Categories
мэдээ улс-төр

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ нутаг буцлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоод долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Ийнхүү БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн монгол дахь албан ёсны айлчлал өнөөдрөөр дуусч байна.

Солонгосын Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс гаргаж өглөө.Энэ үеэр хүндэт харуул жагсаж ёслол төгөлдөр үдэлт хийв.

ХатагтайПак Гын Хэ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн онгоцоор нутаг буцлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.Тухайлбал БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон талын үр дүн гэлээ.

Мөн EDCF сангийн 25 сая ам.долларын зэээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглах юм. Төсөл хэрэгжсэнээр манай хот хоорондын тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна автобусны засвар үйлчилгээ, тээврийн чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлд дэвшил гарна хэмээн Гадаад хэргийн яам мэдээллээ.

Б.ЭНХМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын ГЗ хуралдлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дуусчээ. Хуралдаанаар өнөөдөр орой хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Үүнд: 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл, АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, АН-ын VI их хурлын товыг зарлах тухай, АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан нь өнөөдөр 18 цагт хуралдах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“TOUCH ME” зуны задгай шоу болно

Азийн алдартай парти брэнд болсон “TOUCH ME”-г монголд анх удаа зуны задгай шоу болгон зохион байгуулах гэж байна. “TOUCH ME-SUMMER 2016” задгай фестивал нь энэ сарын 22-ны баасан гаригт “Монгол шилтгээн” цогцолборт болно. Энэ удаад 5000 орчим монгол, 1000 гаруй гадаадын иргэд оролцох боломжтой гэлээ.

Түүнчлэн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Ази, Европын 11 дэх удаагийн ASEM чуулганы хаалтанд зориулж БНСУ, ХБГУ, ОХУ, АНУ зэрэг орны залуусыг хамруулж байгаагаараа энэ удаагийнх илүү шинэлэг бас хамгийн өргөн хэмжээний том арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид онцоллоо.

Б.ЭНХМАА

Categories
мэдээ нийгэм

“Зориг сан”-гийн төслийн хүрээнд шилдэг оюутнуудыг зусланд амраана

“Зориг сан”-гийн “Залуучууд ба Боловсрол” төслийн хүрээнд хэрэгжүүлдэг “Ардчилал зуны зуслан” ирэх наймдугаар сарын 8-18-ны хооронд үйл ажиллагаагаа эхлэх урьдчилсан тов гарчээ. Тус зуслангаар дамжуулан 19-22 насны залуу үеийн төлөөлөл болсон ирээдүйн удирдагч нарт ардчиллын үндэс, үнэ цэнэ, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, нийгэмд өөрийгөө таниулах болон нийгмийн идэвхтэй оролцооны талаарх мэдлэг олгох юм байна.

10 хоног үргэлжлэх зуны сургалтын хөтөлбөрт манай улсын нийгмийн нэр хүндтэй төлөөллүүдийн лекц, сургалт семинар болон багаар ажиллах аргачлал, кино хөтөлбөр, илтгэл зэрэг багтсан байна.

Харин оролцох хүсэлтэй залуучуудын цахим өргөдөл авах хугацаа долоодугаар сарын 27-нд дуусах юм.

Б.ЭНХМАА

Categories
мэдээ спорт

Сумо бөхийн ДАШТ-ий үзэгчдээс азтан тодруулна

Монголд зохион байгуулагдаж буй сумо бөхийн ДАШТ-ий үзэгчдийн дундаас азтануудыг тодруулан дараахь СУПЕР ШАГНАЛУУДЫГ өгөхөөр боллоо.

Таван азтанд Samsung Galaxy S7, зургаан азтанд Их аваргын кеншо, 10 азтанд Аки Башо үзэх аялал, СУПЕР азтанд Land Cruiser PRADO автомашин өгөхөөр болжээ.

Сонирхогчдын Сүмогийн ДАШТ энэ сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах юм.

Тасалбарын захиалгаа 2016 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 88112920 болон 80402920 дугаарт өгч болох юм байна. Билетийн үнэ нь 20 мянган төгрөг гэж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлжээ

Өглөө 11:00 цагт товлогдоод байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, яамдыг толгойлох сайд нарын асуудал яригдаж сайд нарын нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Гадаад хэргийн сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарыг санал болгохоор Удирдах зөвлөлийн хуралдаан руу оруулахаар болсон гэх яриа байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн газрын албаны дарга авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг улсын баяр наадмын өмнө баривчилжээ. Түүнийг бусдаас их хэмжээний бэлэн мөнгө бүхий авлига авч байхад нь үйлдэл дээр нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид барьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Батсүх нь 42 айлын газрын урьдчилгаа төлбөр болох 240 сая төгрөгийг Ли овогт хятад иргэнээс авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ гардуулсан байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хятадын тэрбумтан Жак Ма Монголд ирнэ

“Алибаба” онлайн худалдааны сүлжээ хамгийн том мөнгөн дүнтэй IPO хийсэн гэдгээрээ дэлхийн түүхэнд үлдсэн юм. Тэгвэл түүнийг үндэслэгч тэрбумтан Жак Ма Монголд ирэх гэж байна. Алибаба сүлжээ нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэдэг ажээ. Тэрбээр Хятадын хамгийн баян эрхэм билээ. Түүний компани өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж арилжаа наймаанд нь зуучилдаг юм. 30 мянган ажилтантай, зөвхөн урд хөршид гэхэд л шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгосон гэсэн аварга тоо дуулддаг.

Өчнөөн мөнгөтэй ч тансаг хэрэглээнд дургүй, дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэг ухаалаг тэрбумтан гэгддэг. Тэрбээр энэ сарын 25-нд Монголд ирэх аж. Дэлхийн тэрбумтан маань “Хаан жимс” амралтын газар тухлахаар болжээ.

Түүний зураач Жэн Франчитай хамтран бүтээсэн “PARADISE” нэртэй зургийг нь Хятадын нэг бизнесмен 5.4 сая доллараар худалдаж авч байжээ. Түүний талаарх сонирхолтой мэдээллийг та “Өдрийн сонин-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархаж байна гээд БНСУ-ын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эх орондоо олон улсын өндөр дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргээд Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНСУ бол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын түнш орон гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод Засгийн газрын зүгээс цаашид тус улстай харилцах гадаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Монгол БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэхээ илэрхийллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Тусламжийн цуваа Баян-Өлгий аймагт хүрлээ

Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Энэхүү хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн билээ.

Тусламжийн цувааг хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2016 оны 07 дугаар сарын 18/ Баян-Өлгий аймагт очоод байна.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, хүмүүнлэгийн тусламжийг цаг хугацаанд нь оновчтой, хүртээмжтэй хүргэхэд Онцгой байдал, цагдаагийн байгууллага, сум орон нутгийн удирдлагуудын төлөөллүүд хамтран хяналт тавьж ажиллах, хүмүүнлэгийн тусламж нь эзнээ олсон, давхардахгүй, хохирол амсаагүй иргэдэд очихгүй байх ёстой гэдгийг видео хурлын үеэр орон нутгийн удирдлагад хандан анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн билээ.

Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас үерт өртсөн, тусламжид хамрагдах айл өрхүүдийн судалгааг гаргаж, тусламжийг хуваарилах бэлтгэлийг хангаад буй юм байна.