Categories
мэдээ нийгэм

Чулуутын голд осолдсон долоон хүний амийг аварчээ

Энэ сарын арван нэг буюу баяр наадмын үеэр энэ явдал болсон байна. Тухайн үед иргэн Батжаргал гэр бүлийн хамт нутгийнхаа наадмыг үзэх гэж явсан аж. Архангай аймгийн Тариат сумын Чулуутын голоор машинтайгаа гатлах гэж байгаад машин нь гэнэт унтарч, голын урсгал даган хөвж эхэлсэн байна.

Ийн хөвж яваа машин дотор ус дүүрч доторх зорчигчдод аюултай байдал үүсчээ. Голын ойр орчимд нутагладаг Л.Буяннэмэх хэмээх залуу өөрийн хийлдэг завиараа живж буй долоон хүнийг голын эрэг дээр зөөн амь насыг нь аварсан байна. Хүний алтан амь аварсан залуу Архангай аймгийн Тариатын сумын харцага цолтой бөх ажээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ спорт

“Азийн хүүхдүүд” спортын наадмаас манай тамирчид 14 алт, 25 мөнгөн медальтай иржээ

“Азийн хүүхдүүд” спортын олон улсын VI наадамд Монголын баг тамирчдын мандуулсан тугийг маргааш Чингисийн талбайд хүлээлгэн өгнө. Энэ наадамд амжилттай оролцсон тамирчид 14 алт, есөн мөнгө, 25 хүрэл нийт 48 медальтай эх орондоо өчигдөр ирсэн билээ.

Дэлхийн 37 орны баг тамирчдаас ОХУ, Казахстан улсын дараа жагссан бөгөөд “Азийн хүүхдүүд-2020” спортын олон улсын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монгол улс хүлээн авсан байна. Тэгвэл энэ наадмаас анхны чөлөөт бөхийн 52 кг-ын жинд алтан медаль хүртсэн Б.Хонгорзул “Рио-2016” олимп, паралимпийн наадамд оролцох ах эгч нартаа хандан үг хэлж, төрийн далбааг хүлээлгэн өгөх гэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио-2016” зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд оролцох баг бүрэлдэхүүнд амжилт хүсч, ОХУ-ын Якутск хотын тэнгэрт мандсан төрийн далбааг “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн тугч, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэнд гардуулан өгөх юм байна.

Categories
мэдээ спорт

“Рио-2016” олимпод оролцох тамирчид шинэ логотой болжээ

Энэ удаагийн “Рио-2016” олимпод Монголын шигшээ багийн тамирчид өөрсдийн бэлгэдэл, логотой болж байгаа юм байна. Олимпийн бэлгэдэл болох логоны тендерийг Эрүүл, мэнд спортын яамтай хамтран сарын өмнө зарласнаар нийт 20 гаруй аж ахуй нэгж, уран бүтээлчид оролцжээ.

Монголчууд 3000 жилийн өмнө таван сүлд тугтай байсан бөгөөд эдгээр тугны нэг болох давхиж буй соёолон морины дүрсийг шалгаруулсан байна. Цаашдаа тив дэлхийн томоохон наадмуудад Монголын тамирчид энэ логог ашиглах болно гэдгийг Олимпийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Ч.Наранбаатар танилцуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Дарханд нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан станц барина

Монгол Улсад нарны эрчим хүчийг ашигласан анхны цахилгаан станц барих ажил эхэлжээ. 10 мВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг “Солар Повер интернейшнл” ХХК, Японы “SHARP” компанитай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөдөр хоёр тал цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурж, ажлаа албан ёсоор эхлүүлжээ.

Станцыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багт барихаар барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын ажилд Монголын гурван компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Рио”-г зорих тамирчдыг үдэн гаргах ёслол маргааш болно

Зуны 31 дүгээр олимпийн наадам хэдхэн хоногийн дараа Бразил улсын Рио де Жанейро хотноо эхэлнэ. Энэ удаагийн цэнгэлийн манлай олимпийн наадамд оролцох Монголын тамиридыг үдэн гаргах ёслол маргааш үдийн 11:00 цагаас Чингисийн талбайд болох гэж байна.

Манай улс түүхэндээ анх удаа хамгийн олон тамирчныг “Рио 2016” олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, боксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин олимпийн эрхээ аваад байгаа юм. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр “Рио 2016”-г зорино.

Categories
мэдээ улс-төр

Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо

Хуралдаанаар Улсын онцгой комиссын
даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Баян-Өлгий аймагт ажилласан
ажлын тайлан, Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн
ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх,
хуваарилах үйл ажиллагааны явц, тохиолдож байгаа гамшгийн нөхцөл байдал,
онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа
арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцлээ.

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн
улмаас 160 гаруй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж, их хэмжээний
хохирол учирлаа гэж Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар
танилцууллаа. Эрүүл мэндийн яамны удирдлагууд Баян-Өлгий аймгийн Эрүүл
мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж,
эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ялангуяа сэтгэл зүйн
тусламж үзүүлэх, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандалт
судалгааг эрчимжүүлэх талаар чиглэл зөвлөмж өгсөн байна.

Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны
халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга
хэмжээ авч байна. Одоогоор 26 000 ам метр талбайг 7,7 тонн бодис
хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн зөөврийн ундны
усаар хангах асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга
Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос болон
ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард
иргэдэд зориулагдсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тавьж
нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга
Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Баян-Өлгий аймгийн
Засаг дарга Х.Дармен нарт үүрэг болголоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга
нарт гэнэтийн хүчтэй салхи, шуурга дэгдэх, аянга буух, усархаг бороо
олон хоногоор үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид,
ард иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан
айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барьжээ

Ерөнхий сайд дөнгөж сая Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барьжээ.
Шинэ засаг 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна. Хууль зүйн яамны нэрийг
Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн, Аж үйлдвэрийн яамыг татан
буулгаж , Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг
үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болгон өөрчилжээ. Түүнчлэн
Эрүүл мэнд спортын яамыг Эрүүл мэндийн яам гэж тусад нь салган нэрлэж үйл
ажиллагааг нь явуулах болсон байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын тамирчдыг олимпод оролцуулахгүй гэдгийг В.Путин эрс эсэргүүцлээ

Энэ оны тавдугаар сарын 13-нд Москвагийн Сэргээшийн Шинжилгээний лабораторийн дарга байсан Григорий Родченковын ярилцлага New York Times сонинд нийтлэгдсэний дараа Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг энэ асуудлыг шалгаж эхэлсэн юм.

Түүний өгүүлснээр 2014 оны өвлийн наадмын үед Оросын тамирчид бөөнөөрөө сэргээш хэрэглэж, түүнийг нь Оросын тусгай албаныхан нууцалж чадсан тухай ярьжээ. Тэр хэлэхдээ “Оросын Холбооны Аюулгүй байдлын Товчоо сэргээшийн сорилын дээжийг Москвагаас авч яван тусгай лабораторид хүргэдэг байжээ. Энэ бол тусгай албадын нууц ажиллагаа байсан” гэж тэрээр нэмж хэлжээ.

Ийм шинжилгээний хариуг сольдог механизм бүр 2011 оноос ажиллаж эхэлсэн ба 2013 онд Москвад болсон Хөнгөн Атлетикийн ДАШТ, 2015 онд Казаньд болсон Усан спортын ДАШТ-ий үеэр мөн хэрэгжүүлсэн гэх мэдээллүүд олон улсын хэвлэлүүдэд гарч байна. Улмаар дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу “WADA” өчигдөр ОХУ-ын тамирчдыг зуны “Рио 2016” олимпод оролцохыг хориглосон шийдвэр гаргасан байна. Харин Оросын Олимпийн Хороо WADA-гийн дүгнэлт зарлагдахаас өмнө мэдээлэл задарсан нь АНУ Олимпийн Хартийг зөрчсөн явдал гэдгийг мэдэгдээд байгаа аж. Ингээд тэд ОУОХ-ы ёс зүйн хороогоор уг асуудлыг хэлэлцэхийг шаарджээ. “WADA”-ийн шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эрс эсэргүүцсэн талаар “TASS” агентлаг мэдээлсэн байна.

“Рио”-гийн олимпод Оросын тамирчид оролцох эсэхийг Дэлхийн оломпийн хороо эцэслэн шийднэ. Олимпийн хороо энэ долоо хоногтоо багтаан шийдвэрээ олон улсад танилцуулна.

О.Өнөр

Categories
мэдээ спорт

Алтан медалийг илэрхийлэх шар өнгө сонгожээ

“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн удирдлагууд “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын өмсөх “Team Mongolia” хувцсыг олон нийтэд танилцууллаа. Тус хэвлэлийн хуралд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир нарын хүмүүс оролцов.

“Теам Mongolia” брэнд хувцсанд Монгол улсын логог шар өнгөөр илэрхийлжээ. Манай улсаас гадна БНХАУ-ын тамирчид өөрийн улсын төрийн далбаатай адилтган шар өнгийн хувцсаар “Рио 2016”-д гоёх юм. Харин яагаад шар өнгийг сонгосон талаар ““Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир тайлбар өглөө.

“Алтан медалийг илэрхийлэх өнгө учраас шар өнгийг бид сонгосон. Ер нь бол спортын амжилт гэдэг хувь хүний зүтгэл, тухайн улс орны дэмжлэг, шинжлэх ухааны байгууллагын судалгаа зөвлөмжийн үндсэн дээр бий болдог. Бид ихэд, дээдсээс бидэнд уламжилж ирсэн үнэт логоныхоо төрхийг хадгалах нь чухал юм. Харин өнөөдөр бид алтан медалийг арваас дээш авъя гэсэн санааг тусгаж логонд шар өнгийг сонгосон юм шүү гэдгийг хэлмээр байна” гэв.

Логоноос гадна тамирчдын олимпийн ёслолд өмсөх хувцас мөн шар өнгөтэй юм байна. Энэ талаар “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн тэргүүн, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар “Бээжингийн олимпод Хятадын эмэгтэй тамирчид шар хувцсаар гоёсон. Бид үүнийг дуурайсан юм биш. Зөвхөн алтан медалийг бэлгэдэж энэ өнгийг сонгосон. Тэгэхээр аль улс ямар хувцастай байх нь хамаагүй. Бид өөрсдийн мөрөөдөл, хүслээр явна. Цаашид ч энэ зорилгынхоо дагуу өнгөө өөрсдөө сонгоно” хэмээн ярилаа.

Б.Энхмаа

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад шагнал гардууллаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахин хамгаалж, энхийн манаанд ажилласан хууль сахиулахын албан хаагчдад өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав баяр хүргэж, шагнал гардууллаа.

Монгол Улсын хууль сахиулах салбарынхан Ази, Европын дээд түвшний үндсэн хурал болоод дагалдах есөн хурал, мөн таван улсын айлчлалын аюулгүй байдлын манаанд зогссон билээ. Зөвхөн цагдаагийн байгууллагаас л гэхэд 5000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн хилийн цэрэг, онцгой байдал, тагнуул, хил хамгаалах, иргэний харьяалал, төрийн тусгай хамгаалалт, тероризмтой тэмцэх алба, Гадаад хэргийн яамныхан дээд хэмжээний уулзалтын ар талын аюулгүй байдлыг ханган ажилласан.

Хил хамгаалах байгууллагын 200 гаруй алба хаагч АСЕМ-ын үеэр үүрэг гүйцэтгэсэн юм байна. ХХЕГ-ын цэргийн сургуулийн албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Р.Оюунбатын хувьд АСЕМ-ын үеэр “Чингис хааны хүрээ” цогцолбор байрлах Жаргалантын ам, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын зурвасын аюулгүй байдлыг хангахаар ажиллажээ. Тэрбээр өнөөдөр үүргээ хариуцлагатай биелүүлсэн зуу зуун залуусаа төлөөлөн шагнал гардаж авлаа.

Анх удаа эх орондоо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү өндөр хэмжээнд аюулгүй байдлыг хангаж, онц ноцтой зөрчилгүйгээр зохион байгуулж чадсанд баяр хүргэж ийнхүү өнөөдөр “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Хууль зүйн яамны хүндэт жуух” бичгээр нэр бүхий 33 хүнийг шагнаж урамшуулсан юм.

Б.Энхмаа