Categories
мэдээ спорт

Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн болно

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Рио-2016 олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн аравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд болно.

Тэмцээнд 1998 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн тамирчид дараах жингийн ангилалд өрсөлдөх боломжтой.

Хөвгүүд:

-27кг, -30кг, -34кг, -38кг, -42кг, -46кг, -50кг, -55кг, -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, +90кг

Охид:

-32кг, -36кг, -40кг, -44кг, -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг

Categories
мэдээ улс-төр

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг хийв.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, багш нар, СЕХ-ны мэргэжилтнүүд, төрийн зарим байгууллагын ажилтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн, энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүсээр хэлэлцүүлэх нь зүйтэй юм гэж үзээд та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийг 2016 оны 2 дугаар сард байгуулж ажиллуулсан. Швейцарийн талаас ирүүлсэн санал дээр мөн ажлын хэсгийнхэн ажилласан” гэлээ.Хуулийн төслийн үзэл баримтлал, төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүн хуульч А.Алтанзул, Х.Номингэрэл нар хийж, хуулийн төслийн талаарх Үндсэн хуулийн судлаачдын хууль зүйн дүгнэлтийг доктор Ч.Энхбаатар танилцуулсан юм.

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хууль нь иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох улс төрийн эрхийг иргэдийн санаачлагаар хэрэгжүүлэх үндэслэл, иргэд хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлах, ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах зарчим, журам, санал асуулгаар шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлох, санал асуулгыг бэлтгэх, зохион байгуулж явуулах, санал асуулгын үр дүнг хэлбэржүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах зэрэг зорилтыг агуулсан байна.

Хуулиар иргэдийн санаачлагаар УИХ-ын чуулганаар болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, эсвэл ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах, санал асуулгын дүнг шийдвэрлэгдсэнд тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ.

УИХ-ын чуулганаар болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх саналыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх аж. Ард нийтийн санал асуулгыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх бол орон нутгийн санал асуулгыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугч тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрдэж, Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх бодитой хэрэгжинэ хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Энхболдод “Тэргүүний залуу” цол тэмдэг гардууллаа

МЗХ-ноос загвар өмсөгч Э.Энхболдод “Тэргүүний залуу” цол тэмдэг гардууллаа. Тэрбээр энэ сарын 8-12-ны хооронд Хонконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилтыг үнэлэн МЗХ өнөөдөр ийнхүү шагналаа.

Шагнал гардуулах үеэр МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү Монголын шинэ үеийн залуусын нүүр царай болж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасанд баяр хүргэв.

Дашрамд дуулгахад загвар өмсөгч Э.Энхболд энэ сарын 14-нд болох “Залуу хүн”-2016 цуврал лекцийн хоёр дахь зочноор уригджээ.

Categories
мэдээ спорт

Волейбол: Залуучуудын УАШТ эхэллээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

“Гоё кап” нэрийн дор үргэлжлэх тэмцээнд нийслэл болон орон нутгийн 21 баг /эрэгтэй 12, эмэгтэй 9/ оролцож байна.

Тухайлбал, “Хасу мегаватт”, “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хилчин” клубууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, ерөнхий боловсролын 21-р дунд сургууль, орон нутгаас Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Өвөрхангай, Өмнөговь аймгийн залуу волейболчид иржээ.

Монголын волейболын холбоо нь энэ насны ангиллын тэмцээнийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Анх 2001 онд Уул уурхайн салбарын нэрэмжит болгон явуулж эхэлсэн бол 2013 оноос “Витафит” групп дэмжин ажиллах болсон.

Волейболын “Гоё кап” аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Долоон настай хүүг захиалгаар хөнөөжээ

Дорнод аймгийн Хэрлэн
сумын цагдаагийн хэлтэст энэ сарын 06-ний өдрийн 16.34 цагт долоон настай Т
тогонд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар
сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн хүү нэг өдрийн дараа буюу энэ сарын 07-ны өдөр нас
барсан байна. Цагдаагийнхан хүүг гадны нөлөөтэйгээр амиа алдлаа гэж үзэн мөрдөн
байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Хэргийн мөрөөр явахад 1998 онд төрсөн Б гэгч
нь 1992 онд төрсөн С гэгчийн захиалгаар талийгаач хүүгийн аминд хүрсэн нь
тогтоогдон, баривчлагдсан байна. Мөн мөрдөн байцаалтын явцад 1992 онд төрсөн С
гэгч талийгаач хүүгийн аав Ц-тэй нууц амрагийн холбоотой бөгөөд түүнтэй гэр бүл
болохоор хүүгийнх нь амийг бусдад захиалга өгч хөнөөсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Чимгээ: Гэрэл зураг авахад өөрийнхөө өнцгөөс харах мэдрэмжтэй байх нь чухал

“Өнөөдөр” сонины 20 жилийн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын Бид “Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид үзэсгэлэн өнөөдөр “Үндэсний түүхийн музейд” нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд 1996 оноос авахуулаад одоог хүртэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 14 гэрэл зурагчины бүтээл дэлгэгджээ.

Ингээд “Өнөөдөр” сонинд 13 жил ажиллаж байгаа ахмад гэрэл зурагчин Т.Чимгээтэй ярилцлаа.

-Та хэзээнээс зураг авч эхэлсэн бэ?

-1982 онд Нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн гэрэл зургийг ангийг хоёр жил сурч төгсөж байсан. Ахуй үйлчилгээндээ 12 жил ажиллаад 1996 онд “Өнөөдөр” сонинд орсноос хойш өдий хүртэл ажиллаж байна. Бидэнд тэр үед хөрөг зураг яаж авах вэ, хөдөлгөөнтэй зураг яаж авах вэ гэх зэрэг бүгдийг заадаг байсан.

-Таны үеийн болоод орчин үеийн зурагчид хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

Ялгаа байлгүй яахав. Маш их ялгаа бий. Анх бид хальсаар зураг авдаг байсан. Өдөр тутмын сонины зургуудыг цаасан дээр буулгадаг байлаа. Одоо бол техник технологи маш өндөр түвшинд хөгжөөд байна шүү дээ. Бүх юм компьютержсэн үед амьдарч байгаа болохоор зургийг яаж л бол яаж янзалж байна. Дээр үед чинь бид эхлээд зургаа авна, дараа нь хальсаа угаана. Тэгээд цаасан дээр буулгаад сониндоо өгнө. Маш их ажиллагаа шаарддаг байлаа. Одоо бол ёстой амар. Ямар ч зургийг аваад шууд гаргадаг болохоор цаг хугацааг маш сайн хэмнэдэг болсон шүү дээ.

-Сонины гэрэл зургийн онцлог нь юу вэ?

-Үйл явдлыг гэрэл зурагтаа бодитоор нь буулгах нь гол шүү дээ. Сэтгүүлчид бичиж хүргэдэг бол бид гэрэл зургаар шууд хүргэх ёстой байдаг. Хамгийн гол нь тэрхүү болсон үйл явдал гэрэл зургаас харахад шууд ойлгогдож байхаар л авах хэрэгтэй.

-Сонины гэрэл зурагчин заавал мэргэжлийн байх шаардлагатай юу?

-Одоогийн хүүхдүүд чинь бүгд л мэргэжлийн бус шүү дээ. Гэхдээ гэрэл зурагчин хүнд заавал мэдрэмж хэрэгтэй. Ямар ч зүйл дээр өөрийнхөө өнцгөөс хардаг мэдрэмжтэй байх нь чухал. Мэдрэмжгүй хүн тэр үйл явдлыг хэзээ ч гэрэл зургаар баталж чадахгүй.

-Залуу зурагчиддаа хандан юу гэж хэлэх вэ?

-Юу хэлэх вэ дээ, эд чинь биднээс илүү зураг авч байна шүү дээ. Энэ нь техник тоног төхөөрөмжиндөө байна. Гэхдээ гэрэл зургийг цаасаар авдаг байсан үед хамаагүй чанартай байсан. Яагаад гэвэл бүх юм нь механик ажиллагаа шаарддаг. Бүх юмаа өөрөө тохируулдаг учраас тэр. Одоо бол бүх юм автомат болсон учир зүгээр л аппаратаа шагайгаад л дардаг болсон.

-Өнөөдөр сонины 20 жилийн ойн босгон дээр хамт олныхоо талаар ярьж өгөөч?

-“Өнөөдөр сонин”-доо 13 жил ажиллажээ. Гэрэл зургийг ийм мундаг болгосон хүн нь бол Ц.Балдорж эрхлэгч шүү дээ. Биднийг өглөө болгон хувцаслаж гаргана. Болж байгаа үйл явдлуудыг их ярьж өгч “Би өөрөө харж байна даа, та нар авч ирж чадах уу” гэхчлэн их хурцалж өгдөг хүн байсан даа.

Ингээд зарим зургаа тайлбарлав. Жишээ нь: Хилари Клинтоны зургийг 2012 онд Монголд ирэхэд нь авчээ. Мөн хажууд нь байгаа хөгшин ламын зургийг Далай лам ирэхэд авч байжээ. Лувсаншарав гуайн зургийг Урчуудын эвлэл дээр нэг үзэсгэлэн гарахад авчээ. Мөн Бан Ги Мүний зургийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоогүй, болох гээд Азийн орнуудаар явж байхдаа Монголд ирэхэд нь авсан байна.

Мөн дөнгө шиг лоозонгуудыг хүзүүндээ нэвсийтэл өлгөсөн эмэгтэйн зургийг одоогоос 4, 5 жилийн өмнө талбай дээр болсон жагсаалын үеэр дарсан. Тэр үед нэлээн хүйтэн байсан санагдаж байна. Мэдээж хөөрхий арга нь барагдаад л өөрийгөө дөнгөлсөн байлгүй дээ хэмээн зурагнуудаа тайлбарлалаа.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төмөр замын даргын томилгоонд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг хүсчээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргыг сонгох хурал өнөөдөр Москва хотноо болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийж, Ерөнхий сайдад захидлаар болон албан бичгээр хандаж буйгаа мэдэгдлээ.

Төмөр замын ТУЗ гэж хэлж болох УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг хэдхэн хоногийн өмнө шинэчлээд байгаа. Хувь нийлүүлэгчдийн хурлаас Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилсон билээ.

Харин Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонынхон дээрх томилгоонд сэтгэл дундуур байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тиймээс Ерөнхий сайдад албан бичгээр хандан уг томилгоог Оросын талтай зөвшилцөн эргэн харах боломж байгаа эсэхийг лавлажээ. Тэд Ерөнхий хорооны гишүүдийг төмөр замын ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзэж байгаа аж. Ингээд зогсохгүй өнөөдөр Москва хотноо шийдэгдэх Төмөр замын даргын асуудалд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нараас хүсч буйгаа мэдэгдлээ.

УБТЗ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дуулдах болсон. Эдэн дунд мэргэжлийн төмөр замчин нэг ч байхгүй бүгд улстөрч, тэдний гар хөл болсон хүмүүс гэдгийг ҮЭХ-ныхон онцолж байв. Ялангуяа УИХ-ын гишүүн асан Д.Загджав төмөр замын даргыг томилох асуудлыг хэлэлцэх багт багтаж ОХУ-рүү ниссэн нь УБТЗ-ын даргын томилгоо улс төртэй хутгалдаж буй тод жишээ гэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн авлига нэмэгдсэн судалгаа гарчээ

авлига зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш VIII удаагаа зохион байгуулаад байна. Энэ удаа “Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 онысудалгаа”-ны тайланг гаргажээ. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна. Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурчирсэн боловч 2015 онд энэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт аж. “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг. Тэд өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг онцолжээ. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгаснаар судлагааг хийсэн байна. Энэ судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо ч онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд 2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа www.Ulaanbaatar.mn болон www.child.gov.mn цахим хаягаар иргэд олон нийтэд мэдээлэх юм байна.

Тус газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын нэгний байдлаар 2596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж 246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26 109 хүүхэд байгаагаас 5913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хүүхэд харах үйлчилгээг 100 хувь хэрэгжүүлэхэд 1182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн хугацаанд 1005 хүүхэд харагч сургалтаар бэлтгэгддэж 531 хүүхэд харагч 202 хүүхэд харах байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.


Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгийн хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц. Сандуй зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин, Төв аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж олон салбарт хамтран ажиллах боломжтой болсныг дурьдаад Улаанбаатар хоттой хамтын ажиллагаа тогтоож, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуучлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтойг хэллээ. Мөн тус мужийн төв Гуанжоу хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоохыг хүслээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Гуанжу хоттой аялал жуучлал, бүтээн байгуулалт, соёлын салбарт хамтран ажиллах боломж байгааг дуулгаад бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор харилцан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.