Categories
мэдээ нийгэм

Аймаг, сумдын баяр наадам үргэлжилж байна

Энэ сарын 15-наас Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Дэлгэрэх, Мандах зэрэг сумдын наадам эхэлжээ. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан захирамжийн дагуу сумдын наадам энэ сарын 15-25 хооронд зохион байгуулах аж. Говийн хутагтуудын өлгий нутаг гэгддэг тус аймагт энэ жил хур бороо ихтэй дэлгэр сайхан зун болж байна. Сумдын наадамд 32-64 хүчит бөх барилдаж, зургаан насны морьд уралдаж байгаа юм байна. Тухайлбал, Улаанбадрах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ зэрэг сумаас гадна хөрш Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумдын уяач наадамчид ирцгээжээ.

Мөн Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 15-наас эхэлсэн байна. Энэ жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам тохиож байгаа ажээ. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр хурдан морь уралдуулж, нум сум харваж, хүчит бөхийн барилдаан зэргээр наадам үргэлжилж байна. Улсын заан Б.Баянмөнх, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Б.Ганхуяг, Улсын начин Ч.Хөхчирэнгэр тэргүүтэй бөхчүүд аймгийнхаа баяр наадамд зодоглож байна.

Түүнчлэн өчигдөр Булган аймгийн Хишиг-Өндөр, Сайхан, Могод гэсэн сумдын баяр наадам эхэлжээ. Баяр наадам болж буй тус сумдад төрөлх нутгийн иргэд амралт, аялал зугаалгаар ирэн хөл ихтэй байгаа гэнэ. Дээрх сумдад айраг 3000 төгрөгний үнэтэй байгаа бол хуушуур 1000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Анхдагчдын өлгий Булган нутагт хур бороо ихтэй, дэлгэр сайхан зун болж байгаа юм байна.

Б.УРАН

Categories
гадаад мэдээ

Францад халдлагад амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэж байна

Францын Ницца хотод болсон халдлагад өртөн амиа алдагсдын дурсгалд зориулан хүмүүс цэцэг болон лаануудыг өргөсөөр байна. Энэ халдлагаар 84 хүн нас барснаас тав нь цагдаагийн албан хаагч 10 нь хүүхэд байжээ. Хүүхдийн төлөөх сангийн тэргүүн Степан Симпсоны мэдээлснээр гурван хүүхдийн бие маш хүнд байгаа юм байна. Францад гарч байсан өмнөх халдлагаар 130 хүн нас барж байжээ. Гашуудан цэцэг өргөгчдийн цуваа 2 км үргэлжилжээ. Энэхүү явдлаас үүдээд Францын Ерөнхийлөгч П.Олландын суудал ганхаж магадгүй байна.

О.Өнөр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс “АСЕМ-11”-ийг сайн зохион байгуулж, дэлхийн анхаарлын төвд байлаа

Ази, Европын эдийн засгийн 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалт энэ өдрүүдэд манай улсад болж, өнөөдөр албан ёсоор хаалтын үйл ажиллагаа явагдан, эрхэмсэг зочид маань нутаг буцацгааж байна.

Ази, Европын орнуудыг нэгтгэсэн АСЕМ-ын дээд хэмжээний 10 дугаар уулзалт Итали улсын Милан хотноо өнгөрсөн 2014 онд болж өндөрлөсөн билээ. Тус байгууллагын 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардан авч байсан юм. 53 улс орныг эгнээндээ нэгтгэсэн, хоёр жилд нэг удаа болдог АСЕМ-ын уулзалтыг манай улс нэр төртэй, амжилттай сайн зохион байгууллаа.

Ирсэн зочид төлөөлөгчид ч ингэж дүгнэв. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Би ирэхдээ төлөвлөснөөсөө илүү хоёр талын уулзалтууд хийгээд амжлаа. Танай орон сайн зохион байгуулж чадлаа” хэмээснийг Гадаад хэргийн сайд дуулгаад авна лээ. Мөн энэ удаагийн АСЕМ-д дээд түвшний төлөөлөгчид олноороо хүрэлцэн ирсэн нь ямар хэмжээнд зохион байгуулж байгаагийн илэрхийлэл шүү хэмээн ирсэн зочид онцлоод буцжээ.

Мэдээж, энэ хоёр өдөр Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байлаа. Зочдод зориулсан “Бэсрэг наадам” хийсэн нь бүр чиг өнгө нэмлээ. Наадмын үеэр морь уралдуулж, бөх барилдуулахын зэрэгцээ уртын дуу, морин хуур, үндэсний бүжиг зэрэг тоглолт үзүүлж, өв уламжлал, ёс заншил юугаан давхар сурталчилсан нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон юм. Өндөр дээд түвшний зочид монгол зоны найрсаг, зочломтгой байдал, агуу их түүх соёлыг гайхан биширснээ уулзалтын төгсгөлд эшлэн хэлцгээж байсан билээ. Ялангуяа Европын холбооны ерөнхийлөгч Жон Клод Юнкер монголчуудын баялаг түүхээр бахархсанаа онцолсон юм. Мөн олон улсын хэвлэлүүд, Монголын ёс заншил, давтагдашгүй соёлыг бичиж, гаднын иргэд ч АСЕМ-ын сонирхолтой гэрэл зургуудыг хараад Монголд ирж үзэхийг хүсэж байгаа тухай мэдээлэл цахим орчид түгж эхэлжээ. “АСЕМ-11” Монголын тухай олон улсад эерэг сэтгэгдэл төрүүлж чадлаа.

АСЕМ-ын уулзалтын үеэр өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн тэргүүнүүд дэлхийн дулаарал, харилцаа хамтын ажиллагаа, эдийн засаг, цаашдын хөгжлийн бодлого зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, санал нэгдсэн нь ахиц дэвшил байлаа. АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийхдээ “18 сарын турш бэлтгэж байж энэ уулзалтын ард амжилттай гарлаа. Энэ нь дээд түвшний уулзалт зохион байгуулах маш том туршлага боллоо. Мөн амжилттай зохион байгууллаа. Уулзалтын зохион байгуулах багт оролцож ажилласан төрийн байгууллагынхан болон төрийн бус байгууллага, сайн дурынхандаа маш их баярлалаа. Мөн ус, ундаа бензин зэрэг өөр, өөрийн бараа бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэж, хандив өргөсөн байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Уулзалтыг зохион байгуулахад нийтдээ 21 тэрбум төгрөг зарцуулсан. Тус мөнгөөр бид цагдаагийн машин, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарын сургалт зэрэгт зарцуулж, зарим төлөөлөгч нарын зардал, буудлын төлбөр зэрэгт зарцуулсан байгаа” гэлээ. Түүнчлэн АСЕМ-ийн төвийг Монголд байгуулах саналаа илэрхийлсэн гэдгийг дуулгасан юм.

Н.ГАНАА

Categories
гадаад мэдээ

Туркт 60 хүн нас барж, 1000 гаруй хүн шархдаад байна

Туркийн Ерөнхийлөгч
П.Эрдагоны хяналтын эсрэг одоо болтол Анкара болон Истанбулд буун дуу гарсаар
цэргийнхний эмх замбраагүй байдал үргэлжилсээр байна. Одоогоор нас барагчдын
тоо 60-д хүрч гэмтэж шархадсан хүмүүс 1000 давжээ. Энэ бүхний ард Дэлхийн
хамгийн том Лалын номлогч Фетулах Гулен байгаа гэж Туркийн Ерөнхийлөгч үзэж
байна. Тэрээр Пенсальван мужийн нэгэн жижиг хотод амьдардаг гэнэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн онцлох зочид (III)

Швейцарийн Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман:

1952 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн. Бизнесмен улс төрч. Хоёр хүүхэдтэй. Тэрээр Швейцарийн Сумисвалдад малын эмчийн гэрт төржээ. 1977 онд электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1983 онд бизнесийн мастер цол Францад хамгаалсан байна. 1990-2010 онд гэр бүлийн механик инженерийн чиглэлийн компанийг ажиллуулж байсан. 1999 онд Швейцарийн Үндэсний консулд анх удаа сонгогдон, улмаар 2003-2007 онд дахин сонгогдож байсан. 2010 оноос Эдийн засгийн харилцаа, боловсрол судлал холбооны газрын тэргүүнээр ажилласан.

Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч Хамид Ансари:

1937 оны дөрөвдүгээр сарын 1-нд Баруун Бенгалын Калкутта хотод төрсөн өдгөө 79 настай. Тэрбээр Конгрессийн Ерөнхийлөгч, Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүн байсан Мухтар Ахмад Ансаригийн ач хүү нь юм. 1961 оноос Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас ажлын анхны гараагаа эхэлж байжээ. 2007 оны наймдугаар сарын 11-нд Энэтхэгийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон, 2012 онд дахин сонгогдсон. Ингэснээр Энэтхэгийн дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон цорын ганц хүн болсон юм. Мөн Энэтхэгийн төрийн захиргааны үндэсний их сургуулийн захирлаар давхар ажилладаг. 2000-2002 оны хооронд Алигарх Муслим их сургуулийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Тайландын Ерөнхий сайд Чан-о-ча:

1954 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн. Тайландын хааны армиас тэтгэвэрт гарсан. Үндэсний энх тайвны төлөөх зөвлөлийн тэргүүн. 2010-2014 онд Тайландын хааны армийн командлагч байсан. Тайландын Ерөнхий сайд байсан Таксин Чинаватраг хүчтэй шүүмжлэгч байж, 2009-2010 онд гарч байсан “Улаан цамц” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Тэрбээр өөрийн зохиосон дуугаараа дамжуулан ард түмнийг зоригжуулан уриалан дууддаг авьяастай ба “Тайландын азжаргал буцаж ирлээ” гэдэг дууг нь үндэсний телевиз радиогоор байнга дамжуулдаг аж.

Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер:

1954 оны 12 дугаар сарын 9-нд төрсөн. 1971 онд Христийн ардын намд элссэн. 2014 оноос хойш Европын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 1995-2005 онд Люксэнбургийн ерөнхий сайд. 1989-2009 онд Сангийн сайд. Европын холбоонд өөрийн улсыг нэгтгэхэд тэргүүлэн оролцсон. 2014 оны Парламентын сонгуульд Европын ард түмний намаас нэр дэвшсэн. Түүний нам 751 суудлын 220-ийг нь авчээ. 1979 онд Страсбургийн их сургуульд хуулийн мастерийн зэрэг хамгаалсан. Хуульчаар ажиллаж байгаагүй. Герман, Франц, Англи хэлтэй. Католик шашинтай.

Киприйн Ерөнхийлөгч Никос Анастиадас :

1946 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. 2013 оноос хойш Киприйн Ерөнхийлөгч хийж байгаа. Ардчилсан намын дарга болон Парламентийн гишүүн болж байсан. Тэрбээр Үндэсний Каподистрийн их сургуулийг төгссөн хуульч мэргэжилтэй ба “Nicos Chr.Anastasiades and Partners” хуулийн фирмийг үндэслэгч юм. 1997-2013 оны хооронд тус намын тэргүүлэгчдийн нэг байсан. Хүү охин хоёртой.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийг үдэж өглөө

АСЕМ-ын өндөр дээд хэмжээний зочид нутаг буцахаар, мордоцгоож байна. ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев мөн өнөөдөр буцлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үдэн гаргаж өгчээ.

Д.Медведев манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Тэд энэ үеэр Эгийн голын УЦС барих асуудлыг хөндөн ярилцсан юм. Тэгэхэд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгаль нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ” гэж хэлсэн юм.

Н.Ганаа

Categories
мэдээ улс-төр

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нутаг буцахаар мордлоо

Асемийн дээд түвшний уулзалт өнгөрсөн хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтын хуралдаанаа хийгээд, уулзалтын үйл ажиллагаа өндөрлөсөн. Тиймээс өндөр дээд зочид, Ази, Европын улс орнуудын төрийн тэргүүн нар өнөөдрөөс эхлэн нутаг буцаж байгаа юм. Дөнгөж саяхан Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нутаг буцахаар мордлоо. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн аян замд нь үдэж өглөө.

Н.Ганаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатарын тунхаглал” батлагдлаа

УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ “АЗИ-ЕВРОПЫН УУЛЗАЛТ (АСЕМ) ГУРАВ ДАХЬ АРВАН ЖИЛДЭЭ”

Монгол улс, Улаанбаатар хот, 2016 оны 7 дугаар сарын 15-16

АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэж, АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох зорилгоор 2016 оны долдугаар сарын 15-16ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын гишүүнчлэл 26-аас 53 түнш болж өргөжин тэлж ирсэн нь АСЕМ Ази, Европын хамтын ажиллагаа, яриа хэлцээрийн чухал, өвөрмөц талбарынхаа хувьд ач холбогдолтой бөгөөд хэрэгтэй гэдгээ нотлон харуулж байгааг бид бахархалтайгаар тэмдэглэж байна. АСЕМ нь бат бэх энх тайван, аюулгүй бөгөөд тогтвортой байдал, эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх замаар 21-р зууны дэлхийн хөгжлийг тодорхойлоход чухал хүчин зүйл болсоор ирсэн ба цаашид ч байх болно.

БИД АСЕМ НЬ :

  • Ази, Европын хооронд харилцан ойлголцлыг бий болгон бэхжүүлэх,
  • Улс төрийн яриа хэлцээр өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болон нийгэм-соёлын солилцоог нэмэгдүүлэх,
  • Ази, Европ хоорондын уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, энх тайван ба хөгжлийн төлөөх харилцаа, харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх,
  • Ази, Европын сан \АСЕФ\-гаар дамжуулах зэрэг арга замаар хүмүүс хоорондын харилцааг өргөжүүлэх боломж бий болгох,
  • Бүс хоорондын болон дэлхийн түвшинд, түүнчлэн хоёр бүс нутгийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх,
  • Үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад олон талт үйл явцыг бэхжүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн гэж үзэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ази, Европын хооронд илүү нягт уялдаа холбоо, илүү үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар АСЕМ-ын үйл явцыг нээлттэй, хувьсан хөгжих байдлаар урагшлуулах шийдвэр төгс байна.

АСЕМ-ын үйл явц нь нийтийн зөвшилцлийн үзэл санааны дагуу эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх болон харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр цааш хөгжих ёстой гэдгийг бид бататган илэрхийлж байна.

Бид АСЕМ-ын ач холбогдлыг харуулах, түүний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор“АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд эсвэл 3 дугаар сарын эхний долоо хоногийн аль нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэв.

АСЕМ-ыг гурав дахь арван жилд нь амжилттай залан чиглүүлэхийн тулд бид дараах үүргийг хүлээж байгаа болно:

ТҮНШЛЭЛЭЭ БЭХЖҮҮЛНЭ

2000 оны Ази, Европын Хамтын ажиллагааны зааг хүрээ болон АСЕМ-ын бусад баримт бичигт тодорхойлсны дагуу албан бус улс төрийн яриа хэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачилгууд нь бидний түншлэлийн гол цөм нь байна. Өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын байдал тогтворгүй, хувирамтгай болж байгаа өнөө үед АСЕМ нь үр ашиг бүхий олон талт хамтын ажиллагааны үйл явц, эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тогтооход тус дөхөм үзүүлэх үүргээ бэхжүүлнэ. АСЕМ нь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжил болон баталгаатай амьжиргааны түвшинд хүрэхийг зорьж буй ард түмнүүдийн хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн тулд түншлэлийнхээ гол гурван тулгуураа тэнцвэртэй хөгжүүлж бэхжүүлнэ. АСЕМ нь Ази-Европын олон талт, хүн төвт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.

БОДИТ ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

Бидний санал санаачилгууд нь албан бус яриа хэлцээрээс эхлээд Ази, Европын улс түмэнд бодит үр өгөөжөө өгөх хүртэл үр дүнтэй байх явдлыг хангахын тулд АСЕМ нь нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад анхаарлаа төвлөрүүлэх болно. Үүнд, терроризм, түрэмгий экстремизмтэй тэмцэх, далайн аюулгүй байдал, далайн дээрэм болон зэвсэгт халдлагатай тэмцэх, хүний ба хар тамхины наймаа, кибер аюулгүй байдал ба кибер гэмт хэрэг, мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон түүний ашиглалтын аюулгүй байдал, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг дээдлэн сахих, хуулийн засаглал ба олон улсын эрх зүйг нийтээр хэрэгжүүлэх, хүний эрх, авилгатай тэмцэх, шилжилт хөдөлгөөн, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдлийг бууруулах ба түүний удирдлага, хүнс-ус-эрчим хүчний аюулгүй байдал, эх газрын болон далайн нөөц баялаг ба хууль бус, бүртгэгдээгүй болон хяналтгүй загас агнууртай холбоотой асуудлууд, боловсрол, ядуурлыг арилгах, цэнхэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, либералчлах, шинжлэх ухаан, технологи, инноваци, тээвэр, ЖДҮ-ийн хамтын ажиллагаа, чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн чадавхижуулалт, залуучууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг багтана. АСЕМ нь дорвитой хувь нэмэр оруулж чадах, хоёр бүсийн аль алинд нь ашиг тусаа өгөх салбаруудад анхаарлаа төвлөрүүлэхийг зорино. Үүнтэй холбогдуулан, хамтын ажиллагааны бүх санаачилга, механизмууд нь АСЕМ-ын үйл ажиллагаанд хүмүүсийн, ялангуяа залуучууд ба бизнесийн оролцоог нэмэгдүүлэхийг зорих ёстой. Үр өгөөжөө өгөхүйц хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрийн хүрээнд хэрэгжүүлэх санал санаачилга, төслүүд болон төрөл бүрийн салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах нь АСЕМ-ын түнш орнуудын хөгжлийн ялгааг багасгах, хөгжиж буй түншүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой.

УЯЛДАА ХОЛБООГ БҮХИЙ Л ЧИГЛЭЛЭЭР БЭХЖҮҮЛНЭ

Уялдаа холбоог төрөл бүрийн чиглэлд хөгжүүлэх нь чухал бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зорилт юм. Уялдаа холбоог АСЕМ-ын хамтын ажиллагааны бүх чиглэлд тусган бататгах болно. Хоёр бүс нутгийн харилцан хамаарал өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд АСЕМ-ын үйл ажиллагааны аль ч салбарт Ази, Европыг салган авч үзэх боломжгүй юм. АСЕМ нь гишүүнчлэлээ өргөжүүлэн улам харилцан хамааралтай, хамтын ажиллагааны шинж чанартай болж байгаа тул Ази, Европын хооронд энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хийгээд хүртээмжтэй хөгжлийн төлөө уялдаа холбоог өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой тавцан болж байна. Энэ нь улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа, нийгэм, соёлын болон хүмүүс хоорондын харилцаа холбоо бүхий АСЕМ-ын тулгуур гурван чиглэлээрх бидний түншлэлийн бүх талыг хамарна.

АЛБАН БУС ШИНЖ ЧАНАР, СҮЛЖЭЭНИЙ ХЭЛХЭЭ ХОЛБОО, УЯН ХАТАН БАЙДЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ

2006 оны “АСЕМ-ын ирээдүйн талаарх Хельсинкийн тунхаглал”-ыг цохон дурдахын хамт нэг нэгнийхээ түүх, соёл, уламжлал, хүсэл эрмэлзлийг илүү сайн ойлгож, хүндэтгэлтэй хандах үүднээс бид АСЕМ-ын хүрээнд албан бус байдал, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан чанарыг бэхжүүлэхийн ач холбогдлыг дахин онцолж байна.

Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд Ази, Европын залуучуудын чуулга уулзалтыг түүнд хамруулах, Ази, Европын хөдөлмөрийн чуулга уулзалтыг АСЕМ-ын нэмэлт оролцогчийн форум болгох замаар тэдний оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, АСЕМ-ын оролцогч талуудын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

ДАРААГИЙН АРВАН ЖИЛ РҮҮ

АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан АСЕМ-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, ард түмнийхээ тогтвортой, гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгож, өнөөгийн хийгээд хойч үеийнхэндээ амар тайван амьдрал, хөгжил цэцэглэлтийг хангах үүднээс Ази, Европын хоорондын уялдаа холбоо, харилцан ашигтай түншлэл болон хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран зүтгэх улс төрийн хүсэл зориг дүүрэн, шийдвэр төгс байгаагаа дахин илэрхийлж байна.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал өндөрлөж, нутаг буцлаа

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 13-15-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон олон асуудлаар санал солилцсон юм. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар оролцож албан ёсны 15 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Энэ үеэр Хятадын тал 38 тэрбумын төгрөгийн өрөөс чөлөөлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Ийнхүү БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан ёсны айлчлал амжилттай өндөрлөж, улмаар өнөөдөр 11.00 цагт нутаг буцлаа.

Б.Уранчимэг

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын уулзалтад ирсэн өндөр түвшний зочид хэлэлцсэн асуудлууддаа санал нэгдэж чадлаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож буй таван удирдагч хамтран хэвлэлийн хурал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Туск, БНСловак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Мьянмарын холбооны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар хэвлэлийн хурал хийж, хуралд олон улсын сэтгүүлчид оролцлоо. Хэвлэлийн хурлын үеэр тэд Монгол Улс АСЕМ-ын хурлыг өндөр түвшинд зохион байгууллаа гэдгийг онцолж байв.

Хэвлэлийн хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ:

АСЕМ-ын 11 дэх удаагийн чуулга уулзалт манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр бид олон чухал асуудлуудын тухай ярилцлаа. Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс бид өнгөрсөн 20 жилд болж өрнөсөн асуудлыг ярилцаж, хийсэн ажлаа дүгнэн хэлэлцлээ. Манай улсын төрийн гурван өндөрлөг хоёр талт 60 уулзалт хийсэн. Ингээд гаднынхантай АСЕМ-ын үеэр нийт 100 гаруй хоёр талт уулзалт хийлээ. Маш олон сонирхолтой сэдвүүдээр санал солилцсон. 100 жилд нэг тохиох том уулзалт манай улсад болж өндөрлөсөн онцгой сайхан үйл явдал боллоо. Манай улсад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд маш их баярлалаа. Та бүхнийг Монголд ирсэнд манай ард түмэн баярлаж, бахархаж байна. Дахин зочилж, ирээрэй. Та бүхэнд талархлаа.

Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Туск:

Бидэнд зориулж хийсэн Монголын үндэсний наадам маш их таалагдлаа. Агуу, өв соёл ёс заншилтай эх орон юм. АСЕМ-ын өндөр түвшний уулзалтын арга хэмжээ бол бидний улс эх орноо хөгжүүлэх дохио юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 100 жилд нэг удаа тохиох уулзалтыг эх орондоо өндөр түвшинд зохион байгуулж чадлаа. Танай ард түмэн маш найрсаг, зочломтгой юм. Би Монгол улсад гурав дахь удаагаа ирж байна. Ирэх бүрт халуун дотноор хүлээн авдаг. Та бүхэнд баярлалаа.

Мьянмар холбооны Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:

Бид бодит үр дүн, шинэ санаачилгыг дэвшүүлэн ярилцлаа. Бид санал нэгдэж чадлаа. АСЕМ-ын үеэр Бүс нутгийн асуудлууд, АСЕМ-ын гишүүн орнуудын 2030 он хүртлэх хөгжлийн бодлого зэрэгт анхаарах болно. Энэ тухай ярилцсан байгаа. Эдийн засгийн эрсдлийг бууруулах талаар мөн ярилцсан. Биднийг найрсаг дотноор хүлээн авч, уулзалтын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан Монголчуудад гүн талархал илэрхийлье.

БНСловак улсын Ерөнхий сайд Роберт Фицо:

Бид хөтөлбөртөө тусгасан зорилгынхоо дагуу уур амьсгалын өөрчлөлт, улс орны тогтвортой хөгжил зэрэгт онцгой анхаарах талаар ярилцлаа. Мөн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарна гэсэн байгаа. Монголчуудын найрсаг занд баярлалаа. Биднийг маш сайхан хүлээн авлаа. Уулзалтын үйл ажиллагаа, наадам, хүндэтгэлийн зоог зэрэг нь маш их таалагдлаа.

Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер:

Олон чухал асуудлуудын тухай ярилцсан үр дүн өндөртэй сайхан уулзалт боллоо. Монголыг том газар нутагтай, агуу түүхтэй ард түмэн гэдгийг мэдэж байсан ч ийм агуу өв соёл ёс заншилтай, найрсаг зочломтгой агуу хүмүүс гэдгийг АСЕМ-ын уулзалтаар илүү сайн мэдэж авлаа. Өндөр дээд хэмжээний уулзалтыг, өндөр хэмжээнд зохион байгуулж, эх орныхоо түүх соёл өв уламжлал ард түмнийхээ агуу зан чанарыг таниулсан, зочдыг маш найрсгаар хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа гэсэн юм.


АСЕМ-ын уулзалтад оролцож буй дээд түвшний таван удирдагч мэдээлэл хийж байна

13:00 цаг

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцож буй таван удирдагч яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийсэн бол Европын холбооны ерөнхийлөгч ноён Туск мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хурлын мэдээллийг бид дэлгэрэнгүй хүргэх болно.


АСЕМ-ЫН ХААЛТТАЙ ХУРАЛДААН ТҮР ЗАВСАРЛАВ

12:24 цаг

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаан хаалттай болж буй. Хуралдаан дөнгөж сая завсарласан байна. Хөтөлбөрийн дагуу төгсгөлийн баримт бичгүүдийг үйлдэн, хаалтын ажиллагаа болох юм.


АСЕМ-ын ХААЛТТАЙ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

10:50 цаг

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хоёр дахь өдрийн хаалттай хуралдаан “АСЕМ вилла” хотхонд эхэллээ. Дээд түвшний уулзалтын төгсгөлийн баримт бичгүүдийг батлах хаалттай хуралдааныг АСЕМ-ын “амин сүнс” гэж нэрлэдэг.

Уг хуралдаанаас өнөөдөр “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох юм.

Мөн тодорхой шийдэл, хэлцэлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон бусад ажлуудын дүр зургууд тодрох аж. Төгсгөлийн баримт бичгүүдийг баталсны дараа Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хаалтын үйл ажиллагаа болно. Улмаар АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүд, Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Н.ГАНАА