Categories
мэдээ улс-төр

А.Сүхбат: Ад дон шүглээгүй л бол хүн гэрээсээ хулгай хийдэггүй

УИХ-ын чуулган эхэлснээс хойш шинэ гишүүд өөрсдийгөө ард түмэндээ таниулаад эхэлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Сүхбат эдгээр хүмүүсийн дунд нэлээдгүй шуугиан тарьсан мэдэгдлүүдээрээ олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл тэрбээр өөрийн зарим хэлсэн үгнүүдийнхээ тайлбарыг хийж эхэлжээ. Тэрбээр “Бидний хоорондоо мэтгэлцдэг, санал бодлоо илэрхийлдэг гол талбар нь бүлгийн хурал. Тиймээс ч орон нутгаас сонгогдсон гишүүд малын зүс мэддэг, тариа будаа тариад үзчихсэн тийм хүмүүсийг сайд гэж дагуулж очмоор байна гэж хэлсэн. Малчин ард иргэд ч ийм захиас өгсөн гэдгээ ний нуугүй хэлсэн. Түүнээс биш салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал боллоо гэсэн зүйл яриагүй” гэжээ.

Мөн тэрээр УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэр шинээр томилогдсон сайд нарт хандан мөн “Томилогдож байгаа сайд нар яамаа миний гэр гэж бодоорой. Ад, дон шүглээгүй л бол хүн гэрээсээ хулгай хийдэггүй” хэмээн сануулжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламж гурав хоног зогсолт хийнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Ажил танилцах үеэр Төв цэвэрлэх байгууламжид 72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсаныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган засвар шинэчлэлтийн ажлыг цаашид хэвийн явуулахыг үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хотын Ерөнхий менежер “Одоо хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Хүлээгдэж байгаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэсэн.

Ус сувгийн удирдах газраас Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, засвар шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийсэн.Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160000-180000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг.

Засвар шинэчлэлтиийн ажлын хүрээнд лаг шахах 1700 метр далд шугамыг ил болгон шинэчлэн, лагийн буцах усны 3800 метр шугамыг угааж, худгийг лайдаж цэвэрлэн, ТЭЦ-ийн үнсний талбайн урд талын нуурын устай, цэвэрлэх байгууламжийн ус нийлэн цаашлан Туул голд нийлдэг байсныг салгасан. Цөөрмийг Bio-Cleaner тоног төхөөрөмжөөр цэвэрлэж байгааг танилцуулсан.

Б. УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт гарсан ослоор жолооч эхнэр хүүхдийнхээ хамт нас баржээ

Баян-Өлгий аймагт өчигдөр томоохон осол гарчээ. Аймгийн төв Өлгий сумын гуравдугаар багийн нутагт “Норд Бенз” том оврын автомашин тус сумын нутагт байрлах хүнсний дэлгүүрийг дайрсны улмаас долоон хүн нас барсан байна. Ослын улмаас жолооч болох Ховд аймгийн Жаргалант сумын харьяат 29 настай А, түүний эхнэр Жаргалант сумын харьяат 29 настай З, гурван настай хүү нь нас барсан байна. Мөн Цагааннуур сумын харьяат 46 настай Т болон 19 настай Б, 42 настай эмэгтэй Ц болон Толбо сумын харьяат таван настай охин дээрх осолд өртөж нас баржээ.

Тус том оврын машинд 50 тонн цемент ачсан байсан бөгөөд өнгөрсөн сард үерт нэрвэгдсэн айлуудын байшинд ашиглах гэж байсан бололтой.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Чиёнофүжи 62 насандаа таалал төгслөө

Японы мэргэжлийн сумо бөхийн домогт их аварга агсан Чиёнофүжи 61 насандаа таалал төгслөө. Нойр булчирхайн хорт хавдрын улмаас тэрбээр өнгөрсөн онд мэс засалд орж байсан юм. Ийнхүү өнгөрсөн ням гарагт Токиогийн их сургуулийн эмнэлэгт нас нөгчжээ. Мэргэжлийн сумогийн 58 дахь домогт ёкозүна “Чоно” хочит Чиёнофүжи 62 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тул түүний Коконоэ дэвжээг цагтаа озэки цолд хүрч явсан Чиётайкай буюу Санояма ояката удирдах болсон байна.Мэргэжлийн сүмод барилдаж байхдаа Чиёнофүжи аварга Японы эзэн хааны цомыг 31 удаа хүртэж байсан билээ. “Чоно” хочит их аварга дийлдэшгүй хүч чадлаараа алдаршсан нэгэн байсан юм. Чиёнофүжи аварга 1955 онд Хоккайдо мужийн Фүкүшима хотод мэндэлжээ. Тэрбээр 1970 онд 15 настайдаа мэргэжлийн сүмод хөл тавьсан бөгөөд 1981 онд сүмогийн хамгийн дээд цол болох “ёкозүна” цолыг хүртэж байсан аж. Тэрбээр 1991 онд зодог тайлснаасаа хойш “Коконоэ” дэвжээг хариуцан ажиллаж байсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

EБС-ийн багш нарын хүүхдүүдийг үнэгүй цэцэрлэгт хамруулна

Өнгөрсөн 2015-2016 оны хичээлийн жилд БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо хамтран төрийн өмчийн ЕБС-иудын багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тухай санамж бичгийг байгуулсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 300 гаруй цэцэрлэгт ЕБС-иудын багш нарын 3000 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт бүрэн хамруулсан байна. Тэгвэл энэхүү санамж бичгийн хэрэгжилт 2016-2017 оны хичээлийн шинэ жилд хэвийн үргэлжилнэ гэдгийг БСШУСЯ-наас мэдээлж байна.

Энэхүү санаачлагыг өнгөрсөн хичээлийн жилд хувийн цэцэрлэгүүд санаачилсан бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэхүү санамж бичиг нь зөвхөн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарт хамаарах юм байна. Багш нар хүүхдээ хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тулд Нийслэлийн боловсролын газар хандаж өргөдлөө өгнө.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн автомашины дугуй түгжихийг зогсоолоо

Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилготой “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, мөрдүүлсэн. Дээрх журмыг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн автомашины дугуй түгждэг явдлыг зогсоох үүргийг НИТХ-ын дарга Ц.Сандуй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал дээр холбогдох албаныханд өгсөн байна.

Замын хөдөлгөөнд саад учруулж, холбогдох дүрэм журмыг зөрчин зорчих хэсэгт машинаа байршуулсан машины дугуйг түгжээд зөрчил арилахгүй. Дугуй түгжсэнээр замын хөдөлгөөнд улам л саад учруулж эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдийн мөнгө олох хэрэгсэл болж байгааг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр онцоллоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр дараах байршид өглөөны 10 цагаас оройн 18 цаг хүртэл цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

Хэрэглээ нь түр тасрах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалсныг анхаарна уу. Ойрийн үеийн цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ.

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

10.30-17.30 цагт: 7-р хороо 11-р хороолол 7-9-р байр, Скайтел, Дөлгөөн сэлбэ, Нинжбадрах, Майнингконсалтинг, Сайхан сэтгэл ХХК-ууд, Орд-789 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй, Баянгол дүүрэг

10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 7, 8-р хороо 4-р хороолол 9А, Б, 10-15, 25, 29, 30, 31, 32, 36, 3-р хороолол 74, БАА-1, 2, 3-р байр, 89, 93, 94, 95-р цэцэрлэгүүд, Төрийн банк, Монгол шуудан, Амно, Эко констракшн ХХК-ууд, Дүүхээ төв болон ойр орчмоор,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв зэрэг газруудад засврын ажиллагаа хийгдэнэ.

Уг хуваарийг бүрэн эхээр нь www.tog.mn сайтаас өдөр тутам үзэх боломжтой.

Б.УЯНГА

Categories
мэдээ улс-төр

Т.Ганболд: Эрдэнэт 49 байтугай 100 хувь хувьд очих хэрэгтэй

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Гадагш нь зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүнээс ганц гэгээтэй нь алт л байна. Одоогоор хичнээн тонн алт олборлож байна?

-Он гараад долдугаар сарын байдлаар дотоодын компаниудын алтны олборлолт бараг есөн тоннд хүрч байна. Энэ жил 20 тонн алт олборлоно гэж Монголбанкнаас төлөвлөсөн. 20 тонн гэдэг бол ойролцоогоор 800 орчим сая ам.долларын валютын нөөцийг дотооддоо бүрдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил 15 тонн хүргэж чадсан. Тааламжтай бас нэг зүйл бол алтны үнэ харьцангуй өндөр өсөлттэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаагаас болж хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийн оронд алт руу мөнгө хийж байна гэсэн үг. Алтны үнэд нөлөөлдөг олон хүчин зүйлсээс энэ нь одоогоор илүү нөлөөлж байна.

-Шинэ засаг бараг бүрдчихлээ. Алтны салбар дажгүй хөгжиж, ам.долларын нөөц их хэмжээгээр бүрдүүлэхэд засаг юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

-Өнгөрсөн гурван жил алтны санхүүжилт хийнэ гэж яриад асар удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн. Алтны салбарыг дэмжинэ гэж цаасан дээр бэлэн болгосон 256 тэрбум төгрөг байдаг юм. Ямарваа нэг зүйлд өгч байгаа нэмэгдэл төлбөр, хөлс биш л дээ. Тушаагдаж байгаа алтны төлбөрийн урьдчилгаа гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд алтаа бодитой тушааж ирсэн компаниудад энэ урьдчилгааг өгчихвөл үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөсгөн нэмэлт хайгуулуудаа хийж ингэснээр ирэх жилүүдэд алтны нийлүүлэлт өсөх эерэг хандлага үүсэх сайн талтай. Товчхондоо эрсдэл багатай санхүүжилт. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт нь цаг алдахгүй хийгдээд эхлэх процесс. Төгрөг өгөөд оронд нь алт авах харьцааг улам идэвхжүүлэх, нэмэгдүүлэх бодлоготой үйл ажиллагаа гэсэн үг. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж чадаагүй л байна.

Алтны салбарын компаниуд ярьсан хэлснээ хариуцлагатайгаар биелүүлээд явж байгаа. Алтны нийлүүлэлтийн тоо хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай гэсэн нэр томьёоны хувьд бүрэн дүүрэн нийцэж ажиллаж байна.

-Алтны компаниудад сая ярьсан санхүүжилтийг шийдээд өгчихвөл олборлолт нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Бүрэн боломжтой. Ирэх жилээс манай улсын гадаад өр төлбөрийн эргэн төлөлт эхэлнэ. Тэгэхээр Монголын хувьд экспортын чиг хандлагатай, валют олж байгаа гол салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Валют олж байгаа тэргүүлэх шахуу салбар нь алт. Алтны салбарыг түлхүү дэмжвэл олон асуудлыг шийдэж чадна. Алтны санхүүжилт гэж яриад байгаа 256 тэрбум төгрөг эдийн засаг, төсвийн хувьд тийм ч том мөнгө биш. Алтны салбарын гүйцэтгэж байгаа үүргийн хажууд бүр бага мөнгө. 800 шахам сая ам.доллар нийлүүлж яваа газарт 100 гаруй сая ам.долларын л урьдчилсан төлбөр хийх гэж байгаа гэсэн үг.

Зүй нь 800 сая ам.доллар олж байгаа салбараа 400 сая ам.долларын санхүүжилтээр дэмжсэн ч уг нь болно. Өнгөрсөн гурван жилийн байдлаар бид жил бүр 13-15 тонн алт нийлүүлж чадлаа. Энэ жил 20 тонныг нийлүүлэх гэж зүтгэж байна. Чамлахаар тоо биш. Дахин хэлэхэд санхүүгээр дэмжвэл алтны нийлүүлэлт өснө.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авсан нь зөв, буруу гээд ид шуугьж байна. Бизнес эрхлэгчийн хувьд үүн дээр ямар байр суурьтай яваа бэ?

-“Эрдэнэт”-ийг бид сайн мэднэ. Олон жил Монголын эдийн засгийг чирч явсан ганц том үйлдвэр. Социализмын хамгийн том бүтээн байгуулалт. Өнгөрсөн 26 жилд ч гэсэн улсын эдийн засаг дахь үүрэг нь нэгдүгээрт байсан. Гэхдээ “Эрдэнэт” 49 хувь байтугай 100 хувь хувьд очих ёстой.

-Яагаад 100 хувь хувьд очих ёстой гэж?

-Хүн бүр өөр өөрөөр харж, хандаж байгаа байх. Бид асуудалд бодитой хандаж амьдралыг ил тодоор харвал өнөөдөр улс орны маань нийгэм эдийн засаг сонгуулийн буюу дөрвөн жилийн циклээр өрнөдөг. Аль нэг нам ялдаг. Амьдрал дээр бүтээн байгуулалт, эрсдэл, юм юмыг хийж чадаагүй дийлэнх олонхи нь улс төрөөр дамжиж, татвар төлөгчдийн хуримтлуулсан төсвийн гэх хөрөнгөн дээр туршилт хийж, гараа угааж, тансаглаж, хувийн амьдралаа ахиулж амьдарч ирсэн. Энэ бол бодит үнэн. Үүний хамгийн том золиос, хамгийн том зовлонг нь үүрч явсан газар бол “Эрдэнэт” үйлдвэр. “Эрдэнэт” үйлдвэр маш өндөр ашигтай, асар их үр өгөөжтэй ажиллах бүрэн боломж ганц л тохиолдолд үүснэ. Тодруулж хэлбэл, хувьд 100 хувь очиж байж ийм боломж нээгдэнэ. Нийгэмд өнгөц бужигнаан яваад байна л даа. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилчихлаа гэсэн бужигнаан. Зүй нь бол гэрэл гэгээ рүү ойртож байгаа алхам. Идэж уудаг, шахаа хийдэг, шамшигдуулдаг, хоноцын сэтгэлээр, улс төрийн дөрвөн жилийн циклээр амьдардаг, томилогддог дарга нар, улстөрчдийг хоолноос нь салгах гэхээр тэд өөрсдөө нийгэмд бужигнаан үүсгэж байгаа хэрэг. Мэдлэг, мэдээлэл муутай ард түмнийг турхирч байгаа л явдал шүү дээ. Ингэсний оронд ирээдүйгээ харж үр хүүхдүүддээ зөв тогтолцоо, зөв эдийн засаг, эрүүл орчин, зах зээлийг үлдээхийн төлөө энэ мэт алхмуудыг зоригтой хийж, ард нь гарах ёстой.

-МАН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт”-ийг 100 хувь төр аваад яахаа шийднэ гэх маягийн мэдэгдлүүд хийгээд эхэлчихсэн. Таны яриагаар бол төр өөрт байгаа 51 хувиа ч хувьчилж байж “Эрдэнэт”-эд илүү өндөр ашигтай ажиллах боломж нээгдэх нь ээ?

-Тэгнэ. Төрд нэг гажиг тогтолцоо бий болчихсон. Төр гэдэг бол асар том давуу эрхтэй, асар том хоноцын сэтгэлтэй, өлсгөлөн улстөрчдийн асар том компани. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлддөг. Аж ахуйн нэгжүүдтэйгээ давуу эрхээр, түрэмгий нөхцөлөөр, хууль хяналтын байгууллагаараа зэвсэг хийж өрсөлддөг учраас манай эдийн засаг сул дорой байгаа юм.

Ийм нөхцөлийг тулгаад байхаар зүгээр ажлаа хийж яваа бизнесүүд улс төр рүү орж эхэлж байна. Энэ бүх дарамтыг тэсч дийлэхээ болиод төр рүү орж байгаа гэсэн үг. Хүн тэжээж, хөдөлмөрлөж, эрсдэл хийж, бүтээн байгуулж үзээгүй дийлэнх олонхи нь төрд очиж, хэнхэглэж, худлаа ярьж, мэдэмхийрч улс орныг доройтуулж ирлээ л дээ.

-Бизнесийнхэн яг ийм шалтгаанаар төрд орж, эрүүл зөв нөлөөлөл үзүүлэх нь дээ гэсэн олзуурхал ХҮН намыг анх байгуулагдахад төрж байсан. Гэтэл сүүлдээ өөрөө өөрсдийгөө булшилчихав уу даа гэж дүгнэхээр үйл явдал өрнөсөн. Сонгуулиас өмнө яагаад ингэв гэж асуумаар байна…?

-Биенээ огт танихгүй, ондоо хүмүүжил орчинд өсч хүмүүжиж боловсорсон улс хэдхэн сарын дотор мундаг итгэлцэл үүсгээд гар гараа барилцаад явах нь хэцүү, боломжгүй шахуу зүйл. Хүмүүс хоорондын үзэл бодол, асуудалд хандаж байгаа хандлага бүхэн маргаан үүсгэнэ.

Тэр дундаа бид монгол хүмүүс. Хятадууд нам байгуулж байгаа биш, монголчууд учраас зодолдоно, муудалдцана. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал бидэнд туршлага, сургууль болсон.

Нийгэмд эерэг давалгаа үүссэн. Бидэнд боломж гарсан нь үнэн. Том намууд судалгаа хийж үзээд бидний энэ боломжоос айсан.

Айсандаа сонгуулийн системийг нийлж байгаад өөрчилсөн. Үүнээс болж нэг нь үнэмлэхүй ялсан. Холимог системээр өрсөлдсөн бол МАН, АН УИХ-д тус бүр 30-35 суудал авах байсан. Бид 5-10 суудал авах байсан. Ийм боломж харагдаж байсан учраас бид оролдсон. Түүнээс биш нэг компани, нэг хувь хүн улс төрийн бүхэл бүтэн байгууллагыг бүрэн дүүрэн санхүүжүүлээд, нэг нь 26 жил, нөгөө нь 90 гаруй жил болчихсон намын дэд бүтэц, боловсон хүчин, санхүүтэй өрсөлдөнө гэдэг боломжгүй. Холимог системд найдаж, нөгөө талаас өөрсдийнхөө идэвх зүтгэл, эрмэлзлээр чадалтай нь тав, гурван цаасаа нийлүүлж нийгэмд, улс төрд шинэ уур амьсгал оруулъя гэж мөрөөдөж зүтгэсэн хэрэг. Сонгуулийн систем өөрчилснөөр энэ мөрөөдөл талаар болсон. Мэдээж өмнө хэлсэнчлэн сайн танихгүй мэдэхгүй, биедээ итгэж, ойлголцож чадаагүй гэсэн жижиг шалтгаан бас бий.

Гэхдээ шантраад бууж өгсөн юм байхгүй. Цаашдаа эрчтэй ажиллаад явна гэсэн бодолтой байгаа. 2020 онд бодитой амжилт гаргана.

-Засгийн газрын ихэнх сайд ажилдаа орчихлоо. Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүний нэрийг түдгэлзүүлээд байна. Засаг тойрсон асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-Иргэн хүний хувьд улс төрийн томилгоонуудыг анхааралтай ажиглаж байна. Зүй нь хамгийн эхэнд дэмжигдэх ёстой нь бол нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн сайд. Барилга барьдаг хүүхэн л гэж байна. Энэ хүн өөрийнхөө эрсдэл, өөрийнхөө амьдралаар Засгийн газарт орох дипломынхоо ажлыг хийгээд үзүүлчихсэн. Би тэр хүнийг танихгүй. Нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн хүн бол салбар салбартаа өөрсдийнхөө бодит үзүүлэлт болон бодит үйлдлээрээ юу хийж чаддагаа үзүүлж танигдсан хүмүүс. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр төрд очиж “суралцах”, мөнгө олох гэж байгаа хүмүүс биш гэж бодож байна. Харин ч их илүү дэвшил хөгжлийг тухайн салбарт хийх байх. Зарим хүмүүсийн эсэргүүцлийг хараад байх нь ээ ерөөсөө л монгол хүний араншин гарч ирж байна. Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас монгол хүн авлаа гэхээр уурлаж байгаа биз. Үүнийг би амьдралаараа туулсан. “Алтан Дорнод” гэдэг компанийг Оросоос аваад ирэхэд намайг тосч аваад шоронд хийж байсан. Монгол хүний нэг онцлог бий. Бүгд дорой муу ядуу байвал баярладаг. Нэг нь амжилттай явахаар уурладаг, булаах гэдэг улмаар маш их шүүмжилдэг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Categories
мэдээ нийгэм

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийг Х.Хатанбаатар ахална

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр хэлэлцүүлж байна гэсэн юм.

“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн иргэд тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж, сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ” гэв.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон “Богд хан төмөр зам” барих ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол, бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулах юм. Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна гэж төлөвлөжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Үер уснаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын дарга өглөө

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр
хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотод 7 дугаар сарын 28-нд орсон түр зуурын,
хүчтэй, аадар борооны улмаас үүссэн
үерийн нөхцөл байдлын талаар болон Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга
хэмжээний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, үүрэг
даалгавар өглөө. Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаа том, жижиг үер
болсон байна. Энэ нь дунджаар 2,9 жил тутамд нэг удаа үер тохиолдсон гэсэн үг
юм. Харин сүүлийн 10 жилд 19 удаа үер буусан гэсэн судалгааг Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын албанаас танилцууллаа. Энэ нь хотын хүн ам нэмэгдэж,
үерийн аюултай бүсэд иргэд суурьшиж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Нийслэлийн
хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, шугам
сүлжээний цэвэрлэгээ засварыг жил бүр хийдэг. Энэ жилийн хувьд инженерийн
бэлтгэл ажлын урсгал зардалд 5 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийтийн
үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл далан сувгийн цэвэрлэгээг 4 дүгээр сараас
эхлэн хийж дуусжээ.

Цаашид
ч хэт халж, хүчтэй усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас үерийн аюулаас
сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Тэрээр “Улаанбаатар
хотод 2000 оноос хойш үер болох нь нэмэгдсэн байна. Энэ нь бидэнд үерээс
урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийх ёстойг сануулж байгаа хэрэг юм.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр ашиглалтад орж байгаа
барилгуудад ус зайлуулах систем хийж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах
хэрэгтэй. Мөн гамшгийн үеийн мэдээлэл солилцох системийг илүү боловсронгуй
болгож, шинэчлэн батлуулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод гамшиг, осол
болсон тохиолдолд хамгийн түрүүнд хэнд, яаж мэдээллэл хүргэх нь маш тодорхой
байх ёстой. Мэдээлэл дамжуулах цаг хугацаанаас гамшгийн эрсдэл шууд хамаарна.
Тиймээс үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн юм.

Шуурхай
комиссын хурлын үеэр нийслэлийн Засаг дарга, үерт өртсөн газруудын
ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж дуусгах, Улаанбаатар хотод дахин
үер болох эрсдэлтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд сонор сэрэмжтэй
ажиллах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг
сонирхолтой ойлгомжтой байдлаар бэлтгэн олон нийтэд тогтмол мэдээлж байх, үер
хаанаас бууж байгааг нарийвчлан судалж тогтоох, гамшгийн мэдээллийн дуут
дохиллын системийг сайжруулах, шинээр баригдаж байгаа барилгуудад ус
зайлуулах системийг заавал хийх зэрэг үүрэг даалгаварыг хотын дарга холбогдох
албаныханд өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.