Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш түүхэн дээд цэгтээ хүрлээ

Долларын ханш түүхэн дээд цэгтээ хүрлээ зурган илэрцүүдМонголбанкнаас зарласнаар долларын ханш 2272 төгрөг, 82 мөнгөтэй тэнцлээ. Харин ажилжааны банкууд ам.долларыг 2268 төгрөгөөр авч, 2280-2283 төгрөгөөр зарж байна. Өнөөдрийн байдлаар валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2270 төгрөгөөр зарж, 2282 төгрөгөөр борлуулж байна.

Өнгөрсөн сард долларын ханш 2265 төгрөг 28 төгрөгтэй тэнцэж түүхэн дээд цэгт хүрч байсан бол одоогийн ханш энэ үзүүлэлтийг илт давжээ. Долларын ханш чангарч байгаа энэ үед хяналт, зохицуулалт дутмаг байгааг эдийн засагчид шүүмжилж байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Тайваньд хуй салхи дэгдэж 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Тайваньд гурав дахь удаагаа хуй салхи дэгдэж, дөрвөн хүн амь үрэгдэж, зуун зуун хүмүүс шархадсан байна. Хуй салхи салхилснаас мод хугарч, цахилгаан тасарсан байна. Ихэнх сургууль болон албан газруудын үйл ажиллагааг зогсоосон байна. Онцгой байдлын албанаас Мягмар гаригт /2016.09.27/мэдээлснээр хамгийн багадаа 329 хүн бэртэж, 14,000 иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна.

Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар гурван сая хүн тог цахилгаангүй болсноос гадны 72000 хүн ундны усгүй болоход хүрчээ.


Categories
мэдээ улс-төр

Шадар сайд АНУ-ын элчинг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын
Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа
улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж
байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Ялангуяа батлан хамгаалах салбар, түүний
дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг
онцолж, “Говийн чоно” олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж
ирснийг тэмдэглэв.

Монгол Улс нь АНУ зэрэг гуравдагч хөршийн
эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой, энэ чиглэлээр АНУ-ын талтай
идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээ
байгуулахад Монголын тал ач холбогдол өгч байгаа гэв.

Энх тайвны корпусын сайн дурынхан Монгол
Улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн
хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг булан бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол
болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлэв.

Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс,
өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон
төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд санал болгов гэж Засгийн газрын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу. Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам 2012 онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, 35 хувийн саналыг авсан шүү дээ. Идэвхгүй, өөрийгөө юунаас ч худалдахаас сийхгүй нөхдүүд нийгмийн 20 орчим хувийг эзэлж байна. Тийм хүмүүсийг өнгөрсөн хорин жилийн хугацаанд бий болгожээ. Тэр нөхдүүд нөгөө талд саналаа өгснөөр сонгуулийн дүн ингэж гарсан. Мэдээж сонгуулийн тогтолцоо нөлөө үзүүлсэн. Сонгуулийн мажоритар тогтолцоо яах аргагүй нэг талыг олонхи болгодог. Мажоритар тогтолцооны ид шид гарлаа л даа.

-Мажоритар тогтолцоог танай нам олонхи байхдаа батлуулсан.

-Бүх зүйл хоёр талтай. Өнгөрсөн дөрвөн жилд дандаа л хамтарсан засаг байгуулагдаж ажиллалаа. Хамтарсан засаг байгуулагдсаны сул талыг бид бүгд харлаа. Зоригтой шийдвэр гаргадаггүй, засаг нь хэврэг. Харин энэ сонгуулиар нэг нь олонхи болж бодлогоо хэрэгжүүлэх боломжийг олголоо.

-Тээг садаагүй тууштай ажиллах боломжийг яах аргагүй олгосон.

-Тууштай гэж хэлмээргүй байна. Боломжийг л олгосон. Харж л байя.

-Сонгогчдын 20 орчим хувь нь өөрсдийгөө юунаас ч худалдахаас сийхгүй байсан гэж ярилаа. МАН сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үү?

-Монголын улс төрд гаднаас интервенц хийсэн нь энэ сонгуулийн бас нэг онцлог байлаа. Маш их хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн. Түүх уншиж байхад илэрдэггүй юм гэж байдаггүй юм билээ. Тэгэхээр тавь, зуун жилийн дараа үнэн илэрч, учир тайлагдах биз дээ. Ер нь их л муу жишиг тогтоолоо. 1911 онд хувьсгалаа хийчихээд монголчууд хоорондоо муудалцаж нэг хэсэг нь Гамингийн цэргийг авчраад тусгаар тогтнолоо үгүй хийж байлаа шүү дээ. Агуулгаараа тиймэрхүү л юм боллоо гэж харж байгаа.

-2008 оны сонгуулиар ч нэлээд олон тойрогт иймэрхүү асуудал гарлаа гэж байсан. Таны өрсөлдсөн тойрогт сонгуулийн будлиан болсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан, цаашлаад “Долдугаар сарын 1”-ний үймээн болсон шүү дээ. Энэ удаад санал худалдаж авсан, будлиулсан асуудлыг зүгээр орхих нь зөв байв уу?

-Манай эдийн засгийн байдал сайнгүй, бараг муу байгаа. Улсын рейтинг ч доод түвшинд оччихсон байна. Ийм үед сонгуулиа хийж чадахгүй, сонгуулийн дараа янз бүрийн үймээн гарвал улс төрийн тогтворгүй байдал үүсч эдийн засгийн байдал бүр доош унана. Монголчууд бүгдээрээ хохирно. Сонгуулийн дүн нэгэнт гарчихсан, тэр нь гадна дотнын нөлөөтэй гэдгийг хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нотлох баримт байхгүй учраас хүн бүр хэлэхээс, гаргаж ирэхээс болгоомжилж байгаа биз. Ямар ч байсан 2016 оны сонгуулийн дүн ард түмний хүсэл зоригоос гарсан үр дүн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

-Нэгэнт МАН үнэмлэхүй олонхи болж, Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар ажлаа хийгээд эхэлчихлээ. Энэ Засгийн газрын ажлын эхлэл, сайдуудын хийсэн мэдэгдэл нь тун таагүй ойлголтыг төрүүлж байна.

-Бид есдүгээр сардаа багтаагаад “МАН 100 хоногт” гэдэг тайланг гаргана. Тэр үед сэтгүүлчидтэй уулзаж, засаг авсан нөхдүүд ийм, ийм зүйлийг хийсэн байна гэж ярилцана гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө нийгмийг их айлгалаа, улс орон дампуурах гэж байна гэж итгүүллээ. Улс орон дампуурах нь гэж хүмүүсийг айлгалаа. Зохиолоороо бол нэг аврагч гарч ирэх учиртай. Тэр аврагч нь гаднаас гарч ирнэ. Тэдэндээ юмаа тавиад туух ёстой. Ийм л зохиол цааш үргэлжилнэ. Зуун жилийн дараахь өндөрлөгөөс харахад тэр нь энэ сонгуульд ялсан төлбөр болж таарах биз гэж л харж байгаа.

-Ямар айхавтар зохиолын тухай ярьж байна вэ?

-Хүн бүрт ойлгуулах албагүй. Миний ярьж байгааг ойлгох нэг нь ойлгож байгаа. Ойлгохгүй нь хэзээ ч ойлгохгүй.

-Та гадаадын цөөнгүй бизнес эрхлэгчидтэй найз нөхдийн холбоотой. Таны зохиолын нэг хэсэг гэж ярьсан Сангийн сайдын айлгах мэдэгдлийг тэд хэрхэн хүлээж авсан бол?

-2015 оноос хойш Монголын талаарх сайн мэдээ бараг гараагүй. Дэлхийд томд тооцогддог “Рио тинто” компанитай манай Засгийн газар заргалдсан. Хүнээр яривал 40 давсан эр арван настай хүүхэдтэй л үзэлцсэн хэрэг л дээ. Ийм хүч тэнцвэргүй байхад монголчууд нэг тал байж чадаагүй. Сөрөг хүчин байсан МАН бодит байдлыг ойлгосон уу, ойлгосон атлаа хорлох гэсэн нь үү илт нөгөө талыг өөгшүүлсэн мэдээлэл хийж байсан. Энэ бүхний үр дүнд дэлхий даяар Монголын талаар буруу имижийг бий болгосон. Буруутан хайвал тэндээс эхлэх нь зүйн хэрэг. Сонгуулийн дараахь сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг тал руугаа болсон. Нэг нам дангаараа ялчихлаа, улс төрийн тогтвортой байдал бий болно гэсэн хүлээлт байсан. Гэтэл засгийн эрхэнд гарсан нөхдүүд маань Ардчилсан намыг муухай харагдуулах гэж хичээхдээ “Жоомоо алах гээд байшингаа шатаах”-ын үлгэрийг харуулчихлаа. Тэгэхдээ энэ нь санаандгүй зүйл огт биш. Нэгдүгээрт, Ардчилсан намыг муухай харагдуулах , хоёрдугаарт, нийгэмд айдас бий болгох зорилготой. Монголчууд үндэстний хувьд насанд хүрээгүй, ямар нэгэн асуудал гарахад хэн нэгнээс аврал заавал хайдаг онцлогтой. Айсан хүмүүс аврагчийг хүсч л таарна. Тэгэхээр миний түрүүнд ярьсан зохиол л үргэлжилж байгаа хэрэг.

-МАН-ын 100 хоногт хийсэн ажлын тайланг гаргаж мэдээлэх юм байна. Цаашид яах вэ?

-Унших нэг нь уншиг. Юу хийснээ эргээд нэг хараг. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан гээд байгаа засаг 100 хоногт юу хийснийг иргэд багцлаад нэг үзэг. Тайлангаас өнөөдөр үр дүн гарахгүй байж болно. Зуун жилийн дараа хэн нэг нь хараад энэ харанхуй үед монголчууд бүгдээрээ хонь шиг номхон байгаагүй, зарим нь эсэргүүцлээ илэрхийлээд тайлан ч гэсэн гаргаж байж гэдэг түүх үлдэг.

-Та зуун жилийн дараахь үр дүнгийн талаар яасан их ярьж байна вэ. Одоо үед тэгтлээ итгэл алдарчихсан юм уу?

-Өнөөдөр Монголын түүхийн нэгэн харанхуй үе явж байна. Европт ч ийм үе байсан. Загалмайтны аян дайны үед мухар сүсэгт баригдаад, хаад ноёд нь авлигад бүрэн идэгдэж, хэн нь шашин, аль нь төр гэдэг нь мэдэгдэхээ больсон. Иргэд нь бүгд ядуурч, халдварт өвчинд нэрвэгдсэн харанхуй үе тохиож байсан. Өнөөгийн Монголын зуун жилийн дараа судлаачид, түүхчид “Монголын түүхийн харанхуй үе” гэж дүгнэнэ. Мухар сүсэгт бүрэн автчихлаа. Хувьсгалаас өмнө байсан бүх гэгээнтэн дахиж тодорч байх шиг. Мухар сүсгээр өөрсдйин валютыг гадагшаа урсгаж байна. Оюун санааны үүднээс харахад дархлаагүй, мухар сүсгийн харанхуй ангал руу хурдтайгаар явж байгаа. Шүтэж байгаа шашныхаа ч мөн чанарыг ойлгохгүй ид шид хүлээгээд байна. фэйсбүүкт базсан мөнгөний зураг тавиад түгээвэл баяжина гэхэд л хэдэн мянган хүн шэйрлэж байгаа нь инээдэм биш. Ийм үеийг харанхуй гэж дүгнэдэг юм. Үүний дараа дахин сэргэлтийн үе ирдэг. Тэр үе нь хурдан ирж гэрэл гараасай. Бидний гаргах тайлан хүртэл тэр гэрлийн нэг оч нь байгаасай гэж хүсэх юм.

-Үнэмлэхүй олонхи болсон намынхан ураг садныхныгаа төрийн өндөр албан тушаалд томилдог. Хэн нэг нь Монголд хортой мэдэгдэл хийхэд олон нийт шогшроод өнгөрөхөөс хэтрэхгүй байна. Танай нам парламентад хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй. Энэ үед Иргэний хөдөлгөөний дуу хоолой яалт ч үгүй үгүйлэгдэж байх шиг?

-Засгийн газар байгуулагдаад зуу хоног болоогүй байна. Зуу хоног нь дуусаг, түүний дараа дүгнэе гэсэн хүлээлт хаа, хаанаа байх шиг. МАН-ынхны хийж байгаа ажил, байж байгаа байдал нь дэвшил шинэчлэл гэхээсээ илүү их ухралт, харанхуй руу гүн орж байгаа шинжтэй байгаад харамсч байна.

-Засгийн газрын зуу хоногоос гадна танай намын шинэчлэл олны анхааралд байгаа. Гэтэл танай нам цуглаж сонгуулийн үр дүнгээ ч хэлэлцсэнгүй, цаашид яахаа ч ярилцсангүй?

-Нэг хурал хуралдаад, шинэ дарга томилогдох нь Ардчилсан намын шинэчлэл биш. Ямар нийгмийг ямар нийгмээр солихын тулд, ямар үнэт зүйлийг нийгэмд бий болгохын тулд 1990 оны хувьсгал хийсэн бэ гэдэг тунхгийг өнөөдөр гаргах ёстой. Дэлхийн бүх орон хувьсгал хийснийхээ дараа тунхаг гаргадаг. Тэр тунхаг нь Үндсэн хуультай адил эрх зүйн чадамжтай байдаг. Ардчилсан намын шинэчлэл яг энэ үнэт зүйлийн тунхгаас эхлэх ёстой. Ийм, ийм үнэт зүйлийг хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа юм гэдгийг ойлгож, ойлгуулах ёстой. Коммунист, нэг хүнийг тахин шүтсэн, гаднаас Монголын төрийг удирддаг, хүнийг хэлмэгдүүлж болдог нийгмийг, хөмөрсөн тогоо шиг харанхуй нийгмийг эсэргүүцэж Монголын ард түмэн хувьсгал хийсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмээ хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа гэдгийг эхлээд ойлгох ёстой. Түүнээс МАН-тай адил авгай, ах дүүгээ дарга цэрэг болгох, хэн нэг Доржийг нөгөө Доржоор солихын төлөөх нам байж болохгүй гэдгийг Ардчилсан намын шийдвэр гаргах түвшний хүн бүр ойлгох учиртай. Ардчилсан нам яагаад Монгол байх ёстой гэдэг нь 1990 оны ардчилсан хувьсгалтай ямагт хамт ойлгогдох үнэт зүйл. Гэтэл энэ нийгэмд үнэт зүйл байхгүй болсноор нэг коммунист удирдагчийн 100 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ гээд УИХ-аас тогтоол гаргаж байна. Хойшоогоо 100 алхаж байгаагийн илрэл энэ биз. Ардчилсан намын үүрэг бол ардчиллын үнэт зүйлийг хамгаалах. Шинэчлэл эндээс эхлэх ёстой. Нэг тогоонд чанагдаж байгаа нэгийг нөгөөгөөр сольж Намын даргыг нөгөөгөөр солилоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Үнэт зүйлээ мартаад Доржийг Доржоор солиход анхаарсан учраас Ардчилсан нам нийгэмд байхгүй байсан ч болох юм шиг ойлголт нийгэмд төрчихөж. Ардчилсан нам байгаа учраас ардчиллын үнэт зүйл оршин тогтнож байгаа гэдгийг ойлгож, ойлгуулж байж шинэчлэл зөв замдаа орно.

-Үнэт зүйлсээ тунхаглахаас шинэчлэлээ эхлэхийн тулд танай намынхан цугламаар байна. Гэтэл ҮЗХ-ны ирц ч бүрдэхгүй байна шүү дээ?

-Ярилцаж байгаа байх. Хамаагүй яараад дэмий байх. Их хурлаа хийгээд үнэт зүйлээ хамгаалахаас шинэчлэлээ эхэлнэ гэж итгэж байна.

-Даргатай болж байж шинэчлэл эхэлж, голдрилоороо явна биз дээ?

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын ихэнх дарга ҮЗХ-ны хурлаар сонгогдсон. Хоёр зуу гаруйхан хүний саналаар сонгогдсон хүний хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь ч муу байдаг юм байна. Үүндээ ч дүгнэлт хийж байгаа биз. Миний ойлгож байгаагаар нийт гишүүдийн дунд марафон хийж намын даргыг тодруулахад санал нэгдэж байгаа болов уу. Орон нутгийн сонгуулийн дараагаас марафоноо эхлүүлээд арванхоёрдугаар сарын 6-ны Их хурлаараа батламжилна гэж хүлээж байгаа. УИХ-д цөөхөн суудалтай сөрөг хүчин байгаа үед намын дарга бүх гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Түүнээс хоёр зуун хүний зуугийнх нь толгойг эргүүлээд дарга болчихдог. Дараа нь өөрийгөө дарга гэж хэлэхээс ч ичдэг, нөгөө хүнийг дарга гэж гишүүд нь хүлээн зөвшөөрдөггүй. Ийм байдлыг зогсооно гэж итгэж байгаа.

-Фракц нэртэй нам дотрох намууд ийм шийдэлд санал нэгдэх болов уу. Фракцууд дайтаад хурлаа ч хийж чадахгүй байна гэх юм?

-Үүнийг ярихын тулд 1990 он руугаа орохоос аргагүй. 1990 онд МАХН-ыг хуулиар хориглоод хөрөнгийг нь хураагаагүй нь тухайн үеийн хувьсгалчдын хамгийн том алдаа. Энэ нь эргээд тэнцвэргүй өрсөлдөөнийг эхлүүлсэн. МАХН-ын эсрэг бүхэн нэг дор цугларчихсан нь өнөөдрийн Ардчилсан намыг бий болгосон хэрэг. Тухайн үед МАХН-ын эсрэг л бол гэдэг үзлээр нэг талдаа гарчихсан нь өнөөдрийн фракцууд нам доторх намыг бий болгочихож. Улс төрийн намуудыг шинэчилж, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн намуудын тухай хуулиа өөрчлөх ёстой. Дараа нь бүх улс төрийн намуудаа тараагаад шинээр бүртгэх ёстой. Нэгэнт хундаамаа мурий тавьчихсан. Цаашаа нүдээ аниад мурий хундаам дээрээ бариад байвал тэр барилга нэг л өдөр нурна. Нурааж байж арга хэмжээ авах уу, нурахаас өмнө нь өөрсдөө буулгаад шинээр барих уу. Аль нь зардал багатайг тооцож, шийдвэр гаргах ёстой. МАН-д ч фракцуудын зөрчил байгаа.

-Энэ дөрвөн жилд Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад нэмэргүй биз дээ?

-Маргааш юу болохыг тааж хэлэхээс айгаад байдаг юм. Манай гаригт бүх зүйл боломжтой шүү дээ. АНУ-д Трамп ерөнхийлөгч болохгэж байна. Хоёр жилийн өмнө Трампыг ерөнхийлөгч болно гэсэн бол хэн ч итгэхгүй л байсан. Тэгэхээр юу ч болж болно. Бүх сайн сайхан зүйлд итгэж байх хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн төлөө бодож байгаа, тэмцэх гэж байгаа хүмүүс олон бий.

-МАН-ын фракцууд ч засгаа унагаана гэсэн яриа гаргаад зөрчилдөөд эхэллээ гэх юм?

-МАН засгаа унагаж чадахгүй. Тийм эр зоригтой хүн МАН-д байхгүй. Нэг хүчтэй даргыг тойрсон зориггүй нөхдүүд тэр намд байдаг. Өөрийнхөө намын эсрэг босч Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй. Харамсалтай л байна. Ах дүү, амраг саднаа сайд, агентлагийн дарга болгож байх шиг байна. Дараа нь ахаа, дүүгээ Ерөнхий сайд болгох нь. Хэдэн жилийн өмнө “Өөрийнхөө хүнээр сайд хийлгэлээ” гэх шүүмжлэл байсан бол одоо өөрийнхөө тоглоомын хүнийг Ерөнхий сайд болгодог боллоо. Бас л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж энэ улс орны төлөө шийдвэр гаргах чадвартай болно. Тоглоомын нөхдүүд ээлжилж гараад ард нь муур багш суучихаад удирдаад байвал хохирогч нь Монголын ард түмэн л болно.

-Ард түмэн хохироод байна л гэдэг. Нэг хүний зангаагаар төрийн сайд, агентлагийн дарга томилогдоход хэн ч эсэргүүцэхгүй, дуугарахгүй л байна шүү дээ?

-Ард түмний 30 хувийн саналыг авч сонгогдоод оодрохоос илүү 80, 90 хувиар сонгогдсон нөхдүүдийг хүртэл нэг л өдөр хөөгөөд явуулчихдаг л юм билээ. Ард түмнийг сэрэхийг хүлээнэ гэж байгаа юм биш. Бодит байдлыг ярьж л байх хэрэгтэй. Яагаад гэвэл ард түмэнд зоригжуулагч хэрэгтэй. Өнөөдөр ярьж байгаа зүйл олон хүний зүрхэнд байгаа ч амнаас нь гарч чадахгүй үг л дээ. Магнай хэлсний дараа дахиад хэдэн хүн зоригжоод хэлэг. Дахиад зуу, мянган хүн ярина. Тэр хүмүүс бүгд нийлж, нэгдээд нийгмийг өөрчилдөг.

-Хэдэн жилийн өмнө та орон нутгаар явж иргэдтэй уулзалт хийгээд ард түмэн хувьсгалыг хүлээж байгааг олж харлаа гэсэн. Одоо тэр хүлээлт хэвээрээ болов уу?

-Маш том шинэчлэлийг хүсч байна. Хувьсгал гэх үү, өөрчлөлт гэх үү мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ байдлаараа яваад байвал өшөө буруу тийшээ хазайна гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Төр удирдаж байгаа нь, сөрөг хүчин нь, гаднаас нь хараад сууж байгаа иргэд ч мэдэж байгаа. Төр удирдаж байгаа хүмүүсийн эр зориг, хүсэл зорилгоос олон зүйл шалтгаална.

-Ардчилсан нам орон нутгийн сонгуульд даргагүй, менежертэй орохоор болж байна. Эерэг үр дүн харагдаж байна уу?

-Ямар ч судалгааны байгууллагын судалгааны дүн, сонгуулийн бодит үр дүнтэй зөрдөг болсон. Орост ч, Монголд ч зөрөөтэй л байна. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнг нөхдүүд өөрчлөөд байна шүү дээ. ОХУ-ын сонгуулийн дүн гарлаа. Бүх судалгаагаар олонхи болох нь өнгөрлөө гээд байсан нам дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах хэмжээний олонхи болчихлоо. Нийгэм юу хүлээж, хүсч байгаагаас үл хамаарч сонгуулийн дүнг өөрчилдөг технологи яваад байгаагийн илрэл энэ. Орон нутгийн сонгуулийг МАН-ын технологиор хийх болов уу гэж харж байгаа.

-Та Баянгол дүүргийн Ардчилсан намд ажиллаж байгаа юм уу?

-УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа бид хоёр Баянгол дүүргийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийг хариуцаад ажиллаж байна.

-Ирэх өвөл тойрогтоо нүүрс тараах уу?

-Тойрогтоо биш л дээ. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нүүрс тараана. Та надаас сонгогчдодоо гомдсон уу гэдэг өнгө аясаар асууж байна. Иргэдэд гомдож болохгүй. Ард түмнийг бодлогоор ядуу байлгаад дараа нь худалдаж авахдаа бэлдээд байгаа нэг хэсэг бүлэглэл бий. Тэр бүлэглэл л өөрийнхөө мэхийг хийгээд тэр мэхэнд ард түмэн орчихсон хэрэг. Магнай ард түмэнд гомдох шаардлага байхгүй. Гомддог ч үгүй. Харин нэг хүний зүрхэнд байгаа өөрчлөлт хийхийг хүссэн хүсэл ямар их хүчтэйг ард түмэн үргэлж бодож, мартахгүй гэдэгт итгэж байна. Магнай өнөөдөр нэг хүний мөнгөнд ялагдсан нь жижиг асуудал. Энэ харанхуй үеэс хурдан гарах нь л чухал. Тавин мянган төгрөгт ялагдаад сонгуулиа алдаад байвал харанхуйгаас гарах цаг хойшлоод л байна. Ганц Магнай биш Монголын ард түмэн бүгд алдаж байгаа юм. Монгол Улс хөгжвөл бүгдээрээ сайхан амьдарна, харанхуй байгаад л байвал бүгдээрээ л дуусахгүй зовлон эдэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн сонгуульд монголчууд бүгдээрээ ялагдсан. Харанхуй үеийг дуусгах хугацааг дөрвөн жилээр хойшлуулчихлаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга алдарт уулчин Стивен Эдвард Нейшийг морь аргамждаг гадсаар хөнөөжээ


Эдвард Нейш Хангай сумынТэрх
баг, Хайрханы эхийн хөндийд амиа алджээ

Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг, Хайрханы эхийн хөндий Цагаан чулуутын өвөлжөөний баруун талд Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарсан билээ. Стивен Эдвард Нейш гэх иргэнийг хэвлийн тус газарт нь хоёр удаа шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж амь насыг нь хөнөөсөн болохыг Шүүх шинжилгээний алба хаагчдын гаргасан урьдчилсан дүгнэлтээр тогтоосон. Талийгаач их хэмжээний цус алдаж, 500 орчим метр алхаж яваад амь насаа алдсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа.

Эдвард Нейш дээрх айлуудын гадаа
хоносон

Тэгвэл Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стивен Эдвард Нейшийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт цагдаагийнхан Хангай сумын Тэрх багийн малчин Батсүхийн Гантулга гэх 34 настай залууг сэжиглэн шалгаж байна. Мөн хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн Тэрх багийн малчин Н.Доржпалам, Г. Баярсайхан нарыг Архангай аймгийн цагдан хорих ангид саатуулан шалгаж байгаа аж. Хангайн нуруунд гарсан хүн амины ноцтой хэргийн мөрөөр явж сурвалжлага бэлтгэсэн юм. Нутгийн иргэд, албаныхантай уулзаж, тухайн үед юу болсон талаар дараахь мэдээллийг авлаа.

Наймдугаар сарын 30-ны орой нар баруун тийш хэвийж байх үед Урд тэрхийн голыг уруудаад үүргэвч үүрсэн хоёр аялагч Бүлээн хясаанд намаржиж байсан Батсүх, Адъяасүрэнгийнх зэрэг таван айлыг чиглэн иржээ. Өндөр биетэй, европ төрхтэй хоёр аялагч айлын гадаа ирсэн байна. Нутгийнхан ч монгол ёс заншлаар нохойгоо хорьж, гэртээ оруулан цай хоол болжээ. Тэд монгол хэл мэдэхгүй ч дохио зангаа ашиглан аялж яваагаа хэлжээ. Мөн хамт яваа нэгнийх нь нуруу өвчтэй байгаа. Бэртэж гэмтсэн болохоор утсаар ярьж, дуудлага өгөх шаардлагатай гэдгээ ч ойлгуулсан байна. Гадаадын иргэд Адъяасүрэнгийн суурин утсаар аялал зохион байгуулдаг нэгэн компанийн ажилтнуудтай холбогдож, удаан ярьсан байна. Тус компанийн мэргэжилтэнд хоёр аялагч хаана, хэн гэх айлд ирсэн гэдгийг хэлж өгсөн байна. Удалгүй унаа явуулж нуруу нь өвдөөд байгаа аялагчийг авах гэж байгаа талаар ч утсаар хэлжээ. Хот айлынхан тэднийг Их Британийн уулчин, парапланы нисэгч болон Гарет Астон гэх хүмүүс болохыг мэджээ. Тэд Завхан аймгаас эхлэн явганаар аялж, Хангайн нурууны өндөр уулсын оргилуудаас нисэлт хийснийг ч ойлгосон аж. Аялагчид “Гадаа чинь майхнаа барьж хонож болох уу” гэж айлын эздээс асуусан байна. Хот айлынхан ч хоноод яв гэж. Үдшийн бүрий болсон хойно сумын төвөөс машин ирсэн нь Хангай сумын иргэн Ганбаатар гэх байжээ. Аймгийн төвөөс нэгэн танил нь утасдаж, нуруундаа бэртэл авсан нэг аялагчийг эмнэлэг бараадуулах гэж яваагаа хэлжээ. Ингээд тэр шөнөдөө хоёр аялагч майхандаа хоносон байна.

Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Гантулгын аав БатсҮхтэй найз болж байгаагаа талийгаа Ч дохиогоор хэлж байсан гэв

Наймдугаар сарын 31-ний өглөө болж, Стивен Эдвард Нейш хоносон айлаас холгүйхэн байх Хясаан хонх гэх өндөр хавцалтай уулнаас нисэлт хийхээр төлөвлөж байгаагаа газрын зурагт зааж, гэрийн эздэд ойлгуулсан байна. Энэ үеэр аяллын компанийн хөтөч Адъяасүрэнгийнхэнтэй утсаар холбогдож, “Уулын спортын дүрмээр хоёр аялагч явж байгаад нэг нь бэртэж гэмтсэн тохиолдолд гэмтсэн хүнээ эмнэлэг рүү явуулчихаад аяллаа ганцаараа үргэлжлүүлж дуусгадаг ёстой. Ноён Нейш Хангайн нуруугаар аялна гэж олон жил мөрөөдөж байгаа болохоор аяллаа үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна.

Ингээд аялагч, уулчин Гарет Астон жолооч Ганбаатартай аймгийн төв рүү явах болж, гэрийн эздэд найртай сайхнаар хүлээн авч, хоол унд хийж өгч, гэрийнхээ гадаа аюулгүй хонуулсанд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, гэрэл зурагаа авахуулжээ. Тэр тусмаа хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Гантулгын аав Батсүхтэй талийгаач Стивен Эдвард Нейш зургаа авахуулж, найз болсон гэж дохиогоор хэлжээ. Гарет Астон үүргэвчээ аваад машинд суужээ. Харин Стивен Эдвард Нейш урд зүг рүү алхахаар болсон байна. Тэд хоёр тийшээ хөдлөх гэж байхад нь Гарет Астон халааснаасаа 20 мянгатын хэдэн дэвсгэрт гаргаж ирэн найз Стивен Эдвард Нейшт өгсөн байна. Мөнгө өгөлцөж авалцаж байгааг Батсүхийн ууган хүү Б.Гантулга хараад зогсож байжээ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа
Б.Гантулгын аав Батсүх жолооч Ганбаатар нарын хамт амиа алдахынхаа өмнө авахуулсан
зураг

Стивен Эдвард Нейш алхсаар Дөрөлж Нарийны гол дээр ирсэн байна. Тэнд Хангай сумын малчин Гэлэгжунай болон хоёр хүүгийнх нь намаржиж байсан гэнэ. Гэлэгжунайн хоёр хүү болох Баярсайхан, Баярбилэг нар гадаадын жуулчин явж байгааг эхэлж харжээ. Тэд Дөрөлж Нарийны гол ус ихтэй учир явган аялагч эрийг гол гаргаж өгчээ. Аялагч эрийг гол гаргаж өгөх үед 13:00 цаг болж байсан гэх. Аялагч Хангайн нурууны догшин газар гэгдэх Хясаан хонх уулын орой руу мацахаар явсан байна. Түүнийг хамгийн сүүлд амьд явж байхыг харсан гэрч нь Баярсайхан, Баярбилэг гэх ах, дүү хоёр юм. Тэд нутгийнхандаа “Бид хоёрыг очиж гол гаргаж өгөх үед ямар ч бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Гол гаргаад өгсний дараа өөрөө ганцаараа явна гээд байсан” хэмээн ярьж байжээ.

Талийгаа Ч хамгийн ойрхон айл руу тусламж гуйхаар явах замдаа амьсгал хураажээ

Харин талийгаачийг нас барсныг харсан малчин Доржпалам хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Нар баруун тийш хэвийж байх үед гэрийнхээ доохно талд бэлчээрлэж байгаа үхрээ эргүүлэхээр явсан. Манай үхэр Цагаанчулуутын өвөлжөөний баруун хавтгайд байсан юм. Мотоцикльтойгоо давхиж явтал том үүргэвч харагдсан. Яваад очтол үл таних гадаад эр дээшээ хараад хэвтсэн чигтээ амьсгал хураасан байсан. Мотоцикльтойгоо гурван удаа эргэж хашгирч үзээд явсан. Амьд байж магадгүй гэж хашгирсан юм. Биед нь огт хүрээгүй. Гадаадын иргэн нас барсан байсныг харсан даруйдаа багийн Засаг дарга Б.Олзвойд мэдэгдсэн” гэж мэдүүлжээ.

Харин багийн дарга Б.Олзвой сумын цагдаа Н.Сандуйд энэ талаар хэлсэн байна. Төд удалгүй Хангай сумын цагдаа Н.Сандуй, багийн Засаг дарга Б.Олзвойн хамтаар хэргийн газарт иржээ. Талийгаач Стивен Эдвард Нейш дээшээ хараад хэвтсэн, хажуудаа үүргэвчтэй цүнхээ босгож тавиад, баруун гартаа ноосон хар цамцаа барьсан чигтээ амьсгал хураасан байжээ. Гаднаас нь харахад ил шарх сорви харагдаагүй байна. Харин хэвтсэн газрын доохно цус тунарч, газарт шингэсэн байжээ. Сумын цагдаа Сандуй, Тэрх багийн Засаг дарга Б.Олзвой нар амь насаа алдсан гадаад эрийн цогцсыг манаж хоножээ. Өглөө үүрээр буюу есдүгээр сарын 1-нд Архангай аймгийн цагдаа нар ирсэн байна. Хэргийн газарт хийсэн үзлэгээр талийгаачийн хэвлийн тус газарт хоёр утаа үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, цус алдаж амь насаа алдсан нь тодорхой болжээ. Цагдаа нарыг ирэх үед талийгаачийн сансрын холбооны байршил тогтоогч нэг доороо удаад байгааг ар гэрийнхэн нь анзаарч, Монголын аяллын компани руу мэдэгдэж байсан аж.

Б.Гантулга морьтойгоо дагаж яваад хөнөөсөн бололтой

Урд тэрхийн голоор гэмт хэрэгтнийг эрэн хайх ажлыг аймгийн цагдаагийн албан хаагчид УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хамтарсан Ажлын хэсэг хийж эхэлсэн байна. Талийгаачийг хамгийн сүүлд харсан ах, дүү хоёр болоод, анх амиа алдсан байгааг харсан Доржпалам, хоносон айлын гэрийн эзэд зэрэг арав гаруй хүнийг саатуулжээ. Тэрх багийнхан айдаст автсан аж. Тэрх багийн малчин Б энэ талаар “Шөнөөр гэмт хэрэгтэн ирээд сүйд хийж магадгүй. Босуул, шоронгоос оргосон хүн байж магадгүй.

Тэр өндөр биетэй хүний амь насыг хөнөөчихсөн юм чинь их айхтар хүн байх гэсэн яриа голын айл болгонд гарсан. Айл болгон хаалга үүдээ түгжиж, буу, хутга зэрэг зэвсгээ ойрхон тавиад гурав хоносон. Өмнө нь хүн амины учир битүүлэг хэрэг гарч байгаагүй болохоор нутгийнханд хүнд туссан байх. Цагдаа нар байсхийгээд л нутгийн залуусыг машиндаа ачаад явах нь сүрдмээр байсан. 1937 оны хэлмэгдүүлэлт болж байгаа юм шиг л дүр зураг харагдсан. Цагдаа нар айл болгоноор орж мэдүүлэг авах, бүр хэвэнд хийсэн ааруул болгоныг дундуур нь хугалж үзэн бэлэн мөнгөний карт хайгаад байсан. Үнэхээр аймаар байсан” хэмээн ярив.

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа нарын саатуулсан хүмүүсийн нэг нь Б.Гантулга байжээ. Түүнд саяхан гэмтэл авсан болов уу гэмээр дух, толгой халцарсан шарх сорви байсан аж. Цагдаа нар Б.Гантулгыг өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан гэдгийг мэдээд баривчилсан юм байна. Өөр нэг хардах шалтгаан нь талийгаач найзынхаа хамт тэдний гэрийн гадаа хоносон байв. Мөн өөр нэг мэдээлэл иржээ. Б.Гантулга наймдугаар сарын 31-нд морьтойгоо сумын төв орсон байна. Сумын эмнэлэгт очоод “Мориноос унаад толгойгоо хагалчихлаа. Оёдол тавиад өгөх үү” гэж асуусан байна. Энэ сэжүүр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт сэжигтэй санагдсан учир Б.Гантулгыг ганцаарчлан байцааж, айл намаржиж байгаа хүмүүсээс Б.Гантулга Стивен Эдвард Нейшийг уулын ам өгсөөд ганцаараа явах үед хаана байсан талаар тодруулжээ. Гэрчүүд Б.Гантулга аргамжаатай морио унаад явсан. Тэгээд шөнө болсон хойно ирсэн гэж мэдүүлжээ. Удалгүй Б.Гантулга Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейшийг аргамжааны гадсаар хөнөөсөн гэдгээ хүлээжээ. Мөн талийгаачийн өмсөж явсан олон халаастай хантаазыг авч, 200 гаруй мянган төгрөг, 150 ам.долларыг авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “Манайх цөөн малтай ядуу. Бэлэн мөнгө байхгүйгээс болж гадаадын иргэнийг дээрэмдсэн” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэдгийг эх сурвалж онцолж байв. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Стивен Эдвард Нейшийг Хясаан хонх гэх газарт явж байхад нь араас нь очиж, дээрэмдэхийг оролдсон байна. Гэвч талийгаач мөчөөгөө өгөөгүй тул гэнэдүүлэн үзүүртэй гадсаар хэвлий рүү нь бүлж, хоорондоо багагүй хугацаанд ноцолдсон бололтой. Талийгаач хамаг эд зүйлсээ дээрэмдүүлээд айл бараадахаар явж байхдаа амьсгал хураасан байна.

Гэмт хэрэгтэн дээрэмдсэн эд зүйлсээ Хамар өтгийн бууцны хаданд нуусан байжээ

Талийгаач Стивен Эдвард Нейш нь манай оронд хоёр дахь удаагаа ирсэн аж. Түүний нэг мөрөөдөл нь Хангайн нуруунаас нисэх байжээ. Гэвч мөрөөдлөө биелүүлэхээс хэдхэн километрийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Бид уулын спортын хамгийн хүнд төрөлд тооцогддог парапланы спортын нэрт тамирчин Стивен Эдвард Нейшийн аминд хүрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн шалгагдаж буй Б.Гантулгын ар гэрийнхэнтэй уулзаж, ярилцсаныг маргаашийн дугаартаа хүргэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Цэдэнбалын Зоригт: Би Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна

Энэ өдрүүдэд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүний хүү Ц.Зоригт ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд Увс аймгийг зорихын өмнөхөн уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Ц.Зоригт гуай та энэ удаад онцгой арга хэмжээнд оролцохоор Монголд ирсэн. Хамгийн сүүлд хэзээ Улаанбаатарт ирсэн бэ?

-Юуны түрүүнд би Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна гэдгээ хэлмээр байна. Энэ бол миний аавын төрсөн нутаг, миний төрсөн нутаг. Тиймээс ч энд ирсэндээ их баяртай байгаа. Эцгийн маань мэндэлсний 100 жилийн ой бол ер бусын арга хэмжээ. Харамсалтай нь би Монголд ирээгүй нэлээд удсан, бараг арван жил болчихжээ. Улаанбаатар огт өөр болсон нь шууд л анзаарагдсан. Шинээр олон хороолол баригдаж, танигдахын аргагүй болжээ. Нийслэл хот их өөрчлөгдсөн байна. Намайг ойн арга хэмжээнд урьж оролцуулсан Монгол Улсын Засгийн газарт юуны түрүүн талархаж байгаагаа илэрхийлье. Би аавын маань ойн хүрээнд зохион байгуулсан бүх арга хэмжээнд оролцсон тул нэлээд ачаалалтай байгаа. Өглөөнөөс эхлээд орой болтол завгүй, унтаж амарч амжихгүй л явна. Гэхдээ энэ бол сайхан “ядаргаа” гэдгийг хэлмээр байна. Нэгдүгээрт, надтай уулзаж ярилцсан монголчууддаа маш их талархаж байгаагаа хэлье. Аавд маань элгэмсгээр ханддаг юм байна. Өчигдөр гэхэд нэг найзыгаа хүлээгээд гадаа зогсож байхад хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг таниад дотноор мэндчилж, хамт зургаа авахуулахыг хүссэн. Би ч дуртайяа зөвшөөрсөн

-Танд сайхан санагдсан уу?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа эдгээр хүмүүсийн дунд маш олон залуучууд байсан нь намайг бүр ч их баярлуулсан. Тэд миний аав Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг ойлгодог юм байна. Энэ бол чухал. Би эндүүрээгүй бол нэг ярилцлагадаа ард түмнийхээ түүхийг мартахгүй байх нь маш чухал гэж хэлж байсан. Маш чухал шүү. Өөрийнхөө түүхийг мартсан ард түмэн бол үгүй болдог түүхэн сургамж бий.

-Өнгөрсөн бямба гаригт та аавынхаа хөшөөнд цэцэг өргөсөн. Хөшөө рүү явахдаа хүүхэд насаа өнгөрүүлсэн байшингийн хажуугаар өнгөрөхийг би харсан. Энэ үед ямар сэтгэгдэл төрөв?

-Тийм ээ, яг үнэн. Энэ байшингийн булан тохой болгоныг нь би дэндүү сайн мэднэ, одоо ч сайн санаж байна. Энэ байшинг Ю.Цэдэнбалын нэрэмжит музей болгоосой гэж маш их хүсч байгаа. Манай Ю.Цэдэнбалын академи Засгийн газар болон УИХ-д ийм санал тавьсан. Нааштай хариу өгөх шинжтэй байгаа. Ойрын өдрүүдэд биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хүсэл маань биелэх байх гэж бодож байна. Харамсалтай нь аавын маань эд хөрөнгийг хууль бусаар хурааж авсан. Манай академи эцгийн маань хэрэглэж байсан эд зүйлсээс зарим нэгийг нь олсон. Хуулиар бол эдгээр эд зүйлс нь миний өмч. Тэдгээрээс нэгийг нь ч өөртөө авахгүй гэдгээ би нэг бус удаа хэлсэн. Магадгүй дурсгал болгож нэг л ном авах байх. Бүх эд зүйлсийг нь би Ю.Цэдэнбалын музейд хүлээлгэж өгнө. Харамсалтай нь академи аавын маань тухайн үед хэрэглэж байсан тавилганаас нэгийг нь ч олж авч чадахгүй байгаа. Тиймээс амьдралынхаа сүүлийн жилүүдэд Москвад байхдаа хэрэглэж байсан тавилгыг музейд нь өгөхөөр болсон. Дашрамд дурдахад тэр тавилгыг нь бид Улаанбаатарт авчирсан, манай байранд байгаа. Би музей байгуулагдахыг л хүлээж сууна.

-Та Москвад Ю.Цэдэнбал гуайн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн байранд амьдардаг уу?

-Тийм ээ.

-Энэ өдрүүдэд танай аавын тухай олон хүн дурсан ярьж байна. Хүүхэд нь болохоор таны дурсамж арай л өөр байх болов уу?

-Хэцүү асуулт байна. Учир нь аав маань бүх л цаг заваа улс орныхоо төлөөх ажилд зориулсан. Хүүхэд насныхаа дурсамжаас эргэн санахад өглөө намайг босоход харанхуй байдаг байсан. Аав маань аль хэдийнэ ажилдаа явчихсан. Орой харанхуй болоод орондоо ороход аав маань ажлаасаа ирээгүй байдагсан. Бүх л цаг заваа ажилдаа, ард түмэн, эх орондоо зориулсан даа.

-Гэсэн хэдий ч хүүхэд ахуй насны сайхан дурсамжууд байдаг байх гэж бодож байна?

-Би аавынхаа тухай ном бичиж байгаа. Энэ бол анхных нь биш. Түүндээ хүүхэд ахуй цаг, залуу нас, хожуу үеийн дурсамжуудаа нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Та намайг ямар нэгэн сонин зүйл ярина гэж бодож байгаа байх. Яг одоо санаанд маань юм орж ирэхгүй байна. Янз бүрийн л дурсамжууд байдаг.

-Оюутан байхдаа аавтайгаа юуны талаар ярилцаж, ихэвчлэн ямар сэдвийг хөнддөг байв?

-Аав маань бүх цаг заваа ажилдаа зориулсан гэж би хэлсэн. Мэдээжийн хэрэг надтай ярилцдаг байсан. Ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярихгүй ч гэсэн зарим нэгэн асуудлаар өөрийнхөө санал бодлыг хэлдэг байсан. Гэхдээ би түүний амьдралын сүүлчийн өдрүүдийн талаар яримаар байна. Харамсалтай нь түүнийг огцруулсан нь маш хүндээр тусч эх орноосоо алсад ихэд шаналсан. Ихэд шаналсан гэдгийг би дахин хэлмээр байна. Би заримдаа аавтайгаа цуг Москвагийн гудамжаар алхдаг байлаа. Ингэж явахдаа монголчуудтай нэг бус удаа санамсаргүй таарна. Аав маань нутаг нэгтнүүдээ хараад бөөн баяр болно. Тэгээд л Монголд юу болж байгаа, монголчуудын амьдрал ямар байгаа талаар нэгд нэгэнгүй асуудаг байж билээ. Нутагтаа эргэж очихыг маш их хүсч байсан боловч улс төрийн нөхцөл байдлын улмаас чадаагүй.

Цэдэнбалын Зоригт зурган илэрцүүд-Та түрүүн аавынхаа тухай бас нэгэн дурсамжийн ном бичиж байгаа гэсэн. Өмнөх номууд нь энд хэвлэгдсэн үү. Одоо бичиж байгаа номынхоо талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Өмнөх номууд бүгд монгол хэлээр, энд хэвлэгдсэн. Шинэ номдоо гэр бүлийнхэнтэйгээ холбоотой урьд өмнө нь гарч байгаагүй дурсамжуудыг оруулсан. Улс төртэй холбоотой асуудлууд ч бий. Ерөнхийдөө бол гэр бүлийн дурсамж гэж болно.

-Таны охин Анастасия Монголд ирж байсан. Улаанбаатарт очоод ирснийхээ дараа тантай уулзаад юу гэж ярив?

-Охин маань 2-3 жилийн өмнө энд ирсэн. Анастасия нөгөөдөр (маргааш) Монголд ирнэ. Энд байсан тухайгаа надад ярьсан. Их сонин газруудад очсон тухайгаа хэлсэн. Охин маань нөгөөдөр ирээд бидэнтэй цуг Увс аймаг руу явна.

-Улаанбаатарт байх хугацаандаа аавынхаа талын хамаатнуудтай уулзаж гэр орноор нь зочилсон биз дээ?

-Бүгдтэй нь уулзаж амжаагүй л байна. Өглөөнөөс авахуулаад орой болтол завгүй байсан тул зарим дээр нь очиж амжаагүй. Монголд дахиад хэд хонох тул уулзаж амжих байх аа. Одоо Увсад очоод тэнд байгаа хамаатнуудтайгаа уулзана. Дашрамд дурдахад, аавын маань мэндэлсний ойд зориулсан концерт ер бусын байсан гэдгийг хэлмээр байна. Би амьдралдаа төрийн гээд янз бүрийн концерт үзсэн. Харин аавд маань зориулсан концерт бол дээд хэмжээний, дэлхийн түвшний байсан гэдгийг хэлье. Тиймээс танай сониноор дамжуулан түүнд оролцсон уран бүтээлчдэд талархал илэрхийлмээр байна.

Categories
мэдээ спорт

Озэки Гойэдод Ёкозүна цол амлалаа

Японы мэргэжлийн сүмогийн Аки
башё 15 өдрийн турш хурц ширүүн, өрсөлдөөн дүүрэн байж озеки Гойэдо 15
даваатайгаар өндөрлүүлж Эзэн хааны цомыг хүртсэн билээ. Тэрбээр Аки
башёд озеки цолоо хамгаалан барилдсан ч Хакүхо аваргын эзгүйд одтой, хүчтэй
байж Осака нутгийнхан 85 жилийн дараа мэргэжлийн сүмод нутгийн бөхөө
түрүүлэхийг харсан юм.

Тэгвэл Япон сүмо бөхийн холбооноос түүнийг арваннэгдүгээр сарын Фүкүока
башёд 13 болон түүнээс дээш давсан тохиолдолд Ёкозүна цол олгоно хэмээн
мэдэгджээ. Мөн түүний озеки цолоо хамгаалсан зэргийг харгалзан үзэхгүй хэмээсэн
байна. Озеки Гойёдо тогтвортой барилддаг бөх биш бөгөөд 4 ч удаа кадобан болж
озеки цолоо алдах дээрээ тулсан удаатай. Их аварга Хакүхо Фүкүока башёд
барилдана, мөн хоёр монгол аварга, гурван озеки цолтой бөхчүүд дундаас Гойёдог
Ёкозүна цол авч чадах уу гэдгийг харах сонирхолтой башёг бид харах болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн
хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө
дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил
бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо
хоногт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болон хөтөлбөрт хамрагдсан бичил
бизнес эрхлэгчид хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан
төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Санхүүгийн
зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Монголын хадгаламж зээлийн хоршоодын
үндэсний холбоо, Хадгаламж зээлийн хоршоодын гүйцэтгэх удирдлагууд оролцож
хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааны үр дүнг
хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон байна.

Хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах Хорооноос бодлогоор дэмжин 116 Хадгаламж
зээлийн хоршоонд шинээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөл бөгөөд урьд нь үйл ажиллагаа эрхэлж байсан 6 Хадгаламж, зээлийн
хоршоонд тус хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. “Бичил
бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор
төлөвлөснөөс хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд
жилийн нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, хоршоо нь тухайн
хорооны өөрийн гишүүдэд сарын 1,2 хувь буюу жилийн 14,4 хувийн хүүтэйгээр
дамжуулан олгож байгаа юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар хөтөлбөрийн
хүрээнд 150 хороонд 14,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож 3479 төсөл
хэрэгжиж шинээр 1772 ажлын байр нэмэгдсэн бол 3213 ажлын байр хадгалагдаж
үлдсэн гэсэн мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас өглөө.

Уулзалтын үеэр нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал
хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр,
ядуурлыг бууруулах, бичил бизнес эрхлэгчидээ дэмжих энэ хөтөлбөрийг
нийслэлийн удирдлагын шинэ баг үргэжлүүлэх болно. Нийслэлийн Засаг даргын ирэх
дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудлыг илүү дэвшилттэй
хэлбэрээр, илүү үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ бид энэ зээл
жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавьж, хэрэгтэй
хүндээ хүрдэг байхад нь анхаарч ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Нийслэлийн
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзав

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбатын захирамжаар хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд төрийн захиргааны
болон хуулийн байгууллагаас дарамт шахалт үзүүлсэн, үндэслэлгүйгээр мөрдөн
шалгасан асуудал байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд
С.Бямбацогт сайд Монголын бизнесийн зөвлөлийнхний саналыг сонссон юм.

Уулзалтад оролцсон
“Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг бодитоор харж байгаад баяртай байгаагаа
хэлсэн юм. Тэрбээр Хууль эрхзүйн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдад сөргөөр
нөлөөлж байгааг хэлсэн. Сүүлийн үед гадаад, дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих
чиглэлээр хийж байгаа ажлуудыг хөрөнгө оруулагчдад дуулгахад Монголын бизнесийн
зөвлөл тодорхой үүрэг рольтой оролцоно гэдгээ хэлж байв. Уулзалтад оролцогчид
Монголын бизнесийн зөвлөлийн нэгдсэн санал дүгнэлтийг гаргаж, Хууль зүй дотоод
хэргийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэгт албан бичгээр уламжлахаар
боллоо.

Харин С.Бямбацогт
сайд хэлэхдээ “Төрийн байгууллагаас татвар төлөгчдөд хууль бус, үндэслэлгүйгээр
дарамт шахалт үзүүлдэг байдлыг судалж, шийдвэрлэнэ. Цаашдаа бизнесийн эрх зүйн
орчныг сайжруулахад ямар ажил хийх вэ гэдэгт санал бодлоо солилцох зорилгоор
тогтмол уялдаа холбоотой ажиллана” гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм хэмээн
Хуульзүйн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Turkish Airlines”-ийн онгоцны нислэг хойшилжээ

Туркийн “Turkish Airlines” авиакомпанийн онгоц
өнөөдөр 11.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх
байсан ч хойшилж шөнийн 02.45 цагт болжээ.

Тус онгоцоор манай
улсыг зорин ирсэн Сири улсын хоёр иргэнийг манай улсын хил гаалийн ажилтнууд
саатуулснаас ийн онгоц хойшлоход хүрчээ. Дээрх хоёр зорчигч Монголын ГХЯ-ны
албан тушаалтны тодорхойлолттой байсан ч нэг хүнийг хилийн шалганыхан бичиг
баримтыг нь хүчингүй гэж үзжээ. Хилээр нэвтрэх боломжгүй болсон Сири улсын
иргэн уг онгоцоор буцах гэсэн боловч биеийн байдал нь муудсан учир өвчтэй
хүнийг онгоцоор тээвэрлэх боломжгүй гэдгийг “Turkish Airlines”-ийн онгоцны
дарга мэдэгджээ.

Иргэний нисэхийн
хуулийн дагуу онгоц агаарт байхад зорчигчийн бие муудвал хамгийн ойрын нисэх
буудалд зогсох үүрэгтэй байдаг гэнэ. Тиймээс зорчигчийн биеийн байдлыг харзнаж,
онгоцны нислэгийг шөнийн 02.45 цаг хүртэл хойшлуулжээ.