Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.ЦАГААН: Төр, засгийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөөд байх нь улс орны эрх ашигт хортой

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайдаас өчигдөр 81 хуудастай зөвшилцөх санал Ерөнхийлөгчид ирсэн. Үүнийг Ерөнхийлөгчийн тамгын газар шахуу хугацаанд нягталж үзсэн. Ингээд гурван саналыг илэрхийлсэн. Нэгдүгээрт, үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь “давхар дээл”-ийг үргэлжлүүлэх гэж байна. МАН-ын хувьд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “давхар дээл”-ийг дэмжихгүй гэж байсан. Тэгэхээр одоо ард түмэнд өгсөн энэ амлалтаасаа санал нь зөрж байна.

Мөн Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж байгааг дэмжихгүй байгаа. Монгол Улс бие даасан эдийн засгийн бодлогыг хангахад үйлдвэржилт хэрэгтэй.

Түүнчлэн төр, засгийн байгууллагын нэр, хаяг, бүтэц зохион байгуулалт тогтвортой байж байж өгөөжтэй байна гэж үздэг. Гэтэл ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яамдын нэрийг өөрчилсөн байна. Тухайлбал Гадаад хэргийн ямаыг Гадаад харилцааны яам гэж нэрлэхээр болсон байна. Ингэж өөрчилж байгаа нь ямар үндэслэлтэй нь тодорхойгүй байна. Оруулж ирсэн 81 хуудас материалд нь тоо баримт ховор, тодорхой биш байсан. Төрийн залгамж чанарыг хадгалах ёстой. Хэрэв тэгэхгүй төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзсэн юм. Ийм байсан учраас дэмжихгүй гэж Ерөнхийлөгч хэлж байгаа юм” гэдгийг тайлбарлалаа.

Ер нь төрийн залгамж шинж, мэргэшсэн албан хаагчдаа хадгалж явах нь зүйтэй гэж үзэж байгаа, төр засгийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж солиод байх нь улс орны эрх ашигт хортой гэдгийг нэмж онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Ардын намын бүлэг хуралдаж байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өнөөдөр үдээс хойш өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл үдээс өмнө энэхүү бүтцийг Монгол улсын Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Одоо энэ асуудлаар Монгол Ардын намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Энэхүү хуралдаан дууссаны дараа Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж улмаар саналаа Улсын Их Хуралд оруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 22-ноос явагдана

Наадам дуусч хүн бүрийн намрын ажил эхэлдэг. Эцэг эхчүүдийн намрын гол том ажил болох бяцхан үрсээ сургууль цэцэрлэгт бүртгүүлэх билээ. Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх 8 дугаар сарын 22-ноос 28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг эхлэхээр болжээ. Тодруулбал 2016-аас 2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид, 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс 2010 оны 12 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй болохыг Боловсролын яамнаас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алдрын од”-ын эзнээр “Харанга” хамтлаг тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг Бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн жилээс эхлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн “Алдрын од”-ын дурсгалын самбарыг байршуулан, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгөөр “Алдрын Од”-ын эздийг шагнаж урамшуулсан юм.

Тэгвэл энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагыг тодруулсан тухай өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсын баатар, Алдрын од шагналыг санаачлагч, “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл нар мэдээлэл өглөө.

“Алдрын од” одон хүртэх хамтлаг дуучдыг “Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил Инээмсэглэл, Өргөө, Харанга хамтлагыг “Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. “Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад Харанга хамтлаг шалгарсан байна. Харанга хамтлагт “Алдрын од” одонг 7 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгөх бөгөөд энэ үдэш Чингисийн талбайд Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болж, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгийг гардуулж өгөх аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ өргөн мэдүүлэв

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар төсөлд тусгасан байна. Тухайлбал,

Монгол Улсын Ерөнхий сайд;

Монгол Улсын Шадар сайд;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Гадаад харилцааны сайд;

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Батлан хамгаалахын сайд;

Барилга, хот байгуулалтын сайд;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

Зам, тээврийн сайд;

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

Эрчим хүчний сайд;

Эрүүл мэндийн сайд.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар 13 яамтай ажиллахаар төсөлд тусгасан. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Батлан хамгаалахын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгасан байна.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй юм байна.
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй уялдуулан сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын агентлагуудыг тодорхойлжээ. Үүнд:

Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, чиг үүргүүдийг нь тус агентлагт шилжүүлэхээр холбогдох хуулийн төслүүдэд тусгажээ.

Хүүхдийн төлөө газрыг-Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуула

Гааль, татварын ерөнхий газрыг хуваах замаар өөрчлөн зохион байгуулж, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг сэргээн ажиллуулах

Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж ажиллуулах, үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, чиг үүргийг нь тус агентлагт шилжүүлэх
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулж, цаашид Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын дэргэд сэргээн ажиллуулах

Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрыг байгуулан ажиллуулах

Тахарын албыг татан буулгах

Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналыг боловсруулахдаа төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хуваарилах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх асуудалд онцгой анхаарсан хэмээн Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 2000 алба хаагчдад шагнал гардууллаа

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэний 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа 2000 алба хаагчдад шагнал гардууллаа.

Төрийн одон медалиар 50, Хууль зүйн яамны шагналаар 100 албан хаагч шагнагдаж, 6 хүнд хурандаа цол олголоо.

Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн билээ.

Categories
мэдээ спорт

Х.Баттулга: Жүдочид маань бүгдээрээ бэлтгэл сургуулилтаа зуун хувь хийгээд явж байна

Өнөөдөр төр, засгийн тэргүүнүүд, спортын зүтгэлтнүүд, олон нийт олимпийн наадамд оролцох тамирчдаа төв талбайдаа цуглан үдэх гаргах ёслолыг хийсэн билээ. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгаас сэтгэгдлийг нь сонслоо.

Рио-2016зуны олимпийн эрхээ авсан тамирчдаа эх нутгаас нь үдэн гаргах хүндэтгэлийн арга хэмжээ болж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний талаар болоод холбооныхоо баг тамирчдын тухайд та юуг онцлох вэ?

-Жүдо бөхийн хувьд олимпийн эрхийг бусад спортын төрлөөс ялгаатайгаар олгосон. Аливаа уралдаан тэмцээнд оролцоно гэдэг тогтмол бэлтгэлтэй байна гэсэн үг. Олимпод оролцох эрэгтэй долоо, эмэгтэй долоон жин байдаг. Манай жүдочдоос эмэгтэй зургаа, эрэгтэй долоо нь тамирчин эрхээ авсан өнөөдөр мордох гэж байгаад сэтгэл их сайхан байна. Өнөөдөр нартай, хуртай сайхан өдөр болж, төр засгийн тэргүүнүүд болоод Монголын ард түмэн маань олимпод оролцох тамирчдаа үдэж, амжилт хүсэн уухайлж байна.

-Монголын жүдо бөхийн холбооны тэргүүний хувьд жүдочдоосоо онцлоод хэлбэл хэнд илүү найдлага тавьж байна?

-Энэ удаагийн олимпод оролцож байгаа тамирчид маань бүгдээрээ бэлтгэл сургуулилт зуун хувь хийгдсэн, ямар нэгэн айж бэргэх зүйлгүй амжилтай оролцох болно. Тухайлбал, +100 кг-ын жинд барилдах Б.Тэмүүлэн, мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг зэрэг сайн тамирчид байгаа. Бүгд л хичээж сайн барилдах болно. Одоо захыг нь мушгиад л суух үлдлээ дээ.

-Рио-де-Жанейрогийн олимпод эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах тамирчдадаа юу захих вэ?

-Манай холбоо “Хамтын хүч-Амжилт” гэсэн уриатай. Нэг хүний амжилтын ард маш олон хүн байдаг. Аав ээж, ах дүү, манай холбооны дэд ерөнхийлөгч, багш дасгалжуулагч, бэлтгэл хангагчаас эхлээд заал цэвэрлэж буй хүний оролцоо хүртэл байдгийг ойлгуулахыг хичээдэг. Хувийн сахилга баттай, дор бүрнээ маш сайн хичээж, сэтгэлийн хаттай байгаарай, эх орныхоо далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн ерөөл өргөе.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан. Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Найман настай охин НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан болов

НӨАТ-ын урамшуулал системийн 13 дахь сугалааны тохирлоор 20 сая төгрөг болон дөрвөн сая төгрөг хожсон азтаны төлөөллүүдэд өнөөдөр батламжаа гардлаа. Энэ удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн гурван азтан тодорсон. Тэдний нэг нь найман настай Б.Энхлэн нийслэлийн 20 дугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг аж. Б.Энхлэн гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс кофе, элэгний нухаш, талхыг 3900 төгрөгөөр худалдан авч, 20 сая төгрөгийн азтан болсон байна. “НӨАТ-ын сугалааны баримтыг манай нагац эгч маань бүртгүүлж өгсөн юм. Их мөнгө хожсон тухайгаа ээждээ хэлэхэд итгэхгүй байсан” гэж ярьсан байна.

Мөн Ч.Амармэнд “Оргил” худалдааны төвөөс 1300 төгрөгөөр нойтон салфетка худалдаж аваад дөрвөн сая төгрөгийн азтан болсон байна. “Үнэхээр баяртай байна. Манай гэр бүл ebarimt.mn сайтад баримтаа идэвхтэй бүртгүүлдэг. Өмнө нь сугалаанд хожиж байгаагүй. Хонжворын мөнгөөрөө хийхээр төлөвлөсөн зүйл бий” гэжээ.

Энэ онд нийт 18 удаагийн сугалааны тохирол явагдахаас одоо таван удаагийн тохирол үлдээд байна. Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжсэн долоон сарын хугацаанд 700 гаруй мянган иргэдийн нийт 19 сая баримт бүртгүүлсэн байгаа аж.

Categories
мэдээ спорт

Б.Оюун-Эрдэнэ: Олимпоос медаль авахын төлөө л явж байна

Өнөөдөр Риогийн олимпод оролцох тамирчдыг үдэх үеэр паралимпийн наадамд оролцох спортын мастер, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэтэй товчхон ярилцлаа

-Танд хүн төрөлхтний их баяр цэнгэл болсон олимпийн наадамд оролцохоор явж байгаад юуны өмнө баяр хүргэе. Энэ мөчид төрж буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд хоёр дахь олимпдоо явах гэж байна. Олимпоос медаль авахын төлөө л явж байна.

Та хэд дэх жилдээ энэ спортын төрлөөр хичээллэж байна вэ?

-Би парабайт харвааны төрлөөр 13 жил хичээллэж байна. Хэдий тахир дутуу болсон ч сэтгэлээр унахгүй бусдын л адил амьдралдаа ч, спортдоо ч амжилт гаргана гэж боддог доо.

-Өрсөлдөгч бусад орны тамирчдын тухайд юу хэлэх вэ?

-Энэ тэмцээнд маш олон орны шилдэг тамирчид оролцдог. Ер нь бол бүх орны тамирчид миний өрсөлдөгч байгаа. Хүчтэй гэвэл Иран, Хятадын тамирчдыг нэрлэж болно.

-Та бүхнийг ер нь уралдаан тэмцээнд оролцоход төр засгаас хэр дэмждэг вэ?

-Олимпод оролцоход болон ер нь бүх уралдаан тэмцээнд ороход төр засгаас олон талаар тусалж байгаа. Үүнд нь маш баярлаж явдаг даа. Анх манай нэг багш анх энэ спортод оруулж байлаа. Энэ дашрамд, багшдаа одоо болтол баярлаж явдгаа хэлмээр байна.

О.ӨНӨР