Categories
энтертаймент-ертөнц

“Төрийн цагдаа” дууны шинэ клип цацагдлаа

Энэ жил Монголын Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байгаа билээ.

Уг ойг угтан
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран
“Төрийн цагдаа” дууг шинэчлэн дуулж бэлэг барьж байгаа. Тэгвэл уг дууны
клип бэлэн болж үзэгчдийн хүртээл боллоо.

Сонирхуулахад, Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 23-нд болох юм.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын VI их хурлыг 12 сарын 6-нд хуралдуулахаар тогтжээ

Өчигдөр “Туушин” зочид буудалд АН-ын ҮЗХ-ны хуралдаан явагдлаа. Хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн бөгөөд хуралдааны эхэнд ҮЗХ-ны зарим гишүүдийг шинэчлэн баталсан байна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 76 гишүүнээ ҮЗХ-ндоо оруулахаар батламжилжээ.

Ардчилсан намын ҮЗХ нийтдээ 210 гишүүнтэй. Өнөөдрийн хуралдаанд 139 гишүүн хүрэлцэн ирснээр ирц бүрдсэн юм. Хуралдаан АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс баталсан үндсэн зургаан асуудлаа хэлэлцлээ. Мөн өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээллийг хэлэлцжээ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан асуудлыг хөндөн ярилцаж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн юм.

Хуралдаан багагүй ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд хуралд “Нээлттэй АН”, “Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий залуус оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн тус намаас хөөгдсөн зарим залуус олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна

Өчигдрийн хурлын төгсгөлд Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай хэлэлцээд, 2016 оны 12 дугаар сарын 06-нд намын Их хурлаа хийхээр тогтлоо.

Ийнхүү хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж завсарлалаа. Хуралдаан өнөөдөр 11.40 цагаас эхлэх юм.

Хуралдаан ширүүн уур амьсгалд болж, Ардчилсан намын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Өчигдөр оройн 19:20 минутаас Ардчилсан намын Үндэсний
зөвлөлдөх хорооны хуралдаан эхэлсэн. Энэ хурлаас намын зургаан асуудлыг
хэлэлцэх байсан юм. Гэвч хурал завсарлаж, өнөөдөр 11.40 цагаас үргэлжлэхээр
болсон.

Өчигдөр болсон хуралдаан ширүүн уур амьсгалд болж, Ардчилсан намын VI
их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтсон байна.
ҮЗХ-ны хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл сонсох,
Ардчилсан намын даргыг томилох тухай, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн
найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Ардчилсан намын VI их
хурлын товыг зарлах тухай, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах
ажлын хэсгийг байгуулах тухай, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд
үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг гаднаас шидээд байна

“Өдрийн сонин”-ы
№160(5425) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Юуны өмнө УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Иргэд маань их итгэл хүлээлгэж Их хуралд дахин илгээсэнд баяртай байна.

-Өмнөх дөрвөн жилд эрх баригчаар ажиллаж байсан бол энэ удаа сөрөг хүчний байр сууринаас ажиллахаар болж байна. Таны хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ардчилсан нам олонхи болохын тулд сонгуульд орсон ч нийт суудлынхаа 30 хувийг ч авч чадахгүй хэмжээнд хүрсэн нь бидний хувьд том сануулга боллоо. Сонгууль хэр шударга болсон гэдгээс эхлээд яривал их зүйл бий. Үүнийг ярихгүй бол цаашид Монгол Улсад ардчилсан, шударга сонгууль болох уу гэдэг асуулт гарч ирэх болно. Тиймээс нэг талд нь гаргаж шийдэхгүй бол болохгүй. Техник талаасаа хар машин асуудалгүй гэдгийг ойлгосон байх. Хүмүүс АТМ-аас мөнгө авахдаа итгэдэг шиг хар машинд итгэдэг болсон. Гэсэн хэдий ч сонгууль нь цаанаа булхай луйваргүй болох тал дээр ажиллахгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байгаа.

Манай нам энэ удаагийн сонгуульд ялагдсан нь үнэн. Гэхдээ есөн гишүүнтэй болтлоо уруудсан дүн гарахгүй байсан байх. Тэгэхээр цаашид энэ бүхнийг зөв зохистой болгохын тулд энэ парламентад бодитой цөөнх хэрэгтэй гэдэг нь үнэн.

-Нам ялагдах болсон гол шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, хоорондоо зөрчилдөж, намын удирдлагуудынх нь явуургүй байдалд ард түмэн дүн тавьсан. Аливаа эрх баригчид өөрсдөдөө таарсан хууль баталдаг нь хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг харууллаа. Үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй. Хуулийн аргаар ард түмний эрх ашгийг хөнддөг зүйл байж болохгүй. Энэ мэтчилэн олон шалтгаанаас болж манай нам ялагдал хүлээсэн. Тиймээс энэ дөрвөн жилд намаа сайжруулахаас эхлээд улс орны эрх ашгийн тал дээр хатуу байр суурь барьж ажиллана. Намаа, нийгмээ өөрчилж, сонгуулийн зөрчил гарахгүй байх тал дээр сөрөг хүчин сайтар ажиллах ёстой.

Одоогийн эрх баригчдад хоосон, худал амлалтаар ард түмний саналыг авах нөхцөл үүсгэхгүй байхад анхаарч амлалтыг нь хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Цөөнх ямар ажил хийх ёстой, тэр бүгдийг хийнэ.

-Сөрөг хүчний байр сууринаас ажиллах хэдий ч есөн гишүүн гэдэг бол хэтэрхий бага тоо гэж байна. Таны хувьд давхар дээлтэй гишүүдийнхээ тал дээр анхаарч сайд нараа томилоорой гэдгийг хэлж байсан. Ялангуяа эдийн засгийн хувьд маш хүнд байдалд Засгийн газар ажиллахаар байна…

-Дэлхийн эдийн засаг тийм ч сайнгүй байгаа. МАН-ынхан маш том амлалтууд өгч өнгөрөгч сонгуульд орсон. Аудитын байгууллага хянаад болно гэсэн болохоор л тэгж явсан байх. МАН-ынхан мэргэжлийн Засгийн газар ажиллуулна гэж амлалт авсан. Энэ хүрээндээ шинэ Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмж, бүх оюутны 70 мянган төгрөгийг өгнө, хүүхдийн мөнгө тэргүүтэй нийгмийн халамжтай холбоотой маш том амлалтыг өгсөн. Одоо харин тэр амлалтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг нь бид үргэлж сануулж байх үүрэгтэй.

-Ардчилсан намын хувьд томоохон шинэчлэл хийхгүй бол болохгүй гэдэг нь өнгөрөгч сонгуулиар улам тодорхой болсон. ҮЗХ-ны хурал энэ сарын 18-нд товлогдсон байна. Уг хурлаар намын Их хурлаа хуралдуулах, намын дүрмийн өөрчлөлтийн асуудлыг Их хурлаараа хэлэлцэхээр болоод байгаа юм билээ…

-Бид алдаж болох бүх зүйлээ алдсан. Одоо бодит хөрсөн дээрээ буучихсан байна. Фракцилдаг нөхдүүд фракцлан байхгүй болсон зүйлийг булаацалдаад байх юм. Энэ нь маш эмгэнэлтэй харагдаж байгаа. Уг жүжгийг зогсооход энэ удаагийн ҮЗХ-ны хурал маш чухал үүрэгтэй байж цэг тавих болов уу. Энэ намд хариуцлага байдаг, энэ намд ардчилал байдаг, энэ нам нээлттэй болох эхлэлийг тавих цаг болсон. Үнэнийг хэлэхэд Ардчилсан намыг ямар ч ардчилалгүй болгосон. Хамтын удирдлага гэдэг зүйл байхаа больсон. Хувьчлагдаад нэг үгээр хэлбэл мафийн шинжтэй болсон шүү.

Бид энэ бүгдийг задлаад Их хурлаараа хэлэлцэх ёстой. Намын анхан шатны байгууллагын төлөөлөл нь ардчилсан зарчмаа барьж, ард түмний дуу хоолой болж намын дээд удирдлагуудад хүргэх шаардлагатай. Ийм хувь заяаг шийдвэрлэх их үүрэг ирж байна. Сайн сайхан болно гэдэгт итгэж байгаа.

-Таны хувьд байхгүй зүйлийг булаацалдаж байна гэлээ. Яг юуны тухай ярьчихав аа?

-Ардчилсан нам гэдэг чинь ард түмний л нам. Ард түмнийхээ 26 жилийн итгэлийг газарт дэвслээд нэг фракцийн тоглоом, албан тушаалын наймаа, тендерийн наймаа болгож болохгүй. Үүнийх нь дүнг ард түмэн тавьчихсан байхгүй юу. Намын хамт олон нэгдмэл зорилго, нэгдмэл хүчээр ажиллах цаг ирчихээд байхад юу ч болоогүй юм шиг өмнө нь 200 албан тушаалыг тойрч эргэлдэж байсан бол одоо 2-3 албан тушаалыг тойрон эргэж байгаа нь буруу. Яг үнэнийг хэлэхэд сэгэн дээр шавсан махчин шувуу шиг болчихлоо. Ингээд байх юм бол энэ нам руу хэн ч ирэхгүй. Ардчилсан нам оршин тогтнохгүй.

Сүүлийн найман жилд анх удаагаа намынхан цуглаж Их хурлаа хийх гэж байна. Хариуцлагаа тооцох хүмүүстээ тооцон намаа зөв голдрилд нь оруулах тийм цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаар өмнөх Засгийн газрын ямар ажлуудыг үргэлжлүүлээсэй гэж хүсч байгаа вэ. Өнгөрөгч дөрвөн жилд АН-ын Засгийн газрын үед маш их ажил хийгдсэн гэж үздэг шүү дээ?

-Гадаад орнуудад улс орныхоо нэр хүндийг өсгөх, аж үйлдвэржилтийн бодлого, эдийн засгийн олон тулгуурыг бий болгосон. Мөн Ардчилсан нам дэд бүтцийг хөгжүүлж, хот суурин газрыг хөгжүүлэх, ард иргэддээ хандсан цогц бодлоготой болгож чадсан. Энэ бүгдийг эрх баригчид үргэлжлүүлэх ёстой. Арай ч бидний эхлүүлсэн ажлыг хаячихгүй байлгүй. Тэгж хийсэн ажлаа устгуулахгүйн төлөө бид ажиллана. Бид тэмцэнэ.

-Ардчилсан намын бүлгийн есөн гишүүд бас л тодорхой бүлэг фракцийн төлөөллүүд орж ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд зайлшгүй гар нийлэхээс өөр замгүй боллоо?

-Анхнаасаа бид тэгж ажиллахгүй бол болохгүй. Тэгж ажиллана гэдэгт итгэж байгаа. Өөр ямар ч зам байхгүй. Энэ есөн гишүүн бол намынхаа өмнө маш том ачаа, хариуцлага үүрч байгаа хүмүүс. Анхнаас нь зөрчилдүүлж үймүүлэх гээд албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг зориуд гаднаас шидээд байна. Тэр хүмүүс нь өөрсдийн савраа татан авч бүлгийг бүлэг шиг ажиллуулах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Николай Рерихийн сод бүтээл “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болж, хуулбар нь үлдсэн үү

“Өдрийн сонин”-ы
№159(5424) дугаараас авч нийтлэв.

Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдэг нэрээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн талаар урлаг судлаач, болон уран зурагтай ойр байдаг хүмүүсийн дунд нэгэн яриа гарчээ. Тэд “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувь нь алга болсон байна. Дээрх зургийг хадгалж байгаа гэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хуулбарласан буюу хуурамч хувь нь хадгалагдаж байна” гэх болжээ. Энэ яриа Оросын алдарт зураач Николай Рерихийн бүтээлийг амьдралынхаа 60 гаруй жил судалж байгаа, түүний зургийн хэв шинж, онцлог, ялгарах байдал зэргийг нарийвчилж судалдаг АНУ-ын нэгэн судлаач манай улсад ирсний дараагаас гарчээ. Тэрбээр Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” нэрээрээ алдартай, “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хараад гайхсан гэнэ. Тэгээд ч зогсохгүй зургийг хэсэг харж зогсож байгаад гараад явчихжээ. Уг нь хаа байсан холоос зөвхөн энэ зургийг л харах гэж тэр ирсэн аж. Тэгээд “Николай Рерихийн зурсан жинхэнэ зураг нь алга байна шүү дээ. Зөвхөн хуулбарласан нь байна. Хэзээ алга болсон юм бэ. Танайхан яагаад одоог хүртэл хуулбар зураг гэдгийг мэдээгүй байгаа юм” гэсэн гэнэ. Тухайн үед уран зураг болоод соёл, урлагийн нэр бүхий томоохон төлөөлөл болсон хүмүүс түүнтэй хамт байжээ. Тэд “Та үнэн ярьж байгаа биз дээ. Маш ноцтой асуудал ярьж байгаагаа мэдэж байна уу” хэмээн зөрүүлээд асуужээ. Уран зураг судлаач америк эмэгтэй “Амьдралынхаа 60 гаруй жил зөвхөн Николай Рерихийн зурсан зургийг судалж байна. Та бүхэн надад итгэхгүй байгаа бол шинжилгээ хийлгээд үз. Ядахдаа будаг нь хэдэн оных, зурсан даавуу нь хэзээ үеийнх вэ гэдгийг шинжилгээнд өгвөл гараад ирнэ. Энэ хуулбарыг арав гаруй жилийн өмнө хийсэн болов уу” гэж хэлчихээд яваад өгсөн гэнэ. Дээрх яриа болж өнгөрсний дараа “ОХУ-ын нэгэн уран зураг цуглуулдаг хүнд эх хувилбар нь хадгалагдаж байгаа юм байна” гэх мэдээлэл ч гарчээ.

“Шамбалын хаан Рэгдэндагва” зургийн эх хувилбаралга болсон. Хуулбарнь манайд байгаа гэх яриа арав гаруй жилийн өмнө гарч байсан” гэв

Энэ талаар сурвалжлахаар Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд очсон юм. Тус музейд Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдгээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зураг байгааг тайлбарлагч нь хэлж байв. Сүүлийн хэдэн жил огт байрнаас нь хөдөлгөөгүйгээ ч тодотгож байв. Уг зургийг хуулбар уу, эсвэл жинхэнэ зураг уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан болоод Соёл урлагийн зөвлөлөөс тогтоож байгаагүй юм байна. “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувь алга болсон уу гэдгийг нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжаас тодруулсан юм.

-Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувилбар алга болсон. Хуулбар нь Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар танд сонсч, дуулсан зүйл байна уу?

-Энэ зургийн жинхэнэ эх нь алга болсон. Хуулбар зураг нь үлдчихсэн гэх мэдээлэл гараад арав гаруй жил болж байна. Одоогийн Дүрслэх урлагийн музейн захирал томилогдож байх үед л энэ яриа гарсан. Өөрөөр хэлбэл, арав гаруй жилийн өмнөх яриа. “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болсон гээд л УИХ-ын гишүүн байсан хүнээс эхлээд тус музейд ажиллаж байсан эмэгтэй хүртэл ярьж байсан. Үүнийг уран зураг, соёл урлагийн хүмүүс мэднэ. Хэн нэгний худал яриа юм байх гээд л нээх их тоохгүй яваад байгаа. Гэтэл саяхан энэ талаар дахиад яриа гарчихсан байна. Үүнийг эцэслэн, хуулбар зураг мөн эсэхийг тогтоох цаг нь болжээ.

-Яагаад өнөөдрийг хүртэл шалгуулаагүй, шинжилгээ хийлгээгүй юм бол. Манай уран бүтээлчид дунд жинхэнэ, хуулбар зургийг ялгачих хүн олон байгаа биз дээ?

-Хуулбар зураг уу, эсвэл жинхэнэ үү гэдгийг хараад мэдэх боломж байгаа. Жинхэнэ эх зурагны татлага нь шал өөр байдаг. Харин хуулбар зурагны татлага зураас нь их өөр байдаг юм. Мөн тухайн зурагт зураачийн гарын үсэг болоод ард талд нь нууц байдлаар хийсэн ялгарах зүйл байгаа. Монголд төдийгүй дэлхийд алдартай энэ бүтээлийг жинхэнэ үү, хуулбар уу гэдгийг эхний ээлжинд Соёл урлагийн зөвлөл хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж дүгнэлт гаргах ёстой. Үүний дараа зурагнаас дээж аваад хэдэн оны будаг вэ, зурсан даавуу нь хэдэн оных болохыг нарийвчилж тогтоох хэрэгтэй. Ингээд хуулбар уу, жинхэнэ зураг уу гэдгийг гаргаад ирэх юм. Ер нь дэлхий нийтэд уран зураг, соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг ингэж л тогтоож байгаа. Энэ жишгээр явах хэрэгтэй.

-Монголын зураачдын сод бүтээлүүдийн эх хувь бараг бүгд алга болсон. Уран зураг зурдаг оюутнуудаар хуулбар хийлгээд эх хувилбаруудыг хил гаргаад зарчихдаг гэх яриа байнга шахуу гарах юм. Энэ хэр ортой вэ?

-Гарын ур сайтай, зураг хараад хуулбарлаад зурчихдаг залуусаар хуулбар хийлгэдэг гэх яриа оргүй хоосон зүйл биш. Үүнийг нотолгоотой ярих хэрэгтэй. Зарим музей уран зургаа хуулбарлуулаад эх хувийг нь хадгалчихдаг. Байнга гэрэлтэй орчинд байлгахаар будаг нь ховхорч, муудаад байдаг. Тэгэхээр нь хуулбар хийлгээд үзмэртээ байршуулдаг. Уран зургийн мэдлэг, боловсролтой хүн л үүнийг ялгаж танина. Энгийн хүмүүс “Сайхан зураг байна” гэж харчихаад л өнгөрдөг юм. Уран зургийн галерейд байгаа Монголын сор болсон зураачдын сод бүтээлүүд бүгд алга болсон гэх яриа байдаг. Үүнийг ч үгүйсгэх арга байхгүй. Одоогоор 20 орчим жилийн өмнөөс л хараа хяналт суларсан. Үүнийг ашиглаж цөөн хэдэн хүн эх хувилбарыг нь худалдаалсан байхыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зургуудыг нарийвчилж шинжилгээнд өгмөөр байна. Олон жил энэ хардлага явж байна. Барим тавим тэр өдөр, тэр гэж хүн тэгж авсан гээд л ярьдаг. Бүр хуулбар нь ч мэдэгдэхгүй, жинхэнэ нь ч мэдэгдэхгүй зураг хилийн чанадад ховор зураг цуглуулдаг хүмүүст байдаг. Хуулбар байлаа гэхэд хэн, хэзээ, хэнээр хуулбар хийлгэсэн бэ гэдэг нь маш чухал. Мөн ховор үзмэр, уран зураг цуглуулдаг хүмүүс эх хувилбарыг нь ямар нэгэн аргаар авахыг л хүсдэг юм. Түүнээс хуулбарыг хараад сэтгэлээ, нүдээ баясгаад суух нь ховор. Уран зургийн эх хувилбар алга болж байж магадгүй гэсэн таамаг яагаад дэвшүүлж байна вэ гэхээр хэд хэдэн үндэслэл байна. Үзмэрт байгаа зургаа шууд хараад таних хүн Монголд цөөхөн байна.

Яагаад. Өөрийнхөө зурсан зургийг таних хүн ховор байдаг хэрэг үү?

-Дарга нь солигдохоор л мэргэжилтнүүд нь солигдоод ямар ч мэдлэг байхгүй хүн ороод ирж байна. Тэгэхээр хэн ч хосгүй үнэт үзмэрүүдэд эзэн болж чадахгүй байна. Урлаг судлаач, зураг, үзмэрүүдийг мэддэг хүмүүс нь нас дээр гараад эхнээсээ бурхан болж байна. Тэр хүн мэдэх болов уу гэсэн хүн нь цус харваад, эсвэл гэрээсээ гарч чадахгүй болчихоод байна шүү дээ. Хосгүй үнэт үзмэр, уран зургийн цаана ийм л асуудал байгааг хэн ч зоригтойгоор ярьж чадахгүй байна. Ярих боломж ч үнэндээ алга. Шүүмжлээд яривал энэ салбартаа ад үзэгдээд хавчлага, шахалтад орно. Саяхан нэгэн томоохон албан тушаалтан гэр рүүгээ уран зураг авч яваад хадгалж байсныг нэг мэргэжилтэн нь цагдаад мэдэгдсэн. Цагдаа нь шалгах болсон. Тэгсэн нөгөө цагдаа захиралтай нь хуйвалдсан байж магадгүй гээд матаас ЦЕГ-т очсон байна лээ. Тэр “матаас”-наас болоод сүүлийн үед уран зурагтай холбоотой асуудлаар гаршиж байсан цагдаа ажилгүй болчихсон. Одоо цагдаад түүн шиг мэдлэгтэй, ажилдаа гаршиж байсан хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө Уран зургийн галерейн захирал болсон нэг залуу зоригтойгоор “Энэ хэдэн зурагнууд хуулбар юм биш үү. Ноцтой зүйл ажиглагдаад байна” гэж хэлээд ад болсон. Түүний яриаг тал талаас нь намжаагаад л өнгөрсөн.

-Та энэ талаар зоригтойгоор хэлж, яриад шалгуулах газраар нь шалгуулж болно шүү дээ?

-Амьдралтай, ар гэрийнхнээ тэжээх гэж зүтгэж яваа бидэн шиг улс энэ талаар хэлээд ямар ч нэмэр байхгүй. Харин ч бүр хэрэгтэн болно. Эсвэл дахиж ажил хийх боломжгүй болно. Хууль хяналтынхан ч авч хэлэлцэхгүй. Дарга, даамлууд ч газар авахуулахгүй. Харин энэ удаад боломж олдсон дээр зургуудыг шинжлүүлээд бодит эсэхийг нь тогтоолгох замаар үнэн мөнийг илчлэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн гүйж очиж хэлээд илэрдэг хэрэг биш.

Оросын алдарт

зураач Николай Рерих гэж хэн бэ

Николай Константинович Рерих герман гаралтай Оросын зураач юм. Урлагийн ертөнцөд төдийгүй эрхзүйн салбарт ч амжилт олсон дэлхийн томоохон эрдэмтдийн нэг. Мөн Агни-Йогагийн нийгэмлэгийг үндэслэсэн. Дайны үеэр түүний бүтээлүүд нь уран зургийн болон архитектурын өвийг хамгаалахын төлөө чиглэгдэж байжээ. Түүнийг олон удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан түүх бий. АНУ болон Пан Америкийн холбооны гишүүн улсууд Рерих Пактын хуулийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Рерих Пакт нь эртний олон улсын соёлын өмчийг хамгаалсан хууль юм. Нэгдсэн улсын дэд Ерөнхийлөгч Хенри Валлис Рерихийн түүх, дурсгалаа авч үлдэх тухай санаачилсан хуулийг боловсруулж байсан түүхтэй.

Тэрбээр зөвхөн уран зураг зурахаас гадна шүлэг яруу найраг, жүжиг, зохиол бичдэг суут нэгэн байжээ. 1917 оны хоёрдугаар сард болсон хувьсгалын дараа Оросын их хааны дэглэм нуран унаснаар Макси Горький болон Александр Бэнойс нартай хамтран “Горькийн комисс” урлагийн эвлэлд нэгдсэн байдаг. Үүнээс болж Рерихийн эх нутагтаа амьдран суух эрхийг нь хүчээр хассан түүхтэй. Эх орондоо амьдрах эрхгүй болсон тэрбээр энэ цагаас хойш гэр бүлийн хамт хэрэн хэсч амьдарсан юм. Гэхдээ дэлхийн улс орнуудаар цагаачилж байхдаа тэр сод бүтээлүүдээ туурвиж, нэр алдарт хүрсэн байдаг. Тэрбээр Финланд, Скандиновт хэдэн сар амьдарсны дараа 1919 оны дунд үед Лондон руу нүүсэн гэдэг. Зурсан зургаа худалдах, театрын ажил зэргээсээ багагүй мөнгө олж, Энэтхэг орныг зорих эртний мөрөөдлөө биелүүлэхээр аян замд гарсан байна. Түүнийг Энэтхэгт хэдэн жил болсны дараа Чикагогийн Урлагийн хүрээлэнгийн захирал 1920 оны арванхоёрдугаар сараас бусад орноор тойрон үзэсгэлэнгээ гаргахыг санал болгосон нь уран бүтээлчийн хувьд хамгийн том олз байлаа. Энэ аялал нь Нью-Йоркоос эхэлж, 1921 оны сүүлч 1922 оны эхээр Сан-Францискод дуусчээ. Үүнийхээ дараа Азийн орнуудаар аялж, уран зураг болон бусад бүтээлээ туурвисан юм. Түүний “Пакс Культура”, “Улаан загалмай” зэрэг бүтээлүүд нь хүмүүсээс өндөр үнэлгээ авч иржээ. 1935 оны “Цагаан ордон”, “Рерих Пакт” зэрэг ажлууд нь АНУ болон Пан Америкийн 12 гишүүн орны бэлгэ тэмдэг болсон байна. Х.П.Ловекрант “Николай Рерихийн зурсан зураг ер бусын атлаа айдас түгшүүртэй байдаг” гэж түүний “Антарктидын айдас”-ын тухай “Маднессын үүлс” номдоо бичсэн байдаг.

Рерих Монголд ирсэн түүх буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг

Оросын их соён гэгээрүүлэгч, уран зураач, нэрт монголч эрдэмтэн Н.К.Рерих Төв Азийн экспедицийн аяллаар Монголд ирээд 1926 оны есдүгээр сараас 1927 оны тавдугаар сар хүртэл Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарчээ. Н.Рерих манай оронд байх хугацаандаа Монголын тухай 107 уран зураг туурвисан гэдэг бөгөөд 1927 онд “Шамбалын хаан Рэгдэндагва” зургаа бүтээж, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржид бэлэглэжээ. Энэ тухай “Монголын Засгийн газар зургийг тун их талархан хүлээн авав.Тэр цагт Монголын нийгэм бүхлээрээ Шамбалын домогт итгэж, Шамбалын хаан ирж байгаа гэдэгт итгэдэг байсныг тэрбээр онцгой мэдэрч зургаа туурвисанд тухайн үедээ сайхан бэлгэдэл болсон утга агуулга байж, маш догдлол авчирсан” хэмээн Дүрслэх урлагийн музейн цахим сайтад бичсэн байх ажээ.

Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн зүйлийн дайсныг дарагч, шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу агаад голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй бүтээгддэг бол зурагт Рэгдэндагва нь хоёр мэлмийтэй, амирлингуй дүртэй, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар бүтээгдсэн цөөхөн номын сахиусын нэг хэмээн бурхан шашны номонд бичигдсэн нь бий.

Зураач Николай Рерихийн “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” (165х125, темпера будаг, холст) бүтээл нь бурхны домгоос сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барил санагдуулам сонирхолтой бүтээл гэж судлаачид үнэлдэг. Зураач уламжлалт монгол зургийн аргаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулж, “Шамбалын догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж түвдээр бичиж үлдээсэн байдаг. Рерихийн энэ зураг нь гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жад барьсан байдлаар зурагдсан. Энэ зургийн гол санаа нь түүний бичсэн захидал дахь “Гэрэлт ирээдүй” гэсэн тодотголоор илрэх ба зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Бурхны шашны номоор улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг гэнэ.

Эх хувь нь алга болсон байж болзошгүйд тооцогдоод байгаа энэхүү зургийг уран зураг сонирхдог хүмүүс “Дэлхийд хосгүй сод бүтээл” гэдэг аж.

Үргэлжлэл бий.

Эрэн сурвалжлах тоймчдын алба

Categories
мэдээ цаг-үе

“Хар авдарт ном, хазгар өвгөнд эрдэм бий”…

“Өдрийн сонин”-ы №159(5424) дугаараас авч нийтлэв.

42 жил сумын сургуульд багшилж, 40 гаруй ном бичиж, орчуулж хэвлүүлсэн ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ядамын Дүгэртэй ярилцлаа. Энэ хүн бидэнд орос хэлний хичээл ордог байлаа. Багш маань олон жилийн өмнөх янзаараа “дэгж” явна. Биднийг сурагч байхад л сургуулийн өвгөн багш байсан (юутай ч бидэнд тэгж харагддаг)багш маань өнөө ч хэвээрээ үлджээ. Я.Дүгэр багш тэтгэвэрт гарсан хойноо ном бичиж, МЗЭ-ийн гишүүн болж, “Уран зохиолын төлөө” шагналыг нь хүртжээ. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны гишүүнээр “уригдаж”, “Мөнгөн сар” медалийг нь хүртэж Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, АН-ын АХ-ны тэргүүлэгч болсон гэх мэтээр нийгмийн идэвхтэй амьдарчээ. Оны шилдэг номоор хоёр бүтээл нь шалгарсан гэнэ.

– Багш аа, Төв аймгийн Угтаалцайдам суманд танаар орос хэл заалгаж, элсэлтийн шалгалтаар орос хэлний онооныхоо буянаар сэтгүүлчийн ангийн хуваарийг авснаа ажлынхандаа сайрхаж байлаа. Ингэхэд та хэдэн жил “Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарив”?

-“Нарт ертөнцөд ганцхан нандин сайхан алба”-ыг нийтдээ 42 жил хашиж, Хөвсгөлийн яруу найрагч, нэг багшийн бичсэнээр “Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж, түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж, түмний хүүхдийн төлөө тархиараа зул өргөж” дээ, би гэдэг хүн. Эргээд бодоход, энэ бол маш урт хугацаа, бас ховор заяа юм. Маш урт хугацаа гэдгийг одоо л ойлгож байна. Багш, хичээлийн эрхлэгч, захирал хийлээ. Мөн жижүүр, цэвэрлэгч, угаагч, барилгачин, будагчин, сийлбэрчин, засварчин, хэлмэрч, орчуулагч… байлаа. “Цаг үеийн шаардлагаар” гэх үү дээ… Мэдээж, сэхээтэн хүн тул ухуулагч, суртал нэвтрүүлэгч… Оюутнуудын дипломын ажил, эчнээгийхний хичээл гээд албатай юм шиг ирнэ шүү дээ. Багш бол хэцүү ажил. Өнөөгийн багш нар жаргаж байна даа. Тэд ядахнаа субботник, дайчилгаа, лекц, дугуйлан, сонин уншлага, …хурал дээр нөхөр…-ын хэлсэн үгийн тэмдэглэл хөтлөх, хоолны мах, цайны сүүний дараалалд зогсох энээ тэрээ гэхийн зовлонгүй… Компьютер байхад конспект, үзүүлэн бол гарын үзүүрийн ажил.

– Нээрээ ч тийм байх даа. Дараалалд ч бас тэгж их зогссон юм уу?

-Дараалалд бусдын л адил зогсоно шүү дээ. Социализмын үеийн Монголд хүн жилд элдэв дараалалд 450-500 цаг зогсдог байсан гэж судалгаа байдаг юм. Ямар сайндаа Төв аймгийн дарга байсан Жамсран гэдэг буянтан 1960-аад оны сүүлээр Зуунмод хотод “Багш нарын дэлгүүр” гэж гаргаж байх вэ дээ. Энэ тухай би хэзээ сүүлд Ж.Соёлжав багшаас дуулж, тэр даргад баярласан. Өөр тийм жишээ үзэж дуулаагүй. Харин ч муусайн багш нарт дээр доргүй томорч, “Би бол учир мэдэхгүй ажилчин хүн, харин та сэхээтэн хүн байж…” гэж “даналзана” шүү дээ… Увс аймгийн намын хорооны дарга байсан Бизъяа, хүүхдээ угжих гэж таван ямаатай болсон манай Бөхмөрөн сумын нэг багшийг 1980-аад оны сүүлээр аймгийн багш нарын бага хурал дээр “боловсролын дайсан” мэтээр загнаж, “Таван ямаатай энэ мэтийн ялзарсан этгээдүүд манай аймагт багшлах эрхгүй” гэхчилэн цамнаж байсан байдаг.

-Амаргүй үе байжээ бас одоо сонсоход сонин түүх байна. Та ер нь хачин хачин юм ярьдаг янзаараа шүү?

-Амнаасаа болж адлагдахыг алийг нь тэр гэхэв. Бусдыг өмөөрөмтгий гэх үү. “Өдрийн сонин” “Багш” булан нээснийг уншаад үнэхээр баярласан. 1990-ээд оны эхээр өмсөх гутал, барих цүнхгүй, тэр ч байтугай картын бараагаа ч авч дийлэхгүй болсон багш нарын тухай сонинуудад бичиж, арга ядсан багш нараас зарим нэг нь ажлаасаа гарч наймаанд мордсон. Тэд хожсон…

-Та хүүхдүүдтэй тоглочихдог, бас хөөрхөн шоглочихдог байж билээ. Заримдаа сурагчдын дэвтрийг авч, гаднаас нь үнэртээд, чи хуулсан байна гэх юм уу, аль эсвэл чи төд алдаж гэдэгсэн?

-Тийм юм байсаан. Оюун дүгнэлтэрхүү юм уу даа. Бүү мэд. Гэхдээ алдсан тохиолдол гараагүй.

-Харин та өөрийгөө ямар багш байсан гэж боддог вэ?

-Би хүүхэд бүрт асар их боломж байгаад итгэдэг байсаан. Гэхдээ багш, шавийн харилцаа гэдэг бол тун ч ярвигтай зүйл. Зарим хүүхэд багшийн “ам руу орчих” шахдаг, гэтэл зарим нь бараг хаалт тавьчихсан байдаг. Авах, гээхийн заяа төөрөг, ивээл жил, ивээл ааш байдаг шиг, энд мэдээж, харш нь ч байдаг байх. Үнэхээр агуу толгойтой, авьяастай мөртлөө зугтах нь ч байдаг. Тийм хүнд ямар “дарж байж сахил хүртээлтэй” биш. Хүүхдэд ч, надад ч баярлах гомдох үе байсан нь мэдээж. Харин авах хүнд өгөх юм надад байсаан. Мэдлэг, сэтгэл. “Төлбөргүй дамжаа хичээллүүлнэ, тестээр шалгаж, 80-аас дээш оноо авсан хүүхдийг шагнана” гэсэн зарлал хүртэл гаргаж байлаа.

Бас Эрхүүгийн номын сангаас “Частотный словарь русского языка” гэдэг ховор номыг гуйж аваад, 96 хуудастай гурван дэвтэрт хоёр шөнө үүр цайтал сууж хуулж авсныг минь нэг нь аваад буцааж өгөөгүй. Өнөөгийнх шиг канон байсан биш. Канон яагаад байгаагүйг чи мэдэх үү?

-Үгүй ээ, ямар учиртай юм бэ?

-Дэлхий дахинд канон байтугай нь бий болчихсон цаг. Гэтэл олшруулагч төхөөрөмжөөр мэдээ материал олшруулаад “Улсын нууц задалчихна” гэж тэр шүү дээ. Нууцгүй юм байгаагүй: дараалал, аж байдал хүртэл “улсын нууц”… Албаны бичгийн машин бүрийн үсгийн хэв НАХЯ-нд байна. Өргөдөл, гомдол, нэргүй захидал бичсэн хүн тэгж баригдаж байсан. Бат-Үүл ч 1990 онд ажлынхаа газрын бичгийн машинаар ухуулах хуудас биччихээд дорхноо баригдсан… Хадуурчихлаа, уучлаарай. Энэтхэгт урилгаар нэг жил ажилласан Оросын шатрын нэг мастер “Тэнд канон булан бүрт л байдаг” гэж ярьсан байсан. 1970-аад онд. Тухайн үедээ би тэр нь юу болохыг ойлгоо ч үгүй. Хөөе, 1990 оноос өмнө “00”-ийн цаас, скоч, ажлын цагаан бээлий, гэрийн шаахай ч байгаагүй…

-Ингэхэд та яагаад орос хэлний багш болсон юм бэ?

-Би бараг 40 хүрсэн хойноо Эрхүүгийн орос хэлний багш нарын нэг жилийн курст явсан юм. Дээд сургуулийн багш нар ч суудаг дамжаа л даа. Ховор завшаан. Бид 31-үүл очсон. Дамжаанд яг л төгсөх ангийн оюутан шиг хагас ба бүтэн жилээр 7-8 шалгалттай. Гэтэл өвлийн шалгалтаас нэлээд өмнө декан маань бүх багш нартайгаа орж ирээд, “Нөхөр Дүгэрийг бүх шалгалтаас чөлөөллөө. Энэ бол манай курсын хувьд анхны тохиолдол…” гэсэн.

-Яаж тэдэнд “тоогдов”?

– Дүрэм, үгийн сан, ялангуяа өгүүлбэр зүйд би угаас гайгүй байсаан. Декан маань Оросын түүх соёлоор лекц уншдаг доктор, профессор, нээх их сайхан буурал эмэгтэй байсан. Очсон даруйд шахам хичээл дээр 19 дүгээр зууны Оросын хөгжмийн урлагийн түүхийг ярьж байснаа “хамгийн томоохон төлөөлөгч нь Михаил Иванович…” гээд дуугүй болж биднээс хариу хүссэн. Хэн ч дуугарсангүй. Би тэр хүн бол М.И.Глинка гэж мэднэ. Тэгээд “…Топтыгин, Калинин, Глинка” гэсэн. Багш их баярлаж, гайхсан. Би орос ардын зарим үлгэрт баавгайг М. И. Топтыгин гэдэг, нөгөөх нь “Бүх Оросын ахлагч” хэмээгддэг асан М. И. Калинин, энэ гурав бол Оросын хамгийн том гурван Михаил Иванович гэж тайлбарласан.

-Сэтгэгдэл төрүүлжээ дээ?

-Тэр багш гайхаж, баярласнаа нуугаагүй.

-Баян-Өлгийд байхдаа та казах сургуулийн наймдугаар ангийн орос хэлний сурах бичиг бичиж, Алма-Атад хоёр удаа хэвлүүлсэн юм байна?

-Би тэгэхэд тэнд байсан юм. Би 1954 онд Увсын Бөхмөрөнд бага сургууль төгсч, Өлгийд 10 жилийг төгссөн хүн шүү дээ. Казах сургуулийн боловсролын агуулгыг шинэчлэх ажил 1975 онд өрнөсөн юм. Казахстанаас мэргэжилтэн Шакир Аманов гэдэг хүн урилгаар ирсэн. Тэр л намайг зохиогчдын бүрэлдэхүүнд оруулсан. Аймгийн орос хэлний багш нарын бүлгийн ахлагч болгосон. Сүүл сүүлдээ наймдугаар ангийн сурах бичиг тунаж үлдсэн. Надтай нийлээд гурван хүнд бүтээлийн чөлөө өгч, шавдууллаа. Аймгийн номын санд гурван сар суугаад нөгөө хоёр маань больсон. Аймгийн намын хороо, Гэгээрлийн хэлтэс, Сурганы сектор дээр бөөн хэрүүл, банга… Нийслэлээс, бүр Казахстанаас хүн урих тухай яриа болсон. Тэгээд би бичнэ гэсэн. Дарга нар их баярлаж, чамд хэдий хугацаа хэрэгтэй вэ гэхээр нь “Гурван сар” гэсэн. “За хичээгээрэй, чамд АБТА цол, Хөдөлмөрийн хүндэт медаль өгнө” гэсэн. Тэр ч яахав, зүгээр л бичсэн. Номын эхийг секторын ЭША Х.Шаймардан Алма-Ата руу авч одсон хойно би оюутан дүү нарынхаа улмаас хотод ойртож, Төв аймаг руу гэнэт шилжчихсэн. Намар нь номын хувь гэж шуудангаар гурван ном надад ирүүлж, баяр хүргээд, Ардын боловсролын яамнаас мөнгөө аваарай гэсэн. Овоо мөнгө өгсөн. Өлгийнхөн л замыг нь зассан хэрэг.

-Та “коммунист суртлыг шүүмжилж, идэвхтэй амьдралыг сурталчилсан” 20-иод ном бичиж, орчуулжээ. Яагаад та энэ сэдвийг онцолж сонгов. Ер нь юунаас болж та гэнэт ном бичих болов?

– Ном бичих болсны хувьд гэвэл хэн ч өмнүүр зүтгэж булаацалдахгүй юм даа… Монголчууд коммунизм гэгч нийгмийн өвчин, гаж суртал, буруу дадал зуршлаасаа хичнээн түргэн илааршиж сална, улс орон төдий чинээ түргэн хөгжинө гэдэгт би итгэдэг. Хэвлүүлж дийлэхгүй байгаа хэд хэдэн ч ном бий. Чөлөөт нийгэмд ямар ч шинэ технологи хаанаас ч оруулаад ирж болно. Тэгж ч байна. Харин “социалист” биш, “шинэ” биш монгол хүнийг бид төлөвшүүлэх ёстой. Би энд, урьд “социалист ухамсартай хүн”, “шинэ хүн” болгон хүмүүжүүлэх, “социалист аж төрөх ёс”, бүр “социалист овсгоонд” “сургах”-д бүхий л талаар анхаардаг байсныг хэлж байна. Тэр бол “өвчлүүлэх” оролдлого гэж болно. Харин бидэнд одоо жирийн л монгол хүн хэрэгтэй. Жишээ нь, Богд хааны үед, ядарсан нэг нь, би энэ Богдоос болж ядуу явна гэх үү? Боловсрол, гэгээрэл бол хөгжлийн баталгаа шүү дээ. Саяхан, өнгөрсөн сарын 12-нд шиг билээ, зурагтаар судлаачид, дэлхийн I ба II дайныг өдөөсөн гэгддэг “манай дайсан” Баруун Германд түүхийн алдааг давтахгүйн үүднээс, дайны дараа ард түмнээ гэгээрүүлэхэд төр засаг нь асар их анхаарсны учир, үр дүнг нь жишээгээр хэлж харагдсан. Ер нь Баруун Герман сүйрлээс гарч, хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт жагсах болсон. Гэтэл “манай” социалист Герман хөгжлөөрөө хол хоцорсон (35 хавьд), хамгийн гачлантай нь хүмүүс нь их эвдэрсэнд энэ хоёр улс 1990 онд нэгдэх үеэр халаглаж байсан. Ховч матаач, хоёр нүүрлэдэг, ажил оромддог, идэвх санаачилгагүй, хумсалдаг, аливаа өмчид хайр гамгүй, бүх юманд үзэл суртлын үүднээс ханддаг болтлоо “өвчилсөн”… Тэгэхээр социализмын тогоонд тэднээс бараг хоёр дахин удаан чанагдсан бид ямар болсон нь тодорхой. Ачтан, атаатнаа ялгахгүй болох, “манай тал” тул “маш зөв” гэх, өөрсдөөсөө бусдыг үгүйсгэх, үтэр түргэн дарахыг шамдах гэдэг бол нөгөө л өвчин… Хамтран ажиллах, зөвшилцөх, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Зүүн Германд нийгмийн ухааны багш нарт нөхвөр олгоод ажлаас нь халсан гээд бод доо. ОХУ-д “социалист ухамсраас салгах” маш том төслүүд хэрэгжсэн.

-Та яагаад шатрын ном бичих болов. Шатрын 20 гаруй ном хэвлүүлжээ?

-Би шатарт тааруу, ойлгодог төдий хүн. Орос сэтгүүл 2-3-ыг захиалдаг байлаа. Анхалж орчуулсан ном минь алдарт шатарчин Эм. Ласкерийн “Шатрын сурах бичиг”. Энэ номыг орчуулснаа Энэтхэгийн шиг санагдаж байна, нэг мастер ард түмэндээ өргөн барьсан асар том бэлэг минь гэж ярьсныг 1960-аад оны эхээр орос сэтгүүлээс уншсан юм. Тэр номыг би мэдэхгүй явлаа. Гэтэл 1999 онд байх, зах дээр нэг хүн хар даг болсон ч хуудас бүтэн орос ном тавьчихсан суусан. Авсан. Үзсэн. Биширсэн. Тэгээд мал тооллогын бүртгэлийн далбагар цаасан дээр гараар бичиж орчуулсан. 1000 шахам хуудас юм болсон. Хөдөө компьютер байсан биш. Их будилсаан. Тэг тэгсээр 2002 онд нэг юм хэвлүүлсэн. Шавь, “Акума”-гийн Жамянсүрэнгийн Баттулга, Сунравын Ундармаа, мөн дүү нар, хүүхдүүд тусалсан. “Муу нохойн санаа алсын оононд” гэдгээр Дэлхийн оюутан шатарчдын тэмцээнээс (УБ. 2002.09.02-07) өмнө амжуулахыг хичээсэн. Спортын төв ордонд болсон тэмцээний нээлт дээр аваачиж, тавьсан.

-Шатарчид яаж хүлээж авав?

-ОУ-ын шатрын томоохон тэмцээн тул манай шатрын томчууд, сонирхогчид тэнд цугларсан байсан. Намайг хэн ч танихгүй, “Энэ юун хүн билээ” гэж гайхсан. Би ч тэднийг танихгүй шахам. Зарим нь баяр хүргээд, номноос адис авч, гарын үсэг нэхэж байсан. Хоёр дахь өдөр нь бүр ч олон хүн сонирхож эхэллээ. Бие биедээ мэдээлсэн бололтой юм билээ. Нэг залуу “Энэ бол том үйл явдал. Та яасан азтай, бас мундаг хүн бэ? Би барьж авах гэж халгасаар өдий хүрсэн эд дээ. Надад номоороо адис хүртээгээд өгөөч” гэж байсан.

-Хамтран ажиллах санал танд ирж байв уу?

-Ж.Лхагваа, П.Жигжидсүрэн нараас тийм санал ирсэн. Хамтарч ажилласан. “Монголын шатрын түүх”, “Шатрын бодлого дасгалууд”… гээд нэлээд ном гарсан. Өөр хүмүүс ч санал тавьдаг.

-Мартсанаас, Баян-Өлгийн дарга нарын 1976 онд танд амласан АБТА цол, нөгөө хүндэт медаль юу болсон бэ?

-Ном хэвлэгдэх үеэр би шилжчихсэн байсан болохоор тэд “санаагүй”, би ч нэхээгүй. Залуу, хэнэггүй, тэнэг ч байж дээ. Сануулсан бол өгөх л байсан биз. Тулхтай сайхан хүмүүссэн. 1981 онд амралтаараа очиход их сайхан үг хэлж байсан. АБТА-ны хувьд гэвэл тэтгэвэрт гардаг жил минь шинэ захирал Раах гэж хүн ирсэн. Армид хурандаа явсан, захирал байсан, математикийн багш… Намайг бага зэрэг мэднэ. Ирээд хэд хоносон байх, нэг өдөр хичээл дээр хаалгаар шагайн дуудаж “Та АБТА биш юм уу?” гэсэн. Би тийм гэсэн. Тэр “Яана аа! Ичмээр юм” гээд эргэсэн. Тэгээд долоо хоногийн дараа би АБТА болсон доо. Урьд сургууль бүрийн ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт нь “Багш нараас бүтээлтэй хүн бий эсэх” гэдэг асуулт байсан юм. Би уг нь АБЯ-ны захиалгаар бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн “ховор этгээд” л дээ. Бас өөрөө аймаг, сумын аварга болж, шавь нараа удаа дараа аймгийн аварга болгож, улсад ч байр эзлүүлж явлаа. Шинэ санаачилга ухаантай юм гаргаж, цөөхөн жил захирал хийсэн ч энэ зуур сургууль маань аймагт сурлагаараа тэргүүлж, “улсын шалгалтын дүнгийн харьцуулсан үзүүлэлтээр улсад тэргүүлсэн” гэдэг үг ч дуулж явлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нартай наадмын бараан сүүдэр” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин” уншигч та бүхэндээ мягмар гаригийн дугаараа толилуулж байна. Өнөөдрийн дугаарт гарсан шинэ мэдээлэл, шуугиантай ярилцлага, нийтлэл зэргээс тоймлон хүргэе.

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтыг Монгол Улс нийслэл Улаанбаатар хотдоо амжилттай зохион байгуулсан билээ. Энэ уулзалтыг хийсэн хоёр өдөр манай улс дэлхий нийтийн анхаарлын төвд байж чадлаа. Судлаачид ингэж дүгнэж байгаагаа илэрхийлээд буй. Тэгвэл бид өнөөдрийн дугаартаа АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн ярилцлагыг нийтлэн хүргэж байна. Тэрбээр АСЕМ-ын уулзалтыг сайн хийсэн нь олон дахь итгэлийг сэргээж өглөө хэмээн онцолжээ. Нэг, хоёр, тавдугаар нүүрээс уншаарай.

Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар улсын арслан цол хүртсэн Р.Пүрэвдагвын ярилцлагыг өнөөдрийн дугаартаа мөн онцоллоо. Өчигдөр түүнийг Батлан хамгаалан яамнаас хүлээн авч тэргүүний ажилтан цол, хоёр өрөө байраар шагнасан юм. Шинэ арслан сонирхолтой ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрээ уншина уу. Мэдээж, баяр наадмын үеэр шуугиан тарьсан наймын давааныхаа тухай хариулт өгсөн юм.

Улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс “МАН-д “Элсний 15″ байгуулагдах уу” нийтлэлийг тольдоорой. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан, тэдний хувьд засгаа байгуулах чухал ажил бий. Тэгэхээр Засгийн газрын бүтцийг хэрхэн зурж буй талаар дээрх нийтлэлээс мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Нартай наадмын бараан сүүдэр” нийтлэл гарлаа. Наадмын бөхийн барилдааны элдэв асуудлыг энд хөнджээ.

Мягмар гариг бүрийн дугаарт хүргэдэг “Эмч” буланд хүүхдийн шүдний өвчлөлийн талаар мэргэжлийн эмчийн өгсөн зөвлөгөө мэдээлэл нийтлэгдлээ. Та бяцхан хүүхдийнхээ шүдийг хэрхэн арчлах талаарх мэдээлэл болон хэрвээ арчлахгүй явбал ямар хортой талаар унших боломжтой.

Мөн эдгээрээс гадна саяхан гавьяат цол хүртсэн аж үйлдвэрийн гавьяат ажилтан Туулын ярилцлага, дуучин Э.Бүрнээбаярын ярилцлага, зураач Б.Отгонтүвдэнгийн ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хэнтий аймгийн засаг даргаар Н.Ганбямбыг томиллоо

Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох тухай тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баталгаажуулжээ.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж засгаа бүрдүүлэх, аймгуудын засаг дарга нарыг томилж байгаа билээ.

Мөн тус аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн (30 нь МАН, ес нь АН) олонхийн шийдвэрээр ИТХ-ын даргаар Л.Батсайханыг томилжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ “Рио-2016”-д оролцох нь эргэлзээтэй байна

Орос улс 2014 оны Сочигийн өвлийн олимпод домпинг хэрэглэсэн нь батлагджээ. Дэлхийн допингийн эсрэг бие даасан комис нэхэмжлэлийг судалж үр дүнг нь нийтэд зарлаж “Рио-2016” олимпод Оросын тамирчдыг оролцуулахыг хориглосон байна.

Оросын хувьд энэхүү хориг маш хүнд тусч байгаа бөгөөд долдугаар сарын 21-нд шүүх хурал нь болох аж. Гэвч Оросын спортын сайд Виталий Мутко үүнийг “Оросын их спортын эсрэг дайралт үргэлжилж байна” гэж эсэргүүцлээ илэрхийлэн буруутгажээ.

О.ӨНӨР