Categories
гадаад мэдээ

Өчигдөр АНУ-д дахин халдлага болж, гурван цагдаа амь насаа алджээ

Өчигдөр АНУ-ын Миссури мужид халдлага болж гурван цагдаа амиа алдаж, гурван хүн шархадсан байна.

Миссури мужид амьдрагч нэгэн этгээд отож байгаад гурван цагдааг буудан хороосон байна. Энэ хэрэг Миссури мужийн Ватонруж хотод өчигдөр амралтын өдөр болжээ. Далласт болсон халдлагын уламаас таван цагдаа алагдаж, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан үеэр энэ хэрэг гарав.

Гавин Лонг гэж тодорхойлсон Канзас хотын иргэн өөрийн 29 насны төрсөн өдрөөр хоёр цагдаагийн туслахыг хөнөөсөн хэрэг мөн гарч байжээ. Лонг нь Африк гаралтай Америк байсан бөгөөд 2010 онд Иракт цэргийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түрүүч цолтой байсан аж. Тэрээр цагдаа нарын суманд өртөн нас барсан бөгөөд AR-15 загварын хагас автомат буу ашигласан гэж СNN-д цагдаагийн газраас мэдээлжээ. Нас барсан цагдаа Монтрелл Жексон нь долдугаар сарын 8-нд өөрийн Фейсбүүк хуудаснаа өнгөрөгч долдугаар сарын 5-ны халдлагаар нас барсан цагдаагийн амь насанд харамсаж байгаагаа илэрхийлэн “Үзэн ядалт таны зүрх сэтгэлийг халдварлуулахыг бүү зөвшөөр” гэж бичсэн байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Монгол иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахыг хүсэв

УИХ-ын дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэд өнөөдөр бараалхав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэг АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохын сацуу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд баяртай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал хоёр орны харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж, харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн дүнд МАН парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлэх гэж байна. БНСУ-тай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай ажиллах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлэв.

Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ цаг зав гарган уулзаж байгаад нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар нь сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Мөн тэрбээр АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын төр засаг, ард түмэнд талархал илэрхийлээд Солонгос, Монгол хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа онцлов. Ялангуяа иргэд хоорондын харилцаа өргөжиж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий салбарт улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл болж буйг хатагтай Пак Гын Хэ онцлоод энэхүү харилцааг улам эрчимжүүлэхэд хоёр орны парламентууд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн уламжлалтай, хоёр орны шинээр бүрдсэн парламентууд ч энэхүү харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны парламентын дарга нарын харилцан айлчлалууд чухал хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, харилцан айлчлал чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн БНСУ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дөрөв дэх түнш орон. Цаашид хоёр орны нөөц бололцоо, давуу талуудыг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн худалдааг либералчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын хооронд хэтдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг судалж эхлэх, энэ чиглэлд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин зэрэг тэргүүлэх салбар чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцоллоо.

Хоёр орны иргэд хоорондын харилцаа ихээхэн өргөжсөн энэ үед агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь чухал байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны 6 дугаар сарын 24-нөөс байнгын нислэг үйлдэж эхэлсэнд баяртай байгаа. Цаашид талуудын нийлүүлж буй суудлын тоог ижил байлгах, Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлд Монголын талд нислэгийн 5 дугаар эрх олгох зэрэг асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн хоёр орны харилцаанд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга онцлоод 2000 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хоёр орны нийслэл хотын найрсаг харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьснаар Улаанбаатар хотод Сөүл, Намянжү хотын нэрэмжит гудамжууд, Сөүл хотод монгол дунд сургууль, соёлын төв, Намянжү хотод Монголын соёлын төв байгуулагдсан зэргийг онцлон дурдаад энэхүү уламжлалт харилцааг улам өргөжүүлэх, Сөүл хотод Улаанбаатар хотын нэрэмжит гудамж байгуулах нь чухал ач холбогдолтой юм гэлээ.

Хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны боломж их байгаа хэдий ч хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт төдийлөн их биш байгаад анхаарч үүнийг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт салбаруудын зэрэгцээ мэдээллийн технологи, эрүүүл мэндийн зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг анхаарч судлахаа илэрхийлээд хоёр орны агаарын харилцааны салбарын хамтын ажиллагаа, орон нутгийн шууд харилцааг хөхиүлэн дэмжиж улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа дурдлаа. Түүнчлэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа монгол иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, аюулгүй байдлыг хангахад Засгийн газрын зүгээс анхаарч ирсэн. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш гадаадын иргэдийн визийг хөнгөвчлөх чиглэлээр 5 удаа арга хэмжээ авсан, цааашид энэ асуудалд анхаарах болно гэлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож ярилцлаа.

Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Завханы наадамд Т.Бэгзсүрэн түрүүлж, аймгийн арслан болжээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн аймгуудын баяр наадмын түрүүч болох Завхан аймгийн наадам долдугаар сарын 8, 9-нд болж өнгөрчээ.

Завхан аймгийн наадамд улсын гарьд Ш.Жаргалсайхан, өсөх идэр начин Ш.Уламбаяр нарын улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсан байна. Аймгийн заан Т.Бэгзсүрэн түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Э.Баасандорж үзүүрлэн, аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт сумын заан Д.Батхүрэл, Г.Баярбат нар үлдэж, аймгийн начин цол хүртсэн байна.

Харин хурдан хүлгүүдийн уралдаан азарганы уралдаанаар эхэлж соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз ( дээд, дунд, даага ), их насны хүлгийн уралдааны дурдан тоосоор өндөрлөлөө. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул алдарт уяач Лхагвасүрэнгийн сойсон хар азарга түрүүлж,Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Б.Бат-Эрдэнийн “Хар саарал” аман хүзүүдэж, Завхан аймгийн Яруу сумын уугуул Ч.Батболдын “Хонгор”,Эрдэнхайрхан сумын Лодонишийн “Хүрэн”, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Болдын “Шарга” тус тус хурдалж айрагдсан байна. Түүнчлэн төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол долдугаар сарын 22-нд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр 19 иргэн усанд осолджээ

Онцгой байдлын албаны албан хаагчид баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллажээ. Энэ хугацаанд аврах, шуурхай албаны 882, гал унтраах 963, нийт 1845 нэгж тусгай зориулалтын автомашин, 3438 албан хаагч (давхардсан тоогоор) үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сахилга, ёс зүйн зөрчил, дутагдалгүй ажилласан болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Аадар бороо, мөндөр орж үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд 7 болон 11 настай хоёр хүүхэд усанд осолдож нас барсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аянга буусны улмаас өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана унаж, сумын төвийн цахилгаан тасарсныг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг 07 дугаар сарын 17-ны өдөр 13 тулгуур баганыг сэргээн босгож, таван под станцыг хэвийн ажиллагаанд оруулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халх гол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсныг (7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд) Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон голд гурван иргэн согтуугаар эргүүлэгтэй усанд унасныг Онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажиллан дээрхи иргэдийн амь насыг аварчээ.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газар болон тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд Туул голд хүн живж байна гэсэн гэсэн дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, ажиллаж, хоёр иргэний амь насыг аварсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны төвүүд өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаандаа орно

Үндэсний их баяр наадамтай, АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж буйтай холбогдуулан томоохон худалдааны төв болон захуудыг амраасан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн зарим худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.

Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төв, “Хархорин худалдааны төв” “Бөмбөгөр” худалдааны төв “Да хүрээ” техникийн зах өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Нарантуул” худалдааны төв энэ сарын 20-нд буюу ирэх лхагва гарагт ажиллахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр 18:00 цагт хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18:00 цагт хуралдана. Хуралдаанаар намын шинэчлэлийн асуудлаа ярилцахаар болсон байна. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Мөн энэ сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн хүмүүсийн талаар авч хэлэлцэж, цаашдын дөрвөн жилдээ ямар дүрмээр ажиллах вэ, 2020 оны сонгуульд хэрхэн оролцох вэ талаар алдаа оноогоо дэнсэлцгээх юм байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Алдар” спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүлнэ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө.

Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдыг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзаж, баяр хүргэнэ.

Энэ жил “Алдар”-аас улсын аварга, арслан, хоёр харцага, долоон начин, урианхай сурын харвааны мэргэн төрсөн юм.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр нутаг буцна

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд байгуулсан баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон.

Харин өнөөдөр Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн Бизнес форумд оролцоно. Тус арга хэмжээнд БНСУ-ын 187 бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгчид оролцож буй юм.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхана.

Ингэснээр түүний айлчлал өндөрлөж, 13.30 цагт нутаг буцна.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн 20 сая төгрөгийн азтанаар тодров

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирол өчигдөр болж азтануудаа тодрууллаа. Энэхүү тохиролд 14 хоногийн дотор бүртгэгдсэн сугалаанууд хамрагддаг. Энэ удаагийн тохирол зургаадугаар сарын 01-31-ний хооронд бүртгэгдсэн сугалаанууд хамрагдсан байна. Шинээр батлагдсан журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцлоо.

МҮОНТ-ээр өчигдөр 19:30 цагт шууд дамжуулан тодруулсан тохирлоор 7685 азтан тодорчээ. Улаанбаатараас хамгийн их буюу 6596 азтан тодорсон байна.

6908 хүн 20 мянган төгрөг

696 хүн 100 мянган төгрөг

69 хүн 500 мянган төгрөг

9 хүн 4 сая төгрөг

3 хүн 20 сая төгрөг хожлоо.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудад тарваган тахал өвчин илэрчээ

Энэ сарын дундуур Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд аймгуудад тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тухай тус аймгуудын онцгой комисс мэдээллээ. Уг өвчин нь тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамужуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг. 7-9 дүгээр сард тарваганы тарга тэвээрэг, арьс, үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, халдвартай тарвага бусад мэрэгч амьтан болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул эрс нэмэгддэг. Тарвага агнах, өвчих, нойтон арьсаар оролдох, ичээ нүх дошны дэргэд суух үед бөөс, бүүргэнд хазуулах эрсдэл үүснэ.

Иймд хөдөө орон нутаг руу амралт зугаалгаар явж буй ард иргэдийг тарваган тахлын голомттой газар нутгаас тарваганы мах идэхгүй байхыг анхааруулж байна. Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа тул улсын хэмжээнд энэхүү тахлын эсрэг дархлаажуулалтын вакциныг энэ сарын 18-20-ны хооронд хийхээр болсон байна.