Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт тусламж хүргэхээр явж байсан машин онхолджээ

Баян-Өлгий аймагт их хэмжээний цемент ачсан “Камаз” маркийн автомашин өчигдөр 17 цагийн үед осолджээ. Тухайн автомашин жолоодлого алдаж, замаас гарах үедээ ойролцоох айлын байшин руу орж, улмаар гэрт байсан иргэдийн амь эрсэдсэн байна.

Одоогоор 10 иргэн амь эрсэдсэн гэх мэдээлэл байна. Тус автомашин нь өнгөрөгч долоодугаар сарын 10-нд болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Хөл бөмбөгчдийн наймаа Монголд хийгддэг болжээ

Энэ зуны солилцооны хамгийн үнэтэй наймаа “Дэрэн” болон “Улаанбаатар сити” багуудын хооронд хийгдлээ. “Дэрэн” клубын 18 настай хагас хамгаалагч Г.Гантогтох “Улаанбаатар сити” клубт гурван сая төгрөгөөр шилжсэн нь одоогоор тодорхой болсон наймаануудаас хамгийн үнэтэйд тооцогдож байна.

Анх 2009 онд “Дэрэн” клубт элссэн залуу хүү өнгөрсөн жил дээд лигт тоглосон туршилагатай. Дээд лигийн улирлын турш гарааны бүрэлдэхүүнд багтаж, өөрийгөө ямар тоглогч гэдгийг харуулсан тэрбээр хувийн шалтгааны улмаас энэ жилийн лигийн эхэнд тоглоогүй. Төвийн хагас хамгаалагч заримдаа төвийн хамгаалагчийн байрлалд ч тоглох чадвартай Г.Гантогтох шинэ багтайгаа 2-4 жилийн гэрээ үзэглэхээр зэхэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 36 хэм халуун байна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал хээрийн нутгуудаар аагим халуун үргэлжилнэ.

2016 оны 08 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа, Түргэний уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар 34-39 градус бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 35-37 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2016 оны 08 дугаар сарын 3-наас 08 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Риогийн тамирчдад “Толгойгоо усанд бүү дүрээрэй” гэсэн сануулгыг хүргүүлжээ

Рио де Жанейро хотноо олимп болох гэж байгаа энэ өдрүүдэд усны бохирдлын түвшин санаа зовоож байна. Ассошитэд пресс агентлагийн захиалгаар Рио де Жанейро хотын усанд нь жил дөрвөн сарын судалгаа хийжээ. Энэхүү судалгааны дүн нь хүний болгоомжгүй үйлдлээс болж усны вирус, бактерийн хэмжээ өндөр түвшинд буюу 90 хувийн бохирдолтой байна гэж гарчээ. Зөвхөн 1400 тамирчинд бус усанд сэлэлтийн төрөлд оролцож байгаа тамирчдад энэ нь хортой аж.

Үүгээр зогсохгүй Копакабана болон Ипанема зэрэг томоохон наран шарлагын газруудад ирж байгаа жуулчдын нүүрний арьсанд хортойгоор нөлөөлнө гэжээ. Ялангуяа паралимпийн болон усанд сэлэлтийн тамирчдын байрлаж байгаа газарт илүү их хэмжээний вирусын халдвар байгаа нь тогтоогджээ.

Энэ жил Риогийн олимптой холбоотойгоор 300.000-500.000 гадаадын иргэд тус хотод ирэх гэнэ. Тиймээс Риогийн тамирчдыг хариуцсан мэргэжилтэн ганц л юмыг анхааруулж байгаа юм байна. Энэ нь “Толгойгоо усанд бүү дүрээрэй” гэсэн сануулга аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

“Рио-2016” олимпод Ө.Чагнаадорж оролцоно

“Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын тоо нэгээр нэмэгдэж хүндийг өргөлтийн тамирчин Ө.Чагнаадорж 56 кг-д хүч үзэх эрх авснаар 43 тамирчин “Рио-2016” наадмыг зорихоор боллоо.Монгол Улсын хүндийн өргөлтийн эрэгтэй тамирчин “Атланта-96” олимпийн наадмаас хойш 20 жилийн дараа олимпийн наадамд оролцох эрхтэй болж байна. Учир нь Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос ОХУ-ын шигшээ багийн сэргээшийн асуудлаас болж эрхийг нь хасч эрэгтэйчүүдийн эрхийг Серби, Хорват, Бельги, Монголын тамирчдад шилжүүлж байгааг мэдэгдсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын Захирагч С.Батболд “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн”

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр энэ сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулах юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Зүүн хойд Азийн зургаан улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд гарах “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.

Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд “Хотын тогтвортой , хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Чернобылийн АЦС дэлбэрсэн газарт үйлдвэр барихаар судалж байна

1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнө буюу одоогоос 30 жилийн өмнө Чернобылийн АЦС-ын дөрөвдүгээр блокт дэлбэрэлт болж 190 тонн цацраг идэвхит бодис алдагдаж байсан юм. Энэхүү дэлбэрэлт нь Хирошима хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогыг түгээжээ. Энэхүү гамшигт жилүүд ард хоцорч энэхүү газар эрчим хүчний үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэхээр судалж эхэлсэн байна. Ингэхдээ аюулгүй, байгаль орчинд ээлтэй нарны цахилгаан станц байгуулан, хөгжүүлэхээр болсон байна.

Украйны Засгийн газрын үзэж буйгаар Чернобылийн АЦС оргил үедээ үйлдвэрлэдэг байсан эрчим хүчний гуравны нэг буюу 1000 mw үйлдвэрлэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар болжээ. Одоогоор энэ ажил судалгааны түвшинд явагдаж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийд тавд бичигддэг “Face of beauty international” тэмцээн ирэх сард Монголд болно

Өнгөрсөн сард АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан. Тэгвэл ирэх сард дахин олон улсын арга хэмжээ манай улсад болох нь ээ.

Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international” миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч гээд нийт 200-300 хүн манай улсад ирэх ажээ.

Иймд АСЕМ-ын уулзалтын үеэр хөдөөг зорьсон шигээ улс эх орныхоо төлөө дахин нэг удаа хотоо чөлөөлөх уриалгыг олон нийтийн цахим сүлжээгээр гаргаад байгаа аж.

Тус тэмцээн 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд олон улсын гоо бүсгүйчүүдийг Монголын түүхэн дурсгалт газруудаар болон Улаанбаатар хот дахь музейгээр аялуулах ажээ. Мөн авьяаслаг мисс, спортлог мисс, усны хувцастай хамгийн сайхан харагддаг бүсгүй гэх мэтчилэн урьдчилан шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн ирэх сарын 23-наас аравдугаар сарын 9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Эрдэнэт хотын наадамд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлжээ

Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн Их хурд уралдаан, Орхон аймгийн баяр наадам дөрвөн өдрийн турш үргэлжилж өндөрлөв.

Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Улсын Арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ.

Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут баяр хүргэж Тэсо Компанийн орон сууцны хөнгөлөлтийн эрхийн бичиг болон бай шагнал болох таван сая төгрөгийг гардуулсан байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Оросын усанд сэлэлтийн гурван тамирчин давж заалджээ

Риогийн олимпын наадамд оролцох эрхээ хасуулаад байгаа Оросын усанд сэлэлтийн гурван тамирчин Спортын арбитрын шүүхэд давж заалджээ. Тодруулбал, Никита Лобинцев, Владимир Морозов болон Юлия Ефимова нар шүүхэд давж заалдах өргөдөл өгчээ. Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан хэмээн WADA мэдэгдсэн бөгөөд улмаар тамирчдыг Риогийн олимпын наадамд оролцохыг хориглосон шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргасан юм. Ийнхүү ОХУ-ын нэр бүхий долоон тамирчныг олимпод оролцохыг WADA дангаар хориглосныг шударга бус гэж үзжээ. Одоогийн байдлаар, Оросын нийт 100 гаруй тамирчныг Риогийн Олимпын наадамд оролцохыг хориглоод байна.

О.ӨНӨР