарын 19-ний Лхагва гаригт Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдана. Сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн хугацаа дууссан бөгөөд өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардана. Энэ сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний Бямба гаригт эхэлж, аравдугаар сарын 17-ны Даваа гаригт дуусна.
Хан-Уул дүүрэгт байрлах “ДЦС 3”-ын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Ингэснээр Гурвалжингийн гүүр уруудаад /ДЦС 3 тал руугаа/дулааны шугамын хажуугаар Дөрвөн замын уулзвартай болгож гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлага зэргийг шийдэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж өгчээ.
Уг замыг “Гудамж” төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан бол зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК, бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэ зам” ХХК гүйцэтгэжээ. 2013 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж 33 бүтээн байгуулалтыг хийсэн билээ.
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Нэгдүгээр нүүрнээс Архангай аймгийн Цахир сумын хоёр ламын занданшуулсан шарилын тухай сурвалжилсан сурвалжлага болон УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар унших боломжтой.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Э.Бат-Үүлийн “Миний эсрэг “Их эвсэл” бий болжээ” нийтлэл мөн хуульч Р.Очирбалтай хийсэн ярилцлагыг уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Дэлхийд 200 доллар давчихсан нүүрсээ хорь гаруйхан ногооноор зарж суугаагийн цаад учир юу вэ” нийтлэл хэвлэгджээ.
Улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд он гарсаар Ерөнхийлөгчийн зарлигаар одон медалиар шагнуулсан долоон хүн ял эдэлж байгаа тухай судалгаан дээр тулгуурласан сонирхолтой нийтлэлийг унших боломжтой юм.
Саяхан Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэвтэй хийсэн ярилцлагыг 12 дыугаар нүүрнэээс сонирхон хараарай.
Түүнчлэн “Америкийн монголчууд”, “Эмч” буланг уншиж сонирхохоос гадна болон дэлхийн улс оронд болсон онцлох сонин үйл явдлуудыг цаг алдалгүй уншиж мэдэх боломжтой.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ