Categories
мэдээ улс-төр

Маргааш АН-ын ҮЗХ хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш болно. Уг хуралдаанаар Ардчилсан намын шинэчлэлийн асуудал голлож хэлэлцэгдэх юм байна. Ингэхдээ намын дүрмийн шинэчлэлийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээр хэлэлцүүлнэ гэх мэдээлэл байгаа юм.

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдаж, УИХ-д есөн суудалтай болсон. Сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын дарга З.Энхболд хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэрийг гарган, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооноос Ардчилсан намын Их хурлын товыг гаргаж, улмаар намын даргаа сонгох юм байна. Намын даргыг сонгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгон, сонгоно.

Categories
мэдээ улс-төр

Албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хаамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.

Ганц жил дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид хоёр хүний амь аварчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, нэг моторт завьтай бүлэг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, усанд живж байсан иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Мөн тус дүүргийн 85 дугаар сургуулийн дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг 19:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, нэг моторт завьтай бүлэг 19:06 цагт газар дээр нь очиход иргэн Х усанд живж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол дахь Туркийн Элчин сайдын яам мэдээлэл хийнэ

Бүгд Найрамдах Турк Улсад цэрэг армийнхан төрийн эргэлт хийхийг оролдож, тус улсын нийслэл Анкара болон Истанбул хотуудад эмх замбараагүй байдал үүссэн билээ. Уг эмх замбараагүй байдлын улмаас Анкара, Истанбул хотноо 42 хүн амиа алдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Уг үйл явдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагт Турк улсын Элчин сайдын яаманд болно.

Categories
гадаад мэдээ

Колумба улс Венесуэлийн хилээ дахин нээлээ

Колумб улс Венесуэл улстай залгаа хилээ хоёр дахь удаагаа нээж хоол хүнс болон эм тариаг худалдаалах эрхийг олгожээ. Өнгөрсөн долоо хоногт хил нээгдээд 12 цаг болоход 35.000 хүн хилээр нэвтэрчээ.

Колумба Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хил дээр гаргасан зөрчлөөс болоод жилийн өмнө хилээ хаагаад байжээ. Албаны хүний хэлснээр хил нээгдэхэд маш олон мянган хүн бөөгнөрөн хүлээж байсан байна. Учир нь эдийн засгийн хямралаас үүдээд Венесуэлд хүнсний хомсдол үүсчээ. Өнгөрөгч бямба гаригт Венесуэлийн Тачира, Колбумбын Кукута хоёрын хооронд явган хүний гүүр тавьсныг нэг өдрийн өмнө хоёр талын эрх бүхий байгууллагууд зарлажээ. Мөн хилээр нэвтрэгсэдийн нэлээдгүй нь зугтан зайлахыг оролдсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн 10а ангийг 1966 онд төгсөгчид

Хагас зууны тэртээ сум, аймгаас ирсэн бошгор бор хөвгүүд, салаа гэзэгтэй годгор жаахан охид аймгийн төвийн арван жилийн сургуулийн наймдугаар ангид орцгоож байсан үе өчигдөрхөн мэт. Ахиж хэзээ ч ирэхгүй сургуулийн амьдрал, эгэлхэн сурагч нас минь дэндүү яруу, даанч үл мартам дурсамж болон үлдэж дээ. Тэдэнтэйгээ уулзах бүрийд арван жилийн сайхан үе санаанд орж тэр л үе рүүгээ эргэн очих шиг болдог.

Цэцэг шиг насныхаа дурдатгалаа Д.Өлзий багшгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дээд сургууль төгсөөд удаагүй 20 гаруйхан настай урт гэзэгтэй, жаахан бүсгүй манай ангийг дааж авсансан. Тэрээр ангийнхаа хүүхдүүдийн сурлага сахилга, эв нэгдэл, хамтач ажиллагаанд үргэлж санаа тавьж хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг байлаа. Он жилүүдийн уртад багш минь бидэнтэйгээ холбоотой байж, ажил амьдралын олон асуудлаар элгэмсүү дотно хандан, багш шавийн холбоог жинхэнэ тогтоож чадсан. Одоо багш минь тэтгэвэрт гарсан ч гэсэн бидэнтэйгээ үе тэнгийн юм шиг, зарим нэгээс нь залуу мэт толиотой, гялалзаж гэрэлтэж явна.

Ангийн багш Дэмчигийн Өлзий “Би 1961 онд Баянхонгор аймгийн арван жилийн сургуульд багшаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Багш болсныхоо гурав дахь жилдээ сумдад долдугаар анги төгссөн 36 охид, хөвгүүдтэй 8а бүлгийг удирдсан юм. Тэр үеэ эргэн санахад хөгжилтэй, дурсамжтай сайхан байдаг. Хэдий төгсөөд явсан ч шавь нараас минь ил захидал, цахилгаан захиа, зураг ирж намайг баярлуулдагсан. Тэр захидлуудын нэгийг онцлон хүргэе.”

“1967 оны гуравдугаар сарын 8-нд Сайн байна уу? Эрхэм багш таны амар мэндийг асуун лавлаж ажлын өндөр амжилт хүсэхийн завшаанд олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, мартын наймны 57 жилийн ойн баярыг хүргэж байна. Бидний хичээл сурлага амжилттай. Арван жилийн сонинтой захиа их бичиж байгаач багш минь, бидэнд захиа бараглаж ирэхгүй юм. Ирвэл хаагуур ирдэг юм мэдэхгүй. Багш таныг маш их дурсаж санах юм. Муу шавь нар чинь, өнөөдөр харилцаа холбоон дээр хамтарч захиа бичиж сууна. Бидний зарим нэгэн хүүхэд ажилтай байгаад ирсэнгүй. Бид юм үзэх гэсэн чинь билет олдсонгүй. Хотод хүйтэвтэр, эд юмс элбэг хөл хөдөлгөөнтэй байна аа. Таны амьдрал үйлсэд чинь аз жаргал, энэ хорвоо ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.

Гол рольд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт багшийн сургуулийн гуравдугаар ангийн шавь Б.Дэмбэрэлсан, марк нааж конверт нүүрлэсэн Г.Мөнхцэцэг, туслах роль гүйцэтгэсэн Должинсүрэн, он сар тавьсан, мөн ганц хоёр өгүүлбэр нэмсэн Г.Должмаа чинь, харж байсан, түрүүчийн захианы хариу хүссэн Б.Дамбажанцан, хамт олны захианд хүслээ нийлүүлэв, хүндэт багш таны амрыг асууж гарын үсгээ зурав И.Ниндэвчомбо, Багш аа, би амралтаараа тантай уулзаж чадаагүй, унааны байдал тэгж таарлаа. Баярын мэнд дэвшүүлье Б.Банзрагч, Д.Баяраа чинь гарын үсгээ зурлаа. Мөн захианд оролцон гарын үсэг үлдээсэн С.Сарангэрэл, би бас оролцлоо шүү багш аа Даваацэрэн, конверт наасан гүнээ ёсолсон таны шавь Лхагвасүрэн, хайрцагт хийж буй З.Гомбожав, хамгийн сүүлд гарын үсэг зурсан Ц.Ашмаа” гэсэн захидал ирж намайг жигтэйхэн баярлуулж билээ.

Ангийнхан минь сурлага, хүмүүжлээрээ тэгширсэн охид, хөвгүүд байсан тэр л эрч хүчээрээ төрөл бүрийн мэргэжил эзэмшин ихийг бүтээж, ард түмэндээ нэр хүндтэй сайхан ажиллаж, амьдарч байгаад нь бахархаж байна. Миний амьдралын жаргал, зовлонтой үед тэд минь тусалж, дэмжиж байсанд үргэлж баярлаж явдаг юм”.

Тэр үед мөнгө ховор ч юмны үнэ хямд байлаа. Нимгэн дэвтэр 12 мөнгө, дүрдэг үзэг, балын харандаа 3-5 мөнгө, ном сурах бичиг 1-3 төгрөг, нэг удаа кино үзэхэд 50 мөнгө байсан. Таван төгрөгөөр худалдаж авсан 41 ширхэг дэвтрээ гамтай эдэлбэл жилдээ хүрэлцэнэ. 20-25 төгрөгний үнэтэй, бэх соруулдаг хятад үзэг байвч түүнийг дийлж авах нь ховор. Хуурай бэхийг усанд найруулж шилэнд хийн салаа хошуутай үзгээр дүрж бичнэ. Бас тэр үед юм ховор тул элсэн чихрийг төмөр хайрцагны ёроол эсвэл таганд хайлуулж түлээд найзууддаа ээлжлэн долоолгодог байв.Түлсэн чихэртэй хүүхэд үзэг, харандаагаа олчихно шүү. Их долоохоор хэл их хорсдог байж билээ.

Баасангийн Банзрагч: “Би тавдугаар ангиас эхлэн сургууль төгстлөө дотуур байранд амьдарсан юм. 1966 онд юмдаг, нэг өглөө өглөөний цайнд орохдоо цадаагүй болохоор хоёр дахь удаагаа цайнд орчихлоо. Гэтэл хүүхдийн талхны тоо дутчихжээ. Намайг авсныг дотуур байрны багш Цэрэндулам мэдэх нь тэр. Тэр өдрөө байрны зөвлөлийн хурлаар орж “Нөхөр Банзрагч нь 200 гр талх, 30 гр элсэн чихэр, 30 гр масло хулгайлсан тул дотуур байрнаас хөөсүгэй” гэсэн тушаал сонсоод хөөгдөж билээ. Үүнийг ангийн хурлаар хэлэлцэж батлан даалт гаргуулаад дотуур байрандаа эргэн орж байсан хөгтэй дурсамж тодхон байна”.

“Сургууль баригдаж дуусаагүй байсан тул бид наймдугаар ангидаа гэрт хичээллэдэг байлаа. Манай ангийн хөвгүүд, охидын тоо ойролцоо, нэлээд ганган охидтой сурлага, хүмүүжлээр сургуулийн хэмжээнд дээгүүр үнэлэгддэг тэргүүний анги байсан. Нэг өглөө хичээлдээ иртэл манай анги шатаад нүүрс болчихсон байв. Сургуулийн галч манай ангийг өглөө галлахдаа гал алдаж унтрааж чадалгүй шатаачихсан юм гэсэн. Тэр өдрөө хичээл хийлгүй сургуулийн агуулахад байсан шалгүй хуучин гэр барьж, ширүүхэн хүрвэл тараад уначихдаг хэдэн хэмхэрхий ширээ, урт сандал тавьж билээ. Түүнээс хойш манай ангийнхан шороон “шал”-аа усаар хичнээн тургиад нэмэргүй, байнга тоосорч сахилгагүй анги гэсэн хоч зүүх болсон юм даа. Тэр жил МУИС-ийн англи хэлний анги төгссөн Дариймаа багш орос хэлний хичээл заадаг байлаа. Хичээлийн хажуугаар Францын сонгодог зохиолч А.Дюмагийн “Монте Кристо гүн” гэх мэт зохиолуудыг орчуулан уншиж өгнө. Уншихдаа нүдэнд харагдтал, сэтгэлд буутал ярьж, заримдаа өөрөө уйлан ярихыг нь бид хоол ундаа умартан сонсдогсон”.

И.Ниндэвгомбо: “Манай ангийнхан хойноосоо хоёр дахь эгнээний хамгийн баруун захын гэр байлаа. Ангийн чанх хойно багш нарын конторын гэр байдаг учраас бид сахилга баттай байдаг байв. Дараа жилийн намар бид байрны тохижилтыг хийлцэж шинэ анги танхимд суралцсан анхны ахлах анги болсон юм даа”.

1966 оны зургадугаар сарын 18-ны өдөр бид аравдугаар анги төгссөний цайллагаа хийж гоймонтой хоол идэж, улаан ус ууж тухайн цаг үедээ их л сайхан тэмдэглэж байсансан. Хүүхэд бүр сургуулийн хуваарь ажлын томилолт, эвлэлийн илгээлт авч гэнэн дэврүүн сэтгэлдээ гэгээн сайхан мөрөөдөл тээн тус тусын замаар салан одоцгоож билээ. Эргэн харахад ангийнхан минь ажил амьдралын урт замд амжилт бүтээл, алдар гавьяа, авьяас билгийн ариун цагаан мөртэй байжээ. Тухайлбал, ажил хөдөлмөрөөрөө хорь гаруйхан насандаа АИХ-ын депутатаар сонгогдож, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан илгээлтийн эзэн Шарын голын уурхайн экскаваторчин Д.Суурь маань байсан юм. Биднийгээ баярлуулсан дараагийн хүн бол илгээлтийн эзэн, Шарын голын уурхайн экскаваторчин Монгол Улсын гавьяат уурхайчин Очир байлаа. Энэ хоёр манай ангийн хамгийн жаахан биетэй нь байсан ч бэлчээр нь том гэдгийг ажил амьдралаараа харуулсан.

Манай ангийнхнаас ангийн дарга Х.Жанчивдорж, Ж.Ашмаа, С.Сарангэрэл, З.Гомбожав, Б.Пүрэв-Очир, Д.Рина, Д.Сүхтогоо, Б.Дэмбэрэлсан, Ж.Сандуйдорж, Ж.Дуламжид, Должинсүрэн нар багш гэдэг эрхэм сайхан мэргэжил эзэмшиж зулай зулайгаа дарсан зуу зуун шавьтай болцгоосон. Мөн аравдугаар ангиа ганцаараа алтан медальтай төгсөж, УБДС-д Сүхбаатарын цалинтай сурч хэл шинжлэлийн ухаанаар дэд эрдэмтэн, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан профессор Б.Пүрэв-Очироороо бид бахархдаг юм. ЭНЭШ Төвийн хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Д.Баяраа, Г.Мөнхцэцэг, Б.Дамбажанцан нар маань олны хайр талархлыг хүлээсэн цагаан нөмрөгтүүд болсон. Сургуулиа төгсөөд Украины Киев хотын Техникийн их сургуульд суралцаж улмаар Москва хотноо нийгмийн ухааны академи дүүргэж бидний дундаас тодорсон улстөрч бол Б.Сандуйжав юм. 1992 оны Ардчилсан үндсэн хуульд саналаа нэмэрлэж, гараа өргөж батлалцах эрхэм сайхан үүрэг ангийн хөвгүүнд минь тохиосон билээ. Тэрээр Хөвсгөл, Архангай аймгийн МАХН-ын хорооны хоёрдугаар дарга, Баянхонгор аймгийн МАХН-ын даргаар ажиллаж, МАХН-ын XX их хурал, МАХН-ын Онц хурлын төлөөлөгчөөр сонгогдож явсан. Сурган хүмүүжүүлэгчээс аймгийн намын дарга болтлоо дэвшсэн Д.Рина, эдийн засагч С.Даваацэрэн, Г.Должмаа, геологич Б.Банзрагч, И.Ниндэвгомбо, уурхайчин Б.Дагвабазар, Д.Баатар, дэд хурандаа Б.Гэндэнхорлоо нар тус тусын салбартаа нэр төртэй хөдөлмөрлөж, удирдах алба хашиж гавьяа шагнал хүртсэн. Х.Мягмар, Б.Цэвэлмаа, С.Адъяа нарынхаа хөдөлмөр бүтээл ажил үйлсийг бид бахархан хүндэлж явдгийг тусгайлан тэмдэглэж байна. Биднээсээ түрүүлж бурхны оронд шилэгдсэн ч ангийн дарга Х.Жанчивдорж, ширвээ хар сахалтай сэргэлэн бор Сүхтогоо, орос хэлэнд гарамгай, онцгой ухаантай Дашцэрэв, жавхаатай сэргэлэн цэргийн дарга Цэдэвсүрэн, энгийн даруу Хажид, эрчим хүчний Лхагвасүрэн нар маань бага насны дурсамжид хадаатай байдаг.

Сүхийн Даваацэрэн: “Бид аравдугаар ангиа дүүргэсэн тэр хавар

Униар татсан хаврын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урьдах зам чинь хаагуур зурайна вэ? гэсэн сайхан дууг дуулсаар амьдралын харгуйгаар одсон юм даа”.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг мэдэхэд нас намба суусан өвөө, эмээ болцгоож дээ. Хүн оршин суух, ажиллаж амьдрах газраасаа эхлээд заяаны ханиа хүртэл сонгож болдог. Харин биднийг нэгэн хамт олон болгохоор хэн ч сонгож бүрдүүлээгүй ёстой л хувь тавилангаараа учирсан билээ. Нэгэн цул болоод хэдийнэ хагас зууныг үджээ. Хүүхэд ахуй цагийн дурсамжаараа үүрд гагнагдсан нөхдөдөө урт удаан амьдрал, эрүүл энхийг хүсье.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтөн дэлхийг хамгаалагч бархасбадийг өнгөтөөр тольдож эхэллээ

Дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их нарны аймгийн хамгийн том гариг Бархасбадийн үүлэн давхаргыг хүний бүтээсэн хөлөг нэвтлээд байна. Өнгөрсөн өдрүүдийн шуугиан тарьсан мэдээлэл энэ байлаа. Хүн төрөлхтөн байгалийн өмнө хэтэрхий дорой, хүчин мөхөс. Озоны давхарга өчүүхэн цоороход л хуйгаараа үрэгдэх төрөлтөн. Гэхдээ тэртээгийн Бархасбадийг өнгөтэй будагтай, юутай хүйтэй нь нэвт шувт харж чадаж байна гэхээр хүний оюун тархийг бурхнаас давсан ч юм уу бурхантай эн зэрэгцэхээр хүчирхэг гэж үнэлэхээс аргагүй. АНУ-ын Сансар судлалын агентлаг таван жилийн өмнө Бархасбадь руу “Жуно” хөлгийг илгээсэн юм. Тэрбум 130 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэ хөлөг таван жил аялсны эцэст Бархасбадийн үүлийг нэвтэлсэн нь энэ. Монгол төгрөгт шилжүүлбэл хоёр их наяд 260 тэрбум төгрөгөөр бүтсэн энэ хөлгийн нэр нь цаанаа учиртай. 17 дугаар зууны Италийн одон оронч Галилей, Ромын бурхан Юпитер, мөргөлчийн эхнэр Жуно хөлөг дотор яваа. Мэдээж амьд хүн биш л дээ. Сансрын нислэгийн маш хүнд нөхцөлийг даах чадвартай хөнгөн цагаан материалаар бүтээсэн лего “хүмүүс”. Хөлөг дотор яваа нөхдийн заримынх нь нэрийг хагаслаж товчлоод “Жуно” гэчихсэн хэрэг. Түүх, домогт үлдсэн энэ гурван хүний нэр Бархасбадьтай холбогддог. Галилей бархасбадийн дөрвөн том дагуулыг нээсэн бол, Ромын бурхдын хаан Юпитерийн нэрээр энэ гаригийг нэрлэсэн байдаг юм. Мөргөлчийн эхнэр Жуног бархасбадийн нууцыг мэддэг ганц хүн хэмээсэн эртний домог бий. Ийм утга учрыг шингээсэн нэртэй сансрын хөлөг Бархасбадийг өнгөт камераар тольдож, хүн төрөлхтөнд төсөөлшгүй алсад орших аварга гаригийн нууцыг нээж эхлэх нь.

Гаригууд хийн, хатуу гэсэн хоёр янзын төлөвтэй. Дэлхий шиг хад чулуутайг нь хатуу гариг гэдэг. Нарны аймгаас Ангараг бас хатуу гаригт ордог. Ангараг дээр амьдрал байгаа эсэх түмэн таамаг бий. Ер нь бол астрономичдын сонирхдог нэг гол сэдэв. Бархасбадийн хувьд дэлхий шиг хатуу биш хийн гариг. Энэ аварга гаригийг Ромын бурхдын хаан Юпитерийн нэрээр зүгээр ч нэг нэрийдээгүй. Масс нь маш их. Нарны аймгийн долоон гаригийн массыг нийлүүлсэн нь Бархасбадийн энд дөхөж очихгүй гэхээр хэр аварга гариг гэдэг нь төсөөлөгдөх байх. Бархасбадийн татах хүч гэхэд л дэлхийгээс олон дахин их. Шөнөдөө 1250 хэмийн халуу шатдаг гариг. Өглөө нь 1700 хэмийн халуун төөнөнө. Цацраг туяа ихтэй. Бархасбадиас 150 мянган км-ийн алсад байсан ч цацраг туяаны хэмжээ нь хэтэрхий өндөр. Ийм хол зайд байхад л амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяа бархасбадиас ялгарч байдаг. Атмосферт нь гели бий. Гэхдээ энэ гаригийн ихэнх хувийг устөрөгч эзэлдэг. Бархасбадь дээр хар салхи болдог. Эргэлтийнх нь хурд бусдаасаа хамгийн өндөр. Есөн цаг 50 минутад л тэнхлэгээ бүтэн эргэчихдэг. Бархасбадь нарнаас хол болохоор дулааныхаа 60 хувийг өөрийнхөө цөмөөс авдаг.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралт үүсгэдэг. Хэрэв энэ гариг руу сансрын хөлөг илгээвэл секундын дотор эвдэрнэ гэсэн тооцоо бий. Ийм учраас ердөө саяхныг хүртэл Бархасбадийн дотоод бүтцийг судлах ямар ч боломжгүй гэж одон орончид ярьж байсан юм. Харин одоо хүний оюуны хүч, “Жуно”-гийн ачаар Бархасбадийг өнгөтөөр нь тольдож эхэллээ. Бархасбадь гурван нимгэн цагаригтай. Монголчуудын үдшийн гялаан, үүрийн цолмон гэж нэрлэдэг Сугар гаригаас ч тод гэрэлтэй. Дашрамд сонирхуулахад, сугар гариг нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Дэлхий дээр хүхрийн хүчил шингэн төлөвт байдаг бол сугар гариг маш халуун учраас тэнд хүхрийн хүчил хий хэлбэрээр оршдог. дэлхий шиг чулуу, хөрстэй хатуу гариг. Одоо Бархасбадь руугаа эргэж оръё. Сугараас ч тод гэрэлтдэг Бархасбадийг хятад, европчууд хүндэтгэдэг. Эртний хятадууд гэхэд л Бархасбадь гаригт насны ойгоо тэмдэглэдэг байж. Тэд энэ гаригийг насны од хэмээн нэрлэдэг байсныг түүхээс харж болно. Европчууд ч ялгаагүй, хүндэтгэж тэнгэрийн сахиус “Зубите”-гээр нэрлэдэг.

Мөн тэнд дэлхийн диаметрээс ч том шуурга болдог. Бархасбадид XVII зууны үеийн шуургаас үүссэн том улаан толбо бий. Бархасбадийн гадарга дээр тод улаан, өндөг хэлбэрийн толбо байдаг юм. Гурван зуугаад жилийн настай энэ толбыг “том улаан” гэж тодотгон нэрийддэг. “Жуулчин” сансар судлалын станц Бархасбадь гариг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг өнгөрсөн зууны далаад онд олж мэджээ. Тус гаригийн гэрэлт цацраг нь том, жижиг хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байдаг.

Бархасбадь нарны аймгийн гаригуудаасаа хамгийн олон дагуултай нь. Одоогоор 63 дагуулыг нээгээд байгаа. Дагуулуудынх нь 16 нь онцгой том. Галилей гэхэд л Ио, Европа, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн том дагуулыг нь нээсэн байдаг. Ио дагуулын хувьд бусдаасаа чулуу, ус, мөсний хэмжээгээрээ харьцангуй бага. Ажиллагаатай галт уултай. Энэ дагуулаас хүчтэй дэлбэрч, гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагддаг. Галилейн нээсэн хоёр дахь дагуулын мөсөн давхарга доорхи далайд амьдрал байж магадгүй гэсэн таамаг бий. Тэгэхээр Бархасбадийн том дагуул Европад амьдрал өрнөж байж мэдэх нь. Европагийн гадарга дээр байх ус нь дэлхийн бүх тэнгис далайг нийлүүлснээс их ч тэнд маш хүйтэн учраас ус нь мөс хэлбэрт оршдог. Ганимед нарны аймгийн 150 дагуулын хамгийн том нь.

Бархасбадь гадаад давхрагадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Америкчуудын илгээсэн сансрын хөлөг энэ үүлэн бүслүүрийг нь нэвтлээд байгаа билээ. Бархасбадийн үүлэн бүслүүр голчлон аммиакаас тогтсон байдаг.

“Жуно” хөлөг нарны аймгийн хаан Бархасбадь гарагийн асар хүчтэй таталцлыг тэсвэрлэж, үүлэн давхаргынх нь 4700 км гүнд нэвтрээд байгаа юм. Сансарын хөлөг Бархасбадийн туйлуудыг тойрон эргэж, татах хүч, соронзон орон, уур амьсгалын талаар шинэ мэдээлэл цуглуулж байгаа юм байна. “Жуно” Бархасбадь гаригт хүрэхийн тулд тойруугаа 2.8 тэрбум километр замыг туулжээ. НАСА-гийн хөөргөсөн хөлөг Бархасбадийн татах хүч, соронзон орон, туйлын туяа зэрэг үзэгдлийг өнгөт камераар дэргэдээс нь судална. Ингээд зогсохгүй авах зураг нь хамгийн өндөр нягтралтай гэж байгаа. Мэдээж хамгийн ойроос авахаараа онцгой нээлт болно. Бархасбадийн цөм хатуу төлөвтэй эсэх, хүчилтөрөгч, усны нөөц хэдий хэмжээтэй оршдог нь өнөөг хүртэл оньсого байсан бол тун удахгүй энэ гаригийн талаарх шинэ сонин мэдээллүүд хөвөрч эхлэх нь. “Жуно” Бархасбадь гаригийг 37 удаа тойрч, анх хөөрсөн цагаасаа хойш 3.5 тэрбум километр зам туулсныхаа дараа ирэх жилийн сүүлээр гаригийн агаар мандал руу нэвтэрч шатаж үгүй болох ёстой.

Энэ судалгааны үр дүнд дэлхийн болон нарны аймгийн бусад гарагийн гарал үүсэл, хувьсал өөрчлөлтийн тухай шинэ нээлт хийж байна гэсэн үг юм.

Хийнээс бүтсэн энэ аварга том гариг сүүлийн 500 жилд 2-3 том сүүлт одтой мөргөлдөж, мөргөлдөх бүрт нь экологийн асар их аюул сүйрэл болж, дэлхий дээр амьдарч байсан амьд амьтдаас тоолж барамгүй олныг устгасан байдаг гэж эрдэмтэд онцолдог.

Татах хүчний хувьд дэлхийгээс 2.4 дахин их. Дэлхий дээр 100 кг жинтэй зүйл байлаа гэж үзэхэд энэ нь Бархасбадь гариг дээр бол 240 кг хүнд жинтэй болно гэсэн үг.

Санчир, Бархасбадь гаригийн татах хүч нь дэлхийг сүүлт од, астеройттой мөргөлдөхөөс хамгаалдаг үүрэгтэй. Тэд сүүлийн хэдэн зуун сая жилийн турш эх дэлхийн гадаргуунд сүүлт од, астеройд нэвтрүүлэхгүй бат бөх бамбай болж байгааг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Сансрын үл мэдэгдэх бүсээс сүүлт од харвадаг ба тэдний дэлхийд хүрэх замд нь Санчир, Бархасбадь гаригийн татах хүчний талбай байрладаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хоёр том гариг байгаагүй бол дэлхий дээр амьдрал байх боломжгүй аж.

Н.Ганчимэг

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт үргэлжилнэ

HyzgaarlaltУлаанбаатар хотноо АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олон улсын арга хэмжээтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор амралтын өдрүүдээр ч автотээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийсэн билээ. Харин өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах аж.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Хатагтай Пак Гын Хэ АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон бөгөөд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал нь өнөөдөр өглөө эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г Эзэн Чингисийн нэрэмжит талбайд угтан авч, Төрийн хүндэт харуул жагсав.

Угтах ёслолын дараа эрхэм зочин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, Монголд амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь АСЕМ-ийн уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо ирсэн. Энэхүү дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа түүний манай улсад хийх төрийн айлчлал эхлэх юм.

Өмнөд Солонгосын төрийн тэргүүн албан ёсны айлчлал болох гэж байгаатай холбогдуулан “Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг” нэртэй түүний намтрыг өгүүлсэн номыг Солонгос сургууль төгсөгчдийн холбооноос хэвлэн гаргажээ. Уг номын мялаалгын үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичсэн бөгөөд тэрээр 1221 онд анх удаа Монголын элч болсон эмэгтэй Солонгост очиж байсныг дурдсан байна.

БНСУ-ын түүхэнд Пак Гын Хе шиг улс төрийн өндөрлөгт хүрсэн эмэгтэй улстөрч бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Тэрээр улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй. Дорнын уламжлалыг чандлан хадгалдаг Азийн оронд эмэгтэй хүн улс төрд хүчээ үзэж ийм өндөрлөгт хүрнэ гэдэг амаргүй. Пак Гын Хе нь үнэхээр хүчтэй, мэдлэг боловсролтой, чадварлаг тул амжилтанд хүрч чадсан.

Амжилтанд хүрсэн бас нэгэн нууцыг тэрээр намтартаа өгүүлсэн юм. Энэ эмэгтэй бол удам дагасан улстөрч. Түүний аав БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг бараг 20 жил хашсан Пак Жөн Хо бөгөөд дайны дараах хүнд жилүүдэд улс орноо удирдаж байсан. Ууган охин нь үргэлж аавынхаа дэргэд байсан тулд маш их зүйлийг сурахдаа уруудах, дээшлэх гээд аль алийг нь туулсан бөгөөд энэ бүхнээс маш их зүйлийг сурсан юм. Аав нь улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө чадах бүхнээрээ тэмцэж байсан тул охин нь багаасаа үүнийг мэдрэн өссөн. Эднийх Хөх ордонд нүүж очиход ээж, аав нь хүүхдүүддээ энд амьдарч байгаа нь бусдаас илүү гэсэн үг биш гэдгийг байнга сануулж байсан гэдэг.

Пак Гын Хэ эцэг эхийнхээ нэрийг сэвтүүлэхгүйн тулд хичээлдээ шамдан суралцахын хажуугаар англи, франц, испани хэл үзсэн. Оюутан болсон цагаасаа ээжийгээ орлон, аавдаа бараа болон гадаадын орнуудаар явахдаа нэлээд зүйлийг ойлгон ухаарсан байна. Соганы их сургуулийн электроник-инженерийн факультетийг онц дүнтэй дүүргээд мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр Францыг зорьсон юм. Харамсалтай нь нэгэн арга хэмжээний үеэр ээжийнх нь амь насанд халдсан явдал тэдний гэр бүлд маш том цохилт болсон. Пак Гын Хе Сөүлд буцан ирж ээжийгээ орлохоос өөр аргагүй болов. Ийнхүү 22 настайдаа тэргүүн хатагтайн амаргүй үүргийг гүйцэтгэхдээ ээж шигээ иргэдээс ирсэн захидал бүрийг нэгд нэгэнгүй уншиж аль болох ядарсан хүмүүст туслахыг хичээжээ. Тэрээр өдөр, шөнөгүй ажиллахдаа ихийг сурснаа намтартаа өгүүлсэн.

2004 онд болсон парламентын сонгуулийн өмнөхөн Ханнара намын нэр хүнд зогсолтгүй буурч байсан гэдэг. Авлигын мөнгийг машинаар зөөдөг гэсэн олиггүй нэртэй болсон нам нь улс төрийн хүчтэй шуурганд өртсөн. Ханнара намын байдал нэлээд хэцүү болсон үед энэхүү улс төрийн хүчнийг удирдахаар болжээ. Пак Гын Хе уг номоноо энэ талаар дурсан бичихдээ живж байгаа усан онгоцны ахмад болсон нь хэмээн дурдсан юм.

Дөнгөж 22 настайгаасаа эхлэн улс орныгоо хэрхэн хөгжүүлэх талаар бодож энэ тухайгаа аавтайгаа байнга ярилцаж байсан. Орон нутгаар аавыгаа дагалдан явж ард түмний амьдралын гүнд орж чадсан. Тиймээс ч Ханнара намын нэрийг өөрчилж, дахин улс төрийн өндөрлөгт гаргаж чадсан улстөрч юм. Азийн төдийгүй дэлхийн улс орнуудын түүхээс үзэхэд ийнхүү улс төрийн өндөрлөгт гарч чадсан эмэгтэй улстөрчид бол цөөхөн. Тэдний нэг нь яахын аргагүй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе билээ.

Ю.ДЭЛГЭРМАА