Categories
мэдээ нийгэм

Туркийн нислэг Сирийн дүрвэгчээс болж саатаагүй

“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр 11:00-12:00 цагийн орчимд Сирийн паспорттой хоёр иргэн “Turkish Airlines”-ийн онгоцоор буусан. Гэвч дээрх хоёр иргэнтэй холбогдуулан Улаанбаатараас Турк улс руу нислэг үйлдэх байсан онгоц саатаад байсан билээ.

Тэгвэл Гадаадын Иргэн, Харьяатын газраас уг асуудлын талаар албан ёсны тайлбар өгчээ. Албан ёсны тайлбарт“Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр /2016.09.27/ 11.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилсон.

Тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байсан байна. Тиймээс олон улсын иргэний агаарын тээврийн дүрмийн дагуу тухайн иргэнийг тээвэрлэж ирсэн авиа компани буцаан тээвэрлэх үүрэг хүлээдэг байна.

Харин манай улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дээрх зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас харзнаж, онгоцны нислэгийг шөнийн 02.45 цаг хүртэл хойшлуулжээ. Тэрээр өмнө нь манай улсад 2012, 2014, 2015 онуудад нэвтэрч байсан бөгөөд 2012 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42.1.11 дэх заалт /визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн уригчийг гадаадын иргэн тус бүрээр тооцон энэ хуулийн 42.1.9, 42.1.10-т зааснаар торгоно/-ын дагуу захиргааны арга хэмжээ авахуулж байсан байна.

Хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу түүнийг тус улсад нэвтрүүлэхээс татгалзсан бөгөөд Сири улсаас дүрвэсэн дүрвэгч биш юм” гэжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Авлигатай тэмцэх газрын дарга Дмитрий Захарченког баривчиллаа

Холбооны
аюулаас хамгаалах алба, ОХУ-ын Мөрдөн байцаах хороо хамтран шалгалт хийсний
дүнд тус улсын Авлигатай тэмцэх газрын
дарга Дмитрий Захарченко нь 10.7 сая ам.доллар үнэ бүхий дөрвөн орон сууцтай нь
илэрсэн
бөгөөд нэг
орон сууцнаас нь 122 сая ам.доллар гарч иржээ. Түүнээс гадна автомашиныг нь
нэгжихэд 170 мянган ам.доллар гарч ирсэн тухай Тасс агентлаг мэдээлсэн байна.

Захарченког ОХУ-д 140 сая долларын хохирол
учруулсан хэмээн тус улсын Мөрдөн байцаах хорооноос тогтоогоод байна
.

Түүнийг
төрийн ажилтнуудын авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосноор мөнгө авч, мөнгө
олдог хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Прокурорын
байгууллагаас түүнээс олдсон мөнгийг шалгаж, хэнтэй холбоотойг шалгаж байгаа
бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл хорихоор болсон байна. Гэвч өмгөөлөгчид нь
түүнийг нэг сая ам.доллараар батлан даалтад авах хүсэлтээ гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томиллоо

Монгол-Оросын
хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хороо ОХУ-ын Москва хотноо хуралдаж,
өчигдөр өндөрлөлөө. Энэхүү хурлаар УБТЗ-ын даргаар оросууд
өөрсдийн хүнээ тавихаар хүч тавьж байсан
гэх мэдээлэл буй.

Түүнчлэн
энэ хурлаар үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцснээс гадна замын даргын томилгоог эцэслэн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал,
УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилжээ. Түүний хувьд өмнө нь УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, туршлагатай
нэгэн аж.

Дашрамд,
Оросын талаас хэрэв энэ удаад дахин монгол хүн томилох бол заавал мэргэжлийн, энэ салбарын мөн улс төрийн бус томилгоо байх ёстойг
анхааруулж байжээ.

Тиймээс
ч УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга буюу тус салбарын хүн болох Д.Жигжиднямааг УБТЗ-ын
даргаар сонгох тал дээр хоёр тал санал нэгдсэн
талаар
баттай эх сурвалж мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Чулуунбат: Дөчин жил уран бүтээл хийхдээ өөрийнхөө дууг тоолж үзээгүй

“Алдрын од” одонт Харанга хамтлагийн аргил гитарчин, Up Music продакшны захирал, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбатын зургаа дахь тоглолт 10 дугаар сарын 7, 8-д “UB palace”-ийн их танхимд болох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотой өнөөдөр “Пума имприал” зочид буудалд сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр өдөр тутам болж байдаг хэвлэлийн хурлаас өөрөөр хийсэн юм. Амьд хөгжимтэй тайз засаж, өөрөө амьд хоолойгоороо гурван дуугаа дуулж сонирхуулсан нь сэтгүүлчдэдээ барисан том бэлэг байв.

Ц.Чулуунбат нь 1994 онд “Үгүйлэн санана”, 2000 онд “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”, 2003 онд “Чи миний амьдрал”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу” зэрэг таван тоглолтоо үзэгч фенүүддээ зориулж байжээ. Уг тоглолтонд “Амьдралын бэлэг” цомогт орсон шинэхэн дуунуудаа дуулахын зэрэгцээ “My street” цомгийнхоо дуунуудыг амьд хоолойгоороо дуулж, шинэчлэн найруулж хүргэх юм байна.

Ингээд түүнтэй хийсэн бяцхан ярилцлагыг хүргэе.

-“Амьдралын бэлэг” тоглолтынхоо талаар ярьж өгөхгүй юу?

-Тоглолт маань хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ бол миний соло тоглолт. Оролцож байгаа дуучид маань надтай дуэтэлж дуулна. Хоёр өдрийн турш үргэлжилнэ. Энэ удаад олон дуучдыг оролцуулаад байхыг бодсонгүй. Залуу уран бүтээлчдийг голдуу орууллаа. Жишээ нь: Маралжингоо, Хишигдалай, Баярцэнгэл, Гурван охин, Баярцэцэг, Freezone, Guys зэрэг хамтлагууд оролцоно.

-Та “Амьдралын бэлэг” тоглолтоороо үзэгчдэдээ юу хүргэхийг зорьсон бэ?

-Өдөр болгон бие биендээ бэлэг барьж байгаасай. Ядаж бэлэг бариад байхгүй ч гэсэн найз нөхдөдөө сайхан хандаж байгаасай гэж л хүсч энэ тоглолтынхоо нэрийг өгсөн дөө.

-Та “Харанга” хамтлагаас хамгийн их тоглолтоо хийсэн хүн болж болж байна уу?

-Би өрөө “Харанга”-аас өмнө дуу дуулдаг байсан. Би өөрөө уран бүтээлчдэд төлбөргүйгээр дуугаа өгдөг. Сэтгэлээрээ л гэсэн үг л дээ. Ер нь бол 40 жил урлагт зүтгэхдээ өөрийнхөө уран бүтээлийг тоолж үзээгүй. Гэхдээ уран бүтээл гэж ярих дургүй. Зүгээр л дуунууд л хийж байсан. Миний дуунуудыг олон сайхан дуучид дуулж та бүхэнд хүргэсэн.

-Та чөлөөт цагаараа уран бүтээлээс өөр юу хийдэг вэ?

-Хөвсгөл далайн эрэг дээр ч юм уу кофе уугаад л сайхан байгаль ширтээд л суух дуртай. Би ер нь их сонин хүн. Гадаад явах дургүй. Монголдоо л байх дуртай. Эх орныхоо байгальд л байх дуртай. Надад монголын маань уул тал, ой шугуй, нар сар гээд байгалийн бүх юм өдөр бүр шинэ содон харагддаг. Тэр нь их сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр би их романтик хүн байгаа биз дээ.

-Та 40 жил тайзан дээр гарч байна гэлээ. Урлагийн хүн ер нь тэтгэвэрт гардаг юм уу?

-Нас бол зүгээр тоо шүү дээ. Би тэтгэвэрт гарах болоогүй. Ялангуяа рокууд бол 70, 80 хүртлээ тайзнаас буудаггүй. Эрэгтэй хүний нэг онцлог байна. Үрчийсэн ч хорчийсон ч бидэнд нэг их сонин биш. Бид хоолойгоороо дуулж л байвал болоо. Ямар ч салбарт эр хүн бол эр хүнээрээ л үлддэг. Харин эмэгтэй хүн бол усалж байхгүй бол болохгүй цэцэгсүүд байдаг шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний тайзан дээр үлдэх талаар ярих бол өөр байх. Удахгүй бас сайхан тоглолт болно. Гэхдээ энийг нууцалчихъя.

-Таны залуу үед бүгдийг амьдаар дуулдаг байсан. Одоо үетэй харьцуулбал ямар байсан бэ?

-Тэр үед бид “Бага тойруу”-д байсан. Орцондоо гитар тоглоод л. 1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчинөөр орсон. Дараа нь 1975 онд хамтлагтайгаа дуулаад л явж байсан. 1977 онд “Соёмбо”-д мөн дуулж байсан. Ер нь тэр үед панаграмм гэж мэддэггүй улаан махан хоолойгоороо дуулаад л явсан. Тэр нь сайхан байж. Одоо бол хөгжмийн аранжровшик хийгээд л улам баяжуулж байна шүү дээ.

-Дуулж байхдаа та юу мэдэрдэг вэ?

Тухайн үеийн дуунаасаа л шалтгаална. Тухайлбал халуун сэтгэл дууг дуулж байхад, ах дүү хоёр бизнес хийж байгаад ах нь нас барчихсан юм байна лээ. Тэгээд захиалаад би тэр дууг зохиосон. Дүү нь ахдаа зориулж дуулж байгаа юм шиг зохиохыг би хүссэн. Тэгж бодоод дуулахаар өөрийн эрхгүй нүдэнд нулимс гарч ирдэг.

-Дуу зохиож байгаа хүнийг бясалгагч гэж хэлж болох уу?

Яг ч бясалгагч гэж болохгүй ээ. Сэтгэгч гэж хэлж болох юм. Бясалгана гэвэл бодоод суухыг хэлнэ. Харин сэтгэнэ гэдэг бол бодоод тэр юмандаа орох ёстой.

-Дотоод ертөнцдөө та үргэлж эрэл хайгуул хийж байдаг уу?

Байнга хийдэг. Гудамжинд явж байхдаа, машинд сууж явахдаа ч зөндөө олон зүйлсийг харж, түүнээс ямар нэг зүйлийг хайж явдаг. Энэ л миний эрэл хайгуул юм болов уу даа.

-Сүүд гаргасан дуу тань солонгосын дууны клипийг дуурайчихаж гэж хүмүүс яриад байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Дэлхийд хэн нэгэн санаа гаргаад түүнийг хэн ч аваад цааш нь үргэлжлүүлж болдог. Энэ клипийг Англичууд эхлээд хийсэн юм байна лээ. Дараа нь Америкийн хамтлаг хийсэн байдаг. Тэгээд дараа нь Солонгосын хамтлаг хийсэн.

-“Авьяаслаг монголчууд” шоунд шүүгчээр ажиллаж байгаа талаараа ярихгүй юу?

Олон улсын чанартай ийм том шоунд намайг шүүгчээр урьсан явдалд би баяртай байгаа. Энэ нь миний уран бүтээлийн маань замд салшгүй нэгэн хэсэг болж байна гэж боддог

Хөгжмийн зохиолч Н.Халиун энэ тоглолтон дээр мөн хамтран ажиллаж байгаа аж. Тэрээр “Амьд хөгжмөөр тоглоход дуу маань өөрөө аялгуулаг их гоё, сэтгэл хөдөлгөм байх ёстой. Чука ахын зохиосон дуунууд энэ шаардлагуудыг их хангадаг. Сүүлийн 10 жил бид хамтарч ажилладаг. Чука ахаас рок, поп урлагийнхан маань бүгд л зөвлөгөө авдаг. Энэ тоглолтонд бид чадварлаг хөгжимчдийн багийг бүрдүүлсэн. Мөн энэ тоглолтын онцлог гэж байгаа. Бид зүгээр тайзан дээр тоглоод хэдэн үзэгчид ирээд алга ташаад өнгөрөх биш. Тоглолтын дараа ч гэсэн Чука ахын дуугаар нь монголчууд амьсгалдаг байх ёстой.

Бид нийгмийн сүлжээг ашиглаж байна. Бүх телевиз, радиог ашиглаж мэдээллийг тарааж байгаа. Хамгийн сүүлийн үйл явц буюу морьдоор бол гарааны зурхайгаас гарах гэж байгаа үе дээр нь та бүхэн үзэгчдэд хүргэх гүүр нь болж байна. Бид ч гэсэн сэтгүүлчид та нарыг өргөн дэлгэр хүргэж өгөөсэй гэж хүсч байна. Энэ бол та бүхний урлагт оруулж байгаа хувь нэмэр чинь юм шүү” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүллээ

Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүллээ зурган илэрцүүдҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт нийтлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд, тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргахаар нэмэлт оруулсан ба тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн заасан нь Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэж Үндсэн хуулийн цэц өмнө нь тогтоол гаргаж, уг заалтыг хүчингүй болгож байсан билээ.

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалт нь дээр дурдсантай агуулгын хувьд ижил бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанд олонхитой санал нийлээгүй шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Иймд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг 2016 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Томуу өвчний эсрэг вакциныг хийж эхэлнэ

Хүйтэн, сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин буюу бидний хэлж заншсанаар ханиадны тархалт нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан томуугийн вакциныг хийж эхлэхээр болжээ. Энэхүү вакциныг манай улсад жил бүрийн аравдугаар сарын дунд үеэсулсын болон хувийн эмнэлгүүдэд хийж эхэлдэг.Энэ жил аравдугаар сарын 5-наас хийж эхлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор 12 хүн гэмтжээ

Замын хөдөлгөөн зурган илэрцүүдӨнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. СХД-ийн Энхтайваны өргөн чөлөө, Хөрс худалдааны төвийн зүүн замд T.Succeed маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.

Мөн БГД-ийн нутаг Чингүнжавын гудамж, Улаанбаатар паласын зүүн замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 32 настай эмэгтэй Ч, тэргэнд сууж явсан 01 настай эрэгтэй Т нарыг мөргөж гэмтээсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Долоон буудлын эцсийн зогсоолд түр өөрчлөлт орлоо

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ. Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна. Иймд 7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх зураглалын дагуу үйлчлүүлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Манай улс өрсөлдөх чадвараар 102 дугаар байрт жагсчээ

“Дэлхийн эдийн засгийн форум” ашгийн бус сангаас жил бүр гаргадаг судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүйг тодотгожээ. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны 2016-2017 оны тайланг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулав. Манай улс өрсөлдөх чадвараар 3.8 оноо авч, 138 орноос 102 дугаарт жагссан байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвараараа 104 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.

Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам ярихдаа, “Монгол Улс сүүлийн гурван жил өрсөлдөх чадвараараа 3.8 оноо авчээ. Эл судалгаанд манай улс хамрагдаад 12 жил болж буй. Энэ хугацаанд 3.2-3.9 хүртэл оноо авсан байдаг. Судалгааны хамгийн өндөр оноо нь 7 байдаг. “Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол Улс 4 үзүүлэлтээр бага зэрэг ахисан байна. Тухайлбал өмнөх онтой харьцуулбал Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин 0.4- оноогоор, Санхүүгийн зах зээлийн хөгжил, Технологийн бэлэн байдал, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт тус бүр 1 оноогоор өслөө. Ийнхүү макро эдийн засгийн орчны түвшин өсөхөд инфляцийн бууралт голлох нөлөө үзүүлсэн байна” гэв.

“Дэлхийн өрсөлдөх чадварын итгэлцүүр-2016” тайланд Монгол Улс 138 орноос 102 дугаар байрт жагсчээ. Тус сан дэд бүтэц, эрүүл мэнд ба боловсрол, зах зээлийн хэмжээ, макро эдийн засгийн орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан өрсөлдөх чадвараар нь эрэмбэлдэг аж.

Харин Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн бол Сингапур хоёр, АНУ гуравт жагсчээ. Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 8 жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд БНХАУ 28 дугаарт, ОХУ 45 дугаарт тус тус жагссан байна. Хамгийн сүүлийн байрт Мавритани, Чад болон Гивиней оржээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 88 хувь нь тэнцсэнгүй

Төрийн албаны туршилтын шалгалт өгсөн иргэдийн 88 хувь нь шалгалтанд унажээ.Төрийн албаны зөвлөл энэ сарын 15-20-ны өдрүүдэд “Төрийн албаны шалгалт” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж, хөндлөнгийн нөлөөгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж байгааг иргэдэд сурталчлахын зэрэгцээ төрийн албанд орох иргэд туршилтын шалгалт өгч, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорих боломж олгосон аж. Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй 1,620 иргэн Төрийн албаны зөвлөлийн soril@csc.gov.mn хаягаар өдөрлөгт оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хуваарь гарган, нэрсийг нь Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулжээ. Туршилтын шалгалтад хамрагдсан нийт 1,560 иргэний 88 хувь нь шалгалтаа амжилтгүй өгсөн байна.